ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ БУТАН ОРОН
Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр улс орны хөгжил, ард түмний аз жаргалыг хэмжих нь өрөөсгөл юм. Хүмүүсийн аз жаргалыг эд хөрөнгө, мөнгөөр бус, сэтгэлийн амар амгаланг олсон байдлаар нь дүгнэх нь зөв юм. Аз жаргалын индексээр дэлхийн дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Бутан орон шалгарчээ.
ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ БУТАН ОРОН
Орчин үед улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүн болоннэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмждэг. Энэ үзүүлэлтээр АНУ, Швейцарь, Швед, Норвеги зэрэг өрнөдийн орнууд, азийн Сингапур,Япон зэрэг улсууд тэргүүлдэг. аз жаргалтай орнооор Бутан улс шалгарсан байдаг. Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр улс орны хөгжил, ард түмний аз жаргалыг хэмжих нь өрөөсгөл юм.Хүмүүсийн аз жаргалыг эд хөрөнгө, мөнгөөр бус, сэтгэлийн амар амгаланг олсон байдлаар нь дүгнэх нь зөв юм. Аз жаргалын индексээр дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Бутан орон шалгарчээ.
Эдүгээ Бутан улсын Эзэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ваанчиг хөх тэнгэрийн Монгол орноо анх удаа айлчилж байна. Бутан, Монгол хоёрт нэг адил зүйл буй. Тэр нь хоёулаа азийн Бурханы шашинт орон юм. Бурханы шашин дотроо Их Хөлгөний орон юм. Бутаны онцлог бол хоёрдугаар зуунд Бурханы шашин дэлгэрээд эдүгээ хүртэл тасралтгүй 19 зууны турш Бурханы шажин дэлгэрч хөгжсөн гайхалтай орон юм. Бутан улс үүссэн цагаасаа эхлээд эдүгээ хүртэл гадны элдэв түрэмгийлэл, колоничлол, коммунизмд өртөөгүй,өөрийн соёл түүхээ бат хадгалж чадсан дорно дахины соёлт орон юм.Бурханы шашинт Бутан улс, түүний Эзэн хааны талаар товч өгүүлсү.
Бутан гэдэг үг нь нэг талаас “Друк Юп” буюу “Луугийн орон” гэсэн утгатай нөгөө талаар Бод – Түвд, Анта – хязгаар гэсэн утгатай түвд үг бөгөөд хөрвүүлвэл “Түвдийн хязгаар” гэсэн утгатай үг юм. Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд азийн орон юм.
Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг улстай 605 км, хойд талдаа Хятадулстай 470 км хиллэдэгээс гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.
Бутанд манай эриний өмнөх хоёр мянган жилийн өмнө хүн амьдарч байсан гэдэг. Бурханы шашин Бутанд хоёрдугаар зуунаас эхлэн дэлгэрч эхэлсэн. Түвдийн Соронзон Гомбо хааны үед 627-649 оны хооронд Бутанд Кийёу Лакхан болон Жамбаа Лакхан алдартай буддын хоёр сүм хийдийг барьжээ. Одоо ч гэсэн сүсэгтнүүд энэ хоёр эртний хийдэд эргэл мөргөл хийдэг юм.Түүхийн эх сурвалжийг үзэхэд Бадамсамбуу гэгээнтэн багш наймдугаар зуунд Бутанд амьдарч байжээ. Одоо хүртэл Бадамсамбуу гэгээнтний бясалгаж байсан агуйгууд Бутаны Такцан Лакхан сүмийн ойролцоо Парод байдаг юм.Бутанчууд Бадамсамбуу бурханыг ихэд дээдлэн шүтдэг юм.
13 зууны тэртээ Бадамсамбуу гэгээнтэн: “Хайр нигүүлслийг өр зүрхнээсээ ундрааж чадвал хамаг оршихуй чамайг энхрий үр шигээ ивээн тэтгэнэ. Чин шударга сэтгэлийг баривал чамайг хэн ч сөрж чадахгүй. Хайрлагч бүхэн хайрлагдах жамтай. Өглөгч бүхэн өрнөн дэлгэрэх хувьтай.” хэмээн айлдаж байсныг бурханы шажинтан бид эдүгээ цагт санаж явбал зохистой.
