Рио-де-Жанейро хотноо зуны олимп ид өрнөн, АНУ-ын усан сэлэлтийн тамирчин М.Фэлпс 23 дахь алтан медалиа авч, дэлхийн дээд амжилт тогтоов. Гуравхан сая хүнтэй Монгол Улсаас 43 тамирчин тус олимпод оролцож, тэднээс 50 метрийн өврөөр даллах төрөлд эрэгтэй тамирчин Б.Дөлгөөн, эмэгтэй тамирчин Б.Есүй нар өрсөлдлөө. Монгол хүн бүр усанд сэлэлтийн спортод анхаарлаа хандуулсан энэ өдрүүдэд Кавказын нурууг дэрлэн сунах Гүрж улсын “сэлэлт”-ийг судлах, олон жил хүлээсэн боломж тохиов.

“Гүрж нь Зөвлөлт Холбоот улс задарсны дараа улс төр, эдийн засгийн гүн хямарч, яг л усанд сэлж сурахтай адил байдалд орчихсон бөгөөд маш их хичээн зүтгэсний үр дүнд хэдэн жилийн дараа багагүй мэдлэг, туршлагатай болжээ. Муу сургагчтай байсан учир хааяа живж, усны толион дээр ил, далд гарч хөвсөөр 2004 он гэхэд хэцүү түвэгтэй арга замаа олж чадсан” гэж Шинэ эдийн засгийн сургуулийн дэд захирал, судлаач Гиа Жандери хэлэв.

2016 онд Гүрж улс эдийн засгийн эрх чөлөөгөөр (Хэритэж сан) дэлхийн 178 орноос 22 дугаарт (Монгол-96), бизнес эрхлэх ээлтэй орчинтой, эсэх үзүүлэлтээрээ 189 орноос 24-т (Монгол-56), авлигын үзүүлэлтээр 175 орноос 48 дугаар байранд (Монгол-78) жагсаж буй нь пост Зөвлөлтийн болон Зүүн Европ, бүх хөрш орноосоо илт түрүүлж байна.

М.СААКАШВИЛИ МАЯГ: ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

2003 онд Гүрж авлигад бүрэн живсэн байлаа. Нийгмээрээ ингэж цаашаа амьдарч болохгүй гэдэг нэгдсэн ойлголтод хүрч, 2003 оны эцсээр “Сарнайн хувьсгал” эхэлж, 2004 оны эхээр төр засгаа солив. Хувьсгалын удирдагч Михайл Саакашвили Ерөнхийлөгч болж, 2008 онд дахин сонгогдов. Чухам энэ найман жилд Гүрж улсын тусгаар тогтнолын дараах улс төр, нийгэм эдийн засгийн хамгийн том өөрчлөлт, шинэчлэлт хийсэн ажээ. М.Саакашвили маягийн “сэлэлтийн” хамгийн чухлаас дурьдвал:

•Татварын системийг өөрчилж, 20 төрлийн татвараас зөвхөн зургааг нь үлдээж, татварын шатлалыг цөөрүүлж, хувийг нь бууруулжээ. НӨАТ, орлогын, ашгийн болон гаалийн татварыг эрс багасгаж, бүх татварыг онлайн төлдөг болгов. Ямар ч компанийг татварын аль нэг заалтаар буруутгаж дарамталж ирсэн авлигын систем ийнхүү устжээ. Татварын дарамтыг гурав дахин багасгасан ч, Сангийн яамнаас мэдээлснээр татварын орлого зургаан жилийн дотор зургаа дахин өсчээ.

•Сарнайн хувьсгалын Засгийн газар агентлаг, төрийн ажилчдын тоог цөөрүүлж, цалин нэмэв. Мөн 800 орчим зөвшөөрөл, лицензийг устгаж, усан онгоцны боомт, онгоцны буудлууд зэрэг төрийн өмчийн байгууллагыг хувьчилан, арилжааны харилцаанд оруулав. Газрыг ч бас хувьчилжээ. Хүн ажилд авах, халах хууль журмыг эрс хялбаршуулсан нь хөдөлмөрийн харилцаанд зарчмын өөрчлөлт болж, ажил эрхлэлт, цалинг эрс нэмэгдүүлэв.

