Биднээс агуу “Хөх толбот”-нууд
Хээр талд ан гөрөө хийж өссөн нүүдэлчин амьдралтай, далайд гарцгүй 45 улсын нэг. Тархай бутархай амьдрах нүүдэлчдийн жишгээр саяхнаас нэг том хотдоо төвлөрч эхэлсэн бөгөөд жил ирэх тутам ганц хот нь “гэрлийн хурд”-аар өргөжин тэлж, орчин үеийн өндөр шилэн барилгуудаар өнгө нэмэх болжээ.
Энэ ямар улс вэ?
Хээр талд ан гөрөө хийж өссөн нүүдэлчин амьдралтай, далайд гарцгүй 45 улсын нэг. Тархай бутархай амьдрах нүүдэлчдийн жишгээр саяхнаас нэг том хотдоо төвлөрч эхэлсэн бөгөөд жил ирэх тутам ганц хот нь “гэрлийн хурд”-аар өргөжин тэлж, орчин үеийн өндөр шилэн барилгуудаар өнгө нэмэх болжээ. Хүн ам хурдацтай өсч буй, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ их. Гол экспорт махны худалдааны дараа, уул уурхай орлогынхон нь гол эх үүсвэрийг бүрдүүлдэг болов. Утасны томьёо нь долоо, зургаа гэсэн тоогоор төгсдөг. Хөрш улсаа дамнасан дэлхийд алдартай говь, цөлтэй. Тэд бас хөх өнгийг билэгддэг. Түүнчлэн, дөнгөж төрсөн хүүхдийн өгзөг нурууг дамнасан хөх толбоороо тивдээ тэргүүлнэ (1883 онд герман эрдэмтэн Эдвин Балцийн тодорхойлсон монголын хөх толбо нь ази, ази номхон далайн зарим улсуудад 90 хувьтай тохиолддог бөгөөд уугуул америкчууд, зүүн болон өмнөд африк, түрк, солонгос, японд ч нилээд өндөр хувьтай тохиолддог).
Дотоодын дайн самуун зөрчил байхгүй энэ улс байгалийн асар их баялагтай. Байгалийн баялагийн ашиглалт тааруу байх үед иргэд нь өндөр хөгжилтэй улс оронд олноор гарч ажилладаг байлаа. Урдаа томоохон соёл иргэншилийн төв болсон улстай. Урд хөрш нь тивийнхээ том эдийн засгаас гадна, дэлхийд хүртэл өрсөлдөх чадвар сайн гэх мэт...
Энэ улсыг таахад амархан байгаа биз?
Юу ч гэсэн цааш нь дэлгэрүүлээд үзье. Энэ улс маань хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байв. Засгийн газар нь тогтвортой, гэрээгээ сайн мөрддөг учраас гадны хөрөнгө оруулагчидтай хэл амаа амархан ололцоно. Тухайн салбарын дэлхийн хамгийн том компанитай гэрээ байгуулж, гадны компанид өндөр хувь өгсөн боловч татвар, рояалтигаа тооцоод үзэхээр эсрэгээр нийт ашгийн 70 хувь нь эх оронд нь үлддэг.
Хэрвээ манай эх оронд улс төр тогтвортой байлаа гэж төсөөлвөл дээрх бүгд яг таарна. Асуултын хариу ч тодорхой. Гэхдээ яг энэ замыг туулж, манай ихэр юм шиг нэг улс байгаа нь Ботсвана юм.
“Африкийн арслан”
Ботсвана улс африк тивд оршдогоороо биднээс ялгарна. Мэдээж дээрх бүгдээс гадна 581.730 км.кв газар нутагтай, 2.1 сая хүн амтай. Адилхан мэт энэ улсыг ердөө л улс төрийн тогтвортой байдал нэг хүнд ноогдох ДНБ-ийг 7000 орчим ам.доллар (1966 онд тусгаар тогтносноос хойш 24 дахин өссөн) болтол өсгөжээ. Манайхаас нэг дахин их.
