Н.Туяа: Нийгэмдээ цаг үргэлж “мэдээллийн хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж, түүн дээрээ дөрөөлдөг “соёл”-ыг энэ УИХ, Засгийн газар хэвшүүлж байна


“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн, эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.

-Танай ТББ-аас УИХ, Засгийн газарт их тодорхой 6 зүйл бүхий шаардлага тавьсан. Шаардлагуудыг харахад нэг талаас хэрэгжүүлэх арга зам нь их тодорхой юм шиг мөртлөө хэн ч гаргаж ярьж байгаагүй сэдвүүд байсан.  Ялангуяа газрын үнэлгээ, дуудлага худалдааны тухайд?

-Загасчны тосгоныг хэдхэн жилийн дотор Азийн бар болгож чадсан Сингапурын удирдагч Ли Куан Ю дурдатгалдаа “Улс орны аюулгүй байдал, ард иргэдийн итгэлд цав суугаагүй цагт яаж ийж байгаад эдийн засгаа өндийлгөж чадна гэж итгэж байсан” гэж бичсэн. Жинхэнэ удирдагч хүн ард түмний итгэлийг тусгаар тогтнол, аюулгүй байдалтай эн зэрэгцүүлэн эрхэмлэж байна. Харамсалтай нь, хуулийг бүх нийтээрээ дагаж мөрдөх, тэр тусмаа Засгийн газар, албан тушаалтнууд нь манлайлах үүрэгтэй, тэгж чадна гэдэг итгэл үнэмшил Монголын нийгэмд байхгүй болж. Бид Засгийн газрыг үйл ажиллагааг эсэргүүцэхийн тулд л эсэргүүцээд байгаа юм биш. Манайд төсөв мөнгөний бодлого, нийтийн баялгийн менежмент, засаглалын зарчим маш их гажуудалд орсон. Хууль хэрэгжүүлэхгүй байх явдал дээгүүрээ бүр “төрийн өв уламжлал, соёл” болтлоо бугшсанаас өнөөдрийн хүндрэл үүссэн гэж боддог. Бидний тавьсан шаардлага дотор сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, судалгаа үндэслэгээгүй зүйл нэг ч байхгүй. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж орлогыг нь төсөвт төвлөрүүлэх ёстой. Хорин жил царцаасан газрын үнэлгээг индексжүүлж газрын төлбөрийг бодитой болгоод, лиценз зөвшөөрлийг даргын гарын үсгээр ханцуйн дотроо наймаалцдагийг зогсоож, олон улсын нийтлэг жишгээр дуудлага худалдаагаар олгох юм бол төсвийн орлого ч нэмэгдэнэ.

-Газрын тухай хууль 2002 онд батлагдсан байтал хуулийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлээгүй шалтгаан юу байв?

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2002 онд батлагдсан. Түүнээс хойш 15 жилийн хугацаанд уг хуулийн эрх мэдэлтнүүдэд хамаатай заалтуудыг тэр чигт нь зөрчиж явсаар өдий хүрлээ. Газар бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, монгол хүн бүрийн эрх ашиг учраас Газрын тухай хуулийг иргэн бүр судлаасай, тэр тусмаа 33 дугаар зүйлийг хүн бүр цээжлээсэй. Эрхээ мэдэж байж хамгаална, даргын үүргийг мэдэж байж сануулна, хариуцлага нэхнэ. Уг хуулиар бизнесийн зориулалтаар эзэмших газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж төсөвт орлогыг нь төвлөрүүлнэ гээд ямар ч салаа утгагүйгээр цагаан дээр хараар бичсэн байгаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд ордны зүүн талын хэвлэлийн үйлдвэрийн газар дуулиан шуугиантайгаар 24 тэрбум хүртэл дуудагдсанаас өөр дуудлага худалдаа явагдсаныг нийслэлийн иргэд лав дуулаагүй. Орон нутагт ч байдал яг адилхан. Үр дүнд нь төлөвлөлтгүй хот, ядарсан төсөв, хохирч бухимдсан нийгэмтэй боллоо. Энэ хууль хэрэгжихгүй байх бодитой шалтгаан огт байхгүй. Хэрэгжүүлэхэд технологи хэрэггүй, хөрөнгө мөнгө шаардахгүй, ганцхан эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхол, хариуцлага л дутсан. Нийслэлийн хувьд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг даргын ажилд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг иргэдийнхөө өмнөөс шаардах эрхтэй хамгийн гол субьект. Газрын төлбөр орон нутгийн төсвийн гол эх үүсвэр, орон нутагт хамгийн үнэтэй хөрөнгө нь газар байдаг. Тэгэхээр орон нутгийн удирдлага газрын асуудал дээр онцгой анхаарах ёстой.

