Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй.

Нэг л намтай, нэг намаас нэг хүн дэвшээд, нэг л нэр саналын хуудсанд бичигдээд  тэрийг нь нэгэн дуугаар сонгодог тоталитар дэглэмээс баяр хөөртэйгээр салж байсан мөчийг бид өчигдөрхөн мэт тодхон  санацгааж буй. Гэхдээ тэр өдөр бид “Хорин хэдхэн жилийн дараа нэг толгойлогчийг тойрон хүрээлсэн бүлэглэлийн гарт намын эрх мэдэл бүрэн орно” гэж төсөөлөөгүй. Бид тайван замаар дарангуйллийн дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтоц руугаа буцаж явна.

Ийм учраас ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөгчид болон ялагчийг тодруулах төдий үйл явдал биш! Монгол төрийн ардчилсан тогтолцоо, түүнийг голлон тээгчийн нэг АН-д тулгарч байгаа том сорилт болж байна. Энэ сорилт бидэнд намаа аврах, тэгснээр үндэстнээ аврах боломж нээж байгаа юм. Нүдээ нээж харцгаа,

Ялагдахаасаа өмнө ялагдсан нам

Манай нам УИХ-ын ээлжит сонгуулиас хавьгүй өмнө ялагдчихсан байсан юм. Ардчиллын зарчим алдагдаж эхэлсэн тэр цагаас л ардчилсан тогтолцоо ялагдаж эхэлдэг.

Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэхдээ эхлээд нам дотроо нийт намын гишүүдийн оролцоотой сунгаа явуулна гэсэн ам тангараг худлаа болсон нь хамгийн сүүлийн жишээ. Сая намын дотоод сонгуулиар тодорсон 380 хүн одоо энэ шийдвэрийг гаргах болов уу. Нам дотрох нэр дэвшилт 5-р сарын 2-7 хооронд болох учиртай. Намын нэр дэвшүүлэлт будилаантай болбол эхлээд хэн нэг нь гомдол гаргах учиртай. Гэхдээ Цагдаагийн байгууллагад. Цагдаа ирж шалгаад үнэхээр хулхи болсон гэж үзвэл Шүүхэд шилжүүлнэ. Шүүх үнэхээр тийм байна гэж үзвэл хулхидагчид заргалдан дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж болно. Ийнхүү гурван шатны шүүх болоод цагдаагаар 14 хоногийн дотор гялалзуулаад анхлан нэхэмжлэл гаргагчид заргаа авч чадах юм бол нам дотрох нэр дэвшилтийг дахиж болно. Энэ хугацаандаа  багтахгүй бол тэгээд хохь нь. Хууль нь ийм юм билээ.
           
Бүх төрлийн сонгууль нэг талаасаа бизнис, нөгөө талаасаа луйвар болоод удаж байна. Өнгөрсөн гучаад жилд энэ нь Далай ламын шившлэгтэй гэх шүдэнз тараахаас эхэлж байсан бол одоо эцсийн үр дүн нь эхнээсээ хуйвалдан тохирогчдод тодорхой байдаг өгч авалцдаг сүлжээний бизнис болтлоо төгөлдөршжээ. Үүнд олон арга бий. Жишээ болгоход өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг маш амархан шилж авсан. Намын дээд шийдвэр гаргадаг Үндэсний зөвлөлдөх хороо гэж байна. Тэднийг нэр дэвшүүлэх хуулийн сүүлчийн өдөр орой 5 цагт хуралтай гэж цуглуулсан. Дарга нар нь 11 цаг 30 минутад танхимд орж ирлээ. Хуулийн хугацаа дуусахад ердөө 30 минут үлджээ. Дарга нар 76 тойрогт нэр дэвших хүмүүсийн жагсаалт уншаад “Одоо ямар ч хугацаа үлдээгүй, үүнийг шууд жагсаалтаар батлахгүй бол манай нам сонгуульд орж чадахгүй боллоо”. Ингээд л болоо.
           
Энэ хавар намын даргын сонгуульт сунгаа боллоо. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл болно, хүн бүр 1200 төгрөг тушаах ёстой гэсэн шийдвэр тэд гаргав. Заралсан хугацаа дуусахад ердөө 17 мянган хүн бүртгүүлжээ. Тэгэнгүүт намын данс руу эзэнгүй 40 сая төгрөг ороод ирэх нь тэр. Энэ мөнгөнд таарах 30 мянган хүнийг гэрээс нь, гудамжнаас, траншейнаас, бэлчээрээс гялс олж ирсэн. Ингээд л болоо, нам гишүүдээсээ 30 хувийн санал авсан фюрэртэй боллоо.
           
