Замын Үүд рүү морддог юм билүү
Бид хөмөрсөн тогоондоо хэмлэлдэж суух хооронд Хятадын хөгжил тэлсээр хаяанд ирж байна таминь ээ гэчихвэл хүн хар айлгасан хэрэгт унах юм болов уу. Ямартай ч Хятадууд хуурай газрын хилийн бүсээ хөгжүүлэхээр янзан бүрийн бодлогыг идэвхтэй гаргах боллоо. Ялангуяа сүүлийн жилүүдэд.
Бид хөмөрсөн тогоондоо хэмлэлдэж суух хооронд Хятадын хөгжил тэлсээр хаяанд ирж байна таминь ээ гэчихвэл хүн хар айлгасан хэрэгт унах юм болов уу. Ямартай ч Хятадууд хуурай газрын хилийн бүсээ хөгжүүлэхээр янзан бүрийн бодлогыг идэвхтэй гаргах боллоо. Ялангуяа сүүлийн жилүүдэд.
Хуурай газрын хил хязгаар нутаг нь буурай хэвээр байгаа.
Хятадууд хуурай газраар 14 улстай хиллэдэг. Тэд нь голдуу ядуу буурай нутаг, хятадын өөрийнх нь хил хязгаар ч тэр, хил залгаж байгаа хөрш нь ч тэр. Гэтэл хятадын далайн эргийн зүүн бүс нь бараг аж үйлдвэржилтийн дараах үе шат руу орох гэж байдаг. Одоо хятадад оруулж буй, хятадаас гаргаж буй хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь энэ зүүн бүсдээ л ноогддог. Яагаад далайн эрэг дагуудаа их хөгжөөд, эх газрын гүн рүүгээ хоцрогдчихсон бэ гэхээр аль 80-аад оноос эхлээд далайн эргийн бүсүүдээ нээлттэй болгож, дэд бүтцээр “бөмбөгдөөд”, татварын хөнгөлөлт, урамшууллын бодлого гээд есөн шидийн аргаар дэмжиж ирсэн нь гадаад дотоодын мөнгө цутган орж ирэх таатай хөрс болж л дээ.
Дотооддоо үүссэн хөгжлийн зөрүүг арилгахаар аль 2001 онд “Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх стратеги” баталж гаргасан боловч одоо хэр зүүн бүс шигээ шажигнатал хөгжөөгүй нь анхнаасаа л дэд бүтэц энэ тэрийн асуудалтай байсан, дээрээс нь баруун талдаа байгаа нөөц баялгийг зүүн бүс рүүгээ зөөх явдалд түлхүү анхаарснаас болсон бололтой.
Гэхдээ одоо дээрх бодлогын апдэйт хувилбар эхэлж байна гэж хэлж болно. Хуурай газрын хязгаар нутгаа хөгжүүлэхээр шинээр ханцуй шамлалаа. Яагаад гэвэл тэртэй тэргүй хятадын хөгжлийн нэг үе шат ханаж, дараагийн шатанд гарах шаардлагатай болсон, тодруулбал Хятад улс хямд ажиллах хүчиндээ дулдуйдах биш өндөр технологид түшиглэх, дотоодын нөөц бололцооноос гадна гадаад нөөц бололцоог давхар ашиглах хэрэгтэй болжээ. Тиймдээ ч сая батласан XIII таван жилийн төлөвлөгөөндөө хуурай газар ба далайн эрэг, дотоод ба гадаадыг хослуулан, зүүн баруун хос чиглэлтэй нээлттэй цогц хөгжлийг урагшлуулна гэх мэтээр заажихуй. Нэг үгээр энэ удаад хязгаар нутгууд нь дан хятадын дотоодын хөгжилд үйлчлэх биш, харин Евразийн эх газар луу гарах түшиц гарц болно. Энэ утгаараа хөгжлийн ирээдүй нь тунчиг наашилж айсуй.