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй талаар танай шаардлагад орсон байна лээ. Өмнөх УИХ уг хуульд өөрчлөлт оруулах үед санал бодлоо тусгаж болоогүй юм уу?

-Ашигт малтмалын тухай хуулинд маш олон удаа өөрчлөлт орсон байдаг, хамгийн сүүлд 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Манай хүрээлэн 2015 онд хөгжлийн бодлогын асуудлаар судалгаа хийх, бодлогын хувилбар боловсруулж нийгэмд санал болгох, төрийн бодлогод иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг тууштай дэвшүүлэн тавьж улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогоо энэ үзэл баримтлалд нийцүүлэхийг чармайх болсон. Тогтвортой хөгжлийн гол концепци нь “хөгжил хүртээмжтэй байх ёстой” гэсэн үзэл санаа. Хүртээмжтэй хөгжил гэдгийг  энгийнээр “хөгжлөөс хэн ч хоцрох ёсгүй”  гэж тайлж ойлгож болно. Улс орны эдийн засаг өсч  байвал иргэн бүрийн амьдрал жигд сайжирч байх ёстой гэсэн үг. Гэтэл манайд энэ зүй тогтол үйлчлэхгүй байгаа нь албан ёсны статистикаас төдийгүй бодит амьдралаас харагддаг. Бид Монголын өнөөдрийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын судалгаандаа үндэслэж зайлшгүй хэрэгжүүлэх таван үндсэн шаардлага тавьсны нэг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг даргын гарын үсгээр олгодог байдлыг зогсоох, зах зээлийн зарчимд нийцүүлж, ил тод дуудлага худалдааны зарчимд шилжүүлэх шаардлага юм.

-Өнөөдөр яг ямар журмаар лицензийг олгож байна?

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар гэсэн хоёр аргаар л олгож байна. Төрийн албаны ёс зүй, хуулийн хэрэгжилт ийм сул байгаа нөхцөлд сонгон шалгаруулалтын арга гэдэг нь бас л авлигын үүд хаалга болсон. Олон улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг дуудлага худалдааны аргыг хуулиндаа яагаад ч юм оруулж өгөөгүй. Орчин цагт биет өмчөөс илүү биет бус өмч болох эрх буюу лиценз асар үнэ цэнэтэй хөрөнгө болсон. Биет хөрөнгө цаг хугацааны эрхээр элэгдэж хорогдож үнэ цэнэ нь буурч байдаг бол эрх, ялангуяа хязгаарлагдмал нөөцийг ашиглах эрхийн үнэ цэнэ зах зээл дээр үргэлж өсч, ховордож байдаг онцгой өмч. Ийм эрх нь  эзэмшигчдээ зах зээлийн маш том давуу тал, үнэ цэнийг бий болгож байдаг учраас түүний төлөө бизнесийнхэн төдийгүй үндэстнүүдийн хооронд асар хүчтэй өрсөлдөөн явагдаж байна. Гэтэл бид ийм үнэ цэнтэй өмчийн эрхээ  зүгээр л “Өргөдөл гаргасанд нь үнэ төлбөргүй олгоно” гэсэн хуультай сууж байгаа нь даргын гарын үсгийг үнэд хүргэж, нийтийн эрх ашиг хохирох үндэс болж байна.