Сая намын дотоод сонгууль боллоо. Үндэсний бодлогын хороо гэсэн шинэ нэртэй болсон хуралд 380 хүн гишүүнээр тодрох ёстой аж. Нэр дэвшигч төдий олон байгаагүй юм уу, зориуд хааж боосон юм уу, ихэнх тойрогт нэг суудалд нэг нэр дэвшигч. Томилгоо л юм даа, үхснийх нь сонголт байхав. Харин тодорхой хүмүүсийг шахахаар шийджээ. Баярцогтын тойрогт 8 хүн шахав. Надад 10, түүний дотор гурвын гурван Батбаяр.
   
Одоо намаас Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлэхдээ яах вэ? Яаж ч магадгүй. Мөнгөөр шахах арга байна. Нэр дэвшвэл мөнгө өг. Ийм практик АН-д өнгөрсөн өвлөөс гэнэт нэвтэрсэн. Бүр дээр нь дэнчин ч гэх шиг нэмэлт мөнгө шаарддаг болсон. Ирээдүйн байр суурийг урьдчилан зарж байгаа л ухаантай юм болов уу даа. Түрүүний цуглуулсан мөнгөө намын байгууллагуудад эргүүлж тараалгүй хав дарчихсан. Гишүүдээс утсаар санал аван урьдчилан нэр тодруулах нэг арга байна. Намын төв аппаратаас гишүүдээс утсаар асуун нэр дэвшигчийн тодруулах явуулга хийгээд эхэлсэн. Голдуу 9412... гэх мэт гэмгүй утаснаас. “АН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг та дэмжиж байна, гэхдээ ганцхан нэр хэлнэ шүү”. Дүнгээ нэгтгээд намын толгойд гарсан хэдээс 1-2 нэр ҮБХ-д оруулж ирэн тулгах. Өөрийн талын биш хүмүүсийг жагсаалтаас урьдчилан хасах арга байна. Толгойлогчдод таалагдаагүй хүмүүсийг гүтгэн шинэ шуугиан үүсгэж, ёс зүйд таарахгүй, эсвэл намын гишүүдээс дэмжлэг авахгүй нь нэгэнт тодорхой болсон гэх мэтээр урьдчилан хасах. Мөн “Намын бодлого” гэж тодорхой нэрийг гишүүдэд тулгадаг өөр нэг арга байна.  Нам бол улс төрийн нээлттэй олон нийтийн байгууллага. Намын бодлого нь гишүүдийн оролцоо идэвхи санал хүсэлт дээр буй болдог болохоос дээр нь гараад зайдалчихсан хэдэн луйварчдын хүсэл мөрөөдөл бишсэн. Намын шугамаар тараах албан тоот, нууц болон ил даалгавар тулгалтаар энэхүү “намын бодлого” гэдгээ бүхий л анхан болон дунд шатны удирдлагад явуулан доод гишүүдээ захирахыг даалгадаг.

Томилсон хүнээ батлуулах тоглоом

Монголын улсын тав дахь Ерөнхийлөгч болох учиртай “А” ( нэр нь битүүлэг нэгэн гэе) жил гаруйн өмнө тодорхой болсон гэдэг. Улстөр-бизнесийн хамгийн том бүлэглэлийн зөвшлөөс тодорсон хүний нэрийг бид мэдэж чадаа ч үгүй байна. Зөвшилд хүрсэн үеийг нь бол барагцаалж болно. Учир нь түүнтэй өрсөлдөж болох  нөлөө бүхий улс төрчдийг жил гаруйн өмнөөс шившиглэх ажил эхэлсэн. Хамгийн түрүүнд АН-ын С.Баярцогт энэ цэвэрлэгээнд өртөн шившиглэгдсэн ба араас нь Э.Бат-үүлийг оруулсон. Улмаар МАН-ын лидерүүд болох С.Баяр, Сү.Батболд “түмний шившиг болов”. Саяхнаас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын нэр шившигийн багананд хадагдлаа. Энэ мэтийн булхай арга аль ч намд хэрэглэгдсээр байгаа. Хэнийг сонгох тухай ярихын оронд хэнийг сонгуулахгүй байхыг тодорхойлсон энэ ажлын хүрээнд АН-д хэнээр даргалуулах, дараа нь яаж шившиглэх ажил ч багтсан гэсэн дүгнэлт ч байгаа

