“Монголын эдийн засгийн хямрал ханиад, харин Хятадын тулгараад байгаа асуудлыг хорт хавдартай зүйрлэж болох юм”
Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар. Хятад, Япон, Солонгос хэлний “Гэгээ” дээд сургуулийн захирал бөгөөд Хятадын хийсэн “Чингис хаан” олон ангит киноноос эхлээд “Чонон сүлд””Гурван улсын үлгэр”.....зэрэг олон арван ном, кино орчуулгын бүтээл хийсэн хүн
Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар. Хятад, Япон, Солонгос хэлний “Гэгээ” дээд сургуулийн захирал бөгөөд Хятадын хийсэн “Чингис хаан” олон ангит киноноос эхлээд “Чонон сүлд””Гурван улсын үлгэр”.....зэрэг олон арван ном, кино орчуулгын бүтээл хийсэн хүн бөгөөд бид хамт радио телевизэд ажиллаж байсан эртний анд нар билээ. Тэрээр саяхан «Том бялуу» гэсэн нэртэй бичлэг нүүр номондоо нийтэлсэн нь чамгүй олон уншигчийн анхаарлыг татсан болохоор энэ сэдвээр тухайлан цөөн хором ярилцахдаа хямрал гээд ард олныхоо цалинг танах тухай яриад байгаа шинэ эрх баригчид санаа авах болуужин хэмээн найдсаных бөлгөө.
Д.Т : -Би чамайг Хятад хэлний орчуулагч л гэж харж явснаас Хятад судлаачийн хувиар тухайлан яриа хийсэн нь үгүй ажээ. Хоёулаа уран бүтээл, Бурханы ном зэрэг ярих дуртай сэдвээ хойш тавиад «Том бялуу» бичлэгт дулдуйдан өмнөд хөршийн талаар, тэднээс хэрхэн ашиг тус хүртэх талаар яръя гэж бодлоо л доо. Бид нэг хэсэг америк ч гэх шиг холоос хань эрж өмнөд болон хойд хоёр мөнхийн хөршийнхөө талаар ярихаа ч больж. Чиний бичвэрийг харахад урд газрын хэвлэл мэдээлэлтэй их ойр байдгийн хувьд асуух юм олон байх шиг. Дээрх бичвэрээр хэлэх гэсэн санаагаа манай уншигчдад товч ярьж өгөхгүй юу?
Д.Б: -Одоо манайхан дээр доргүй өмнө маань тулгараад байгаа эдийн засгийн хямралыг хэрхин даван туулах талаар ярьцгааж байна. Маш их ярьж байгаа боловч бодит гаргалгааг дэвшүүлэн тавьж байгаа хүн тэр болгон харагдахгүй байгаа нь харамсалтай. Уг нь ултай сайн бодож цэгнэвээс ашигтай гарц гаргалгаа чамгүй их байж таарна. Энэ асуудалд олон түмний анхаарлыг хандуулах гэж «Том бялуу» бичлэгийг тэрлэсэн хэрэг.
Би ярианыхаа эхэнд Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссенжерийн хэлсэн үгийг дурдъя гэж бодож байна. «Хэрвээ газрын тосонд хяналт тогтоож чадвал бүхий л улс орнуудыг хяналтандаа байлгаж болно. Хэрвээ үр тариан дээр хяналтаа тогтоож чадвал бүхий л хүмүүс өөрийн чинь хяналтанд орох болно. Харин мөнгөн дээр хяналтаа тогтоож чадах бөгөөс бүх дэлхийд нөлөөгөө тогтоож болох юм...» гэсэн утгатай үг хэлсэн байдаг л даа. Америкийн төрийн бодлого түүний залгамж чанарт түүний хэлсэн дээрх алдартай үгс бодит тусгалаа олсоор байдгийг олон жишээн дээрээс харж болно.