Жишээ нь, ЭЗХАХБ (OECD)-ын орнуудын эм, хүнс ба өргөн хэрэглээний бараа болон үйлчилгээний стандартыг дангаараа хүлээн зөвшөөрснөөр эдгээр орны бараа, үйлчилгээ хилээр орж ирэхэд, түүний дотор банкууд нь бизнес эрхлэхэд Гүржийн талаас ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй болжээ. Гүрж рүү Шенгений визээс гадна, нэг хүнд ногдох ДНБ нь хоёр дахин илүү улс орны иргэд визгүй ордог болгов.

•Иргэдийн талархан хүлээж авсан бас нэг том шинэчлэл нь цагдаагийн байгууллагыг бүхлээр нь тарааж, цоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан явдал байлаа. Гэмт хэргийн бүлэглэлтэй хуйвалддаг, алхам бүрт хахууль шаарддаг байсан хэв журмын болон замын цагдааг ийнхүү өөрчилснөөр цагдаад итгэх итгэл тэгээс 80 хүртэл хувиар өсөв. Ганц ч замын цагдаагүй долоо хоног болоход юу ч болоогүй шүү гэж гүржүүд инээлдэн ярьж байлаа.

М.СААКАШВИЛИ МАЯГ:

ЭРЧИМ ХҮЧ, ДАРС, ТУСГАЙ ХУУЛЬ


Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийг хувьчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрч, үнийг чөлөөлснөөр үргэлж тасарч, хүрэлцэхгүй байсан цахилгааны нийлүүлэлт эрс сайжрав. Өндөр уулнаас урсах голуудын нөөцөө ашиглан хувийн, усан цахилгаан станц олноор байгуулсан бөгөөд эдүгээ гадаадаас авдгаасаа хоёр дахин илүү цахилгааныг гадагшаа борлуулдаг болжээ.

Оросоос Армени руу урсах байгалийн хийнээс нутгаар нь дамжуулсны төлбөрт 10 хувийг авч, дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг болов.

Орос улс 2006 онд импортын хориг тавьсны дараа гүржүүд дарс, жимс, эрдсийн ус зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ сууриар нь шинэчилж, чанарыг нь огцом сайжруулж, шинэ зах зээлд гаргаж чаджээ. Дөрвөн жилийн дотор экспортын орлого нь хоригийн өмнөх хэмжээнээсээ ч их болов. 2011 онд нийт 48 оронд 54 сая долларын дарс, 68 сая долларын архи, алдарт Боржоми зэрэг эрдсийн усыг 48 сая долларт борлуулсан нь нийт экспортын 2.5, 3.1, 2.1 хувийг тус тус эзлэв. Самар дангаараа экспортын зургаан хувийг эзлэв. 2014 оны тоогоор нийт хүн амын 46 хувь нь хөдөө амьдарч байна.

Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх зорилгоор Гүржийн парламент 2011 онд үндсэн хуульдаа тусгай өөрчлөлт оруулан, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын хууль (the Economic Liberty Act) батлав. Энэ хуулиар төр засгийг шинээр татвар бий болгохгүй байх, ДНБ-тэй харьцуулахадзасгийн газрын өр 60, төсвийн зардал нь 30, төсвийн алдагдал гурван хувиас тус тус хэтрэхгүй байхыг заажээ. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээр” зохицуулсныг Үндсэн хуулийн адил Парламентын нийт гишүүний үнэмлэхүй олноор л зөвшөөрүүлж өөрчлөхөөр болгов. Саакашвили төр барьсан найман жилд нэг хүнд ногдох үндэсний орлого гурав дахин нэмэгдэж, 3300 доллар боллоо.