Хэдийгээр жил ирэх тутам улам боловсронгуй болон засвар орсоор байгаа боловч олон жил хэрэглэсэн сонгодог арга бол гар өргөж шийдвэр гаргах ҮЗХ-ы (одоо шинэ нэр нь ҮБХ) гишүүдийг багцлах арга юм. Фракц бүлэглэлийн толгойлогчид “миний багцанд төдөн хүн байгаа” гэдгээрээ хоорондоо өрсөлдөнө. Багцанд багтагчид нэр ус ч байхгүй. “Тэр аймгаас сонгогдсон энэ нөхөр чиний биш миний багц шүү” гэх мэтээр хоорондоо маргалдана. Хөөрхий тэр нэр ус ч үгүй “мань эр” тодорхой гишүүдийн итгэл авч сонгогдсоноо мартан хэдэн цаасны өгөө аваанд оосорлогдчихсон, цаана нь өөрөөр нь яаж тоглож доромжилж байгааг үл ухан дохио зангаагаар гар өргөнө. Уг нь өөрийг нь сонгосон олон түмнээс ямар бодлогыг дэмжиж, ямар шийдвэрийг эсэргүүцэхээ заалгаад тэднийгээ төлөөлөн санал өгөх ёстой хүмүүс шүү дээ.

Ийм багцалсан хурлыг би сүүлийн жилүүдэд олон харсан. Ганц АН биш шүү, Монголд бүртгэгдсэн бүхий л улс төрийн намууд ийм байдлаар “шийдвэр” гаргах болсон. Энэ нь уламжлагдан Монголын төр энэхүү “багцын” журмаар шийдвэр гаргана. Хэн том багцтай нь, эсвэл багцууд хоорондоо эвсэн аль нь хамгийн бүдүүрсэн нь энэ улсын бүхий л шийдвэрийг гаргана. Эндээс л хулгай дээрэм авилга шамшигдууллын шийдвэр их гардаг. Төрийн шийдвэрт хөндлөнгөөс хяналт тавих байгууллага бол хараат бус инстүүц болох Шүүх юм. Гэтэл Шүүх инстүүцийг дарамтлах, хахуульдах, зальдах, боомилох аргаар эрх баригчид өөрийн болгоход төрийн ардчилсан тогтолцоо нурдаг. Бие даасан Шүүх ноёлогч бүлэглэлийн гарт ороход бид төрөө алдана, улсаа алдана, ирээдүйгээ алдана.   

Хувьсгалт ололтыг хувьчлах санаархал

АН-ын шинэ толгойлогч саяхан “Би ардчилсан намыг чанга гараар удирдана” гэж мэдэгдлээ. Юу вэ, энэ чинь шорон биш шүү дээ. Улс төрийн нам бол сайн дураар орж гарч болдог нээлттэй, улс төрийн олон нийтийн байгууллага. Улс төрийн намыг чанга гараар удирддагддаг гэмт хэргийн бүлэглэл болгох гээд байнаа даа? Сүүлийн жилүүдэд Та бид бүгдээрээ үнэндээ улс төрийн намын ч бай, олон нийтийн байгууллагын ч бай, төрийн ч бай сонгуулийн хуйвалдаан, луйвар, үгслийг баталгаажуулан хууль ёсны болгож өгдөг хэрэгслэл боллоо.

АН-д (Ер нь бусад улс төрийн нам, ялангуяа МАН, АН хоёрт) одоо энэ тогтчихоод байгаа бузрын механизм удаан наслахгүй гэж би боддог. Эрхбиш чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоонд амьдраад бүтэн үе солигдохыг үзчихсэн, төрлөх зан чанараараа омог бардам эрх чөлөөсөг Монголын ард түмэн ийм тогтолцоог нурааж л таараа. Энэ бол би байсан ч байгаагүй ч заавал тохиох түүхэн процесс.
Бид сүүлийн арав хоногт түргэвчилсэн тандан судалгаа иргэдийн дунд явуулж үзлээ. Хамгийн магадлалтай ялагчаар миний нэр тодорч байна. Манай судалгааны баг сүүлийн 20 орчим жил сонгуулийн маш олон судлагаа хийж байсан туршлагатай. Тэгтлээ зөрж байсан нэг ч тохиолдол үгүй. “Хар хайрцагны программыг нь Баабар зохиосон учир дүн нь яг таарч байна” гэж хардагдаж ч байсан.

Улс орныг маань аалзны тор шиг бүрхсэн энэхүү мафижсан тогтолцоо надтай надгүй нурна. Юм жам ёсоороо л болно. Тэр цагт өнөөдөр мафи сүлжээний хамсрагч гэж нийгэмд хардагдаж байгаа та бүхэн, АН-ын гишүүд, тэднийг төлөөлсөн ҮБХ-ы гишүүд шударгаа байг гэхэд нэрээ цэвэр авч үлдэхийн тулд, хойч үеэрээ хараалгуулахгүйн тулд, бие даасан бодгал гэсэн хүн нэрээ авч үлдэхийн тулд багцанд багтан өөрийгөө гутаан доромжлуулахгүй гэдэгт найдаж байна. Арай ч дээ, эрхбиш!

