Оршил. “Сум” агссан өрсөлдөгчид

АН-ын даргын уралдаан ид явж байна. Намын удирдлага нь тэдэнд Чингисийн дайчдын гол зэвсэг байсан нумны сум нэжгээдийг бэлгэдэл байдлаар гардуулснаас үүдэн “Таван сумт”, “Сумтай тав”, “Сумтай гар” гэхчлэнгийн  наргиантай нэр цол хүртэл гарчээ. Хуучин цагт уртаашаа ганц “Сум” Даашкатай байсан бол одоо тавын таван “сумт”-тай болж хэмээн егөөдөх нь ч байна. Алунгоо эхийн домогт таван хүүгээ багцалсан сум мэт нэг баг болж явахыг ерөөсөн гэдэг. Гэтэл дөрөв нь ялагдаж зөвхөн нэг нь үлдэх дүрэмтэй “дажин”-гийн  таван оролцогчид  нэжгээд сум өгсөн нь харин ч өөр утга илэрхийлэх тул “Үлдсэн сумаар нь хэнийг?” гэсэн наргиантай асуулт хүртэл гарч.  Ер нь бол хэнийг сонгох нь намын гишүүдийн саналаас хамаарна гэдгийг бэлээхнээ мэднэ.  Харин намын гишүүдийн санал хэнээс хамаарах вэ...?

I.Дэлхийн шинэ дэг журамгүй байдал

Энэ нэр томъёог ВВС  иш татан хэрэглэсэн байна.  “Дэлхийн шинэ дэг ёс”,  “ардчиллын шинэ дэг журам” гэхчлэнгийн, дэлхийн хоёрдугаар дайн  болон хүйтэн дайн дууссны дараагаар гарсан улс төрийн хэллэгүүдийг  сөргүүлсэн томъёолол. Ардчилал өөртөө олон сул талтай, түүний нэг нь маш олон чухал зүйлийг хуульчлахын оронд  иргэдийнхээ ёс суртахуун, хүн чанарт даатган орхидог явдал юм. Хатуу хил хязгаар, тусгаарлагдсан бүсүүд дотор өөр өөрийн ёс суртахуун, нийгмийн хөгжлийн түвшин нь энэхүү үнэт зүйлээ  тэндээ хадгалаад тус тусын диваажиндаа орших боломж олгож ирсэн бололтой байна. Харин XXI зууны технологийн дэвшил, дэлхий хавтгай болох үзэгдэл нь хүн төрөлхтнийг хонь хурга нийлсэн мэт нэг тогоонд хутгаж, хил хязгаар, улс улсын өөрийн хууль ба ёс суртахууныг нэмэр багатай зүйл болгосон бололтой.

Чухамдаа, ардчиллын “Ахиллын өсгий” болсон “нийгмийн гишүүдийн ёс суртахуунаар зохицуулагддаг” хэсэг үүнээс болж шархдсан байна. Тухайн нийгмийн үнэт зүйлсийг цогцлоодог нийтлэг ёс суртахуунд “дүрвэгчдийн” янз бүрийн түвшинтэй ёс суртахуун нөлөөлж, энэ нь улс  төрийн шийдлүүдэд тусгалаа олж эхлэв. Энд яг дүрвэгч хүмүүсийг биш, тэдэнтэй тэдэнгүй тал талруу нэвчиж яваа янз янзын ёс суртахууны дүрвэлтийг хэлж байна. Бас сайн ба муу ёс суртахуун, шашин суртлын ялгаа гэсэн утгаар бус, харин иргэншлийн янз янз түвшинд яваа ёс суртахууны үнэт зүйлсийн нийтлэгүүд гэдэг утгаар хэлж байна. Мөн ийм ёс суртахууны дүрвэлтээс айсандаа, өөр өөрийн ёс суртлыг хамгаалан гаргаж байгаа Бриксит мэтийн шийдлүүдийг ч бас хамааруулж болно.  Үүний улмаас “дүрвэж яваа ёс суртахуун” ба түүнээс үүдсэн айдас дээр тоглож болох нэгэн шинэ зам дэлхийн улс төрийн тоглоомд нээгдсэн бололтой байна.