Хэмжээлшгүй эрхт хаант засаглалтай байсан Бутан улс 2007 онд Үндсэн хуульт хаантзасаглалтай улс болсон юм. Одоогийн Эзэн хаан нь Жигмэд Гэсэр Намжил Ваанчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм.
Бутан нь нийт 38 394 ам дөрвөлжин километр газар нутагтай, одооны байдлаар 813 000 хүн амтай юм. Бутаны хүн ам нь бхоти болон түвд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь жонха буюу бхоти хэл.
Бутаны Хаант Улс нь далайн түвшнээс дээш 7554 метр хүртэл өргөгдсөн газарт оршдог бөгөөд Брахмапутра мөрөнийсав газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн дулаан уур амьсгалтай, дээд хэсэг нь нэлээд хүйтэн уур амьсгалтай байдаг. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой. Үнэт улаан мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай.
Бутан улсын эдийн засгийн үндсийг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, шуудангийн марк гурав эзэлдэг.Бутан улс ньхөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 80 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутрага, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөдөг. Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.Байгалийн баялгийн хувьд төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргадаг.Бутан улсын экспорт бол цахилгаан эрчим хүч, гипс, цемент, мод, алим, жимс, мөөг, будаа, үнэт чулуу юм.
Худалдааны гол түнш бол Энэтхэг улс. Бутан Хятадтай бараг худалдаа хийдэггүй. Бутаны нэг онцлог бол хуулиараа тамхи татах, тамхи оруулахыг хориглосон байдаг. Тамхи татвал 175 евроны торгуультай. Бутаны мөнгөний нэгж нь нгултрум. Нэг доллар 85 нгултрумтай тэнцдэг.Бутанд 4007 км засмал зам, 426 гүүр, 50 000 тээврийн хэрэгслэлтэй.
Бутан Энэтхэгтэй онцгой сайн харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн Засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Нийслэл Тхимпху хотод Энэтхэгийн Засгийн газрын Улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байрладаг.Бутаны Засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулдаг.
Бутан улсын Төрийн тэргүүн бөгөөд Зэвсэгт хүчний удирдагч бол Эзэн хаан байдаг . Бутан улсын хууль тогтоогч байгууллага бол Парламент байдаг.
Бутаны үе үеийн эзэн хаадулс орноо зөв замаар хөгжүүлсэн түүхтэй байдаг.
Бутаны гурав дахь хаан Жигмэ Дорж Ваанчиг 1952 онд хаан ширээнд сууж улс орноо шинэчилж өөрчлөх ажлуудыг хийв. Юуны түрүүнд тэр бээр хятадын улаан арми Түвдийг довтолж эзэлснийг анхаарч өөрийн улсыг улаан хятадын аюулаас хамгаалж Энэтхэг улстай энхийн гэрээ байгуулж, хэрэв Хятад улс Бутаны эсрэг довтолвол Энэтхэг улсхамгаалах гэрээ байгуулж,батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар тогтов. Бутан улс1971 онд НҮБ-д элсэж чадлаа.
Бутаны дөрөв дэх хаан Жигмэ Сэнгэ Ваанчиг 1972 онд хаан ширээнд заларч өөрчлөн байгуулалт хийв. Тэр бээр хаалттай байсан улсаа нээж гадаадын жуулчид, сэтгүүлчдийг улсдаа оруулахыг зөвшөөрөв. Улсынхаа дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч цахилгаан, телефон холбоо, радио, зам гүүрийг байгуулав. 1998 онд хааны мэдэлд байсан гүйцэтгэх засаглалыг Сайд нарын кабинетийн мэдэлд шилжүүлэн өглөө. 2002 онд Бутаны үндэсний телевиз байгуулагдав. Улс орны амьдрал сайжрав, дэд бүтэц хөгжив.
