Сүүлийн үед TTJVCO гэдэг Хонгконгийн хөрөнгө оруулалттай компани Тавантолгойн маань нүүрсийг маш ихээр, дэндүү хямдаар аваад байна гэсэн мэдээллийг олонтаа уншлаа. Ингээд яавал монголчууд өөрсдөө Тавантолгойн нүүрсээ, тэр тусмаа өнөөгийн ханшаар зарах вэ гэдэг гарцыг эрэлхийлж үзлээ. Үүний хариуг олохын тулд яагаад тэр TTJV гэгчтэй холбогдчихов оо гэдэг асуулт юуны өмнө ургах аж.

 Одоогоос таван жилийн өмнө буюу 2011 онд Монголын Хамтарсан Засгийн Газар Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлээд оронд нь нүүрсээ олборлуулаад, “өөрсдөө ав” гэсэн утгатай гэрээ хийчихснээс  “үлгэр” эхэлсэн.  Тэр үед Герман, Австрали хоёр улсын компани Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсийг олборлож байснаа Герман “тоглоомоос” гарч оронд нь Австралийн “Макмахон” орж ирснээр 100 хувь Австралийн компани ноёрхох болсон.

Энэ бүхнийг улс төрөөс ангид авч үзэх аргагүй төдийгүй УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн эрхэнд гараад тун удалгүй Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж түлхэж чаддагаа харуулсан юм. Тухайн үед буюу 2013 оны гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулж өргөн барина. Ямар өөрчлөлт оруулах юм гэхээр хувийн компаниудыг хязгаарласан заалтыг хасч, гадаадын төрийн өмчийн компаниудыг хязгаарлах нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Хоёр дахь өөрчлөлт бол 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулбал заавал УИХ шийдэх заалттай. Энэ мөнгөний хэмжээг байхгүй болгоно. Ийм өөрчлөлт хийснээр тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодож байна” гэж билээ. Түүний ярианы бичлэг, хэлсэн үг бүхэн хэвлэлийн хуудаснаа болон цахим хуудсуудад түүх болон хадгалагдаж үлджээ. Google.com-оос хайхад л “олуулаа” гараад ирнэ. Тэр ч байтугай ингэж ярихаас хоёрхон сарын өмнө буюу 2013 оны нэгдүгээр сарын сүүлчээр тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чалкотой байгуулсан гэрээг ашиггүй гэж үзэж цуцлах тухай ярьж байсан. /Эх сурвалж олон, жишээ нь https://www.news.mn/content/print/132570, http://www.gonews.mn/post.php?id=7685 гэх мэт/.

Гэтэл өнөөдрийг хүртэл  хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү, үргэсэн үү. Монголын эдийн засагт ашиг, алдагдлын алийг нь авчрав гэдгийг одоо харж байгаа биз.

Мөн тэр өдөр “Өнөөдрийн байдлаар Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй зогссон. Одоогийн байдлаар сая гаруй тонн буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хураалттай байна. Яагаад нүүрсээ гаргахгүй байгаа юм бэ гэхээр өмнөх байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу нүүрсээ гаргавал нэг тонн нүүрснээс зургаан ам.доллар алдаж, алдагдалд орно. Тиймээс өөрсдийн нүүрсээ алдагдалтай гаргах боломжгүй учраас “Чалко”- д “Гэрээ хэлэлцээр хийе. Ярьж тохиръё. Нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлэх боломжгүй. Тиймээс ашигтай болгох талаар ажиллая” гэдэг асуудлыг тавьж, хэлэлцээрийг тасралтгүй хийж байгаа. Сонгуулийн үеэр бид “Чалко” компаниас 350 сая ам.доллар авч, бүгдийг нь нүүрсээрээ төлнө гэсэн. Ингээд экспортолсон нүүрсээ бодоод үзэхээр 170 сая ам.доллар нь төлөгдчихсөн. Одоо 186 сая ам.долларын өр үлдчихсэн байгаа. Үүнийг нүүрсээр төлнө гэхээр алдагдалд орно. Тиймээс экспортыг зогсоосон. Цаашид яах вэ гэдэг дээр “Чалко” компанитай хэлэлцээр хийж байна” гэсэн юм.
 
