Миеэгомбын Энхболдыг найман настай балчраас наян настай буурал нь ч андахгүй мэддэг байх. Бидний хувьд тэр ийм төвшинд танигдсан хүн юм. Одоогоос гучаад жилийн тэртээ М.Энхболд гэж Их сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй залуухан сэхээтэн анх Төрд ирж байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй Төрд алба хашсан түүний намтар ихээхэн цэгцтэй, элдэв савалгаагүй явж ирсэн харагддаг. 1987 онд МУИС-ыг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн М.Энхболд шууд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар томилогдож, Хот хэмээх их айлаар овоглох анхны гараагаа эхлүүлж байлаа. Хот Монголын их улс төрд олон зүтгэлтэн бэлтгэж өгсний нэг яах аргагүй тэр. Хотын Л.Энэбиш, Хотын М.Энхболд гэж ард иргэд тэднийг нэрлэдэг. Хотод зүтгэсэн он жилүүдийнх нь хамгийн том карьер Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан нь юм. Хуульч хүний оргил мөрөөдөл шүүгчийн сэнтий гэдэг шиг хотын зүтгэлтнүүдийн оргил албан тушаал Хотын дарга байлгүй яахав. Зүтгэсэн болгон нь ч хүрдэг алба биш.

 
.....М.Энхболдын замналын хоёр дахь коридор бол намын зүтгэлтнийх нь амьдрал. Тэр бага залуу наснаас Монголын ууган улстөрийн хүчин буюу улс төрийн хамгийн том нам болох МАН- тай хувь заяагаа холбосон байдаг. Тэр бол жирийн гишүүнээс энэ том намын дарга хүртэл явж ирсэн сонирхолтой амьдралын эзэн. Өнөөдөр тэр хоёр дахь удаагаа энэ том намыг толгойлон ажиллаж байна. Түүнийг хамгийн бэрх үеүдэд намыг удирдаж байна гэж би хувьдаа хардаг. Намд өөрчлөлт шийнэчлэлийн салхи сэвэлзэхээ байж, нэг хүний эрхшээл ноёрхож байсан үед тэр намын дарга болж байв. Зөөлөн аядуу түүнийг зарим нь номгочилсон ч байх, зарим нь сорьсон ч байх, бас гарцаагүй хөдөлгөөн оруулж шинэчлэх шаардлага ч байсан л байх.

М.Энхболд асч, салхи шуурга дэгдээж тэмцдэггүй. Ямар ч бэрх үеийг тэр өөрийн арга ухаанаар давдаг. Анх удаа намын даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд нам дотор олон хөдөлгөөн үүсч, нам амьд халуун амьдралд шилжиж, гишүүд нь удтал дуугаа хурааж бухимдаж явсан дотроо нээж эхэлсэн. Жамын дагуу явагдаж буй тэдгээр процессийг нухчихгүй, явуулж чадаж байснаараа тэр энэ намд хэрэгтэй үед нь салхи оруулж чадсан. Харамсалтай нь намаа шинэчилж, эрүүлжүүлж, шинэ төвшинд төлөвшүүлэх гэж чармайсан түүний зүтгэл өөрийг нь намын даргаас, Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулахад хүргэсэн. М.Энхболд Монгол Улсын шадар сайдаар мөн гурвантай томилогдон ажиллаж байв. Шадад сайдын алба бол энэ улсын бүхий л хүнд хэцүүтэй хутгалддаг алба. Тэр олон хүнд үеүдтэй нүүр тулж, даван гарч байлаа.

......М.Энхболдын талаар энэ улсын нэр төртэй эрхмүүд бүгд л үнэлэлт дүгнэлт өгч, үгээ хэлдэг. Харин энэ удаа би МАН-ын парламент дахь бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяраас түүний тухай бодлыг нь зориуд сонгож асуусан юм. Тэр бол энэ намын шинэ үеийн төлөөллүүдийн нэг.

