Өнөөдөр та бүхэнтэй уулзуулахаар урьсан зочин маань Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Түүний яриа ямар ч цаг үед уншигчдын анхаарлыг татаж байдгаараа онцлог. Ингээд энэхүү өвөрмөц зочинтой хамт уншигч таныг үлдээе.

-Сайхан зусч байна уу. Уулзаагүй удсан байна шүү. Та Улаанбаатарт суурин байна уу?

- Сайхан зусч байна, суурин байж байна.

- За даа уулзаагүй удсан болохоор танаас жаахан зэнзийрхэж байх чинь. Уг нь та бид хоёрын ярилцлага сонирхолтой, шорвог, бас амттайхан болдог төдийгүй араасаа уншигчдын шуугиан дагуулдагсан. Гэтэл та чинь намынхаа сонгуулийг удирдах заллагатай байгаа гэж дуулдах юм. Яасхийж асууж эхлэх вэ гэж бодоод байна?

-Сонгууль удирдах заллага гэж юу байдаг юм. Хурим найрны урилга шиг сонсогдож байхчив. Намын дарга байхдаа би сонгууль удирдаж л байсан. Одоо бол жирийн гишүүн учраас юу боллоо гэж тэр нүсэр ачааг үүрэх билээ. Сонгууль бол хүлээсэн хариуцлага, хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогын бодит үр дүн нь болдог учраас сонгуулийн ажлыг намын дарга л зангиддаг. Тэр журам, жишгээрээ л явж байгаа.

-Тийм байх нь. Таныг сүүлийн үед намын байрнаасаа гарахгүй байгаа гэж дуулсан. Энэ тэгвэл ямар учиртай юм бэ?

-Намын дээд удирдлагад биш гэлээ ч намдаа бол би байгаа. Байх ч болно. Намын байраараа орж гаран намынхаа сонгуулийн ажилд тусласан, зөвлөсөн байдалтай явж байгаа. Намаа гэсэн итгэл, сэтгэлтэй олон хүн миний адил сонгуулийн ажилд зүтгэж байна. Намын удирдлагад байсан хүмүүсээс нэрлэвэл Г.Очирбат гуай, Б.Даш-Ёндон дарга, Н.Багабанди Ерөнхийлөгч, Д.Идэвхтэн, У.Хүрэлсүх, Ё.Отгонбаяр нар бүгд л сонгуулийн штабт ажиллаж байна. Тэднээс гадна намын шат, шатны байгууллагад ажиллаж байсан туршлагатай олон нөхөд энд зүтгэж байна. Залуучууд ч олон байна. Бүгд л намаа, сонгуульд нэр дэвшсэн журмын нөхдөө дэмжин зүтгэж байна. Урилга, заллага гэлтгүй итгэл, сэтгэлээрээ хүрээд ирдэг нь манай намын онцлог л доо.

-Энэ ч үнэн шүү. Хуучин 1990-ээд оны төгсгөлөөр нам ялагдахад намын байрны гадаа машин харагддаггүй үе байсан гэж зарим нь дурсдаг л юм. Би таныг өдөж байгаа юм биш шүү. Үнэнийг хэлэхэд намын байраа шатаалгасны дараа өөрийн эрхгүй сэтгэлийн нэг далд нэгдэл танай намд шинээр илүү их бүрэлдсэн гэж хардаг. Танд энэ мэдрэгддэг үү?

-Мэдрэгддэг, цаанаас сэтгэлийн дуудлага ирдэг учраас л бид мэт нь албан үүрэг хүлээхээ больсон атлаа намынхаа байр хавиараа эргэлдсэн, ар талын ажилд нь зүтгэсэн хэвээр. Нам гэж эцсийн дүндээ юу юм. Албаны тодорхойлолт ёсоор бол “Нам бол сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл”. Энд тулгуур үг нь бол “нэгдэл”. Нэгдэл нь дотроо бодлого зорилтын, зохион байгуулалтын, үйл ажиллагааны гээд онолын дагуу задарч ангилагддаг. Гэхдээ тэр онол монол яах вэ. Хамгийн чухал, хамгийн нандин нь сэтгэлийн тэр нэгдэл байгаа юм. Манай намд энэ нь нэг хэсэг үгүй болох шахсан. Шинэ зууны гараан дээр. Нэг хүн бүх асуудал шийддэг болох шахсан, нам дотроо ардчилал хумигдаж эхэлсэн. Нам гэдэг бол хурал, хөтөлбөр, сонгууль төдийхөн биш л дээ. Нам дотор өөриймсөг энгийн уур амьсгал, жирийн хүн ёсны, ах дүүгийн, журмын нөхдийн харилцаа үгүй бол хол явахгүй. Ялсан ч, ядарсан ч нөхөд дээрээ яваад очмоор хүсэл дотроос төрж байгаа бол намд сэтгэлийн тэр нэгдэл байна гэсэн үг. Чи зөв олж харсан, мэдэрсэн байна.