Ботсвана эрт үеэсээ хүн ам сийрэг суудаг цөлөрхөг нутаг байжээ. Хүн амьтан хорогдох шалтгаан багатай энэ зэлүүд нутагт бушмэн үндэстэн хэдэн үеэрээ амар жимэр аж төрөн суух болсон юм. Ард нь Конго мөрний сав газрыг дамнасан боолын наймаа цэцэглэж байхад Ботсванад юу ч болоогүй мэт нам жим. Баруун талаар нь орших Намиби болон Калахарын асар том цөл нь Атлантын далайгаас ирэх гадны аюулаас хамгаалж байсан гэлтэй. Хэний ч хараанд өртөхөөргүй нутгийн гүнд амьдарч африкчуудын амссан аюул зовлонг мэдрээгүй гэхэд болно. Гэвч удалгүй хүссэн хүсээгүй европуудын хараанд өртсөн юм.
Европууд африкаас цөлмөж болох бүгдийг авч байсан бөгөөд америк тив шиг сууршлын бүс байгуулж чадахгүй байв. Цагаан арьстнуудын оршуулгын газар болсон хумхаа өвчинд европууд хиарч байсан учраас илүү сэрүүн уур амьсгалтай, халууны өвчин багатай одоогийн Өмнөд Африкт анхны суурингуудаа байгуулжээ. Анх Холландууд ирж, удалгүй Британичуудын нөлөө тэлж эхлэв. Алмааз олдсноор Бур (анх ирсэн холландууд)-чууд болон Британий хооронд өрнөсөн дайнд Британичууд ялж,англичууд өөрсдийн нөлөөгөө тэлэх болжээ. Ботсвана энэ үеэс гадны нөлөөнд үнэмлэхүй өртөх болсон юм.
1966 онд Их Британиас тусгаар тогтносны дараа бүх үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн сүүлийн байрыг мушгиж байлаа, тсваначууд (өөрсдийгөө ингэж дууддаг). Нэг хүнд ноогдох ДНБ 280 ам.доллар. Ядаж байхад өмнөд хөршийн уул уурхайн халуурлаар эрчүүд нь ажиллах хүчин болж ихээр гарсны дараа ДОХ-ын тархалт замбараагүй болж, таван хүн тутмын нэг нь ДОХ-той гэдэг судалгаа гарчээ.
Өмнөд Африкаас мөнгө, ДОХ хамтад нь тээсэн юм. Тусгаар тогтнолоо олсны дараа улсын хэмжээнд Их Сургууль төгссөн 22 хүн, дунд сургууль төгссөн 100- гаад хүн байсан гэдэг. Ийм орчиноос тэд өнөөгийн өсөлтийг бий болгожээ.
Хөгжлийн гол хөдөлгүүр нь тогтвортой байдал. 1960-аад оны тусгаар тогтнолын хөдөлгөөн ямар нэг дайн самуунгүй тайван болж, Күэтт Масирэ, Сэрэцэ Хама нарын байгуулсан Ботсваны Ардчилсан Нам төрийн эрхийг авав.
Африкийн бусад орны адил Ерөнхийлөгчөөр Сэрэцэ Хама сонгогдож, удаан хугацаанд төрийн эрх барьлаа. Тухай бүртээ Ардчилсан сонгуулиар сонгогдож байлаа. Африкийн бусад удирдагчдаас өөр байсан Сэрэцэ Хама Өмнөд Африк болон Британид боловсрол эзэмшсэн юм.
Ботсванын Засгийн газар тогтвортой, олон “нүүр”-гүй ажиллахын сацуу эрх баригчдын эрх мэдлийг хязгаарлаж, удирдагчид ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээх тодорхой шалгуурыг тавьжээ. Ботсванын Засгийн газар алсын хараатай, зорилготой ажиллаж гадны чадварлаг зөвлөхүүдтэй тогтмол хамтран ажилладаг. Үүний нэг тодорхой жишээ нь 20 – н жил тутам тодорхойлдог Хөгжлийн Стратеги. Стратегид тулгуурласан “Алсын хараа зөвлөл” хүртэл бий. Мэдлэг, чадвараараа шалгарсан хүмүүс зөвлөлд багтана. ДНБ-ий 30 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг нь манайхаас 10 хувиар илүү юм. Манайхаас илүү уул уурхайн хараат гэсэн үг.
