Спортын орчуулгаар олон жил ажиллаж, мэргэшиж буй залуу орчуулагч Г.Баярсайханы Луис Суарэсийн “Хязгаарыг давахуй” номны хэсгээс хүргэж байсан билээ. Энэ удаа Суарэсийн хувийн амьдралын хэсгээс буюу хайрын романсийн тухай хэсгээс хүргэе!

Луис Суарэсийн “Хязгаарыг давахуй” ном, Интерном, Их Дэлгүүрийн Мажестик номын дэлгүүр болон Peace Tower-ийн ЖерсиЗоне дэлгүүрүүдэд худалдаанд гарсныг дуулгахад таатай байна.



-    “ЛУИС СУАРЕС – ХЯЗГААРЫГ ДАВАХУЙ” НОМЫН “ХАЙРЫН ТҮҮХ” БҮЛГЭЭС

...Софи намайг өөрөөс минь аварсан. Амьдралын салаа замын бэлчирээс зөв зүг хандахад Софи л надад хамгаас илүүтэй нөлөөлсөн юм. Амьдралд минь тэр байгаагүй бол би өдийд хаана юу хийж явах байсан бол.

Түүнтэй танилцахаасаа өмнө би шөнө дөл өнгөртөл гадуур тэнэж, буруу зам руу налж эхэлсэн байлаа. Зарим өглөө нойр дутуу, ядарсан амьтан бэлтгэлдээ ирж олигтой ч тоглож чадахгүй загнуулна. Хэдий дотроо харамсан, өөрийгөө зэмлэж, буруу юм хийж буйгаа мэдрэх авч маргааш нь дахиад л бүх юм давтагдчихна. Найзууд маань үдэш бүр хаа нэгтээ цуглан цаг нөхцөөх элдэв юм сэтгэж эсвэл дискоддог заншилтай байв. Би ч ялгаагүй. Сэтгэлдээ буруу болохгүй гэдгийг ухамсарлаж байлаа ч төлөвшиж, томоожоогүй ихэнх өсвөр насны хөвгүүдийн адилаар нэг л мэдэхэд дагаад дарвичихна.

Софиг Барселонд суралцахаар явахын өмнө.

2000/01 оны улирлын 37 тоглолтонд би ердөө 8 гоол оруулж Насьоналиас бараг хөөгдөхдөө тулав. Гадуур тэнэж, зохисгүй авирлаж байгааг минь тэд аль хэдийн мэдчихжээ. Харин Уилсоны ятгалгаар тэд намайг үлдээж, дахин нэг боломж өгөхөөр шийдсэн юм. Одоо алдах эрхгүй болсныг ч Уилсон тэр үед хатуухан сануулж байлаа. Гэвч намайг өөрчлөгдөхөд Софи л хэн хүнээс ч илүүтэй нөлөөлсөн юм. Түүнтэй учраагүй байсан бол хазгай гишгэсэн чигээрээ би харанхуй ангал руу унаж, амьдралаа үрэн таран хийх байсныг ч үгүйсгэхгүй. Ямартай ч миний амьдрал түүнгүйгээр огт өөр байх байсан. Тэр бол надад бурхнаас илгээсэн бэлэг. Арванзургаан насны босгыг давахдаа би хөлбөмбөгт бүрэн анхаарлаа төвлөрүүлсэн байлаа. Бямба гараг бүр тоглолтын дараа шууд Софигийн гэрт очиж амралтын өдрүүдээ тэднийд өнгөрөөнө.

Түүний дэргэд би танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Утасны карт цуглуулж, үдэш дэмий сэлгүүцэхээс илүү чухал зүйл амьдралд байдаг гэдгийг тэр надад ойлгуулсан юм. Боловсрол, мэдлэг.

Үнэндээ би хэзээ ч хичээлдээ гавиж байгаагүй. Ангид үзэгдэж л байвал дээдийн заяа. Үймүүлж, дүрсгүйтэн түүнээсээ болж загнуулах зэргээр л хичээлийн цагийг барна. Самбар луу харахаасаа ч залхуурна гээч. Хэн ч намайг хичээлээ хий гэж шахаж шаардаж байсангүй. “Даалгавараа хийсэн үү?” “Тийм”.

Трес Крусес дэх автобусны буудлын цэвэрлэгч, долоон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж минь үүнээс илүү юу асууж чадахсан билээ. Эцэг эх маань намайг есөн настай байхад салж миний амьдрал орвонгоороо эргэсэн. Тэр үед манайх Сальтогоос Монтевидеод нүүж ирээд хоёрхон жил болж байлаа. Дасаж ээнэгшсэн төрөлх жижиг хот, дотны найзуудаасаа салж хагацаад таних хүнгүй, хөл толгой нь олдохгүй бужигнасан нийслэлийн үймсэн давчуу амьдралд дасах надад үнэхээр хэцүү байсан. Нутгийн аялгаасаа болж шоовдорлогдож шоглуулна. Гэтэл 1996 онд гэр бүл маань сарниж бидний амьдрал бүр ч илүү тэсвэрлэхэд бэрх болсон. Дутаж гачигдсан, өлөн зэлмэн өдөр хоногуудыг тоолшгүй.

Миний анхны бөгөөд цорын ганц хайр. Софи.

