(Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд уншсан лекц)

Миний үеийнхэн шашин шүтлэг хориотой цагт төрж өсөж хүмүүжиж боловсрон бүхий л насаа тийм нийгэмд өнгөрүүлсэн. Үүнд 1930-1980 оны хооронд төрсөн БНМАУ-ын бүх иргэд багтана. Иймээс энэ үеийнхэн алив шашны тухай тун бүрхэг ойлголттой, ямар нэг төсөөлөлтэй бол тэр нь далдын хүч мухар сүсгийн хэмжээнд л байсан байх. Бүддийн болоод бусад шашин, мөн бөө мөргөл зэрэг сүсгийг марксизм-ленинзмээр орлуулан биширдэг байлаа. Марксизм нь өөрөө албан ёсны шашин маягтай байсан учир бусад шүтлэгийг дайсагнан үздэг байсан юм.
   
Хувь хүний алив бишрэлийг хүндэтгэн үздэг хүмүүжилтэй боловч нэгэнт шашингүй нийгэмд ухамсарт амьдралаа өнгөрөөсөн болохоор атэист нэгэн билээ, би. Тиймээс энэхүү өгүүлэлдээ Төвдийн шарын шашны өнөөгийн байдал, Төвдийн Энэтхэг дэх Орогнолын Засгийн газар, үүнээс үүдсэн улс төрийн нөхцлийн тухай цэвэр улс төрийн талаас нь тайлбарлах гэсэн юм. Ингэх байх, тэгэж магадгүй гэж үзмэрдэх гээгүй, Монгол, Төвд, Энэтхэг, Хятадын хооронд төвдийн шарын шашин болон цагаачдын асуудлаар улс төрийн ямар зөрчил байгааг улс төрийн өнцгөөс нь баримттайгаар тодруулах гэсэн юм.

Банчин богд. Банчин нь Далай ламын дараа орох Төвдийн шарын шашны хоёр дахь хүн юм. Тэрээр Далай ламыг тодруулахад оролцох эрхтэй, өөрийг нь тодруулахад ч Далай лам оролцоно. Банчинг V Далай ламын багшийн хойд дүр гэж үздэг. V Далай лам V Банчин Лувсан-Ишийг, VII Далай лам VI Банчин Балдан-Ишийг тодруулж байсан бол  тэрээр өөрөө VIII Далай ламыг тодруулж байсан гэх мэт.

Гэвч Далайлам, Банчин лам нарын биенээ тодруулдаг найрамдал ХХ зууны эхээр эв эе хагарчээ. XIII Далай ламын үед Төвдийн төр өөрийгөө хамгаалахын тулд буу зэвсэг авч армиа хүчирхэгжүүлэхийн тулд лам нараас татвар авах зарлиг гаргав. Үүнийг юун түрүүн IX Банчингийн талынхан эсэргүүцэж. 1923 онд Банчин лам Гадаад Монголыг зорин Төвдөөс явсан боловч Монголд улаан засаг тогтож байсан тул Өвөр Монголд амьдрах болжээ. 1932 онд улаан засгийг эсэргүүцсэн ард түмний бослого Монголд гарсан. Банчин богд ирж туслах гэж байна гэсэн цуурхал гарсан нь тэднийг зоригжуулсан аж. Үнэндээ бол Банчин богд тэр үед Чан Кайшигийн дэргэд “Баруун хязгаарыг тохинуулах сайд”-аар ажиллаж байв. Төвддөө эргэж очих гэсэн боловч Далай лам зөвшөөрсөнгүй. Тэр хоёр бараг зэрэг шахам жанч халжээ.

1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү зугтаахад дараагийн Х Банчин үнэн хэрэгтээ Төвд дахь хамгийн нөлөөтөн болж үлдэв. Тэрээр 1983 онд хятад хүүхэнтэй гэрлэж хүүхэдтэй болсон нь Шарын ёсонд их л “гажиг” хэрэг болсон юм. 1989 онд Банчин 51 насандаа өөд боллоо. 1995 онд Далай лам зургаан настай Гэндэн Чойг Нямааг дараагийн Банчингаар тодрууллаа. Гэвч хятадууд хүүг тэр дор нь хулгайлсан ба одоо болтол хаана байгаа нь мэдэгддэггүй. Юутай ч түүнийг энх тунх байгаа гэж Бээжин мэдэгддэг. Гэндэнгийн орноос Бээжин өөр хүүхдийг тодруулжээ. Чойжилжав буюу бүдүүн тоймоор орчуулбал Номунхан нэртэй хүүхдийг XI Банчин ламаар тодруулж Жанцанноров хэмээх номын нэртэй болгожээ. Эцэг, эх нь Хятадын коммунист намын гишүүд.