2006 онд Бутаны тав дахь хаан Жигмэ Гэсэр Намжил Ваанчиг хаан ширээнд заларч улс орноо ардчилах замд оруулав. Жигмэ хаан бол 1980 онд төрсөн, 26 настайдаа дэлхийн хамгийн залуу хаан болсон байлаа. Тэр бээр парламентийн чуулганыг удирдаж, сонгуулийн хууль, газрын хууль, бусад чухал асуудлуудыг хэлэлцүүлж батлуулав.Тэр бээр гадаад болон дотоодоораялж Бутаны Үндсэн хуулийн төслийг ард түмэндээ сайтар тайлбарлаж байлаа. Залуу хаан 1949 оны Энэтхэгтэй байгуулсан хуучин гэрээг өөрчилж шинэ гэрээг 2007 онд байгуулав. Шинэ парламетийн сонгууль явуулж 2008 онд шинэ парламентийг байгуулж 2008 оны 6-р сард Бутаны шинэ Үндсэн хуулийг батлав.
Бутан улсын Эзэн хаан Жигмэ Гэсэр Намжил Ваанчигийг товч танилцуулвал, тэр бээр 1980 онд төрсөн, эцэг Жигмэ Сэнгэ Ваанчиг хаан, түүний эх Аши Цэрэн Янгдоны ууган хүү болой. Тэр бээр нэг дүү, нэг охин дүүтэй. Жигмэ Намжил Ваанчиг нь Бутанд дунд сургуулиа төгсөөд АНУ болон Их Британий коллежд суралцаж, Английн Оксфордын их сургуулийг төгссөн.Эзэн хаан Жигмэ Намжил Ваанчиг 2011 онд 31 настайдаа 21 настай Жэзун Пематай гэр бүл болсон. Хоёр хүүтэй. Жэзүн Пема бол 1990 онд нийслэл Тимпу хотод төрсөн, Их Британий Лондон хотын их сургуулийг олон улсын харилцаа, сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн өндөр боловсролтой залуу бүсгүй юм.
Бутан орон бол маш их эртний соёлтой, өвөрмэц онцлогтой орон юм. Зарим нэг онцлогийг дурдвал, Бутан улс улс гадаадын жуулчдаас өдөрт 100 ам.долларыг тогтвортой хөгжлийн хураамж болгон авдаг ажээ. Эртнээс хаалттай байсан нууцлаг Бутан орон аажим, аажмаар олон улсад нээлттэй болж байна. Тус улсын түүхэн барилга, буддын сүм хийд, Гималайн үзэсгэлэнт газруудын аялал зэрэг нь олны анхаарлыг татаж, заавал очиж үзэх орнуудын нэг болжээ.
Бутан орныхоо тухай энэ орны иргэд дараах зүйлийг ярьж байна. “Ногоон Бутаныг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн К.Ж.Темпхел хэлэхдээ, "Бутан улсын гол урдаа барьдаг сурталчилгаа бол аз жаргалтай иргэд юм. Миний хувьд байгалийн сайханд нам гүм, тайван байх нь жинхэнэ аз жаргал учир Бутан миний хувьд жаргалын орон" гэжээ. Брэндон Стаунтоны алдарт "Humans of New York" төслийн хэв маягаар зураг дардаг, уран бүтээлч Тандин Фубз " Яг үнэндээ манай орны хүмүүс үнэхээр аз жаргалтай. Бид үнэхээр тайван амьдардаг. Гэхдээ орчин үеийн техник технологиос болж бид байгальтай ойр байхаа мартаж, бага багаар сэтгэл гутралд орж байна. Цахим орчин хүмүүсийг бодит биш зүйлд уруу татаж, мөн чанараас нь холдуулж байна” гэжээ. Бутанд телевиз болон интернет сүлжээ 1999 он хүртэл хориотой байв. Гэвч Бутаны эзэн хаан орчин үеийн мэдээллийн технологийг хориглох нь буруу хэмээн үзэж ард түмэндээ орчин үеийн ертөнцийн соёл иргэншлийг үзэх боломжийг нээж өгчээ. Иймд Бутаныг орчин үеийн телевиз нэвтрүүлсэн сүүлчийн орон гэж үздэг .Бутан улсиргэн бүрийнхээ оюун санааны дотоод ертөнцөд нь анхаарал тавихын тулд 2008 онд "Нийтийн аз жаргалын комисс" буюу “Аз жаргалын яам” байгуулжээ.Хүн амын тооллогын анкет дээр тусгай тэмдэглэгээ байлгах болсон бөгөөд энэ нь таны хэр аз жаргалтай байгаа илтгэх аж.
