2. Сэтгэлээ сэвтүүлэх айдас

  • Хүн ганцаар амьдрах боломжгүй
 
Энэ удаад Фроммын “Хайрлах урлаг”-т гарах хайрын онолын тухай дэлгэрэнгүй тайлбарлая.

Юун түрүүнд “Хайр гэж юу вэ?” гэдгийг тунгаахад хамгийн эхний суурь нөхцөл болох нь “Хүн ганцаар амьдрах боломжгүй” гэх факт юм. Гээд хэлбэл магад зарим нэг зожиг, эсвэл өрөөндөө бүгэж амьдрах гоонь хүмүүс “Би лав олон жил хэнтэй ч харьцалгүй амьдраад болоод л байна даг” гэлцэн үгүйсгэж мэдэх юм. Гэвч, эзгүй арал дээр цор ганцаар байгаа л биш бол, гарцаагүй эргэн тойрныхны дэмжлэг туслалцаа байгаагийн ачаар л бусадтай харилцалгүй амьдарч чадаж байх учиртай. “Ганцаарахнаа байлаа гээд надад ямар ч хүндрэл бэрхшээл алга, бүх юм хэвийн сайхан байна” гэж хэлэх хүн ч гэсэн дэлгүүрээс юм авч, гуанзанд хоол идэх тоолондоо бусдын тусламж дэмжлэгийг хүртэж явдаг. Хүн гэдэг ганцаараа амьдарч чадахаар юм шиг харагдах хэрнээ, үнэндээ бол зайлшгүй бусадтай ямар нэгэн хэлбэрээр харилцаанд орж амьдарч байдаг.

Эдийн засгийн харилцааг хасаж тооцсон ч, хүнд ганцаараа амьдарч чадахгүй шалтгаан дор хаяж хоёр бий. Түүний эхнийх нь биологийн шалтгаан юм. Шавж болон загас зэрэг доод төрөлт амьтад төрөхдөө эхтэйгээ бараг ижил төрхтэй гарч ирдэг тул, тэр дороо өөрийн хүчээр хоолоо олох чадвартай байдаг. Харин сүүн тэжээлтнүүд тэгж төрдөггүй. Хэсэг хугацааг эх эцгийнхээ халамжинд өнгөрүүлж, тодорхой хэмжээнд өсөж торнисны дараа биеэ дааж ирнэ. Биологийн өнцгөөс бол, арчаагүй нярай төрдөг хүний хувьд дор хаяж 5 – 6 жил эцэг эхийн халамжийг шаардана. Сүүн тэжээлтэн дотроо ч хамгийн бие даах чадвар султай
нь гэхэд болох биз. Хэний ч тус дэмжлэг авалгүй цор ганцаараа бие гүйцсэн хүн болчихсон юм шиг өөрийгөө санадаг хүмүүс сүүлийн үед олширсон мэт боловч, үнэндээ ямар ч хүн хүний дайтай бойжих явцдаа гарцаагүй бусдын халамж дэмжлэгийг хүртдэг болохыг мартаж болохгүй юм. Хүн ганцаар амьдарч чадахгүй хоёр дахь шалтгаан бол “БИ”-тэй холбоотой. Өмнөх бүлэгт “БИ бол хүнд төрөхөөс
суугдсан байдаг зүйл бус, өсөж бойжих процесс дунд бүтээж бий болгодог эд” болох тухай өгүүлсэн боловч, үнэндээ бол БИ-г хүн зөвхөн өөрийн хүчээр бий болгох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, байгалийн зөнгөөр (буюу инстинктээр) цаанаасаа БИ гээч юм үүсдэг бус, БИ гэдэг бол бусдыг хуулбарлахаас хэлбэржиж эхэлдэг. Нярай хүүхэд юун түрүүнд эхийгээ ажиглаж, эхийнхээ БИ-г өөрийн дотроо хуулбарлан бойжино. Түүний хойно өсөж торних явцдаа янз бүрийн хүмүүстэй харьцаж, олон шинэ хуулбарыг өөртөө авч ашигласаар БИ нь хэлбэржин бүрдэнэ. Үүнийг өөрөөр илэрхийлбэл, хүн гэдэг бол огтоос цоо шинэ оргинал оршихуй бус, бусдын БИ-гийн өөдсүүдийг зүүж холбосоор бүтээгддэг гэсэн үг юм. Бусад амьтдад БИ гэж үгүй бөгөөд, хэзээд байгалийн зөнгөөрөө амьдрах чадвартай байдаг бол, хүний хувьд хувьслын урт удаан процесс дундаа ямар нэгэн шалтгаанаар байгалийн зөн нь эвдэрчихсэн тул, БИ-тэй болох шаардлагатай болсон гэж үздэг. Бүр мөсөн байгалийн зөнгүй болчихсон хэрэг биш, мэдээж тэр нь байгаа. Гэхдээ эвдэрчихсэн. Тиймээс “зөвхөн байгалийн зөнгөөрөө” амьдрах боломжгүй болсон хэрэг. Байгалийн зөн нь эвдэрчихсэн гэж сонсуут “Хүнд бэлгийн дур, хоолны дур гээд бүх л байгалийн зөнгүүд байна бус уу?” гэж санагдах хүн гарч болох юм. Гэвч, хэрвээ хүний хоолны дур нь байгалийн зөнгөөрөө байсан бол хүн зөвхөн биенд сайн хүнс л идэхэд болчих учиртай байсан биз. Гэтэл өнөөгийн бид хоолыг янз бүрээр голж шилж, энд тэндэхийн чамин гоё хоолонд дурлах хүмүүс ч байна. Тэдний зорилго бол зүгээр л биенд сайн хүнс олж идэх гээд байгаа биш нь тодорхой. Мөн түүнчлэн биенд мууг нь мэдсээр байж тамхи татаж, их хэмжээгээр архи ууцгаана. Амь насанд аюултайг нь мэдсээр байж өндөр ууланд авирч азаа үзэх нь ч бий. Цаашлаад бэлгийн дур гэж ярих юм бол, бусад амьтдад байдаг орооны үе гээч юм хүн бидэнд байдаггүй.

