(2016 он: Манай оронд болон дэлхий дахинд)

 
Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Төв Азид  2016 онд тохиосон 10 чухал үйл явдал” гэх жагсаалт гаргасан байгаатай интернэтийн мэдээллийн их далайгаас олж танилцлаа. Эртдэх юу билээ гэж бодлоо. Ерөөсөө 2016 оноо эргэж тольдоод үзье гэж шийдлээ. Манай улс 2016 онд ялалт амжилт, уналт зогсолт, нэхэл хатуу олон явдлыг туулж өнгөрүүллээ. Түүнээс эхний 10-ыг ингэж томъёоллоо. Уншигчдын сэтгэлд нийцэх эсэхийг мэдэхгүй. Гэхдээ миний энэ жагсаалтаас жишээлээд дор бүрнээ бодож цэгнэх биз ээ.

Манай эх орны 2016 оны онцлох 10 үйл явдал:

  • АСЕМ-ийн дээд түвшний  XI уулзалтыг зохион байгуулалт, үзэл суртал, ёслол, мэдээллийн өндөр хэмжээнд зохион байгуулж, эх орныхоо олон улсын нэр хүндийг өргөж бэхжүүлж чадлаа. Эх орны маань нийслэлээр нэрлэсэн “Улаанбаатарын тунхаглал” хэмээх олон улсын түүхэн баримт бичиг “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг”, “Киотогийн протокол” гэдэг шиг үеийн үедээ мөрдөгдөж, түүнийг эшлэх дурдах тохиолдол бүрт Монголын маань нэр алдар дагалдаастай байх боллоо.
  • Манай улсын олон улсын байр суурийг бэхжүүлсэн олон чухал айлчлалуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулаа. Үүнд гадаад 4 улсын Ерөнхий сайд, нэг улсын Ерөнхийлөгч АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр нэгэн зэрэг айлчиллаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг айлчлуулж, гадаад бодлогодоо тэнцвэр хангах зорилтыг үргэлжлүүллээ.
  • Монгол-Орос-Хятадын гурвалсан харилцааны эрчимтэй хөгжлийн жил байлаа.  Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжинэ.
  • Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны эрчимтэй хөгжлийн жил боллоо. Хоёр улсын Ерөнхий сайд нарын харилцан айлчлал, УИХ-ын даргын айлчлал, Гадаад хэргийн, Гадаад харилцааны сайдуудын айлчлал,  Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг нэрлэж байна.
  • Дотоод бодлогод тохиосон онцлох онцгой үйл явдал бол УИХ-ын ээлжит сонгууль, сонгуулийн кампани, сонгуулийн дүн байлаа. МАН-ын дуулиант ялалт, АН-ын дуулиант ялагдал жингийн тухай дээр яг тэнцлээ.
  • УИХ-ын сонгуулийн дүн Монгол дахь олон намын системийн хөгжилд нэгэн шинэ үеийг эхлүүллээ. Монголын улс төрийн орон зай, ваакумд хоёр намаас (МАН ба АН) өөр намууд, хөдөлгөөний орон зай байхгүйг, байх боломжгүйг илтгэн харууллаа.
  • АН хөлөө олохгүй будилсан, бүдгэрсэн үйл явдлаар 2016 оны хоёр дахь хагас амьсгаллаа. АН дотроо болон нийгэмдээ хүлээлт үүсгэсэн өдрүүд үргэлжилсээр.
  • “Эрдэнэт”-ийн Оросын талын хариуцаж асан 49 хувийг хувьчилсан дуулиан шуугианыг 2016 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.
  • Монгол төгрөгийн ханшны уналт, ам.долларын ханшны өсөлт, түүнийг тойрсон дуулиан шуугиан 2016 оны турш монголчуудын анхаарлын төвд байлаа.
  • Эдийн засаг унасан, ард түмэн мөнгөгүйдсэн, төсөв хүрэлцэхгүй, улсын сан хоосорсон тухай дуулиан шуугиан энд мөн бичигдэх болов уу.

 

Харин олон улсын харилцаа хандуулж 2016 оныг дэлгэрэнгүй дүгнэж болж байна. Оросын Либерал-ардчилсан намын лидер В.В.Жириновский яг ноднин өдийд “Что ждёт мир в 2016-2017 году” гэх ярилцлага хийгээд сууж байсан бичлэг www.youtube.com-д байна. Тэрээр мөн онож таамаглажээ гэхээр юм.  “Лалын улс” террорист бүлэгтэй хийх тэмцлийг 2016 оны гол үйл явдал байх болно хэмээн Жириновский хэлж байжээ. Террористуудыг “лалын большевикууд” гэж нэрлэсэн нь ч онож өгсөн нэр мэт.

