Бараг л шинэчлэгдэх шахсан АН-ын Их хурлын тухай
Ер нь бол сая болсон Их хурлаараа АН шинэчлэгдэх өнгөндөө орлоо. Ямарч байсан найман жилийн дараа Их хурлаа хийлээ.
Ер нь бол сая болсон Их хурлаараа АН шинэчлэгдэх өнгөндөө орлоо. Ямарч байсан найман жилийн дараа Их хурлаа хийлээ. Энэ бол эхний алхам. Хоёрдугаарт, намынхаа бүх давхаргаас Их хуралдаа оролцууллаа. Ахмад, дунд, залуу үе, шинэчлэл яригчид... гээд бүгдийг нь хамрууллаа. Гуравдугаарт, ярья гэсэн бүгдийг яриулж сайн сонсогч байж чадлаа. Энэ бол энэ намын дотоод зангирлыг суллаж, хий хуйг нь гаргалаа гэсэн үг. Дөрөв дэх хамгийн том дэвшил бол намынхаа даргыг бүх гишүүдээсээ асууж сонгохоор боллоо. Энэ дөрвөн асуудал бол ямар ч байсан шинэчлэлийн эхлэл, шинэчлэгдэх шахаж байна гэсэн үг. Харин тэр фракцгүй нам болно энэ тэр бол үнэндээ утопи санаа. Дэлхийн аль ч орны улс төрд фракцгүй нам гэж байдаггүйг судлаачид хэлдэг. Дэлхийн хамгийн дэглэмт улс Хятадад гэхэд өнөөдөр Бээжингийн, Шанхайн, Тяньжины, Комсомолын гэсэн дөрвөн том бүлэглэл биесээ хэмлэж байгааг улс төр судлаачид тодорхой бичиж байгаа шүү дээ. Веьтнам бол өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн төгс коммунист намтай улс. Энэ улсын их улс төрд нь фракцууд байдаг гээд бод. Тэгэхээр манайхан олон улсад фракцийн хэм хэмжээ ямар байдаг, тийм л зохист харьцаа, ёс зүйг нь улс төрдөө бий болгох, төлөвшүүлэх тухай ярих хэрэгтэй.
АН Их хурлаараа асуудлуудыг нэлээн системтэй явуулчих ёстой байсан юм. Хурлыг удирдаж буй долоон хүнийг харахад долоон фракцын төлөөлөл байгаа харагдсан. Хурал удирдсан “халзан” Баттулга бол хотын, Үүлийн чигийн, бүр цааш нь яривал хэний ч байдаг юм, фракцын хүн юм байгаа биз дээ. Х.Тэмүүжин “Нэг ардчилал”, Лу.Болд нь “МоАН санаачилга”, Д.Зоригт МҮДН, С.Одонтуяа “Шонхор”... гээд маргаангүй л дээ. Эхнээсээ ингэж ойлголцоод, хурал даргалагч нараа эн тэнцүү сонгоод явж байгаа юм чинь дүрмийн шинэчлэлээ хийчих юм байна гэж харж байлаа. Гэтэл өнөө монгол зангаараа ажлаа эхлүүлээд дуусгалгүй зогсоочих юм. Энэ нь зориудын юм уу, эсвэл үнэхээр цаг хугацаандаа баригдаад тэгсэн үү мэдэхгүй байна. Их хуралд идэвхтэй, огт гарч орохгүй суусан хоёр хүн байсан нь Г.Батхүү, Ц.