Хөгжсөн улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн, томоохон компаниудын хөрөнгө орлогын эх үүсвэрт оюуны өмч, эрхийн эзлэх хувь, гүйцэтгэх үүрэг жил ирэх тусам өсч зонхилох болсон. Тиймээс “Эрх бол маш чухал өмч юм” гэдгийг Монголын төр ойлгож хуулиндаа нэн даруй суулгаж өгөх шаардлагатай байна. Тэр тусмаа төр буюу ард түмэн үнэ хүргэж болох бараг цорын ганц өмч бол нийтийн өмчид суурилсан төрөл бүрийн эрх юм шүү дээ. Өмчийн амин сүнс болсон энэ концепцийг хуулиндаа суулгаж өгөөгүйгээс асар үнэ цэнэтэй нийтийн өмчийн эрхийг мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд, тэдний хамсаатнууд зүгээр л гарын үсгээр хэдэн зуугаар нь авч цааш дэлхийн зах зээл дээр дамлан худалдаж, нөгөө талд өмчийн эзэн болсон ард түмэн хоосон хоцорч байгаагийн амьд жишээ бид өөрсдөө. Өмч нь ард түмнийх юм бол энэ их орлого цөөн хүний халаасанд биш улсын төсөвт орж нийгмийн сайн сайханд зарцуулагдах ёстой биз дээ. Эрхийг хоёрдогч зах зээл дээр борлуулах, шилжүүлэх ажиллагаа бол бизнесийн хэвийн харилцаа. Харин манай татварын алба лицензийн наймааны асар их орлогыг татварт хамруулж чадахгүй байна. Судлаад үзэхээр хуулиндаа татвар тооцох суурь зарчмаа огт тодорхойлохгүй цоорхой үүсгээд хаячихсан. Олон улсад жишиг болсон кадастрын үнэлгээ, татварын суурь үнэлгээ гэсэн зохицуулалтыг өнөө болтол манай татварын алба нэвтрүүлэхгүй байгаа нь “дургүйд хүчгүй” болчихоод байна. Бүхэл бүтэн үндэсний хэмжээний татварын алба шүү дээ.

-НДШ-ийг нэмэгдүүлснээр ажлын байр хомсдох, нөгөө талаас шимтгэл төлөлт буурах байдал үүсэх үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч иргэн хоёулаа төлдөг. Одоо нийтдээ цалингийн 21-23 хувиар төлж байгаа. Үүнийг ажил олгогч 15,5 хувь, ажилтан 12,5 хувиар төлөхөөр, нийтдээ 5 хувиар нэмэгдүүлж 28 хувьд хүргэхээр хуулийн төсөл өргөн барьжээ гэж ойлгосон. 2017 оны төсвийн тооцооллоор 46 мянган аж ахуйн нэгжийн 800 гаран мянган ажилтан албан журмын  даатгалд хамрагдахаар байна. Дээр нь сайн дурын даатгуулагчид нэмэгдээд сая гаран иргэн, нийт бизнес эрхлэгчдийн асуудал учраас маш болгоомжтой, тооцоотой хандах  ёстой. Ажиллах хүчний зардал өндөр байх нь компаниудын шинээр ажлын байр бий болгох, цалингаа нэмэгдүүлэх боломжийг нь хумих нь ойлгомжтой. Эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөлд бизнесийн зардлыг өсгөх биш бууруулж, ажил эрхлэлтийг бодлогоор дэмжих ёстой юм. Ингэж байж ажлын байр нэмэгддэггүй юм гэхэд хадгалагдана, нийгэм тогтвортой байна.

Нөгөө талаас шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа хэрнээ тэтгэврийн насыг хойшлуулж байгаа  нь нийгмийн даатгалд итгэх даатгуулагчдын итгэлийг асар ихээр бууруулж байна. Энэ бол төр давуу эрхээ ашиглаж даатгуулагчиддаа “давхар мэх” хэрэглэж хохироож байгаа хэрэг. Даатгалын хураамж буюу үйлчилгээний үнэ өсөх хэрнээ ирээдүйд үйлчилгээ авах магадлал нь буурчихаж байна. Төлбөр өндөр болох тусам үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх зүй тогтолтой байтал үүний эсрэг арга хэмжээ болж байгаа учраас даатгуулагчид үүнийг хүлээж авах боломжгүй. Татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх нь төлөвшиж ядаж байгаа тайлагналын соёлд сөргөөр нөлөөлдгийг мартаж болохгүй.

