Саяхан МАН сонгуулийн амлалтаасаа буцснаа, удалгүй буцснаасаа бас буцав. Хэрвээ усны шувуу буцаж явснаа, буцснаасаа буцвал сүрэг цуваагаараа сүйрнэ. Харин нам засаг  яаж ч байсан “ёо гэхгүй нь сайхан” аж.

МАН-ын байгуулсан засаг төр “Татвар нэмнэ-нэмэхгүй,  тэтгэвэр хасна-хасахгүй” хэмээн жаал шуугиулаад,  буруу зөв нь хамаагүй  зоримог алхмаасаа няцсныг хэлж байна. Хэдийгээр Намзасаг ёолдоггүй нь сайхан ч улсын эдийн засаг, олон түмний аж амьдрал ард талд нь ёхлон хямарсаар…

Энэ бүхнээ “МАН буруу алхам хийх гэж байснаа олон түмнийхээ эсэргүүцлээс  их юм ойлгож, алдаагаа заслаа. Сайн нам алдаагаа засдаг. Ийм учраас МАН бол сайн нам” хэмээн тайлбарлаж байх шиг байна. (Уг номоороо бол “Алдаагаа засна гэдэг бол зорилгоо солихын нэр биш, харин зорилгодоо хүрэх арга замаа солихын нэр” юм гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа)

Үнэн хэрэгтээ энэ алхам нь  “МАН –ыг олон түмнийхээ санаа бодлыг сонсдог, ёстой хэрэгтэй нам” гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлсэн нь юу л бол. Харин ч нэгдсэн чиг зорилгогүй, зангидсан удирдлагагүй, энэ утгаараа тодорхой бодлого (хэрвээ байдаг бол) хэрэгжүүлэх чадамжгүй нам юм байна гэж  бодогдуулах шиг боллоо.

Үлдсэн сургамж нь “МАН-ыг жаахан айлгахад л шийдвэрийг нь буцааж болно” гэдэг логик. Цаашдаа манай засаг төрийн зөв буруу олон алхам нь ийнхүү мухардах зам нээгдлээ.  Энэ нь МАН-д гэхээсээ илүү засаглалд хортой жишиг тогтоож байгаа юм. 

Алсыг харсан, өнөө маргаашийн ашгаас илүү ирээдүйн өгөөжийг чухалчилсан зоримог алхам,  ухаалаг шийдвэр хэрэгтэй байгаа цагт ингэх нь нийт үндэстэнд хортой. Засгийн эрх мэдлийн тодорхой хэсэг гудамжинд буюу ард түмний өмнө сонгуулиар хариуцлага хүлээгээгүй “Эх оронч” хэсгийн гарт байсан уламжлал улам хөгжих нь байна. Ер нь төрийн эрх бараг л зуун хувь гудамжинд очих бололтой.
    
Харин эрх баригчид аймхай хулчгараа, засаглах чадамжгүй байдлаа халхлах гэж баахан тэнэгтэнэ. Өнөөх, айдаггүй хүн болох гэж алийгээ алдав гэгчээр. Наад зах нь, хэрэгтэй хэрэггүй, нийцэх нийцэхгүй олон журам духандаа наасан, төрийн өмнөөс шалгагч, засгийн өмнөөс журамлагч, “Улсын айлгагч” нар олширно. Өнөө “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө бүр сануулах” гэдэг шиг “Дээр чинь засаг төр(мэдээж, МАН-ын) байгаа  гэдгийг өдөр бүр сануулж” байх болно. Тэгэхгүй бол юу ч хийдэггүй, байгаа байхгүй ялгаагүй төр засгаа хүмүүс мартчихна шүү дээ.

Сонгуульд МАН дангаараа ялсан нь сайхан зүйл биш. Гэхдээ сөрөг хүчин гэхээр л өөрийгээ терминатор киноны баатар гэж ойлгоод юм бүхнийг сүйтгэдэг уламжлалтай болсон үед манай парламент үнэмлэхүй олонхитой болсон нь Засаглалд олдсон“боломж” байв. Ялангуяа хямрал нөмөрч,  зангидсан гар шиг эв нэгдэлтэй шийдвэрээр хямралыг гэтлэх хэрэгцээ гарсан үед энэ нь чухал шийдэл мэт харагдаж байв.