-Эрх баригч хүчин бол ямагт нэр хүнд муутай байх шиг явж байгаад сонгуульд ордог л доо. Энэ удаа тэдний нэр хүнд газарт байх шиг л хөөсөрч байна. Энэ үгээрээ дамжуулж ямар сэдэв хөндөх гэсэн юм бэ гэхээр МАН яагаа ч үгүй эрт ялалтын сураг үнэртчихсэн, хүүхэд шиг хөөргөн дэврүүн мэдрэмж тээгээд давхиж явах шиг заримдаа санагдах юм. Сэтгэлийн нэгдэлтэй байх сайхан ч ялалтын сургаар сэтгэл нь хөөрөөд байгаа юм танд ажиглагдав уу?

-Надад бол тийм юм ажиглагдсангүй. Хүн хүн өөр. Хүүхэд шиг хөөрөөд яваа хүн байж магадгүй ч олон биш байх. Их санасан газар хоосон шахуу хонодог гэдгээ манайхан үзсэн, мэднэ. Өрсөлдөгчийн нэр хүнд муу байж болно. Гэхдээ гол нь өөрөө өөдтэй байж амжилтанд хүрнэ. Энэ бол хэнд ч ойлгомжтой. Тиймээс сонгуулийн өмнөх хий хөөрөл, сагсуурал манайхны дотор байхгүй байгаа шүү.

-Та намын дотоод амьдралаа гадагшаа цацаж намнадаггүй л дээ. Гэхдээ танай намыг энэ дөрвөн жил жаахан хангалтгүй сөрөг хүчин байлаа гэж ажиглагчид дүгнэж байгаа. Юу хэлмээр байна вэ?

-Сөрөг хүчин байх, “эерэг” хүчин байхын жишиг, хэмжүүр нь юу юм бэ гэж асуумаар санагддаг. Сөрөг хүчин гэхээр улаан галзуу сөрөн довтолсон, цуглаж жагссан, өлсөж цангасан, яахаас ч буцахгүй этгээд байх ёстой гэсэн нэг ойлголт байх шиг. Ардчиллын 25 жилд Ардчилсан намынхны голлон тоглож бүрдүүлсэн ойлголт, дүр имиж нь энэ л дээ.

Бүрдсэн энэ л ойлголтын хүрээнд л аливаа сөрөг хүчний ажиллагааг зарим нь дүгнэх гээд байдаг. Манай намын дүр төрхтэй энэ нь нийцэхгүй. Хүнээр бол манайхан ноомой, томоотой талдаа улс. Үгүйдээ л, үндсэн масс нь тийм. Сүрхий сөрөг хүчин болж байгаа нь энэ гээд нас намбандаа дүйцэхгүй аяглах онцгүй. Ардчилсан намыг дуурайх гээд хэрэггүй. Тэдний оволзож шазганасан, ойж буусан зан араншин бидэнд зохихгүй. “Ардын намынхан жагсаж чаддаггүй, Ардчилсан намынхан засаглаж чаддаггүй” гэсэн үг зүгээр ч нэг гарсан үг биш байх. Аль алинд нь сурах ажил, давтах хичээл байгаа гэсэн үг.

-Та бол сөрөг хүчинтэй хамтарч ажиллах байр суурь илүү баримталдаг хүн. Гэтэл танайхан уригдаж ороод хөөгдөөд гарахыг ахиад л сая үзлээ. Зарим гишүүд тань том агуулгаас гадуур энэ үйл явдалд ихээхэн өс санаж, шүд зуудаг нь ажиглагддаг юм. Бодлогын хувьд энэ тал дээр таны байр суурьт ямар нэг өөрчлөлт орсон болов уу?