Евразийн эх газар луу чиглэсэн стратеги зарласан нь.
Уул шугамандаа Ши Зиньпин удирдлагад гарч энэ бүхнийг түлхэж өглөө л дөө. 2013 онд Еврази руу гарах “Нэг бүс нэг зам” стратеги зарлаж, 60 гаруй улс, бүс нутагтай яриа хэлэлцээ хийж, эх газар луу гарах улаан хивсээ дэвссэн юм. Юун түрүүнд Хятадаас салаалсан эдийн засгийн 6 коридорыг байгуулахаа зарлав. Энд Голланд хүртэл үргэлжлэх түмэн бээрийн урт төмөр зам ч багтаж байгаа, Төв Азиар дамжаад Иран, Турк хүрэх зам ч бий, үүрдийн түнш Пакистанаараа дамжин далайн боомт хүрэх гарц ч бий, Мяньмар, Бангладешаар дамжаад Энэтхэгийн далай хүрэх коридор ч бий. Энэхүү 6 тийш салаалсан коридорын хойд чиглэл нь Монгол, Орос, Хятадын гурван улсын эдийн засгийн коридор билээ. Дээрх 6 коридорын дагуух улс орнуудтай дэд бүтцээр холбогдохоос авахуулаад таван салбарт нягт хамтарч ажиллах аж. Гадаад улсуудтай амжилттай тохироонууд хийсэн Хятад эдүгээ өөрсдөөс шалтгаалах ажлыг асар эрчимтэй түргэвчилж байна.
Хилийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулж байгаа нь.
Хуурай газрын хязгаар нутгаа хөгжүүлэх шаардлага улам бодитой болсон нь тодорлоо. Эх газраар тив дамнан холбогдох, харилцахад хилийн бүс нутаг, тэр дотроо хилийн боомтууд асар чухал, бүр шууд үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс хуурай газрын хил дагуух 18 боомтоо “Хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болгож байгаагаа энэ оны 1 сард Төрийн зөвлөл зарласан. Манайхтай хиллэдэг Эрээн-Замын Үүдийн боомт тэдгээрийн нэгд багтажээ. Тэр дотроо Замын Үүд-Эрээний боомтыг нээлттэй хөгжүүлж буй туршилтын 5 чухал бүсийн нэг хэмээн тооцож л дээ, учир нь эдийн засгийн 6 коридорын нэг нь үүгээр дайрч өнгөрч буй хэрэг. Мэдээж хоосон тал дээр цоо шинэ боомтууд байгуулаагүй. 18 боомтыг сонгохдоо цааш хөгжих боломжтой харьцангуй суурьтай, олон жил ажиллаж ирсэн үүх түүхтэй гэх мэт шалгууртай л даа.
Тэгэхээр хуучин боомтууд “хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болж шинээр хөгжинө гэдэг нь яана гэсэн үг вэ гэхээр хоёр улс тал талаасаа жишээ нь 5 км.кв нутаг дэвсгэрийг буюу нийлээд 10 км.кв талбай газрыг хамруулан дундаа тусгай бүс байгуулах юм. Талбайн хэмжээ хэр том байхыг хоёр талаас тохирно л доо. Тусгай бүс нь төв ба өргөтгөсөн гэж хоёр хэсэгт хуваагддаг. Төвийн бүсдээ санхүүгийн үйл ажиллагаа, зочид буудал, аялал жуулчлал зэрэг нь төвлөрөх бол өргөтгөсөн бүсэд гаалийн баталгаат агуулах, тээвэр ложистикийн төв, үйлдвэрлэл зэрэг нь байрладаг аж.