Энэ мэтчилэнгээр байгалийн зөн гээч юмыг амьд явахын төлөөнөө заяагдсан (суугдсан) зүйл юм гэвэл, хүний тэрхүү байгалийн зөн нь эвдэрчихсэн болох нь илт тодорхой гэж хэлж болно. Эвдэрхий байгалийн зөнгөө дагах юм бол хүний үйл хөдлөл бөөн төөрөгдөл будлианыг дагуулж, эцсийн бүлэгт шууд мөхөлд хүргэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс байгалийн зөнг орлох үйл хөдлөлийн хил хязгаар болгож, хүмүүс БИ гээчийг өөртөө бүтээдэг болсон хэрэг юм.

Ерөөс, бусдаас хуулбарлаж үүсэх БИ үгүйсэн бол бидний нийгэм өөрөө оршин байх боломж үгүй. Хүн багаж хэрэглэж, иргэншлийг бүтээн босгож чадсан нь ч бас эвдэрхий байгалийн зөнгөө БИ-гээр нөхөж ирсний үр дүн юм.

Зөгийн үүрийг геометрийн нягт нарийн бүтэцтэй гэдэг ч юм уу, шоргоолжны нийгмийг зөв ажил үүргийн хуваарилалттай гэх зэргээр ярьдаг ч, зөгий болон шоргоолжнууд бол юу ч бодож тунгаалгүй зөвхөн байгалийн зөнгөөрөө үйлдэж буй төдий бөгөөд, тэр нь хүний бүтээн босгосон нийгмээс тэс ондоо эд. Хүний нийгэм бол юун түрүүн бусдын оршихуй байж, түүнээс хуулбарласан БИ-гийн оршихуй байснаар сая нөхцөлдөж байдаг.

Ингэж БИ бүрэлдэн бий болох процессийг туулж, бидний өнөөгийн амьдарч буй иргэншсэн нийгэм үүссэн учиртай боловч, тэрхүү нийгэм нэгэнт бий болмогц энэ удаад эсрэгээрээ нийгэм нь хувь хүнд дарамт шахалт болж ирнэ. Хувь хүн тус бүртээ өөрийн хүсэл тачаалынхаа зоргоор амьдаръя гэвэл дэг журам гээч юм алдагдах аюултай тул, биесээ харилцан тэвчих шаардлага тулгарна. Тэр хэрээр бүхий л хүмүүс их багаар дундуур сэтгэл тээхэд хүрнэ. Үүнийг нэг төрлийн тойрох боломжгүй “иргэншлийн өвчин” гэж үзсэн ч болох биз.

