Монголчууд нийтээрээ мутацид ороод хомо сапиэнс биш болжээ
ХЭҮК-оос “Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохиожээ. Тус байгууллагын комиссын гишүүн доктор профессор нэгний илтгэснээр монгол хүүхдүүдийн 82,8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн ба найман хүүхэд тусмын нэг нь бэлгийн дарамт хүчирхийлэлд өртсөн аж. Үүнийг зориуд судалсан аж. ХЭҮК гэдэг нь Хүний эрхийн үндэсний комисс гэсэн албан нэрийн товчлол юм байна. Энэ нь төрөөс санхүүждэг, олон улсын статустай лут байгууллага. Ингэхээр монгол хүүхдүүд нийтээрээ хүчирхийлэлд автдаг, үй олноороо бэлгийн хүчирхийлэлд өртдөг нь албан баримт гэсэн үг. Айл болгон хүүхдээ зоддог гэсэн үг үү, эсвэл хүүхэд гадаа гараад л бусдад зодуулдаг юм болов уу. Аль нь ч байсан аймаар юм. Дэлхийд өөр ийм зэрлэг ард түмэн байдаг болов уу! Хаа нэгтэй ийм юм тохиолддог ч мэдээлэл хавтгай болсон өнөөгийн ертөнцөд энэ булай нь илэрч мэдээллийн хэрэгслэлээр таран хэл болгонд орчуулагдаж дэлхий даяараа жигшдэг. Гэтэл Монголд энэ ховор үзэгдэл бүх нийтийг хамарсан ажгуу. Монголын гурван сая иргэдийн тэн хагас нь хүүхэд гэсэн ангилалд багтана. Хүүхдээ зодож алчих гээд л, хүүхдээ хүчиндээд л. Ямар ч адгуус ингэхгүй дээ?
За энэ бол албан мэдээ. Албан бусыг нь үзье. Хүүхдийн эрхийг хамгаалж хэдэн хүүхэн талбайд нүцгэлжээ. Тэдний хэлж байгаагаар 4 мянга гаруй хүүхэд хүний наймааны золиос болоод тэр чигтээ сураг чимээгүй алга болсон гэнэ. Бодвол эд эрхтний наймаанд явсан бололтой. Хятад, Энэтхэгт ийм юм болсон нь баригдлаа гээд бөөн шуугиан болдог. Хүн амтай нь харьцуулахад үй олноороо гэж болохуйц Монголд ийм аймаар үзэгдлийг цагдаа нь мэддэггүй ч юм уу, мэдсэн ч тоодоггүй юм болов уу? Цагдаа бүртгэлээ хараад алга болоод сураг нь олдоогүй хүүхэд сүүлийн 10 жилээр тооцоход жилд 2-3 гэж байна. Осолдоод шарил нь олдоогүй байх гэж тайлбарласан. Худлаа л даа, хужаа нар сэм хулгайлж хил давуулаад хэрчээд хөрөөдөөд эрхтнийг нь нэг нэгээр нь зарчихсан байж таараа. Цъ цъ цъ...
Одоо монголчууд аймшигт хордлого, үхлийн эсрэг хэрхэн тэмцэн тэсвэрлэж байгааг сонирхоцгооё. Сая “Тод эйч” гэнэ үү, нэг эмнэлэг монголчуудын үснээс дээж авч хордолтыг нь шалгасан байна. Хүн хорт бодист аль зэрэг нэвчсэнийг үсээр нь шалган илрүүлж болно. Ингэсэн чинь монголчуудын 99,3 хувь нь хорт бодист идэгджээ. Хүний биед маш хортой, үхлийн дооз бүхий хүнцэл, тугалга, мөнгөн ус, хөнгөн цагаан зэрэг хүн алах металлаар хорджээ. Тэгсэн мөртөө хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэсийн дутагдал яг 100 хувь хүрсэн байгаа юм! Яагаад үхчилгүй амьд салганаад явдаг юм бүү мэд! Үнэхээр түгшмээр. Бас нэг байгууллага хүүхдийн тугалганд хордсон байдлыг судлаад нийтэд мэдээлсэн. Тэдний хэлж байгаагаар Баянхошуу зэрэг хотын захаар амьдрах хүүхдүүд нийтээр тугалгын хордлого болсон, харин Зайсан зэрэг баян хороололд хүүхдүүд тугалганд хордсон нь гайгүй гэнэ. Тугалга маш хортой, хүнд үйлдвэр үгүй Улаанбаатарт голдуу машины утаанаас л гардаг, гэхдээ хүнд элемент учир 30 см-ээс дээш дэгддэггүй. Баянхошуунд Зайсанг бодвол машин цөөтэй, гэхдээ тэндэхийн хүүхдүүдэд машины утаа үнэртэн мансуурдаг дон дэлгэрсэн байж болох юм шүү.
