Элэгний” Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/-аар очоод удаагүй байна. Монгол дахь элэгний оношлогоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг “Хавдар”-ын даргаар очиход зарим хүн “Эмчээ хийж байхгүй” хэмээн хармалсан, харамссан аястай байсан. Том даргын ажил хийгээд явчихна гэж бодсон байх. Гэвч тэрээр тэгсэнгүй, эмчээ ч, захирлаа ч зэрэгцүүлэн хийсээр явна. Түүнийг өглөө эрт ажил дээр нь хүлээж байтал “Ажил цуглахаас өмнө амжуулаад 8.00 цагт Эх нялхс дээр 30 хоногтой нярайд элэг тайрах хагалгаа хийчихээд ирлээ. Манай залуус мундаг болжээ, дажгүй сайн боллоо” гэсээр орж ирсэн юм. Ж.Чинбүрэн эмч энэ албан тушаалд очоод Монголд цунами болоод байгаа элэгний хавдрын эсрэг илүү өргөн цар хүрээнд тэмцэж эхэлсэн нь мэдрэгдэж байгаа юм. Энэ талаар бид нэлээн сайн хөөрөлдсөнийг та бүхэн доорх ярилцлагаас уншина уу.

-Та сүүлийн үед хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх тухай их ярьдаг боллоо?

-Хавдрыг эрт үед нь яаж илрүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Өнөөдөр хичнээн мундаг хагалгаа хийлээ гээд хожуу үедээ ирчихсэн хүний хавдрыг төгс эмчлэхэд хэцүү байна. Тийм болохоор хавдрыг эрт үед нь илрүүлэх, оношлуулах ажлыг үндэсний хэмжээний ажил болгомоор байна. Нэг хором ч алдмааргүй байна.

-Манайхны хэнэггүй байдал хэвээрээ л байна уу, нийгмийн сэтгэл зүйн хандлага өөрчлөгдсөн үү?

-Иргэдийн эрүүл мэнддээ анхаарах хандлага сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Энэ нь их сайн. Хүн урт наслах тусам хавдраар өвчлөх магадлал ихэсч байдаг. Хорт хавдрын өвчнөөр хоёр эрэгтэй хүний нэг нь, гурван эмэгтэй хүний нэг нь амьдралынхаа туршид өвдөх магадлалтай байна. Иймд хорт хавдраар өвдөөд эдгэрсэн хүний тоог нэмэгдүүлэх нь чухал. ХСҮТ гэж энэ байгууллагын ажлын гол үр дүнг өвчтөнүүдийн хэдэн хувь нь эмчлүүлээд таваас дээш жил амьдарч байна гэсэн тоон үзүүлэлтээс л харна. Тэгэхээр энэ зорилгод хүрэхийн тулд цогц, системтэй ажил зохион байгуулах ёстой. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, энэ эмнэлэгт хандаж байгаа хүмүүст хүртээмжтэй, чанартай, хүндрэл багатай үйлчилгээ үзүүлэх. Дэлхийн ямар ч улсад хагалгаа хийгээд 100 хувь эмчлээд, эдгээгээд гаргачихдаг гэсэн ойлголт байхгүй. Хагалгаа бол тодорхой хэмжээний эрсдэлийг хүлээж байдаг. 3-5 хувь нь эндэх эрсдэл байдаг. Бид тэр үзүүлэлтээс их байгаад байна уу, эсвэл дор байгаад байна уу гэдэг л чухал асуудал юм.

-Тэгэхээр хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт маш чухал юм байна?

-Ерөөсөө л тэр. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч нарын ур чадвараас үл хамаараад хичнээн сайн хагалгаа хийсэн ч дахиад үсэрхийлээд байдаг шатандаа орчихсон байвал эмч нарын хүч хөдөлмөр, эмнэлгийн зүгээс үзүүлж буй нүсэр их хүч хөдөлмөр талаар болно. Үүнийг ярихын учир нь өнөөдөр Монголд оношлогдож байгаа хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь 3, 4 дүгээр шат буюу хожуу үедээ орчихсон үедээ эмнэлэгт хандаж байгаа юм. Энэ байдал нь миний яриад байгаа үр дүн гаргах боломжийг хязгаарлаад байна. Тэгэхээр “Чинбүрэн, чи энэ ажлыг аваад энэ их хавдрын өвчлөлийг хазаарлаж зогсоо” гэж байгаа бол би “Яаж эрт илрүүлэх вэ” гэдэг асуудлыг л хамгийн түрүүнд тавина. Тавиад ч явж байна.

