Ойрхи Дорнод судлалын сэдэвт онгон дагшин түүхэн газруудын тухай танилцуулгаа энэ удаа Бейтха-Тфуцот буюу Жүүдийн диаспора музей (Beit Hatfutsot, the Museum of the Jewish People) гэдгээр үргэлжлүүлье. Диаспора музей нь 1978 онд Бүх дэлхийн жүүдийн конгрессын ерөнхийлөгч  доктор Нахум Гольдманы санаачилгаар байгуулагдсан, эдүгээ Тель-Авивын их сургуулийн хотхонд байрладаг, жүүдийн ертөнцөд бол хүндтэй байрыг эзлэх нэгэн онгон дагшин газар билээ. Саяхных мөртлөө яагаад онголов гэж сонирхож болно. Энд эртний, түүхэн, ховор  гэдэг тэр утгаа үзмэртээ шингээснийг нь хэлж байгаа юм. Хүн төрөлхтний 4000 жилийн түүхнээ, хүн төрөлхтний 2000 жилийн соёлд жүүдүүд ямар хувь нэмэр оруулсан бэ гэдэгт энэ музей хариу өгнө. 

Бид Херцлиа хотоос гарч Мордехай Намирын хурдны замаар давхисаар зам салж Алберт Эйнштэйний замаар орж зүүн тийш эргэн Тель-Авивын их сургуулийн хотхоны баруун хашаанд туллаа. Цаашаа хэсэгхэн яваад зорьсон нөгөө музейдээ очлоо. Музейг Бүх дэлхийн жүүдийн конгресстой хамтран Жүүдийн агентлаг, мөн энэ их сургууль хамтран байгуулалцжээ.  Зураг дээр Тель-Авивын өглөө. Энэтуслах замаар бид цаашаа уруудлаа.


Музейн үзмэр үзүүлэнгүүдийн гол автор нь Абба Ковнер гэдэг эрдэмтэн. Тэрээр сэдэвчилж (он цагийн дарааллаар бус) жүүдүүдийн түүхийг харуулах санааг дэвшүүлж, өөрөө тайлбаруудыг зохиож өгсөн аж. Диаспора гэдгийг ертөнц гээд буулгачихаж болно. Бүх дэлхийгээр тарсан жүүд нарын тухай өгүүлэх тул ертөнц гэж үг оруулж байна. Музейн гол хаалганы өмнө.


Энэ бол музейн гол танхимд буй үзмэр – Менора.  Гэрэлтүүлэгч гэсэн үг, 7 лааны нэг суурь. Библийн сударт өгүүлснээр бол, алтаар урласан ийм лааны суурь 2000 жилийн тэртээ Иерусалимын гол сүмд шашных нь гол бэлгэдэл болон байдаг байж, хожим нь сүмтэйгээ цуг гадныхны халдлагад өртөж сүйджээ. Эдүгээ энэ лааны суурь Израиль Улсын төрийн сүлд дээр мөнхрөөстэй. Хүн төрөлхтөн 3 дахь мянганаа угтаад 12 жил болох гэж байна, “0000” оноос манай түүхийн тооллын эрин үе эхэлдэг гээд бодоход 0073- 1948 онд жүүдийн төрт-улсыг устгаж үгүй хийгээд жүүд нар даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан энэ үндэстэн “Менора” гэх энэ 7 лааны сууриа цээжиндээ тээж, зүрхэндээ хадгалсаар 1948 онд НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөнд төрт-улсыг нь сэргээж өгөхөд  “Менора”-гаа уугуул нутагтаа авчирч залжээ.


Дэлхийд үеийн үед, бүх түүхэндээ хамгийн ихээр хэлмэгдэж явсан үндэстэн бол жүүдүүд. Үнэндээ манайхны мэддэг тэр Октябрийн хувьсгалын дараахи ард иргэний дайн, Сталины яргалал, тэр нацистуудын яргалал бол ердөө л нэг хэсэг нь. Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Түүнд хариулт болох зураг энэ байна. “Жүүд гэр бүлийн амьдралын тойрог” – Польшид суугаа жүүдэцэг эх хоёр 4 хүүтэй. Ууган хүү нь Варшавт дэлгүүрийн эзэн, удаахи  хүү нь Октябрийн хувьсгалын удирдагч–большевик, гутгаар хүү нь Палестинд аюулгүйн албанд хамгаалагч, отгон хүү нь Нью-Йоркт хувийн оёдолчин, цаашаа салбарлавал удам судар нь дэлхийг бүрхэхээр.