Сонгууль бол сонголт төдийгүй цэвэрлэгээ

Асуудал би Ерөнхийлөгч болох үгүйд биш юм. Сонгууль болгон намд өөрийгээ үнэлж цэгнэх, өөрийгээ цэвэрлэх боломж өгдөг учраас би энэ тоглолтод орж байгаа юм. Ерөнхийлөгч болохоосоо илүү намынхаа дотоод ардчиллын дархлааг сэргээх үүргийг өөрөө өөртөө өгч буй. Ардчилсан хувьсгалаас хойш өөртөө авч үлдэж чадсан ёс суртахууны үнэт зүйлдээ найдан ийм шийдвэр гаргаж байгаа юм. Энэ үнэт зүйлийг маань сайн мэдэх намын гишүүд, хувьсгалын тугийг хамт өргөлцсөн нөхдүүд, ардчиллын ариун  суртлыг дээдэлсэн гишүүддээ итгэж байгаа юм. Энэ итгэлийг даах сэтгэл санааны тэнхээтэй байж, ёс суртахууны хэм хэмжээгээ дагаж чадахаа мэдэх учраас л энэ шийдлийг гаргаж байгаа юмаа.

Луйварчдын тоглоом болж буй энэ орны иргэдийг бушуухан тэднээс нь салгах хэрэгтэй байна. Энэ үйл хэрэгт удирдан оролцох хүсэл зориг надад байна гэх гэсэн юм. Над руу хичнээн гүтгэлэг, бохир заваан угаадас цацаад ч би цэврээрээ л үлдэнэ гэх гэсэн юм. Гучаад жилийн туршид таньж мэдэхийн учир Монголын ард түмэн намайг дэмжинэ гэдэгт итгэл төгс байна гэх гэсэн юм. Улс орныг луйварчдын удирдлагаас чөлөөлж чадна гэж манай ард түмэн надад найдаж байгаа гэх гэсэн юм. Луйварчин, хулгайч нараар толгойлуулсан сүлжээний голлох идэвхитнүүдээс урьдчилан тохиролцсон нэгийг нь улс орныхоо Ерөнхийлөгчөөр сонговол тэртээ тэргүй алсдаа нурах боловч өнөөдөртөө ноёлж улс орныг хоролсоор буй мафи бүлэглэлийн насыг л уртасгана шүү л гэх гэсэн юм. Монголын ард түмэн бид ардчилал нэрийн дор бүлэгжсэн дээрэмчид төрийн эрхийг хууль бусаар авахад нь урьдаас найруулсан сонгуульд нь орж луйварт нь тусалдаг, тэрийг нь хэм хэмжээ болгож өгдөг, хууль ёсны болгож харагдуулдаг хүүхэлдэй болчихоод байнаа гэдгийг хэлэх гэсэн юмаа.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монголын улс төрийн намуудын хувьд ч, Монгол төрийн хувьд ч том шалгуур болно. Бид үнэхээр шударгаар төрөө сонгож чадаж байна уу, бид эрх чөлөөт ард түмэн мөн үү, явж явж төрийн эрх ард түмний мэдэлд байна уу, манай нийгмийн баялаг бидний эрх өгсөн хүмүүсээр дамжин шударгаар хуваарлагдаж чадаж байна уу гэсэн өдгөө олонх хүнийг эргэлзээнд оруулчихаад байгаа асуултад дүн тавих болно. Намайг л сонговол шударга сонгууль болно гээгүй шүү. Доороос дээш хүртэл нэр дэвшиж байгааагаас авахуулаад эцсийн дүн гартлах сонгуулийн бүх процесс хэрхэн явагдахыг сайтар ажиглаарай. Сонгууль нэрээр Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулж, хуульд заасны дагуу иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлцгээе. Чухам ингэж байж бид ардчилсан тогтолцоот, чөлөөт, бат бэх, шийдвэрлэг төр улсыг цогцлоож чадна.

Сонгууль бол ямар нам засгийн эрх барихыг сонгодог төдий зүйл биш. Ямар нам засгийн эрх барих хэрэггүйг хэлж өгдөг. Улмаар ямар нам байгаад ч нэмэргүйг тодорхойлж, түүхийн хог руу шиддэг гэдгийг л бид санах ёстой.

2017.4.16