Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумд оролцохоор очжээ. Түүнийг Засгийн газрыг огцруулах УИХ-ын ирц бүтэн байгаасай гэсэндээ нэг ч гишүүн дагуулж явсангүй гэсэн тайлбарыг Тамгын газрын дарга, “бараг Баттулга” нь хийсэн бололтой юм. Төрийн тэргүүн бүс нутгийн чанартай эдийн засгийн форумд ингэж оролцож болох уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумд оролцохоор очжээ. Түүнийг Засгийн газрыг огцруулах УИХ-ын ирц бүтэн байгаасай гэсэндээ нэг ч гишүүн дагуулж явсангүй гэсэн тайлбарыг Тамгын газрын дарга, “бараг Баттулга” нь хийсэн бололтой юм. Төрийн тэргүүн бүс нутгийн чанартай эдийн засгийн форумд ингэж оролцож болох уу.
“Та нар элэг бүтэн байж Засгаа тараачихаад байж байгаарай, би Төрийн тэргүүн юм чинь Төрийн эрх барих дээд байгууллагаас төлөөлөлгүйгээр айлчлалаа амжилттай хийгээд ирье” гэдэг ёсон бас байдаг аа. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин түүнтэй уулзахдаа “Бид таныг улстөрч бөгөөд чадварлаг тамирчин гэдгээр нь мэддэг” гэсэн хэрэг. Энэ өгүүлбэрийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаас эшлэл болгож авсан юм шүү, эвлүүлэг биш. Ингээд тэмцээн дээр төмөр зам ярих гээд байхаар нь “Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэ талаар илүү нухацтай ярих болно” гэсэн байдаг. Тэд энэ оны 8 дугаар сарын 28-нд уулзсан.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд Хятадын Шямэнь хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй БРИКС-ийн удирдагчдын 9 дэх уулзалтын үеэр уулзсан. Уулзалтын гол сэдэв нь “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтыг Европ, Азийн эдийн засгийн холбоотой уялдуулан дэд бүтцээр холбогдох төслүүдийг даруй хэрэгжүүлж, хоёр орны хил залгасан бүсийг хамтран хөгжүүлэх тухай байсныг Синьхуа агентлаг онцолсон байдаг.
Мөн энэ үеэр В.Путин “ОХУ, БНХАУ-ын харилцаа үргэлжлэн идэвхтэй хөгжих хандлагатай байна. Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр орны солилцоо, зөвшилцлөө гүнзгийрүүлэх нь маш чухал юм. БНХАУ-тай хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, сансар судлал зэрэг салбарт гүнзгий хамтран ажиллаж, соёл, боловсрол, спорт, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, орон нутаг хоорондын солилцоо, хоёр армийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ОХУ бэлэн байна. Хятад улс БРИКС-ийн удирдагчдын Шямэний уулзалт, шинээр хөгжсөн зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын яриа уулзалтыг амжилттай зохион байгуулахыг ОХУ дэмжинэ гэжээ.
Тэгвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу гэх бол? Юуны өмнө В.Путины хувьд Х.Баттулгыг МАН-аас 65 гишүүн сонгогдсон байхад УИХ дотор талцал үүсгэж байгаа чадварыг нь биширнэ. Улс оронд нь хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал байтал улс төрийн тогтворгүй байдал үүсгээд байгаа чинь юу болж байна, үүнийг зохицуулах нь эв нэгдлийн илэрхийллийн эхний хийх ажил бус уу гэж ам асууна. Цаашилбал “Тохирлоо” гэсэндээ хүрдэггүй учраас хөрөнгө оруулагчид дайжих болсныг нь хэрэв нинжин сэтгэл гаргавал зөвлөх биз ээ. Хэрэв В.Путин шударга бол “Танд одоо төмөр зам ямар хамаатай юм бэ? Таныг сайд байхдаа ажлаа сайн хийгээгүйгээс болоод бид танай улсыг тойрч БНХАУ-тай хамтарч болоод байна. Та болон танай улстөрчид яагаад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг эсэргүүцэн улс төрийн тоглоом, шоглоом болгов” гэхчлэн ярих л байх. Энэ үед нь МАН-ын нэг ч атугай гишүүн дэргэд нь байхыг Ерөнхийлөгч хүсээгүй бололтой. Тиймдээ л төрт ёсны дэг жаягийг үл тоон, ядаж ардчилсан Парламентаа өөрөөсөө доогуурт тавьж стандарт бус айлчлал хийв бололтой.