Саяхан Харвардад доктор хамгаалсан нэг эрдэмтэн бүсгүй монгол хүний Д витамины судалгаа хийлээ. Байдаггүй ээ, бидний 90 хувь нь Д витамины гүн дутагдалтай юм байна. Витамин гэдэг бол хүний биед зайлшгүй шаардлагатай боловч бие өөрөө үйлдвэрлэж чаддаггүй учир гаднаас хоол тэжээл зэргээс олж авдаг бодис юм. Д витаминыг нарны туяанаас олж авдаг. Хэрэв энэ бодис дутагдвал яс хатуу чанараа алдан уян болно. Тулах эрхтэн яс уян болохоор майга хөлнөөс эхлээд суумгай нуруу хүртэл тахир татуу болдог аж. Бид ийм гүн дутагдалд орчихоод яажшүү нэг юм хөл дээрээ тогтоод явмар аядаад байдаг юм бол? Англичуудын сүүлийн үеийн судалгаагаар Д витамины бэлдэц эм биед шингэхдээ муу учир төдийлөн тус болдоггүй гэсэн байна. Яана даа? Нараа нараа нааш ир, Cүүдэр сүүдэр цаашаа, Нартай гурвуулаа тоглоё! Цын цын...
Саяхан бас нэгэн судалгаа шуугиан тарьлаа. Юу гэвэл монголчуудын нас баралт үндсэндээ буруу хооллолт, хортой хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалдаг юм байна. Зүгээр л зөнгөөрөө хөгшрөөд үхдэг хүн бараг байдаггүй бололтой. Зөв хооллоод байвал мөнх наслах ч юм шиг?
Үхүүлээд байгаа хүнсний нэгдүгээрт Монголын хүн амыг цөөрүүлэн устгаад газар нутгийг нь эзлэх зорилго бүхий Хятадын төрийн бодлого. Үгүйдээ л нийтийн сүлжээгээр явж буй мэдээллийг баримтлах юм бол. Сүлжээтэй сүлжээгүй ер нь дундач монгол хүн энэ үзэлд итгэдэг. Тэндээс дандаа хортой хүнс орж ирдэг. Энэ асуудлаар Монгол улсын зүгээс Хятадын гаальд албан ёсоор тавьсан гомдол ч бий. Хоёр тал энэ асуудлаар шалгалт хийхээр болж, Хятадын хүнсний экспортоос тийм зүйл илэрвэл бүх хохирлыг төлөхөөр болжээ. Гэвч монголчууд өөрснөө нууцаар стандарт бус хүнс зөөгөөгүй л юм бол гаалийн шалгалтаар зөрчилтэй хүнс нэвтэрсэн ганц тохиолдол илэрсэнгүй. Гэхдээ ноотой л доо, өмхий хужаанууд шөнө дунд сэмхэн оруулж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Үүний дараах үхлийн шалтгаан архи. Ялангуяа хятад спитрээр найруулсан архи. Уг нь спиртийг хятад, бразил, папуа гэж ялгадаггүй, этилийн спиртийн хольцоор нь эрэмбэлдэг гэж химийн сурах бичигт тайлбарладаг юм билээ. Эрүүл мэндийн сайд Ламбааг хэсэг сэтгүүлчид 40 литрийн битон барьчихаад “Монголчууд архинд живж нэг хүн жилд 40 литр архи ууж байна” гэж зурагтаар баахан загнасан. Гэтэл ДЭМБ-ын албан судалгаагаар монгол хүн жилд 5,6 литр архи уудаг нь дэлхийн дундачаас бага, 17 литр уудаг оросуудтай харьцуулахад бараг л “цагаан хоолтон”. Шар арьстанд спирт задалдаг алкохолдихидрогинэза гэх фермэнт цаанаасаа бага учир агсам тавьдаг зантайг нь эс тооцвол архи шингээх чадвар байгалиасаа муу л даа. 40 литр гэдэгт айргийг нэмсэн байхаа?