Хүн амын сэтгэл хангалуун байдал нь улсын хөгжилтэй чухал холбоотой хэмээн Бутаны эрх баригчид үздэг.. Товчоор хэлбэл тус улс дотоодын нийт бүтээгдэхүүн биш дотоодын нийт аз жаргал хэр их байна гэдэг дээр түшиглэн оршин тогтнодог аж
Бутанд орон гэргүй хүн байхгүй, гудамжинд амьдардаг хүн гэж байхгүй. Хэрэв хэн нэгэн хүн амьдрах газаргүй, гэр оронгүй болвол Эзэн хаанд хүсэлт гаргаж хандахад л хангалтай. Эзэн хаан орон гэргүй хүндгазар олгон байшин бариулж, аж ахуй эрхлэх, гар урлал хийх боломж олгодог. Ийм ч учраас Бутанд золбин хүн байдаггүй, гуйлгачин хүн байдаггүй.
Бутанд хувь хүн бүр үнэгүй эмнэлгийн тусламж авах эрхтэй бөгөөд уламжлалт болон орчин үеийн эмчилгээнээс өөрөө сонгон эмчлүүлэх боломжтой.
Бутаны оршин суугчид ямар ч үед үндэсний хувцсаа өмсөхийг илүүд үздэг бөгөөд эрчүүд нь өвдөг шүргэм урт цамц, эмэгтэйчүүд нь урт дээл өмсдөг. Тухайн хүний нийгмийн байр суурийг зүүсэн ороолт нь илтгэдэг бөгөөд энгийн хүмүүс цагаан өнгөтэй ороолт, лам болон олны танил хүмүүс шар өнгөтэй ороолт зүүдэг аж.
Бутаны хаан тамхи тариалах, зарах, татахыг улсдаа бүрэн хориглосон байдаг тул тэнд очоод тамхи худалдаж авах боломжгүй.
Бутанд замын хөдөлгөөний зөрчил байдаггүй, нийслэл хотод замын уулзвар дээр гэрлэн дохио ч байдаггүй.
Бутанд авилгал, архидалт, тамхидалт, хулгай, дээрэм байдаггүй.
Бутанчууд байгаль экологийн тал дээр их анхаарал хандуулдаг бөгөөд жил бүр их хэмжээний мод тарьдаг. 2015 онд Бутаны иргэд нэг цагийн дотор 50 мянган мод тарьж дэлхийн рекордыг тогтоож байжээ
Бутанчууд бараг бүгдээрээ буддын шашинтантул ихэнхи нь цагаан хоолтон хүмүүс. Хоолны гол хачир нь будаа байдаг. Бутанчууд маш хатуу, өвөрмөц амттай улаан өнгийн будааг өөрсдөө ургуулж, хэрэглэдэг.
Бутанд эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг. Хамгийн тод жишээ нь бол бутанчууд эд хөрөнгөө ( газар, байшин, хөрөнгө ) ууган хүүдээ бус, ууган охиндоо өвлүүлдэг уламжлалтай. Бутанд гэрлэсэн эрчүүд эхлээд эхнэрийнхээ гэр оронд эцэг эхтэй нь хамт амьдарч байгаад мөнгөтэй болмогцоо байшинтай болж тусдаа гарч амьдардаг ажээ.
Бутанчууд буддын шашинтай тул тэдний ихэнхи нь цагаан хоолтон байдаг. Учир иймд тэдний хүнсний бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай байдаг.
Бутан бол Хималай нурууны үзэсгэлэнт байгальтай, Буддын гайхалтай сүм хийдтэй, давтагдашгүй түүхтэй, арван хар нүглийг цээрлэдэг, арван цагаан буяныг үйлддэг ариун сэтгэлтэй ард түмэнтэй дэлхийн хамгийн жаргалтай орон юм.
2024.07.13