-Та ер нь хэдэн жил энэ хавдар гэж аймшгаас хүмүүсийг аврахын төлөө тэмцэж байна вэ?

-Үзлэг оношилгоо, хагалгаа хийсээр 20 жил хавдартай ноцолджээ. Ингэж ноцолдож яваа эмчийн хувьд хэлэхэд сайн хагалгаа хийхдээ биш, мундаг мэс заслын эмч байхдаа гол нь биш, яаж эрт илрүүлж, эрт эмчлэх вэ гэдэгтээ л хамаг утга учир оршино. Энэ нь өөрөө бүхэл бүтэн нийгмийг хамарсан асуудал болоод байна шүү дээ.

-Эрт илрүүлэлтийн сайн жишээнүүдийг яримаар байна? 

-Манай улсад сайн жишээнүүд байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр 2013 оноос эхэлсэн. Үүний үр дүнд энэ хавдраар өвчлөгсдийн тав болон түүнээс дээш жил амьдрагсдын тоо 40 хувь болтлоо өссөн. Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог өвчин.  Эмэгтэйчүүд дотроо элэгний хавдар нэгд, хоёрт умайн хүзүүний хавдар ордог юм. Тэгэхээр умайн хүзүүний хорт хавдрын эдгэрэлт 40 хувь гэдэг бол том амжилт, дэвшил юм. Мөн түүнчлэн Хаан банк, МҮОНРТ хамтарсан хавдрын эсрэг аян зургаан жил хэрэгжиж 450-иад хүний хорт хавдрыг эрт оношилсон байдаг. Энэ мэт гадны болон дотоодын санхүүжилт, тусламжтайгаар дээрх үр дүнд хүрсэн. Цаашид хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрүүдийг төр засгийн нэгдсэн бодлогоор удирдах шаардлага байгааг дээрх жишээ харуулж байна. Мөн сүүлийн гурван жил төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд элэгний тухай мэдээллээр нийгмийг зодлоо шүү дээ. Элэгний С, Д, В вирус гэж ярьсны сайн тал нь хүмүүс В, С, Д вирус чинь аюултай юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн нь хамгийн чухал. Хүмүүсийн шинжилгээ өгөх идэвх сайн болсон. Нийгмийн анхаарлын төвд ингэж аваачихад хэвлэл мэдээллийнхэн маань онцгой үүрэг гүйцэтгэлээ. Энэ бол хавдрын эсрэг нэг шат ахисан хэрэг. Одоо төр засгийн оролцоо чухал. Тэгэхгүй бол энэ өвчин гамшгийн хэмжээнд оччихсон. Монголд тохиолдож байгаа элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их. Монгол дахь нийт хавдрын 40 хувийг дангаараа эзэлж байгаа. Бод доо, элэгний өвчлөлийг бид шийдчих юм бол нийт хавдрын 40 хувийг шийдлээ гэсэн үг. Ганцхан өвчний тухай ярьж байна шүү дээ.

-Нийт хавдраар өвчлөгс­дийн эдгэрэлт ямар байна вэ?

-Нийт хавдрын тав болон түүнээс дээш жилд амьдарч байгаа нь 18 хувиас бага байна. Нийт хавдрын хэмжээнд аваад үзэхэд ийм байхад зөвхөн умайн хүзүүний хорт хавдрыг дангаар нь аваад үзэхэд үр дүн нь 100 хүний 40 хувь нь таваас дээш жил амьдарч эдгэрч байна гэсэн үг юм.

-Ер нь манай улсад оношилгоо ямар түвшинд байна вэ. Боломжтойнууд нь гадагшаа л явчих юм байна шүү дээ?

