Уран сайхны гэрэл зурагчин байна гэдэг бол
 гоо сайхны “хулгайч” байна л гэсэн үг.
 
Монгол Улсын төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан
 
Хоёр мянга арван дөрвөн онд би “Баатардах монтажны урлагийн тухайд ” нэртэй нэгэн шүүмж бичсэн бөгөөд харин одоо дахиад нэг хийцийн тухайд шүүмжлэх гэж үзье.

Энэ удаад найруулагч Б.Баатарыг урьж өөрөөс нь асууж тодруулаад саяхан цэргийн баяраар гарсан Батлан хамгаалахын сайд, даяар дурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнийн хөрөг дугаар дээр тогтож, задалж ярихаар шийдэв.

“Уран бүтээлч болохын тулд хүнд гурван чухал чанар хэрэгтэй. Энэ чанар бол уран сэтгэмж, тэсвэр хатуужил, нягт нямбай ажиллагаа гурав юм.” Энэ үг бол мөн л ДУДС “ын захирал байсан ардын зураач Д.Амгалан багшийн маань үргэлж сануулж захидаг байсан үг юм.

Одоо өгүүлэх гэж буй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хоёр жилийн турш зургийг нь авч тэсвэр хатуужил зааж хийсэн төдийгүй дундуур нь орж ирж буй шторк хэмээн телевизэд нэрлэдэг видео хөшиг дангаараа өөрөө богино хэмжээний киноны амьтай, уран сэтгэмж, нягт нямбай ажиллагааг тод харуулсан бүтээл байлаа.

Эхлээд видео хөшгийн тухай хэдэн үг хэлье.

Хэдийгээр 1 минут 47 секундын хооронд гарч өнгөрч байгаа ч дүрсээр, дуугаар, хөгжмөөр нийлж бүтсэн бүтээлийг үгээр тайлбарлан зураглах араггүй ч гэлээ …

…Эхлээд хуйларсан их үүлс уулсын тэртээгээс нааш хурдтай нүүж орж ирэхэд хонх, хэнгэрэг алсад нүргэж байснаа морин хуурын татлага түрэн орж ирээд морин хуурч үзэгдэх агаад яг хуурчийн араас нялх хүүхдийн уйлах дуун залгаж тоонот гэртээ нэгэн шинэ хүн мэндэлэхэд хуурын татлага улам уянгалан чангарч хүчтэй болж эзэн Чингис хааны онгон орших Бурхан Халдун уул цасан дундаас сүмбэрлэж, шонхор шувуун исгэрч сонстоод, тэртээ тэнгэрт нарны наахна шонхор шувуу дүүлэн үзэгдэх нь тэнгэр газрын дуулал эхлэж буй гэлтэй.

Түүний дараа Б.Бат –Эрдэнэ аварга лоовуузныхаа сорыг салхинд гялалзуулан үзэгч өөд эр зоригын шулуун харцаар харах агшинд шонхор шувуу түүний өлмийд мөсөн дээр дэвэн ирж газардах агаад яг араас нь Бурхан Халдуны өмнө дархан аварга маань хүчит шонхорын дэвэлтээр дэвж эхлэхэд аваргын өөдөөс шонхор шувуу мөн адил дэвэх нь тэр хоёроос огоот тэнгэр газарын амьтан энэ хорвоод үгүй мэт өгүүлэмж ажгуу.

Яг энэ дүрс, дууны араас дархан аваргын цолыг засуул нь уянгалуулан дуудаж эхлэх агаад алсад цас дарсан сүрлэг Бурхан Халдун уул дахин үзэгдээд дэлгэцнээ цэнхэр өнгөтэй арцны утаа савсуулсан сангийн бойпор аажуухан савлан орж ирээд агаарт зогсох ч эргэн тойрны байгаль нь харин намуухан хөдлөх ажээ.

Аваргын цолыг уянгалуулан дуудах үргэлжилсээр Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй монгол эрс мөсний шагай наадах гээд бас л цаг зогссон мэт болохуй дор Б.Батэрдэнэ аварга Х.Баттулгын мөрийг түшээд (Баттулгын аав Халтмаа аваргын засуул байсан) тойрч дэвэх бөгөөд тэдний ард Бурхан Халдун хайрхан ихэмсэгээр сүрлэг дүнхийн байх нь бид бүгдийг чимээгүй ажиглах мэтээ.