Манжийн Чинлүн хаан Төвдийг эрхшээж, Ойрдыг дарсны дараа Далайлам, Банчин, Монголын Жавзандамба нарыг Алтан хайрцгаас нэрийг шодон сугалж тодруулдаг ёсыг 1792 онд хуульчилсан юм. II Жавзандамба нь Цэнгүнжавын бослогыг дэмжсэн, Төвдөд зэрэг зэрэг хоёр Далай лам тодорсон зэргээс болж энэ асуудлыг Бээжин шийдэж байхаар болсон юм. Чухам энэ балрын хуулийг хүчинтэй хэмээн 1995 онд Жанцанноровын нэрийг Алтан хайрцагнаас сугалан гаргаж иржээ. Хятадын шашны асуудал хариуцсан сайд Еэ Сяовэн шинэ Банчинг зарлаж, монгол хутагт Ажаа рэнбүүчий ёслолыг удирдав.

Одоо 26 настай Банчин Хятадын буддистүүдийн холбооны орлогч дарга. Харин түүнийг ялангуяа Далай ламын инстүүц үл зөвшөөрөх төдийгүй хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Төвдийн шашны шарын урсгалыг сахидаг сүсэгтнүүд гэх юм бол Монгол улс, Бутан улс, Хятадад-Өвөр Монгол, Орост-Халимаг, Буриад, Тува, Энэтхэгт-Ладаг, Балбад- Ширва гэх газар бий.. Шинэ Банчинг эдний аль нь ч зөвшөөрдөггүй.

Өнгөрсөн жил Монголд суух Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулж хоёр орны соёлын харилцааны хүрээнд Монголын хэсэг сүм хийдийн удирдлагатай уулзалт зохиосон юм. Хоёр орны шашны байгууллагуудын хооронд харилцаа тогтоох болж үүнд нь Хятадын соёлын байгууллагаас тусалж дэмжихээр болжээ. Монголын төлөөлөгчид Бээжин орж Банчин ламд бараалхсан байдаг. Үүнд Гандантэгчлэн хийдийнхэн оролцоогүй.

Далай лам. 1935 онд төрсөн тэрээр гурван настайдаа XIV Далай ламаар тодорсон юм. 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арми Төвдийг “чөлөөлсний” дараа тэрээр Бүх Хятадын ардын хурлын орлогч дарга хүртэл дэвшсэн. Харин 1959 онд Төвдөд бослого гараад дарагдахад тэрээр Энэтхэг рүү зугтан гарчээ. Энэтхэг улс Далай ламд орогнол олгосон төдийгүй Дарамсалад Төвдийн Орогнолын Засгийн газрыг оршин байхыг зөвшөөрсөн. Чухам үүнээс болж Хятад-Энэтхэгийн хооронд хилийн будилаан үүсэн байлдаан болжээ. АНУ-ын VII флот Энэтхэгийг өмөөрөн Энэтхэгийн далайд орж ирснээр байлдаан зогссон билээ.
   
Далай лам дүрэвснээсээ хойш Төвдийн тусгаар тогтнол, төвдчүүдийн хүний эрх зэрэг асуудлаар олон улсын хүрээнд олон ажил санаачилж, уриалж, заримыг нь хэрэгжүүлсэн. Тухайлбал НҮБ-д Хятадын суудлыг Тайвань эзэлж байх үед Төвд дахь хүний эрхийн асуудлаар гурван удаа тогтоол гаргуулж дөнгөжээ. Маогийн үед тэрээр Хятад ард улсын заналт дайсанд тооцогдож байлаа. Харин Хятадын шинэчлэгч Дэн Сяопин эрх мэдэлд хүрсэн хойноо Далай ламыг нутагтаа ирж шашнаа толгойлохыг хүсэн урьж байв. Тэрээр Далай ламд Төвдийн тусгаар тогтнолоос бусад бүгдийг амалж байлаа. Гэвч холбоо тогтоож хэлэлцээр хийх Дэнгийн хэдэн жилийн оролдлого Далай ламын татгалзаанаас болж бүтээгүй юм. Үүнээс хойш Далай ламын инстүүц, Хятад хоёр урьдаасаа ч илүү дайсагналцах болжээ. Төвдийн тусгаар тогтнолыг дэлхий дээр ямар ч улс, түүний дотор Орогнолын Засгийн газрыг нь өөрийн нутагт байлгаж байгаа Энэтхэг ч хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Дэлхийн II дайны үр дүнгээр буюу Каир, Тэгэран, Ялта, Подстамын цуврал гэрээгээр дэлхийн дэг журам нэгэнт тогтсон учраас үүнийг ямар ч орон зөрчих бололцоогүй.
  