Баттөмөрийн Энхбаяр:
Манай намын даргаар дундаа завсартайгаар хоёронтаа ажилласан эрхэм М.Энхболд даргаас өөр байгаагүй. Цаашид ч ийм түүх давтагдах нь хэцүү дээ, юу л бол. Улс төр өөрөө ямар орчин билээ. Манай нам өөрөө ямар том, хүний нөөц баялагтай нам билээ. Энэ бол М.Энхболд даргыг ямар чансааны, далайцтай улстөрч вэ гэдгийн жишээ. Намын амьдрал мэдэхгүй хөндлөнгийн хүн харахад үг дуу цөөнтэй, хурц, эсвэл гоё бал бурам шиг үг хэлээд байдаггүй хүн мэт харагддаг байх. Үнэн хэрэг дээрээ маш ажил хэрэгч, хурц зөв шийдлийг гаргадаг, алсын хараа маш сайтай лидер гэдгийг намд ажиллах хугацаандаа мэдэрсэн. М.Энхболд дарга асуудлыг хурц байдлаар түс тас гэж дуулиантай маягаар шийдэж шоудахыг огт зорьдоггүй. Тэгсэн атлаа зарим шийдлийг аймаар зоригтой гаргана. Ер нь анзаараад харвал М.Энхболд даргыг намын дарга байх үед манай намд дотоод ардчилал, үзэл бодлын чөлөөт талбар их сайн нэвтэрч байдаг юм болов уу гэж боддог юм ш дээ. Мань мэт чинь заримдаа дүрэмтэй дүрэмгүй юм ярина, үзэл бодлоо илэрхийлнэ. Тэрэнд оролцоод тэглээ ингэлээ гэж огт жижгэрдэггүй. Яс юман дээрээ намын нөхдийн дотоод ардчилал их өсдөг. Том хүн чинь томоороо л байдаг юм байна лээ.

Намын залуу үеийн төлөөлөл нь түүний тухай ийн ярьж байна. Дараа нь би УИХ-ын эрхэм гишүүн, Монголын том улстөрчдийн нэг Цэндийн Нямдоржоос түүний тухай асууж үзэв.

Ц.Нямдорж: М.Энхболд дарга бол маш тулхтай, ноён нуруутай хүн. Ердийн төвшний ч биш сонгодог төвшний тулхын эзэн гэж би боддог. Хэцүү үед намыг удирдах үүрэг хувь заяагаар энэ хүнд оногддог. Ер нь л эв эеийг барьж, элдэв будлиан шуугианаас салгаж, цэгц, чигч байдалд л шилжүүлдэг юм ш дээ. Ийм чадвар, нэр нөлөө хүссэн хүн болгонд байдаггүй....Тэд түүний тухай ийн ярьцгааж байна.

...... “Улстөрч хүнд хэрэгтэй хамгийн гол зүйл юу вэ” гэсэн асуултад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариулахдаа “Улстөрч хүнд гурван зүйл хэрэгтэй. Нэгд, ухаалаг, мэдрэмжтэй байх чадвар. Хоёрт, боломжийг зөв мэдэрч, хэрэгтэй үед гарч ирээд тэмцэх иргэний эр зоригтой байх чадвар. Гуравт, хүн чанар. Хүн чанаргүй улстөрч хол явдаггүй” гэж хэлжээ. Путин шиг дэлхийн том лидер “хүн чанар”-ын тухай ийн онцолж буй нь анхаарал татах үг. Энэ хэмжүүрээр авч үзвэл манай улстөрчдийн ихэнхэд гурав дахь зүйл дутдаг. Харин М.Энхболдод бол тэрхүү гурав дахь зүйл бий. Боорлуулж ноцуулах, түлхүүлэн унах, гүжир гүтгэлгээр балбуулах мэтээс тэр хүн ангид явсангүй.

Сэтгэл зүйн гайхалтай тэнцвэртэй, дүн нуруутай, хачин түшигтэй төрх төлөвийг нь олон үйл явдлын дундаас бид харж байлаа. Том улс төрд томчуудаас жижигхэн тоглолт цухалзах нь элбэг тохиолддог. Харин М.Энхболдоос энэ мэт шалчгар авир үнэртдэггүй.


Тэр миний асуултуудад....нэг удаа

Миний бие М.Энхболд даргатай олон удаа ярилцлагын ширээний наана цаана сууж, элдвийн цаг үед түүнд асуулт тавьж явжээ. Асуултыг мэдрэх тал дээр улстөрчид харилцан адилгүй л дээ. Энэ үүднээсээ тэр миний сонирхолтой зочдын нэг байдаг.

