Монгол улс нүүрс, газрын тосны арвин нөөцтэй атлаа эрчим хүч, шатахууны импортод олсон жаахан ашгаа хамж өгсөөр өдгөөтэй золголоо. Ядмаг Монголыг өдий хүртэл өндийлгөөгүй гол дарамт энэ. Монгол хүн бүхэн ОХУ-д баярлаж явдгийн зэрэгцээ энэ нүсэр ачаагаа алхам алхмаар хөнгөлье гэх хүсэл өвөртөлж явдаг. Үүнийг хэн ч буруутгахгүй биз ээ. 

Хэрэгцээт эрчим хүчээ гаднаас өндөр үнээр авахын оронд өөрсдөө үйлдвэрлэе гэсэн оролдлого бүрийг маань оросууд янз бүрийн башир аргаар саатуулсны уршгаар бид нүсэр ачаандаа даруулсаар хэвтэнэ. Монгол өндийж хөл дээрээ босвол хөршдөө лайгүй, дэмтэй баймаар. Дэмждэггүй хөрш ажээ. Эрчим хүч үйлдвэрлэл, уурхайн болон экспортын төмөр зам, нефть нэрэх төслүүдийг хөдөлгөдөггүй. Бас хажууд нь мэхлэх зорилготой, номчирхож сайрхсан заавраа коммунист инерцээрээ ятгах нь мөнгөгүй гуриатсан хямралын үед ядаргаатай. 

Эгийн голын усан цахилгаан станцыг (УЦС) оросууд 25 жил гацаалаа. Энэ төслийг ардчиллын анхны хараацай С.Зориг идэвхтэй хөөцөлдөж явсан гэдэг. Алуулаагүй бол энэ төслөө өдгөө гүйцэтгэсэн байхыг үгүйсгэхгүй. Одоо энэ төслийн нэгжийн захиралаар уулын инженер геофизикч Д.Одхүү ажиллаж байгаа аж. Монголчуудад нэг зовлон байдаг. Оросод монгол хүн хатуу үнэнг хэлэх ёстой болбол шууд илэрхийлж зүрхлэхгүй айсандаа “хоёр хөрш” гэж Хятадыг заавал хамсруулдаг. Ийм өөдгүй хулчгар зан хойч үеийн залууст биднээс халдварлаад илааршаагүйд харамсах юм. Миний хүндэлдэг нэрд гарсан авъяаслаг сэтгүүлч эмэгтэй хүртэл “Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа” гэж “Өдрийн сонин”-ы 2016-06-07-д бичжээ. Хятад саатуулах байтлаа станцаа барь гэж тэрбум доллар зээлүүлэх гээ юү. Үүнийг яагаад иш татав гэвэл би ч гэсэн Оросын дээрэнгүй авирыг үнэнээр нь хэлэхээс хулчийж насыг элээлээ. Харин одоо би энэ нийтлэлдээ үзэл бодлоо нялцганахгүй шууд бичихээр зориглов. Үхэх дөхөхөөр айдас багасдаг болтой. Дал наян жил бид орос ах гэж худал налигнаж явснаас болж оросууд биднийг буруу ойлгож явсан. Одоо үнэнээ илэн далангүй шууд илэрхийлж, мөнхийн хөршдөө жинхэнэ яс чанараа таниулж айлсъя. 

Сүүлийн үед би Эгийн голын УЦС, эцсийн эцэст, баригдах боллоо гэж ямар их хөөрөв өө. БНХАУ тэрбум долларын урт хугацааны хөнгөлттэй зээл хайрлаж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох дарамтаас салгалаа хэмээн өмнөд хөршдөө бүр ч их баярласан гээч. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Тэгтэл хайрт орос ах нар минь Эгийн голын УЦС Байгал нуурыг ширгээнэ гээд зогсоочихсон гэнэ. Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтайгаа учраа олооч” гэжээ. Хоёр хөршийгөө эв зүйгээ олог гэж хүндэтгэсэн БНХАУ-ын энэ хандлага монгол сэтгүүлчид “Хоёр хөрш Эгийн голын УЦС-ыг гацаав” гэж хальтрах шалтгаан болж. Энэ төсөл 25 жил гацаж буйг дээр дурдсан. Хаанаас гацаагаад буйг бүгд мэднэ. Тайлбарлаж нурших шаардлагагүй ил дол болсон дарамт. Дэлхий дээр хаа сайгүй УЦС-ууд ажиллаж байна. Монголын эзгүй шахам нүд алдам талд ганц станц ажиллавал Байгал нуурын ай сав дахь оросууд хиарчих юм байх. 