Би ч гэсэн өөрийн чинь «Нүүр номоор» цаг завын боломжоороо зочлох дуртайг чи мэднэ. Танай нүүр номон дээр Америкийн дэлхийн байдлыг судлах хүрээлэнгийн захирал Брауны «Хятадын хүнсний хямралын тухай» бичсэн илтгэлтэй холбоо бүхий нэгэн бичлэг оруулсныг би сайтар санаж байна. 1994 оны сүүлчээр тэр илтгэл гарсан даруйдаа дэлхий дахинд маш их шуугиан дэгдээсэн шүү дээ. Манайхан л болсон хойно тэр талаар нүдэн балай чихэн дүлий өнгөрсөн. Олон хүмүүсийн хувьд тэр илтгэлийг уншчихаад яана аа гэх айдас сэтгэлийг нь эзэмдэж байсан болов уу? Гэтэл овсгоотой америкчууд бараг дараа жилээс нь эхлээд Латин америкад бүр тодруулан хэлбэл Бразил, Аргентинд эдэлбэр газрыг хямд төсөр түрээслэн аваад үр тариа тариад эхлэсэн. Одоо жил болгон Хятад улс Латин америкийн дээрх улс орнуудаас зуу гаруй тэрбум долларын хүнс, үр тариа худалдан авдаг болсон нь тэр үеэс эхтэй юм. Америкчуудаас гадна энэ том наймаа, энэ том бялууны цаана Голланд, Португали, Япон, Солонгосчууд байгаа. Тэр том бялууны хэлтэрхийг ч атугай Монголдоо оруулж ирж чадах бөгөөс нэгэнт бодитой тулгараад байгаа эдийн засгийн хямралыг хөнгөн давах арга замын нэг байж болох биш үү гэсэн гол санааг уг бичлэгтээ тусгахыг хичээсэн.
Д.Т : - Аливаа улс орон ч тэр энгийн хүн ард ч тэр хамар доорхио хардаггүй хаа холын юм мөрөөдөж суудаг гэдэг. Чиний тэр бичвэрт ...Си Зинь Пин дарга манай улсад айлчлахдаа: Бид хөрш зэргэлдээ улс орнууд түүний дотор Монгол улсыг «Хятадын хөгжил» хэмээх галт тэргэндээ суухыг урьж байна . . . . гэсэн санааг хэлсэн. Харамсалтай нь түүнийг манайхан тулхтай анхаараад ярьж хэлж байгаа хүн бараг үгүй юм даа. . . . . . гээд жаахан харамсангуй өнгө аясаар бичсэн харагдана лээ. Чи Хятад судлаач хүний хувьд өөрийн дэвшүүлж байгаа санаагаа илүү тодруулах үүднээс ганц нэг сонирхолтой жишээ баримт дурдахгүй юу?
Д.Б: - Энэ асуудалтай холбоо бүхий жишээ баримт гэвэл захаас аван зөндөө байна л даа. Гэхдээ би энд ганцхан жишээг л дурдъя. Юуны өмнө өнөө жилийн хувьд Хятад улс бараг наян сая тонн шар буурцгийн дийлэнхийг Латин Америкийн дээр дурдсан хоёр орноос импортлож байгаа нь дэлхийн хэмжээнд хийгдэж байгаа импортын бараг жаран хувийг дангаараа эзлэж байна гэсэн үг. Хамгийн хошин нь тэртээ холоос тэнгис далай гатлаад авч ирсэн импортын шар буурцаг гааль худалдааны татварыг оролцуулаад хил дээр худалдаалах үнэ 3100 юань байгаа бол Хятадын зүүн хойд оронд тариалсан шар буурцгийн дотоодын нийлүүлэлтийн үнэ 4200 юань байгаа гэвэл чи итгэх үү? Өөрөөр хэлбэл Хятадын чамгүй олон төрлийн хөдөө аж ахуйн таримлын үнэ цэнэ энэ мэтчилэн дэлхийн зах зээлийн дундаж үнэ өртгөөс даван гарчихаад байгаа болохоор одоохондоо засгийн газраас нь татаас өгч аргацаасан байдалтай байгаа юм. Хятад улс гадаад дотоодоос нийлүүлсэн шар буурцгийг гол төлөв түүхий эд болгоод жилдээ 24 сая тонн ургамлын тос үйлдвэрлэж байгаа нь хүн амын жилийн хэрэгцээндээ тохирч байгаа боловч яваандаа нөөцийн хувьд хомсдох төлөв ажиглагдаж байна.