Цаг хугацаа зогсжээ…

Гэтэл яг аваргын өөдөөс хүчит шонхор агаарт дэвэн гарч ирээд дүрс солигдоход голоос мөс авч буй бүсгүйн дүрс цаг хугацаатай хамт мөн л таг зогсож, далдаас дархан аваргын цолыг үргэлжлүүлэн дуудсаар л байх нь хийморийн дуудлага аятай.

Энэ үед нэвтрүүлэгчийн хоолой алсаас
 
Дэвсэн гарын нь үзүүрт тэнгэрийн үүл хуйларч
Дэвссэн хөлийн доор газрын зулай намалзав
Уул өндөлзөж сонсов
Ус намсхийж сонсов…

Хэмээхэд зогссон бүхэн хөдөлгөөнд орж мөсөн дээр наадахаар ирсэн залуустай хамт яваа болтой өнөөх охид мөс зөөж Өсөхбаяр тэргүүтэн дээр шагайгаа шидэж мөсөн дээр наадах эрс бүгд аажуухан хөдөлгөөнд орж, хурд, онч мэргэнээ харуулах мэт мөсөн дээр хас тэмдэг бүхий хасаа эргэлдэн гулсаж байгаа оносоноор “Монгол тулгатны 100 эрхэм” хэмээсэн босоо монгол бичиг бүхий тэмдэг гарч дуусах ажээ…

…Энэ хоёр минут хүрэхгүй бичил уран сайхны кино яаж төрснийг нэвтрүүлгийг явцаас мэдлээ.

Хөтлөгч Н.Жанцанноров: “Би наадмын гурвын давааг заавал цэнгэлдэх хүрээлэн орж үздэг юм. Яг тэр үед засуул цол дуудаад байж байхад яг л цаг зогсчихоод …хамаг муу энэргиэ орхичихоод та нарын цолыг сонсон, амьсгаа дарах тэр агшин бол гайхамшигийн туйл шүү дээ. Яг цаг зогсчихсон юм шиг болдог…Цол дуусаад л та нарын малгайг засуулууд өргөөд бөхчүүд дэвээд гарч ирэхэд л цаг дахиад яваад эхлэх шиг санагддаг…” гэсэн яриаг дүрсжүүлэхдээ ийм богино кино хийчихсэн нь үнэхээр бахадмаар санагдсан учир молхи үгээр тэр сайхан бүтээлийг үзүүлэх гэж мунгинаж байгаа нь энэ билээ.

Кино гэдэг ерөнхий утгаараа бол цаг хугацааг консервлодог бол харин Баатар найруулагч цаг хугацаа зогссон тэр агшинг киноны хэлээр үзүүлж чаджээ. Ер нь бол киног найруулагчаар овголдог, нэвтрүүлгийг ихэнхдээ сэтгүүлчээр овголдог бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг баримтат кино жанрт багтах тул Б.Баатар найруулагчийн ажил мөнөөсөө мөн ажээ!

Энэ тухайгаа Баатар өөрөө өгүүлэхдээ : “ Хүн гэдэг цаг үргэлж өөрчлөгдөж бас ухаан сууж байдаг юм байнаа….Өөрчлөлтөд тийм их цаг хэрэггүй. Жилийн хооронд нэг хүн дээр хэд хэд очиход, очих бүрт өөр болсон байх юм. Яг өмнө ярьсан сэдвээр дахиад яриулахад нэгдүгээрт танил болоод удсан, хоёрт камерийн айдасгүй болсон, бас өмнө ярьснаасаа хойш тэр явдлын тухай өөр өнцгөөр бодож дүгнэж харах болсон гэх мэт өөрчлөлтүүд гарчихсан байгаа нь анзаарагддаг.

