Нэгэн цагт “мянган жилийн настай” хэмээн дуулагдсан хуучин хотын захад “Хорвоо ертөнц туйлын энгийн, хүн өнөөдрөөс ч аз жаргалтай болж чадна” хэмээн номлох философич амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр түүнийг үл зөвшөөрөх залуу эр тэрхүү номлолынх нь үнэн мөнийг магадлан шалгахаар философичид бараалхан ирэв. Элдэв зовлонтой залуугийн нүдэнд хорвоо ертөнц гэдэг учир замбараагүй зөрчил будлианаас өөр юу ч биш мэт харагдаж, аз жаргал гээч нь даанч хол санагддаг байлаа.


Залуу: - Тэгэхээр танаас асуух гэсэн юм. Та хорвоо ертөнцийг туйлын энгийн гэдэг гэлүү?

Философич: - Тийм ээ. Хорвоо ертөнц итгэхийн аргагүй энгийн хялбар. Хүний амьдрал ч бас тийм.

Залуу: - Та идеалны хоосон онол бус, жинхэнэ бодит ертөнцийг тэгж хэлж байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл, таны бас миний амьдралд тохиолдох элдэв зовлон бэрхшээлүүд бүгд энгийн хялбар асуудлууд юм гэж үү?

Философич: - Тэгэлгүй яах вэ.

Залуу: - Тийм байдаг байж. За тэгвэл тантай уулзахаар ирсэн учраа эхлээд хэлье. Юуны өмнө, энд ирсэн эн тэргүүн зорилго маань гэвэл багш тантай ханатал мэтгэлцэж, таны номлолыг бүрэн сонсох гэсэн юм. Тэгээд, болдог бол таныг өөрийн номлолоосоо татгалзаасай гэж хүснэ.

Философич: - Хэхэхэ.

Залуу: - Юу гэвэл, дам ярианаас таны тухай сонсох нь ээ, энэ газар нэгэн этгээд философич аж төрж, ойшоохгүй байх аргагүй төгс онол номлодог гэлцэх юм. Хэлэх нь, “Хүн өөрчлөгдөх боломжтой, хорвоо ертөнц энгийн, хэн ч жаргаж чадна” гэдэг гэнэ. Миний хувьд бол эдгээрийн аль нь ч яагаад ч хүлээн зөвшөөрөх аргагүй маргаантай сэдвүүд байна.

Тэгээд би өөрийн нүдээр шалгаж, өчүүхэн ч атугай ташаа зүйл байвал залруулж өгье гэж ирсэн билээ. Танд төвөг удахгүй болов уу?

Философич: - Яалаа гэж. Харин ч баяртай хүлээн авах байна. Би өөрөө ч тань шиг залуу хүний үгэнд чих тавьж, олон зүйлд суралцахыг хүсэж байсан юм.

Залуу: - Баярлалаа. Надад гэхдээ таныг учир зүггүй үгүйсгэх санаа алга. Эхлээд юу ч гэсэн таны онолыг сонссоны хойно, түүний боломжтой эсэх талаар тунгаан ярилцъя.

Хорвоо ертөнц энгийн, амьдрал ч бас энгийн. Хэрэв энэ таамагт тань өчүүхэн ч атугай үнэний хувь бий гэвэл, тэр нь хүүхдийн амьдралыг л хэлэх болов уу. Хүүхдэд ажил хөдөлмөр ч юм уу татвар төлөх мэтийн нүдэнд харагдахуйц үүрэг гэж үгүй. Эцэг эх болон нийгэмдээ халамжлуулан, өдөр бүрийг эрх чөлөөнийхөө хэрээр өнгөрүүлдэг. Ирээдүй тэдэнд хязгааргүй үргэлжилж, өөртөө тэд юуг ч чадах юм шиг санадаг. Бид ч бодит амьдралын хүнд хэцүүг харуулахгүй байхаар тэдний нүдийг халхлан дардаг. 

Нээрээ л хүүхдийн нүдэнд харагдах хорвоо ертөнц энгийн хялбар төрхтэй биз.

Гэвч том болохын хэрээр хорвоо өөрийн авираа үзүүлнэ. “Чи бол уртаашаа ердөө л ийм хүн” хэмээх бодит байдлыг больё гэтэл нь нотлон харуулж, амьдралд хүлээж байх учиртай тоогүй олон боломжууд бүгд “боломжгүй” болон хувирна. Тэгээд аз жаргалтай романтизмын улирал дуусаж, хахир хяслант реализмын үе нөмрөн ирнэ.

Философич: - Мөөн. Тун сонирхолтой.