Д.Т -Харин тиймээ тэрбум гаруй хүний хоол хүнс гэж дийлдэхгүй юм байгаа. Манай бүх мал тэдний нэг өглөөний хоолонд ч хүрэхгүй гэж бичсэн байхыг нэг харж байсан санагдана. Идэх гэдгийг үзүүлж өгдөг уламжлалтай орон шүү дээ. Нисдэгээс онгоц зогсдогоос ширээнээс бусдыг иддэг гэх явган шог ч байдаг.
Д.Б : -Эртний нангиадад «Иргэн хоол хүнсийг тэнгэр мэт дээдлэмүй.» хэмээх зүйр үг байдаг. Өдгөө хятадуудын тэнгэр мэт дээдлэдэг хүнс хоолных нь гол эх булаг тэнгис далайн нөгөө эрэгт оччих гээд байгаад өөрсдөө яахин тааламжтай байх билээ. Тийм болохоор түүнийх нь багагүй хэсгийг бид нутагтаа тариалаад эхэлвэл дэлхийн зах зээлээс ч илүү үнэ төлж мэдэх хэрэглэгчид ердөө чиний хэлсэнээр хамар доор байгааг төрийн толгойд залран суугаа эрхмүүд анхаараасай билээ. Уул уурхайг бодвол байнга нөхөн төлжих бололцоотой хөгжингүй хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарыг байгуулж яагаад болохгүй байх вэ гэдэг санааг онцлоод байгаа хэрэг.
Д.Т: -Сонсоход сонин агаад сайхан л байна. Болдогсон бол нутагтаа тэр их шар буурцагийн ядаж 2-3 сая тонныг нь ч атугай тариалаад ашиг олохсон. Гэхдээ асуудлын нөгөө талд Монгол, Бразили хоёрын цаг агаарын нөхцөл байдал эрс тэс ондоо, хөрсний үржил шим, усны нөөц гээд чамгүй асуудал байгааг бодолцож үзсэн үү? Бас манайхан угаасаа тариачин улс биш, бэлчээр үгүй болно, хятадууд орж ирж тарина гэнэ... гэх мэт асуудал байх шиг?
Д.Б: -Шалтаг тоочоод байвал хэн ч гэсэн чадна. Харин хийе бүтээе гэсэн сэтгэл л хамгаас чухал байдаг бололтой. Цаг агаарын хувьд манайхаас төдийлөн тааламжтай байж чадахааргүй, Монголоос гурав дахин бага газар нутагтай, дайн самууны хөлд талхлагдсан Украйн улс жилдээ 30 сая тонн үр тариа хураан аваад түүнийхээ 5 саяыг Хятад руу экспортлодог болоод байна. Би энэ асуудлыг дэвшүүлэн тавьж байхдаа манайхан аливаа асуудлын шийдэл дундаас «Яаж ингэж чадав аа?» хэмээн халагламаар хамгийн муу хувилбарыг сонгохдоо гаргуудыг ч бодолцож үзсэн. Өөрөөр хэлбэл үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хятад руу экспортлох гэж байгаа юм гээд баахан хятад тариачдыг оруулаад ирж мэдэх улс. Энэ талаар анхаарч үзээсэй гэсэндээ ч өөрийнхөө «Том бялуу» бичлэгт “Нэг америк фермерийн үйлдвэрлэж байгаа ашиг 230 жирийн хятад тариачны хөдөлмөрийн бүтээмжтэй тэнцэж байгааг онцлосон хэрэг.” Өөрөөр хэлбэл хамгийн орчин үеийн дэвшилтэт газар тариалангийн үйлдвэрлэлийг Монголд нутагшуулж чадах гадаадын хөрөнгө оруулагч нарт маш тааламжтай хөнгөлөлтүүдийг олгох бодлого боловсруулж зарлах хэрэгтэй санагдана. Герман, Голланд, Япон, Солонгос, бүр ядахдаа Украйнчуудтай энэ талаар өргөн хамтарч туршлага судлаж ажиллаж яагаад болохгүй байх билээ. Дээр нь усалгаатай, эрчимжүүлсэн, органик бордоо хэрэглэж үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ Хятадын нийгмийн элит давхаргад борлуулах асуудлыг давхар бодолцож яагаад болохгүй гэж?
