Бугат, Улаанбаатарын ижилсэл ба ялгарал
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан барилгын салбарын төлөөлөл Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцаж байна.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан барилгын салбарын төлөөлөл Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцаж байна. Бугат хотын намын Байнгын гишүүн, хотын байнгын дэд дарга Хэ Вэйхуа, Бугат хотын дэд даргын урилгаар айлчилж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөн хөгжиж, худалдаа, эдийн засаг, техник технологи, тэр дундаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт улам бүр идэвхитэй хамтран ажиллах болсон. Монгол Улсын гадаад бодлогод манай өмнөд хөрш-БНХАУ нь тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа, соёлын солилцоо жил ирэх тутам өргөжиж стратегийн гол түншүүдийн нэг болоод байна.
Үүний тод илрэл нь барилга, хот байгуулалтын салбарт “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”, “Улаанбаатар хотын 7,14-р хороолол, МҮОНРТ-ийн орчмын орон сууц, дэд бүтцийн төсөл” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэнээс гадна 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд хэмжээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көчяны анхаарлын нэг гол сэдэв нь гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт байсан бөгөөд энэ ажлын хүрээнд “1000 айлын түр суурьшлын орон сууцны төсөл” хэрэгжиж эхлэхэд бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.
Дээрх үйл явдлуудыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүд БНХАУ-д зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” өндөр дээд хэмжээний арга хэмжээнд оролцох үеэр Төрийн зөвлөлийн дарга Ли Көчянтай уулзахад хоёр талын ярианы гол сэдвүүдийн нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын асуудал байсан. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр энэ оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны сайд Чэнь Жэн Гао-ийн урилгаар ажлын айлчлал Бээжин хотноо амжилттай хийгээд ирсэн.
Айлчлалын үеэр БХБ-ын Дэд сайд Ш.Лхамсүрэн “Бид Бугат хотын хөгжил цэцэглэлт, ялангуяа гэр хорооллыг дахин төлөвлөх ажил хэрхэн явагдаж буйтай танилцлаа. Өнөөдөр Монголд тулгараад байгаа асуудлыг Хятад улсын Засгийн газар өнгөрсөн хэдхэн жилийн дотор Төр, Засаг нь, засаг захиргааны байгууллагуудтай хэрхэн уялдаж, ард иргэдийнхээ амьдрах нөхцөлийг сайжруулсныг харлаа. Бидний туулсан зам, шийдвэрлэх арга зам ижил байна. Харин төлөвлөснөө хурдан хугацаанд ажил хэрэг болгож, иргэдээ хохироолгүйгээр бодлогоо ойлгуулж чадсан туршлагаас бидэнд хэрэгтэй зүйл их байлаа” гэсэн юм.
Үнэхээр ч бидэнд түрүүлж алхсан ч, одоо эхлэх гэж байгаа ажил ч олон бий. Та бүхэн санаж байгаа бол Ж.Наранцацралт агсныг БХБ-ын сайдаар ажиллаж байхад Халдвартын эмнэлгийн урд талын хэдэн навтгар байшинд орж айл бүхэнд ухуулан “газраа чөлөөлж өгөөд орон сууцанд ороод өгөөч” хэмээн ятгаж байсан яг тийм байдал өнөөдөр Бугатад зарим дүүрэгт эхэлж, зарим дүүрэгт дөрөвхөн жилийн дотор өндөр сайхан орон сууцанд суусандаа талархаж буй дүр зураг биднийг угтлаа. 2013 он гэхэд 20 хүрэхгүй м.кв талбайтай гэр хороололд, тун бохир гудамжинд амьдарч байхдаа дүүрэгтээ,хотдоо, хамгийн гол нь амьдрах орчныг минь сайжруулахын төлөө өөрийн биеэр биднийг зорьж ирж уулзсан Ерөнхий сайд Ли Көцэнд итгэж газраа чөлөөлж өгснөөр маш тухтай 70-аад м.кв талбайтай цэвэрхэн саруул байр, сайхан тохилог орчинд амьдрах боллоо хэмээн иргэн Жан ярьж байна. Мөн “Бидэнд ийм сайхан гал зуухны өрөө биш ханзаа халааж, хоолоо хийх зуух л байсан. Ийм сайхан нөхцөлд хүргэж өгсөн төр, засагтаа л баярлаж сууна гэсэн юм”. Дэд бүтцийг нь сайжруулах хөрөнгө оруулалт, замын ажил, хамгийн гол нь ахмадууд, хүүхдийг ая тухтай амьдруулахад онцгой анхаарсан тухайгаа хотын удирдлагууд тайлбарлаж, шинэ хорооллынхонд зориулан 24 анги хичээллэдэг, спортын иж бүрэн талбайтай шинээр баригдсан сургууль, улсын болон хувийн цэцэрлэг, манайхаар бол “Нэг цэгийн үйлчилгээ” гэж хэлж болохоор танхимуудаа Монгол зочдодоо танилцуулж байв.
