"Мөнгөн хурим" гэдэг шиг "мөнгөн ой"-гоо ёслол төгөлдөр, сүрлэг бахдам тэмдэглэсэн энэ сургууль маань МУИС-ийн нэрийн хуудас, нүүр тахлах нэг чухал салбар сургууль нь болж ирсэн, удахгүй ГХЯ-ны нэрийн хуудас болоход тун ойртсон нь энэхүү ойн арга хэмжээнүүдээс харагдлаа.





1991 онд  МУИС-ийн ХБФ-ийн Гадаад хэлний тэнхмийг үндэслэн Олон улсын харилцааны дээд сургууль байгуулсан түүх эхэлдэг. 1993 оны намар энэ сургуулийн дипломат мэргэжлийн анхны opoн тооны багшаар би очиж байлаа. Очоод тун удалгүй ахлах багш, тэнхмийн орлогч эрхлэгчээр, хожим дэд профессороор ажиллаж, нийт 12 жилийг тэр сургуульдаа хоёргүй сэтгэлээр зориулжээ.  



Эрдмийн оргил өөд энэ сургууль намайг хөтөлсөн. Мэдсэн сурснаа залуу хойч үедээ зааж сургана гэдэг үнэхээр хүндтэй, нэр төртэй, хариуцлагатай ажил. Нэмж хийсэн нь гэвэл миний олон арван ном, судалгааны бүтээл, өгүүллүүд байна.  Энэ сургуулийнхаа ид тэгширч яваа 40-өөд насны олон сайхан багш нарыг бэлтгэхэд бага ч болов хувь нэмрээ оруулсан. Олон арван залууст үлгэр дууриал болж, амьдралынх нь зам мөрийг зааж өгсөн хэмээн шавь нар маань үнэлдэг. Чухам энэ л надад төрийн ямар ч дээд шагналаас илүү шагнал юм.  Ямар сайндаа миний шавь, олны танил Бямбасайхан маань "Эрхэм хүндэт Баясах багш аа, эрхэм хүндэт Баярхүү багш аа, эрхэм багш нар аа" хэмээн индэрт баярын үгээ эхэлж байхав дээ.   



Эдүгээ сургууль маань МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэсэн нэртэй. Тусдаа байртай, байршил сайтай, бааз суурь сайтай. Хамгийн гол нь энэ сургуулийг төгсөгчид, бүр тодруулбал бидний гарын шавь нар маань дипломат албаны боловсон хүчний 30 орчим хувийг бүрдүүлж, Гадаад харилцааны дэд сайд, хоёрын хоёр Элчин сайд, ГХЯ-ны газрын дарга, орлогч нар, УИХ-ын хоёрын хоёр түшээг эгнээнээсээ төрүүлчихсэн байгааг саяын ойн үеэр багш нар маань бахдалтайгаар ярьж байлаа. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөрөө бидэнд талархлын үг хэлэхдээ ч тэр баримтаас дурдана билээ.



Гадаад харилцааны сайдын үнэлгээ гэдэг бол нэн чухал, чухлаар барахгүй манай багш, төгсөгчдад урам, итгэл, сэтгэлийн дэм түүнээс илүүгээр хэрхэн хүргэх билээ хэмээн би дотроо баярлаж бахдаж суулаа. Ийм үнэлгээ авсан өөр их дээд сургууль Монголд олонгүй гэдэгт ч итгэлтэй байна.



Сургуулийн түүхэнд нэрээ мөнхөлж Хүндэт өргөмжлөлийг нь хүртсэндээ би туйлаас талархаж байна. Олон зуун шавь нарын минь нүүрийн буян шүү дээ хэмээн хаана ч, хэнд ч хэлнэ л дээ! Бидний байгуулалцсан, анхных нь цагаан толгойг бичилцсэн Олон улсын харилцааны дээд сургуулийн маань хийморийн галын дөл дээшээ улам ихээр бадраг!