Усан цахилгаан станц нэгд ус бохирдуулахгүй, хоёрт Эгийн голын УЦС-аас болж Байгал нуур дундрахгүй. Үүнийг захын тэнэг ч гадарлана. УЦС барихад том усан сан-нуур тогтоодог. Эгийн голын мөнхийн урсгал ба ертөнцийн хур борооны сэлбэлтээр хиймэл нуур дүүрч бялхаад, урьдынхаа хэмжээгээр Байгал нуурт цутгаж төлжүүлнэ. Хурмастаас буудаг хур Эгийн голд станц барилаа гээд татарчихгүй. Тиймээс Байгал нуурт усны хомсдол үүсэхгүй. УЦС элдэв химийн бодисоор ус хордуулж эрчим хүч гаргадаггүй, усны урсгалыг боож, асар өндрөөс буух аварга хүрхрээний хүчийг энерги болгодог. Бохирдоогүй ус урсдагаараа урсч, эко орчин хөндөгдөхгүй хуучин хэвэндээ мөнхөрнө.

Эгийн голын УЦС Байгал нуурын эко системд сөргөөр нөлөөлнө гэх шалтаг оросууд тавьж буй нь үнэн хэрэгтээ Сэлэнгэ Ангарын савд ажиллаж буй олигархи Дерипаскагийн УЦС-уудаас манайд эрчим хүч өндөр үнээр шахаж, жилд 40-50 сая ам. доллар олдог бизнесийн төлөө улайрч буй хэдэн хүний явуулга гэдэг нь нууц биш. Тэдний шахалтаар хийсэн юм уу гэж хардахаар ОХУ-ын Монгол улс дахь Элчин сайдын Яамны мэдээлэлд юу гэж вэ уншъя: “Монгол улсын эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдэх өөр хувилбаруудыг (УЦС биш) харилцан ашигтайгаар хэлэлцэхэд манай тал бэлэн байна. Бидний авсан мэдээллийн дагуу эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийн талаарх (урт хугацааны нийлүүлэлт гэдэг нь ямагт ОХУ-аас эрчим хүч импортолж бай гэсэн шахалт) талуудын хэлэлцээр амжилттай урагшилж байгаа. Уг чиглэлээр бидний хамтын ажиллагааг цаашдаа эрчимтэй хөгжүүлэх, манай найрсаг орны эрчим хүчний салбарт одоо ажиллаж байгаа объектуудыг шинэчлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Дипломат нялуурлын цаана, технологийн хувьд хоцрогдож, хөгширсөн ДЦС-ууддаа ОХУ-аас сэлбэг хэрэгсэл өртөг хайрлалгүй зөөгөөд хальхуулж бай гэсэн үг. “Энэ нь та муусайнд хаваажид. УЦС ажиллуулаад Оросоос эрчим хүч импортлохгүй амьдарч харагдаач” гэсэн дохуурхал. 

Байгал нуурт цутгадаг олон гол мөрний эх болсон салаа салбарууд Монголын өндөр уул нуруудын ам болгоноос урсан бууж буй. Тэд бүгд хоорондоо нийлсээр хил давдаг. Эгийн гол тэр салаануудын нэг. Тэгэхээр түүн дээр УЦС барих хориотой гэнэ. (Хил давж урсдаг учраас). Улс гүрнүүдийн хооронд хил нэвтэлж урсдаг мөрнүүдэд барьсан УЦС-уудыг тоолж баршгүй. Тэр гүрнүүд хориг тавихгүй зохицдог найрсаг хөршүүд аж. Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол ОХУ-ын хилд ойртолгүй буцаж дунгуйраад Хөвсгөл нууртаа цутгадаг бол түүн дээр УЦС барихыг ах нар зөвшөөрөх гэнэ. Ноён элчин Азизов та “орос ах” гэж монголчууд бидэнд нялуурдагт дургүй гэж ярилцлага өгч байсан. Бид та нарыг орос ах гэж байгаа юм биш. Орос ах гэхгүй бол та нар биднийг буудаж байсан эмгэнэлт түүхээс улбаатай арга ядсан нялуурал үргэлжлээд буйд би ч гэсэн дургүй.

