Бат-Үүлийг баривчилсан нь танил тал харсан шинжтэй байна
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй. Ерэн зургаан оны сонгуулийн дүнг хэсэг гайхширснаа Оросын хэвлэлд л гэхэд “Монголын хоцрогдсон малчин нүүдэлчид хүртэл коммунизмаас татгалзаж байхад манайд арай ч Зюгановыг сонгочих юм биш байгаа” гэж бичиж байлаа. Харин энэ зуны сонгуулийн дүнг сонсоод жишээ нь Германы “Франкфүртэр Аламайнцайтунг” сонинд бичихдээ “Монголыг ардчиллын жишээ болгож гайхуулаад л манайхан очиж туслаад л хөөрцөглөөд байсан, хаа байна! Төв Азийн тэрхүү хоцрогдсон орон өөрийнхөө байранд ч очиж байгаа биз дээ. Мөнөөх л Киргиз, Узбек, Тажикстан, Азербейджан, Түркмэнийхээ өрөөсөн гутал л байгаа биз дээ! Болох ёстой юм нь л Монголд болж, тэд өөрсдийн байх ёстой заяаныхаа газраа л очиж, бүс нутагтайгаа нийллээ” гэж дүгнэжээ.
Хэдийгээр энэ оны долоо, наймдугаар сард Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийн шувтаргын тоглолт болж, “Курск” онгоц живж, Москвад бөмбөг дэлбэрч, Малайзад Анвар Ибрахимийг дахин шүүж, Энэтхэгт үер болж, Парист “Конкорд” сөнөж, Колумбид хар тамхины дайн дэгдэж, Киргизэд Бэн Ладэний санхүүжүүлсэн лалын цэргүүд довтолон дэлхийн чихийг дэлдийлгэсэн олон үйл явдал өрнөж буй ч гэсэн ойрноос Монгол хэмээх улсад коммунистууд дахин ялж баривчилгаа явуулж байгаа тухай нэлээд бичих боллоо. Арав хорин жилийн өмнө бол ч ийм сонин сонин биш байж л дээ, харин одоо мөнөөх коммунизм, коммунист гүжирдлэг, коммунист баривчилга зэрэг нь дэндүү ховор зүйл болчихсон болохоор дэлхийн мэдээллийн хэрэгслүүд ихэд олзуурхан шүүрч аваад байх шиг байна.
“Нью-Йорк таймс” сонины наймдугаар сарын 22-ны дугаарт бичихдээ “Саяхан болсон сонгуулиар парламентынхаа бүх суудлыг авсан коммунистууд өш хонзонгийн баривчлга явуулж эхэллээ. Ардчилсан хүчний гол удирдагч нарын нэг Э.Бат-Үүлийг өөрийн нөхөр Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэгт холбогдуулан баривчлав. Зориг нь 1998 онд үл мэдэгдэх байдлаар гэртээ алуурчны гарт амь үрэгдсэн юм. Коммунистууд үүнийг ашиглан Ардчилсан хүчнийхнийг энэ хэрэгт холбогдуулан сонгуульд ялсан юм” гэсэн бол “Reuter” агентлаг “Монголын ардчилсан хүчнийхэн өөрийн удирдагчаа коммунистуудад баривчлуулчихаад шоконд ороод үг ч дуугарч чадахгүй байна” гэж мэдээлжээ. “Лос-Анжелес таймс”, “Зюддойч цайтунг”, “Индепэндэнт”, “Лэ Монд”, “Асахи Шимбүн”, “Вашингтон пост” гээд л энэ дэлхий дээр нөлөө бүхий бүх том хэвлэлүүд дуу дуугаа авалцан “Монгол”, “Махчин коммунистууд”, “Ардчилсан хүчний эрэлхэг хөвгүүн Э.Бат-Үүл” гэсэн мэдээллийг хорвоогоор нэг цацаж эхэллээ.
Ийнхүү мань Бат-үүл Хятадын Шэнь Жин, Малайзын Анвар Ибрахим, Мянмарын Ань Сан Сүү нарын зиндаанд очиж, Чингис Хубилай нарын дараа дэлхий даяар алдаршсан монгол хүнээр нэгэнт тодорч эхлэв. Тэрээр удахгүй хүний эрх, эрх чөлөө ардчилал, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Нельсон Мандела, Лех Валенса, Далай лам, Тереза эх, Мартин Лютер Кинг нарын эгнээнд очин, орчин үеийн дэлхийн бас нэг шинэ домог болон үлдэх хувь заяатай боллоо. Ухаан нь хэдэн жилийн дараа наймаа хийж яваа монгол ганзгачнаас Буркино Фасогийн иргэн гэгдэх хамартаа ээмэгтэй нүцгэн хар авгай “Танай Бат-Үүл гуайн бие сайн уу! Түүнийг муусайн коммунистууд дахиад л хорьчихсон уу?” гэж асууж байх жишээтэй.
Дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд ядуу, бүдүүлэг хоцрогдсон орны чанга дэглэмтэй тэмцээд яваа юм уу, золиос нь болоод хохирч яваа хэн нэгнийг дурсаад магтаад унахаараа орчин үеийн дэлхийд цаадах нь яаж мандан дэвждэгийг бүгдээрээ гадарлана. Нельсон Мандела 25 жил шоронд суусныхаа шанд өнөөдөр дэлхий дээр хамгийн алдартайгаар барахгүй, хамгийн нөлөөтэй хувь хүн болчихсон явна. Польшийн дэглэм Валенсаг гэрийн хорионд хэдэн сар суулгаатчихсан чинь цаадах нь Нобелийн шагнал хүртэж удалгүй тэр орны Ерөнхийлөгч болсон. Бирмийн дэглэм Ань Сэн Сүү гэгч авгайг бас л гэрийн хорионд суулгасны төлөө тус улс анхны Нобелийн шагналтантай болоод авлаа. Алдарт физикч Сахаров мэргэжлээрээ биш Горький хотод цөлөгдсөнөөрөө илүү алдаршиж бас л Нобелийн шагнал авсан. Альберт Лютүли, Дэсмонд Түтү, Адольф Эскювэл, Хосэ Рамос Хорта, Карл фон Оссетски гээд л олон хүн өөрийн амьдарч буй дэглэмтэйгээ тэмцсэн буюу золислогдсоныхоо шанд Нобельтой болсон билээ. Ухаан нь Оссетски гэдэг санваартан Гитлерийн дэглэмтэй тэмцээгүй боловч Бухеньвальдад хоригдсон учраас шведүүд түүнийг алдаршуулан шагнажээ. Ригобэрта Мэнчү гэдэг тосгоны авгайг ойр төрлийнхнөөс нь өөр хэн ч таньдаггүй байтал Гватемалийн дэглэм түүгээр оролдоод унасан чинь нэг Нобельтон дундаасаа төрүүлчих нь тэр. Харин Шэнь Жин Нобелийн шагналд жил дараалан дэвшсээр хариугүй хүртдэгийн даваан дээр хятадууд түүнийг нутгаасаа хөөж Америкт гаргасан учраас хоншоор нь дутсан.
Ингээд мань Бат-Үүл нь Малайзын Ибрахимын хүчтэй өрсөлдөгч болон гэнэт тодорлоо. Анвар Ибрхаимыг улсын асар их мөнгө идсэн хэмээн шоронд суулгаж байснаа саяхан буруу хурьцал үйлдсэн хэргээр 9 жилийн ял сонсгосон билээ. Бат-Үүлийг ч гэсэн манай коммунистууд гуанзанд хүн рүү ус цацсан хэргээр шоронд хориод Зоригийг алан хядсан хэргээр үргэлжлүүлэн суулгасан ба тун удалгүй есдүгээр ангид байхдаа багшийгаа зодсон хэргээр ял сонсгох биз. Зоригийн аллагаар нэр цуугаа бадруулан нам байгуулж, сонинд ярилцлага өгч, ном жүжиг бичиж, сайд болж, сонгуульд оролцож, депутат болж тодорсон олон олон хүн бий боловч явж явж хамгийн их хожих хүн нь мань Бат-Үүл л болж таарлаа.
Бат-Үүл ч яахав Монголын байтугай Төв Азийн анхны Нобелийн шагналтан болж өөрөө дааж чаддаг юм бол алдар суугийн ноён оргилд гарах нь тодорхой. Гэвч энэ нь аль зэрэг шударга хэрэг вэ? Монголд ардчилал буй болоход Бат-Үүл чамгүй үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэхгүй. Гэхдээ цөөхөн монголчууд бидний дотроос шилээд авна гэхэд Бат-Үүл хамгийн чухал үүрэг ролийг гүйцэтгэсэн юм гэж үү дээ? Наян найман онд Төв шуудан энэ тэрийн хаалган дээр нууцаар бичиг нааж явсан л гэдэг юм билээ. Ардчилсан намын анхны дарга байсан байх. Өөр түүнд тэгтлээ овойж оцойхоор гийгүүлсэн юм бий бил үү? Даруу бус зан гаргаж буйг минь өршөөгөөрэй, гэхдээ тухайлбал миний бие энэ нийгэмд Бат-Үүлээс дутахгүй үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Тэгэхэд яг шагнал, тэр дундаа Монгол улсын нэр төрийг дэлхийд дуурсгах Нобелийн шагнал болохоор Бат-Үүлийг сонгож авч байгаа нь дэндүү шударга бус үйлдэл мөн.