Генийн өөрчлөлттэй хүнс монголчуудыг ёстой нэг сөнөөж байнаа. Энэ асуудал бүр хууль болон УИХ-д хэлэлцэгдсэн шүү дээ. Хүнсэн дотор аалзны ген хийчихдэг гэж хууль санаачлагч ярьсан. Аймаар байгаам шүү? Хооллох гэсэн биш бөөн аалз идээд л. ДЭМБ, болон Ватикан зэрэг шашин болгоны хүнсний асуудалд үг хэлэх эрхтэй байгууллагууд генийн өөрчлөлттэй хүнсийг хүн төрлөхтнийг хүнсээр хангахад асар их нэмэр боллоо хэмээн магтсан. Энэ бас л сэжигтэй шүү, биднийг аалз идүүлэх гэж зориуд худлаа нааж байгаа ч юм билүү? Цъ цъ цъ...!?
Эрүүл мэндийн сайд “транс тос” хэмээх нэгэн алуурчныг илрүүлсэн төдийгүй үүнийг хориглох заалтыг хуулинд тусгуулж монголчуудаа үхлээс булаан авсан тухайгаа ярилцлага өгчээ. “Давс ходоодны хорт хавдар, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлэхэд асар их нөлөөлж байна. Монгол Улс давсны хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжсэн. Мөн Засгийн газраас хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр баталлаа. Үүндээ транс тосны хэмжээг хязгаарлахаар оруулчихсан байгаа. Энэ бол шийдлийн Засгийн газар хүн ардынхаа эрүүл мэндтэй холбоотой хийсэн томоохон ажлуудын нэг”. “Бүх амьтан, түүний дотор хөхтөнд давс зайлшгүй хэрэгтэй. Хүн өдөрт 1-2 цайны халбага давс хэрэглэж байхыг байгалиас нь шаарддаг, Гэтэл давсны эсрэг хэт сурталчилгаанаас болоод хүмүүс давсны дутагдалд орох хандлага элбэг үзэгдэх боллоо” хэмээн Британий анагаах ухааны хороо мэдэгдсэн байх юм. Англичууд англи хүндээ, манай сайд монголчууддаа л хэлсэн байх л даа. Транс тос гээд байгаа нь хүн төрлөхтөн 140 жилийн турш хэрэглээд байгаа маргарин л даа. Одоо хуулиар хориглочихоор үхэл эрс багасна, санаа амар.
Америкийн империалистууд тахианы мах оруулж ирж алчих гээд байна, цаана чинь. Оюутолгойг л хусах гээд байгаа л даа. Монгол хүний тахианы махны хэрэглээ чааваас жилдээ ердөө 3 кг орчим юм билээ. Малын мах болохоор 130 кг. Гэхдээ л хор шүү дээ. Америкчууд Монгол руу явуулах тахиагаа нуль хороор тэжээдгийг харуулсан кино зурагтаар үзүүлсэн. Хятад, Америк, Европ дан тахианы мах иддэг, өөрснөө хоронд нь дасчихсан байхаа. Хятадууд жилд 4 тэрбум тахиа нядалдаг гэсэн.
Монгол хүнийг үхүүлдэг бас нэг гол үзүүлэлт бол осол. Бүгдээрээ л биенээ хутгалаад, буудаад, дүүжлээд... ерөнхийдөө дуусч байна даа. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хэлэхдээ жилд 2500 орчим хүн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан өвчнөөр нас бардаг гэж байна. Үүний 60 хувь нь ахуйн болон төстэй осол, 20 хувь нь зам тээврийн осол, 13 хувь нь амиа хорлолт, 7 хувь нь бусдад хорлогдсон тохиолдол гэж байна. Энэ худлаа! 60 хувь нь бусдад хорлогдсон тохиолдол байх ёстой! Өдөр шөнөгүй л биенээ алаад байхад ийм гомдмоор голмоор цөөн байхдаа яадгийн? Гэхдээ тус төвийнхөн зориуд хуураагүй, бичээч нь будилаад санаандгүй сольж шивсэн байх.