-Улс төрийн мөчлөгийнхөө хувьд өнөөдрийг та өөрийн­хөө рейтингийн ямар үе гэж хардаг вэ. Уналт уруудалтын үе юм уу, эсвэл ямар нэгэн том алхмын өмнөх үе юм уу. Энэ үеийн Энхболдын улс төрийн цаг гэвэл та юу гэх вэ?

-Бага залуугаас төрд зүтгэж, олон түмэнтэй ажиллаж чад­даг болохын төлөө эрмэлзсэн ажлын арга барил, удирдан манлайлах гэж зүтгэхээсээ илүү ажлыг үр дүнтэй болгохыг гол зарчмаа болгох, улс төрийн намд ажиллаж ирсэн турш­лага, урваж шарваж, хагалж бутар­гахын төлөө бус хүн чанараа түшиж нуруу алдахгүй яв гэж аавын маань сургаж заасан тэр замаар замнахыг хичээж байна.

-Аливаа буулт, уналт, ялалтын дараах тэр даваануудыг та яаж өнгөрөөдөг вэ. Гаднаасаа та хүчирхэг харагддаг ч, дотроо эмзэг байж магадгүй юм.


-Улстөрч хүн тооцож байх ёстой, учирвал давж гарах сэтгэлийн тамиртай байж л гарна шүү дээ. Гэхдээ үргэлж бодоод тэр ингэсэн, энэ ингэсэн дээ гээд сэтгэлээ хэмлээд суух юм бол улстөрчийн амьдрал урагшаа явахгүй шүү дээ.

-Та яагаад хүнтэй дайсагнал­цаж чаддаггүй юм бэ. Аймхай юм уу?

-За даа, одоо ч баярлах бас гом­дохын хязгаарыг давж сурч байна шүү, Ганаа. Тэгээд ч хүн мөнх биш юм даа. Дайсагналцаж их үр дүнд хүрч байсан түүх бараг байхгүй дээ. (инээв)

-Шийдвэрийг өөрөө гаргаад, өөрөө улс төрийн төлөвлөгөө­гөө зохиогоод, өөрөө хэрэг­жүүлдэг лидер байдаг л даа. Та тэгдэг үү, эсвэл танд хэн нэгэн нь бэлэн төсөл авчирч өгөөд та түүн дээр нь тоглодог уу?

-Би аливаа асуудал дээр тодор­хой шийдвэр гаргахын өмнө заавал тухайн салбарын мэргэжлийн хүмүүсийн байр суурийг асуудаг. Түүн дээр нь суурилдаг. Анхнаасаа би тэгж ажилладаг байсан. Тэгээд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ бодит ажил болгох, ямар арга техникээр, ямар төслөөр хийх вэ гэдгийг бүгдийг нь тооцож үнэлж үзэхийг хичээдэг. Мэдээж томоохон бүтээн байгуулалт, нарийн мэргэж­лийн салбарын асуудлаар багаар ажиллах зарчим маш чухал. Гэхдээ шийдвэр гаргахын өмнө зайлшгүй тал талын дэнсэн дээр тавьж үзэж, шалгаж нягталж байж шийдвэр гаргахыг хичээдэг. Энэ бол миний зарчим. Хувийн амьдралын шийдвэр гаргахад өөрийн толгойгоор шийдэж болдог бол олон түмний хувь заяа, амьдрал ахуйтай холбоотой асуудлаар бол ганцаар­чилсан тоглолт явуулах нь аюултай. Тэр тусмаа төрийн алба хашиж байгаа тохиолдолд алдаа эндэгдэл гаргах нь маш олон урьдчилан тааварлашгүй сөрөг үр дагавар авчрах тул хүн нэг талаас маш нягт няхуур байх ёстой, нөгөө талаас зөв бодол, төлөвшилт­тэй хүмүүстэй мэргэжлийн төвшинд хамтран ажиллах чадамжтай байх ёстой. Төрийн алба бол надад энэ тохирно, би үүнийг чадна гэж бардамнадаг талбар биш. Монгол төрийн алба босго өндөртэй шүү. Нөгөө талаас хаа хамаагүй, төлөв­шөөгүй хүмүүсийн арга заль мэхээр хөдлөөд байх нь миний зан биш.