-Айлд ч бай, засагт ч бай уригдаж ороод, хөөгдөөд гарах нь мэдээж таатай биш. Гэхдээ ингэлээ гээд уригдсан зочин биш, урьсан айлын эзэн нь хөгийн харагдана гэдэг хэнд ч ойлгомжтой. Үүнээс болж өс санах нь хаашаа юм. Харин Ардчилсан намынхан үүнийгээ “улс төр бол улс төр” гэж тайлбарлахыг нь сонсоод би харамссан. Яагаад гэвэл энэ бол явуургүй жижиг улс төр. Ардчилсан нам гэх том намыг өөрийг нь доош хийсэн жижигхэн улс төр. Би элдэв тохуугүй ярьж байна. Ардчилсан нам бол хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсын Төрийн бодлогыг сүүлийн 25 жил тодорхойлж байгаа хоёр том намын нэг нь. АН, МАН хоёроос өөр ийм хэмжээний нам манайд үгүй. Бид хоорондоо өрсөлдөж, тэмцэлдэж, зодолдож ирсэн түүхтэй. Улс төрийн том бодлогоор хамтарч, ойлголцож, бодит үр дүнд хамтаараа хүрч байсан түүх ч бас бий. Манай нам 2008 оны сонгуульд ялсан ч тэдэнтэй хамтрах санал тавьсан. Тэд хүлээж авсан. Хоёр нам тэр үед хамтраагүй бол улс орны нийгэм-эдийн засгийн, улс төрийн байдал ямар байх байсан бол гэдэг талаар өнөөдөр хэн ч ярьдаггүй, бодохыг ч хүсдэггүй. Гэтэл хамтарсны ачаар 2008-2012 онд Монгол Улсын нэр хүнд өссөн. Улс төрийн байдал тогтворжсон. Том том төслүүд хөдөлгөөнд орсон, улс орны эдийн засаг өсч тэлсэн, бизнесийн орчин сайжирсан. Ард иргэдийн орлого нэмэгдсэн, амьжиргаа дээшилсэн. Үүнийг хэн хүнгүй мэдсэн, мэдэрсэн. Гэтэл байдал одоо ямар байгаа билээ. Яг эсрэгээрээ. Эдийн засаг маань “эмээлээ гэдсэндээ авсан эцэнхий морь” шиг болчихлоо. Аливаа үйл явцыг үр дүнгээр нь дүгнэдэг байх аа.  Том намаас жижиг зан, жижигхэн улс төр гарах нь дэндүү уршигтай. Намдаа уршигтай байх нь тэдний асуудал. Гол нь улс орондоо том хохирол учруулаад байна.

-2012 оны сонгуульд танай нам ялагдсан. Гэхдээ нөгөө талд бүтэн эрх мэдэл бас өгөөгүй. Ард түмний сонголт нь ийм байв. Энэ тухайд та хэлэхдээ “Хэнийг ч ялуулаагүй нь хамтраад зүтгэ гэсэн үүрэг, захиалга биш гэж үү” гэж хэлж байсан.  Гэтэл хувь заяаны ийм боломж, ийм сонголтыг Монголын улс төр хий хоосон улстөржөөд л бардаг юм байна. Энэ байдал нь иргэдийг үнэхээр бухимдуулж байна.

-2008-2012 онд хамтраад хийснээ үргэлжлүүлье, амжилтаа бататгая гэсэн бодол, сонирхолтой хүмүүс АН-д цөөнгүй байсан байх. Харамсалтай нь, энэ бодлоо хэрэгжүүлэх улс төрийн зориг, тууштай бодлого, эв нэгдэл тэдэнд дутсан. Фракцуудын зөрчилдөөнд байнга хөтлөгдөж, байнга хоорондоо дайтсаар дөрвөн жилийг барлаа. Хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй хүмүүс нь хийрхсэн хэддээ дарагдаад дууслаа. Бэрхшээл зовлонгүй хүн, нам гэж хаана байхав. Гол нь чиний зовлон бусдад дараа болох ёсгүй. Гэтэл Ардчилсан намын зовлон, Монголын төрийн зовлон болоод удлаа. Өөр хоорондоо ч эвтэй байж чадахгүй, өрөөл бусадтай ч эвсэж мэдэхгүйн уршгаар нь 2012-2016 онууд бол бүхэлдээ алдагдсан жилүүд болж хоцорч байна. Алддаггүй хэн байхав. Гагцхүү алдаагаа засахыг хүсдэг, дүгнэлт хийж чаддаг байх хэрэгтэй. Гэтэл бүх бурууг гадаад нөхцөл, эсвэл дотоодын дайсандаа чихсэн хэвээр байх юм бол цаашдаа бүр л хэцүү болох байх. Өөрийнхөө өнөөдрийг засч чадахгүй яваа нам, улсынхаа маргаашийг яаж засах билээ гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрөх юм.


ХОРВОО ААШТАЙ Ч ХОЁРХОН ӨНГӨТЭЙ ГЭСЭН ҮГ БИЙ


-Хуучин хүмүүсээс, хуучин намуудаас сонгогчид залхсан гэх мессеж цахим ертөнцөд их явах юм. Шинэ нам, шинэ залуусыг гаргаж ирье гэх хандлага тэндээс ханхалж байгаа. Энэ нь бас хоёр талтай л харагдах. Та юу гэж бодож байна?