Энд бас нэгэн сонирхолтой зүйлийг харсан нь Бугат хотын Бэй Лиан дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын гэрч мэт нураалгүй үлдээсэн цор хэдхэн айлыг музей болгон харуулжээ. Зам харгуй, ундны ус, хүүхдийн сургуулиас хэт хол, маш ядуу гээд олон бэрхшээл тулгараад байсан тэр үед буюу 2014 онд Намын хороо нь хуралдсаар төрийн эрх мэдэлтнүүддээ сонордуулж 2013 оноос хойш Ерөнхий сайд нь гурван удаа очиж гэр хорооллын иргэдтэй уулзаж ярилцсанаар нэг жилийн дотор 130 мянган өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Шилжүүлээд орхих бус иргэдтэйгээ уулзаж, сэтгэл ханамж нь ямар байгааг лавлаж, судалгаа хийдэг юм байна. Мөн дахин шинэчлэлт хийхдээ эхлээд орон сууцанд нь оруулж дараа нь тэдний зөвшөөрлөөр хуучин амьдарч байсан орчныг нураадаг гэцгээж байна. Мэдээж заримдаа төрийн үүрэг даалгаврыг тулгах тохиолдол гарч байсныг ч үгүйсгэсэнгүй. Ихэнхдээ мөнгөөр тохиролцох, амьдарч буй талбайг 1:1 харьцаагаар болон тухайн хорооны дарга нарын судалгаанд үндэслэн заримдаа талбайг нэмэгдүүлсэн шинэ орон сууцаар солих аргыг ашиглаж байжээ.
Бугат хот 2.8 сая хүн амтай. Газар нутгийн хэмжээ нь манайхаас харьцуулах аргагүй бага гээд бодохоор бидэнд улстөржилгүй, тавьсан зорилт, төлөвлөгөө саадгүй бол өрх бүрийг орон сууцтай болгоход амархан санагдана. Тэд бидний гайхаж бишрээд байх хачин жигтэй зүйлийг хийгээгүй, тогтвортой төр, төлөвлөгөөт ажил, төлөвлөснөөсөө урьтаж зорилгодоо хүрэх боломжоороо л илүү байна. Одоогийн бидний харж буй Улаанбаатарын гэр хороолол тэр дүүргийнхээс илүү сайн нөхцөлтэй. Гэхдээ өвөлдөө дулаацахын тулд нүүрс түлдгээрээ ижил. Харин “Сервис центр”, “Хонгилын систем” зэргийн хувьд бол монголчууд түрүүлж алхаж байгаа нь илт.
Энэ бол тогтвортой төр амьжиргаанд нөлөөлдгийн жишиг. Бас төлөвлөсөндөө хүрэхийн талаас илүү хувь нь итгэл даах эрх мэдэлтэнтэй нүүр тулж уулзаад, тавьсан саналыг нь олноороо хэлэлцэн шийдвэрээ гаргаж байхад олуулаа зорьсондоо хүрдэгийн жишиг байлаа. Сурвалжлагын үргэлжлэлийг тун удахгүй хүргэх болно.