Алмаазны дэлхийн хамгийн том компани De Beers-тэй хамтран Debswana компанийг байгуулж, тавь тавин хувьтай эзэмшдэг. Дэбсвана компани алмаазны 4, нүүрсний 1 уурхайг нээн ажиллуулж буй. Блүүмбэргээр De Beers-ийн тухай нэвтрүүлэг гарч, Ботсванын Засгийн газрын тогтвортой чадварлаг ажиллаж буйг харж болно. Төсөл бүр алсын хараатай, нийт ботсваначууд болон гадныханд ашигтай. Гадныхан буюу улс дамнасан бизнэсмэнүүдийн хүсдэг зүйл тогтвортой байдал, удаан хугацааны хамтын ажиллагаа. Хэн хэндээ ашигтай хувилбараар De Beers 2030 он хүртэл Засгийн газартай гэрээ байгуулж, өөрсдийн төв оффисийг нийслэл Габоронэд авчирж буй талаар Блүүмбэргээр гарч байлаа. Гайхамшигтай гэхээс өөр юу гэхэв.
Далайд гарцгүй улсын эдийн засагт хөрш улсын нөлөө чухал. Тухайлбал, өөрсдөө хичнээн сайн дэд бүтэцтэй байгаад хөрш улс нь далайд гарах гарцад нь тусалж чадахааргүй дэд бүтэцтэй бол агаарын тээврээс өөр дэлхийд гарах гарц хумигдана. Уул уурхайн улс төмөр зам, усан тээвэргүйгээр хөгжил ярих утгагүй.
Тусгаар тогтнох үед 12 км засмал замаас өөр юу ч үгүй зэлүүд нутагт 880 км төмөр зам, эх орноо хэрсэн 10 000 гаруй км засмал зам, 4 – н олон улсын нисэх буудалтай болжээ. Өмнөд Африкийн Иоханнэсбүргт гадны мэргэжилтнүүд онгоцоор буугаад ирдэг үе саяхан мэт. Гэтэл Өмнөд Африктай Ботсванаас гадна далайд гарцгүй Лэсото, Свазиланд, Зимбабве, Замби, далайд гарцтай Намиби, Мозамбик хиллэдэг. Эдгээр улсын аль нь ч хөгжил, дэд бүтэц сайтай хөрш улсаа ашиглаж чадаагүй.
Коммунизм нурахад хүртэл баруун европтой хамгийн ойр улсууд Словен, Хорват, Чех, Польш, Унгар улсууд хөрш орны нөлөөгөө ашигласан түүх бий. Одоог хүртэл хуучин коммунист улсуудаасаа хамгийн хөгжилтэй нь эдгээр улсууд. Ботсвана хүртэл түүхээсээ улбаалан урд хөрш Өмнөд Африкт “дургуй”. Манайхтай төстэй байгаа биз. Сэсил Родсын түрэмгийлэл (өөрийнхөө нэрээр өнөөгийн Зимбабвег нэрлэж байсан амбицтай нөхөр), Бурын 1, 2-р дайн, ДОХ-ын халдвараас болоод жийрхдэг.
Гээд “комплекс”(дургүйцлээ)-оо эдийн засгийн хамтын ажиллагаанд нуун хавчуулж сэв суулгаагүй. Хөрш Намиби нь 1990 онд Өмнөд Африкаас тусгаар тогтнолоо олж байсан гэхээр Ботсванын бодит аюул байсан нь ойлгомжтой.
Ингээд харахаар амжилтын хамгийн гол шалгуур бол засаглал. Ботсвана манай улс хоёрт засаглалын ялгаа л буй. Бусад бүх талаараа адилхан. Ямарч салбарт засаглал сайн бол өсөлт гардаг.
