2016 оны 4 сарын 5-ны өдөр, АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газар нэгэн чухал үйл явдал боллоо. АНУ-ын Засгийн газар Монгол улсад үлэг гүрвэлийнх нь үнэт олдворыг буцаан өгөх ёслол болж, Монголын талаас элчин сайд Булгаагийн Алтангэрэл, палентеологич Минжинингийн Болорцэцэг, албаны бусад хүмүүс, АНУ-ын талаас тойргийн прокурор Роберт Кэйпэрс, Аюулгүй байдлын эрэн сурвалжлах газрын захирал Петер Эдж, Хил хамгаалал, гаалийн албаны удирдлагууд уг ёслолд оролцож, долоон үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөв.

Үлэг гүрвэлийн яс бүрийн цаана үүх түүх, гэмт хэрэг, шунал сэдэл, адал явдал, шинжлэх ухаан орших аж. Жишээлбэл, Алиорамусын толгойн хувьд Францаас нэгэн цуглуулагч И-Бэй хэмээх онлайн худалдаагаар заржээ. Үнэ нь 300 мянган доллар байсан аж. Ингээд 2014 онд, АНУ-ын хил дээр ирэхэд нь  гаалийн ажилтнууд хураан авсан байна. Гарал үүслийг нь Франц гэж, мөн жинхэнэ биш, дуураймал хэмээн худал бичиг баримт бүрдүүлсэн байсан боловч мэргэжлийн хүмүүс Монголынх, жинхэнэ араг яс мөн гэдгийг нь тогтоосноор өдгөө эх нутагтаа буцах эрхтэй болоод байгаа юм.

Ёслолын үеэр АНУ-ын Тойргийн прокурор Роберт Кэйпэрс “Монгол бол үлэг гүрвэлийн арвин баялаг олдвороороо дэлхийд тэргүүлдэг улс. Монголын ард түмний өмч байх ёстой эдгээр палентеологийн нандин олдворуудыг хулгайч, ашиг хонжоо хайгчдын гараас салган авч, Монгол улсад эргүүлэн өгч байгаадаа бид үнэхээр баяртай байна. Хойшид ч Монголын соёлын өвийг хил дамжуулан ингэж зарах аваас бид ямагт Монгоын талд зогсох болно” хэмээн мэдэгдлээ.

Үлэг гүрвэлийн олдворыг судалж, Монголынх хэмээн баталдаг гол эрдэмтдийн нэг Минжингийн Болорцэцэг хэлсэн үгэндээ Алиорамусыг маш ховор үлэг гүрвэл болохыг, шинжлэх ухааны бүртгэл бүтээлүүдэд ердөө хоёрхон тэмдэглэгдсэн, тэр хоёр хоёулаа Монголоос олдсон болохыг тайлбарлав. М.Болорцэцэг өмнө нь алдарт Батаарын ясыг Монголынх болохыг анхлан судлан таньж, мэдээлж байсан палентеологич билээ. Ингээд ёслолын үеэр М.Болорцэцэгээс хэдэн зүйлийг тодруулан ярилцав.

Үлэг гүрвэлээ Монголдоо буцаах нь
монгол палеонтологичийн хувьд миний үүрэг

Өнөөдөр яг ямар нэртэй, хэдэн үлэг гүрвэлийн ясыг буцаав? Өмнө нь нөгөө алдарт Батаараас эхлээд нийт хэдэн олдвор буцааж байсан юм бэ?

2013 оноос хойш Монголоос хууль бусаар гарсан нийт 23 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын тал буцаагаад байгаа билээ. Ѳнѳѳдрийн үйл ажиллагаагаар 7 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын засгийн газраас Монгол улсын засгийн газарт хүлээлгэн ѳглѳѳ. Энэ 7 олдвор нь 5 тѳрлийн динозаврт хамаарагдана. Үүнд:

Алиорамус махчин динозаврын толгой
Нугасан хошуут Бактрозаврын бүтэн араг яс
Нугасан хошуут динозаврын араг яснууд
Протоцератопс ѳвсѳн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс
Ситтакозавр ѳвсѳн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс
Троодонтид динозаврын ѳндѳгний үүр
    
Монголоос олдсон гэдэг тэр гарал үүслийн баталгааг хэрхэн гаргадаг, яаж судалж тогтоодог юм бэ?