Д.Т; -Одоо бас л өнгөрсөн байхдаа Бурмаа сайд байхдаа урагшаа мах экспортлох асуудлыг эхлүүлэх ажил хийсэн юм билээ. “Миний мэдэхгүй З.Энхболд” номонд энэ тухай бас нилээд дурдсан. Элит давхарга гэдэг нь баячууд, тэд л гэхэд өвөр монголоос мах авч иддэг юм билээ. Эрүүл хүнс тэдэнд зарахад л бид зүгээр босоод ирэх юм шиг. Тэр тэрбум гаруй хүмүүсийн дээд давхарга гэхэд манай хүн амаас хэдэн мянга дахин их олон ам тэнд байна даа уг нь ...
Д.Б – Давгаа аварга малын ихэсээс гаргаж авсан маш өндөр үнэтэй гоо сайхны бараа үйлдвэрлээд японд худалдаж байгаа тухай бас японы стандартыг нутагшуулах тухай энэ уначихдаг засгийн газар яриад байсныг би санаж байна аа. Ер нь бол хөдөө аж ахуйгаа өөд татвал бид хэзээ ч хямрахгүй аж төрж болох юм шүү дээ. Тэгээд чи сая хэллээ урд хөршид идэх ам хичнээн олон байгааг ерөөсөө мартах учиргүй. Тэр дундаа чанартай хүнсэнд үнэ хайрлахгүй авахад бэлэн баян өрхүүд хэдэн арван саяараа байгаа.
Д.Т: -Энэ дашрамыг ашиглаад бидний ярилцаж байгаа сэдэвтэй төдийлөн хамаатай биш байж мэдэх нэг зүйлийг асуучихъя гэж бодлоо. Хятад хэлтэй Хятад судлаач нарыг хүмүүс “Нөгөө талын хүн” байж мэднэ ч гэдэг юм уу? Нэг л хардчих гээд байдаг л даа. Гэвч эртний анд Хятад хэлтэй М.Батсүх, чи гээд миний л ажигласанаар харин ч та хэд маань яг эсрэгээрээ их үндсэрхэг үзэлтэй байх нь элбэг. Ер нь манай хүмүүсийн дунд Хятадаас болгоомжлож зэнзийрхэх хандлага их эртний улбаатай юм даа...
Д.Б: Аливаа зүйлийн тун хэмжээ таарах гэж нэг чухал юм байдаг шиг. Түүнээс биш тун хэмжээндээ байгаа болгоомжлол, зэнзийрхлийг бол бас ч буруушаах аргагүй юм. «Хүнийг хорлох сэтгэл өвөрлөж болохгүйн нэгэн адил бусдаас болгоомжлох санаа үгүй байж үл болмуй.» хэмээх Хятадын өөрийнх нь алдартай зүйр цэцэн үг байдаг л даа. Миний дээр дурдсан жишээн дээр “Хятадууд жилдээ 24 сая тонн ургамлын тос хэрэглэдэг.” хэмээн дурдсан. Гэтэл хятадын нэг сайт дээр түүний арван хувь нь муу усны нүхийг шүүж гаргасан байх магадлалтай хэмээн бичсэнийг уншихад сэтгэл жихүүцэхгүй байхын аргагүй. Мэдээжийн хэрэг энэ нь хэдийгээр албан ёсны тоо баримт биш боловч ийм асуудал бодитой оршиж түүнтэй Хятадын төр засаг шийдвэртэй тэмцэж байдгийг бодолцохгүй орхиж боломгүй. Адаглаад л Хятадад захын хямд төсөр гуанз, зоогийн газар орохдоо болгоомжтой байхад гэмгүй гэдэг бодол үүнийг уншсан хэний боловч толгойд орж таарна аа даа. Тэр утгаар би хятадын хэвлэл дээр ихэд шуугиад байгаа «Хортой гүйлтийн зам», «Хортой тарвас» зэрэг мэдээллийг нүүр номоороо хүмүүст хүргэснийг өөрөө мэднэ байх аа. Манайд энэ тал дээрх төрийн бодлого хийгээд анхаарч байгаа албан тушаалтан бараг байхгүй шүү дээ. Хувиараа өмнөөс идэх юм оруулж ирж байгаа улс хямд төсрийг л сонгох нь гарцаагүй юм.