-НДШ-ийг нэмэх болсон нь НДС-д тавьсан төсвийн өрийг хаахын тулд юм биш үү?

-Нийгмийн даатгалын санд улсын төсөв олон жил хуримтлагдсан өртэй. Энэ өрнөөс үүдэлтэй алдагдлыг нөхөхийн тулд одоо даатгал төлж байгаа иргэдийн нуруун дээр ачаа нэмж, асуудлаа шийдэх гэж оролдож байгаа нь шударга бус. Үүний оронд нийгмийн даатгалын санг төсвөөс тусгаарлаж, бие дааж үр ашигтай ажиллах боломж олгох нь хамгийн зөв шударга шийдэл болно. Нөгөө талаар ажлын байр хумигдаж ажилгүйдэл улам нэмэгдвэл үүсэх нийгмийн  сөрөг үр дагавруудыг Засгийн газар тооцож үзсэн юм уу? Сөрөг нөлөөллийг нь бууруулахын тулд ямар хариу арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм, эцэст нь ийм арга хэмжээ авснаар нийгэмд ямар үр ашиг авчрах юм? гэх мэтчилэн тодорхойгүй асуултууд маш их байна. Засгийн газар бол ашгийн төлөө явдаг бизнесийн байгууллага биш шүү дээ. Гэтэл Засгийн газар зардлаа задгай тавьж, орлогын хойноос хэт хөөцөлдсөн харалган бодлого явуулж нийгмээ улам бүр хямралд оруулах эрсдэлтэй алхам хийж байна.

-Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр нөгөө талд шинээр ажил хөдөлмөр эрхлэх, залуучуудын ажлын байр дутагдалтай болно гэж эсэргүүцэх хүмүүс байна. Ажил эрхэлж байгаа хүмүүсийн насны харьцааг авч үзсэн судалгаа байдаг уу?

-Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2016 оны 4 дүгээр улиралд ажилгүй байсан 107 мянган иргэний  68,9 хувь нь 20-39 насны залуучууд, 62,8 хувь нь дээд болон техникийн тусгай мэргэжилтэй байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй. Тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр залуучуудынхаа хөдөлмөр эрхлэх боломжийг улам хумина гэсэн шүүмжлэл бодитой гэдгийг дээрхи статистик нотолж байна. Угаасаа цөөн хүн амтай улсын хувьд бүтээмжийн асуудал маш чухал. Бид идэр залуу, эрч хүчтэй, боловсролтой залуу үеэ ажиллах боломжоор хангаж чадахгүй байгаа нь маш их нөөц алдаж байна гэсэн үг. Монгол хүний дундаж наслалт 69, эрэгтэй 66 байхад яаж ч бодоод тэтгэврийн босго нас 65 байх боломжгүй. Эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах орчны нөлөө ч сайнгүй байна. Дундаж наслалтаа бодсон ч, залуучуудын ажил эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийнхээ бүтээмжийг бодсон ч тэтгэврийн насыг нэмэх нь цагаа олоогүй буруу шийдвэр. Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа дээрхи мэтчилэн нийгэм эдийн засгийн бүхий л хүчин зүйл, нөлөөллийг судалж байж шийдэх ёстой болохоос биш зөвхөн төсөв мөнгөний асуудал гэж харж шийдэж байгаа нь хэтэрхий харалган хэрэг.

-Газрын үнэлгээнээс болж хамгийн багадаа 600 тэрбум төгрөгийг жилд алдаж байна гэсэн. Гэтэл иргэд бол энэ татварыг шууд бус утгаар төлөөд л явж байгаа шүү дээ. Барилга, орон сууцны хөөсөрсөн үнээс авахуулаад. Үүнийг яаж хууль ёсны, зөв голдрил руу нь оруулах вэ?

