Октябрийн хувьсгалаас хойш нэгэн зуун өнгөрлөө. Энэ хувьсгал хүн төрөлхтний түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээсэн учраас гадаадын сонин хэвлэлүүдэд түүний талаар янз бүрийн өнцгөөс бичсэнийг оросын нэгэн сайтад тоймлон нийтэлснийг товчлон толилуулж байна.

The New York Times, АНУ:

... Хэрвээ Октябрийн хувьсгалын талаарх Лениний төлөвлөгөө бүтэлгүйтсэн бол манай өнөөдрийн амьдрал тэс өөр байсан байх биз. Ленингүйгээр Гитлер байхгүй. Түүнийг Германы газар нутагт большевик маягийн хувьсгал гаргуулахгүй, марксизмыг дарж чадна гэж найдаж байсан консерватив хүчин дэмжиж гаргасан. Ленин, Гитлергүйгээр XX зууны түүх өөр байх байсан. 

Дорнын түүх Өрнийхтэй адил бас өөрөөр өрнөх байсан. 1940-өөд онд Зөвлөлт Холбоот Улсаас асар их дэмжлэг авсан Мао Хятадыг эрхшээлдээ оруулж чадаагүй бол Хятад өнөөдөр магадгүй Чан Кайшигийн гэр бүлийн удирдлага дор байх байсан биз. Кубын уул, Вьетнамын ширэнгэн ойд ноёрхож байгаа марксист үзэл санаанууд байхгүй байх байсан. Сталиныг дууриахыг эрмэлздэг Ким Чен Ын ч байхгүй. Хүйтэн дайн ч гарахгүй байсан. 

Нихон кэйдзей, Япон:

Путины засаг захиргаа СССР-ийг бий болгосон уг хувьсгалын үр дүнг үгүйсгэж чадахгүй.

... Путины удирдлагын арга барил, зөвлөлтийн захиргаадалтын систем хоёр тун төстэй гэдгийг олон хүмүүс тэмдэглэж байна. 

South China Morning Post, Хонконг:

Зөвлөлт засгийн жилүүдэд 11 дүгээр сарын 7 бол бүх нийтээр амардаг улсын хэмжээний том баяр байлаа. Гэтэл өнөөгийн Орос оронд энэ бол жирийн л нэг ажлын өдөр болжээ. Сая Улаан талбайд болсон цэргийн парад Октябрийн хувьсгалыг хүндэтгэж биш, харин цэргүүд нь шууд фронт руу явсан 1941 оны парадын дурсгалд зориулагдсан нь Кремль Орос орны XX зууны түүхийг өөрөөр харах болсонтой холбоотой. 

Жэнминь Жибао (ХКН-ын Төв Хорооны төв хэвлэл), Хятад:

Октябрийн хувьсгал марксизм-ленинизмийн үзэл санааг Хятад руу чиглүүлж өгсөн. Марксизм-ленинизм болон хятадын ажилчин ангийн хөдөлгөөний дундаас Хятадын Коммунист Нам төрөн гарав. Үүнээс хойш Хятадын тусгаар тогтнол, эрх чөлөөг хангах, улс орноо хөгжүүлэх, ард түмнийг сайн сайхан амьдруулах ариун үүргийг хятадын коммунистууд хүлээх болсон . 

Global Times, Хятад:

Октябрийн хувьсгал дэлхийг өөрчилсөн. Уг хувьсгал марксизм-ленинизмийн онолыг Хятадад дэлгэрүүлж улмаар дэлхийн хүн амын гуравны нэг нь социализмд амьдарч байв...

Капитализм империализм болсон тэр харанхуй үед Зөвлөлт Холбоот Улс Марксын сургаалаар социалист улс байгуулна гэсэн улс төрийн шийдэмгий сонголт хийсэн. 

Зөвлөлт Холбоот Улс хүйтэн дайны уршгаар туйлдсан... Эргээд харах юм бол Зөвлөлт Холбоот Улсын өмнө тулгарсан бэрхшээлүүд суурь шинжтэй байгаагүй, тэдгээр бэрхшээлийг реформ хийх замаар даван туулах боломжтой байсан. Гэтэл СССР эцсийн дүндээ буулт хийхийг урьтал болгов. 

***

Манай орны хувьд гэвэл Октябрийн хувьсгалын тухай, уг хувьсгал Монголд ямар нөлөө үзүүлсэн тухай нэгэн хурал саяхан болсон талаар сонин хэвлэлүүд мэдээлсэн тул энд үүнийг нуршин бичээд яахав. Мэдээж бас өөр өөр өнцгөөс ярьсан байж таарна. 

Хэрэвзээ социализм хэвээр байсан бол Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг их л сүр дуулиантай тэмдэглэх байсан биз. Социалист Монголд ойн урьд өдөр орон даяар баярын хурал, хүндэтгэлийн концертууд, ойн өдөр энэ тэнд парад, жагсаалууд болоод л. СССР-ийн нйислэл Москвад урьд хожид байгаагүй цэргийн нүсэр парад болж таарна. Мэдээж ойд зориулсан тусгай медаль ч гаргана. Магадгүй энэ өдрүүдэд дэлхийн коммунист, ажилчны намуудын их хурал болохыг ч үгүйсгэхгүй. Ер нь манай ахмад үеийнхэн иймэрхүү арга хэмжээг яаж зохион байгуулдаг байсныг сайн санаж байгаа даа.