МАХН-ын отгон гишүүн
Нөхөн сонгуулийн хамгийн чухал хэсэг өнгөрчихлөө. Ер нь бол бүх асуудал шийдэгдсэн дээ, иргэд санал өгөх л дутуу байна. Энэ нөхөн сонгуулийн гол шийдэл нь Н.Энхбаяр дахин улстөрд орж ирэх эсэхэд л байсан шүү дээ. МАХН-ынхан ёстой нэг увайгүй загнаж Н.Энхбаярыг хаав. Өнгөн талдаа ховдог шунахай дарангуйлагч, намын нэр хүндийг унагагч балиар заваан этгээдээс салж, шинэчлэгдсэн нам болохоо харуулсан мэт авч цаагуураа МАХН-ын удирдагчид ямар өчүүхэн аймхай этгээдүүд болохоо харуулав.
Н.Энхбаяр яагаад нэрээ татав? Олон хүн С.Баяр л Н.Энхбаярыг нөгөө олон муухай хэргүүдийнх нь нэгийг сөхнө гэж айлгаад “бөлдөгдчихөж” гэж бодож байгаа биз, гэвч асуудал ердөө жижигхэн зүйлд байсныг мэдвэл гарцаагүй гайхна. Н.Энхбаяр МАХН-ын гишүүн биш байв. Намын бүхий л шат дамжлагаар өгсөж, энэ намын нэрээр улс орныг удирдан залж байсан хүн яагаад МАХН-ын гишүүн биш байдаг билээ? Үнэндээ тэр намын гишүүний үнэмлэхгүй байжээ. Намын анхан шатны аль ч үүрт бүртгэлгүй, үнэмлэхээ ч аваагүй явсан түүнийг бага хуралд орж ирвэл “Та манай намын гишүүн мөн үү?” гэж асуугаад л унагачихаж чадах байв.
Үнэмлэхээ гээчихээд олохгүй байна гэх мэтийн мунгинуу хариулт ч түүнд туслахгүй юм, учир нь тэр намын анхан шатны үүртээ бүртгэлгүй байжээ. Намын үүр бол намын төв байр биш учраас миний үнэмлэх шатчихсан гэж хэлж болдоггүй. Тэгээд нэр дэвшигчээр Д.Зоригт тодорсны дараа л Н.Энхбаярын үнэмлэхийг МАХН-ын томоохон албан тушаалтан нууцаар өгчээ. Тэр үнэмлэхээ бариад намын даргатайгаа баяр ёслолын байдалтай тэврэлдэн намдаа элсчээ. Сүхбаатар дүүргийн МАХН-ын наймдугаар үүрт түүнийг бүртгэсэн байх. Жинхэнэ утгаараа тэр Ерөнхийлөгчөөс огцроод МАХН-д элсчээ. МАХН-ын хамгийн отгон гишүүн Н.Энхбаяр. Түүний хажууд Д.Зоригт ахмад гишүүн байхгүй юу.
Золиос
Н.Энхбаяр гэнэт нэрээ татсан нь МАХН-ынхныг гайхашруулжээ. МАХН-ын бага хурлыг нээмэгц намын дарга, Ерөнхий сайд С.Баяр үг хэлэхээр босож, тэгээд нэг дохиход л нэг амьтан хурлаа хаалттай явуулъя, хэвлэлийнхнийг гаргая гэж донгодож. Хэвлэлийнхнийг гаргажээ. Үүний дараа С.Баяр яагаад Д.Зоригтын дэвшүүлснээ тайлбарлажээ, харин түүнийг сөрсөн хүн нь МАХН-ын ёс зүйн хороон дарга Удвал л байжээ. Хөөрхий гэнэн эмэгтэй одоо үнийхээ төлөө хэвлэлээр алуулангаа алдаж байна. “Дарга аа, таны хэлснийг нэг л ойлгосонгүй, яагаад Н.Энхбаяр биш Д.Зоригт гэж?”… Хариу нь “Чи ойлгоогүй юм бол бусад нь ойлгосон”. МАХН-ынхан даргынхаа үгийг ойлгодоггүй тэнэг болохгүйн тулд бүгд ялаархсан морь шиг толгой дохио биз. Тэгээд С.Баяр хамгийн товч, ойлгомжтой хэлжээ “АН-тай тохирчихсон,  Д.Зоригт ялна”. Сонгуулийн үр дүн хэдийнээ шийдэгдчихсэн байна.