 

-          1917 оны Оросын хувьсгалын большевикуудыг яг санагдууллаа. Үзэл суртал, суртал нэвтрүүлэг нь яг адил байна. Ганц л үзэл суртлыг шүтнэ. Шударга ёсыг тогтоолоо, ядуус харц ардыг түшиглэлээ, мөнгө тусламжаар тэднийг тэтгэлээ, орон байр өглөө, хайр найргүй цаазаллаа, цээрлүүллээ, өөрийн гэсэн Онцгой комисс – ЧЕКА-тай боллоо.

-          НАТО, Украин дэргэд нь юу ч биш. “Лалын улс” Төв Ази руу нэвтэрч орж ирээд тэндээсээ Урал, Сибирь рүү өмнө талаас нь орж ирнэ. Орос хоёр фронт дээр байлдах болно. Урал Сибирь рүү ороод ирсэн Лалын ертөнцтэй, нөгөө нь Европоос халдах НАТО-той байлдана гэхчлэн.

Жириновский цааш нь:

-          Манай эх орны бүх хил хязгаарт байдал хурцдана. Украин шатна, Сири дүрэлзэнэ, Армен-Азербайжаны хил дээр түгшүүрийн харанга дэлдэнэ, боевикууд Тажикистан, Киргиз, Узбекистан, Казахстан руу сэтлэн орохыг удаа дараа завдана.

-          Дэлхийн их хямрал айсуй, АНУ, Европын эдийн засаг зогсоно, сая сая дүрвэгсдийн хөл тасрахгүй дарна гэхчлэн.


2016 онд “лалын их дайн” дэгдэнэ, Европын хувь заяаг шийдэх жил болно, ихэнхи нутаг дэвсгэр нь эзэнгүйднэ, дайснууд химийн зэвсэг хэрэглэсний дараа Европ энэ байдлаараа оршин тогтнохоо болино,  2016 онд янз бүрийн шашнуудыг нэгтгэх аврагч аугаа их хүү мэндлэнэ гэх таамаг болгарын Ванга хийж байсныг www.cosmo.ru сайт эшлэсэн байв.

Америкийн үзмэрч Эдгар Кайси гэдэг нөхөр 2016 онд байгаль орчны элдэв сүйрэл тохионо, үер ус голлох байх, Европын олон орон, Японы хэсэг усанд живнэ гэж таамагласныг дээрхи сайт эшлэж байв. Павел Глоба гэж оросын үзмэрч 85 хувь нь үнэн болж таардаг гэсээр 2016 оныг толидохдоо Европын Холбоо задарна, ихэнхи хөгжингүй орнууд Европын Холбооноос харилцаагаа тасална, Европыг үй олноороо орхиж эхлэнэ. Балканы хоёр улс Орост нэгдэх, Оросын холбоонд элсэхээр хүсэлтээ гаргана гэжээ.

Ирээдүйг зөгнөгч Нострадамус олон зууны тэртээ 2016 оныг бас олоод харчихсан байсныг www.cosmo.ru сайт эшлэсэн байв. Аадар бороо удтал үргэлжлэн орсоор дорно зүгийн орнуудыг усанд живүүлнэ, Төв ба Дорнод Европт зун нь хэт халж, ган гачиг түймэр зэрэг тохионо, намар нь амьсгаа авч болох байх гэж хэлсэн болж таарав. Мария Дюваль гэх далдыг харагч мөн л ган гачиг тохиох тухай аюулыг сэрэмжлүүлжээ. Хүмүүс хүнсний гачигдалд нэрвэгдэнэ. Ургацаа аварч чадахгүй, хэт халалтаас түймэр өргөн хүрээг хамарч дэгдэнэ, Европт хөдөө аж ахуй ургацаа алдана, Орос ч тийм гамшгаас зугтаж чадахгүй гэжээ.

Гэх мэт үзмэрдсэнийг тоочоод баршгүй. Тэр бүгдийг энд буулгах нь энэ нийтлэлийн зорилго биш. Зөвхөн дээр эш татсаны улс төрийн хэсэгт баримт түшин үнэлгээ өгөхийг зорьё. Улс төрийн хувьд ихэнхи нь зөв үзмэрджээ. Оросын ЛДПР намын даргын ярьсныг  дүгнэе.