Залуу: - Түүгээр ч зогсохгүй. Том болохоор хүмүүс хоорондын ярвигтай хэцүү харилцаанд ороогдож, олон хариуцлагад дарагдана. Ажил, гэр бүл, нийгмийн үүрэг роль гээд бүгд дороос чангаана. Мэдээж, хүүхэд байхдаа ойлгодоггүй байсан ялгаварлан гадуурхал, дайн байлдаан, тэгш бус байдал зэрэг нийгмийн өдий төдий асуудлууд нүдний өмнө ил гарч, үл тоох аргагүйд хүрнэ. Тийм биш гэж үү?

Философич: - Болох л юм. Цааш нь үргэлжлүүлээч.

Залуу: - Хэрвээ хүчирхэг шашин бүхий цаг үе байсан бол арай учиртай байсан биз. Бурхны сургаал л үнэнийг, ертөнцийг, ер бүхий л зүйлийг орлоно. Тэр сургаалыг л ягштал дагаад явбал бодож шаналах асуудал ч бага гарахсан. Гэвч өнөө цагт шашны хүч нөлөө буурч, бурханд хандах сүсэглэл хэлбэр төдий л болж. Итгэж даатгах ч юмгүй, хэн бүхэн үл итгэлцлийн айдаст дагжин, бусдыг хардаж хавчих сэтгэлээр хөвчирчээ. Бүгд зөвхөн өөрийгөө л бодон амьдарцгааж байна. Өнөөгийн бидний нийгэм үнэндээ яг л ийм байна.

Тэгэхээр багш минь хариулж өгөөч. Та энэ мэт бодит байдлыг харсаар байж, хорвоо ертөнцийг энгийн хялбар гэж айлдана уу?

Философич: - Миний хариулт өөрчлөгдөөгүй ээ. Хорвоо ертөнц энгийн хялбар, хүний амьдрал ч бас тийм.

Залуу: - Яагаад? Хэн ч яаж ч харсан энэ бодит байдал учир замбараагүй зөрчил будлианаар дүүрэн байна бус уу?

Философич: - Тэр бол “хорвоо ертөнц” замбараагүйдээ бус, харин “та” л хорвоо ертөнцийг замбараагүй болгож хараад байгаа юм.

Залуу: - Би юу даа?

Философич: - Бүхий л хүмүүс объектив ертөнцөд амьдардаг бус, өөрийнхөөрөө утга оноож ойлгосон субъектив ертөнцөд амьдарцгааж байдаг. Таны харж буй ертөнц бол миний харж буй ертөнцөөс өөр төдийгүй, ер хэний ч ертөнцтэй адилтгах боломжгүй болов уу.

Залуу: - Юу гэсэн үг вэ? Та ч би ч нэг л цаг үед, нэг улсад зэрэгцэн амьдарч, нэгэн ижил зүйл харж байна бус уу?

Философич: - Тийм ээ. Харахад та залуу хүн бололтой. Ингэхэд та дөнгөж татаж гаргасан худгийн ус ууж үзсэн үү?

Залуу: - Худгийн ус ий? Үгүй яах вэ, бүүр бага байхдаа хөдөө байдаг эмээгийндээ худгийн ус ууж байсан юм байна. Халуун зунаар худгийн хүйтэн ус уух сайхан байж билээ.

Философич: - Мэддэг ч байж болох юм. Юу гэвэл худгийн ус жилийн туршид ойролцоогоор 18 хэмийн тогтмол дулаантай байдаг гэж. Энэ бол хэн ч хэмжсэн адилхан объектив тоон утга. Гэвч зун уусан худгийн ус хүйтэн санагдаж, өвөл уухаар бүлээн санагддаг. Дулаан хэмжигчээр хэмжвэл хэзээд 18 хэм байтал, өвөл зун уухаас хамаараад өөр мэдрэмж төрүүлдэг гэсэн үг.

Залуу: - Нэг ёсондоо, орчны нөлөөнөөс болоод хуурмаг мэдрэмжид автдаг?

Философич: - Үгүй дээ, хуурмаг мэдрэмж биш. Тэр үеийн танд мэдрэгдсэн худгийн усны хүйтэн нь ч бүлээн нь ч эргэлзэхийн аргагүй бодит факт. Субъектив ертөнцөд амьдрах гэж үүнийг л хэлээд байгаа юм. Бидний хувьд “хэрхэн харж байна” гэх субъектив байдал л бүх юм бөгөөд, өөрсдийн субъектив өнцгөөс хэзээ ч мултарч чадахгүй.

Одоо та хорвоо ертөнцийг учир замбараагүй зөрчил будлианаар дүүрэн гэж харж байна. Гэвч хэрэв та өөрөө өөрчлөгдөх юм бол ертөнц эргээд энгийн хялбар төрхөндөө очиж болно. Тэгэхээр асуудал нь ертөнц ямар гэдэгт бус, харин та ямар гэдэгт байгаа юм.

Залуу: - Би ямар байна, гэнэ ээ?