Энэ тусгай бүс рүү нэвтрэхэд л хилээр гарчихлаа гэсэн үг бөгөөд тэр бүс дотроо чөлөөтэй зорчих юм. Хятад улс ийм хилийн бүсийг хөрш оронтойгоо байгуулж ажилласан 10 гаруй жилийн туршлагатай. Хятад-Мяньмар, Хятад-Вьетнам, Хятад-Лаосын хилийн хамтын ажиллагааны бүсүүд гээд жишээ байгаа. Ойрын жишээ гэвэл Хятад Казахстаны хил дээр Хоргосын боомтыг хил дамнасан хамтын ажиллагааны бүс болгохоор 2007 оноос хэлэлцсээр албан ёсоор үйл ажиллагаа эхлээд 2 жил болж байна. Өнгөрсөн жил гэхэд 3.6 сая хүн орж гарсан байгаа юм.
Мэдээж хоёр ондоо улс хоёр өөр хууль дүрэмтэй учраас хилийн хамтын ажиллагааны бүсээ хамтарч удирдан зохион байгуулахын тулд Холимог зөвлөл, Менежментийн зөвлөл гэх мэтийг хоёр талаасаа нийлж байгуулаад Холимог зөвлөл бодлого чиглэлийг нь тодорхойлоод явдаг бол Менежментийн зөвлөл өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаад явдаг механизм байдаг ажээ.
Хууль эрхзүйн хувьд хоёр улс дээд түвшинд тохирсон Хамтарсан мэдэгдэл гэх мэт нь олон улсын эрхзүйн шинжтэй оройн дээд баримт бичиг болох ба үүний дараа улс тус бүр өөр өөрийн хариуцах тусгай бүсэд хэрэгжүүлэх янзан бүрийн хөнгөлөлттэй бодлогоо гаргана (энэ бодлого их чухал), улмаар яг тусгай бүсийн үйл ажиллагааны талаарх холбоотой дүрэм журмууд батлагддаг байна.
Хэдий дундаа байгуулж, хамтран удирддаг боловч өөр өөрийн бодлогоо явуулдаг учраас нэг нь идэвхтэй нөгөө нь жаахан цалгар хандах явдал гарч, бодлого, төлөвлөгөөний зөрүү үүсэх тал байдаг нь Мяньмар, Лаос улсууд Хятадтай хиллэдэг хамтын бүс дээр гарч байжээ. Тэд хятадаас хойрго гэх үү цалгар хандсанаас яваандаа хятадад хөтлөгдөх маягтай болж, улмаар хятад нь нэн идэвхтэй, нөгөө тал нь “хязгаарлах”, зайгаа барих маягтай болоод ирдэг тал ажиглагджээ.
Тэгэхээр Замын Үүд-Эрээний боомтыг хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгож, хоёр тал хамтарсан яриа хэлэлцээний механизм үүсээд хоёр жил болчихсон энэ үед манай талаас бодлогоо анхаарч, түргэвчлэхгүй бол дээрх шиг байдал үүсэх нь тодорхой л гэсэн үг.
Хилийн бүс нутгаа хөгжүүлэхээр хятадууд лавтайяа нэн шуурхайлж байна. Хагас жил гарны өмнө Ши Зиньпиний толгойлдог Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх удирдлагын бүлгийн ээлжит хурлаар хил орчмыг нээлттэй хөгжүүлэхийг зөвшөөрсний дараа Төрийн зөвлөл нь энэ оны 1 сард “Хилийн гол бүс нутгийн нээлттэй хөгжлийг дэмжих тухай зарим бодлого, арга хэмжээний санал”-ыг баталснаа зарласан.
Энэ “...санал”-аар бол хилийн бүс нутгуудаар боловсруулах үйлдвэрүүд байгуулна, импортын нөөц баялгийг газар дээр нь боловсруулах төслийг дэмжинэ, гадагш чиглэсэн үйлдвэрлэлийн кластерийг хөгжүүлэх юм байна.
Ингэхийн тулд хөрөнгө оруулалтыг татах хөнгөлттэй бодлого явуулна гэнэ. Ер нь хилийн худалдаа цөөн нэр төрөлтэй байдаг бол одоо илүү олон төрөлжүүлэхээр худалдааг хялбарчилах юм байна.