Ботсванаас суралцая
Үсрэнгүй хөгжлийн үр дүнд дэлхийн том эдийн засгийн эгнээнд орсон азийн зарим улс орныг “Азийн бар улс” гэж онцолдог байсан бол уг нэршил африк руу эргэжээ. “Азийн бар” гэж тухайн тивийн хамгийн хүчирхэг амьтанаар билэгдэж нэрлэсэн нэршил, баргүй тивийг өөрсдийн хүчирхэг амьтан арслангаар төлөөлж “Африкийн арслан” гэж нэрлэх болсон юм. Ботсвана бол “африкийн арслан” улс.
Уг нь африк баян. Орчин үеийн технологийн бүхий л эд анги, автомашин, нисэх онгоц болон бидний амьдралд энгийн үзэгдэл болсон голлох бүтээгдэхүүний түүхий эдийн дийлэнх хувийг африкаас олборлодог. Гэвч энэ боломжийг тэд хоорондоо дайтаж булаалдсаар алдаж, иргэд нь эх орноосоо дүрвэх сонирхол ихэсчээ. Пол Коллиерийн “Адагт үлдсэн тэрбум” номон дээрх судалгаагаар 1950 оноос хойш африкийн эдийн засаг 5 хувь буурсан гэж үзсэн байдаг.
Тогтворгүй засаглалтай учраас хичнээн сайн бодлого гаргаад ямарч нэмэр болдоггүй. Гаднаасаа ялгаагүй мэт улс орнууд засаглалын ялгаатай байдлаасаа болж ирээдүй нь өөрчлөгддөг. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулсан бол өмч нь хамгаалагдсан эсэхэд итгэлтэй байх шаардлагатай. Гэтэл бусдын мөнгийг авчихаад гэрээнээсээ буцдаг улсууд африкаар дүүрэн. Харин Ботсваны жишгээр африкийн бусад улс орнууд засаглалдаа гол анхаарал хандуулах болов. Гана, Руанда, Кени, Мавритани тодорхой хэмжээний өсөлт гаргаж байна. Цаашдаа ч өсөх, тогтвортой байх хандлага ажиглагдсаар. Гуравдагч ертөнц гэж ад үзэгддэг Төв болон Өмнөд Америкт томоохон өсөлттэй улсууд гарч ирсээр. Үнэндээ бид л хоцорч байна.
Ботсваны хөрш улс болох Намиби, Мозамбик сүүлийн жилүүдэд амжилтаараа мөн ялгарах болов. Мозамбик 10 – н жилийн өмнө нэг хүнд ноогдох ДНБ 150 ам.доллартай тэнцэхүйц үгээгүй ядуу улс байлаа. Нэг жилд нэг мозамбик хүн 150-хан доллар өөртөө зарцуулдаг. Муу бүхний жишээ болдог Мозамбикчууд хөршөөсөө суралцаж байна. Ботсвана 2016 оны байдлаар баян чинээлэг, 2010 онд Хөлбөмбөгийн Дэлхийн аваргыг зохион байгуулж бэл бэлчингээ харуулж байсан Өмнөд Африкаас нэг хүнд ноогдох ДНБ-ээр илүү байна.
Хөх тэнгэрээс заяат хөх толботнууд бид өөрсдийгөө агуу түүхтэй, агуу хувь заяатай гэдэгт итгэдэг. Гэхдээ агуу бүхэн маань одоо цаг үед тохиохгүй байгаа нь гачилантай. Бид арчаагүй байгаагаа хүлээн зөвшөөрч, бодит байдалтайгаа эвлэрэх хатуу үе ирчихээд байна.
Бид түүхээрээ агуу байж болох юм. Харин орчин үеийн түүхийг биднээс илүү өөр нэгэн хөх толботнууд (Ботсвана бол өгзөг нурууг дамнасан нярайн хөх толбоороо африкт тэргүүлдэг) африкт бүтээж байна. Одоо бол бидэн шиг хоосон цээжээ дэлдсэн хөх толботнуудыг биш ирээдүйн түүхийг бүтээж буй африкийн хөх толботнуудыг агуу гэнэ.
зочин
коми
профессор Намид М.
Өвгөн Балдан
Bagi
Зочин
Зочин