Монголд эрчим хүчээ урт хугацаанд өндөр үнээр тасралтгүй шахах ОХУ-ын ашиг сонирхлын төлөө эх орныхоо УЦС-ын бүтээн байгуулалт гацахад нэрмээс өгөх гэж зүтгэдэг, хахуульд дөрлүүлсэн хүйтэн санаатай монгол ноход бий. Чонотой нөхөрлөсөн гэрийн банхар чононд байдаггүй зэвүүн ааш гаргадаг. Эгийн голын төсөл түр зогссон чимээнээр тэд мөнгөий үнэр шиншлээд гүйлдэж эхлэв. Улс болгон ашгийн төлөө зүтгэдэг. Зөв. Гэвч бусад орны эрх ашгийг хохироож байж хожихыг дэлхий нийт зөвтгөхгүй. ОХУ дэлхийн хүчирхэг гүрнүүдийн эдийн засгийн хоригт ороод буй эгзэгтэй үедээ Монголын ганц УЦС-ыг ямар ч үндэслэлгүй зогсоовол нэр төрд нь сайныг авчрахгүй. ОХУ найрамдал-дружбаагаа сэвтээлгүй, буурай хөршөө өрөвдөөд Эгийн голын УЦС-ыг зөвшөөрөх болтугай гэж залбирах үлдлээ. Бурханд залбирахын учир гэвэл ах нарын дургүй хүрвэл биднийг номхруулж төгсдөг. Гашуун түүхийн хөндүүр эдгэрээгүй байна. 

Монгол улс оргил ачааллын үедээ ОХУ-аас эрчим хүч нэмж илүү үнээр авахаас аргагүй болдог бөгөөд ачаалал буурсан шөнийн цагаар цахилгааны ихээхэн илүүдэл үүсч оросуудыг эргүүлж авна уу гэхэд үнэгүй бол авна үнэтэй бол авахгүй гэдэг. Ингээд бид баахан эрчим хүч ОХУ-д зүгээр өгч ирэв. Энэ доголдлыг арилгахад Эгийн голын УЦС маш чухал юм. Хиймэл нуур байгуулахад Монгол нутагт сүйтгэгдэх ой хөвч байхгүй. Газар чөлөөлөхөд уудам нутагтай бидэнд асуудалгүй. Нутгийн иргэдээс мөнгө гаргалгүй тохилог тосгон барьж өгөх юм байна. Малчид станцаа түргэн бариач гэж шавдуулж буй ажээ. Эгийн голынхон төдийгүй монголчууд Д.Одхүүг төслөө гацаалгүй түргэн байгуулж гүйцээ гэж дэмжиж байна. Түүний нөлөөг нэмэхийн тулд УИХ-д сонгоход муухай нь юу билээ. Сонголтын учир утга Одхүүдээ бус, гол нь УЦС-даа байгаа юм. Гишүүдийн хоосон амлалт замхардаг. Эгийн голын станц бүтвэл агуу өгөөжтэй. Эгийн голын мөнхийн урсгал ямар ч зардал шаардахгүйгээр хэдхэн жилийн дараа зардлаа бүрэн нөхнө гэж дээр бичсэнээ дахин давтъя. Ийм ашигтай төслийг явуулахгүй өөр яах юм бэ монголчууд аа. Эрвийх дэрвийхээрээ Одхүүгээ дэмжин тэмцэж, ядаж нэг голынхоо урсгалыг цахилгаан болгож ашиглая. 

Манай төслийг гацаах шалтаг хайсан А.Колотов гэгч сибиряк хиймэл нуур тогтоосноос болж эргэн тойрны нь хөрсний үржил шим устаад, ургамал амьтанд аюул учирна гэж сэнхрүүлжээ. (“Зууны мэдээ” 2016-06-09). Усан сангийн цэнгэг нуур манай хуурай уур амьсгалыг зөөлрүүлж, бороо хур элбэгшиж, хатаж ангасан хөрсийг чийгшүүлж, өвс ургамал сэргэж, ой хөвч тэлнэ. Би гол мөрнийхөө ай савуудад том жижиг тойром, олгой нуур олныг байгуулах санал дэвшүүлж, “Өөрөө тогтсон Өгий нуур” нийтлэл бичиж байсан хүн. Миний мөрөөдөл УЦС-уудын хиймэл нууруудаар хэрэгжих заяатай ч юм шиг. Д.Одхүүг УИХ-ын гишүүн болгох гэсэндээ бус, унаган мөрөөдлийнхөө үүднээс энэ нийтлэлийг тэрлэв. Оросуудад тоглуулсан төмөр замын гацааг олон жил яншсан юмсан. Одоо УЦС зогслоо гэж үглэж, орос монгол олигархиудын зэвүүг хүргэх нь шиг байна. Энэ нь зохиолч хүнд оногдсон даруухан үүрэг. Би ажлаа л хийж байна. Улсын хөрөнгөөр эзэмшсэн мэргэжлээрээ хүн бүр нүд анитлаа хөдөлмөрлөх үүрэгтэй. 