Жүжгийн зохиолыг бичээд, дүрүүд тодроод, түүнд тоглох хүмүүс ба эхлэл, өрнөл, туйл, төгсгөл нь тодорхой болчихсон байна. Одоо тэнэг монголчууд Азийн цээжин дээр ардчиллыг бадамлуулах гэж санал өгнө. Тэгээд яагаад ч юм бү Д.Зоригтод саналаа өгсөн байх болно. Социализмын үед дээрээс нэр дэвшсэн нэг хүнийг дугуйлдаг байсан  харин одоо дарга нарын сонгочихсон хүний төлөө саналаа өгдөг болж. Ялгаа нь юунд байгаа юм бэ?
Холион бантан
Одоо тоглоом сонирхолтой болж эхэллээ. Д.Зоригт урдуур нь дайрч дэвшсэнд дургүйцсэн Н.Энхбаяр түүнийг унагахын төлөө ажиллаж эхэлжээ. Ингэхдээ Р.Бурмаад намын анхан шатны үүрүүдийн санал хураалтын дүн мэдээг өгсөн байна. Намуудын дүрэм бараг адилхан, учир нь намууд дүрмээ намуудын тухай хуулинд зааснаар л хийсэн байгаа, бүтцийн ямар ч ялгаа байхгүй. МАХН АН хоёрыг харьцуулаад үзье л дээ. МАХН-ын Удирдах зөвлөл=АН-ын Гүйцэтгэх зөвлөл, МАХН-ын бага хурал=АН-ын ҮЗХ, АН-ын их хурал=МАХН-ын их хурал. Удирдлагын ийм л бүтцийг хуульчилсан. Өөрөөр байх ямар ч боломжгүй.
Тиймээс нэр дэвших процедур ч адилхан. Намууд нутаг дэвсгэрийн бүтцийн дагуу зохион байгуулагдсан. Нэр дэвшигчийг анхан шатны байгууллагаас тодруулах ёстой. Анхан шатанд хамгийн өндөр саналтай нь дунд, дээд шатанд шалгарч явсаар Удирдах зөвлөл, эсвэл гүйцэтгэх зөвлөлөөр ороод бага хурал, эсвэл үндэсний зөвлөлдөх хороогоор батлагдах ёстой. Тиймээс намын анхан шатнаас эхлээд бүх шатанд ялсан Н.Энхбаяр Удирдах зөвлөлдөө унаад өөр хүн орж ирсэн бол намуудын тухай хуулийг зөрчсөн болж таарна. Ингэвэл процедурын алдаа гарч, нэр дэвшигч нь хүчингүй болох магадлал бий юм.
Жишээ нь 2005 онд АН-ын их хурлаас М.Энхсайханыг нэр дэвшүүлэхдээ санал хураалтыг нууцаар биш илээр явуулсан гэсэн шалтгаар л нэр дэвшигчээс хасах шахаж, АН их хурлын төлөөлөгчдөө дахин яаралтай цуглуулж “нууц” санал хураалт авч байсан түүх бий. Тиймээс Н.Энхбаяр намын бүх шатны байгууллагуудад ялсан хэрнээ УЗ-д унасан баримтаа Р.Бурмаад өгчихвөл хуулиар далайлгаад Д.Зоригтыг нэр дэвшигчээс хасуулахаар дайрах нь бас ч гарц мөн юм. Багцлан дүгнэвэл Р.Бурмаагийн ар тал нь Н.Энхбаяр болчихжээ. Н.ЭНхбаяр яагаад ингэх болов? Хэрэв МАХН Ерөнхийлөгчийн бас нөхөн сонгуульд дараалан ялагдвал хариуцлагыг намын удирдлагад үүрүүлж, ирэх жил болох намын их хурлаар С.Баярыг унагах боломжоо олж авах юм.