-Монголын эмч нартаа итгэх цаг болсон. Наад захын жишээ гэхэд В,С вирус буюу элэгний хавдар үүсгэдэг шалтгааныг Монгол Улс эмчилж чаддаг боллоо. Эмчилдэг эмийг төр болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор 90 хувийн хөнгөлөлттэйгөөр Монголд оруулаад ирчихлээ. С вирусийн эм Америкт 90 мянган доллар. Гурван сар буюу зургаан сарын курс эмчилгээ хийлгэхэд 90 мянган доллар төлдөг бол Монголд хамгийн анх орж ирсэн эмийн сарын эмчилгээ нь 400 доллар буюу гурван сар эмчлүүлэхэд 1200 доллар. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  “ Элэг бүтэн Монгол” гэж оруулаад, нөгөө л хэвлэл мэдээллээр зодсоны ачаар улс төрийн намууд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Энэ юуг харуулж байна гэхээр хэвлэл мэдээлэл ямар хүчтэйг, үнэхээр дөрөв дэх засаглал гэдгийг хэлж байна. Ингээд нийгэм даяар ажил болгоод ирэхээр С вирусийн эмийг 2017 оноос эхлээд эмчилгээнд орж байгаа хүн ердөө сард 35-40 мянган төгрөг төлөөд л, нийтдээ 100 000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд л С вирусээ эмчлүүлээд эхэллээ гэсэн үг. Улсаас мөнгийг нь даадаг болчихсон, эмчилгээний зардлыг нь ч гэсэн. Монголд ийм сайхан боломж бүрдлээ. Тэгэхээр элэгний хавдрын шалтгааныг бид дийлдэг болчихлоо. Дийлдэг болчихоор хүмүүс эмчилгээ хийлгэх гээд эмнэлэгт хандаж үзүүлдэг болчихсон байна. Үзүүлж байгаа зарим хүмүүсийн элгэн дээр жижигхэн хавдар оношлогдож эхэлж байна. Элэг өөрөө дүлий эрхтэн, түүн дээр том хавдар үүсчихсэн байгааг мэдэхгүй явж байдаг. Гэтэл жижигхэн толбо байгаа үед нь илрүүлж чадсанаар энэ жижигхэн хавдрыг гаднаас нь тусгай жижиг төхөөрөмжөөр 120 градус хүртэл халаагаад, түлээд сорви болгочихдог юм. Үүнд ердөө 15 минут зарцуулна. Маргааш нь нөгөө хүн ажлаа хийгээд л явна. Өвдөлт зовуурь байхгүй. Эмчилгээ нь өөрөө өртөг багатай. Бид эрт үед нь илрүүлснээр олон улсын стандартын дагуу ийм өндөр түвшний эмчилгээг амжилттай хийж байгаа. Асар том дэвшил биздээ. Энэ бүх эмчилгээний технологи мэдээж цаг хормоор цааш ахиж дэвжээд явна. Бид ч дэлхийн жишгээс хоцрохгүйн тулд өдөр шөнөгүй л хичээн хөдөлмөрлөж байна.

-Энэ эмчилгээг хэзээнээс манайд хийж эхлэв?

-Энэ эмчилгээг 2009 онд анх Монголд нэвтрүүлсэн. Түлдэг эмчилгээ гэж ярья л даа, хоёулаа. Анх эхэлж байх үед эрт үеийн хавдар оношлогдохгүй, жилдээ 30-хан хүнд хийж байсан. Одоо бол жилдээ 400 гаруй хүнд хийж байна.

-Нэмэгдээд л байгаа юм байна?

-Харин тийм, 2017 онд бүр л ихсэнэ.  Тэгэхээр л цаг алдалгүй “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж бага зардлаар, хурдан эмчилж, эдгэрэх магадлалын хувь хэмжээг өндөрсгөмөөр байна. Эрт илрүүлэлтийн хөтөлбөр байх юм бол оношлоод, эмчлэх технологи нь бэлээхэн байна. Одоо бол гаднаас тоног төхөөрөмж гуйх, хүн сургах гэсэн ойлголт байхгүй.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа манай улсад ямар түвшинд байна вэ?

-Олон жилийн явцад муу болчихсон элгийг сольж байж тэр хүн эдгэрэх боломж бүрддэг. Анагаах ухааны технологи улам эрчтэй хөгжиж байна, элэг шилжүүлэн суулгах хагалгаа технологийн хувьд улам л сайжирч байгаа. Солонгост Их сургуулийн эмнэлэг төдийгүй хоёрдугаар шатлалын эмнэлгүүд хийж байна.



-Элэг солиулах гэдгийг үлгэрийн юм шиг ойлголт өнөөдөр ч нийгэмд байгаа?

