Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоо ямар нөлөөтэй вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” олон улсын бага хурлын үеэр Сангийн яамнаас орон нутгийн төсвийн орлого 2009 онд 283.1 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 2.0 их наяд төгрөгт хүрснээр төвлөрлийг сааруулах томоохон бодлого болж чадсан гэдгийг илэрхийлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” олон улсын бага хурлын үеэр Сангийн яамнаас орон нутгийн төсвийн орлого 2009 онд 283.1 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 2.0 их наяд төгрөгт хүрснээр төвлөрлийг сааруулах томоохон бодлого болж чадсан гэдгийг илэрхийлж байсан юм. Орон нутаг өөрийн мэдэлд зарцуулах хөрөнгөтэй болж, иргэдэд тустай хөрөнгө оруулалтууд хийгдэж, хөгжил дэвшил дэргэд хүрээд ирэхээр хот хүрээ рүү тэмүүүлэх хүмүүсийн урсгал эрс багасч, тэр ч байтугай хөдөөнөөс хот руу шилжигсдийн тоо нэмэгдэж байгаа талаар өмнө дурдсан. Тэр ч байтугай Шведэд амьдардаг байсан монгол хүн байдал өөр болж, орон нутгийн хөгжилд анхаарч хөрөнгө зарцуулдаг болсон талаар дуулаад нутгаадаа буцна гээд шууд хөдөө гэртээ очсон тухай сайхан яриа ч энэ үеэр хөндөгдсөн. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баасандорж Орон нутгийн нэгдсэн сангийн хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулах талаар багийн засаг дарга, нийгмийн ажилтан нараар дамжуулан айл бүрээс санал авч, баг тус бүр дээр иргэдтэй уулзаж, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоо, иргэд, Иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төслийн санал авч ажлуудаа хийснээ онцолж байв. Бичигт, Хайрхан багуудын 0.4 кВын шугам сүлжээний засвар хийж, үйлдвэрийн бүсэд 250 кВ-ын трансформатор шинээр суурилуулж, шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжид зориулж аймгийн давсан орлогоос 50 сая төгрөг зарцуулснаар эхний ээлжинд 140 хашаанд цахилгаан авах боломж бүрдүүлсэн ажээ.
Мөн аймгийн төвийнхөө хүчдэл байнга унадаг зургаан трансформаторыг бүх тоноглолын хамт солихоор төлөвлөж гурвыг нь шинээр сольж, үлдсэн гурваа шинэчлэх ажил дээрээ яваа юм байна. Гэрэлтүүлгийн ажил энгийн мэт боловч цаанаа олон сайн үр дагаврыг дагуулж байдаг жижигддэггүй өөрчлөлт. Тэгвэл аймгийн төвд 2012 оны эцэст 355 гэрлийн шонд 600 гэрэлтүүлэг байсан бол 2015 оны байдлаар 855 шонд 1985 гэрэлтүүлэг байгаа гэсэн статистик байна. Өөрийн аймгийн туршлагаасаа хуваалцаж байгаа Д.Баасандорж төлөөлөгч Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан нь орон нутагт иргэдийн оролцоо, шууд ардчилал хөгжих хөшүүрэг болохоос гадна ажлын байрыг бий болгож, ажил олгогч болон иргэдийн амьжиргаанд бодит нэмэр болж байна хэмээсэн. Мөн иргэд асуудлаа өөрсдөө тодорхойлдог болсон нь илүү бодитой хандлагыг бий болгож, өөрсдийн гаргасан саналын дагуу өөрсдөө хийж бүтээж, үр шимийг хүртэх боломжийг энэхүү орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгсөн явдал олгож байна хэмээж байлаа.