Яагаад миний монтаж өөр өөр газарт авчихсан яриаг нэг шугамд оруулсан байдаг вэ гэвэл цагийн эрхэнд хүн үнэнээ яриад эхэлдэг гэдгийг анзаарсан болоод хүлээцтэй ханддаг. Хүлээх гэдэг магадгүй үнэнийг мэдэх ганц арга ч байж мэднэ. Зарим хүнийг бүр хэдэн сараар ч таг очихгүй орхиод эргээд очдог. Хүн хэзээ ч хоёр дахиа худлаа ярьдаггүй юм билээ. Худлаа ярьсан бол дахиад асуухад мартчихсан л байгаа. Яг өмнөх шигээ хэзээ ч дахиж ярихгүй. Гэхдээ аль нь ч үнэн байж мэднэ. Ямар ч хүн эхэндээ хөлдүү л байдаг юм. Гэсгээж байж яриа авах ёстой. Би хөтлөгчиддөө… гэсгээгээд сэтгэлийг нь нээ гэж хэлээд камераа асаахгүй хэсэг хий сул яваад яг дотоод сэтгэлрүүгээ орж яриа халаад эхлэх үед л камераа жинхэнээсээ асааж бичиж эхэлдэг…” хэмээн ярьж байлаа.
Тэгээд ч найруулагч Баатар “Монгол тулгатаны 100 эрхэм”-ийг мэргэжлийн сэтгүүлчээр хөтлүүлэхийн оронд Н.Жанцанноров Б.Лхагвасүрэн, П.Анужин, Н.Сувдаа гэх мэт сэтгүүлч бус хүнийг сонгодог ажээ.

Яагаад гэвэл ихэнх мэргэжлийн сэтгүүлчид хуучин стандартын буюу албан хэв яриатай эсвэл тийм дадалтай байдгийн дээр телевизэд ажилласан хүн асуудлыг дор нь шудраад дуусгах нэг айхтар яаруу өвчтэй болсон байдаг болохоор тэр гэнэ.

Тэрээр өөрийгөө ч дүгнэхдээ “ Би ч гэсэн өөрөө л өөрийгөө бүтээж л яваа хүн биз дээ…Сургуульд сураагүйн нэг сайн тал нь хайрцагт ороогүй байдагт юм шиг. Гэхдээ мэдээж сургуультай бол би онолыг илүү сайн мэдэх байсан л даа. Анх би “Боролдой” студид зураачаар ажиллаж байхдаа олон нэвтрүүлгийг хийлцдэг байлаа.Тэр үед телевизийнхэн яг амьтай, үнэн хэсгийг нь монтажаар тайрч хаяад хөндий хүйтэн, нэг их ухаатай ярьсан хэсгийг оруулаад байхыг анзаарч билээ. Тэгээд анх энэ хяргаж хаяад байгаа хэсгээр л нэвтрүүлэг хийх ёстой юм байна гэж бодож эхэлсэн юм. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийг хийхдээ манайхан 33 дахь гэж ярьдаг даа худлаа бичээд тэгээд ам халаад яг үнэнээ яриад, эхлэхээр сэмхэн бичдэг аргаар хийдэг гэж хэлмээр байна. Ухаан бол яахав ээ сэтгэлээс тэс өөр юм шүү дээ. Үүнийг манайхан сайн ойлговол тэр хар цагаан болгох, янз бүрийн газар авах, гоё зохиомжтой план тавих гэх мэт хэлбэрийг дуурайх хэрэггүй юм. Сэтгэл гэдэг бол ухаанаас хамаагүй мөн чанартай зүйл юм шиг… Гэхдээ сая цагаан сараар л гэхэд олон сайн нэвтрүүлгүүд гарлаа. Хорин тавын “Танайд хоноё” нэвтрүүлгийн Давгаа аварга хөтлөгч хоёр Бурхан Халдуны өвөрт хээр хонодог бол яг л сайхан монгол контент болсон, Л.Мөнхбаясгалан эгчийн “Гэргий” маш сайхан энгийн, үнэн, дулаахан амьтай нэвтрүүлэг болсон, дээр Ийглээр гарлуу даа нэг таксичин олон хүүхэдтэй залуугийн тухай нэвтрүүлэг бол кино шиг дотортой нэвтрүүлэг байсан гэх мэт …телевиз одоо л жинхэнээсээ хөгжих янзтай болж байна шүү дээ. Гадны олон ч нэвтрүүлгийг “Монгол эч ди” тв зохих эрхийн дагуу гаргадаг ч боллоо. Тийм болохоор бас надаас авах юм байвал аваасай гэж танд ингэж ярьж байгаа юмаа.

Монгол тулгатаныг яагаад хэл амтай ч гэсэн явуулах гээд зүтгээд яваад байгаа юм бэ гэхээр үндэсний үзлийг сэрээх гэсэн ганцхан санаатай юм аа. Үндэсний үзэл гэдэг үг өөрөө их учиртай. Үндэстэй л юм ургана биз дээ? Бид нар яагаад Өвөр Монгол, одоо бас хойд Монгол буюу Буриад, Халимаг, Тува зэрэг хүмүүсийг оруулаад байгаа гэвэл бид чинь эргэн тойрондоо нэг үндэстэнээрээ хилэлсэн сонин улс биз дээ.