-Элэг шилжүүлэн суулгах технологийг  ХСҮТ дээр 2011 оноос нэвтрүүлж ажилласаар л байна. Миний хувьд 2011 оноос эхлэн эх орондоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийх зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Учир нь бид элэгний хагалгаа хийдэг, жилдээ 350-400 хүнд элэг тайрах эмчилгээ хийж байна. Энэ бол маш том тоо. Миний өөрийн туршлага, хийсэн хагалгаа гэхэд 1200 гарчихсан байна. Энэ нь боловсон хүчин манайд байна гэсэн үг. Ингээд л шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж дэмжлэг хайх ажлыг 2011 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд ганцаараа, байгууллагаараа яваад бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Олон нийтийн оролцоог бий болгох, шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулах нь чухал гэдгийг ойлгосон. Тэгээд 2015 оноос хэвлэл мэдээллийнхэндээ хандсан, найз нөхөдтэйгөө нийлээд “Элэг нэгт монголчууд” сан байгуулж элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах төсөл хэрэгжүүлэхээр мөнгө төгрөг хайгаад явсан нь амжилттай болсон. Оны өмнөхөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тэрбум төгрөгийн зардлаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж аваад өглөө. Одоо бид боловсон хүчнээ сургаад явж байна. Өнгөрсөн тав дахь өдөр Samsung корпорацийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураад ирлээ. Ийм том хагалгаа хийхэд мэдээж асар туршлагатай гадны зөвлөх баг, эмч нар байх ёстой. Алдаа гаргаж болохгүй. Samsung электроникс корпорацийн зүгээс ХСҮТ-д энэ төсөлтэй холбоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр урьдчилсан тохироонд хүрсэн. Эхний дэмжлэг нь тэндээс ирэх эмч нарын багийн зардлыг даах юм. Олон гишүүдтэй баг ирнэ. Тэдгээрийн зардал гэхэд нэг ирэхдээ л 15000-20000 ам.долларын зардал гарах юм билээ. Монгол мөнгөөр бодоход 30-40 сая төгрөг. ЭМЯ, Солонгос улсад суугаа манай Элчин сайдын яамнаас энэхүү гэрээнд хамтарч оролцож, энэ ажлын ач холбогдлыг үнэлсэн. Цаад байгууллагуудыг энэхүү ажилд туслаач гэдэг дуу хоолойнд төрийн зүгээс хэлүүлнэ гэдэг бол хамгийн чухал байсан.

-Таны ярианаас “Хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөл­бөр” хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэж ойлголоо?

-Яг тийм. Одоо бол боловсон хүчин нь байна, техник тоног төхөөрөмж нь байна, эмчлэх технологи нь байна, туршлага нь байна, дэмжээд туслаад өгье гэсэн гадна, дотнын улсууд нь байна. Нийгмийн сэтгэл зүй  элэгний асуудал дээр нэлээд төвлөрчихлөө. Одоо гурав дахь том зорилт эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эхлүүлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх л үлдлээ.

-Монголын нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг том хагалгаа байх. Олон баг хамт олны хүч хөдөлмөр, потенциал, энерги бүгд л орж байж амжилттай болно байх?

-Манай нөхцөлд элэг шилжүүлэн суулгана гэдэг нь бүхэл бүтэн эмнэлгийн ажил юм.  Нэг хүн хагалгаанд ороход эмнэлэг бүх нөөцөө дайчилдаг. 50-60 хүний баг оролцож байна шүү дээ. Олон сургалт тэгж явагдаж байна. Долоо хоног болгон хуралдаж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ дээр нэвтрүүлснээр ХСҮТ-ийн эмчилгээ үйлчилгээний чанар нэг давхраас есдүгээр давхарт гарлаа гэсэн үг. Нэг хүн биш 60-уулаа суралцаж байгаа юм. Энэ бүхэн чинь нэг өдрийн ажил биш, асар их цаг хугацаа орсон, хүч хөдөлмөр орсон, олон хүний нөөц бололцоог ашиглаж, сургаж, өөрөөр хэлбэл хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал бүгд нэг дор төвлөрсөн тийм л ажил. Нөгөө хувьсгалын тохироо нь одоо л бүрдсэн хэрэг. Нэмж хэлэхэд, Улсын нэгдүгээр эмнэлэг арвин их туршлага хуримтлуулаад байгаа. Бид дотоодын багаасаа суралцаж байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр элэг шилжүүлэн суулгах мэс засал Улсын нэгдүгээр эмнэлэг хийхэд ХСҮТ-ийн баг хагалгааны явцтай танилцаж суралцлаа.

-Одоо тэгээд элэг шилжүүлэн суулгах ажлыг зогсоо зайгүй хийхгүй юу хү­лээ­гээд байна вэ. Хувьсгалын тохироо бүрдчихлээ л гэнэ. Хүний нөөцөө бэлдчихлээ, шаардлагатай тоног төхөөрөмжөө оруулаад ирлээ л гэнэ...?