Оюунгэрэл нар. Ёстой бөгсөө хавтгай болтол суусан даа, энэ хоёр. Энэ намын лидер гэгддэг хүмүүс энэ хоёр шиг идэвх зүтгэлтэй байвал гэж бодогдож л байлаа. Бусад нь бол яах вэ, яг хуучнаараа, 20 жилийн л өмнөх шигээ орж гараад л... Хурлын төлөөлөгчдийг айхавтар хайрцагласан тухай яриа гарч л байсан. Тийм болохоор л фракц байхгүй болгох тухай ярих нь үлгэр юм биш үү гээд байгаа юм. Дүрмийн шинэчлэлээр бол сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүс, намын үүр, хороодоо удирдаж ороод унагасан хүмүүс дөрвөн жилдээ ямарч сонгуульд өрсөлдөх эрхгүй байхаар тусгасан байсан. Өнөөдрийн нөхцөлөөр бол тэр хамаагүй боллоо. Хэн ч байсан намын даргын сунгаанд орж болно, Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Дүрмийн ийм тодорхойгүй байдал нь санаа зовоосон асуудал мөн. АН-д зогсохоо мэдэхгүй шаргуу, ажлаа хаядаггүй, нэг л өглөө “Хууль дүрэм ийм юм боллоо” гээд зогсож байдаг ганц нэг хүмүүс бий. Ийм хүмүүс нь шаргуу ажиллахын тулд Их хурлаа зогсоож байх вий дээ. Өөрсдөдөө хэрэгтэй, ашигтай дүрэм гаргуулчихвий дээ. Монголын нийгмийн сэтгэл зүйд ёс зүй байгаа учраас ёс зүйгүй болчихсон АН-ыг саяын сонгуулиар төрийн сэнтийгээс арчсан. Өнгөрсөн дөрвөн жил хоорондоо хэмлэлдээд улс орныг тараачих шахсан улс төрийн хүчнийг ийм хувь тавилангаас өөр юу хүлээх билээ. Гэхдээ АН бүхлээрээ ёс зүйгүй болсон гэвэл алдас болно. АН-ын фракцуудад хуваагдсан ҮЗХ нь ёс зүйн чадамжгүй болсон учраас хэлж байгаа юм. Тийм учраас энэ намд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Улс төрийн нам нь амьд организм, өнөөдөр яриад маргааш шинэчлэгдэнэ гэж байхгүй. Үйл явц нэлээн өрнөнө. Тэр нь л зөв байгаасай. Тодорхой бүлэг хүмүүс дүрмийн шинэчлэлээ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчихвий гэж дахин дахин сануулмаар байна.
Нөгөө талдаа бас шинэчлэл нь арай хэтэрчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Жишээ нь өнөөдөр намд элсээд, маргааш нь намын дарга, эсвэл Ерөнхийлөгч болно гээд дайрах боломж нээлттэй байна шүү дээ. Хөгжсөн, хөгжиж буй орны төрд тохиолдлын хүн гарч ирнэ гэсэн ойлголт бараг байдаггүй юм. Намын тогоонд тодорхой хэмжээгээр чанагдсан, зовлонг нь биеэрээ туулж мэдэрсэн, сайн сайхныг нь ч үзсэн тийм л хүмүүс гарч ирдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Гэтэл хий онол ярьсан, хэн нэг том хүний татаас дэмжлэгээр явахыг эрмэлзсэн хүмүүс олон болж. Өнөөдөр хэн дуртай нь намын дарга руу санаархаж болох дүрэмтэй байгаа нь намын амьдралыг бүү хэл өөрсдийнхөө амьдралыг хэлж мэдэхгүй хүмүүсийн хийж буй ажил шиг харагдах боллоо.