Гэхдээ тун хэмжээ нь хэтэрчихээд байдаг болгоомжлол гэхээсээ илүүтэй «Хэт мэдэмхийрэл» байдгийг өөрөө юу эс андахав. Саяхан би хятадын жиргээчид Мандахнаранг дэмжсэн санал сэтгэгдлийг орчуулж нийтлэхэд ганц нэг хүн «Юу боллоо гэж ийм зүйл байх билээ. Хэрвээ ийм сэтгэгдэл бичвэл Хятад чинь шууд шорон руу аччихдаг улс шүү дээ....» гэх мэтээр мэдэмхийрэн бичсэнийг харахад манай зарим хүмүүсийн Хятадын тухай ойлголт хэр зэрэг гүехэн байгаа нь харагдана.
Д.Т: -Миний санаж байгаагаар чи бидний хооронд үүний өмнө «Улсыг засах жараахай шарах лугаа амархан», «Томд томын бэрхшээл буй. Багад багын давуу тал байдаг.» гэсэн ярилцлага хийж байсан. Энэ удаа ч гэсэн миний санахад чамгүй чухал сэдвийг хөндөж байна. Би ч бас олон санаа агуулсан нийтлэл бичдэг. Гэтэл дээр байгаа дарга нар санаа аваад хэрэгжүүлэх нь байтугай заримдаа уншдаг болов уу ч гэж бодогдох үе байдаг шүү. Чи энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ? Одоо чи бид хоёрын яриаг тоож өнгийж харах уу даа тэд? Харлаа ч гэсэн хэрэгжүүлэх үү?
Д.Б: -«Улсыг засах жараахай шарах лугаа амархан» нийтлэлийн дараа ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Цагаан намайг хүлээн авч уулзсан гэдгийг чамд би хэлээгүй бил үү? Би чинь иймэрхүү асуудал дээр хамт зураг хөргөө авахуулаад, фэйс твиттер энэ тэр дээрээ тавих тал дээр их хашин хойрго гэдгийг чи юу эс андах билээ. Монгол бичиг дээр өмнөд хөршид хэвлэгдсэн тавин ширхэг «Чонон сүлд» романыг таньдаг хятад найз маань хоёр хайрцганд хийгээд оруулж ирэх гэтэл нисэхийн гаалийнхан саатуулаад чамгүй асуудал болж байсан юм. Тэр тухай «Улсын өмнөөс ичих мөн ч хэцүү ажээ» гэсэн бичлэг оруултал тэр нь сайтуудаар тараад ердөө хоёр хоногийн дараа Сайханбилиг ерөнхий сайд нисэхийн гаалиар орж ирж байгаа гар тээшийг шалгаж татвар авахгүй байх журам гаргаж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл бид өөрт төрсөн зөв зүйтэй гэсэн санаа оноог бичээд л байх хэрэгтэй. Харин хурдан удаан алин боловч хэрэгжүүлэх эсэх нь төрд суугаа эрхмүүдийн тааллаас шалтгаалах асуудал буй за. Нөгөө талдаа том сайд дарга нарын хэлж зөвлөдөгүүдэд ч бас мэдлэг чадвар дутах гэх мэтийн асуудал байдаг байх аа.