Эндхийн байнгын үзмэр нь жүүдийн ард түмний амьдралыг зураг, видеофильм, аудио хэлбэрээр харуулсан байх ба сэдэвчилсэн гэвэл “Жүүд гэр бүлийн амьдралын тойрог”, “Хамтын нийгэмлэг”, “Итгэл үнэмшил”, “Бусад улс түмний дотор”, “Эх нутагтаа эргэж ирцгээсэн нь”, “Зион” гэх мэт салбарлана. 1948 оноос хойш энэ оронд төрж өссөн бүх хүнд, дэлхийн бүх жүүд нарт, тэдний хойч залуу үеийнхэнд жүүдийн ард түмний тархалт, хэлхээ холбоо, өв уламжлалыг таниулах үүрэгтэй.  Улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлээд Г.Киссенжерийг хүрнэ. Зураг дээрхи Оросын большевик хувьсгалын энэ удирдагчаар – Троцкий, Зиновьев, Каменев, Урицкий, Сокольников,  Свердловыг (В.И.Лениний эх жүүд гаралтайг энд тооцсонгүй) төлөөлүүлж ойлгож болно. Меньшевик Аксельрод, Дейч, Мартов, Либер, эсерүүдийн удирдагчид гээд бараг бүгд жүүд байлаа.


Иракийн Багдадын жүүд гэр бүл гурван хүүхэдтэй. Ууган хүү нь Британид банкир, удаахи хүү нь Ирак дахь Британийн колонийн засаг захиргааны албан хаагч, отгон охин нь Хонконгод алт эрдэнэсийн дэлгүүрийн эзний гэргий. Салбарлавал бас л дэлхийг бүрхэхээр. “Багдадын жүүд” гэдэг шиг “Да хүрээний жүүд” гэсэн лавлах картотек үзсэн хэмээн найз Ж.Баясах маань 1995 онд Израиль явж ирээд ярьж байсансан.  Да хүрээний жүүдүүд гэж 150 орчим иргэн ХХ зууны эхээр Монголд, ихэвчлэн наймаа арилжаа, цагчин, оёдолчин, үсчин хийж байсан юм болов уу. Тэр мэдээллийг олохоор би 1996 онд энэ музейд очоод картотекээр нь хайгаад үзтэл “Улаан -Үдийн еврей” гэсэн баахан мэдээлэл гарч ирж билээ. Сая явахдаа энэ тухай лавлах цаг гарсангүй.


Тель-Авив дахь энэ музейд даян дэлхийн жүүдүүдийн түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд үзмэр үзүүлэнгээрээ байгаагийн дотор энэ самбар гол байр эзэлнэ. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Эйнштэйнээс эхлүүлээд тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн ба онолын физикчид, химичэд бараг бүгдээрээ, Нобелээс өмнөх гэвэл Нострадамус гэсгээд бас хэд хэдийг тоочиж болно. Өмнөх тайлбарт би Монгол дахь жүүдүүдийн түүхээс бяцхан хөндөөдөхлөө. Манайхны “местний оросууд” гэж нэрлээд байдаг нутгийн орос цагаачдын нэлээд нь жүүд нар байсныг хэлсэн хэрэг. Тэднийг антисемитист Барон Унгерн хядаж дуусгасан гэж түүхэнд бичсэн байдаг. Бүр эртний түүх хөөгөөд үзвэл, надад олдсон мэдээллээр 800 жилийн тэртээ Монголд еврейн суурьшил үүсчээ. Эзэнт гүрний нийслэл Хархорумд гадны өдий төдий худалдаачид, гар урчууд, шашны төлөөлөгчид байсны дотор жүүдүүд байсан гэж Оросын судлаач жүүд Лебедь гэгч бичжээ. Эзэнт гүрний нийслэл Хархорумаас Бээжин рүү шилжсэний дараа тэдний тухай мэдээлэл тасарчээ. Тэгснээ XIX зууны хуучдаар Өргөөний еврейчүүд (российские евреи, живущие в Урге) гэх мэдээ Оросын хэвлэлүүдэд үзэгдэх болжээ.


Гэтэл урлагт Чаплин, Эйзенштейн, Быстрицкая, Дунаевский, Райкин, Ростропович, Сталлоне, Харрисон Форд... Энд хэдэн зуугаар тоологдох суутнуудын тухай ярьж байна. Энэ музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд би дотроо бодож явдаг юм. Оросоос Примаков, Фрадков, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Кобзон, Абрамович, Каспаров, эсвэл АНУ-аас Олбрайт, Сорос,Францаас Саркози, Кушнер, Британиас Милибэнд нар хожим нэмэгдэнэ.


Варшав, Багдадын жүүд нар халуун ам бүлээрээ цуглараад буй хошин зураг. Голд нь энэ улсыг үндэслэгч Бен Гурионыг суулгачихаж. Ингэж л хэдэн талаасаа энд ирж эх орон, гал голомтоо дахин бадраасан юм болов уу. Энд мөн л хэдэн зуу мянгаар тоологдох суутнуудын тухай ярьж байна. Нью-Йоркийн Уолл Стритийн банкирууд, дэлхийн гол гол биржийн эзэд, Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа нь бүгд жүүдүүдийнх.


Хэдэн талаасаа энд ирж гал голомтоо дахин бадраахын өмнөх Араб, лалын орнуудад жүүдүүд ингэж тархан суурьшиж байжээ.  Жүүдийн хэбрөү хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ бий. Үүнийг суу билэг гэж ойлгож болно.