-Нийтийн төсөв санхүү сонирхдог судлаачийн хувиар сүүлийн жилүүдэд нийтийн өмч, түүний дотор газар, үл хөдлөх хөрөнгийн татварын бодлого зохицуулалт олон улсын түвшинд ямар байдгийг өөрийнхтэйгээ харьцуулж бага сага судалж үзсэн. Одоо мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль тийм муу хууль биш. Харин хэрэгжүүлэхдээ зориудаар гуйвуулж ач холбогдлыг нь үгүй хийжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хуулинд дуудлагаар худалдана гэж зохицуулсан байхад Улаанбаатар хотын газрыг гарын үсгээр өгөөд дууссан. Газрын төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаа боловч 1997 онд анх Энхсайханы Засгийн газрын тогтоосон суурь үнэлгээг огт шинэчлэлгүй 20 жил царцаасан. Хуулинд газрын төлбөрийн суурь зохицуулалтуудыг хийж, үнэлгээг Засгийн газар тогтоож байхаар хуульчилсан. Гэтэл заавал индексжүүлэх нөхцөл хязгаарыг зааж өгөөгүй нь шалтаг болж дараа дараагийн Засгийн газрууд зах зээлийн дундаж үнийн индекстэй уялдуулж шинэчлэн тогтоож байх үүргээ зориуд “мартсан”. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянгаас 240 мянга болж 20 дахин, улсын төсвийн орлого 200 тэрбумаас 6 их наяд болж 30 дахин нэмэгдчихээд байхад газрын үнэлгээ 1997 оныхоороо мөрдөгдөж, тэр үнэлгээнээс дуудлага худалдааны анхны үнэ, газрын төлбөр, эрх борлуулсны орлогын албан татвар гэх мэт төсвийн орлогууд тооцогдож байна. Эндээс хамгийн багадаа жилд 600 тэрбум, бүр цаашлаад их наядаар хэмжигдэх орлого олох боломжийг алдсаар байна.

Газар болон байгалийн баялаг бол онцгой өмч учраас түүнтэй холбоотой санхүү татварын бодлого нь бусад төрлийн татвараас тэс өөр үзэл баримтлалд суурилдаг. Өнөөдрийн болон ирээдүйн нийт иргэд тэгш эрхтэйгээр үр шимийг нь хүртэх ёстой байгалаас заяасан ард түмний өмч учраас хүний хүчин зүйлээр бүтээсэн баялгаас ахиу өгөөжийг нийгэмдээ өгөх ёстой гэсэн үзэл санааг шингээсэн байдаг. Энэ утгаараа улс орнууд, ялангуяа том хотууд газартаа түшиглэж хөгждөг, нийт төсвийнхөө 20-50 хувийг газартай холбоотой татвар хураамжаас олдог. Харин Монгол Улсын хувьд 2014 оны төсвийн гүйцэтгэлээр газрын төлбөрөөс 64 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь  төсвийн орлогын 1,0 хувьтай тэнцэж байх жишээтэй. Хэрвээ газрын үнэлгээг бид зохих ёсоор нь индексжүүлээд явсан бол төсвийн өсөлтийн дунджаар тооцоход 2017 оны төсвийн орлогын 30 хувьд хүрэх боломжтой. Тоогоор илэрхийлбэл 1,8 их наяд төгрөгийн орлого эндээс төсөвт орох боломжтой. Гэтэл энэ оны төсөвт мөн л нэг хувьтай хэвээр байна. Байдал ийм байхад Сангийн яам татвар нэмэх замаар иргэдийнхээ халааснаас 200 тэрбумын орлого олно гээд төсвийн тодотгол өргөн барьчихаад сууж байна. Хэрвээ газрын харилцааны салбар авлигагүй, хууль хэрэгждэг байсан бол, газраас төвлөрсөн тэр эх үүсвэрээр хотоо дэд бүтцээр хангаад өгчихсөн бол орон сууцны асуудлаа нийслэл аль хэдийн бүрэн шийдчих боломжтой байсан. Авлигын үнийг ард түмэн төлдөг гэдэг чинь энэ шүү дээ. Шууд бусаар авлигын үнийг ард түмэн төлөөд зогсохгүй алдагдсан боломжоороо хэдэн үеэрээ хохирдогт хамгийн том аюул нь байгаа юм.

-Төсвийн тодотгол батлагдах хүртэл танай ТББ мэдээж шаардлагынхаа араас явах байх. Гэвч шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?