Магадгүй үүнээс үүдэлтэй байх, өнгөрөгч 2016 оныг “Путины бадралын жил” болов хэмээн дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд онцолж байна. Тэрээр, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд Англичуудын сонголт, Европын холбооны хэтийн заяа тавиланд хүртэл нөлөөлж чадлаа хэмээн үзсэн байх юм. Хэдийгээр, америкчууд ардчилал нь эргээд хэдхэн ураг овог ноёлдог хаант засаг шиг болоод, төрийн эрхэнд байгаа нам солигдхын оронд, Клинтоныхон, Бушийнхан гэхчлэнгийн эрх баригч овог солигддог болсонд шаралхсан нь үнэнтэй ч гэсэн. Хэдийгээр, Их Британийн иргэд европийн холбоо хэмээх дүрвэмэл-суумал ёс суртахууны холион бантангаас өөрийн  үндэстнээ салгаж үлдээхийг хүссэн  гэдэг нь магадтай ч гэсэн. Эцсийн дүндээ, Путин өөрийнх эсрэг бүлэглэлийг хэн толгойлохыг шийдэж, өөрийнхээ эсрэг бүлэглэлийн бүтэц ямар байхыг зохицуулж харагдаж байгаа нь яах аргагүй бодитой.

Одоо ч Франц болон Германд болох гэж байгаа сонгуулийн дүнг Путинтэй холбон харж байгаа бөгөөд нээрээ ч тиимээ гэх шиг  Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч Марин Ле Пен “Крым бол оросын салшгүй хэсэг мөн” гэж өчигдөрхөн мэдэгдсэн байна.

Өнөөгийн дэлхий ертөнцийг нэг хүн, нэг бүлэг, нэг ёс суртахуун удирдах аргагүй болж байна. Тиим атлаа гаднаас нь  нөлөөлөхөд маш амархан. Өөрөөр хэлбэл зохицуулахад хэцүү, хутгахад амар гэсэн үг. Өөрийгээ удирдахад хэцүү атлаа хүнийг удирдахад амархан ч гэмээр юм уу? Үүнийг л “Дэлхийн шинэ дэг журамгүй байдал” хэмээн нэрлэж байгаа бололтой.

II. Хоёрдугаар “Колонийн задрал”

Манай дэлхий нэг талаасаа глобальчлагдан нийлж байгаа ч нөгөө талаасаа задран салж байна. Европын холбоо ч бараг л хоногоо хүлээх байдалтай. Бүрмөсөн задрахгүй юмаа гэхэд, одоо байгаа дундын үнэт зүйлс дээрээ л лав нэг их удахгүй бололтой. Америк ч гэсэн “Америкийн дэлхий” гэдэг зарчмаасаа илүү “Америкчуудын улс” гэдэг хандлага руугаа чиглэсэн сонголтийг Трампаараа дамжуулан хийж байгаа юм шиг байна.

Ерөнхийдээ том гүрнүүд нөлөөллийн бүсээ задалж, эцсийн дүндээ өөрийгээ авч үлдэх эрмэлзэлтэй болж эхэлж байгаа юм уу. Ийм үзэл олон нийтийн санаа бодолд голлох байртай болж эхэлж байгаа нь ардчилсан ертөнцийн төр засагт эцсийн дүндээ нөлөөлж таарна. ХХ зууны далаад онд томоохон гүрнүүд колонио орхиж, илүү ачаанаасаа салах хөдөлгөөн өрнөсөн.  Үнэн хэрэгтээ “тэжээгчээ алдах” энэ үзэгдлийг манай социалист ертөнцийнхэн колонийн гинжийг тасдан хаяж эрх чөлөөгөө олж байгаа байдлаар сурталчлан ойлгуулж “Колонийн задрал” хэмээн нэрийдэж ирсэн байдаг.