Харин ХУД-ийн ИТХ-ын даргаар өнгөрсөн дөрвөн жилд ажиллаж байсан Д.Батбилэг нийслэлд анх удаа Үндсэн дүрэмтэй дүүрэг болох санаачилгыг гаргаж, хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцсан юм. 2015 оны гуравдугаар сараас эхлэн энэхүү дүрмийн төслөө боловсруулан ИТХ-ын төлөөлөгч, хороодын ИНХ-ын дарга, засаг дарга нараас гадна хороодынхоо саналыг авч энэхүү дүрмийн төслөө бэлэн болгожээ. Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжинд тусгайлан тусгагдаагүй зарим харилцааг энэхүү дүүргийн дүрмээр зохицуулах зорилготой байсан ажээ. Энэхүү дүрэмдээ Иргэний танхимдаа иргэдээ сонсох цагтай болгохоор төлөвлөжээ. Иргэдээс утсаар болон цахимаар саналуудыг хүлээн авч, хэлэлцүүлгийн хуваарьт оруулан, хурлын тухай мэдээллийг 5-7 хоногийн өмнө иргэдэд мэдээллийн самбараар дамжуулан хүргэхийг тусгаж өгсөн аж. Дүүрэг, хорооны захиргаа сар болгон иргэдийг сонсох цагтай болохыг дүрэмдээ заагаад өгчихөөр иргэдийн оролцоог албан байдлаар дэмжсэн хэрэг болжээ. Тэр ч байтугай дүүрэг хорооны асуудал, нийтийн болон хорооны бүлэг хүмүүсийн асуудлыг шийдүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй явдаг иргэддээ хорооны омбудсманууд буюу “их заргач” өргөмжлөлийг албан ёсоор олгож болно гэж дүрмийн төсөлдөө заасан байгаа юм. Дүрмийнхээ энэ хэсгийг танилцуулж байхад эрхгүй нэг зүйл санаанд орж байлаа. ХУД-ийн 1-р хороо буюу 120 мянгатын автобусны буудлын залгаа хэсэг сул талбайд “Алтай констракшн” барилга барих гээд тухайн хорооны иргэд бөөн зарга үүсгэж байсан даа. Тус хорооны 20, 21, 22 дугаар байрны иргэд дэргэд нь байшин барих гэж байна гэснээс гадна мод огтолж, цөөхөн үлдсэн ногоон байгууламжийг үгүй хийх нь гээд ахмадуудаараа толгойлуулаад шүүхээр хүртэл явсан. Шат шатандаа иргэд ялалт байгуулж, улмаар тун хөөрхөн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг тэрхүү газартаа байгуулаад авсан билээ. Хорооныхоо даргатайгаа нийлж аваад барилгын компанийн эсрэг заргалдсан ахмадуудын нэлээд зохион байгуулалтад орж, улмаар тэр газар дээрээ хөрөнгө оруулалтаа шийдэж цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ саяхных юм. Мөн дүүргийн дүрэмд омбудсманууд, хорооны сайн дурын эргүүлүүд, засаг дарга нь ээлжлэн зам талбайгаа эргэж байх талаар заасан юм билээ. СӨХ, албан байгууллагууд өөрийн эзэмшлийн талбайд хяналт тавьж, зөрчил, эвдрэл гарсан даруйд хорооны засаг даргадаа мэдээлэл өгч, хохирлын хэмжээг тогтоож, засч сэлбэх ажлыг хороо хариуцан СӨХ, албан байгууллага, нийслэлийн төсвөөс гаргуулна гээд нарийвчлан заасан нь эзэнгүйдэхийн зовлонгоос гэтэлгэх боломжтой гэж үзжээ.
Дүүргийн дүрмийн тавдугаар бүлэгт оршин суугч иргэдийн эрхийг зааж өгсөн нь анхаарал татна. Санал асуулга, санал хураалтад оролцож, ИНХ-ын хуралдаанд оролцох, мэдээ мэдээллийг авах, хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгөх, гүйцэтгэлийг хянах эрхтэйг дүрэмдээ нарийн зааж өгчээ. Архангай аймгийн Цахир сумынхан мөн өөрийн дүрмээ бий болгож, дагаж мөрдөөд эхэлсэн нь иргэд өөрсдийн санаачлагаараа зохион байгуулалтад орж, оролцоогоо нэмэгдүүлж байгааг харуулж байгаа хэрэг л дээ. Тэдний дүрэм гэхэд долоон зүйл, 41 заалттай. Төсөвт албан газруудын дарга эрхлэгч нарыг ард иргэдээрээ хэлэлцүүлэн, сумын засаг дарга томилно гээд заачихсан нь намын харьяаллаар хэн нэгнийг өөрчлөхөөс ажлын туршлага, ур чадварыг харгалздаг зарчимд шилжүүлэх зорилготой. Хэрэв ингээд сэтгэлтэй, чадвартай хүмүүс ажиллаж байвал сум орон нутаг аандаа хөгжиж, иргэд нь ч сумаа орхиж суурин газрыг зорихгүй, төрсөн дассан нутагтаа амьдарна гэж тэд тооцоолж байгаагаа ярьж байсан. Ер нь бүхий л зүйл нэг нэгтэйгээ уялдаатай, амин холбоотой байдаг. Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгөөд байгаа мэт боловч сүүлийн жилүүдэд хэд хэдэн сумыг эзгүйрүлэн хотыг чиглэн ирж байгаа их хүн урсгалыг багасгаж, төвлөрлийг сааруулах бодит үр дүнтэй гэдгийг тэнд цугларсан олон хүн хэлж байсныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.