Тэгвэл яг тэр хооронд “Чалко”-д юу тохиолдсон гээч. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарыг хөрөнгө оруулагчдадаа гох дэгээ тавьж байсан тэр үед уурхайн амны бус, Цагаан Хад хүртэлх ханшаараа нүүрсний үнэ тухайн үеийнхээрээ бол оргилдоо хүрч 70  гаруй ам.доллар байжээ. Энэ үед “Чалко”-д нүүрс нийлүүлэх ажил зогссон байв. Тэдний хамтрагч бөгөөд олборлогч, нийлүүлэгч болох TTJV компанийн үйл ажиллагаа үе үе тасалдаж байсан ч хоёрхон сая тонн нүүрс олборлож байлаа. 2014 онд TTJVCO арай чүү амьтай голтой ажиллаж байсан ч “Чалко” гацсаар 2015 он гэхэд “Чалко” ч, TTJVCO ч бүрэн зогсов. Энэ бүх түүх зөвхөн Тавантолгойн ордын Зүүн Цанхитай холбоотой.  2013 онд Баруун Цанхийн уурхайг нээсэн. Мөн оны аравдугаар сар хүртэл Баруун Цанхийн нүүрсийг бусад худалдан авагчдад “Чалко”-ийн үнээс хямд зардаг байж.

Гэвч 2014 оны сүүл үеэс ёстой л шүүх хурлын “зуд нүүрлэх” нь тэр. “Чалко” ч, “Макмахон/TTJVCO” ч шүүхдэж Монголын талыг  буруутгаснаар дэлхий нийтийн өмнө шившигтэй байдалд орсон тийм л хүнд нөхцөл үүсэв. Макмахон/TTJVCO ч мөн 100 гаруй сая ам.долларын алдагдалтай байсан.  Дээр нь Монголын тал “Хан Ресурс”-тай Арбитрын шүүх дээр маргаан үүсгээд байсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан болохоор ёстой л “дайран дээр давс нэмнэ” гэгчээр уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг нэг хэсэгтээ зайгаа барих шалтгааныг үүсгэчихээд байлаа.

“Макмахон”-ы хувьд Монголын талд итгэхээ больж тэдэнтэй хамтрах ч хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Улмаар 2015 оны зургадугаар сард Хонконгийн хөрөнгө оруулагчид “Чалко”-ийнхны дэмжлэгтэйгээр “TTJVCO”-гийнхон Макмахоны хувьцааг 65 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийнхантай дахин хэлэлцээрт оров. Гол асуудал нь 100 гаруй сая ам.долларын өрийг яаж төлөх вэ. Тогтмол зардлын асуудлыг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг талаар байлаа. Шинэ хэлэлцээрт уулын ажил зогссон ч гэсэн нүүрсээ нийлүүлээд өрөө төлөөд, өрнөөсөө хасаад явж байх талаар тусгасан боловч “Эрдэнэс Тавантолгойн” тал үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байв. Гэвч Макмахон/TTJVCO компанийнхан “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-тай хэлэлцээр хийсний дүнд өнөөх шүүхдээд байсан “Макмахон”-ы талд өгөх ёстой 100 гаруй сая ам.долларыг 25 сая ам.доллар болтол бууруулсан. Өөрөөр хэлбэл цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлье гэвэл бэлэн мөнгөөр бус зөвхөн нүүрсээр төлөхийг зөвшөөрсөн байдаг. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”-д бэлэн мөнгө байсангүй. Мэдээж бэлэн мөнгөөр төлбөл авлагатай тал баяртай байх төдийгүй хурдан “өр салах” байсан биз. “Чалко”-гийн өрийг 100 хувь гэж бодоход 65 хувь нь Макмахон/TTJVCO компанийн олборлолт буюу уулын ажлын зардал юм. Тэгээд ч  яг тэр үед нүүрсний ханш үлэмж хэмжээгээр унаж болохоор тус компани бэлэн мөнгөө “ЭТТ”-оос авсан бол дуртайяа “Баяртай” гэхсэн. Одоо ч гэсэн тэд “Баяртай” гэхэд бэлэн байгаа төдийгүй Монголын нэр бүхий тэрбумтнуудад хандсан юм билээ.