Яг баривчлаад нэрийг нь дэлхий даяар дуурсгах дээрээ тулбал намайг ч оронд нь баривчилж болох л байсан шүү дээ. Талийгч Зоригийг алуулдаг өдрийн өглөө 5 цагт намайг Япон руу ниссэн тухай хэвлэлүүд зөндөө шуугисан. Нэрт улс төр судлаач Эрдэнэтуул ганц Бат-Үүлийг л аллагын захиалагч гэж нэрлээгүй, намайг ч бас дотор нь оруулсан байсан юм шүү. Иймэрхүү улайм цайм сэжгүүд над дээр бэлээхэн байсаар байтал заавал Бат-Үүлийг нэг муу малгай мартсанаар нь далимдуулж шоронд хийн дэлхий даяар алдаршуулж, Нобелийн шагналд тодорхойлж буй нь дэндүү шударга бус байна. “Өнөөдөр” сонины эрхлэгч, мань Бат-Үүл хоёр өвөр түрийндээ орох шахдаг найз нөхөд гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх. “Өнөөдөр” сонин хоёр жилийн турш тэрхүү аллагын жинхэнэ эзэн бол Бат-Үүл гэсэн таамаглал дэвшүүлэн, түүнээ улам баттай болгохын тулд янз бүрийн цуу зохиосоор байгаад цагдаагийнхныг үнэмшүүлж орхисон нь угаасаа Бат-Үүлийг дэлхийд алдаршуулан Нобелийн шагнал олгох гэж эхнээсээ бодсон нууц төлөвлөгөө болох нь батлагдаж байна. Ар өврийн хаалга, сэм хуйвалдаанаар нэгэндээ Нобелийн шагнал олгуулж байгаа энэ явдал бол манай улсын нэр төрийг өргөх биш харин ч унагаж болохоор ноцтой шударга буй үйлдэл юм.
Монголоос Нобелийн шагнал авах анхны хүн бол нэгэнт л улсынхаа нэр төрийг хамт авч явах учраас мэдлэг боловсролтой, хэл амтай, харилцааны соёлтой харахад нүдэнд дулаахан хүн байх ёстой. Гэтэл Бат-Үүл бол англи, франц байтугай оросоор ч олигтой ойлгодоггүй, багадаа дөчин мянгатад хулигаантаж яваад хамраа муруй болгочихсон, саяхи Малыштай төдийгүй хэдэн жилийн өмнө Рихард Зорге гэгчтэй зодолдож байсан, харилцааны соёлгүй, хар хур гэсэн этгээд билээ. Ийм хүн Монгол улсыг маань төлөөлөөд тэрхүү нэр хүндтэй шагналыг авчихаар, “цаана нь бүгдээрээ л нэг иймэрхүү хулигаан царайлсан эх хэлнээсээ өөр юм мэддэггүй мангарууд юм байна, энэ монголчууд чинь” гэж дэлхий даяараа бодоход хүрвэл яана. Нобелийн шагналыг дагалдаад цэвэр алтан медаль, нэг сая ам. доллар ирдэг. Энэ их хөрөнгийг зөв зарцуулж, улс орныхоо ядарсан эдийн засгийг өөд татахад хэрэглэх совесть түүнд бий юу? Нөгөө Нобелийн алтан медалийг нь хайлуулаад бөгж хийгээд зүүчихсэн цохиж явбал яана! Нобелийн илтгэл гэж нэг чухал юм байдаг. Энэ илтгэлийг англиар бичиж өөрөө уншдаг ба дараа нь дэлхийн бараг бүх хэлэнд орчуулагдаж цацагдан сурталчлагддаг номтой билээ. Бат-Үүл улс орныхоо нэрийг дуурсгахуйц, хүний сэтгэлд хоногшохуйц, сайхан илтгэл бичиж чадах уу? Нобелийн шагналтанг дараа нь дэлхийн нэр хүндтэй Их сургуулиуд урин лекц уншуулж, доктор цолоороо шагнан алдаршуулдаг. Гэтэл мань Бат-үүл бол юун доктор, уртаашаа л дунд сургуулийн физикийн багш хүн шүү дээ !
Энэ бүхэн ч бас яахав гэж үзье, хамгийн гол нь шударга бус байдлаар түүнийг алдаршуулж байгаа нь дэндүү зарчимгүй хэрэг юм. Алив юманд хэр хэмжээ, логик, зарчим гэж байх ёстой. Ганболд, Гончигдорж, Энхсайхан уучлаарай бас би гээд эх орныхоо нэрийг хаана ч нүүр улайлгахгүй аваад явах сайхан залуучууд байсаар байтал очиж очиж Бат-Үүлийг шоронд суулгаж тэр сайхан шагналд дэвшүүлж буй нь шударга ёсыг алдагдуулж байна. Аллагын хэрэгт бидний хэнийг ч холбогдуулан хорьж болох л байсандаг. Шударгаар уралдуулан шүүж тунгаагаад, дараа нь шагналынхаа нэр хүндийг тухайн хүн дааж чадах эсэхийг нь бодолцоод нэгийн нь шалгаруулан авч шоронд хорих ёстой байсан юм. Энэ бүхнээс үзэхэд сая сонгуулиар гарч ирсэн шинэ Засгийн газар эхнээсээ авахуулаад л шударга бус юм хийж эхэлж байгааг ард түмэн үнэн мөнөөр нь ялган, зөвөөр тунгаан шүүх байх гэж итгэж байна.
2000.8.29