Үүл баатарын “зохиосон” Их эвсэлд нь нэгдэцгээе!
Саяхан Ерөнхийлөгчийн зөвлөх, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй АН-ын шинэчлэлийн талаар ярилцлага хийсэн билээ. Дараахан нь буюу уг ярилцлага нийтлэгдсэнээс яг 15 хоногийн дараа Э.Бат-Үүл баатар “Миний эсрэг Их эвсэл бий болжээ” нийтлэлээ туурвисан нь өөрийнх нь хүссэнчлэн олны анхаарлыг татлаа.
Саяхан Ерөнхийлөгчийн зөвлөх, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй АН-ын шинэчлэлийн талаар ярилцлага хийсэн билээ. Дараахан нь буюу уг ярилцлага нийтлэгдсэнээс яг 15 хоногийн дараа Э.Бат-Үүл баатар “Миний эсрэг Их эвсэл бий болжээ” нийтлэлээ туурвисан нь өөрийнх нь хүссэнчлэн олны анхаарлыг татлаа. Харин анхаарал татахын цаана АН-ынханы хүсч буй нэгдлийг бус задралыг зарлаж, орон нутгийн сонгуулийн өмнө намынхандаа бэлэг барьчихав уу даа. Энэ нь эрхэм хүний өөрийнх нь эрх ашгийн эрэмбэ буй за. Эрхэм Э.Бат-Үүл одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 оны есдүгээр сарын 10-нд “Миний Зюганов” нийтлэлээрээ мөн л “Алтан гадас”, “Ардчилсан хүчний холбоо”, С.Эрдэнэ нарт “хариу барьж” билээ. Яагаад ч юм бэ, мөн л АН дотор давхар нам бий болчихлоо, Ардчилсан хүчний холбоо манай намыг хоёр хуваагаад “давхар биетэй” болгочихлоо, Хэн “жирэмслүүлээд” байгааг нь таах төдий ч хэн “үр” зөөгөөд байгааг нь хараад тэсэлгүй бачимдсан юм” гэж тайлбарласан санагдана. Тэрбээр “Би өөрийнхөө ярилцлаганд “Мангар” Эрдэнээгийн нэрийг тоож дурдаагүй юм. Угтаа би Эрдэнээг “Манай Зюганов” гэж “өхөөрддөг” билээ. Оросын Холбооны Улсын Коммунист намын дарга Зюгановтай адилхан хэтийн явдлаа сэтгэдэг намын кадр болохоор нь тэгэж “өхөөрдсөн” юм гэхчлэн хөвөрсөн санагдана.
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл хоёр яах вэ, эвлэсэн ч, зодолдсон ч аятайхан харагдах төдийгүй нүд дасчихаж. Харин О.Чулуунбилэгийн хувьд миний бие түүнтэй залуу хүний хувьд төдийгүй АНУ-д сонгуулийн менежментээр суралцаж төгссөн хуруу дарам цөөн гэж болох мэргэжлийн судлаачийнх нь хувьд сонирхон АН-ынхны сонгуульд ялагдсан шалтгааны талаарх бодлоо хуваалцсан юм.Түүний ярианд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, тус намын генсек Л.Эрхэмбаяр нарыг хариуцлага хүлээж ажлаа өгөөгүй байгааг шувууны сүүдрийн дайтай шүргээд л өнгөрсөн нь Үүл баатарын “Их эвсэл” зохиох сэдлийг өгсөн бололтой. Тиймээс ч нийтлэлдээ “Би нийслэлийн намын даргын сонгуульт ажлаа өгөх тухайд бол өгнө. Нийтэд зарлачихсан шүү дээ. Дүүргүүдийн намын удирдлага болон төлөөлөгчид л намрын сонгууль өнгөртөл байж байгаач гэж хүссэн болохоор хүлээж буй. Үүнийг Элбэгдоржийн зөвлөх мэдээгүй гэхгүй” хэмээн тодорхой дурджээ. Үүл зэргийн баатар, лидер хүн зүүгээр хатгахын дайтай үгийг залуусаасаа сонсож сураагүй гэх газаргүй. Харин хүнийхээ хувьд Э.Бат-Үүл гэдэг улстөрч ойрын үед бас л амаргүй гэхээр адал явдлуудтай учирч, түүнд бархирах шалтгаан байсныг үгүйсгэхгүй.