Төрийн тэргүүн маань төрийн эрх барих дээд байгууллагаас нэг ч хүн авч явахгүй, Засгийн газраас зөвхөн Зам тээврийн сайд болон Гадаад харилцааны дэд сайдаар хязгаарлан төрийн айлчлал хийх энэ байдал бүр ч их хардлага дагуулах биз ээ. Учир нь тэр бизнесийн шугамаар хувийн айлчлал хийгээгүй. Эдийн засгийн форум шүү дээ. Дорнын эдийн засгийн форумд оролцож буй олон орны Төр, засгийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентын засаглалтай орноос ирж байгаа хэрнээ 76 гишүүнээс ганцыг ч төлөөлүүлж авчраагүйг гайхна. Манай дотоод хэрүүл тэдэнд хамаагүй учраас хэдийдээ төрийн эрх барих байгууллагынхаа дээр Төрийн тэргүүн нь гарчихсаныг, түүний шалтгаан нь нэг хүний зан араншинтай, нэг хэсэг ашиг сонирхлын бүлэглэлтэй холбоотойг ойлгохгүй шүү дээ.
ҮАБЗ-ийн тэргүүн ингэж форумд оролцож болдгийг түүнд Тамгын газар нь л зөвлөж чадах байх даа. Их л таагүй мөрөө гаргалаа.
Дашрамд дуулгахад энэ зун буюу 2017 оны 7 дугаар сарын 9-нд Бээжин хотын зүүн захад байдаг “Мэнчи Бүлү” хэмээх цэцэрлэгт хүрээлэнд ”Чингис хааны догшин хар сүлд” хэмээх морьтон залуусын шоу үзүүлбэр, Монгол үндэстний язгуур урлагийн “Торгоны замын домог” тоглолтын нээлтийн ёслол болж өнгөрлөө. Зоос мөнгө, эртний эдлэл цуглуулаад байдаг нэгэн хувийн компани санхүүжүүлэхдээ Элчин сайд, ГХЯ-ны нэг газрын дарга хоёрыг уриад Монгол, Хятад хоёр улсын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, соёлын харилцаа, Хятадын санаачилсан “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол улсын Засгийн газар бүрэн дэмжиж байна гээд тууз хайчилчихаж байгаа юм. Өнөөх догшин хар сүлдний нэртэй шоу тоглолтынх нь найруулагчийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алтан гадас одонгоор шагнах гээд байна гээд буцаж ч байх шиг.
Ийм “юм” ямар үр дагавар дагуулдаг тухай эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Бодлууд” номонд бий. Цөөнх хүнтэй айлчлал гэдэг бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчихтой адил, сэтгэлд сэвтэй байдаг гэж нэгэн нэрт дипломат санаандгүй шахам үг унагасан нь ямар чухал үг байсныг одоо л ойлгож байна. Бас урлаг, соёлынхон төрөөс ганц “ширхэг” хүний нэр хавчуулаад Засгийн газраа төлөөлж ашиг олохгүй ч нүдэнд үл үзэгдэх ач холбогдол ихтэй арга хэмжээнд явахаа цэнэж үзээсэй гэсэндээ энэ хэдэн өгүүлбэрийг хавчуулав.
Ямартай ч монгол хүний хувьд “Монгол ялна” уриагаар ялалт байгуулсан Төрийн тэргүүнээ хүндэтгэнэ. Гэхдээ Монгол хэдийгээр багийн тоглолтод муу гэдэг ч улс төр, эдийн засгийн талбарт хожил авчиръя гэвэл ингэж дангааршиж, хэнийг “дагах, дагуулах”-аа өөрөө шийдээд байж таарахгүй байх аа, Ерөнхийлөгч өө! Та энэ удаад, анхны айлчлалаа Хаант улсын хэв маягаар эхэлчихлээ. Очсон газар тань Таныг сайн танихгүй. Хэрхэн хүлээн авахыг таашгүй. Харин Монголыг бол “танина”. Энэ цагаас таны хувьд “Та Монголын Хаан” болж, ҮАБЗ “доголон” болсон бололтой.