Эрдэнэт ба муусайн феодалууд
Эртүү урьд цагт, ЗХУ-БНМАУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэж байв. Өмчөө тэг дундуур хуваан эзэмшинэ. Ер нь бол барих босгох хөрөнгийг зөвлөлтийн тал бүгдийг гаргасан бөгөөд харин монголчууд “дараа аймаар их мөнгөтэй болохоороо өөрт ногдох байсан хэсгээ өгнө” гэсэн байна.
НЭГ. ЭРДЭНЭТИЙН ГУРВАН ЯВДАЛ
Эртүү урьд цагт, ЗХУ-БНМАУ-ын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэж байв. Өмчөө тэг дундуур хуваан эзэмшинэ. Ер нь бол барих босгох хөрөнгийг зөвлөлтийн тал бүгдийг гаргасан бөгөөд харин монголчууд “дараа аймаар их мөнгөтэй болохоороо өөрт ногдох байсан хэсгээ өгнө” гэсэн байна. Дараа нь яаж аймаар их мөнгөтэй болох юм бэ гэхээр, олборлож борлуулсан зэснээс ногдох ашгаа авалгүй хуримтлуулан байж өрөө дарахаар тохирчээ.
Гэтэл арваад жил өнгөрсний дараа Монголын өр дарагдаж дуусах нь байтугаа, нэмэгдэх шинжтэй болоод байгаад гайхсан Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном нар хоёр гэрээг судлан үзээд мэл гайхжээ. Гэрээ маш ашигггүй хийгдсэн байж. Мэдэж хэрэггүй зүйл сонирхсон Содном нарыг “Монголын улс төрийн тавцангаас арчих төлөвлөгөөг” тэр үеийн улсын “эх дагина” Анастасия Ивановна боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ нь “Орос эхнэрийнх эрх мэдэл хэрээс хэтэрсэн учраас хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөлөх болсон”, “Өөрөө зөнөж, ой санамжаа алдан удирдах чадвараа алдсан” зэрэг шалтгаанаар Ю.Цэдэнбалыг эргүүлэн татах шийдэлд хүрээд байсан Кремлийн эздэд сайхан шалтаг болов. Төлөвлөгөө эзнийхээ эсрэг хэрэгжиж Ю.Цэдэнбал гэргийн хамт Мосва руу эргүүлэн татагдав. Энэ нь Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхлэсэн үетэй давцсан тул харин ч БНМАУ-д ашигтай байдлаар эргэв. Нэг дэх түүх ингэж төгсөв.
Хоёр түүх нь ерээд оны дундуур эхэлсэн билээ. Тухайн үеийн хэвлэлийг сөхөн харвал, өмч хувьчлалын хүрээнд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь “Эрдэнэт концерн” хэмээх хувийн компанид шилжиж байсан аж. Үүнийг зогсоох, мөн үйлдвэрийн захирлыг солихтой холбоотой том дажин өрнөсөн бөгөөд тухайн үеийн монголын улс төр Эрдэнэтийг л тойрон өрнөж байлаа. Эцсийн дүндээ захирал солигдсон байдаг.
Үүний дараахан улс төрч С.Зориг алагдсан нь олон нийтийн анхаарлыг өөр зүг рүү татан Эрдэнэтийг түр мартуулсан байна. Мөн удалгүй Эрдэнэтийг тойрсон тоглоомын гол тоглогч бөгөөд Эрдэнэтийн захирал асан Ш.Отгонбилиг онгоцны ослоор нас баржээ. Ингээд Эрдэнэтийн түүх чимээгүй үргэлжилжээ. Явцын дундуур Эрдэнэт үйлдвэрийн “тал дээр нэмэх нь нэг” хувийг манайхан эзэмших болов.
Эрдэнэтийн гурав дахь явдал ноднин зун эхлэв. Москва өөрийн хувийг монголчуудад заржээ. Москва өөрийн өөрийнхээ хувийг зарсанд биш монгол хүн тэрийг авсан явдал нь олны уурыг эхлээд хүрэв. Оросууд өөрийн хувийг зарахгүй байж болох байсан, эсвэл гуравдагч этгээдэд, тухайлбал хятадуудад зарсан бол яахав гэхчлэнгийн бодол хэний ч санаанд орсонгүй. Мөн түүнтэй давхцаад “Эрдэнэтийн хоёр дахь явдал”-ийн үеэр “С.Зориг алагдсан” хэргийн холбогдох этгээдүүдийг шүүсэн явдалтай давхцав. Мөн “С.Зоригийг хөнөөсөн” хэргийг хаалттай шүүсэн нь домогт хэргийг улам домоглог болгож, хүн болгон өөр өөрийн хувилбарыг дэвшүүлэх боломж нээсэн билээ.