Ер нь АН-ынхан МАН-аасаа суралцвал яасан юм бэ. Энэ намаас суралцах юм их байна шүү. МАН нь ахмад, дунд, залуу үеийнхээ харьцааг зохистой хэмжээнд авч явж чадаж байна. Мэдээж улс төр л болсон хойно өөрөөсөө илүү боловсрол мэдлэгтэй, ажлын туршлагатай ганц нэг мундаг залуусаа буланд шахах байдал харагдаж байгаа. Гэхдээ АН-ыг бодвол харьцангуй зохист харьцааг барьж чадаж байгаа нь тэдэнд үлгэр болохоор байгаа юм. Дээр нь Х.Тэмүүжингийн хэлсэн “Бид аливаад шинжлэх ухаанчаар хандах” гэсэн үг бий. Энэ их зөв үг гэдэг нь МАН-ын өнгөнөөс харагддаг. Харин АН-д бол байхгүй. АН нь хэтэрхий шашинжсан, бөөжсөн, мухар сүсэгт автах болсон нь гунигтай. Бүх даргынх нь ард заавал нэг бөө удган, лам үзмэрч сууж байдаг. Цөхрөлийн эцсийн цэг бол шашин гэж нэг ухаантан хэлсэн нь бий. Хүн аливаа асуудлын шийдлийг олж хүчрэхгүй болохоороо оюун санааны хувьд хамгийн ойр зүйл нь бөө шашин, лам үзмэрч болдог гэж хэлсэн нь амьдралын үнэн бололтой. Монголын төр засгийн толгойд 26 жил зайдагнаж байгаа эдгээр нөхдийн оюуны бяд дуусчихсан юм шиг байна, потенциал нь шавхагдсан бололтой, тэдний толгойд төрийн, намын ажлыг бөө, ламаас асуухаас өөр зүйл орж ирэхээ больчихож. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг ард түмэн нь хэдэн зуун мянгаараа яагаад эсэргүүцэн жагсав. Яг үнэн хэрэгтээ түүнийг албан тушаалаа хэтрүүлсэн, авлигын асуудалд орооцолдсон гэдэг шалтгаанаар ард түмэн нь буруутгаагүй шүү дээ. Ганцхан төрийн ажлыг бөөгөөс асууж хийдэг байсанд, улс орноо мухар сүсгээр удирдсанд Солонгосын ард түмэн уурсан зэвүүцэж огцруулахад хүрлээ. Хөгжсөн нийгэм ингэж хүлээж авдаг юм байна. Манай нөхдөд үнэхээр дээрдэх юм алга. 888 төсөл ч гэх шиг, 1206 он, тэгэхээр арванхоёрдугаар сарын 06-нд Их хурлаа хийнэ ч гэх шиг. Ингэж мухар сүсгээр сонгосон өдрөө Их хурлаа хийхээр болж, ёстой хөл толгойгүй шуураад цуглацгаатал хэлэлцэх ёстой шинэчилсэн дүрмийн төсөл нь төлөөлөгчдийнхөө гар дээр очоогүй байх жишээтэй. Төлөөлөгчид дүрмийн төслөө ядаж нэг, хоёр хоногийн өмнө авч судалсан байх ёстой байдаггүй юм уу. Тэгэхээр чинь яах гэж цугласан байхав. Заавал 1210 төлөөлөгч байх ёстой гэдэг нь бас ямар мэргэ төлгө юм мэдэхгүй. Намын шинэчлэл ярьж байгаа залуус нь заавал монгол дээл, жанжин малгайтай их хуралдаа оролцох ёстой гэнэ.
Ийм шинжлэх ухаанч бус байхаар чинь улс орон урагшаа яаж алхах юм бэ. Өнөөдөр хүн төрөлхтөн өөртөө ямар шаардлага тавьж, юунд зорьж тэмүүлж байгаа билээ. Монголчууд нэг үеэ бодвол хальт мульт англи хэлтэй болж дэлхийн шинэ хандлагатай танилцаж, мэдэрч л байна. Тийм атал янз бүрийн мухар сүсэг ярьж, түүнийгээ улс орны удирдлагын түвшинд аваачихаар чинь хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ. Тийм болохоор АН өнөөдрөөс эхлээд шинжлэх ухаанч байх хэрэгтэй. Шинжлэх ухааныг урьтал болгох ёстой. АН бол Монголын ардчиллын хувь заяа мөн. Энэ нам балай байвал улс орны хувь заяанд хортой. Хортой нь сүүлийн хэдэн жил харагдаж, сая сонгуулиар дүнгээ тавиуллаа. Бидний коммунист гэж ярьдаг МАН нь АН-ын дэргэд хамаагүй баруунжсан, шинжлэх ухаанжсан, боловсон хүчнийхээ цөмд оюунлаг хэсгээ багтаасан, орчин үеийн улс төрийн хүчин маягтай харагддаг боллоо.Гэтэл АН-ын байгаа царай ийм л маягтай байна. Гэхдээ яахав, ямарч байсан Их хурлаа хийлээ. Намын даргаа бүгдээрээ сонгохоор боллоо. Шинэчлэгдэх өнгөндөө орлоо гэсэн үг. Гэхдээ шинэчлэлээ маргааш хийе гэнэ. Маргааш нь тэгээд харин юу болдог юм бол доо.