Хүчгүй (Хүчирхийлийн биш шүү, базарваань) сул засаглалд дургүйцсэн олон түмний өгсөн санал ч ийм зорилготой байсан. Сонгогчид, манай нийгэмд тулгамдсан зорилт бол шийдвэр гаргах чадамжтай, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн засаглал гэж үзсэн хэрэг. (Тал нутгийн морьтон баатрууд үр хойчис  сул дорой засаг төрд  зөнгөөрөө дургүй) Үнэхээр ч манайд нүүрлэсэн хямралын гол шалтгаан  сул дорой, үлбэгэр засаглал.

МАН-ын хувьд ч гэсэн улаан хувьсгалын шуурганд цустсан түүхээ шинэчилж, ардчилал зах зээлийн тогтоцийн үед ч сайн нам хэвээрээ үлдсэн гэдгээ батлан, шинэ мянганы босгонд “цолоо бататгах” (бөхөөр бол)  шаанс ч байлаа. (Хорвоо мөн муухай шүү. Алдсан боломж болгон сүүлийнх байдаг гэхээр)

Харамсалтай нь, МАН маань албан тушаалд дуртай мөртлөө, өчүүхэн төдий ч хариуцлагаас хэтэрхий айдаг, тэр хэрээрээ шийдвэр гаргах чадамжгүй нам аж. Нөгөө талд нь зогсох АН нь хариуцлагаас хэтэрхий айдаггүй, том бага хариуцлагыг юман чинээн боддоггүй байдлаараа бас ялгарах аж. Манай хоёр гол намын хариуцлагаас айдаг айдаггүй хоёр яг тэнцэнэ. Өнөө “ Уг нь Дулмаа, Долгор хоёрыг нийлүүлчихвэл нэг гайгүй хүүхэн гарах юм байгаа юм ш дээ” гэдэг аман шог шиг.

Түүхэн боломжийг эзэгнэж, олны итгэлийг дангаараа өвөрлөсөн МАН засгийн эрхэнд гараад юу хийв. Өнгөрсөн парламентаар, өөрсдийнхээ оролцоотойгоор  баталсан хэдэн хуулийг тогтоолоор эргүүлэн татсан (Тэр нь хууль зөрчсөн байсан), төв талбайн  Чингисийн нэрийг хүчингүй болгон Сүхбаатарийнх болгосон. Одоо төрийн ордны нэг танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгохоор хөөцөлдөж байгаа…Аа тийн, машины явуулын аптек зэргийг шалгаж торгох ажил зохиосныг мартвал нүгэл болно. Ингээд гүйцээ. Угаасаа чадах юмаа хийсэн нь ч тэр байх даа.

МАН-ынхан буцснаасаа буцаад байгаагийн  өөр нэг шалтгаан нь хаяанд хүлээж байгаа сум, дүүргийн сонгууль, улмаар уяан дээр үүрсэж байгаа ерөнхийлөгчийн сонгууль. Ийм чухал сонгуулийн өмнө ямар нэг зоримог шийдвэр гаргах нь сонгуулийн дүнд нөлөөлнө гэж болгоомжилсных.  Үнэхээр ч 1996 онд ялалт байгуулсан “Ардчилсан холбоо” эвслийн засгийн газар нь үнэ чөлөөлөх зоримог алхам хийснийхээ шанд орон нутгийн сонгуульд хавтгай ялагдал хүлээж байсан.
Тэгвэл  өнөөгийн МАН ямар ч шийдвэр гаргах чадамжгүй, хариуцлага хүлээх чадваргүй байж сум дүүргийн сонгуульд бас ялж  яах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна. Үүрэх лай улам л нэмэгдэнэ. Яахаа мэдэхгүй байж, нэг л их дарга болохыг хүссэн улс. Яамаар ч юм бэ дээ…

Төгсгөл. Саяхан  салбарын сайдынх нь санаачилгаар  хөдөө аж ахуйн шавданг бататгахыг бурханд даатгаж маань уншуулсан гэнэ.

Сайдын зөв санагдаад байна. Үнэхээр, бодит боломж үзэгдэхгүй, тодорхой найдлага үлдээгүй ийм цаг үед бурхан л бидэнд тусалбал тусална, үгүй бол үгүй.
 Харин бид бурханыг баярлуулахчихаар юу  хийсэн билээ…бодъё!