-Мэдэхгүй, сонгууль болгоны өмнө тийм мессеж явдаг, явуулдаг. Гэтэл сонгохдоо яадаг билээ. Дээлийн шинэ, хүний хуучнаа гол төлөв сонгодог. Үүнийг буруутгах аргагүй. Туршлага, зангараг гэх сонголтонд нь гарцаагүй нөлөөлдөг бодит юм цаана нь байна. Дээр нь “танихгүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр” гэж сонгогчид үзэх нь ч бий. Ийм үзлийн дундуур шинэ залуу, шинэ нам цухуйж, шовойж гарч ирнэ гэдэг хэцүү. Гэхдээ шинэ намын асуудал тусдаа. Жич ярья. Би одоо намын залуу халаагийн тухай ярьж байна. Энэ асуудлыг зөнд нь орхивол намын ч, төрийн ч удирдлагад дан хуучин “кадрууд” үлдэнэ. Нам “хөгширнө”, намаар дамжаад төр “хөгширнө”. Зохист харьцаа гэж нэг юм бий. Манайхан үүнийгээ “Ахмад, залуу, дунд үеийн алтан хэлхээ” гэж томьёолсоор ирсэн. Шинэ халаагаа бодлогоор бэлтгэх учиртай. Олон түмэнд таниулах ёстой. Боловсроод ирснийг нь дэмжих, дэвшүүлэх хэрэгтэй. Сая манай намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн тэн хагас нь урьд нь нэр дэвшиж байгаагүй шинэ залуу хүмүүс байна. Ингэж гэмээнэ тэр зохист харьцаа тогтоно.

-Шинэ залуу халаа гэснээс ах нартаа “томордог” залуучууд танай намд олширсон гэх яриа байх юм. Ийм юм хэрэв байдаг бол арай сэрүүн зүүдэлж байгаа хэлбэр биш юм уу?

-Олширсон гэдэг нь юу л бол. "Ухнаасаа түрүүлээд гарчихсан ишиг" мэт аашилдаг залуус байсан, одоо ч бий биз. Би ч гэлээ залуу зандан байхдаа тавьтаргүй ааш авир гаргаж, ах нарынхаа уурыг барж, загнуулж л явлаа. Одоо бодохоос нүүр байтугай л улаймаар болдог. Амьдрал өөрөө хатуу. Сургаад, хүмүүжүүлээд өгдөг юм билээ, санаа зоволтгүй.

-Шинэ намуудын тухай ярья. Монголын улс төр дэх том намуудын талаар иргэд маш их шүүмжилж байна. Гэтэл дөнгөж байгуулагдсан шинэхэн нам ч будилж л явна. Эрх баригч нам нь жижиг намуудаа зүгээр л дуудаж аваачаад тугийнхаа дор жагсааж, дэглэж байна.

-Харин тийм. Тийм юм сая ажиглагдсан. Гэхдээ манай намаас хал цэрэг шиг авирлаж бусдыгаа жагсаасан, журамласан, дэглэсэн зүйл гараагүй шүү, дашрамд хэлэхэд. Том намуудыг шүүмжлэх хэрэгтэй. Шүүмжлэх үндэс шалтгаан цөөнгүй бий. Үнэндээ бол Монголд ардчилал, олон намын тогтолцоо төлөвших болоогүй байна. Өсөлтийн бэрхшээл цаашаа хэдэн ч жил үргэлжлэх юм бүү мэд. Гэхдээ хорвоо олон ааштай ч хоёрхон өнгөтэй гэсэн үг байдаг. Ардчилсан дэглэмтэй олон улс орон хоёр намын тогтолцоон дээр суурилж байна. Манайдаа ч бас тийм. Энэ нь шинэ нам бий болох ёсгүй гэсэн үг биш. Бий болог. Хөлд орог. Хэлд орог. Ухаан сууг. Хариуцлагаа мэдрэг. Илүү сайн сонголт болж олон түмэнд харагдаг. Тийм юм одоохондоо алга байна. Хоёр томоо зад шүүмжилсэн, эсвэл ор тас үгүйсгэсэн шоунаас хэтрэхгүй байна. Үгүйсгэх, шүүмжлэх амархан. Тэгээд яах ёстой юм гэсэнд хариу болох тодорхой бодол, бодлого гаргахгүй л байна. Ганц грамм ч хариуцлага үүрч үзээгүй, хэзээ үүрэх нь ч тодорхойгүй хүмүүс шинэ намууд хавиар, эсвэл бие даагаад эргэлдээд байх шиг. Шинэ намууд, шинэ хүмүүс шинэ эргэлтийн сайн бодлого санал болгоосой билээ. Энэ нь улсдаа ч хэрэгтэй, хуучин гэгддэг хоёр том намд ч хэрэгтэй юм, уг нь. 

-Нэг намаас нөгөө рүү год гээд л амархан гэгч, бүр ичиж улайх ч үгүй үсрээд ордог жишиг тогтож байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ. Энэ жишгийн цаанаас шантааж, арилжаа наймаа л ханхлаад байх шиг...