Нар салхины эрчим хүч ашиглахад хугацаа их орох тул юун түрүү УЦС барьж, Оросын импортын цахилгаанд өгдөг асар их мөнгөө нар салхины эрчим хүч ашиглах төсөлд нэмэрлэх бодлого төр засаг барьж буй тул А.Колотов таны энэ талаар сэнхрүүлсэн үнэтэй зөвлөлгөөнд баярлалаа гэхээс яахав. Харин УЦС-ын гамшгийг хүн төрөлхтөн таниад зогсоож буй тухай таны ухуулгыг хүлээн авч чадахгүйдээ хүлцэл гуйя. Нар салхины эрчим хүчээр Монгол улс хангагдах тухай үлгэр яригдах урт хугацаанд Оросын энерги манай руу цутгасаар байх болно. Үүнийг монголчууд нүүрсний экспорт, төмөр зөмын 8-9 жилийн гацаанаасаа сайн мэддэг болсон юм. Хаяа хатгасан Хятад руу нүүрс экспортлох өрсөлдөөнд Монгол Оросод хожигдсон. Хожигдлоосоо сургамж ав гэж би зөвлөх гээд байна. Хожихдоо хөршөө хохироож хожих муухайг орос ахдаа хэлье. Хятад адилхан хожье гэдэг.

Монгол улсын төв болон хойд бүсийн гол горхи усаа Байгал нуурт хэр хэмжээгээрээ нэмэрлэдэг. Үүний хариу болгож оросууд “Байгал нууртай холбоотой усны асуудал бүрийг ОХУ-аас асууж, зөвшөөрөл авах ёстой” гэж тулган шаардаж байна. Оросын энэ шаардлагаар бол Монгол улс горхи шандаа ашиглах толгой мэдэлгүй амьдрах тавилантай юмсанж. Арай дэндэх байлгүй. Тусгаар тогтносон НҮБ-ын бүрэн эрхт гишүүн Монгол улс өөрийн нутгийн гүнд орших нэг голынхоо урсгалыг ашиглаад УЦС барихдаа ОХУ-аас зөвшөөрөл авахгүй. Эрчим хүчнийхээ дутагдлыг хангах, цэвэр усныхаа нөөцийг хуримтлуулах “Эгийн гол” төсөл бол Монгол улсын дотоод асуудал агаад дэлхийн бусад олон станцуудын нэгэн адил байгалийн эко системд хор учруулахгүйг гадныхантай хамтарч нотолсон. Оросын эрдэмтдийг багшаа гэж монголчууд хүндэлдэг. Гэвч төслийг 25 жил саатуулсан бүлэглэлийн далд даалгавартай эрдэмтэд судалбал ямар дүгнэлт гарах нь тодорхой. Монголд ч Оросод ч дуртай нь гарын үсэг хялбархан цуглуулдаг болсон. Эгийн голын УЦС-ыг эсэргүүцсэн хэдэн орос буряд Сэлэнгийн дагуухь тосгодоос олоход түвэггүй. Монголчууд дуу хоолойгоо нэгтгэж, УЦС-аа барихын төлөө тэмцэх бүрэн эрхтэй. Энэ төсөл бол бидний баялаг бүтээх чухал эх үүсвэрүүдийн нэг. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж, бүтээн байгуулалтдаа ашиглах эрх, олон улсын хэмжээнд үйлчилдэг. Үүнийг оросууд мэдэж байгаа. 

Эгийн голд УЦС баривал Байгал нуур ширгэнэ гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг хэлэхэд илүүдэхгүй биз. Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллаж байгаа. Энэ компани эрчим хүчний салбартаа дэлхийд гуравт жагсдаг. Уг компаний судалгаанаас ганц дүгнэлтийг онцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ. Францын Трактебэл компани дангаараа 250 гаруй УЦС барьсан бөгөөд 650 УЦС-ын зураг тооцоо хийжээ. Байгал нуурт орж буй цутгал голуудын нийт урсгалын 18,6 хувийг Монголын Сэлэнгэ дангаараа, 31 хувийг Оросын Сэлэнгэ мөрөн, бусад хувийг өөр голуудын цутгал эзлэнэ. Манай Сэлэнгийн 18,6 хувь цутгалын өчүүхэн хэсэг Эгийн голынх. Эгийн голын өчүүхэн цутгалаас бузартаж Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг дэндүү үнэмшилгүй. 