Сэтгэл дундуур байдал хуримтлагдаад ирэхээр, явсаар “чөлөөтэй болмоор байна” гэсэн хүсэл хүний дотор соёолж ирнэ. Гэлээ ч тэгж хүсэх төдийд амархан чөлөөтэй болчихгүй. Өөрийн харьяалагдах бүлэг хийгээд бүтцээ хадгалж барих дүрэм журам, элдэв хяналтын систем нийгэмд гүн гүнзгий суугдсан бий тул, тэдгээрийг нураагаагүй цагт чөлөөтэй болно гэж үгүй юм.

Гэсэн ч, орчин үежилтийн нөлөөгөөр тэдгээр хаалтууд бага багаар нурсаар байна. Монголд гэхэд л, хуучин цагт гэр бүл айл саахалтаараа нэгэн хүрээг үүсгэж, хүүхдүүд хот айлынхаа ажил хөдөлмөрт оролцож, харилцан биесдээ туслалцсаар өсөж торних нь хаана ч мэдээжийн явдал байж. Гэтэл суурин амьдралд шилжиж, аж үйлдвэрийн бүтцэд өөрчлөлт орсноор уламжлалт амьдралын хэв маяг бага багаар нурсаар ирлээ.

Илүү ойлгомжтой хэлэх юм бол, мужааны хүү мужаан болж, гуталчны хүү гуталчин болох нь мэдээжийн явдал байсан цаг үеэс, олонхи хүмүүс үйлдвэр компанид ажиллах цаг үе тийш нийгэм хувирч, үр дүнд нь удам дамжин өвлөгдөх гэр бүлээ хамгаалах шаардлага ч, ойр тойрны хөршүүдтэйгээ ойртон дотносох хэрэгцээ ч багасч иржээ гэсэн үг. Энэ нь явсаар гэр бүлийн атомчлал (буюу задрал) дэлгэрч, бүс нутгийн харилцаа ч алдарч, хувь хүн тус бүртээ салангид амьдрах цаг үе айлчилан ирэв. Эндээс шинэ асуудал босч ирсэн нь “өнөөгийн хүмүүсийн ганцаардал” гэх асуудал. Арайхийж элдэв садаанаас ангижирч чөлөөтэй болж чадлаа гэж бодтол, түүний цаана анаж байсан нь “ганцаардал” байсан хэрэг юм.

  • Өнөөгийн хүмүүсийн ганцаардал

“Хүн ганцаараа амьдрах боломжгүй” гэж дээр өгүүлсэн ч, үүнийг “Хүн ганцаардмалаар амьдрах боломжгүй” гэж сольсон ч болно. Ганцаардал гэдэг мэдрэмж сэтгэлийн тайван бусыг төрүүлнэ. Тайван бусыг мэдрэх үед хүмүүс ганцаардлаас мултрахын тулд хэн нэгэнтэй холбогдохыг хүснэ. Хүн бидний бусдыг хайрлах шалтгааны уг язгуур ч бас энэхүү ганцаардлын тавгүйтлээс мултрах гэсэн сэдэл болох нь маргаангүй юм.

“Хайрлах урлаг”-ийн 2-р бүлэг дэхь “Хайрын онол” хэсэгт, юун түрүүн орчин үеэс хойшхи хүмүүст тулгараад буй “ганцаардал” гэх асуудлыг эхэлж дэлгэн үзүүлдэг.

- Хүмүүс цаг ямагт анзаарч байдаг мэдрэмж, тэр бол “Хүн гэдэг нэгэн ганцаардмал (тусгаарлагдмал) оршихуй. Хүний амьдрал богинохон. Хүн өөрийн хүсэл зоригоос үл хамааран энэ хорвоод төрж, өөрийн хүсэл зоригтой харшилдан энэ хорвоогоос хальж одно. Хайртай хүнээсээ түрүүлээд явж ч мэднэ, эсвэл хайртай хүн нь түрүүлээд яваад өгч ч мэднэ. Хүн гэдэг ганцаардмал, байгаль хийгээд нийгмийн өмнө дэндүү хүчин мөхөс оршихуй...
хэмээх чимээгүй айдас. Энэ бүхнээс болж хүний цогц бус ганцаардмал амьдрал гэдэг тэвчихүйеэ бэрх шорон болон хувирна. Энэ шоронгоос мултран гарч, гадаад ертөнцөд байх бусад хүмүүстэй ямар нэгэн хэлбэрээр холбогдохгүй л бол, хүн галзуурах нь лавтай биз.


