Хаалга савахад хана доргино
-МАН засгийн эрх барьж байх үедээ намын даргаа, Ерөнхий сайдаа нэг бус удаа сольж байсан түүхтэй. Тэгэхдээ эхлээд нам дотроо даргын асуудлаа хэлэлцэж шийдээд дараа нь төрийн асуудал руу буюу Ерөнхий сайдын томилгоо руу орж байжээ. Харин энэ удаад бол намаа ч тойров, даргаа ч эзгүйчлэв-
-МАН засгийн эрх барьж байх үедээ намын даргаа, Ерөнхий сайдаа нэг бус удаа сольж байсан түүхтэй. Тэгэхдээ эхлээд нам дотроо даргын асуудлаа хэлэлцэж шийдээд дараа нь төрийн асуудал руу буюу Ерөнхий сайдын томилгоо руу орж байжээ. Харин энэ удаад бол намаа ч тойров, даргаа ч эзгүйчлэв-
УИХ-ын нэр бүхий 29 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд өчигдөр өргөн барилаа. М.Энхболдыг эзгүйд ийнхүү өргөн барьсан шаардах бичигт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцох үндэслэлүүдийг дурджээ. Концессын долоон гэрээг хууль зөрчин байгуулсан, мөн хүүхдийн мөнгөний шийдвэр нь төсвийн хууль зөрчсөн гэх үндэслэлүүдээр түүнийг огцрох ёстой гэж үзэж байгаа аж. МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн ийнхүү “албан ёсоор” төрийн асуудал болж, парламентын босго даван орж ирлээ.
Сүүлийн сар гаруйн хугацаанд Ерөнхий сайдыг дээрх албан бичигт дурдсанаас арай өөр үндэслэлээр дам “яллаж” байсныг бүгд мэднэ. Шадар сайдаа тагнаж чагнасан, сонгуульд нэр дэвшигчээ унагасан гэх мэт асуудлаар түүнийг ноцож байснаас биш хүүхдийн мөнгөний шийдвэр, концессын гэрээ зэрэг асуудалд буруутгаж байгааг Я.Санжмятав даргад гардуулсан бичгээс сая л олон нийт олж мэдэж байна. “Хүн нь олдвол хэрэг нь олдоно” гэдэгчлэн эхлээд нэр хүндийг нь унагах, нэгэнт нэр хүнд нь шалан дээр навсайгаад ирэхийн цагт хэнийг юунд ч буруутгасан нийгэм өмгөөлж чаддаггүй гэдэг технологи улс төрд ашиглагдах болсны бас нэгэн жишээ нь энэ болох биз.
Ерөнхий сайд ба түүний танхимын шийдвэрүүд хууль зөрчсөн эсэхийг УИХ-аар хэлэлцэх ёстой, хянах ёстой. Харин уг асуудлыг ярихын өмнө баахан дуулиан үүсгэсэн У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэг тэгээд юу байв, цаашид энэ асуудал яаж шийдэгдэх вэ, үүнээс чухам юу хамаарах вэ зэрэг асуултуудын хариу огтоос сонин биш байжээ. Нэг үгээр бол Засгийн газрын хувь заяа энэ асуудлаас огт хамаарахгүй. Тийм юм бол яагаад ийм дуулианыг дэгдээв?! Дуулиан үүргээ гүйцэтгэсэн. Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллаж чадахгүй гээд хаалга савж гарах шалтгийг тавьж өгсөн. Тэгээд л гүйцээ... Хаалга хүчтэй савахад хамаг л зүйл доргидог. Одоо засаг ч доргив, төр ч доргив. Доргилт гэдэг тогтворгүй байдал юм.
Төрийн эрхийг барьж буй МАН дотор үүссэн зөрчилдөөн, өрсөлдөөн дотооддоо шийдэгдэх бололцоо уг нь байв. Удахгүй болох МАН-ын хурлуудаар дараагийн даргын асуудлаа ярихыг хэн хэн нь хүлээж болох байсан. Гишүүдээрээ хэлэлцээд даргыг солих нь зайлшгүй гэж үзвэл, дараагийн хүнээр У.Хүрэлсүхийг нэрлэбэл тэр зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж болох байв. Хэрэв хүлээсэн бол ийм зүйл болох байсан ч юм билүү... Нам дотроо ном ёсоор нь ажиллаад гараад ирэх бололцоо байсаар атал нийгмийн сүлжээгээр нэр, нүүргүй болтлоо нүдэлцсэн нь намын гишүүний хувьд өөрийнх нь ч, намынх нь ч үнэ хүндэд үнээн дээр тугал гэдэг шиг гарзтай зүйл болсон байх. У.Хүрэлсүх “Ерөнхий сайдын ёс суртахуунтай эвлэрэхгүй” гэж хэлээд засгаас гарч явсан ч өөрөө урвагч нэр зүүгээд үлдэж байна. Харин хүмүүс хэн хэн нь ёс зүйгүй юм даа гэж харж буй.
МАН засгийн эрх барьж байх үедээ намын даргаа, Ерөнхий сайдаа нэг бус удаа сольж байсан түүхтэй. Тэгэхдээ эхлээд нам дотроо даргын асуудлаа хэлэлцэж шийдээд дараа нь төрийн асуудал руу буюу Ерөнхий сайдын томилгоо руу орж байжээ. Харин энэ удаад бол намаа ч тойров, даргаа ч эзгүйчлэв. Хэвлэлээр гарч буй мэдээллээр бол өөрийн намтай бус хүний намтай наймаа тохироо ярих замаар төрийн хэргийг шийдэж буй бололтой. Энэ засгаа унагачихвал дараагийн засгаа сөрөг хүчинтэй хамтарч байгуулах тухай яриа ч чих дэлсч байна. Үнэн худлыг мэдэхгүй ч МАН-ыг хариуцлага үүр гэж, АН-ыг хяна гэж 2016 онд иргэд сонголтоо хийсэн.
МАН дотоод зөрчлээ цэгцэлж чаддаггүй юм гэхэд АН зарчмаа сахих байлгүй дээ нэг хэсэг нь найдаж байгаа бол нөгөө хэсэг нь “албан тушаалд дуртай хойно АН-ынхан гүйгээд очих болов уу даа” хэмээн басамжилж байна. Тиймдээ тулбал гэрийн нохой, хээрийн боохой гэдэг шиг хэн хэн нь бүтэн нэртэй үлдэх нь юу л бол? Нэгмөсөн гэрээ нураачихаад 2020 оны сонгуулиар хоосон буурин дээрээ хэрэлдээд суух гээгүй л бол МАН дотоод зөрчлөө тогоондоо шийдчихээсэй...