 
-Таныг ерөөсөө ганцхан л юмаар ороодог. Хэлж амжихаас маань өмнө юу хөндөх гэж байгааг минь та мэдрээд л сууж байгаа байх. Авлигын загал­майлсан эцэг гэж Н.Энхбаярыг хэлдэг шиг, М.Энхболдыг газрын наймааны загалмайл­сан эцэг гэж дуудсаар олон жил боллоо. Мөрөн дээрээ ялаа ирж суухын төдийний зүйлд л эвгүйцдэг, түргэн сэгсэрч холдуулдаг тийм эмзэг талбарт та ажиллаж байгаа. Сайн нэр хүнд гэдэг бол мөнгө, санал, эрх мэдэл. Гэтэл таны нэр рүү өчнөөн жил ийм шавар цацаж байхад яагаад энийгээ угаая гэж боддоггүй юм бэ. Жишээл­бэл, энэ хажуу талын өндөр байшин байна. 17 давхар. Энэ М.Энхболд гэдэг хүнийх мөн үү. “МCS”-ийнх гэдгийг нь бүгд мэдэж байгаа. Та өөрөө аваа­гүй байна. Яагаад энийгээ тайлбарлаад яваагүй юм бэ. Тэвчээр гэдэг бол улс төрд гоё л ойлголт байх. Гэхдээ энэ арай хэтэрсэн тэвчээр юм биш үү, ойлгомжгүй явдал биш юм уу. Таныг энэнд хариулаасай гэж бодож байна.

-Намайг хотын захирагчаар ажиллаж байх үед цаг хугацаа тэгж таарч, газрын хэрэгцээ, энэ хэрэг­цээн дээр иргэд амьдрах орон сууцаа барих, аж ахуйн нэгж, байгууллага бизнесээ хөгжүүлэх зорилгоор барилга барих боломж бүрдсэн. Мэдээж хардлага, хэл амнаас айгаад суугаад байсан бол өнөөдөр надад ямар нэр ирэх байсан бол. Ганаа, чи таа даа. Аймхай, хүнд сурталтан, бул хар чулуу юу юу гэх байсан бол. Их хотын хөгжил хийгээд нэг ч гэсэн ажлын байр бий болохоос эхлээд нэгэн халуун ам бүлийн гал голомт нэмэгдээсэй гэж бодож явснаас өөрийг бодоогүй гэдгийг амьдрал болоод цаг хугацаа харуулсаан гэж итгэж байна. Монгол хүний голч ухаанд би итгэдэг. Яг миний үед газар авч байсан хүмүүсийг өнөөдрийн өнцгөөс нэг эргээд хараарай. Жаахан ч гэсэн эргэцүүлэн бодоод төрсөн сэтгэгдлээ хүмүүстэй хуваалцаасай. Тэр үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээж авч энэ асуудлуудыг шийдэж бай­гаагүй бол өнөөдөр Улаанбаатар хотын өнгө төрх ингэж өөрчлөгдөх байсан болов уу.Тухайн үед хошуур­сан олонд хотын захиргаа дарагдах болсон. Харин хүн болгоны хүслийг биелүүлэх боломж хотын захиргаанд байхгүй. Тэгээд хэн нэгнээс буруу эрж бүр уудаг иддэгээр нь дуудаад л явдаг. Ингээд зарим хүний онинд хамгийн түрүүнд өртөж эхэлсэн. Тэгээд яалтай ч билээ ёстой ардын хэлдгээр “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” хэмээх зарчим барин ногдсон албаа хашсаар өдий болж байна даа. Нэг хүн сайн, муу хэлүүлэх яахав ээ. Өнөөдөр гаднын ямар ч хүн ирсэн Улаанбаатар хотыг “Танай хот сайхан хот байна шүү” гэж хэлж байна. Тэр битгий хэл гадаадад хэдэн жил ажиллаж амьдарч байгаад ирсэн хүн “Улаанбаатар хот танигдахааргүй болчихжээ, бараг энэ хот дотор чинь төөрөхөөр болчихжээ” гэж ярьж байна шүү дээ. Гол үр дүн энэ гэж бодож байна.

-Энхболдын газрын наймаачин гэж хэлүүлэх энэ тэр бол хамаагүй юу?