Харин Д.Зоригтын ар тал нь хэн бэ? Д.Зоригтын ар талд МАХН, АН хоёулаа, товчлоод хэлбэл Засгийн газар байна. Д.Зоригт Засгийн газрын гишүүн учраас Засгийн газарт хамтарсан АН-ынхан далдуур Д.Зоригтыг дэмжиж байгаа юм. Чухам иймээс АН-аас нэр дэвших магадлалтай хүмүүсээс хамгийн сулыг нь буюу Р.Бурмааг дэвшүүлж тус болжээ. Түүнтэй Б.Батбаатар, Да.Ганболд нар өрсөлдөөд ялагдана гэж байх уу? Да.Ганболд уг нь дэвшвэл хүчтэй бие хүн боловч МҮДН-ийнхэн татжээ. Одоохондоо Н.Энхбаяртай АН-аас хамгийн ойр байгаа нь МҮДН фракцын толгойлогч Н.Батбаяр. Тиймээс тохиролцооны талаар хэлж Да.Ганболдыг гарцаагүй ялагдлаас аварчээ. Харин Б.Батбаатар дэвших асар их сонирхолтой байсан авч МоАХ фракцын толгойд байгаа Х.Баттулга шахаад болиулжээ. Х.Баттулга үүнээс хоёр ашиг гаргаж байна. Нэгдүгээрт Засгийн газраа хадгалан үлдэх гарцаа олж байгаа юм. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн хүсэлтээр С.Эрдэнийг УИХ-д оруулж авлаа. Хэдийгээр Х.Баттулга, С.Эрдэнэ нарын дунд МоАХ-ны тэргүүний суудлаас улбаатай харилцааны хүйтрэл байсан авч үүгээрээ засчихаж байна. Тэгээд ч Х.Баттулга, С.Эрдэнэ нарын зөрчил С.Эрдэнэ Н.Алтанхуягийн зөрчлийн дэргэд бол юу ч биш, фракцын дотоод асуудал. Н.Алтанхуяг С.Эрдэнийг Увсынхны эрх ашгийн үүднээс өөр саарал ордонд залаад авсан түүх тун саяхных.
Б.Батбаатар нэгд С.Эрдэнийг бодож, хоёрт ХЗХ-ны хямралын үед аварсан Ерөнхийлөгч, М.Энхболд, Х.Баттулга нарт ач санаж нэрээ татахаас өөр аргагүй болжээ. Гэвч тэр шаралхсандаа дарга болсноосоо хойш хоёр тэрбум гаруй төгрөг зарсан Чингэлтэй дүүргийн намыг хүртэл хаячихав. Түүний энэ суудлыг удтал хүлээсэн Батж.Батбаяр авлаа. Маш чухал үед намын дарга намаа хаяснаас Чингэлтэй дүүрэгт бий болоод байсан АН-ын сүлжээ бүрмөсөн задарчээ. 2008 оны орон нутгийн сонгуулиар Д.Загджавын орхиод явсан Хан-Уулын сүлжээ задарснаас МАХН бутниргүүлсэн түүх одоо АН-д давтагдана.