-Бидний шаардлага бодитой, үндэслэлтэй учраас ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно. Мэдээж цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй. Эхний удаа бид төсвийн тодотголтой холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлагаа хүргүүллээ. Шаардлагыг ямар нэгэн хэмжээгээр хүлээн авах байх гэж найдаж байгаа. Яагаад гэвэл энэ хэдийгээр нэг талаас шаардлага боловч нөгөө талаас эрх баригчдад нийгмийн зүгээс өгч байгаа, амьдралаас урган гарсан бэлэн шийдэл, зөвлөмж шүү дээ. Шаардлагад дурдсан арга хэмжээнүүд УИХ, Засгийн газар, нийслэл орон нутгийн удирдлагын аль алиных нь түвшинд шийдэх асуудлууд байгаа учраас тус бүрд нь давхар хандаад хамтран ажиллах байдлаар ажил хэрэг болгох боломжтой. Төр нь иргэдийнхээ ашиг сонирхлыг умартаад цааш явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр ажил хэрэг болготол нь зогсохгүй, шаардсаар байх болно.

-Саяхан талбай дээр АТОЗ гэдэг байгууллагаас жагсаал цуглаан зохион байгуулсан. Иргэдийн хувьд 50 оффшорчийг яллах чухал уу, эсвэл 500 компани татвараа төлдөг, иргэд өөрсдөө ажлын байртай байх нь өнөөдөр чухал уу?

-Маш тодорхой асуудал бол Монголчууд чөлөөт нийгэмд ороод 20 гаруйхан жил болж байгаа, цэл залуу ардчилсан орны иргэд гэдэг нь юм юман дээр л харагддаг. Эрхээ хамгаалах, шаардах, хуулийн дор эрх тэгш амьдрах, бас хувийн хариуцлагаа үүрэх зэрэг олон асуудал дээр бид нийтээрээ балчирдаж байна. Түүн дундаа манай улстөрчид бүр ч их балчирдаж байна.  Саяхан нэг өдөр тутмын сонин дээр бичсэн байсан, бидний сэтгэлгээ ардчилсан нийгэмд балчирдаж байна гэж. Гэхдээ бид иргэдийг буруутгах эрх байхгүй. Төр гэж яагаад байдаг юм, төрд гарч ирсэн хүмүүс сайхан зүйл амлаад гарч ирдэг биз дээ. Тэд хуулийг чанд сахиж ажиллах үүрэгтэй. Иргэд хууль хэрэгжүүлээгүйгээс Монгол Улсад өнөөдрийн асуудлууд гараад ирсэн юм биш, эрх мэдэлтнүүд харанхуй бүдүүлэг, боловсроогүй байгаатай шууд холбоотой. Ард түмний итгэл гэдэг улс орны аюулгүй байдалтай дүйх хэмжээний чухал зүйл юм байна гэж дээр би хэлсэн. Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагахын тулд эдийн засаг дампуурлаа, валютын нөөцгүй боллоо, хоосорлоо гэх мэтээр иргэдийнхээ итгэлийг зориуд унагаж, түүн дээр дөрөөлөн баатар болох гэсэн элдэв жүжгүүдийг бид өдөр бүр үзэж байна.

Нийгэм, эдийн засаг гэдэг юм чинь мэдээлэл дээр суурилж шийдвэрээ гаргаж байдаг амьд систем юм шүү дээ. Гэтэл нийгмээ манлайлах үүрэгтэй улстөрчид нь нийгэм рүүгээ цаг үргэлж “мэдээллийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа” явуулж түүн дээрээ дөрөөлдөг “соёл”-ыг энэ Засгийн газар, УИХ хэвшүүлж байна.  Гэхдээ нөгөө талаас Монгол бол маш олон сайн өгөгдөлтэй, гайхамшигтай ирээдүйтэй улс. Бид өөрсдөө, монгол хүн өөрөө хөгжсөн цагт эдийн засгийн энэ асуудлууд, өнөөдрийн жижиг сажиг тэнэглэлүүд бүгд асуудал биш болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд ч бас амжилт хүсье!