ХОЁР. ЭРДЭНЭТИЙН ГУРАВ ДАХЬ ЯВДАЛ
Эрдэнэтийн гурав дахь явдлыг монголчууд бараг л сонгуулийн(2016) урьд өдөр сонслоо. Эрдэнэт үйлдвэр оросуудад хамаагүй болж, 49 хувь нь монголын хувийн компанийн өмч, 51 хувь нь монголын засгийн газрын өмч болсон аж.
Хавтгайдаа уурлав. Юуны өмнө эрх баригчдаасаа уйдаж залхаад, тэдний хийсэн юуг л бол юуг нулимахад бэлэн байсан сонгогчид зөнгөөрөө хилигнэлээ. Тэд юу болсон нь хамаагүй, засгийн газар хуйвалдсан, буруу шийдвэр гаргасан гэж үзэв. Нэгэнт зан нь хувирсан сонгогчид Эрдэнэтийн 49 хувийг засгийн газар авсан байсан ч, ерөөсөө авахгүй гээд буцаасан ч уурлах л байсан. Ийм тохиолдолд нэг бол “Даахгүй нохой булуу хураав гэгчээр, Эрдэнэт бидэнд дарамт болно. Том гүрний хувь оролцоо тэнд байх нь манай тусгаар тогтнолд хэрэгтэй байсан” гэх юм уу, эсвэл “Эрдэнэт монголдоо эргэж ирэх түүхэн боломжийг манай тэнэг засгийн газар үүрд алдлаа” гэхчлэнгээр зүхэх л байсан.
Харин хүмүүс сонголтоо нэгэнт хийчихсэн байсан учраас уг шийдвэр сонгуулийн дүнд тэгтлээ нөлөөлөөгүй бололтой. Түүнчлэн уг үйлдвэр улсын мэдэлд байхын хэрээр үр өгөөжөө хайрладаг байсныг санасан тодорхой хэсэг зөнгөөрөө түүнийг эсэргүүцэх нь ойлгомжтой байсан гэдэг. Яг сонгуулийн босгон дээр, “нэгдэл нийгмийн” сүүтэй үнээг хариулах боломж олддогийн даваан дээр шүү. Яаж ч бодсон эзэнтэй болсон үнээг гувших аргагүй болно. Ингээд ууран дээр уур нэмсэн гэж үзэх нь байдаг.
Бас, өөрөө тэнд (Эрдэнэтийн 49 хувийг авсан багт) багтаагүйдээ гонсойсон хэсэг ч эсэргүүцэлд түрлэг нэмсэн бололтой байдаг. Яг л “Анхны алхам” киноны өвгөн хадланч сонин дээр гарсан нөхдийнхээ зургийг хараад “Ингээд л миний нэр алга” гэж гоморхдог шиг.
Бас Эрдэнэтийг буцаахаар айлгаж байгаад өөр бусад томоохон бизнест болон улс төрийн тоглолтод илүү боломж нэхэж байгаа хэрэг гэж тайлбарлах улс ч байна.
Зарим ажиглагчид “Эрдэнэтийг Орост буцаах” хөдөлгөөнийг сонин өнцгөөс тайлбарлах нь ч байна. Тэд “Оросууд өөрснөө энэ шийдвэртээ харамсах болсон. Эрдэнэтийг 100 хувь монголд шилжүүлснээр монгол улсын төрийн бодлого, эдийн засагт нөлөөх чадамжаа ихээхэн алдсан гэж үзсэн учраас залруулах боломж эрэлхийлж байгаа. Залруулах гэдэг нь олон улсын худалдаа наймааны дүрэм журмыг зөрчихгүйгээр 49 хувийг орост эргүүлэн авах тухай санаа юм. Ингээд монголын талаас уг наймааг хууль бус үзсэн албан ёсны шийдвэр гаргуулах нь энэ ажилд ихээхэн дэмжлэг, чухал сэдэл болно гэж үзэж байгаа бололтой” гэх нь ч байна. Чөтгөр, бүү мэд!
Яаж ч бодсон, “Орлогын үүд хаагдсан”, “надгүйгээр авсан” гэж ярьж болохгүй учраас “ард түмний юмыг хууль бусаар авсан байна. Иймээс эргүүлж өгнө” гэсэн уриаг “Эрдэнэт монголд ирснийг эсэргүүцэгчид” дэвшүүлжээ.