Харин өдгөө “дэлхийн хоёрдугаар Колонийн задрал” эхэлж, хэтэрхий өндөр өртөгтэй нөлөөллийн бүсүүдээс аятайгаар татгалзах үзэгдэл эхэлж байх шиг байна.  Дэлхийн шинэ дэг журамгүй байдал юу сургаж байна вэ гэхээр, эзэлсэн орноо захирдаг цаг өнгөрч, харин эзлэсэн орондоо захирдагддаг цаг ирсэн гэж. Тэгэхээр үүнийг “Колонийхээ нөлөөнөөс чөлөөлөгдөх эрмэлзэл” гэж тодорхойлмоор ч юм уу?

Гачлантай нь иймэрхүү бүсийг зөнд орхих нь ямар их гай зовлон дагуулдгийг Колонийн задралын дараахь Африкийн замнал харуулсан. Ингээд өнөөдөр, авъя гэхнээ авч болохгүй, хаяя гэхнээ хаяж болохгүй нөлөөллийн бүсүүд Ирак, Афганистан, Сири, Ливи...гээд дэлхий дүүрэн. Улс гүрэн биш гүүр, байшин юмсан бол дэлбэлж устгаад ухарч болохсон.

Нөгөө талаас Крымыг нэгтгээд Сирид нөлөөлж буй Орос орон энэ бүхнийг сөрж байгаа ч юм шиг. Нөлөөллөө тэлэхийн хэрээр нөлөөлийнхээ эрхшээлд орж, эрх мэдлийн байр солигддог болоод байгаад тэд ч  харж байгаа. Ийм учраас урьдчилан таахын аргагүй, орос маягийн улс төрийн алхмуудын нэг л байх даа. ХХI  зуун бол дэлхий ертөнц хавтгай болж нэгдсэн глобалчлалын эрин төдийгүй, дэлхийн голлох гүрнүүд нөлөөлийн бүсээсээ аятайхан салахын мөн болсон ИХ ЗАДРАЛ-ын үе бололтой.

Угаасаа өнөөдөр хэн далайд ноёлсон нь тэргүүлдэг асан XIX зуун биш, хэн хуурай газарт ноёлсон нь үгээ хэлдэг ХХ зуун ч бус, харин хэн сансарт буюу технологид ноёлсон нь найраа ахалдаг XXI зуун эхлээд явж байгаа билээ.

III. “Дайсан”-аа захиалдаг сонгууль буюу Монголыг аврах “шунал”

Дэлхий дахин ийм байдал монгол улс дахь АН-ын даргын сонгуульд нөлөөлөх үү, үгүй биз ээ.  Гэхдээ, “хил хязгааргүй эмч нар” гэдэг шиг хил хязгааргүй технологийн эрин үе шүү дээ.

Ардчилсан намын даргын сонгуульд гишүүдийн санал нөлөөтэй, гэхдээ гишүүдийн саналд нөлөөтэй  хүчин зүйлс бий. Яг л Путины эсрэг эвслийн толгойлогч буюу АНУ-ын ерөнхийлөгч хэн байхыг Путин өөрөө сонгож байна гэдэг шиг. Путины эсрэг эвсэл буюу Европын холбооны зохион байгуулалтыг Путин өөрөө шийдэж байна гэдэг шиг.

Үнэхээр л тэгж болсон юм бол, МАН-ын эсрэг эвслийг хэн толгойлохыг МАН өөрөө голлон шийдэж  яагаад болохгүй гэж. Удахгүй ерөнхийлөгчийн сонгууль болно. АН-аас хэн нэр дэвшиж МАН-ы бөхтэй барилдахыг голлон шийдэх хүн энэ сунгаагаар тодорно. Тэгэхээр  АН-ын даргын сонгууль бол үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулийн оршил сонгууль.  Чухам энэ сонгуулиар “ам угтуулд гарах захиалгат бөхийг нь гаргаж өгөх хүн АН-ын толгойд гараасай” хэмээн МАН хүсч яагаад болохгүй гэж. Хүсэх төдийгүй, хүслээ биелүүлэхээр ажиллаж яагаад болохгүй гэж.  МАН-ын үгнээс гарахгүй байх шалтгаантай хүний эрэлд гараад, олоод АН-ын даргад дэвшүүлсэн байж яагаад болохгүй гэж. Бөмбөрцгийн нөгөө бөөрөнд болж байгаа сонгуулийг энэ бөөрнөөс зохицуулж болоод  байгаа шиг юм болж яагаад болохгүй гэж. Нөлөөлөл мэдээж, янз бүрийн наймааны дүрмээр л хийгдэх байх. Гэхдээ монгол хүнд юу ч нөлөөлөх аргагүй болгодог нэг зүйл бас бий.