-ХСҮТ өргөтгөлөө барьж эхэлсэн байгаа. Түүн дотроо элэг шилжүүлэн суулгахад зориулсан хагалгааны өрөөг зураг төсөл дээр нь тусгаж өгөөд захиалсан байгаа. Австрийн хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Хоёр хүн зэрэг хагалгаанд орох зориулалтын өрөө. Үүнд эмнэлэг өөрөө хамаг сэтгэл зүрхээ зориулсан байх ёстой. Миний энэ ажлыг аваад хамгийн гол зорьж байгаа зүйл энэ. Гэтэл энэ өргөтгөлийн барилгын ажил удаашралтай байна. Одоо миний ажлын ихэнх цаг энэ өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, амь нас нь цаг минутаар хэмжигдэж буй олон зуун өвчтөнөө яаралтай хүлээн авч эмчлэхэд л зориулагдаж байна. Гэтэл ажил урагшаа ерөөсөө явахгүй байна.

-Барилгын ажил удаашрах ч гэж дээ, ерөөсөө зогсчихсон юм биш үү. Яг юунаас болоод байна вэ?

-Үндсэндээ 2011 оны долдугаар сард барилгын ажил эхэлсэн юм билээ. Төр засгаас бол их дэмжсэн байдаг. Энэ барилга олон гүйцэтгэгчтэй. Жишээлбэл, Австрийн хөнгөлөлттэй зээлээр Европын компани  тоног төхөөрөмж суурилуулах, хагалгааны өрөө хийх, Монгол компани нь барилгаа барьж дуусгах гээд. Миний ажлаа аваад хийсэн нэг зүйл бол энэ олон гүйцэтгэгчдийн нэг ширээнд урьж суулгаад ярилцлаа. Юун дээр гацаад байна, юу нь болохгүй байна гэдгийг тодрууллаа. Хоорондоо уялдаагүй юм их байна. Зарим ажлыг хэн хийх нь мэдэгдэхгүй эзэнгүй ч явж байх шиг. Бид хүрээд ирсэн шугамыг ингэж залгаад ийм ажил хийнээ гээд л сууж байх жишээний. Гэтэл өнөө шугамыг нь хэн хийж тэнд аваачих нь мэдэгдэхгүй. Энэ эзэнгүй гээд байгаа ажил нь 100-гаад сая төгрөгийн ажил юм билээ. Одоо гүйцэтгэж байгаа монгол компани маань чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа. Үүнийг  ЭМЯ маш сайн дэмжиж ирсэн. Оны өмнө дутуу санхүүжилтийг шийдэж өгсөн. Төсөв хүнд байсан ч гэсэн энэ ажлыг дуусга гэж онцгойлон анхаарч санхүүжилтийг нь шийдсэн Цогцэцэг сайдад баярлаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга Очирбат ч их сайн дэмжсэн. Хөрөнгө оруулалтын газрын дарга хүртэл цахилгааны асуудалтай холбоотой ажлыг яаж  хурдан хийх үү гээд л санаа тавиад, анхаарал тавиад ажиллаж байгаа. Энэ бол яам өөрөө захиалагч, яам өөрөө оролцож байгаа нь маш сайн байгаа юм. Бид бас чадлаараа үүнд оролцож байна. Гэхдээ л энэ асуудал чинь их урт хугацаанд тухайлбал, 2011 оноос одоог хүртэл гэдэг чинь зургаа дахь жил рүүгээ ороод явж байна. Одоо энэ өргөтгөлийн ажилд хамгийн саад болж байгаа газар бол “Суурь” гэж компани байна. Энэ компани гүйцэтгээгүй ажлынхаа мөнгө болох 450 сая төгрөгийг урьдчилж аваад алга болчихсон.

-Үүний цаана чинь олон зуун хүний амь нас байгаа шүү дээ. Тэгээд олдохгүй байгаа компани юм уу?