Гэтэл аль “ард түмэн” гэдэг сонин асуултын хариу алга. Учир нь Оросуудын зарсан Эрдэнэтийн 49 хувь бол “Оросын ард түмэн”-д хамаарах өмч. Эндээс “Оросын ард түмний юмыг монголчуудаас яагаад харамлах болов. Улмаар, та бүхэн аль улсын, хаанахын улс үндэстний эрх ашгийг биднээс хамгаалж байна” , “Яг нарийндаа, оросын ард түмнийг төлөөлөх эрх монголын парламентад бий юу” гэхчлэнгийн сонин асуултууд хариу нэхэн ургаж ирнэ.
Магадгүй эдгээр ярвигтай асуултын хариу өөрсөдөд нь байхгүйг анзаарсан уу яасан, Оросуудад буцааж өгөх тухай тунхагаасаа сүүлийн үед ухарч байгаа бололтой.
Улмаар “худалдан авалт хууль бус болсон” гэдэг яриа хөөрөөнөөсөө ч ухарч байгаа юм шиг байна. Хэрвээ худалдан авалт нь хууль бус болсон бол худалдалт ч мөн хууль бус болсон байх учиртай болоод явчихжээ. Иймээс Оросын талыг хууль бус үйлдэлд буруушаасан утга гарч эхлэхийг анзаараад тэд жолоогоо хумиж байх шиг байна. Учир нь Эрдэнэтийн хувь заяагаар тоглох чадамжтай үеийнхэнд Оросыг буруушаах зориг зүрх огт байхгүй. Учир нь тэдний үеийнхэн “Ээ дээ, зөвлөлтийн эсрэг, Монгол-зөвлөлтийн найрамдалд харшилсэн хэрэгт орчихгүй юмсан гэж шөнөдөө гурвантаа цочин сэрдэг” дэглэмд бойжсон улс.
Эцсийн дүндээ, худалдан авах мөнгөө буруу цуглуулсан учраас “Эрдэнэтийн 49 хувийг улсад хураан авах” болтлоо асуудлын хүрээ хувирчээ. Наймааг буцаах(Энэ нь Эрдэнэтийн 49 хувийг орост эргүүлэн өгөх гэсэн хоёргүй нэг утгатай), наймаалцах процесс буруу болсон (Энэ нь мөн л Оросын талын хувиа зарах эрхийг хөндсөн) зэрэг шаардлагаасаа буцаж, одоо “наймаа яахав болоо л биз, харин авсан юмыг нь улс хураан авах” дээр буусан байгаа биз?
Эдийн засагч Д.Жаргалсайханы бичсэнчлэн Эрдэнэтийн 49 хувь бол яаж ийгээд Оросуудаас худалдан авсан компанийн буюу хууль ёсны хувийн өмч бөгөөд худалдан авах мөнгөө хэрхэн цуглуулсан нь тусдаа асуудал юм байна.
Ойрын жишээ татъя, манайхан японоос хуучин машин их авч ачуулдаг даа. Нэг нөхөр жиип ачуулжээ. Машины үнэ болон гааль худалдааны татвараа төлөн машинаа авч.
Гэтэл мань хүн машин авах мөнгө цуглуулахдаа хууль зөрчсөн байж гэж үзье. Залилсан ч юмуу, за бүр хулгайлсан байг. Ингэлээ гээд уг машиныг эргүүлэн Токио руу ачуулж, зарсан японд нь буцааж өгнө гэж байх уу?
Түүгээр ч барахгүй, хулгайн мөнгөөр авсан байна гээд машиныг нь хураах эрх ч засагт байхгүй. Харин хулгайгаараа учруулсан хохирлыг барагдуулах хүрээнд шүүхийн шийдвэрээр машиныг нь хураан зарж болно. Гэхдээ, “зөвхөн, зөвхөн, бас дахин зөвхөн” шүүхийн шийдвэрээр.
Үнэхээр л “Монгол зэс” корпорацийнхэн Эрдэнэтийг баганхи талыг авах мөнгөө хууль бусаар цуглуулсан байгаад, тэр гэм бурууг шүүх нотлоод, яван явсаар төлбөр ялбараа дийлэхээ байвал, эзэмшилд нь байгаа 49 хувийг зарах барих бол тусдаа хэрэг. Магадгүй ингэвэл, манай шүүх хууль цаазын практикт сайн үлгэр болохсон.
Энэ утгаараа, японоос жип ачуулсан иргэний хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг монгол компани Оросуудаас худалдан авсан асуудал хоёр яг ижил. Мөнгөний хэмжээ дамжаагаар өөр ч гэсэн “Гадаадаас худалдан авалт хийгээд ирсэн иргэнийхээ наймааг буцаалгах комисс томилсон, мөнгө хөрөнгө юүгээн зөв цуглуулаагүй гэх үндэслэлээр авсан барааг нь төрд хураан авах” сэдлээрээ ив ижил.
ГУРАВ. ЭРДЭНЭТИЙГ АРААС НЬ ХУРААГДАХ КОМПАНИУД
Засаг баригчдад олон түмэнд байнга таалагдахын тулд юу л бол юу хийх гээд байдаг зовлон бий. Буруу дуулсан байлгүй дээ, саяхан УИХ дахь МАХН-ын бүлгээс Эрдэнэтийг улсад хураан авах шийдвэр гаргасан гэж. Нэгдүгээрт, Намын төв хорооны шийдвэрээр(шүүхийн шийдвэргүйгээр) хөрөнгө хураадаг, өмчийг нийгэмчилдэг цаг өнгөрсөн, хоёрдугаарт хураалгах өмчтэй, нийгэмчлүүлэх хөрөнгөтэй баяачуудын ихэнх нь энэ намын гишүүд, санхүүжүүлэгчид шүү дээ.
Үндэсний хөрөнгөтнүүд нь үлэмж татвар төлж, мянган мянган ажлыг байр буй болгодог буянтан гэдгийг америкчууд л ойлгоно уу болохоос бидэнд хамаа багатай. Уржигдрийн морьтон дайчид, өчигдрийн нүүдэлчин малчид болох манай үеийнхэн хотшин суурьшиж гүйцээгүй, нийтлэг үнэт зүйлсээ гүйцэд ухаарч амжаагүй яваа. Иймээс хүнд хэцүү өдрүүдэд “Түүнийг баян байхад би яагаад ядуу байна” гэж эргэцүүлэхгүй. Харин “Намайг ядуу байхад тэр яагаад баян байгаа юм бэ” гэж уур нь хүрнэ. Дашрамд тэмдэглэхэд, тэр хүнд хэцүү өдрүүд нь эхлээд байна...
Энэ үед ийм юм болно. Засгийн эрхэнд байхын тулд, эсвэл засгийн эрх гудамжинд унаад ирвэл шүүрэхэд бэлэн байхын тулд юу ч ярьж, хийж чадах болсон популистууд дараагийн алхмаа сэднэ. “Эх оронч миний бие, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өгсөн билээ” гээд л эхэлнэ. Тэгээд “Одоо манай ард түмний стратегийн бараа болсон нефьтийн компанийг ард түмэндээ эргүүлэн авч өгнө өө. Муусайн олигархиуд дундаас нь ийм ийм ашиг унагаж, ард түмнээ мөлждөг учраас бензин өндөр үнэтэй байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд, өчигдөр уржигдархан ард түмний зөвшөөрөлгүйгээр бензинээ үнийг 100 төгрөгөөр нэмлээ шүү дээ” гээд уриалаад эхлэхээр яах болж байна?
Нөгөөдөр өглөө нь мах гурилын үйлдвэрүүд, сүүний үйлдвэр, газар тариалангийн компаниудыг “ард түмэн хэтэрхий үнэтэй хиам, талх идэж, дамын үнэтэй сүү ууж байгаагийн буруутан”-аар зарлан, хөрөнгийг эргүүлэн нийгэмчлэхийн шаардан, олны дэмжлэг аваад эхлэхээр та нар яах юм бэ?
Мэдээж ингэснээр амьдрал улам л доройтно. Гэтэл ард түмэн ээлжит тайтгарал нэхнэ. Араас нь улсын их дэлгүүр, Улаанбаатар, Баянгол буудал...яван явсаар бүх худалдааг ард түмний мэдэлд шилжүүлсээр...орон сууц, амины машин руу орно. Ордог ч номтой. Орсон ч түүхтэй.
1929 онд феодалын хөрөнгийг хураахыг бах нь ханан ажиглаж эхэлсэн ардууд 1959 онд аминых нь малыг албадан нийгэмчлэхэд “Юу болоод өнгөрөв өө” гэж гайхсан боловч нэгэнт оройтсон байсан юм. (феодалын хөрөнгө хураах комиссынхон ч өмчөө хураалгасан.)
ДӨРӨВ. ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ӨМЧ, ӨМЧГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ...
Хэрвээ бид Эрдэнэтийн хөрөнгийг хураах процессыг эхлүүлбэл өөрийнхээ орон сууц, зуслан, хувийн машинаа хураалгах замыг засаж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тэртээ ХХ зууны эхний хагасыг бодвол өнөөгийн монгол хүн бүр алдах юмтай болсон, ядаж л төр засагтаа “май чи” гэж салаавч үзүүлээд дотроо онгойлгох эрх, “намайг хэлмэгдүүллээ” гэж хэвлэлийн бага хурал зарлан дүвчигнэх боломжийг хүртэл.