Ингээд хамгийн сул нэр дэвшигч Р.Бурмаа золионд дэвшлээ. 2008 оны сонгуулийн үед Р.Бурмааг татан авч дэвшүүлсэн Ц.Элбэгдорж аюултай өрсөлдөгч Г.Уянгын саналыг хуваахыг бодсон юм. Яаж хуваагаад Г.Уянга 20 шахам хувийн санал дангаараа авчээ. Харин одоо Ц.Элбэгдоржийн зэвсэг болсны хариуг авч Г.Уянга бие даагаад орж ирлээ. 2008 оны сонгуульд Иргэний эвсэл суурь гэхээр юмгүй байсныг Г.Уянгатай хамт нэр дэвшсэн хоёрын авсан 4-5 хувийн саналаас харж болно. Өөрөөр хэлбэл Г.Уянга өөрийн нэр хүндээр 20 шахам хувийн санал авчээ, хэрэв АН-ын хатуу электораль суурь байсан бол тэр гарцаагүй ялах байжээ. АН-д байгуулсан гавъяаг нь бодолцвол Г.Уянга Р.Бурмаагаас хавьгүй илүү, тиймээс Р.Бурмаагийн намын суурийг хувааж унагах магадлалтай юм. 7 сарын 1-ний хэрэг явдлаар сарниж бутарсан “Иргэний эвсэл” АН-ыг дэмжихээ мэдэгдсэний дараа Г.Уянгыг бие даалгаж дэвшүүлэх захиалгыг АН-ынхан өгсөн байна. нэр талаар ингэж гэмээ нь Засгийн газар удаан оршин тогтноно. Иргэний эвслээс АН-д хамгийн ойр байсан, контактлах боломжтой нь Г.Уянга юм. Харин энэ тохиролцоог 2004 оны сонгуульд Г.Уянгатай хамтарч ажиллаад санаанд оромгүй ялалт байгуулсан Б.Батбаатар зуучилсан байна. Хэрэв Б.Батбатар, Да.Ганболд хоёрын нэг нь дэвшсэн бол Г.Уянга дэвшихгүй байв. Үүнд Ховдын гаралтай Б.Батбаатартай ойр Г.Баярсайхан ч оролцжээ.
Үүний учир нь 2008 оны сонгуулийн үед Ц.Элбэгдорж Р.Бурмааг унагаж, сонгуулийнх нь үйл ажиллагааг санхүүжүүлсэн Г.Баярсайханыг чирчээ. Үүнд нь гомдсон Р.Бурмаа сонгуулийн луйврын асуудлыг ил гаргана гэж сүрдүүлсээр байсан, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлгэхийг завдсан ч санасандаа хүрээгүй, учир нь хэрэв Ц.Элбэгдорж ялбал оронд нь Р.Бурмааг дэвшүүлнэ гэж амлажээ. Ц.Элбэгдорж энэ амандаа хүрч Б.Батбаатар руу утсаар ярьж нэр дэвшихийг нь болиулжээ. Ингээд Р.Бурмаад өргүй болов. Харин үүний дараа нэр дэвшиж чадаагүйдээ гомдсон Б.Батбаатар, сонгуулийн луйвар хийлээ гэж өөрлүү нь дайрч оронд сонгогдох гэж аашилсанд нь өсөрхсөн Г.Баярсайхан нар яаж ийгээд хариугаа авахаар ажиллаж эхэлсэн хэрэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Г.Уянгын нөхөр А.Баатархуяг Ц.Элбэгдоржийг дэмжихдээ Г.Баярсайхантай учраа ололцсон бөгөөд Чингэлтэй дүүрэгт хэрхэн ажиллах зөвлөгөөг өгч байжээ.