Ямар шалтгаан байв гэхээр юуны өмнө Э.Бат-Үүл баатар хэдийгээр өнгөц харахад хуулийн байгууллагаас дуудахад ёстой л “Зангиагаа засаад очиход бэлэн” харагдавч цаагуураа орон нутгийн сонгуулийн өмнө ийм “шарх” авсандаа харамсч байгаа нь илт байна. Тэгэхээс тэгэх гэсэн мэт МАН-ын Засгийн газрын газар байгуулагдснаас хойш шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагад халаа сэлгээ хийгээгүйг хэлэх үү. “Буу” МАН-д боловч “сум” нь АН-д байгаад байдаг. Үүнд их өндрөөс унаж яваа тэрбээр сарвалзахгүй байж тэвчсэнгүй юу гэмээр харагдана. Тиймээс ч С.Зориг андынхаа амийг хөнөөсөн хэрэгт шалгагдах нэг хэрэг боловч жигтэйхэн шуурхайлаад явчихсанд айхавтар цочирдож бачимдаж таарна. Энэ бол улстөрч ч бай, биш ч бай хүн бүрт хүлээн авахад хүнд цохилт. Үүл баатар маань С.Зориг андынхаа амийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдана гэдэг эмгэнэл. Өр өвдсөн, ямар сайндаа “Үүл баатар Зориг агсны амийг хөнөөсөн нь нотлогддог юм бол би хайгаад байгаа Оюун нь болъё” гэдгийг сэтгэл хөдлөлөөр ч жиргээгүй юм. Үгүй гэдэгт нь дэндүү бат итгэснийх шүү дээ. Гэтэл Үүл баатар маань сэтгэл нь өвдөхөө больсон аятай дараагийн “галаа нээж” байх жишээтэй.
Гайхлаа. Тийм аймшигтай хэрэгт орооцолдсон түүнд албан тушаал, орон нутгийн сонгуулийн талаар бодох, амбийцлах сөгөө байгаа гэж үү. Ёстой л “Үлгэрийн Баатар” юм даа. Э.Бат-Үүл гэдэг лидер “Хотын дарга”, “Нийслэлийн АН-ын дарга” гэдэг албан тушаалуудаасаа сэтгэхүйн хувьд хурдан холдож чадахгүй байх шиг. Өнгөрсөн дөрвөн жилд түүний хийсэн ажлууд дотор зоригтой шинэ алхмууд ч олон. Зорилготой, сэжигтэй санагдаад өнгөрсөн зүйл ч цөөнгүй билээ.
Энэ хугацаанд ардчилсан мээр минь төрж өссөн нутгаараа “Дөчин мянгат”-ын гэж овоглон өөрийг нь хайрласан нийслэлчүүдийг даанч хайрласангүй. Тэр байтугай 469 өрх өнөөдөр “гудамжинд” биш гэхэд айлаар хоноглох, ачааны машин дээр амьдрах зэргээр маш хүнд нөхцөлд өвлийг угтаж байна. Найрсаг Улаанбаатарынхаа “Эрдэнийн төгөл” хотхонд халууцаж аж төрдөг хүнд энэ мэдрэмж тийм ч ойр биш байх л даа. Тэр өнгөрсөн дөрвөн жилд яг л энэ хотыг өөрийн гараар цоо шинээр байгуулчихсан мэт аягласныг нийслэлийн иргэд анзаараагүй гэж бодно уу. Энэ ч яахав, “хувьсгалч хүн хувьсгалаа хийж” гэж бодъё.
Гэхдээ 40 мянгат, 50 мянгат, III,IV хороолол, XIII хорооллыг бариулсан лидер агснаас дурсгалыг нь мөнхжүүлэх, төрсөн өдрийг нь тэмдэглэх тогтоол батлуулахад кноп дарахаас харамлаж байсан гээд бодохоор намынханд нь гомдох шиг. Одоо түүний авирыг биш ашиг орлогын талаар хариуцлага тооцохоос аргагүй нөхцөл байдал үүсчихээд байна. “Хөгжлийн” гэх улстөржсөн банкаар дамжуулан “Чингис”, “Самуурай” бондын хөрөнгөөр 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Зорилго нь “гэр хорооллыг барилгажуулах” төсөлд гэсэн байдаг. Булааж хэрэглэсэн компаниуд нь нэрсийн жагсаалт, авсан өгсөн баримттайгаа байна, бухаж буцахдаа энэ төслийг надаас өмнөх хотын дарга нар эхлүүлсэн гэдэг юм. Гэхдээ энэ нь зөвхөн бухахад нь хэрэгтэй бөгөөд гэр хорооллыг барилгажуулах ажлыг муулахад илэрдэг. Мөн “надаас өмнө МАН-ынхан нийслэлийг удирдаж байхдаа хууль бусаар газар олгосон” гэдэг хариуцлагагүй мэдэгдлийг олонтаа хийсэн ч хариуцлага тооцъё гээд хууль, хяналтын байгууллагад шалгуулаагүй нь харамсалтай. Уг нь Баатар хүн, ардчилагч хүний хувьд энэ ажлыг хийгээсэй гэсэндээ л Төрийн тэргүүн хүртэл түүнийг дэмжиж Ч.Сайханбилэг гэдэг шижигнэсэн залуугийнхаа нэрийг нь татуулж байгаад хотын даргаар томилуулсан баймаар юм. Харин одоо Үүл баатар өдий насандаа “эвэр нь” ургаж 2006 онд Ц.Элбэгдоржийн хэлж байсан “хөтөлгөө” морь, тэр тусмаа авч давхихад нь чирэгдэж явсан морь бүр ч биш болж Төрийн тэргүүн, түүний зөвлөх рүү мөргөх цаг ирдэг юм байж.