Чухам иймээс л манай үндэсний хөрөнгөтнүүдэд бусдаасаа давж баяжих, өрсөлдөгчөө дарж унагах санаагаа түр орхин ардчилсан тогтоцоо хамтдаа хамгаалах, нийгмийнхээ оюун санааг эрүүлжүүлэх, эмзэг хэсгээ хамгаалахад хүч хөрөнгөнөөсөө гаргахгүй бол болохгүй боллоо. Эргэн тойрон чинь алдах юмгүй, харамсах зүйлгүй, шийдсэн үгээгүйчүүд дүүрч, хоосон ядуу яваагийнхаа төлөө тануусыг занасан хүрээлэл дунд хөрөнгөтэй өмчтэй үлдээд юугаа хийх юм бэ?
Иймээс “Итгэл үнэмшил, улс төрийн баримжааг нь эх оронд хэрэгтэй” (Машид гоёчлон хэлэв) хэмээн үзэж санхүүжүүлдэг нам, зүтгэлтнүүд чинь арьсаа хамгаалахын тулд та нарыгаа мулзлахад бэлэн болоод байгаа учраас очиж зөвлөлдөх(мөн л гоёчлов), өөрийн болоод бусдын өмч ба эрх чөлөөнийхээ баталгааг нэхэх ч хэрэгтэй байж мэднэ.
Өнөөдөр хууль бусаар бүрдүүлсэн, авсан гэж таамагласан(Шүүхээр шийдээгүй учраас) хадгаламж, хувийн өмчийг нийгэмчлэн хурааж аваад “улс орноо хямралаас гаргах”, “эх орныхоо бондын өрийг төлөх” хөдөлгөөн нэгэнт өрнөжээ. Залгаад “ард түмэнд байх ёстой хөрөнгийг цөөн хэдэн хөрөнгөтөн, феодал өмчилж байгаа учраас бид ядуу байна. Иймээс ард түмний хөрөнгийг ард түмэнд эргүүлэн өгье” гэсэн уриа цуурайтана гэж мөрийцсэн ч болно. Зарим нь хямралын үед хөрөнгөө өндөр үнэлэн улсад зараад баахан доллартай үлдэхийн дайны юм зүүдэлж явж мэднэ. Тэгдэггүй юмаа, ард түмэн булаагдсан хөрөнгөө шударгаар, үнэгүй эргүүлж авах төдийгүй ард түмний өмчийг ашигласан хууль бусаар олсон ашгийг ч буцаан авах асуудал дэвшигдэнэ, шийдэгдэнэ.
Хожмын маргааш “Энхбаяр ч хүний хайлан байжээ” хэмээн шогширч, “Элбэгдорж ч олон үгтэй л болохоос Далай багшийн дараа л жагсана шүү, гарцаагүй, даанч хараасаар байгаад явуулсан даа”, “Зайлуул, муу Нямдорж чинь өөрийг нь “гүтгэсэн” хүнийг шоронд л хийнэ үү гэхээс бууддаггүй л байсан биздээ” гэлцэн харамсахаар болвол ямар юм нь сайхан байхав дээ.
Хөрөнгөө аваад зугтаах, үр хүүхдээ тайван газар амьдруулах дайны юм бодож сууна уу, үгүй юмаа. Үймсэн олныг оройлж үлдсэн поп удирдагчид бүх бурууг та нарт чихэж “Ард түмний насаараа идээд барахгүй хөрөнгийг тэр тэр хулгайлаад зугтчихсан. Офшоортоо хийчихсэн учраас бид өлсөж байна. Тэднээс юмаа авчихвал жаргана” гэсэн суртал нэвтрүүлэг зохиож, гурван үеэрээ нэрээ сольж нүүрээ нууж амьд явахаар өөр аргагүй болгоно. Жаргасан болох уу?
Та нар үндэстэндээ санаа тавихгүй бол “феодалын хөрөнгө” хураах албан бус комисс үүсдгээ үүсчихсэн шүү.
Сонирхуулахад, “феодалын хөрөнгө хураах, феодалыг устгах комисс”-ын ажил яаж дуусдаг вэ гэхээр, феодалын хөрөнгө хураах комиссынхны хөрөнгийг хурааж, феодалын хөрөнгө хураах комиссын гишүүдийг устгаснаар л дуусдаг номтой.
...Эрх чөлөөгүй өмч, өмчгүй эрх чөлөө гэж байдаггүй.