-Тэр бол намын гэхээсээ хувь хүмүүсийн асуудал. Суртал, итгэл үнэмшлээ оймс, дотоож шиг ойр ойрхон сольдог, эсвэл ямар ч хамаагүй улс төрийн унаанд гар өргөөд дайгддаг хүн цөөнгүй байгааг харлаа. Гэхдээ энэ бол тэр хүмүүсийн л асуудал. Би өөрөө тэгж явсангүй, явахгүй. Тэгээд л болоо. Өрөөл бусдын тухай дүгнэж яримгүй байна.

-Намууд мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг. Зарчим нь хэдий ийм ч сонгогчид харин хүнийг нь имэрч сонгох гээд байх шиг.

-Манайд ардчилал төлөвшөөгүй, намууд төлөвшөөгүй байгаагийн бас нэг илрэл нь энэ. Нам, мөрийн хөтөлбөр энэ тэр гэхээсээ илүү барьц, баримжаатайг нь бодоод бодит хүнээ сонгоно гэх. Ардчилал тогтсон оронд бол хэнийг гэхээсээ юуг, ямар бодлого сонгох вэ гэдэг дээрээ илүү анхаардаг. Аяндаа бид ч тэгдэг болох байлгүй дээ.

-Мөрийн хөтөлбөр гэх энэ баримт бичгийн талаар сонирхмоор байна. Зарим намууд бол нэлээн тулгаж байгаад л яаруухан хийсэн. Энэ удаагийн танай намын мөрийн хөтөлбөрийн онцлог юу бол. Та сонирхоо юу?

-Сонирхох бүү хэл боловсруулахад нь хуруу, хошуугаа нэмэрлэсэн. Энэ бол гүн хямрал, огцом уналтын үеийн хөтөлбөр. Ялгарах онцлог нь энэ. Тиймээс босгоно нисгэнэ, хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэх том том амлалт байхгүй, байх ч аргагүй. Хямралын уршгийг арилгах, унаж буйг тогтоох, унтарсныг сэргээх, эвдэрснийг засах, цоорсныг нөхөх л зорилт тавихаас өөр зам үгүй болсон цаг. Гол нь ард иргэдийнхээ туйлдсан аж амьдралыг яаж, ямар аргаар өөд нь татах вэ гэх өнөөдрийн тулгамдсан асуудлууд мөрийн хөтөлбөрийн үндэс суурь нь болсон. Тоо даруухан ч, тооцоо нь бодитой болсон шүү.

-Эдийн засгийн энэ удаагийн хямралыг цаашаа нэлээн сунана гэж дэлхийн ажиглагчид хэлж байгаа. Манайх ийм байдалтай байна. Одоо өрийн тоолуур эргэж байгаа. Иргэд түгшүүртэй л байх шиг харагдах юм.

-Дэлхий бүхэлдээ хямраад байгаа юм алга. Түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ л унасан. Манайд нүүрлэсэн хямрал үүнээс үүдэлтэй ч гол хүндрэл, бэрхшээлийг муу засаглал бий болгосон. Дэндүү цамаан, бодлогогүй, “албан тушаалд хоноцын” сэтгэлээр  хандсан. Одоо хийсэн ажлаа гайхуулж байна. Иргэд гурил, будаагаа граммаар авч эхэлж байхад их наядаар хэмжигдэх гоё гоё төсөл ярьсан хэвээр. Тэр төслүүд нь цаасан дээр, цахим дэлгэц дээр л өрнөөд, хөгжөөд байх. Зам тавилаа л гэнэ. Зам бол сайхан л даа. Муу замтай байснаас сайн замтай байх нь мэдээж дээр. Гэтэл гаднаас өндөр хүүтэй зээлийн мөнгөөр зам тавих нь угаасаа зөв үү. Тэгээд яахаараа урьд тавьж байснаасаа гурав, дөрөв дахин илүү өндөр өртгөөр тэр зам тавигдаад байна вэ. Зөрүү нь хаачив гэх мэтийн асуулт ар араасаа цуварна. Дараа жилээс зээлийн төлбөр их наядаараа нэхэгдэнэ. Цалин, тэтгэврээ яаж тавих вэ. Эдийн засгийн аюулгүй байдлаа яаж хангах вэ. Модоо барьчилгүй цааш яаж явах вэ. Сонгууль амаргүй ч, сонгуулийн дараах амьдрал бүр ч амаргүй харагдаад байна.


АМЕРИКТ САЯ ДОЛЛАРЫН ХАУСЫН ЗҮЛГИЙГ ШЛАНКААР УСАЛДАГГҮЙ


-Аюулгүй байдал гэснээс та миний санахын аль 1990-ээд оноос эхэлж  “Жижиг орны аюулгүй байдлын онцлог” гэсэн сэдвийг судалж байсан. Энэ их чухал сэдэв. Одоо энэ ажлаа ямар төвшинд аваачсан бэ?

- Наад асуултанд чинь би унана. Уг нь 20 гаруй жил чадан ядан оролдож байгаа сэдэв маань. Ном журмаараа явсан бол энэ сэдэв маань докторын зэрэг хамгаалах диссертац болох учиртай байлаа. Вашингтоны их сургуулийн 1997 оны төлөвлөгөөнд докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж буй хүмүүсийн жагсалтанд миний нэр орсон байсан. Гэтэл би гэдэг амьтан тэр үед ном биш нам гэж улстөржиж давхиад, алга болсон. 2010 онд АНУ-д эмчилгээ хийлгэж байхдаа нөгөө сэдвээ дахин барьж аваад сэргээх гэж оролдсон. Энэ хооронд хорвоо дэлхийн байдал орвонгоороо шахуу өөрчлөгдсөн тул урьд цуглуулсан тоо баримт, цоохорлосон хэдэн цаас маань ач холбогдлоо үндсэндээ алдсан байв. Шинэ гараанаас эхлэх зориг тэвчээр надад бий бил үү гэсээр суутал 60 насыг зооглох гэж байна. Яах вэ, цаг зав гаргаад ганц нэг хуудас бичмэр, ахиулмаар болдог. Гэхдээ “хагас жирэмсэлнэ гэж байхгүй” гэдэгтэй адил ийм ажлыг босон суун хийхгүй л дээ. Иймэрхүү л тааруухан төвшинд байх шив. 

-Бичих сэдэв нэгэнт хөндсөнийх та дурсамжаа бичиж байгаа. Тэр богино эссэнүүд мөн ч амттай болж байна. Шинээр хэр нэмэв?

-Ойрд зав муутайхан яваа тул тэр файлаа огт нээсэнгүй. Гэхдээ толгойнд гэнэт орж ирэх ганц нэг сэдэв, санааг бол тэмдэглээд л яваа. 

-Та сүүлд миний зочноор дөрвөн жилийн өмнө уригдахдаа улс төрөөс явлаа гэж зарласан, тэрнээс хойш олны өмнө тэр бүр харагдахаа больсон. Гэвч өөрийг тань улс төрөөс яваагүй гэж үзэж янз бүрийн ял зэмд хутгасан зүйлс байнга гарч харагддаг, таныг оролдоод байгаа нь ч илт ажиглагддаг. Хэн, яагаад оролдоод байгаа талаар танд ямар нэгэн таамаг байдаг уу?

-Хэн, яагаад оролддог вэ гэж чи мушилзан байж асууж байх шив дээ (инээв)... Хэн гэдгийг тааж ядах юмгүй. Надад бол тодорхой нэрс байдаг ч нэрлэж тэнгэр хилэгнүүлээд яах вэ. Сэтгүүлч та нар ч мэддэг, гадарладаг биз. Монгол маань жижиг, нууц гэж байх аргагүй цомхон улс. Яагаад намайг оролддог вэ гэж асууж байна. Бас л тодорхой. Нэгд, улс төрөөс гарлаа гэж хулхидах вий, нэг мэдэхэд дээр гараад суучихсан байх вий гэж бодоод, болгоомжлоод байгаа хэсэг бий. Хоёрт, өс санасан ганц нэг хүн ч байдаг биз. Гуравт, би муу ч гэлээ олонд танигдсан хүн. Тийм учраас надтай зууралдаж, надаар дамжиж олны анхаарлын төвд орох, рейтингээ өсгөх гэсэн бодол, сонирхолтой залуу улстөрчид бас бий. Ийм л чиглэл, чиглэлийн хүмүүс наддаа хайр зарлаад, уран бүтээлээ уйгагүй туурвиад явж байна.

-Ийм “уран бүтээлд нь” та тэгээд хэрхэн ханддаг  юм бэ?

-Голдуу тоохгүй хаяна. Бүр айхтар хорлонтой юм гарвал заргалдана. Уул шугамандаа бол магтаал, хараалын хоёрхон өнгөөр дуулдаг болсон энэ хорвоотой эвлэрнэ, аль алинд нь автахгүй байхыг хичээнэ. Тээр жил, 1990 онд байна уу даа, Улс төрийн Товчооны гишүүн байсан Д.Моломжамц гуайтай яриа дэлгэн сууж билээ. Түүний охин М.Жаргал надтай МОНЦАМЭ-д ажиллаж байсан учраас тэр өвгөн намайг муухан таньдаг байсан юм. Д.Моломжамц гуай тэгэхэд надад Улсын Бага Хурлын Байнгын хорооны дарга болсныг тохиолдуулан баяр хүргэнгээ “Чи чинь залуудаа овоо том дарга болжээ. Хуучныхаар бол Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн зиндааны албан тушаал бололтой. Дарга болох сайхан л гэж чи бодож байгаа байх. Гэтэл дарга гэдэг чинь хүний ерөөл дуулахаас, хараал идэх нь их амьтан шүү дээ, залуу минь” гэж байж билээ. Мань хүн тэр үед “тойрон хүрээлэгч” гэх ял сонсчихсон прокурор дээр өнждөг байсан үе нь. Д.Моломжамц гуайн энэ үгийг би байнга санаж явдаг юм. Гучаад жил улс төрийн халуун тогоонд чанагдаад ирэхээр энэ  муу арьс аяндаа эвэршдэг, зузаардаг, зарим газраа бүр хуяглагддаг юм шиг ээ.

-С.Баяр Америкт байгаа долоон байшингийнхаа гадаа зүлэг усалдаг, одоо оффшор данс нь илэрсэн ч гэх шиг сэдвүүд ар араас нь гаргаж таныг гороолж байна. Оффшор сэдэв энэ сонгуульд бас нэлээн ашиглагдах бололтой.

-Зүлэг гэснээс надад ноднин нэг залуу энэ сэдвээр мессеж илгээсэн. “Америкт сая долларын үнэтэй хаусын зүлэг шланкаар усалдаггүй. Тийм хаус усалгааны тусгай системтэй байдаг. Та үүнийг хэлэхэд л тэр зураг фотошоп гэдэг нь тодорхой болно” гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Зүлэгний тухайд бол ийм байна (инээв). Хаусын тухайд гэвэл надад Америкт ч, гадаадын өөр улс оронд ч байшин байтугай майхан ч үгүй гэдгээ би хэлсэн. Хэлэх байтугай шалгуулсан. Одоо оффшор данстай эсэхээ шалгуулахад бэлэн гэдгээ хэлсэн. Гэхдээ миний энэ хэлсэн, шалгуулсан нь надаар “занималддаг” тэр хүмүүст падгүй гэдгийг би бас мэднэ. Тэдэнд бодит юм чухал биш, “боохой агнах”, оролдох нь чухал. Энэ бүхэн бол улс төрд байсан, байгаа хүний үйлийн үр. Энэ болгонд эмзэглээд, сэтгэлдээ тусгаад байвал насаа гүйцээхгүй.

-Их өр гэж нэг сэдэв бий. Таныг ОХУ-ын Элчин сайд байх үед энэ асуудал цэглэгдсэн. ОХУ-ын их өр гэдэг энэ сэдвийг зарим нь өөр дээрээ чимэг болгож их наадаг. Жишээлбэл, Н.Энхбаяр өөрийн байгуулсан том гавьяаны нэгд энэ үйл явдлыг тооцдог. Би хувьдаа багийн ажил гэж хардаг. Гэтэл өнгөрсөн хавар М.Энхболдын айлчлалаар асуудал ахин хөндөгдлөө. Энэ яг яаж ойлгох ёстой сэдэв юм бэ?

-Том гэрээ, хэлцэл бол олон хүний оролцоотой хийгддэг, багийн ажил мөн. Энэ үнэн. Гэхдээ тийм гэрээ хийхээр зүтгэсэн, улс төрийн шийдвэр гаргасан Ерөнхий сайдаар тэр ажлыг овоглодог. Тиймээс их өр тэглэсэн том гавьяа, дагалдах бага сага гайн хамт Н.Энхбаяр даргын нэрээр явдаг. Жишээ нь, Оюутолгойн гэрээний гай, гавьяа ч миний нэртэй насан туршид минь, түүний дараа ч холбоотой байхтай нэгэн адил. Их өр тэглэхдээ "Монросцветмет" гэх аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг тодорхой учир шалтгааны улмаас үлдээсэн байсан. Тэрний зөв, буруугийн тухай одоо яриад яах вэ. Гол нь их өрийн тэр асуудал өнгөрсөн хавар бүрмөсөн тэглэгдлээ. Оросууд эцсийн энэ шийдвэрээ гаргахдаа М.Энхболд даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалтай хугацааг давхцуулсан нь тэдний бодлого, шийдэл. “Михаилд нэг бодол бий” гэдгээрээ л шийдэж байгаа нь харагдсан.  

-Дараагийн асуудал Таван толгойн асуудал. Би хувьдаа таныг Ерөнхий сайдын албаа өөрөө сонгож байгаад Сү.Батболдод өгөөд явахад дотроо тэгж бодож байсан. С.Баярын “энэ хуурай дүү” Таван толгойг шийдчих юм байна даа гэж. Гэвч ...