Далай лам 1979 онд ЗХУ ба БНМАУ-д айлчилсан. Хятадууд тэр жил Вьетнамтай байлдсанаар Зөвлөлт-Хятадын харилцаа дээд цэгтээ хүртэл муудан хямарсан. Тиймээс Хятадыг өдөөх зорилгоор Улаанбаатарт Дэлхийн бүддистүүдийн энх тайвны байгууллага гэдгийг буй болгож хуралд нь Далай ламыг урьжээ. Энэ нь зөвлөлтүүдийн зүгээс санаачлан зохиосон улс төрийн ажиллагаа байлаа. Далай лам 1988 онд Штутгартад Төвдийг онцгой эрхтэй автоном байхыг зөвшөөрөх хандлагатай үг хэлсэн юм. Харин коммунизм унаж хүйтэн дайн зогссон 1991 онд Монголд ирэхдээ Штутгартын үгээсээ буцаж байгаагаа мэдэгдэж Төвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатарт тунхаглажээ.
   
Хүйтэн дайны дараа Хятад улс дайсагналцаж байсан Монгол, Орос, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай сайдаж, сайн хөршийн холбоо тогтоолоо. Харин асуудал Энэтхэгтэй зөөлөрсөнгүй удтал хүйтэн харилцаагаа хадгалсан юм. Хилийн маргаантай асуудлаас гадна гол нь өөрийн нутаг дээр Төвдийн орогнолын Засгийн газрыг байлгаж байгаа учраас Энэтхэг нь Хятад хэмээх үсрэнгүй хөгжиж буй аварга хөрштэйгээ харилцаагаа хэвийн болгож чадахгүй байлаа. Ардчилсан орны хувьд хөөгөөд гаргаж чадахгүй боловч төвдүүд дарамт учруулсан зовлонтой зочин болсон юм. Энэтхэгээс Монголд суух элчин сайдаар Ладагийн төвд ламыг томилж 13 жил байлгасныг зарим судлаачид Төвдийн орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх оролдлого байсан гэж дүгнэдэг.
   
Далай лам 2011 онд Төвдийн орогнолын Засгийн газрыг толгойлохоо больж улс төрийн ажиллагаанаас бүрэн хөндийрч байгаагаа заралсан юм. Тэрээр 2012 онд “Бид Төвдийн тусгаар тогтнолын төлөө биш гэдгийгээ давтан хэлье” гэж мэдэгдээд Төвд нь Хятадын бүрэлдэхүүнд ардчилсан тогтоцтой байх ёстой гэсэн билээ. Гэвч үүнд нь Хятадын Засгийн газар огт үнэмшихгүй буй, “Шашны нөмөр дор Хятадыг салган бутаргах улс төрийн ажиллагаа идэвхитэй явуулж буй нэгэн” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна Хятад бус эх сурвалжуудад Далай ламыг Японы алан хядагч Аом Шинрикёог дэмждэг, түүнээс мөнгө авсан, Америкийн ТТГ-аас 1,7 сая доллар авсан, Хятад-Энэтхэгийн хилийн маргааны асуудалд Энэтхэгийн талд ордог, Шарын шашны дотор багтдаг Дорж Шүгдэн урсгалыг хяхан хавчиж тэдний эсрэг “дайн” заралсан гэх мэтээр буруутгадаг явдал ч бас бий.
   
Далай лам 1979-2016 оны хооронд Монгол улсад есөн удаа айлчилж байна. 1990 онд Монгол-Хятадын харилцаа хэвийн болсноос хойшхи бүхий л долоон удаагийн айлчлал бүрд Хятадын төр тун эмзэг хандаж байгаа. Монголын талаас айлчлал бүрийг Монголын төртэй огт хамаагүй ба энэ нь зөвхөн сүсэгтэн олны урилга хүсэлтээр болж буй хэрэг гэж тайлбарладаг боловч хятадууд үүнд төдийлөн үнэмшдэггүй. 2016 оны айлчлалын үеэрээ удахгүй АНУ-д айлчилж шинэ Ерөнхийлөгтэй нь уулзах санаатай буйгаа ярьсныг Хятад улс тун эмзгээр хүлээн авч, үүнийг улс төрийн мэдэгдэл гэж дүгнэлээ. Хятадын Гадаад явдлын яамнаас онцлохдоо, Далай лам өөрийгөө улс төрөөс гарч зөвхөн шашны үйлсэд зүтгэх болсон гэдэг боловч тэрээр сүм хийдэд сууж байхын оронд улс орноор хэсэн улс төрийн мэдэгдэл хийж, Хятадыг хагалан бутаргах ухуулга, оролдлого хийсээр байна хэмээн мэдэгджээ.
   