-Асуугаад байгааг чинь ойлгож байна. Ямар ч худлыг үнэн гээд хэд ч билээ хэлбэл үнэн болдог гэдэг үлгэрээр та намайг ээрээд байна. Үнэн гэдэг ямагт хүчтэйг бас санах хэрэгтэй биз дээ. Цаг хугацаа гэж илийг далдлаж, нуусныг илчилдэг их увидастай гэдэг юм шүү. Газрын наймаачин гэж хэчнээн л дуудлаа. Хаана ямар газар зарчихсан юм. Би өөртөө ямар газар авчихсан юм. Хаана хууль хяналтын ямар байгуул­лагаар би газар зарсан хэрэгт шал­гагдаж байсан юм бэ. Тийм юм огт байхгүй. Гэхдээ би бас дуугүй суугаад байдаггүй. Хүн юм чинь тэсвэр тэвчээрт хязгаар бий. Надад одоо 30 гаруй шүүхийн шийдвэр байна. Бүгдээрээ энэ газар, устай холбон хэвлэл мэдээллээр гүтгэсэн, гүжирдсэн явдлыг шалгуулж, шүү­хээр нэр төрөө сэргээлгэсэн баримт. Хожим шүүхийн энэ олон шийдвэрийг хүссэн хүн үзээд юм ойлгох нэг нь ойлгох биз дээ. Хамгийн сүүлд гэхэд манай намын Их хурал болох гэж байгаатай холбоотойгоор хотын хэдэн даргын нэр, зургийг тавиад л эхэлж байна. Үүнийг ч шүүхэд өгсөн. Бид хийх ёстой ажлаа ноогдсон үүргийнхээ дагуу хийсэн. Үр дүнд ёстой нөгөө бүтээн байгуулалтууд явагдсан байх. Хэн нэгэн гадаадын хүн ирээд ухаад ачаад явчихаагүй. Дээр нь барилга байшин барьсан. Та сая энэ хажуугийн 17 давхар байшингийн тухай ярилаа. Компаниуд төсөл боловсруулж уралдаанд оролцоод “MCS” ялж энэ байшинг барьсан. Маш олон байгууллага, үйлчилгээний газар, дэлгүүр дотор нь үйл ажиллагаа явуулж байна. Олон зуун хүн ажлын байраар хангагдаад явж байна. Бүгд л харж байгаа.


Тэр нөхөрлөж чаддаг

М.Энхболд дарга боловсрол багатай, хар ажлын улсуудыг ихэвчлэн дагуулдаг. Өөрөөр хэлбэл тэнэгүүдийг гэж хэлэх нь бий. Морь мал уралдуулсан, торгон дээл болсон нөхдүү­дийн толгойлогч ч гэдэг. Бас хүн танихдаа муу гэж зарим нь шүүмжилж байх юм. Зарим нь М.Энхболд дарга жолоочоо ч хаядаггүй хүн. Зарим дарга нар бол дэмжигчдийнхээ мөрөн дээр гишгээд л гарч ирдэг. Гарч ирээд эргээд нөгөө мөрөө өгч явсан бор бааз олонлогоо хаядаг. Ингээд доогуураа хувь хүнийхээ хувьд идеалгүй болчихдог. Харин М.Энхболд дарга бол чирсээр л явдаг. Хувь нэр хүнд рүүгээ баахан юм цацуулсан ч чирээд л яваад байдаг гэж бас зарим нь үнэлдэг. Энэ нь ч үнэн. Ер нь олныхоо дунд, тэднээс тасарч холдохгүй гүдэсхэн алхаж явах тэнхээ түүнийг бараг бүтнээр нь тодорхойлно доо.

Миний харж, мэдэрч, судалж явдаг М.Энхболдын нэг хоёрхон талыг нь би ийнхүү та бүхэнд сонирхууллаа. Түүн шиг баян намтартай хүний тухай нэг амьсгаагаар бичих боломж угаасаа үгүй билээ. Би хөдөө гадаа тэнэж явдаг, олон түмний дунд ажилладаг мэргэжилтэй хүн. Нэг удаа нутгаараа явж, хөгшчүүдтэй уулзаж яваад М.Энхболдын тухай нэгэн содон өгүүлбэр сонссон юм. Манай М.Энхболд хадан дээр сийлсэн маань шиг л эр хүн дээ гэсэн... Энэ үг бас л түүний гүн чанарыг, бат чанарыг, баргийн салхи ч булгалж чадахгүй буурь суурийг нь илтгэсэн үг юм даа.