Иерусалимын хуучин хот. Эрт дээр үед иймэрхүү хот байжээ хэмээн уран санаагаар дүрсэлж зурсан зураг. Энэ газрыг онголж жүүд, лал, христосын гурван шашинтан гурван талаас нь булаацалдсаар өнөөг хүрсэн. Хэрмэн дотор алтан оройт лалын мечеть байна. Энэ бол нөгөө хадан цохионы хэлтэрхийг хадгалж буй Dome of the Rock гэгч бололтой. Зөнч Мухаммед тэнгэрт халчихаад саран дээрээс морьтойгоо дэлхийд эргэж үсэрч буусан газрын чулуу гээд шилэн хоргонд хийгээд онголчихсон мусульманчууд мөргөөд салахгүй байхыг би харсан юмдаг. Тэгээд ч Иерусалимыг их зөнч маань лалын шашны гурав дахь (Мекка, Мединагийн дараагийн)онгон дагшин газар гэж гэрээсэлжээ.


Энэ бол баримал, эсвэл хөөмөл ч байж болно. Диаспора музейтэй хамааралгүй. Урлагийн уран сэтгэмжийн бүтээл. Музейгээс зайдуу газар үзэсгэлэн болгож гаргаад, зарж байхад нь би зургийг нь авсан юм. Жүүдийн зовлонгийн түүхийг уран барималд буулгажээ гэж үзэж болно. Хэвтэж байгаа нь Исүс юм болов уу.


Цовдлуулахын өмнөх Исүс. Гинжлэгдсэн Исүс Ромын ялан дийлсэн их хүчирхийллийн бэлгэдэл – баганыг нурааж байна. Урлагийн хосгүй бүтээлийн нэг байна.


Гарын алган дээрээ дэлхийн бөмбөрцгийг тавьсан үйлийн үртэн, их аврагч, нигүүлсэгч, хэн ч юм бэ дээ, урлагийн хосгүй бүтээлийн нэг гаргцаагүй мөн байна.


Гинжлүүлсэн, цовдлуулсан, хөлөө тайруулсан, өрөөсөн гартай, тас юм уу бүргэдэд бариулж буй хүн гээд есөн шидийн ийм баримал, хөөмөл тэнд зөндөө байна лээ.


Энэ бас нэг хосгүй бүтээл байна. Гипсээр урласан нүцгэн хүмүүс, тэдний нүдний харц, нүүрний өнгө будаг, биеийг өнгө ялгаж эрээлсэн гээд үзвэл хийсвэр урлагийн лут бүтээл аж. Үнэ нь талийж өгнө. Энэ мэт үзмэрийг бүгдийг энд үзүүлэх албагүй тул тэр аяллаа өндөрлөөд музей руугаа оръё.


Дэлхийд хамгийн их цэрэг-эх оронч хийрхэлд нэвтэрсэн орон бол энэ Израиль болов уу. Охид бүсгүйчүүд бүх нийтээрээ заавал хоёр жил цэргийн алба хааж байж дээд сургуулийн босго алхах хуультай. Эрчүүд нь гурван жил. Тэдэнтэй цэргийн анги дээр бус, хаа л бол хаана тааралдана. Диаспора музейн нэг танхимд цэргүүд нэг үзмэрийн өмнө ингээд сууцгааж байлаа. Тэдний төрөлх хэлээр их л чухал түүх ярьж өгч байгаа бололтой.


Музейн доод давхрын гол чөлөөнд зэвсэг агссан эр эм цэргүүд олноороо холхиж таарлаа. Дээр нэгэнт Өргөөний еврейчүүд гэж хөндсөнийх цаашаа түүх ухаад үзтэл Хятадын жүүдүүд гэж олон мянган хүн байсан байна. 1489 онд Энэтхэг, Персээс жүүдийн 70 гаруй гэр бүл тэр үеийн Кайфэн хотод нүүж очжээ. Хятадын эзэн хаанд бэлэг барихаар тэд очоод тэндээ суурьшиж үлджээ. 1980-аад онд тэдний үр удам гэх хүмүүс  яг тэр хотдоо ёс заншил, шашин мөргөлөө хадгалаад аж төр байсан, 200 гаруй жүүд тоологдсон гэх мэдээ хятад эх сурвалжид буй аж.


Музейн гадна. Бид Тель-Авивын их сургуулийг орхиж Херцлиа хот руугаа хөдлөх гэж байна. Хүүгийн ард буй зарлал, танилцуулгууд. Гэр бүл, хүүхдэд зориулсан олон янзын арга хэмжээг тэнд зохион байгуулдаг аж. Дор Давивын од байна. Энэ бол жүүдийн эртний бэлгэдэл, эмблем.  Маген Давид буюу Давидын бамбай гэгч энэхүү зургаан хушуу ньэнэ улсын төрийн далбаан дээр мөнхөрсөн байгаа. Диаспора музей ч мөн энэ зургаан хушуугаар ийнхүү эмблемээ хийжээ.