Ганцаардал хэмээх шоронгоос мултрахын тулд хүмүүс өдийг хүртлэх түүхэндээ зүсэн зүйлийн арга туршиж ирсэн гэж Фромм өгүүлнэ. Түүнээс жишээ болгож нэрлэвэл, эртний отог омгуудын дунд нийтлэг харагддаг “зан үйлийн шинжтэй хөөрлийн төлөв” байна. Урьд цагийн зэрлэг хүмүүсийн отогт гал тойрон бүжиглэх ч юм уу, эсвэл ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэн үйлдэх зан үйл түгээмэл байсан ба, тэр нь сүргээрээ транс төлөв (ховсдуулсан мэт хэвийн бус төлөв)-т орсноор өөр хоорондын ганцаардлаа зөөллөх зорилготой байсан болов уу, гэж Фромм анализ хийсэн байдаг.

Энэ мэт бүжиг найр хийж хөөрлийн төлөвт автах явдал нь хэрхэвч эрт цагаар хязгаарлагдах явдал бус, өнөөгийн иргэншсэн нийгэмд ч бас ажиглагддаг. Жишээ нь хөл бөмбөгийн улаан галзуу хөгжөөн дэмжигчдийг нэрлэж болно. Үнэхээр л хөл бөмбөгт дуртай төдий байсан бол тэгж бүгдээрээ нийлж дэмжих шаардлага байхгүй атал, заавал бүлэг үүсгэн орилж чарлан үймэлдэхийг хүснэ. Ялангуяа саяхны залуучуудад энэ хандлага илүү хүчтэй болсон мэт санагддаг. Ядаж хөл бөмбөгийн стадионд очиж амьдаар нь тоглолт үзвэл бас нэг хэрэг, гэтэл алба болгож чихэлдэн шавах уушын газар очиж дэлгэцээр тэмцээн үзэж үймэлдэнэ...

Фромм “зан үйлийн шинжтэй хөөрлийн төлөв”-ийг ганцаардлаас мултрах эхний арга гэж нэрлэсэн бол, хоёр дахь арга болох “олонхийг аялдан дагалдалт”-тай энэхүү спортын фатанууд холбогдож ирнэ. Бүгд ижил хувцас өмсөж, хоолой нийлүүлэн түрж, гараа алдлан уухайлна. Олонхийг аялдан дагалдах нь ганцаардлын мэдрэмжээс ангижирах хамгийн түгээмэл арга хэмээн Фромм өгүүлсэн байдаг.

Гэвч “зан үйлийн шинжтэй хөөрлийн төлөв” ч, “олонхийг аялдан дагалдалт” ч зөвхөн тухайн цаг зууртаа л ганцаардлаас мултарсан мэт санагдавч, хэсэг хугацаа өнгөрөхөд дахиад л ганцаардсан өөртэйгээ учрах болно. Нэг ёсондоо үндсэн шийдэл болж чаддаггүй гэсэн үг. Яагаад гэвэл тэдгээрт БИ нь идэвхитэйгээр холбогддоггүй болохоор тэр. Өөрийн эрх чөлөөг орхиж, юу ч бодолгүй зүгээр л улайрч буй төдий үйл хөдлөл тул, тэр нь өндөрлөхөд л буцаад урьдын төлөвтөө (ганцаардал) очих нь тодорхой.