Үнэхээр ч “2016 он” тэр чигтээ биш юм аа гэхэд, лав үе үе лалын ертөнцийг хамарсан их дайны хөлд дарагдлаа. Хүн төрөлхтөн анх удаагаа төрт улс биш, нэр ус, эзэн хаяггүй, аль ч улсад харьяалагддаггүй лалын террорист томхон бүлэгтэй өргөн хэмжээний дайн хийж үзлээ. Тэд хэдийгээр тогтсон эх оронгүй дэлхийн олон улс орноос цугларсан ч Жириновскийн хэлдгээр маш хатуу чанд үзэл сурталтай, түүгээрээ гагнагдсан (ваххабизм, салафизм антишиизм, антиалавизм, панисламизм гэх мэт), хатуу чанд сахилга баттай тулдаа бүтэн хоёр жил Халифатаа мандуулж чадлаа.

ISIL, ISIS, ИГИЛ, ИГ гэхчлэн англи, оросоор товчлон бичээд байдаг “Исламын улс” гэгч тэр бүлэгтэй АНУ, түүний холбоотнууд, тэр дундаа наад улс нь (Ирак) хүсээгүй байхад Турк оролцоод, эзэн улсын Засгийн газрын цэрэг, курдын албан ёсны арми (Пешмерга) Мосул хотыг лалын алан хядагчдаас чөлөөлөхийн төлөө 2016 оны намраас гайхамшигтай дайн хийж байна. Цаад Сирид нь Алеппо хотыг лалын ба сөрөг хүчний элдэв зэвсэгт бүлгээс чөлөөлөхийн төлөө Оросын агаарын ба сансрын цэрэг, спецназ, тэнгисийн явган цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг Сирийн армитай хүч хавсран цэргийн урлагийн гайхамшгийг үзүүлж өглөө. Хавар нь Пальмирыг чөлөөлөх их тулааныг хамтран хийсэн.

“Лалын их дайн”-д Турк 2016 оны турш маш их савлалаа. Дотооддоо цэргийн эргэлтийн аюулыг гэтэлгэж, тэр нь асар их өртгөөр бүтэж, энэ жилжингээ лалын алан хядагчдын удаа дараагийн халдлагад өртөж, олон хотууд нь бөмбөг дэлбэлэх бай болов. Мосулын төлөө тулалдаанд Иракийн Засгийн газрыг хүсээгүй байхад оролцсон нь Араб, Ойрхи Дорнодыг нөмөрсөн лалын шашны өвөр хоорондын дайны тусгал байсан болж таарлаа. Туркэд засгийн эрх барьж буй Шударга ёс, хөгжлийн гэх тодотголтой лалын-ардчилсан нам нь лалын суннитын шашны төлөө хоёргүй сэтгэлээр зовж тэмцэх явдлыг уриа болгосон,  түүнийгээ Ирак дээр илэрхийлж байгаа аж. Мосул хотод суннитуудыг хэлмэгдүүлж, тэр хавийг өмнөд Иракийн шиитүүдээр дүүргэнэ гэх хардлагаа нуулгүй илэрхийлжээ. “Лалын улс”-ыг бутцохилоо л бол Мосулын хүн амын бүтэц өөрчлөгдөнө. Маш өргөн нутаг дэвсгэрт шашны дайн өрнөнө. Манай суннит ахан дүүс – араб суннит, туркоман суннит, курд суннитуудынхаа төлөө санаа зовинож байна. Мосул чөлөөлөгдсөний дараа тэнд мусульман суннитууд засгийн эрх авах ёстой, Мосулын төлөөх байлдаанд суннитын сайн дурынхан цохилтын гол хүч байх ёстой хэмээн Анкара ил тод мэдэгдсээр байна.

“Лалын их дайн”-ы галд Саудын Араб түймэрдүүлэхэд тун ойрхон очлоо. Хөрш Йемен нь төрт-улсынхаа шинжийг алдсан, алдсаар байна. Тэр хэрээр Иран хүчирхэгжин олон улсын тавцанд хүчтэй тоглогчоор тодорлоо. Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо 2016 оны эхнээс АНУ, Европын Холбоо цуцалсан нь бас нэг том үйл явдал юм. 2016 оны турш дэлхийн газрын тосны зах зээл савласан нь энэ санкц цуцлагдсан, Оросын эсрэг санкц чангарсан, саудууд дотроо ба хойг дээрээ зөрчил тэмцэлд татагдан орсонтой холбоотой.

“Лалын их дайн”-д 2016 оны турш Европ сүйрэх шахсаныг оны онцлог үйл явдалд гарцаагүй тооцно. Брюсселийн аэропорт, метрон дахь дэлбэлэлт, цааш нь Стамбул, Мюнхен, Ницца, Нью-Йорк хотууд дахь томхон халдлагууд гэхчлэн жагсана. Он дуустал өөр хаана, хэзээ, хэрхэн халдахыг хэн ч таашгүй.  2014 онд “Лалын улс”-ын үйл ажиллагаа явуулж байсан улс орон хуруу дарам цөөхөн, тодруулбал 6 улсыг нэрлэж байсан бол 2016 оны сүүлч гэхэд энэ тоо 35 улс болжээ.