Мөрөөдөл биелдэг бол Монгол компани TTJV компанийн уулын ажлын зардал гэх 65 сая ам.доллароос гадна бусад зардлыг өгөөд Тавантолгойгоо бүрэн эзэмшчихдэг бол хэн, хэн нь “Happy” үлдэх боловч харамсалтай нь одоо ийм санал хүлээж авах тэнхээтэй дотоодын байтугай гадаадын хөрөнгө оруулагч, тийм хэмжээний итгэл хүлээх давуу чанар даанч алга нь хяслантай.

Харин нүүрсний өнөөгийн үнэ ханшийн тухайд Хятад-д Австралиас орж ирэх 10 сая тонн нүүрс үерийн гамшигт өртөж ёстой л “Хорин шарыг минь хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү” гэдэг шиг Хятадын талынхан халаглаж байгаа аж. Австралиас жилд 30-40 сая тонн нүүрс нийлүүлдэг байтал 10 сая тонн нь “урсчихлаа”. Энэ үед нүүрсний үнэ 90 ам.доллар байсан боловч гэнэтийн гамшиг нь өнөөгийн ханшийг 200  гаруй ам.долларт хүргэж орхив. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гаригт Хятадын Засгийн газар дотоодын өдөр тутмын нүүрс олборлолтын хэмжээг 500 мянган тонноор нэмэгдүүл гэсэн шийдвэр гаргажээ. Тэд Австралийн уурхайг гамшигаас аварсны дараа нүүрсний үнэ ханш хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байгаагаа дээрх шийдвэрээрээ харуулсан юм.

Өнөөдрийн байдлаар уурхайн аман дахь нүүрсний үнэ 27-28 ам.доллар байна. Энэ үнийг ч гэсэн олон нийтэд мэдээлэхдээ удаан хугацааны гэрээт нийлүүлэлтийн ханш, тухайн өдрийн шууд худалдан авалтын гэх мэт 2 өөр төрлийн ханш байдаг талаар ялгаж салгаж ойлгуулах нь чухал. Нүүрсийг ч, төмрийн хүдрийг ч борлуулахдаа 80-90 хувь нь удаан хугацааны, 10-20 хувь нь тухайн өдрийн ханшаар тооцдог. Тиймээс ч Австралид болсон үерийн гамшгийг аргалах хүртэл ямар хугацаанд, нүүрсний үнэ хэрхэн хэлбэлзэх бол гэдэг түгшүүртэй биш гэж үү.

Нөгөөтэйгүүр  Тавантолгойн ордоос Хэбэй хүртэл 1500 км зайтай ба тэр хүртэлх зөвхөн тээвэрлэлтэд тонн тутамд 65 ам.долларын зардалтай гээд бодохоор нийт 92 ам.долларын л ханштай байсан гэсэн үг. Тэгээд ч “Эрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрсний ханшийг “Энержи ресурс”-ын “угааж баяжуулсан” нүүрсний ханшид харьцуулбал “Энержи ресурс” –н баяжуулаагүй түүхий нүүрсний үнэ нь Тавантолгойн нүүрснээс илүү хямдаар нийлүүлдэг гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Макмахон/TTJVCO-ийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко” хоёр нүүрсээ ямар үнээр нийлүүл гэнэ, түүнийг  л шууд дагахаар тохирсон. Тонн тутам нь 1 ам.доллараар зар гэнэ үү, 1000 ам.доллароор зар гэнэ үү, дагах л ёстой. Гэхдээ TTJV компани яачихаад Монголоос “уяатай” байна вэ гэхээр хөрөнгө оруулалтын зардлаа олж авч чадаагүй. Салаад явчихъя гэхээр мөнгөө авмаар байдаг, гэтэл “ЭТТ”-д ч, Монголын төрд ч тэр мөнгө нь алга. Аргагүйн эрхэнд оронд нь нүүрс авах гэхээр “дээрэмчин” мэт харагдуулаад, түүнийг нь дэвэргэж улс төржүүлээд зөв хамтрах ямар ч боломж олгохгүй байгаа тул юун ашиг манатай зарцуулсан мөнгөө л авчихвал маргааш ч зайлахад бэлэн болчихоод байгаа гэнэ.