Философич: - Тийм ээ. Магадгүй та одоо нарны шилний цаанаас ертөнцийг харж байж ч мэднэ. Тэгж харагдах ертөнц бүрэнхий байх нь тодорхой. Тийм бол бүрэнхий ертөнцөд бухимдах бус, зүгээр л наад шилээ авчих хэрэгтэй юм.

Шилгүйгээр харагдах ертөнц айхтар гялбасан, өөрийн эрхгүй нүдээ анимаар санагдахыг үгүйсгэхгүй. Буцаад нарны шилээ зүүмээр санагдаж ч мэднэ. Тийм байлаа ч та нарны шилээ тайлж чадах уу? Ертөнцийг энгийн нүдээр шууд харж чадах уу? Танд тийм “зориг” бий юу? Энд л асуудал байна.

Залуу: - Зориг?

Философич: - Тийм ээ, энэ бол хүсэл зоригийн тухай асуудал юм.

Залуу: - Үгүй ээ, Заа яах вэ орхиё. Няцаамаар юм зөндөө л байна, гэхдээ түр хойш тавьсан нь дээр байх. Нэг юм тодруулж асуухад, та “Хүн өөрчлөгдөж чадна” гэж айлдав уу? Хэрэв би өөрчлөгдвөл ертөнц буцаад энгийн хялбар болно гээд.

Философич: - Мэдээж хэрэг. Хүн өөрчлөгдөх боломжтой. Түүгээр ч зогсохгүй аз жаргалтай ч болох боломжтой.

Залуу: - Ямар ч хүн байсан, бүгд чадах уу?

Философич: - Ширхэг хүн үлдээлгүй, бүгд яг энэ мөчөөс эхлээд.

Залуу: - Аа яа яа. Том дуугарч байна шүү, та. Тэгвэл ч сонирхолтой шүү. Би тэгвэл яг одоо таныг няцаагаад өгөх үү?

Философич: - Би хаашаа ч зугтах гээгүй, бас нуугдах ч үгүй. Тайван сайхан ярилцъя. Таны байр суурь бол “Хүн өөрчлөгдөх боломжгүй” юм байна, тийм үү?

Залуу: - Өөрчлөгдөх боломжгүй. Бодитоор яг одоо би гэдэг хүн энд өөрчлөгдөж чадахгүй өөдөөс тань хараад шаналаад сууж байна.

Философич: - Тэгсэн хэрнээ зэрэгцээд та яг одоо өөрчлөгдөхийг хүсэж байна.

Залуу: - Тэр үнээн. Хэрэвзээ өөрчлөгдөж болдогсон бол, энэ амьдралыг дахиад шинээр эхэлж болдогсон бол, би баяртайгаар багш танд өвдөг сөгдөн мөргөхсөн. Даанч одоо бол та л надад өвдөг сөгдөж таарах гээд байна даа.

Философич: - Тэр бололгүй яах вэ. Сонирхолтой юм ч болох нь дээ. Таныг ажаад байхад, оюутан цагийн өөрийн минь төрх санаанд бууж байна. Үнэнийг эрэлхийлэн философич нарын зүг гүйж явсан нас залуу цус шингэн үеийн омголон төрх минь. Тиймээ.

Залуу: - Тийм шүү. Би ч бас үнэнийг эрэлхийлж явна. Амьдралын үнэнийг.

Философич: - Өдийг хүртэл би шавь гэхээр хүнгүй, тийм юм хэрэгтэй ч гэж бодож явсангүй. Гэвч Грекийн философид шавь болж орсноос хойш, тэгээд “өөр нэг философи”-той учирснаас хойш, сэтгэлийнхээ хаа нэгтээ тань шиг залуу хүнийг айлчлан ирэхийг битүүхэн хүлээж байсан юм шиг санагдах юм.

Залуу: - Өөр нэг философи гэнэ ээ?

Философич: - Заа алив, миний номын өрөөнд морил. Өнөөдөр урт шөнө болно. Халуухан кофе ч болов бэлдье.


Залуу номын өрөөнд ормогцоо хагас бөгтийсөн чигтээ сандал дээр суув. Залуу яагаад философичийн онолд ингэтэл хүчтэй дургүйцнэ вэ? Шалтгаан нь тов тодорхой. Залуу балчир наснаасаа л өөртөө итгэлгүй, гарал үүсэл сурлага боловсрол, цаашлаад гадаад төрхөндөө хүртэл бусдаас доогуур гэсэн ДУТУУГИЙН МЭДРЭМЖ тээдэг байв. Түүнээсээ ч болсон уу, бусдын харцанд хэт гэмээр эмзэг мэдрэг зантай болжээ. Тэгээд бусдад аз жаргалыг үнэн сэтгэлээсээ хүсэж ерөөх ч чадваргүй, үргэлж өөрийгөө жигшсээр ирж. Залуугийн хувьд, философичийн үзэл бүхэлдээ агаарын хоосон ярианаас өөр юу ч биш байлаа.


"Ад үзэгдэх зориг" ном тун удахгүй худалдаанд.