За одоо цөмөөрөө биднийг үхүүлж хороогоод байгаа өвчин рүү орцгооё. Хорт хавдрын өвчлөл үхлээр дэлхийд тасархай нэг. Үүнийг хүн болгон мэдэж байнга үглэж байгаа. Гэтэл эрүүл мэндийн төвийнхний баталж буйгаар хорт хавдраар жилд 1600-1800 хүн чад хийдэг гэнэ. Нарийн учрыг нь хөөвөл ерөөсөө хорт хавдраар биш, элэгний хорт хавдраар гэнээ. Уламжлалт нарийнтах, бадгана зэрэг нь эрс багассан гэжийн. Тавь жараад оны үед тахал, арьс өнгөний өвчинтэй тэмцэж байна гээд шприцний шар буюу В вирусын асар том голомт хүн амын дотор буй болгосон гэх. Энэ вирус урагт халддаг тул удах тусам тархалт нь улам тэлдэг аж. Уушигны хавдар маш бага бүртгэгддэг нь утаатай тэмцэгчдийн сэтгэлийг гонсойлгомоор. Умай, өндгөвч, хөхний хорт хавдрын тархалт дэлхийн дундачтай харьцуулахад маш бага юм байна. ДЭМБ-аас гаргасан энэ тооцоо худлаа байх магадлалтай. Биднийг худлаагаасаа тайвшруулж байгаад бүгдийг нь хавдраар үхүүлэх далд муу санаа агуулж байж магадгүй. Сэрэмжтэй байна шүү!
Мөнөөхөн ВВС агентлаг бичихдээ “Анагаах ухааны талаарх худал мэдээлэл, ид шидэт эм, цоо шинэ эмчилгээний талаарх цуурхлыг ихэнхдээ эмч нар өөрснөө тараадаг. Үүндээ эргэлзээтэй статистик, нууцлаг чанар, шинэ нээлт зэрэг шинжлэх ухааны шинжтэй баримт ашигладаг. Зорилго нь ердийн ашиг хонжооноос эхлээд нэрд гарах гэсэн хүсэл хүртэл янз бүр” гэжээ. ВВС өөрөө цуурч байж болох. Эсвэл Европын эмч нар тийм өөдгүй байж таарна. Манайд бол үнэнийг, зөвхөн үнэнийг л хэлж байгаа.
Хүний аль ч популяцийн хоёр хувь нь сэтгэцийн доголдолтой бол тухайн нийгмийг эрүүл биш гэж үздэг. Наяад онд хийсэн судалгаагаар Монголын найман суманд энэ хязгаар давчихсныг илрүүлсэн. Улаанбаатарт 0,6 орчим байсан байх. Гэтэл сүүлийн үед манай эрдэмтэн судлаач, эмч сэтгэл судлаачид энэ тоог 50 хувь хүрч байна гэж зарлах боллоо. Нийгмээрээ галзуурчихав уу? Хортой хоолноос болов уу? Хятад Америкийн зориудын бодлого уу? Бодох л хэрэгтэй.
Магадгүй, монголчууд бүгд эрүүл саруул, харин ашигтай мутацид ороод хомо сапиэнсээ болиод өөр илүү ухаалаг шинэ зүйл болсон байх магадлалтай. Яагаад гэвэл манай зарим эрдэмтэдийн тогтоосноор монгол хүний Ай Кю дэлхийн дундачаас хэд дахин илүү гэнэ. Монгол хүний ген дэлхийн бусад хомо сапиэнсээс шал өөр бүтэцтэй гэдгийн МУИС-ын эрдэмтэн багш нар тогтоогоод ялгааг судлан илрүүлэхээр ажиллаж байна. Аугаа монгол үндэстэн дэлхийг удирдаж байсан урьдын түүхтэй ба одоо мутациар шинэчлэн өөрчлөгдсөн монголчуудын эрин дахин ирж байгаа гэх. Бид хорвоогийн эзэн болж байгаа талаар буурь суурьтай олон судалгаа бүтээл гарч, энэ тухай өдөр бүр олон эрдэмтэн мэргэд зурагтаар ярьж тайлбарлаж байгаа билээ. Энэ үнэн байх, яагаад гэвэл эволюцийн хуулиар амьд организм мутациар өөрчлөгдөн шинэ зүйл үүсгэдэг ба тэр нь цааш хөгжин дэвжиж амьдралын модыг тэтгэн торниулдаг билээ.
Бод л доо, дээрхээс харахуйд бид өвчин тахал, архи тамхи, хорт бодис, устган сөнөөх гадаад орны зориудын өмхий бодлого дунд амьдарч байгаа мөртөө нас баралтын үзүүлэлтээр дэлхийн хамгийн багын нэгд тооцогдож байна. Процент гэж зуун хүн тутмаас, промил гэж мянган хүн ам тутмаас авдаг хэмжигдэхүүн. Ардчиллаас өмнө манай нас баралт 9,7 промилл, нялхсын эндэгдэл 64 промил байсан бол одоо нас баралт 5,3 промил байна. Жилд 16 мянган хүн нас бардаг гэхээр ийм тоо гарч байгаа биз? Нялхсын эндэгдэл 16 промил. Наслалт сүүлийн 25 жилийн дүнгээр 7-8 жилээр уртасчээ. Ийм аймшигт нөхцөлд үхэл багасч, наслалт уртсаад байна гэдэг бол боломжгүй зүйл. Ингэхээр бид мутацид орж хүний дараагийн дэвшилтэт шинэ зүйл болон хувирсан байна. Өөр тайлбар алга. Эрдэмтэн мэргэд үүнийг мөнх тэнгэртэй холбон тайлбарлаж буй нь үгүй гэх газаргүй.
Нам засгаас ч энэ талаар онцгой анхаарч байгаа. Саяхан эхчүүд хүүхдээ зөвхөн хөхний сүүгээр хооллож байх хууль гарлаа. Дэлхийн бусад газар хөхөөр хооллохын уриалж байхад бид бүр хуультай. Сүү нь цатгадаггүй, эсвэл өөр бэрхшээлтэй бол зөвхөн гаалиар шалгагдсан тэжээлээр хооллож болно. Нарийн бодсон байгаа биз? Гэтэл хангалттай сүүтэй мөртөө пигуураа бодоод санаатайгаар хөхүүлдэггүй эхчүүдийг энэ хуулиар албадан хориглож буй нь мутациар шинээр буй болсон онцгой гентэй монголчуудын аугаа шинэ үүлдрийг хамгаалж байгаа ухаалаг бодлого юм. Харин нэгэнт төрийн хууль болохоор муусайн пигуурчингуудыг сайтар хянаж, чихдэж байгаад хүүхдийг нь хөхүүлэх байх. Малын шинэ үүлдрийн генефондыг хамгаалахын тулд бас ийм арга хэмжээ авдаг шүү дээ.
Манай эрдэмтэд өдөр болгон ямар нэг цоо шинэ нээлт хийсээр буйн дотор нэгэн суутан хорт хавдрыг эмчлэх арга нээснийг төр засгаас 100 сая төгрөгөөр хөхиүлэн мялаалаа. Одоо тэрээр энэ эмээ нууцлан, зөвхөн Монголдоо үйлдвэрлэхээр шийдсэн ба үүнд зарцуулах дориун их хөрөнгийг төрөөс гаргуулахаар хөөцөлдөж яваа. Залуу эрдэмтэд ч хувь нэмрээ оруулан, дэлхий даяар эдгээж чадахгүй байгаа чихэр шижин өвчнийг нам дарах аргыг нэгэн оюутан бүсгүй нээн олсныг төрөөс өндрөөр үнэлэн 20 сая төгрөгөөр хөхиүлсэн билээ.
Хомо сапиэнс үүсээд гурван том дэвшил хийжээ. 70 мянган жилийн өмнө соёл буй болгосон, 6 мянган жилийн өмнө иргэншил буй болгосон. 500 жилийн өмнө шинжлэх ухаан буй болгосон. Дэлхий даяар шуугиан үүсгэсэн Харарригийн “Homo Deus” номонд “Хүн төрлөхтөн улам хөгжин эволюци мутациар дамжин илүү ухаалаг, дэвшилттэй, биологийн хувьд цоо шинэ зүйл болон хувирах цаг холгүй байна” гэжээ. Бид түрүүлчихсэн юм биш үү?
2017.6.1