Иймэрхүү байдлаар Р.Бурмааг нам нь золионд хаяжээ. Дүүргийн намынх нь хуучин дарга, дүүргээс нь сонгогдсон УИХ гишүүн хоёр хаяихаар тэр төв намдаа найдахаас өөр аргагүй болжээ. Гэвч авралын од гараад ирэв, тэр нь Д.Зоригтод шахагдаж нэрээ татсандаа ичих үхэнгээ алдаж байгаа Н.Энхбаяр байлаа. Р.Бурмаагийн сонгуулийн компанийг одоо АН-ын генсек МҮДН угшилтай Д.Эрдэнэбаатар удирдаж байна. Чухам ийм учраас Н.Энхбаярын өгсөн баримтууд маш хурдан Р.Бурмаад хүрчээ, өөрөөр хэлбэл штабт нь хүрчээ. Ингээд Д.Зоригтыг унагах оролдлого хийжээ. Хамгийн хоржоонтой нь яг энэ асуудлыг тавихаас хэдхэн цагийн өмнө Н.Энхбаяр хоёр нүүр гаргаж намаасаа нэр дэвшсэн Д.Зоригтыг дэмжихээ илэрхийлж арьсаа хамгаалав. Нэр дэвшигчээс хасагдах хүнийг хэдхэн цаг ч болов дэмжсэн нь алсдаа хэрэгтэй.
Үр дүн ба ирээдүй
Үүний хажуугаар Н.Энхбаяр бүхий л аргаа хэрэглэн Оюу толгойн гэрээг гацаасаар байна. Ердөө орчуулгын ялигүй шалтгаар гэрээ байгуулах хугацааг долоо хоногоор хойш нь татжээ. Тэрээр сонгуулийн дүн яаж гарахыг хүлээж байна. Хэрэв С.Баяр хоёр дахиа ялагдвал удаан тэсэх найдваргүй Засгийн газартай гэрээ байгуулахгүй байхыг ятгах болно. Чухам ийм учраас энэ гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа холбоотон Н.Энхбаяр-Н.Батбаяр/МҮДН/ нар сонгуульд Р.Бурмаагийн төлөө ажиллахаар болж байгаа юм.
Гэрээг хойшлуулсан бас нэг шалтгаан нь хэрэв гэрээ байгуулахгүй бол амласан эх орны хишгийг Засгийн газар өгч чадахгүй гэсэн ойлголтыг Чингэлтэйн сонгогчдод төрүүлэхэд оршиж байна. Нөгөөтэйгүүр Д.Зоригтын гэрэний төлөө байгуулсан гавъяаг их том оноо болохгүй байхад энэ хэрэгтэй. Одоо Н.Энхбаяр парламентад орох хүсэл мөрөөдлөө орхижээ.Түүнд нэр дэвшихгүй байх шийдвэр гаргах ноцтой шалтгаан байсан юм. Намын байгууллагууд нь тэр чигээрээ түүнийг дэвшүүлэхгүйн төлөө үзэлцэж байгааг харсан хашир улстөрч хэрэв нэр дэвших л юм бол нам нь өөрийг нь яг энэ Р.Бурмаа шиг хаяна гэдгийг мэдэрчээ. Тиймээс нэг их цахдалгүй нэрээ татаж санаа амарчээ.
Хэрэв тэр нөхөнд унасан бол улстөрийн ирээдүйгээ бүрмөсөн баллачихаж мэдэх байлаа. Нөхөн сонгууль одоо улстөрийн томоохон нөлөөлөл үзүүлэх ач холбогдлоо алджээ. Харин С.Баяр нөхөнгийн ялалтаар оноо авахыг л хичээж байгаа юм. Хэрэв Н.Энхбаярын далдуур явуулгаар нэр дэвшигч нь ялахгүй бол тэр бас нөөц хувилбартай сууж байж болзошгүй юм. Яагаад гэвэл тэр энэ удаад АН-д ялагдаж болохгүй, гэтэл нөгөө талд Н.Алтанхуяг МАХН-д ялагдаж болохгүй байна, учир нь үүгээр шалтаглан С.Эрдэнэ түүнийг намын даргаас нь салгахыг оролдож болзошгүй юм. Ийм нөхцөлд аль нь ч ялахгүй, аль нь ч ялагдахгүй нөөц хувилбар тооцохоос өөр аргагүй болж байна.