Гэсэн ч би эцэгтээ хар буруу санадаггүй. Армиас халагдаж ирээд ажил олох гэж яаж арга барагдан зовж зүдэрч байсныг нь би мэднэ. Жигнэмэгийн үйлдвэрт ажиллаж, хожмоо консьерж болсон ч гэсэн гар хоосон, очих газаргүйдээ гачигдан ажлынхаа байранд хоног төөрүүлдэг байсныг нь ч би андахгүй. Цаг наргүй ажлынхаа завсраар миний тоглохыг тэр заримдаа ирж үздэг байсан. Харин бэлтгэлд бол манай гэр бүлээс хүн ирэх нь ховор. Амьдралд нухлагдсан тэдэндээ ачаа дарамт болохгүй гэсэндээ би биеэ даахыг багаасаа сурсан. Гудамжны амьдрал ч намайг багагүй хатуужуулсан. Монтевидеогийн зартай танхай, аюултай дүүргүүдээр ч дүүтэйгээ цуг хөндлөн гулд туулаад л бэлтгэлдээ ирж, очдог байлаа. Хожим нь Софитой автобусаар зугаалж явахдаа тэр хавийн гудамжийг булан тохойгүй тайлбарлаж нүдийг нь орой дээр нь гаргадагсан.

Хаашаа ч холбирч мэдэх бидний үймээнтэй амьдралтай жишихэд харьцангүй тогтвортой орчинд өссөн Софиг алмайруулах олон зүйл надад байлаа. Ялангуяа яаж яваад нэгдүгээр ангидаа хоёр улирсныг минь тэр ойлгохгүй гайхшаа барна. Сурлагыг бүхнээс түрүүнд тавьдаг, түүн шиг онц сурлагатны хувьд тийм юм байж боломгүй санагдах нь мэдээж. Би ч үүнээсээ ичдэг байв. Өөрөөсөө хоёр насаар дүү хүүхдүүдтэй цуг сурах ямар л олиг байх вэ. Эцэст нь Софигийн шахалтаар оройн ангид сууж хоцорсон хичээлээ нөхөөд овоо зүгширсэн юмдаг. Харин тэнд бол би насаар хамгийн балчир нь байлаа. Өглөө хичээл, үдээс хойш бэлтгэл, үдэш нь хичээл тэгээд өглөө нь Софид даалгавараа шалгуулна. Хамгийн хэцүү нь л тэр хэсэг. Софи ухаантайгаас гадна шаардлага хатуутай болохоор аргалж түргэлээд өнгөрөх боломжгүй. Тэр миний алдааг засаж, “Чи хийж чадна. Зөвхөн залхуурахаа л больчих” гэж байнга урамшуулна. Хичээж л чадвал амьдрал шинэ боломжоор дүүрэн гэдгийг Софи надад ухамсарлуулсан.

Түүний дэргэд өөрчлөгдөж, эерэгээр төлөвшиж буй минь хэн бүхэнд илт байлаа. Тийм болохоор түүнээс хагацвал яаж шаналахыг ч бүгд мэдэж байсан.

2002 оны Уругвайн банкны хямрал олон хүнийг ажилгүй болгосон. Софигийн эцгийн ажиллаж байсан банк ч үүдээ барьсан учир Испанид байдаг ахыгаа тэр түшихээр шийдсэн юм. Ингээд 2003 оны 10 сард тэдний гэр бүл Барселонаг зорьж миний ертөнц ахин хагацлын илдэнд сийчүүллээ. Софи миний амьдралын утга учир. Гэтэл түүнийгээ ингээд үүрд алдаж байна гэж бодохоос сэтгэл минь гансран бачимдаж, арга барагдан тарчилж байв. Софи ч бас хагацлын шарханд шаналж байлаа…

Хайртайгаа хамт хааяа бас сахилгагүйтнээ.

…Бид дахиад уулзах болов уу? Монтевидеогоос Солимар ч орж чаддаггүй гар хоосон би яаж Уругвайгаас Испани руу зорчих билээ. Ямартай ч би утасны карт цуглуулахаа болиогүй. Харин олсон мөнгөө автобусны билетэнд бус Софи руу утсаар ярихад зарцуулдаг болсон юм. Явснаасаа сарын дараа Софи надад амаргүй болзол тулгалаа. “Хэрэв он гарахаас өмнө чи энд ирэхгүй бол хоёулаа дахиж хэзээ ч уулзахгүй байх!” Санаж бэтгэрсэн миний зүрхийг “Дахиж хэзээ ч” гэх үгс байж ядтал бачууруулсан тул ямар ч аргаар хамаагүй Барселонд очихоор шийдлээ. Аз болж тэр үед миний агент байсан Дэниел Фонсека замын зардалд минь тус хүргэсэн юм. Цагтаа Ювентус, Ривер Плэйтэд тоглож байсан энэ эрхэм олон том тоглогчдыг төлөөлдөг байлаа. Гэсэн ч миний гуйлтаас татгалзаагүй. Ингээд 2003 оны 12 сард 16 настай би Европ тивийг анх удаа зорилоо. Ах маань надад замын зуур хэрэглэх багахан мөнгө илүүчилсэн юм. Халаасандаа шажигнах 60 долларыг байн байн тэмтрэх бүртээ өөрийгөө дэлхийн хамгийн баян эр шиг төсөөлсөн анхны тэр мартагдашгүй аялал маань урт байгаагүй. Гэхдээ Софитой шинэ оноо угтчихаад нутаг буцаж явахдаа би амьдрал, карьерийнхаа хойшдын зорилго чигийг гуйвшгүй байдлаар бат нот тодорхойлчихсон байлаа. Европт тоглож, Софитой хамт амьдрах....