Эгийн голын УЦС төслийн нэгжийн захирал Д.Одхүү хэлэхдээ, “ОХУ-ын зүгээс энэ ажлыг эсэргүүцэн, төслийн санхүүжилт хийж байгаа БНХАУ-ын тал руу санхүүжилтээ зогсоохыг шаардах, гуйх хоёрын завсрын агуулгатай захидал бичсэн тул ажил зогссон. Иймд Монгол улсын ерөнхий сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзалт хийх үеэрээ “Хэдийгээр Монгол улсын газар нутгаар урсч байгаа Эгийн гол нь хилийн ус биш, бидний дотоодын асуудал боловч бид сайн хөршийн ёсоор энэ асуудлаар мэдээлэл хийх уулзалт зохион байгуулъя” гэж санал тавьсан. Энэ саналын дагуу уулзалт болсон. Өөрөөр хэлбэл Монголын талын санаачлагаар болсон болохоос ОХУ-ын шаардлага тавьснаар энэ уулзалт болоогүй” гэж тайлбарлажээ. Уулзалтад ОХУ-аас Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй төлөөлөгчид, Хятадын Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч болон албаны бусад хүмүүс, эрдэмтэд оролцжээ. 

Д.Одхүү “Оросууд “Эгийн голын УЦС бол танай дотоод асуудал” гэдгийг хэлсэн бичлэг байгаа. Би энэ утгыг нь жиргэсэн юм. Хэрэв оросууд “ийм зүйл яриагүй” гэвэл би бичлэгийг гаргаад өгч болно. Оросууд “Энэ бол үнэхээр танай асуудал мөн. Монгол улс тэртэй тэргүй тусгаар тогтносон улс байхад бид зөвшөөрлөө гэсэн утгаар протокольд бичвэл их сонин харагдана... та бүхэн “Эгийн голын төслөө бид үргэлжлүүлнэ” гэсэн мэдэгдлээ хийгээд, “Түүнийг нь хүлээн зөвшөөрлөө” гээд гарын үсгээ зурчихъя” гэсэн нь баримттайгаар үлдсэн... Ингээд л би гарч ирээд цахим хуудсандаа “Оросууд хүлээн зөвшөөрлөө” гэсэн утга бүхий ярьсан яриаг нь нийтлэхэд эргүүлээд намайг бухаж эхэллээ гэж сонинд ярилцлага өгчээ. Энэ зуур яагаад ч юм Гадаад яамны сайд Аварзад гуай санаанд оров. Оросын өөдөөс зөрж зүтгэвэл хэлэлцээрийг ахалсан хүн хэлмэгддэг байсныг дурдмаар санагдлаа. 

“Росатом”-ын тэргүүн С.Кириенко Монголд ирж, Канадын “Хан ресурсес” компанийг манай засгийн газраар хөөлгөөд буцсан. Дарамтад орсон ядмаг дорой Монголын зовлонг олон улсын арбитрын шүүх мэдэрч 350 сая ам. долларын нэхэмжлэлийг 100 сая ам. доллар болгосон бол канадууд мөн хүлцэж 70 сая доллар болгон буулгасан. 70 сая долларын өрийг С.Баяраас нэхсэн байна лээ. Уг нь С.Кириенкогоос нэхэх учиртай. Манай “Энержи Ресурс” компани Ухаа худаг-Гашуун сухайтын 267 км төмөр замыг бие даан бариад эхэлтэл оросууд “ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яавч зөвшөөрөхгүй гээд Монголын Засгийн газар дахь чухал хүмүүстээ энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгч зогсоосон” гэж бяралхан бичиж байв. Гэтэл одоо Эгийн гол. Ийм гашуун доромжлолууд ар араасаа өрнөж, нүд түвшин аниулахгүй нь ээ. 

Орос ах нар минь та нар бусад улс гүрэнтэй харилцдаг шигээ бидэнтэй хэзээ тэгж харилцах юм бэ. Хүн биднийг хүн гэвэл, бид хүн байж чадна шүү. Хөл дээрээ өндийх гэсэн бяцхан хөршөө татаж унагахын оронд түшихийг урьтал болгомоор. Монгол хөгжвөл хөршдөө лай бус дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу араншин гаргалтай. Төр засгийн өмнөөс бичсэнгүй. Өвгөн миний хувьд ийм байна. Урд хөршийн зээлээр ассан эрчим хүчний эх үүсвэрийг хойд хөрш унтраасанд монголчууд оволзвол ЗХУ-д сургууль төгссөн хөгшин-би хаашаа харж үхнэ ээ. Дружба-найрамдал минь, аугаа буянаасаа өчүүхнийг хайрлаж, “Эгийн гол төсөл”-ийг явуулаад өгөөч. Дэлхийн олон олон УЦС-ын жишгээр Эгийн голын УЦС монгол, орос нутгийн хүн, байгальд сөрөг нөлөөгүй ажиллана гэдэгт итгэнэм.

2016-06-10