Одоо бид Тува гаралтай Оросын батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгуг 100 эрхэмд оруулах гэж байгаа. Бид урдаа ч хойноо ч сайхан хамгаалалтын купер улстай болохоор тэднийхээ үндэсний үзлийг сэргээх, сануулах гэж тэр юм шүү дээ …” хэмээн ярьж байна билээ.

Эргээд Б.Бат-Эрдэнэ аваргын дугаарын тухайтад бол нэвт үндэсний үзэл харагдаж, мэдрэгдэж, сонсогдож бидний дотоод сэтгэлд нойрмоглон буй их эр зориг, эв найр, эр хүний жудгийг сэрээж асаасан сайхан дугаар болжээ. Магадгүй олон хүн авргыгаа ямар сайхан жудагтай, тэгш амгалан сэтгэлтэй хүн бэ гэдгийг ч мэдэж авах шиг боллоо. Мөн нэвтрүүлэгт А.Сүхбат аварга ирж Б.Бат-Эрдэнэ аваргатай золгож, олон жил эв муутай явсанаа цайруулан эвссэн, Х.Баттулга намынхаа үүргээр түүний эсрэг өрсөлдөгчийн Пи- Арыг гардан хариуцаж байсны хувьд хэдийгээр ялчихсан ч “ялагдсан” болгоход оролцсон гэдгээ шууд хүлээж Бурхан Халдуны өвөрт эр улс шиг нүүр нүүрээ харж байгаад эвээ бөхлөж авсан, Д.Мөнх-Эрдэнэ арслан бас аваргын хөл гэмтэлтэй байгааг мэдсэн учир хөлд нь хүрэлгүй байсаар унасан… гэх мэт эр хүний жудаг заасан олон жишээ өгүүлсэн, эв нэгдэлийг уриалсан агуулга бүхий сайхан нэвтрүүлэг болжээ.

Уран бүтээлч байхын үндсэн утга учир бол бүх насаараа бусдад өглөг өгөх ажил гэж ойлгох хэрэгтэй юм. Олон түмэнд чин сэтгэлээсээ өглөг өгөөд хүмүүс түүнийг нь таалан хүлээж авбал урам орж баярлах тэр гэгээн сэтгэл л уран бүтээлч хүнийг бий болгодог гэж би боддог.

Гэтэл тэр өглөг хайраас эхтэй… Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог гэсэн үг шүү дээ. Хорвоо ертөнц өглөг дээр тогтдог ажгуу.

Ингэж харвал энэ нэвтрүүлгийн гол дүр Б.Бат-Эрдэнэ аварга ч маш олон жил зөвхөн биднийг баясуулан цэнгүүлэх гэж уран мэхийг уралдуулан, хөлс хүчээ баран байж олон түмэндээ өглөг л өгсөөр өнөөг хүрсэн хүн болох нь ойлгогдоно.Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын агуу хөгжмүүд , ардын яруу найрагч , хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн уянгын яруу найрагууд, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувдаагийн бүтээсэн олон сайхан дүрүүд, энэ нэвтрүүлгийг эртнээс дэмжсээр яваа ард түмэндээ Чингис хааны морьт хөшөөгөөр өглөг өргөсөн Х.Баттулга гээд дандаа өглөгийн эзэд цугласан нэвтрүүлэг болоод ч тэр үү олон түмэнд яг л Н.Жанцанноров гуайн байнга сануулан хэлдэг үндэсний үзлийн “вакцин” мэт үйлчилсэн мэргэжлийн хувьд уран сэтгэмж, тэсвэр хатуужил, нягт нямбай ажиллагаагаар бүтсэн нэвтрүүлэг болсныг цохон тэмдэглэхэд бахтай агаад урамтай ажгуу.

Бурхнаас заяасан авьяастай хүмүүс түүгээрээ бүтээл хийж ард олондоо өглөг болгон өргөдөг жамтай ажээ.

Нэг Монгол нөгөө Монголоороо гоёдог болсон цагт тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргах бөлгөө !

2017 оны 3 сарын 20