Бага зэрэг яриа хазайхад, хөл бөмбөг үзэж хөөрөлдөхөөс гадна сүүлийн үеийн “бусадтай ямар нэгэн байдлаар холбоотой байх” гэсэн хүсэл шаардлагад бага зэрэг хэвийн бус гэмээр зүйл ажиглагддаг. Өсвөр болон идэр насныхан гар утас, компьютераасаа хором ч хөндийрч чадахааргүй хамааралд орсон байх нь элбэг болж. Юу хийдэг юм гэвэл, Facebook, Twitter зэрэг харилцааны хэрэгсэл ашиглан 24 цагийн турш бусадтай холбоотой байхыг эрмэлзэнэ. Тэгсэн хэрнээ учиргүй хоорондоо гүн гүнзгий харилцаад байна уу гэвэл тийм ч биш шиг байдаг. Өглөө өдөр юу идсэн тухайгаа ч юм уу, одоо хаана байгаа гэх мэт, төдийлөн чухал биш мэдээлэл солилцох төдийгөөр харилцан холбоотой байгаагаа нягталж санаа амарцгаана. Эсвэл бараг танихгүй шахуу хүнтэйгээ шууд учирч, бэлгийн харьцаанд орох тохиолдол ч олширч буй гэх. Эгшин зуурын хайрын хөөрөлд биеэ сул тавилаа гээд, өглөө болоход эргээд л ганцаардалтайгаа уулзахаа мэдсээр байж, өөрийн эрхгүй л хэтийдсэн болзоог давтаж орхино. Энэ мэт үйл хөдлөлүүдийн ар талд, өдөр тутмын хүн хоорондын харилцаа алдагдаж, тус тусдаа болсон салангид хүмүүсийн эрин үе айлчлан ирсэнтэй холбоотойгоор, түүнийгээ нөхөж орлуулах “ямар нэгэн зүйл”-тэй хоргодон зууралдах гэсэн далд бачуурал байгаа мэт санагддаг. Үндсэн яриандаа буцаж оръё. Фроммын хэлсэн, хүн ганцаардлаас мултрах 3 дахь арга бол “бүтээлч үйл ажиллагаа” юм. Мужаан ширээ урлах, тариачин ногоо тарих, зураач зураг зурах, эд бүгд үйлдэх явцдаа ашиглаж буй материал багаж болон гадаад ертөнцтэй нэгдмэл болж буй гэдэг талаас нь тунгаавал, ганцаардлаас мултрах үр нөлөөтэй байх боломжтой хэмээн Фромм өгүүлжээ. Үнэхээр ч, ажил үйл гэдэг бусадтай ямар нэгэн холбоо үүсгэхгүй байлаа ч, ганцаардлыг мартуулах арга зам байж болох талтай. Цаашлаад хэлбэл, ямар нэг зүйл бүтээх үйл нь ганцаардлыг сарниагаад зогсохгүй, өөрийн баяр баясгалантай ч холбогдоно.

Гэвч, Фромм бүхий л ажил үйлд ганцаардлаас мултрах үр нөлөө бий гэж хэлсэнгүй. Үүнийг доорх нөхцөлтэйгээр өгүүлсэн бий.

- Гэвч, үүнд хамааралтай нь бүтээмжит ажил, өөрөөр хэлбэл би өөрөө төлөвлөж, бүтээж, өөрийн нүдээр ажлынхаа үр дүнг харах зөвхөн тийм ажил юм. Хэзээ ч дуусахгүй урсах туузан дамжуурга дээр зогсох ажилчин мэт өнөөгийн хөдөлмөрийн бүтцэд, ажилтайгаа нэгдмэл болох тийм мэдрэмж бараг ажиглагдахгүй. Тийм газар ажилчид ердөө л машин техник болон нийгмийн бүтцийн зүүмэл хавсрага төдий юм. Тийм ажилчин нэгэнт өөрөөрөө байх боломжгүй. Тиймээс аялдан дагалдахаас илүүтэйгээр нэгдмэл мэдрэмжийг хэрхэвч олж чадахгүй.

Урьд цагт гар урлал ч бай, газар тариалан ч бай, бүгдийг өөрөө хийж, өөрөө зарж, худалдан авах хэрэглэгчийн баяр хөөрийг өөрийн нүдээр үзэх байдлаар, хүний хувьд ажил хөдөлмөр гээч юм амьдрах утга учир болж чаддаг байлаа. Тэгтэл оптимализм, хөдөлмөрийн хуваарилалт нарийссан өнөөгийн цаг үед, барааны зөвхөн нэг хэсгийг хийх ажил ердийн үзэгдэл болж, хөдөлмөр нь ердөө л мөнгө олохын төлөөх арга зам болж хувирсан. Ийм хөдөлмөр хүний ганцаардлыг сарниаж чадахгүй, хэмээн Фромм өгүүлжээ. Нэг ёсондоо, