Зовлогоо зовоохгүй мөнгө олдог үнэмлэхүй мэргэн арга олохоор үе үеийн Засгийн газрууд хөл хөөрцөг болдог. Ардчиллын 27 жилд сайн нэртэй үлдсэн ганц ч Ерөнхий сайдгүй. Монголд “Ерөнхий сайд” гэж үйлтэй нэг албан тушаал, түүнд нь үйлтэй нэг нөхөр шаагдаж очдог, юу ч хийж чадалгүй хөнөглөж хөнөглөж нэг мэдэхнээ огцордог. 

Ард түмэн нь үргэлж мөнгө нэхээстэй, мөнгө олдвол идэж уугаад, хэрэглээд зараад дуусдаг, тэгээд улсаараа ядуурчихдаг, дараагийн УИХ, дараагийн Засгийн газар нь “баяжуулна” гэдэг ганцхан лоозонтой ирээд буцдаг, ард түмэн нь ядуугаараа үлддэг. Иймд л дүр зураг хорин хэдэн жил бидний нүдний өмнүүр жирэлзлээ. 

Уул уурхайн цаана бөөн мөнгө харагдаж байгааг би үгүйсгэхгүй. Гэхдээ нийтээрээ тийшээ хушуураад хөөрцөглөөд байх нь арай эрт, гэхдээ шал утгагүй юм. Яг нарийндаа гарт баригдаад хийгээд байгаа үйлдвэрлэл бизнес гэж байхгүй, экспорт нь дан валют болж үрждэг ажил үйлчилгээ тэр ирээдүй цагт нь байдаг байх.

Ийм нөхцөлд яах ёстой талаар судлаач-профессорынхоо байр сууриа илэрхийлье.Бас ч үгүй дэлхийн 50 гаран улс орноор ихэнхдээ албан ажлаар яваад юм үзэж нүд тайлчихсан хүний үг шүү!



Төвийг сахисан гэх Швейцарь, Мальта улсын туршлага судалж явсных тэд маань оффшорын эсрэг дайнд эрслэн боссон манайханд бол чухам тэр оффшор гэдгээрээ баяжаад хөлжөөд алга болсон гэдгийг баттай хэлэх гэсэн юм. Төвийг сахисан улсад гадаадын ямар ч улс орон, бизнес, бизнесчид итгэдэг юм билээ. Учир нь дайн байлдаанд төвийг сахина, цэргийн эвсэлд холбоонд орж чирэгдэхгүй, мөнхөд амар тайван байх тийм улсад хөрөнгөө оруулж мөнгөө эргэлдүүлье гэж дэвэн дэлхийн хөрөнгөтнүүд үзээд Мальта, Швейцарь, Коста-Рик улсыг босгоод ирсэн. 

Ийм өнцгөөс яривал Орос-Хятадын завсарт, бүр тодорхой яривал Дорнод Сибирь-Умард Хятадын хооронд манай банк “Offshore bank”, эсвэл манай хилийн бүс нь “Tax heaven” болж яагаад болдоггүй юм бэ хэмээн би тархиа гашилган боддог юм.Чухам ийм гарц олж харж бий болголчиxоод үр дүнг нь олон арван жил хүртэж суугаа дэлхийн хамгийн баян, гэхдээ хамгийн жижиг нэгэн улсыг жишээлэх гэсэн юм. 

Би өөрөө очиж үзээгүй, Лихтенштейн хэмээх тэр улсыг монголчууд төдийлөн мэдэхгүй, газрын зургаас ч олж зааж чадахгүй. Монгол, Лихтенштейний хооронд 1998 онд дипломат харилцаа тогтоосон, 2002 онд Н.Багабанди айлчилсан гэснээс цааш энэ улсыг судалсан мэдсэн, эдийн засгийн хөгжлийн нууцыг нь тайлбарлах хүн үгүй тул би зориглон бичиж байна.

Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажилд оролцож бодлого төлөвлөж явсных би тэр үеэс энэ жижиг улсыг сонирхох болсон.Лихтенштейн хэмээх Үндсэн хуульт хаант улс нь германаар ярьдаг, швейцарийн мөнгөн тэмдэгт хэрэглэдэг, парламент нь 25-хан гишүүнтэй, үндэсний арми, их сургууль, радио телевизгүй, манайтай дипломат харилцаа тогтоосноос цааш ямар ч харилцаагүй явсан байдлыг өөрчлөхөөр ноён Багабанди 2002.06.27-нд тэнд айлчлан очсон бөгөөд айлчлалын хариуд нөгөө талаас санаачилга одоо хүртэл алга. Н.Багабандийг Лихтенштейний Ван Ханс-Адам хоёрдугаар фон Лихтенштейн хүлээн авсан. Тэрээр 1984 оноос төр барьж байснаа 1989.11.13-нд хууль ёсоор хаан болжээ.

Ард нийтээрээ боловсролтой, дэндүү хэрсүү, цэгцтэй, чанга 36.8 мянгахан хүн Төв Европын зүрхэнд,Альпийн уулсын бяцхан зурвас газар хааш хаашаа 160 км-т багтан, Австри, Швейцарь гэх хоёрхон хөршийн завсарт оршин байна. Бид Лихтенштейний хүн ард хэрхэн баяжих овсгоо гаргаж, ухаан сийлснээс нь суралцахад яагаад болохгүй гэж? Үргэлжийн дөрвөн мөнхөд мөнгө яриастай бидэнд бол бэлээхэн зууш л гэхээр хур туршлага тэр улсад байна!

Эд яаж баяжив гэхлээр хамгийн бага татвараараа гадаадын компаниудыг даллан дуудаж чадсан, тиймдээ ч оффшорын бүс (зон) гэж алдаршсан, дэлхийд оффшороор бизнес хийдэг нь Сан-Марино, Эмират, Монако, Мальта, Андорра, Коста-Рик гээд дандаа жижиг улсууд, цаашаа нэг их олонгүй. Лихтенштейнд нэг хүн жилдээ хичнээн ам.долларын орлого олдог вэ гэдгийг тодруулах гээд би ертөнцийн олон сайтыг ухлаа. Wikipediaхэмээх нэвтэрхий лавлахаас үзвэл, хэдэн жилийн өмнө ДНБ нь 3.545тэрбум ам.доллар болж, нэг хүн амд хувааж үзвэл 115 293 ам. доллар буюу дэлхийд 1-рт явж байх аж. Юу нөгөө газрын тосондоо хахаж цацсан Булангийн орнууд вэ? Лихтенштейний дэргэд гуравны нэгд нь ч хүрэхгүй байна.

Хэрэв бид 160 кв.км. нутагтай, 36.8 мянгахан хүн амтай, Улаанбаатар нийслэл нь 5200 хүн амтай байсансан бол яах бол гээд Та төсөөлөөд үз дээ. Юун дэлхийн эдийн засагт байраа эзлэх, хөгжил дэвшил манатай, шууд сэтгэлээр унаад үхэх үү? Үнэхээр жижгийн жижиг улс гэвэл ийм л улсыг нэрлэх байх. Эдний дэргэд бид чинь ёстой их гүрэн байхгүй юу, хэрэв хийж бүтээж чаддагсан бол!

Энэ бяцхан улс банкны элдэв махинацаар нэн алдартай. Бүр дэлхийн II дайны үед төвийг сахиснаараа нацистуудын дээрэмдэж олсон алт эрдэнэс, мөнгийг банкиндаа хадгалж үлдсэн, нацистын бөөнөөр хорих газраас ажиллах хүчнийг үнэгүй авч хамаг ажлаа хийлгэсэн, нэгэнтээ банкиндаа байршсан бэлэн мөнгөтэй (улсын орлогын гуравны нэг банкны үйлчилгээнээс) тул түүнээ “чулуу болгох” талаар ард иргэд нь язганаталаа хөдөлмөрлөж, баялаг хангалуун амьдралын үзүүлэлтээр дэлхийд хошуучлах хэмжээнд яваа. Оффшор улс болж дэлхийд жүжиглээд айхтар хөлжсен юм байна.

Оффшор гэснээс манайханд эерэгээр анхлан бичигчийн нэг нь би болж магад. Offshore company, Offshore investment, Offshore fund, Offshore bank, Offshore construction... гэх мэтээр олон улсын эдийн засгийн ухаанд олон ойлголт бий бөгөөд эдийн засгийн илүү үр ашигтай үйл ажиллагаа явуулах, хэмнэлт хийх, мөн татвараас зайлсхийх (“Tax heaven” буюу “Татварын диваажин”) зорилгоор offshore-ын үйл ажиллагааг жишээ нь дээрхи нэр бүхий хэсэг улс явуулдаг. “Татварын диваажин” гэхлээр маш бага татвар хураадаг, эсвэл огт татвар төлдөггүй хууль зүйн зохицуулалт үйлчилдэг. Гаднын өөр улсын иргэн тэрхүү“Татварын диваажин” буюу оффшорт компаниа бүртгүүлж, өөр газар олсон орлогоо оффшорт шилжүүлж татвараас зайлсхийх арга түгээмэл.

Жишээ нь Нидерландын “PHILIPS” Карибийн тэнгисийн нэгэн оффшор арал дээр бүртгэлтэй байсан ба ингэснээр тус корпораци ихээхэн хэмжээний татвар төлдөггүй байсан түүх саяхных юм. Ийм жижигхэн хэрнээ (36 мянга гаруйхан хүн) дэлхийн хэмжээний хүчирхэг гүрэнтэй ана мана үзэлцээд, хамаг мөнгийг нь ховх сорчих шахаад буй нэгэн баримтыг энд би ихэд олзуурхдаг юм. Герман ба Лихтенштейний хооронд дайн дэгдвэл заан, шоргоолжны үлгэр болох нь гарцаагүй. Гэвч цаадуул нь жижгээ үл голон германчуудын амин чухал судсыг нэг удаа атгаад авсан аж. Германдаа татвараас зугтаасан бизнесчид (1000 гаруй хүн) орлогоо нуун Лихтенштейний банкинд аваачиж хадгалуулаад байх нь Германы санхүүд гэнэтийн цохилт болжээ. Герман нь татвараас жилдээ 30 гаран  тэрбум орчим евро олдог байтал нэг мэдэхнээ 8 тэрбум еврог татвараас зайлсхийгчид нь энэ бяцхан улсын банкинд аваачаад байршуулчихаж. 

Ингээд маргаан дэгдэх нь тэр. Deutsche Post хэмээх шуудангийн захирал нэг сая еврог Лихтенштейний нэг банкинд сэмхэн хадгалуулсан хэргээр эрүү үүсгүүлжээ. Германы прокурорын газар, Холбооны тагнуулын алба нь Лихтенштейний санхүүгийн нууцыг тайлах гэж тэр үед махаа идэж байлаа. Лихтенштейний банкны тогтолцоо маш нууцлаг байгааг ил болгохыг хатагтай Ангела Меркель өөрөө хүртэл шаардаж амаа гарзадсан. Хэрэв банкныхаа нууцыг үл дэлгэж гэмээж нь Лихтенштейнийг Европоос шахаж, ганцаардуулна гэх хүртлээ заналхийлж үзсэн.

Лихтенштейний LGT хэмээх банкны хадгаламж эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг Германы тагнуулынхан олж авснаар бөөн шуугиан дэлхий даяар дэгджээ. Эндхийн оффшорын бүсээр дамжин татвараас зайлсхийсэн гадаадын иргэд дэлхийд ил гараад ирэх нь тэр. Лихтенштейний дансанд ганц Герман бус АНУ, Британи, Франц, Итали, Испани, Швед, Норвеги, Финланд, Дани, Канад, Австрали, Шинэ Зеландын толгой баячууд, алдартнууд  мөнгөө байршуулчихсан байжээ. Нэрсийн жагсаалтыг зарим орны татварын албад Лихтенштейнээс худалдан авч мөрдөн шалгасан.  Энэ нь ч бас нэг төрлийн бизнес юм. Жишээ нь Лихтенштейний LGT банкнаас иргэдийнхээ нуун дарагдуулсан мөнгөний дүнг олж авахын тулд Их Британи улс нэг удаа 100 мянган фунт стерлинг хүртэл төлж байжээ. Махчилж ойлгуулъя: 100 000 англи паундыг нөгөөх 36 000 хүндээ тэнцүү хуваачихад л нэг удаа нэг хүн бараг гурван мянган фунт хусах нь байна.

Татвараас зайлсхийгчдэд том боломж олгодог Лихтенштейний банкны тогтолцоо нь Альпийн уулсын буйд оршин буй 36 мянгахан хүн ардыг хэдийнэ алдаршуулан дэлхий дахинаараа тийшээ анхаарал хандуулаад байна. Лихтенштейний араас Монако, Андорра гэхчлэн оффшорын улсууд хардлага үүсгээд бөөн хэл ам таталжээ.

Лихтенштейний банкны түүх судлаад үзтэл би нүдэндээ итгэсэнгүй. Ухаантай мэргэн өвгөд нь гэрээслээд хэдэн үеэрээ тэгж аж төрсөн болж таардаг.Банкны ийм үйл ажиллагаа бүр 1926 оны хууль тогтоомжоор явсаар өнөө хүрсэн ба дэлхийн II дайн тэдэнд томхон боломж олгож, нацистуудаас нэг нь ч хадгалуулсан мөнгөө авч чадалгүй хоцорсон аж. Харин одоо Европын нэг гэр бүлийн гишүүний хувьд хэдий жижиг улс боловч цааш ингээд хожоод монжоод байх нь халгаатай тул 1926 оны тэр хуулиа өөрчлөхөд хүрчээ. Өөрөөр хэлбэл 1926 оноос хойш 90 гаруй жилийн турш европчуудын мөнгийг эргүүлж эргүүлчихээд, одоо Европын Холбооны Банкны тогтолцооноос суралцъя, Шенгений бүсэд оръё энэ тэр гэж заль зохиож байна. Лихтенштейний банкны тогтолцооноос ганцхан л дүгнэлт хийе. 

Хүн ам нь 36-хан мянга. Ийм цөөхүүлээ байж 82 сая хүн ардын (ХБНГУ) мөнгө санхүүг бужигнуулж, 8 тэрбум еврог нь эргэлдүүлж яаж чадаж байна вэ? Ямар гээч увидас, овсгоо, мэргэжил вэ? Үүнийг монголчууд судалж үзэж болохгүй гэж үү? Үндэсний мөнгөн тэмдэгт байхгүй, монгол хүнийхээр бол гарын салаанд багтаад ирэх хэмжээний дэндүү цөөхүүлээ, манай нийслэлд бол нэг хороо хорины хүн ам шахуу байж яаж ингэж чадав аа? Бид тэдэн шиг ажиллаж хөдөлмөрлөж болохгүй гэж үү?

Зөвхөн банкны хүүн дээр л тоглоод ингээд баяжчив уу гэтэл үгүй юм аа, нөгөө 36 мянга чинь тоног төхөөрөмж, хиймэл шүд, хиймэл шүдний эд анги, хүнс, шуудангийн марк үйлдвэрлэх талаараа дэлхийд алдаршиж, жишээ нь шаазан шүдний үйлдвэрлэлээр гэхэд л дэлхийд ганцаараа хошуучилж яваа гэсэн мэдээлэл байх юм. Экспортын гол бүтээгдэхүүн нь машины, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, нэхмэл, шавар шаазан, хиймэл шүд гэнэ. Банкны үйлчилгээнээс орлого олохын сацуу цаана нь ийм их зүйлээр дэлхийн зах зээлд гарч өрсөлддөг гэхлээр энэ 36 мянган хүнд амрах, цэнгэх цаг ер гардаг юм болов уу гэхээр. Жижиг орон хэрнээ жижиг хөрш Швейцарьтайгаа эдийн засгийн нягт харилцаатай байж ирсэн, тэдний мөнгийг хэрэглэдэг, хөдөө аж ахуйд нь 36 мянгынх нь гуравхан хувь ажилладаг хэрнээ жимс, ногоо, сүү гэхээр бас ч үгүй гайгүй үзүүлэлттэй. Бүр 1950-иад онд Лихтенштейнийг хөгжингүй, аж үйлдвэржсэн улсад тооцох болсон. Бага татвартай тул гадаадын бизнесчид ийшээ томхон хөрөнгө оруулдаг гэхчлэн.

Банкны үйлчилгээ, оффшорын бүсийн үйл ажиллагаа нь жижиг чулуугаар том чулуу цохиж зовлогоо зовоохгүй мөнгө олдог хамгийн (бараг үнэмлэхүй) мэргэн арга юм. Гэтэл ганц банк бус, олон салбарт экспорт хийдэг гэхлээр жижиг атлаа маш том (хүн амд нь хувааж үзвэл) эдийн засаг энд байх шиг.

Тэгэхээр миний хэлэх санаа, санал бол бид ядаж Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв зувчуулж, бирждээ байршуулж, үнийн зөрүүгээр ашиг олж болохгүй гэж үү дээ? Энэ талаар төр-засаг минь, билэг танхай монголчууд минь сэтгээч дээ!