...Би нэг юманд бас найдаж байгаа. Бурхан болооч С.Зориг “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” байсан. Харин би “Монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг”. Энх-Амгалан хаан гомдоллосон байдаг юм: “Халхууд юу ч өгсөн баярладаггүй, ханана чадна гэж байхгүй” хэмээн. Чухам энэ хязгааргүй шунал л биднийг бүрмөсөн худалдагдахаас, Манж байтугаад нь үүрд үнэнч үлдэхээс авардаг. Хэдийг ч өгсөн голдог, дутуу санагддаг, авснаасаа болж ёс суртахууны өрөнд өөрийгээ унагадаггүй энэ чанар л биднийг худалдагдашгүй болгодог юм, сонин шүү.

Мөнгө тарааж байгаа гэсэн яриа хөөрөө явж л байна. Мөнгө тараалтын эх үүсвэрийг дотоодын болон гадааны эх үүсвэртэй ч гэж хардаж л байна.  Яг тарааж байна гэхээр авсан нь аваагүй, өгсөн нь өгөөгүй гэлцээд нүдээ цавчихгүй бүлтрэнэ. Тэгэхээр өөр өнцгөөс ярьцгаая. 

Жишээлэхэд, саналаа өгөх эрхтэй жирийн гишүүнд 50,000 төгрөг амлалаа гэж бодъё, гадуур цуураад байгаа шиг.  Гэтэл, ямар ч монгол хүн өөрийгээ 20-хон доллараар үнэлэхийг доромжлол гэж үзнэ. Дээр нь өөрөөс нь дээгүүр байгаа зарим этгээд ав адилхан ганцхан саналынхаа төлөө 100.000, магадгүй саяыг авч байгааг ч анзаарна. Энэ үйлдэл “чам шиг юмны санал үсрээд л 50 цаас” гэсэн доромжлол байгааг ч харна. Гэхдээ энэ бүхнээ хэлчихвэл тавин цаас ч үгүй хоцорно гэдгийг бас мэднэ. Тиим болохоор, шүдээ зууж байгаад 50 цаасыг нь авчихаад, харин саналаа өгөхдөө хонзонгоо тайлж чадна.

Воо.. энийг л хэлээд байгаа юм. Адам Смит хэлсэн юм, хүн болгоны амиа хичээсэн хувийн сонирхол эцсийн дүндээ хүн төрөлхтний сайн сайхныг бүтээдэг “үл үзэгдэх гар” болдог тухай. Харин өөрийгээ “30 мөнгөн зоос”-оор үнэлүүлсэн хүн  маань Адам Смитын өмнө байтугаа Бурханы өмнө “Би өгснийг авснаас биш эс өгснийг аваагүй” гэж мэлзэх эрхтэй үлдэнэ. Тийм болохоор л “Монгол хүний хязгааргүй шуналд найдах”-аас өөр аргагүй.

Хүнд заясан болгон эцсийн дүндээ сайн сайхны зорилготой. Хэрвээ монголчуудыг энэхүү цэвэр шуналаа, эх орон ард түмний нэр барьсан балиар халхавчнаас нь гаргаад хаячихад л хувь хүний сонирхол тэргүүлэх зэрэгтэй америк маягийн нийгэм шууд л цогцолно, харж байгаарай. Шунал гэгч зүйл болбоос юманд боохоор л бузар болчихдогоос биш цэврээрээ бол Бурхнаас заяасан л зүйл шүү дээ... “Хүнд заясан болгоноос би цэрвэдэггүй. Учир нь би хүн” (Homo sum, humani nihil a me alienum puto) гэж мэргэд хүртэл сургажээ.

...Юунд ч боож хиртүүлээгүй ариун шуналаараа андгайлъя: Би монгол хүний хязгааргүй шуналд итгэдэг.