Далай ламын гадаад дахь айлчлал болгонд хятадууд тун эмзэг ханддаг. Тэрээр Орост хамгийн сүүлд 2004 онд зочилсон, үүнээс хойш оросууд түүнд виз олгохоос эрс татгалзах болсон юм. Япон, АНУ болон Европын нэлээд орноор зочилдог, зарим орны төрийн тэргүүн түүнийг тусгайлан хүлээн авч уулздаг. Тэр болгонд хятадууд эсэргүүцлээ илэрхийлэн ноот бичиг гардуулдаг боловч түүний Монгол дахь айлчлалд илүүтэй эгдүүцдэг юм. Учир нь тусгаар орнуудын дотор зөвхөн Монгол улс л Далай ламын Төвдийн шарын шашныг сүсэглэдэг ганц газар. Түүнээс гадна тэрээр өөрийн хойд дүрээ тодруулах талаар олон янзын хувилбар ярьдгийн дотор Монголд дахин төрөх тухай ч дам яриа бий. Энэ бол хойд дүрийг даган Далай ламын инстүүц, Орогнолын Засгийн газар Монгол руу нүүх вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Жавзандамба богд. Гуравдугаар Жавзандамбаас эхлээд Монголын Богдыг Бээжингийн Юнхэйгүн сүмд байх Алтан хайрцгийг нээн, нэр сугалж тодруулах болжээ. Энэ бол Манжийн хааны хууль. Харин Жавзандамба болгон Төвдөөс тодрох болсон нь улс төрийн бодлого биз. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо заралсан төдийгүй Төвдийн шарын шашны нөлөөнөөс салахаар шийдэн Монголд төвтэй “умрын шашин”-ы тухай тунхагласан байдаг. Ингээд VIII Богдыг хаанаар зарлаж, шашин төрийг хавсран толгойлох болгожээ. 1924 онд Богд хаан жанч халахад хойд дүрийг нь Халхаас тодруулсан юм. 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь Банчингийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн гэх. Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч дөнгөж төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэргээс халагдаж ирээд нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир (энэ хууль одоо болтол хүчингүй болоогүй байгаа) Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ.

Далай лам 1991 онд Монгол айлчилсны дараа Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзлэл байсан, энэ бүхнээс тун зөрсөн “тодруулга” байлаа. IX Богдоор “нэмж” доторсон тэр эрийг Далай лам хүүхэд байхын таньдаг, найз нөхөр байсан хэмээн мэдэгдэж байсан. ЗХУ-ын Гадаад явдлын сайд Эдвард Шеварнадзе 1988 онд Монголд айлчлахдаа түүнийг Жавзандамбын хойд дүрээр тодрохыг зөвшөөрсөн гэж IX Богд гэгч өөрөө нотолдог авч айлчлалын үеийн протоколоос тийм зөвлөлгөө, даалгавар, зөвшөөрөл өгсөн баримт олддоггүй.

Хоёр дахь IX Богд анхлан 1999 онд Монголын Засгийн газрыг хориглосоор байтал зөвшөөрөлгүйгээр сэмээр Монголд орж ирээд Дарамсала руу эргэж хүргэгдэж байсан бол 2010 онд урилгаар ирэн Монгол улсын иргэн болжээ. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амалсан гэдэг. Далай лам ч хэлэхдээ түүнийг хаана дахин төрөх вэ гэж асуухад нь Монголд төрөөрэй гэж захиснаа сая толилуулсан. Шинэ Богд 2013 онд жанч халснаас хойш түүний хойд дүр Х Жавзандамбын тухай яриа Монголд өрнөж эхэлсэн билээ. Зарим нэгний тогтоосноор бага насны нийт 11 хүүхэд өрсөлдөж буй гэх. Далай ламын энэ удаагийн Монгол дахь айлчлал Жавзандамбын дараагийн дүрийг тодруулахад чиглэсэн бололтой, үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрлөө. Харин үүнийг хятадууд улс төрийн талаар юу гэж үнэлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлчийн Банчинг тодруулсан байдлаас нь үзэхэд Манж Чин улсын 1792 оны хууль буюу Жавзандамбыг Бээжингийн Юнхэгүний сүмд Алтан хайрцаг нээн нэр сугалдаг тогтолцоог хүчин төгөлдөр гэж тэд үздэг бололтой.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Монгол улсад Далай ламын оролцоотойгоор тодорсон дөч шахам хутагт хувилгаад байна. Гол төлөв бага насны хүүхэд болон идэр залуучууд юм. Үүний дотор зуу гаруй жилийн өмнө нас барсан төвд ламын хойд дүр ч бий.

2016.11.26