-Сү.Батболд дарга бол миний дүү биш. Хуурай ч биш, нойтон ч биш. Бие даасан, хүлээн зөвшөөрөгдсөн, том улстөрч. Намын удирдлага дотроо гадаад эдийн засгийн бодлого, олон улсын бизнесийн чиглэлийн илүү мэдлэг, туршлагатай нь. Ерөнхий сайдаар хэнийг томилох нь зүйтэй вэ гэх сонголтоо би биш, нам хийхдээ энэ талыг нь чухалчилсан. Таван толгойн төслийг хөдөлгөх зорилготой ажилласан ч тэр нь амжиж бүтээгүй. Оюутолгойн төслийг бодвол гаднын олон оролцогчийн ашиг сонирхлыг зохицуулах, дэд бүтцийн асуудлыг нь давхар шийдэх шаардлагатай учраас Таван толгойн төсөл илүү адармаатай. Сү.Батболдын Засгийн газраас хойш дөрвөн жил өнгөрсөн ч Таван толгойн төсөл хөдлөөгүй л байна.

-Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд авах шийдлийг та гаргасан. Нэг талаар энэ бол “төрийн дээрэм” байсан гэж зарим нь ярьдаг. Хэрэв хувийн хэвшилдээ байсан бол өнөөдрийнх шиг нүд байтугай юмны хор шингэчихгүй байсан юм биш биз... гэж хааяа бас бодогдох. Та тэр шийдвэртээ одоо эргэлздэг үү?

-Чи эмзэг газар хатгаж байна. Таван толгойн орд газрыг төрийн мэдэлд авах тэр шийдвэр маань зөв байж уу, буруу байж уу гэх бодол орж ирдэг. “Хувийн хэвшлийнхэн энэ том төслийг арай барахгүй, төр бол чадна” гэсэн ойлголт, итгэл үнэмшилтэй байсан үе. Гэтэл түүнээс хойш долоон жил өнгөрлөө. Төр чадсангүй. Тиймээс эргэлзээ төрдөг, нуугаад яах вэ. Гэхдээ дээрэм ч арай хийгээгүй ээ. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тул Таван толгойн орд газрын 50 хувийг төр авах эрх нь хуульчлагдсан байсан. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж, хэлэлцэж байгаад 96 хувийг нь авсан. Хувийн хэвшилд нь дөрвөн хувийг үлдээсэн. Тэр нь Ухаа худаг. Тэд тэндээ том бүтээн байгуулалт хийсэн. Гаднаас овоо хөрөнгө босгосон. Төмөр замаа тавьж эхэлсэн. Гэтэл нүүрсний үнэ уначихлаа. Эхлүүлсэн төмөр замыг нь төр аваад таг дарчихлаа. Хувийн хэвшил бас чадсангүй гэх нь хаашаа юм гэхдээ ажил нь бараг зогсчихлоо. Ийм юм болоод байгаа учраас эргэлзээ бол байна.

-Дөрвөн хувь дээр бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэн завсаргүй хэдэн жил хараал зүхлээр будуулах шив?

-Харин тийм. Манайд нэг л буруу мораль тогтоод байх шиг. Хийсэн нь буруудаж, хийрхсэн нь манддаг. Зарчим барьсан нь хохирч, зарчимгүй нь завшдаг... Яалтай ч билээ...

-Бид эргээд л нийгмийн мораль гэдэг юмтайгаа ноцолдох шаардлагатай нүүр туллаа. Чөлөөт зах зээлд шилжээд өчнөөн жил явсан ч өнөөдрийн иргэд баян хүнд дургүй хэвээрээ, бүр үр удмаар нь хялаах маягтай. Ёс суртахуун маань эргээд гудамжинд битгий бохио хаяач гэдэг сэдэвтэйгээ зууралдсан хэвээр л байна. Яах ёстой вэ?

- Мэдэхгүй.

-Баабарын 60 насын ойн арга хэмжээн дээр та нарыг хараад бодож байлаа. 60 нас гэдэг чинь ийм идэрхэн нас юм уу гэж. Гэтэл та нар маань нэг л их хөгшин хүний дүр эсгэсээр зугтаж байх юм. Түрүүн ч та 60 насны тухай дурдаад өнгөрөх шив?

-60 нас шүргэж яваа зарим нь улс төрдөө эргээд оръё, өрөө төлмөөр байна гэхлээр “Чи одоо боль. Амар амар” гэх маягтай нүд үзүүрлэх. Над шиг больсноо зарлаад, амар амгалан амьдаръя гэхээр “зугтлаа” гэж яллах маягтай. Санал хураадаг юм уу, яадаг юм та нар тэрүүгээрээ нэг талдаа шийдчихвэл сайн байна, Ганчимэг ээ.