-Хаана ч байгаа юм бүү мэд. Сайдын аудитын зөвлөл хуралдаад “Чинбүрэн одоо та хариуцаж байгаа албан тушаалтны хувьд шүүхэд өгч шийд” гэсэн. Албан тоот явуулчихсан, надад хариуцуулаад өгчихсөн. Энэ бол дэндүү хариуцлагагүй зүйл. Жишээ нь энэхүү өргөтгөлийн гурван давхар байшинд лифт нь хийгдээгүй онгорхой байгаа. Гэтэл энэ “Суурь” гэж компани лифт хийсэн гээд мөнгийг нь аваад арилсан байх жишээтэй. Ийм юм байж болохгүй биз дээ. Гэтэл энэ байшинг ашиглалтанд оруулахын тулд УИХ хүртэл  ямар их санаа тавьсан, мөнгө төгрөгийг нь нэмж батлаад л, одоо энэ барилгыг дуусга гээд мөнгийг нь шийдээд л, аль эрт 2013 онд баталж өгөөд, бүр 2016 онд ч ямарч асуудалгүй мөнгийг нь батлаад өглөө шүү дээ. Төр засгийн зүгээс шалтгаалах бүх юмаа хийсэн. Тэгтэл ийм нэг увайгүй хүмүүс, аж ахуйн нэгжүүд хэний ч лоббигоор юм орж ирээд хэдэн зуун хүний амь насаар тоглож байна. Энэ өргөтгөл ашиглалтад ороход бид хавдрын нийт ачааллынхаа 30 хувийг багасгах юм шүү дээ. Хүмүүс хагалгаагаа хүлээгээд нэг сар болдог байсан бол 14 хоногоор наад зах нь наашлах юм. Дөнгөж саяхан фэйсбүүкээр Мөнхбаясгалан сэтгүүлч постолсон байна лээ, “Дашдаваа гэдэг хүн хагалгаанд орох гэж хүлээсээр байгаад тэсэлгүй нас барлаа” гэж. Миний зүрх рүү зүүгээр шивэх л сонсогдож байгаа байхгүй юу.  Энэ бол нэг жишээ шүү дээ. Үүний цаана ийм маш олон хүн байгаа юм. Гэтэл бид ичмээр байдалд ороод байгаа юм л даа. Би энэ ажлыг авдаг, энэ барилгыг хурдан ашиглалтад оруулаад энэ хагалгааг хийх гээд байдаг. Цаана нь хүмүүс Чинбүрэн ажил авсан хүн юу хийгээд суугаад байдаг юм гэж бодож байгаа. Энэ бол эвгүй сонсогдохоор байгаа биз. Үнэндээ энэ ажлыг авснаас хойш миний ажлын 80 хувь нь энэ өргөтгөлийн барилгыг яаж хурдан ашиглалтад оруулах вэ гэдэгт зориулагдаж байна. Энэ байшин ашиглалтад орсноор зөвхөн элэгний хагалгаа хийгдэх гээд байгаа юм биш. Монгол Улсад туяа эмчилгээн дээр хувьсгал гарна. Туяа гэдэг чинь радио идэвхт бодисоор хавдрыг эмчилдэг эмчилгээ юм. Энэ бол хавдрыг эмчилдэг салшгүй нэг том хэсэг нь юм. Гэтэл одоо Монголд хуучин систем буюу туяа цацруулдаг бодис кобальт хэрэглэдэг. Энэ нь асар их гаж нөлөөтэй. Гэтэл хуучны технологийг халсан огт өөр технологи орж ирэх гээд байгаа юм. Энэ бол технологийн хувьсгал. Ийм аппарат ашиглалтад оруулах гээд энэ байшинг хүлээгээд байгаад байна даа.

-Тэгэхээр ганцхан элэгний асуудал биш болж таарлаа, олон төрлийн хавдар, туяа эмчилгээ сүүлийн үеийн технологиор энэ байшинд хийгдэх юм байна?

-Бүхэл бүтэн нэг давхар нь химийн тасаг орно, хоёр давхар нь туяаны тасаг орно, бас нэг давхар нь элэгний тасаг орно. Энэ барилга ашиглалтад ороход бид ямар том үсрэлт хийнэ гэхээр нэгдүгээрт, элэгний хавдартай хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ. Хоёрдугаарт, туяа эмчилгээн дээр технологийн өндөр түвшинд асар том хувьсгал гарна. Хажуугаар нь байгаа эрүүл эрхтэн өртөж түлэгдэж гэмтдэг байсан бол одоо зөвхөн өвчтэй эрхтнээ л шарах боломжтой болно. Бүхэл бүтэн долоон сая еврогийн үнэтэй тоног төхөөрөмж суурилагдахаар хүлээж байна. Бид үүнийг хийснээрээ хавдрын тусламж үйлчилгээний чанарт цоо шинэ эрин үеийг эхлүүлэх гээд байна. 2017 онд хийх олон том ажлууд хүлээгдэж байна. Гэтэл энэ барилгатай бүх юм холбогдоод зогсчихоод байна. “Суурь” гэж компаниас болж цаашид хэдэн хүн амь насаа алдахыг бид хэлж мэдэхгүй байна. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ компаниас болж олон хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна шүү дээ.