Д.Т: -Өө бас тэгсэн юм уу?...Хоёулаа анх эхлэсэн үндсэн асуудал руугаа эргэн оръё. Нээрэн ч бодоод байхад уул уурхайтай харьцуулбал хөдөө аж ахуйд харьцангуй бага хөрөнгө оруулалт шаардаж богино хугацаанд ашгаа өгч мэдэхээр л дээ. Гэвч багш эмч зэрэг албан хаагч нарынхаа цалин цавгийг хүртэл тавьж чадахгүй шахам байгаа манай улсын хувьд ирэх хавраас эхлээд хаа сайгүй тариа будаа тариад эхлэх тоолдог хэд нь хаана байх билээ? Хятадын Ардын банкнаас авсан свопын зээлийн тоог би эрт мэдээд бас нэг нийтлэлдээ дурдсан ч хэн ч тоогоогүй. Харин сая л өртэйгээ гайхахдаа үнэнээ хэлж байх шиг. Тэхэд тэрбум гаруй долларын өртэй болсон байсан. Одоо бараг хоёр тэрбумруу явчихсан байна билээ. Мөнгөгүй улс юм хийхүү дээ?
Д.Б: -Уул уурхайн үйлдвэрлэл ид хүчээ авч байхад манай улс байн байн уул уурхайн хөрөнгө оруулагч нарын чуулга уулзалтыг зохиодог байсан даа. Би ч заримдаа долоо хоног болгон синхрон орчуулга хийдэг байсан үе бий шүү. Түүн лүгээ адил гадаадын газар тариаланд хөрөнгө оруулагчдын уулзалтыг зохион байгуулж, түүгээр дамжуулан хөрөнгө оруулалтыг татах боломж харагддаг. Дээр нь Украйнчуудын үр тарианы экспортын цаана Хятадын хөрөнгө мөнгөний хүчтэй дэмжлэг яваад байгаа юм шүү дээ. Миний санаа бол юм бүхэн дээр зээл тусламжинд дулдуйдах гэсэн уруу дорой бодлыг халаад, хийж бүтээе гэсэн өөдрөг хүсэл тэмүүлэлд хөтлөгддөг болмоор байна.Тэдэнд үр тариа хэрэгтэй тэгээд асар үнэтэй тийм холоос аваад байгаа улс манайхыг ийм бэлэн зэхээний нааштай боломж яриад эхлэвэл анхаарч л таарна шүү дээ.
Д.Т: -Санаанд дахиад л нөгөө л хардамхай атгаг бодол төрөөд эхлэлээ. Хятад гэлтгүй Орос ч ялгаагүй манай улсыг нэг л өөд нар хараад хөгжчихөд төдийлөн дуртай байдаггүй санагддаг.Тэд юм хийлгэвэл эргээд л өөрсөддөө унах унац дандаа хардаг. Жишээ нь надаар кино хийлгэлээ гэж бодоход мөнгийг нь өгөөд харин гол дүр болон гол гол мөнгө авдаг улсаа өөрсдийнхнийхөөрөө хийлгээд буцаагаад авах тухай л ярьдаг. Тэр утгаар манайхтай газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллахгүй гэвэл яахав? Та нар тариачид биш гээд өөрсдийнхөө хүмүүсийг оруулна гэвэл яахав?
Д.Б: -Америк, Япон хоёртой Хятад улс тэнгис далайд бараг л дайтчихаас холгүй тааруу харилцаатай байгаа биз дээ? Гэсэн атал Япон улс үр тарианыхаа хэрэгцээний дөнгөж 38 хувийг дотооддоо үйлдвэрлэх бололцоотой мөртлөө Бразилид өөрийн газар тариалангийн эдэлбэр газраас гурав дахин том талбай худалдаж авчихаад илүү гарсан хүнсний бүтээгдхүүнээ Хятадад борлуулаад байгаа биш үү? Бид л эмзэглэж ёолоод байгаа болохоос энэ мэт нөөц бололцоонуудыг сайтар ашиглаж чадвал Монгол улс эдийн засгийн хямралаас маш богино хугацаанд сэгхийтэл өндийн босоод ирэх боломжтой юм. Мэдээжийн хэрэг Хятадад манай улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилтэй эвлэрч чаддаггүй тодорхой тооны хүн цөөн боловч байдаг нь нууц биш. Гэвч тогтвортой, амар амгалан, хөгжиж дэвшсэн Монгол гэдэг хөрштэй байх нь манайхтай өргөн уудам нутгаар хиллэдэг Хятад улсад л ашигтай байх нь ч ойлгомжтой. Дээр нь Хятадын хүнсний хангамж хэмээх нь өөрөө маш ноцтой том асуудал болохоор тус улсын засгийн газар 2014 онд түүнийг нааштай шийдэх явдал төрийн бодлогын эн тэргүүний зорилт хэмээн зарласан байж таарна.
Бүр 1990-ээд оны эхээр миний таньдаг нэг хятад залуу “Монголын эдийн засгийн хямрал ханиад, харин Хятадын тулгараад байгаа асуудлыг хорт хавдартай зүйрлэж болох юм.” хэмээн хэлж байсныг тухайн үед би гүн ухаж бодоогүй байсан санагддаг. Одоо эргээд бодож байхад их л ултай хэлчихсэн шиг. Өөрөөр хэлбэл манай улсын байдал, ард түмний амьдралыг тэр хүнд хэцүү үетэй яахин зүйрлэж болох билээ.
Д.Т: -Чи өөрийнхөө дэвшүүлж байгаа санааг хэрэгжүүлэхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Д.Б: -Би «Том бялуу» бичлэгтээ бараг товч тодорхой хэлчихсэн дээ. Иймэрхүү асуудлыг судалдаг бодлого судлалын хүрээлэн юм уу, «Think tank» байгууллагыг санаа нийлсэн чамбай цөөн судлаачдын хүрээнд байгуулах, өмнөд хөршид суугаа элчин консулын газруудад жинхэнэ сайн хятад хэлтэй эрчтэй залуу судлаачдыг түлхүү байршуулан ажиллуулах тухай санааг хөндсөн байгаа.
Америкийн түүхэн дэхь хамгийн сайн ерөнхийлөгч гэгддэг Авраам Линкольнгийн хэлсэн “Бэлтгэгдсэн хүмүүст боломж ямагт байдаг.” хэмээх алдартай үгийг энд сануулан хэлмээр байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн ашигт малтмалын зах зээлийн орчил манай улсын хувьд тааламжгүй байдлаар эргэсэн боловч хүнс үр тарианы зах зээлийн байдал маш ашигтай байгааг томоохон гүрнүүд овжин ашиглаж байна. Мөртлөө гол зах зээл болсон Хятад гүрэн хажууд налайж байхад бид энэ тал дээр нүдэн балай чихэн дүлий суугаад байж боломгүй. Нэлээд урт удаан хугацаанд үргэлжилж мэдэхээр байгаа энэхүү тааламжтай нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд зөв зүйтэй бодлого стратегиа төлөвлөж, түүнийг хэрэгжүүлэх чадвартай сайн боловсон хүчнийг одооноос эхлэн бэлтгэх нь чухал юм.
Хятадын хүнсний хангамж гэдэг бол өөрөө асар том асуудал болохоор энэ богино ярилцлагад тэр болгоныг багтаах боломжгүй нь ойлгомжтой. Хятадын сүү, цэвэр усны зах зээлд Монголын оролцоо ямар байж болох талаар бүхэл бүтэн докторын диссертаци бичээд ч барагдамгүй хэрэг болж мэднэ. Миний санахад «Гацууртын Чинбат» шиг арав хорин хөдөө аж ахуйн томоохон бизнесмэнүүдийг бэлтгээд зоригтой хөдөлгөж чадвал энэ асуудлыг маш богино хугацаанд өөрсөддөө нааштайгаар эргүүлж болмоор санагддаг. Хэрвээ тэгж чадвал миний зүгээс ч холбогдох мэдээ мэдээлэл, арга бодлогын талаар харамгүй хэлж зөвлөж болохгүй нь юу байх билээ?
Д.Т: -Ганц манай руу ч биш ер нь л бусад улсууд руу «Хятадын соёлын довтолгоо» гэмээр үзэгдэл ажиглагдаж эхлээд байгаа. Энэ тал дээр ямархуу бодол байна вэ?