Европын зүрхийг зогсоож болно гэдгийг террористууд мэдрүүлснээрээ 2016 он бүр онцлогтой.  Тэр их үзэл суртал, эв нэгдэл, тэр их ардчилал, хүний эрх, сайн сайхан сэтгэлийг ердөө ганцхан цагийн дотор ганц хоёр бөмбөг, хэдхэн сумаар нурааж чадахыг лалын террористууд хэлээд өглөө. “Лалын бөмбөг” Европын эв нэгдлээс хүчтэй боллоо. Брюссельд  хаврын тэр өдөр дахиад цаашаа нэг цаг жудаггүйтсэн бол дуусах байлаа гэх харуусал бишгүй дуулдаж байна. Аэропорт, метрог нь дэлбэлээд галлаад өгөхөд л галт тэрэг явахгүй, нисэх онгоц хөөрөхгүй, буухгүй, эрх баригчид иргэдээ гэрт нь хав хориод, хот эзгүйрэх нь тэр. Энэ хотод Европын Холбоо, НАТО-гийн төв офис, албад, цаашлаад олон улсын 2500 байгууллага, олон улсын 2000 компани, хуулийн хэдэн мянган фирмүүд байдаг гээд төсөөл дөө.

2016 онд сая сая дүрвэгсдийн хөл тасрахгүй дарна хэмээн Жириновский үзмэрдсэн нь ямар их үнэн байв аа гэж бодох юм. Дэлхийд дүрвэгсдийн хямрал нүүрлэсэн нь гарцаагүй, тэгснийг Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулганаар дэлхийн 50 улс орны төр, засгийн тэргүүнүүд анх удаа хүлээн зөвшөөрч, дүрвэгсдийн асуудлаар тусдаа чууллаа. Цагаач, Дүрвэгсдийн асуудлаархи Нью-йоркийн Тунхаг гэдгийг батлан гаргалаа. Дүрвэгсдийн хөлд Европ сөхрөх шахаж байна. Дүрвэгсдийн дарамтанд Европ, улмаар дэлхий 2016 оны турш байлаа. 2017 онд ч тийм байх төлөвтэй.

Жириновскийн айлдсан “Украин шатна, Сири дүрэлзэнэ, Армен-Азербайжаны хил дээр түгшүүрийг харанга дэлдэнэ, боевикууд Тажикистан, Киргиз, Узбекистан, Казахстан руу сэтлэн орохыг удаа дараа завдана” гэсэн нь үнэн байсныг бид харж байна. Украинд дайны гал дүрэлзэн шатсан нь юув, гэхдээ оны турш Донбасс түгшүүртэй байлаа. Европын дөрвөл Минскийн хэлэлцээрээ мөрдүүлэхээр ажилласаар байна. Харин тэр Армен-Азербайжаны хил дээр бол дайн дэгдээд авсан. Одоо ч дайны байдалтай байна. Лалын дайнчид Төв Ази руу нэвтрэнэ гэсэн нь алдаг оног хэрэгжсээр байна. Тэд юуны өмнө Афганистаныг 2016 оны турш шувтан зүгээр байлгаагүй. Хойшоо Төв Ази руу үе үе халдлага хийсэн, хар тамхины зөөвөр зогсоогүй, Казахстанд террорист халдлага үйлдсэн.

Монголчуудад хамаатай байж болох Казахстаныг зориуд энд онцлох хэрэгтэй. Ерлан Карин гэж хасаг эрдэмтний ярьснаар энэ улс терроризмын өндөр эрсдэл бүхий улс орны жагсаалтад дээгүүрт бичигджээ. Лалын шашинд хэт мунхарсан радикал бүлгүүд хэдийнээ үүрлээд авсан, үе үе тэсэрдэг болж таарлаа. Терроризм нь хэд хэдэн үе шаттайгаар Казахстанд нэвчин орж ирсэн аж. 1) XXI зууны эхээр, 2000-аад онд террорист байгууллагын банд-формирование гэдэг нь нууцаар энэ улсад үүрлэж эхэлжээ; 2) 2005 он гэхэд гадаад улсуудад үйлдэгддэг террорист ажиллагаанд казах иргэд оролцдог болсон байна; 3) 2010 он гэхэд гурав дахь үе шат–эх орондоо Казахстаны өөрийнх нь иргэд террорист халдлага үйлддэг болсон байна. Тэр нь үргэлжилсээр өнөөг хүрчээ. Актобе хотод зэвсгийн дэлгүүр, үндэсний гвардын цэргийн анги руу халдаж, зэвсгийн агуулахыг дээрэмдэх гэсэн 2016.06.05-ны үйл явдал нэн ноцтой юм. Хагас цагийн дотор 25 хүний амь авч одсон энэ халдлагыг исламистууд, такфирууд үйлдлээ хэмээн Казахстаны эрх баригчид оношлосон.  Сарын дараа Алмата хотод буудалцаан болоод авсан.

Нийтлэлийн эхэнд миний дурдаж байсан Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн судалгааны тэр хүрээлэнгээс Төв Азид  2016 онд тохиосон 10 чухал үйл явдал гэдгийг дараахи байдлаар жагсаасан байна:

  •  Дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн муудаж, Төв Азийн орнуудад эдийн засгийн өсөлт уруудсан.
  • Евразийн орон зайд эдийн засгийн харилцан ажиллагааны шинэ эрэлхийлэл хийгдсэн.
  • Төв Азид Хятад нь хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, хүчтэй байр суурь эзлэх болсон.
  • Бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд афганы хүчин зүйл чухлаар тавигдаж байна.
  • Сирийн мөргөлдөөнөөс улбаалан террорист аюул улам бүр нүүрлэж буй.
  • Төв Азийн орнууд бүс нутгийн аюулгүй байдлын салбарт үйл ажиллагаагаа идэвхжүүллээ.
  • Төр, засгийг сонгох сонгуулийн цикл Төв Азийн орнуудыг (дэлхийг) хамарлаа.
  • Бүс нутгийн тээвэр, эрчим хүчний төслүүдийн хөгжлийн шинэ үе шат эхэллээ.
  • Бүс нутгийн үйл явдалд Иран эргэж идэвхтэй оролцож эхэллээ.
  • НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр Казахстан сонгогдлоо гэжээ.
2016 оны дуулиан, бүр түүхэн тэмдэглэлт үйл явдал бол Их Британид явагдсан Brexit гэх санал асуулга, түүний мөрөөр хэрэгжиж буй үйл явц билээ. Европын Холбоог задлахын эхлэл ч байж мэдэх энэ үйл явдлыг Павел Глоба гэх орос үзмэрч зөв олж харсан байж болно. Европын хувь заяаг шийдэх жил болно хэмээн Ванга үзмэрдсэн гэлээ. Британийн жишгээр Швед, Дани нь Европын Холбооноос гарах асуудал дэвшүүлэн тавьж магад гэх таамаглал тэр дороо тархсан. Цаашдаа иймэрхүү референдум явуулаад ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсоё гэвэл олигтой үр дүн гарахгүй байх магадлал Европын Холбооны бүх улс орнуудад бодитой юм. Энэ нь дүрвэгсдийн хөлд дарагдсаны бухимдал, Германд хүчээ авч буй Альтернатив нам гэх мэт барууны-үндсэрхэг намуудын бэхжилтээр харагдлаа. 

Азид 2016 он ямраар бичигдэн үлдэх вэ? Өмнөд Хятадын тэнгис, Хятад, Япон, Солонгосын хойг, Филиппиний Ерөнхийлөгчийн барьцгүй авир төрх, Улаанбаатарт амжилттай зохиогдсон АСЕМ-ын дээд түвшний уулзалт гээд бичигдэх сэдэв мундахгүй олон байна. АНУ 2016 оны турш Ази руу ажиллалаа. АСЕАН-ы орнууд бүрэн эрхт байдлаа хангах хамгаалах чадвартай юу, Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай асуудалд Япон оролцох боломжтой эсэх, энэ асуудлыг олон улсжуулахын цаад утга учир, Тайванийн шинэ эрх баригчид энэ асуудлаар ямар байр суурьтай вэ, Филиппин энэ дунд ямар тоглолт хийж эхлэв, Хятад нь АСЕАН-ы тэргүүлэгч орнуудтай харилцаагаа хэрхэн сайжруулж байна гэхчлэн 2016 оны онцлох үйл явдал болгочихмоор үзэгдэл жирэлзэн өнгөрсөөр л.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дуулиант сонгууль, Риогийн олимп гэх мэт нэмэлт мэдээлэл зөндөө байвч уншигч Та өөрөө тэр бүхнийг цэгнэ. Ингэхийн тулд 2016 оныг дуустал нийтээрээ ажиглаж байя.