Одоо эрх баригч намаас томилогдсон нийслэлийн удирдлагууд ч түүний алдааг давтахгүй байж алдаа дутагдлыг нь яаралтай шалгуулах хэрэгтэй. Тэр 104 тэрбум төгрөгөөр ямар ажил хийсэн юм бэ, газар дээр барьсан барилгын ажил гацаад байна, газар дорхи шугам сүлжээний ажил хийсэн юм бол газар хөлдөхөөс өмнө нэгбүрчлэн шалгаад үз. Учир нь олдох биз, ямар 16 жилийн өмнөх малгай мартсан асуудал биш, шалгахад амархан шүү дээ.
Хачирхалтай нь АН дотор Үүл баатарын эсрэг Их эвсэл байгуулагдахад “хөдөөний хөөсөн мантуу” гээд байгаа МАН-ын ялалтаар хотын дарга болсон С.Батболд яагаад ч холбогдчихдог юм бэ. Уг нь тэдний намынхан МАН-ынхныг оролцуулахдаа манатай “олгойгоо тогоондоо хагалж” яваа баймаар. Э.Бат-Үүл гэдэг энэ эрхэм АН-ын үнэт зүйл яах аргагүй мөн. Үүнтэй хэн ч маргахгүй. Ардчиллын алтан хараацай гээд ардчилалд хайртай хүн бүр хүндэлсэн хэвээрээ байдаг юм. Харамсалтай нь хараацай маань ерөөсөө хараацай чигээрээ л төрсөн аж. Өндөг хагарч дэгдээхий болох, дэгдээхий өсч өөрийнх нь дайд хүрэхийг хүлээн зөвшөөрч нэг л чадахгүй байгаа харагдана. Дээр нь түүнийг хөөргөдөг, тойрон хүрээлдэг “жинхэнэ эвсэл” нь ёстой утгаар нь эвдэж яваа нь илт үзэгдэх аж. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Намбар Энхбаяр Самбар Энхбаяр боллоо” гэдэг шиг өнгөрсөн сонгуулиар л гэхэд Хан-Уул дүүрэг “Самбар Бат-Үүл” хочтой болтолоо түүний хэн нэгэнтэй авахуулсан хөрөг зурагтай самбараар “зодуулав” шүү дээ. “Үүлийг өлгөөд” байхаар л ялдаг юм болов уу гэтэл үгүй юм аа. Харин ч онцгүй зүйл дагуулдаг бололтой юм.
Одоо түүнээс Ардчилсан намын шинэчлэлийг хайгаад ч олохгүй юм байна. Хотын дарга байхдаа амласан ажлынх нь үр дүнг нэхээд ч горьдлого муутай ч нэхэх хуультай, хариуцлага тооцох ёстой учраас түүнийгээ л ярих хэрэгтэй, МАН-ынхан. Хаана байна тэр “Жи” хороолол, “Ганнам” дүүрэг, “найрсаг Улаанбаатар, гэр хорооллыг барилгажуулах төсөлд 104 тэрбум төгрөг зарцуулсны үр дүн? Авсан компаниудын угшлыг ажаад сайн хар. Авсан огноо, тогтоол шийдвэр, төгрөг мөнгөний дүн, компанийнхаа нэрстэй захын нэг сэтгүүлчийн ширээн дээр хэвтэж байхад яагаад шалгаж болохгүй гэж. Зөвхөн Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд Гэр хорооллыг барилгажуулах төсөлд 104 тэрбум төгрөг зарцуулсан энэ компаниудын нэрс Хөгжлийн банкаар дамжуулан барилгын салбарт зарцуулсан гэх 1.1 их наяд төгрөгийн өр зээл дотор ч давхцаад байгааг юу гэх вэ. Дөнгөж аравхан хувь нь гэр хорооллыг барилгажуулах төсөл дотор яваа гэж бодоход үлдсэн нь дахиад давхцаж байгаа юм, түрээсийн орон сууц, барилгын материалын үйлдвэрлэл, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэхчлэн. Энэ бүхнийг Э.Бат-Үүл манлайлаад намынхантайгаа хариуцлага тооцож ярих эрхгүйг ойлгож байгаа ч түүний зохиосон Их эвсэл хэрэв үнэхээр байдаг бол зөв эвсэл юм биш үү. АН-ынхан гэлтгүй он гармагц тэдний тавьсан өрийг дарах ялд унасан ард иргэд нь тэр чигээрээ тэр эвсэлд нэгдмээр л байна шүү дээ.