Гарал үүслийн баталгааг мэргэжлийн палеонтологич гаргадаг. Гарал үүслийн баталгааг гаргахдаа эдгээр үлэг гүрвэлийн анатомын бүтцийг нь нэн түрүүн судалж, ямар тѳрѳл, зүйлийнх вэ гэдгийг тогтооно. Ихэнх тохиолдолд ѳмнѳ нь судлагдсан динозаврын тѳрѳл зүйлүүд байдаг. Манай Монголын динозавруудын хувьд зѳвхѳн Монголоос олддог тѳрѳл зүйлүүд гэж бий. Тиймээс эдгээр динозаврыг мэргэжлийн хувьд таньж мэдэхэд тѳвѳггүй байдаг. Түүнээс гадна хэрхэн хадгалагдсан байдал, үүнд ялангуяа ясны ѳнгѳ байдал болон агуулагдаж байгаа чулуулгийнх нь тѳрѳл, ѳнгѳ мѳн гарал үүсэл тогтооход чухал үзүүлэлт болно доо.

Миний хувьд ѳмнѳ нь Тарбозавр батаарын гарал үүслийн баталгаа хийж байсан. Энэ удаа Алиорамус махчин динозаврын толгойн гарал үүслийн баталгааг хийж ѳглөө. Ер нь шүүх дээр гарал үүслийн маргаан гарах тохиолдолд миний бие мэргэжлийн дүгнэлт гаргаж ѳгснѳѳр Монголынх гэдгийг нь эргэлт буцалтгүйгээр тогтоож, шүүхийн шийдвэр Монголын талд гарч, үлэг гүрвэлүүд маань Монгол руу буцах боломжтой болдог юм.

Цаана нь ѳѳр яс байгаа бол уу Байгаа бол Монгол руу ахин шилжүүлэх үү?

Одоогоор нэмж 11 динозавртай холбоотой эрүүгийн хэргүүд шалгагдаж байгаа. Удахгүй шийдэгдээд бас Монгол руугаа буцна. Энэ динозавруудын нэг нь та бидний мэдэх жүжигчин Николас Кэйжээс хураан авсан Тарбозаврын толгойн яс байгаа.

Та энд явуулж буй үйл ажиллагаа, эрхэлж буй ажлаа танилцуулна уу?

Миний хувьд 2012 онд анх Тарбозавр батаарын дуудлага худалдааг Монгол руу мэдэгдсэнээс хойш динозавруудаа буцаах гурван үйл ажиллагааг АНУ-д удирдан зохион байгуулах ажлыг сайн дураараа хийгээд байна. Мэргэжлийн палеонтологич, Монгол хүний хувьд би үүнийг үүргээ гэж боддог.

Үлэг гүрвэлийг буцаах үйл ажиллагааны хувьд би шаардлагатай үед мэргэжлийн дүгнэлтийг хийнэ, мөн динозавруудыг хүлээн авах албан ёсны маягтууд дээр динозавруудыг шалган, хүлээн авч, гарын үсэг зурдаг. Монголын талд албан ёсоор хүлээлгэж ѳгсний дараа бол динозавруудын баглаа боодол хийдэг мэргэжлийн байгууллагыг яамтай холбож ѳгч, баглахаас нь ѳмнѳ бүртгэн баримтжуулж, баглаа боодол тус бүр дээр динозаврыг хэрхэн баглах дээр зѳвлѳгѳѳ ѳгдѳг.

2007 оноос Монголын Динозавр Судлалын Хүрээлэн ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Мѳн одоогоор Америкийн Байгалийн Түүхийн Музейд Монголынхоо олдворуудыг судлах ажлыг хийдэг. Энэ 7 динозаврыг буцаах ажлын хувьд бол энэ удаад Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яамыг энд тѳлѳѳлѳн ажиллаж байна.

Баярлалаа, таны ажил судалгаанд өндөр амжилт хүсье.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч
М.САРУУЛ-ЭРДЭНЭ




Троодонтид үлэг гүрвэлийн өндөг


Үлэг гүрвэл буцаах ёслолын дараа хүүхдэд зориулсан танин мэдэхүйн үйл ажиллагаа болж, палеонтологичид хүүхдүүдтэй хамт тоглонгоо боловсрол олголоо.


Гарын үсэг зурах ёслолд АНУ, Монголын талыг төлөөлөн оролцсон албаны хүмүүс


Алиорамус махчин үлэг гүрвэлийн толгой.