АН-ын сунгаа гэгч С.Эрдэнийн атганд ороод дууссан. Одоо ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах тарлагаа хийх гэнэ. Ойр зайд огцом хурдаар шалгаруулна. Шинээр бүрдүүлсэн ҮБХ-ныхоо гуравны хоёрын жолоог залж суугаа С.Эрдэнэд ядах зүйл үгүй. Гэхдээ шинэ дарга аймаг, дүүргийн намын хороодын хурлаар хэслээ. Ганц хоногийн дотор “нэмсэн” 170 мянган шинэ гишүүндээ бараагаа харуулах, сунгаанаар тал алдсан хууччуулаа аргадах ажил түүнд байсан. С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа “ардчилсан зарчим” баримтлана гэсэн ч мөнөөх ардчилал нь 1.6 тэрбум төгрөгийн ханштай. Асар их үнээр олдох “ардчилал”-ын буяныг хэн хүртэх нь бараг тодорхой болчихоод байна.

БУЖИГНААН ДУНДААС БУЛАНД

С.Эрдэнэ “АН-ын гишүүн хэн ч ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ гаргаж болно” гэдэг ардчилсан зөвшөөрөл өгчээ. Горилогсдын нэрс ч хөвөрлөө... Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Баабар, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Дарь.Сүхбаатар... Хэдий олон хүний нэр тодорно С.Эрдэнэ товлосон хүнээ гаргаж ирэхэд хялбар болно. Адаглаад л мөнгөний босго тогтоох “зайлшгүй шаардлага” гарлаа. Авчиг дэнчингээ төлөөд нэрээ дэвшүүлэх хүн захаас аван бий. Ямартаа ч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Л.Болд нар бусдаасаа түрүүнд бүртгүүлжээ. Эцсийн дүндээ энэ хоёр горилогч тунаж үлдэн “өрсөлдөж” нэг нь цаашаа яваасай билээ гэдэг хүсэл АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд давамгайлж байна.

“ЭРДЭНЭТ"-ИЙГ ТОЙРСОН ТОГЛОЛТ

УИХ-ын сонгуулиар гарч ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь Ерөнхийлөгчийн сонгуулийг шийдэх цорын ганц түлхүүр. “Эрдэнэт” энэ сонгуульд өөрт нь хамгийн чухал хөзөр гэдгийг тооцсон УИХ-ын дарга М.Энхболд эрх мэдлээрээ далайлган түүнийг “булааж” авсан. АН-ын дарга С.Эрдэнэ “Монголын зэс” компанийн худалдаж авсан гэх хувийг УИХ-аар төрд шилжүүлснийг анхнаас нь л эсэргүүцсэн. Дөчин есөн хувийн ард удахгүй юу нь ч гозойж мэдэх Ц.Элбэгдорж бий. АН-ынхан УИХ-д есөн суудалтай ч “Эрдэнэт” үйлдвэрт 49 хувьтай. Тиймээс М.Энхболд энэ даваанд аварга шиг зөөлчилж ам авах эрхтэй. АН-ын дарга С.Эрдэнэ М.Энхболдын хүссэн хувилбараар өрсөлдөгчийг нь “тодруулж” өгвөл “Эрдэнэт”-ийн асуудлыг нь эргэж харна. “Эрдэнэт”-ийн хараал хүрсэн 49 хувийг “хууль зөрчиж” худалдаж авсан. Дараа нь “хууль зөрчиж” хураасан. Тиймээс талууд хэн хэндээ ашигтай хууль бус тохироо хийхэд бэлэн байгаа.

ҮЙЛ НЬ БОЛОВСОРЧИХСОН ГОРИЛОГЧИД

Горилогсдын зарим нь Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “шоронгоос зугатаж” явааг бид бэлээхэн мэднэ. АН-ын горилогсод дотроос Х.Баттулга олонхын санал авах магадлалтай. Гэхдээ М.Энхболд түмний хайртай бөхтэй уралдахгүй. Уяач хүнд ч бас ухаан бий. Тарлагааны төгсгөлд Х.Баттулга нэг горилогчтой үлдэж Их хурал дээрээ нэрээ татах биз. Х.Баттулга эхлээд үүнийгээ Ц.Элбэгдоржтой, дараа нь М.Энхболдтой тохирчиход төмөр замаар Хятадын танк орж ирдэг үлгэрийг нь бид “мартах” давхар баталгаа болно. Х.Баттулга бөх хүн учир хэрэгтэй үед нь хэвтээд өгөхөө мэднэ. Гэхдээ Ц.Элбэгдорж ганц модтой суухыг хүсээгүй байх. “Эрдэнэт” үйлдвэрийн “үр шим”-ийг хүртэгсдийн манлай Д.Дорлигжавыг “сойжээ”. Найдлага муутай ч Ц.Элбэгдоржид нөөц мод илүүдэхгүй. Харин Д.Дорлигжав Ерөнхий прокурор байхдаа шидийг олоод нисэх шахсан ч Прокурорын дэргэдэх мөрдөнгөө “хураалгасан”. Хуулийн байгууллагын амтанд орчихсон тул хүчээр Хууль зүйн сайд болж байлаа. Одоо Д.Дорлигжавын ерөнхийлөгч болох хорхой нь хөдөлчихсөн яваа харагдана. Харамсалтай нь түүнд тийм тавилан үгүй буюу. Р.Амаржаргал эцсийн бүлэгт нэг горилогч (таамгаар Х.Баттулга)-тэй тунана. Ингээд М.Энхболдын аманд очих юм. Гэхдээ “Ховдын Зэрэгийн хүүхдүүд дараалж Монголын төрийг тэргүүлэх юм уу?” гэдэг ганцхан асуултад л годройтоод өгнө. 
   
ХАТААГДСАН БОЛД

Нэр нүүрээ барж, улс төрийн наймаанд бэлэн яваа АН-ын горилогсод дунд ганц гялтайх нь Л.Болд. Адаглаад “Эрдэнэт”-ийг тойрсон наймаанд ард түмний талд зогсож байгаа. Үйлдвэрийн дөчин есөн хувийг иргэддээ хувьцаа болгоод тараая гэдэг санал гаргасан. Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, Ардын Их Хурал, Улсын Бага Хуралд сууж Үндсэн хууль батлалцсан хүн АН-ын нэр дэвшигчид дунд түүнээс өөр алга. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг аваад үзсэн ч Л.Болдын туршлага бусдаасаа илүү. 2008-2012 онд Батлан хамгаалахын сайд байлаа. Түүний жилүүдэд монгол цэрэг дэлхийн цэрэг болоод зосгохгүй олон зуун дайчин байр сууцанд оржээ. 2012 оноос Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан. Энэ хугацаанд хоёр хөршийнхөө тэргүүнийг зэрэг шахам урьж “Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийн эхийг тавьсан байдаг. Ардчилсан хувьсгалын галыг асаалцаж өнөөг хүртэл нүүрээ бараагүй яваа Л.Болдыг АН-ынхан гаргаад ирвэл намынх нь унасан нэр хүнд жаахан ч болов сэргэнэ. Жирийн гишүүд, дэмжигч нарт нь “Энэ нам мөхөхгүй” гэдэг итгэл лавтай төрнө. МАН-ын нэр дэвшигч М.Энхболдод тахимаа өгөх шалтгаан түүнд үгүй. Л.Болд улстөрийн амьдралд хатаагдсан.