“Чалко”-ийнхны ч, “Макмахон/TTJVCO”-ийн ч хувьд одоогийн Засгийн газраас хүлээж буй зүйл нь төмөр замаа хурдан барих явдал. Австралийн нүүрс Хятадын хил дээр ирэхэд хоёр долоо хоногт л ирдэг төдийгүй тээвэрлэлтийн зардал нь тонн тутамд 7  ам.доллар болдог бол манай нүүрс 2-3 сар тээвэрлэгдэж гарах зардал нь 65 ам.доллар болдог. Үүнд ямар өрсөлдөх чадвар байна вэ. Ямар тэнэг наймаачин энэ тохиолдолд Монголыг сонгох вэ. Тиймээс ямар ч үнээр хамаагүй хамгийн түрүүнд төмөр замаа тавиад аваасай гэж л их хүсч байна.

Учир нь тонн тутмаас хамгийн багадаа 15 ам.доллар хэмнэх боломжтой. 30 сая тонн нүүрс гаргалаа гэж бодоход жилд 450 сая ам.доллар цэвэр ашигтай ажиллах боломжтой байгаа биз. Алсын хараатайгаар шийдвэр гаргаж чадвал зөвхөн эндээс төмөр зам барихад зарцуулсан хөрөнгөө нэг жилийн дотор нөхөх боломжтой. Харин эрсдэл нь уурхай зогссон цаг, минут тутамд олборлолтын өртөг нэмэгддэг учир уул уурхайн салбарт ажиллаж буй хэн бүхэн тогтвортой үйл ажиллагааг л хүсдэг.

Бидний харамлаж үнэд оруулаад байгаа коксжих нүүрс Хэбэйд 2-3 сар болж байж очдог гээд бодохоор бас л эмгэнэлтэй нөхцөлд бид өрсөлдөж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Хэрэв төмөр замаа барьчихаад, тэдний нүүрсээ нийлүүлж байгаа хугацаатай өрсөлдөж нийлүүлэлт хийж чаддаг болчихвол эх орныхоо нүүрсний үнэ цэнийг хамгаалж, үүн дээр ямар ч тоглолт хийж болох юм. Эсвэл Макмахон/TTJVCO-ийн нэхээд байгаа зардлыг өгч үдээд дараагийн хөрөнгө оруулагчийг урья. Маш хэцүү даалгавар, боломжгүй хувилбар биш гэж үү. Энэ зардал нь худалдаж авсан 65 сая ам.доллар болон бусад зардалтай нийлээд 75  сая гаруй ам.доллар болох бололтой.

Ямартай ч энэ бизнесээс залхсан хөрөнгө оруулагчид “Шадав нь авна уу, Готов нь авна уу, мөнгийг минь өгөөд дуртай нь ав, гэртээ харимаар байна” гэчихсэн, үгээ хэлж сууна. Хайрт эх орончид минь, Монголын бүх бизнесмэнүүд ээ, Тавантолгойн ордынхоо баялгийн төлөө нэгдэцгээе! Гэхдээ төмөр замгүй л бол надад ч бэлэглэсэн хэрэггүй “золиг” шив дээ.