Д.Б: -Ер нь том гүрнүүд дэлхийн тавцан дээр хүчээ авахтай зэрэгцээд өөрсдийн соёлын нөлөөгөө тэлдэг нь зүй тогтолтой шахам үзэгдэл юм. Хятад улс «Нэг бүс нутаг нэг зам» бодлогынхоо хүрээнд соёлын солилцооны хүчирхэг бодлого хэрэгжүүлж эхлээд байгааг хятад судлаачийн хувьд ажиглалгүй яахав. Гэвч үүнийг зөвхөн бодлого хийгээд хөрөнгө мөнгөөр зодоод бүтээчих ажил биш л дээ. Дээр нь түүнийг хүлээж авах орчин, нийгмийн сэтгэлзүй, дамжуулан хүргэх чадалтай бэлтгэгдсэн сайн орчуулагч нарын нөөц боломж ямархуу билээ гэдгийг харгалзан үзвэл нэлээд амаргүй том зорилт болох нь ч ойлгомжтой байдаг. Ялангуяа манайд хэрэгжихэд их хол байх аа.
Д.Т: -Өөртэй чинь уулзсаных нь сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог ямар байгааг асуулгүй өнгөрвөл алдас болох биз ээ? Энэ талаар уншигчдадаа сонирхуулахгүй юу?
Д.Б: Товчоор өгүүлбэл «Хүйтэн уулын бичиг» сонгомол романыг кирил үсэг дээр анх удаа нэлээд хэдэн хувилбарыг харгуулан үзэж алдаа оноог уйгагүй жинлэн цэгнэсний эцэст «Усан хөвөөний шастир» нэрээр гаргахаар хэвлэлд бэлтгэж байна. Ер нь ч үндсэн утга нь тийм бөгөөд дэлхийн томоохон гүрнүүд бүгд ийм нэрийн дор орчуулж гаргасан байдаг. «Гурван улсын үлгэр» үүний өмнө гарсныг манай уншигчид мэдэж байгаа. «Тансан ламын баруунш зорчсон шастирын» хөрвүүлэг нэлээд урагштай яваа. «Гэгээгийн уянгын өгүүллэг» түүврийг бэлтгээд «Усан хөвөөний шастиртай» хамт гаргахаар зэхэж байна. Би өөрөө оюуны савныхаа хэр хэмжээгээр хуучны ном зохиолтой чамгүй зууралддаг хүний нэг гэдгийг чи юу эс андахав. Гэхдээ энэ номын ард гарсаны дараа «Жинхэнэ яруу тансаг сонгодог монгол хэлний охь шимийг “Усан хөвөөний шастир” зохиолоос хүртээрэй!» хэмээн хэлж болохоор санагдана.
Гадаад харилцааны хувьд Зян Рун гуайгаас «Чонон сүлд» романы манга хувилбарыг бүтээж гадаад дотоодын зах зээл дээр гаргах тусгай эрхийг авсан. «Цаст уулын нисдэг үнэг», «Бугын тэмдэгт тулга» зохиолуудаар нь манай үзэгчдийн эчнээ сайн таних Хонконгийн алдарт зохиолч Жинь Юнгийн бүтээлийг Монгол хэлнээ орчуулах онцгой эрхийг манай «Гэгээ паблишинг» хэвлэлийн газар авсан нь түүний арван хоёр зэвсгийн эрдмийн алдартай романыг орчуулах үүд хаалга нээгдэж байгаа хэрэг. Үүнд би хувьдаа маш их баяртай байгаа. Эдгээр бүтээлүүдийг чамбай сайн орчуулж чадвал Өвөрмонгол, Казакстан, Тува, Буриадын номын зах зээл рүү хөрвүүлэх боломжийг холбогдох талтай хэлэлцэж байна даа.
Д.Т ; -«Улаан асрын зүүд» л гэхэд дэлхийн бэстсэллерт хамгийн дээгүүрт бичигддэг юм билээ. Хүйтэн уулын бичиг ч гэсэн маш их алдартай зохиол шүү дээ. Андынхаа ажилд амжилт хүсье. Ер нь дээр хөндсөн энэ асуудал өөрөө их том сэдэв юм аа. Тийм болохоор уншигчид сонирхох эсэхийг харж байгаад сонирхон унших ахул энэ сэдвээр дахин үргэлжлүүлээд ярилцаж ч болох шүү дээ!