ИВАНИШВИЛИ МАЯГ

2012 оны сонгуулиар Саакашвилигийн нам ялагдаж, сонгуулиас зургаан сарын өмнө бий болсон “Гүржийн Мөрөөдөл” эвсэл ялав. Эвслийн тэргүүн, хоёр жилийн өмнө өөрийн намаа байгуулсан, Гүржийн хамгийн том баян Бидзина Иванишвили улсыхаа Ерөнхий сайд болов. Сонгууль болохоос хоёр долоо хоногийн өмнө шоронд хоригдлуудыг тамлаж, хүчиндэж байгаа дүрсийг сөрөг хүчний ТВ9 сувгаар гаргасан нь олон нийтийн дургүйцлийг огцом төрүүлж, хүчтэй эсэргүүцлийг өрнүүлэв. Сонгуулийн дүнг танилцуулж эхлэхэд л төрийн эрх барьж байсан хүчин үнэмлэхүй ялагдсан нь тодорхой байлаа. Тэгэхэд Гүржид 100 мянган хүнд 538 хоригдол ногдож байсан нь дэлхийд тэргүүлж байлаа. Саакашвили Ерөнхийлөгч байх найман жилийн дотор шоронд хоригдогсдын тоо дөрөв дахин нэмэгдсэн байжээ.

2014 онд Гүрж Европын холбоотой Чөлөөт худалдааны гэрээ байгуулав. Европын холбоонд гишүүнээр элсэх чиглэлээ барьж олон салбартаа Европын стандартыг нэвтрүүлж байна. Өмнөхөөсөө илүү популист улс төрийн хүчний удирдлагын дор эдийн засаг нь 2013 онд 3.4, 2014 онд 4.6 хувиар, 2015 онд 2.8 хувиар өсчээ. 2015 онд инфляц 4.9 хувь болж, лари (үндэсний мөнгө) 30 хувиар суларсан нь иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэв.

2016 оны байдлаар Гүржийн нийт гадаад өр 15 тэрбум ам.доллар, түүний зургаан тэрбум нь Засгийн газрын өр болсон нь ДНБ-ий 43.3 хувьд хүрээд байна. Дэлхийн банкнаас л гэхэд 2012 оноос хойш жил бүр 220 орчим, 2016 онд 290 сая долларын зээл авдаг болж, урсгал төслийн алдагдал ДНБ-ний 11 хувьд хүрчээ. Эдийн засгийн хамгийн түргэн хөгжиж буй салбар бол аялал жуулчлал бөгөөд энэ нь эдүгээ эдийн засгийн 23.5, ажиллах хүчний 20 хувь, экспортын 36 хувийг эзлээд байна.

ҮР ДҮН


Гүрж ардчилал, зах зээлийн харилцаанд “сэлж” сурчээ. Мэдээж, баруунд хэдэн зуун жилээр хөгжсөн харилцааг саяхан коммунист байсан улс орнууд хориод жилийн дотор тогтооход хэцүү. Ямар ч гэсэн гүржүүд амьдрах зам, зорилгоо сонгох эрх чөлөөтэй, төр засгаа дүгнэж, хянаж,сольж чаддаг болсон нь өөрөө гайхамшигтэй ололт амжилт юм. Цаашдаа улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн хамгийн өндөр өсөлт гаргахын тулд өмчийн эрхийг хамгаалахад л онцгой анхаарах шаардлагатай гэж нөлөө бүхий эдийн засагчид нь үзэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэхэд шинэ үеийн сайн боловсрол чухал үүрэгтэй гэж Каха Бендукидзегийн нэрэмжит Чөлөөт их сургуулийн захирал Вахтанг Лежава онцолж байлаа.

Эдийн засгийн эрх чөлөөтэй, хувийн өмчийг хамгаалсан улс оронд л гадаадын хөрөнгө оруулалт орж, эдийн засаг нь олон улсын зах зээлтэй холбогдож улс үндэстэн хөгждөг болохыг гүржүүд баттай ойлгожээ.

Тбилиси хот