Мэдээж хөрш оронтойгоо холбогдох дэд бүтцийг ихээр байгуулах ба мөнгийг нь Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэргээр шийдэж, дотоодын компаниудаа үүндээ дайчилна гэж байгаа.
Хил рүү иргэдээ шилжин суурьшихыг дэмжиж, хилээс 0-3 км-т нүүж очвол татаас олгох тухай, хилийн иргэдэд аж ахуй эрлэхэд нь тусалж, шаардлага хангасан иргэнд 100 мянга хүртэл юанийн баталгаат зээл олгох, мөн чадварлаг боловсон хүчнийг хил рүү татахын тулд нийгмийн баталгааг хангаж өгөхөөр заасан байна.
Хилийн бүсэд кондрабант, мөнгө угаах, хүний наймаа зэрэг их явагддаг учраас хөрш орны хууль сахиулах байгууллагатай хамтарна, бас боомтын үйл ажиллагааг хөнгөвчилж хялбарчилна гээд зөндөө олон хийх ажлыг жагсаасан байна тус саналд.
Хятадууд дээрээс лүндэн буусан л бол гүйцэлдүүлж л таарна. Дээрх бүгд өгүүлбэр бүрээрээ хэрэгжинэ. Тэгээд ч хилийн бүс нутгаа хөгжүүлэх нь зөвхөн дотоодынх нь асуудал бус Хятадын Евразийн эх газар луу чиглэсэн стратегийнх нь салшгүй хэсэг болсон болохоор бүх чадлаараа зүтгүүлэх нь тодорхой.
Чи төлөвлөхгүй бол бусдын төлөвлөгөөнд орно.
Тэд нэгэнт төлөвлөжээ. Чи төлөвлөхгүй бол бусдын төлөвлөгөөнд орно гэдэг. Бид Алтанбулагийн чөлөөт бүс гэдэг хоосон хашаанаас ондоо бүтээн байгуулалтгүй хорин жилийг бардагаа залхуу зангаг уйтгартай зангаа хэзээнээс болих юм бол доо.
Хүссэн хүсээгүй урд хөрш хаяанд тулж ирж байгааг аз болгох уу эз байлгах уу гэдэг биднээс л шалтгаална шүү. Магадгүй монголын тал хөнгөлөлттэй бодлогоо гаргахгүй цалгардсанаас хятадын талд компаниуд, үйл ажиллагаа, санаачилга төвлөрч, монголын компаниуд орон зайгүй болох ч гэдэг юмуу, эсвэл хилийн хууль сахиулах ажиллагааг хурдан зохицуулаагүйгээс болоод гэмт хэргийн үүр уурхай болж хувирах ч гэдэг юмуу элдэв янзын эрсдэл олон л бий байх.
Төр засгийн ажил тэгээд удаан ч гэлээ урагшилдаг л байх гэж найдаж байна, төрд итгэх итгэл минь алдарсаар байгаа ч бүүр алдагдчихаагүй хүний нэг л дээ. Нээлттэй байх хэсгийг сайтар нээлттэй болгож, хөнгөлж урамшуулах тогтолцоог бий болгож, монголын компаниудаа түншдээ ойртоход нь туслаасай, хамгаалах сэргийлэх хэсэг байгаа бол эртнээс зохицуулж чандлаасай. Хувийн салбарынхан хилийн бүсийг аль хэдийн анхааралдаа авчихсан л байгаа байх. Би лав хувьдаа үйлдвэрлэл явуулдаг компанитай байсансан бол бушуу түргэн хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд нэг талбай эзэгнэхээр Замын Үүд рүү мордох л юмсанж.
Бодоо
Зочин
dangaa22
Иргэн
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongolhvv
mongolzuu
Рийчэр
Рийчэр
Рийчэр
11
Зочин
shunald
onbx?
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин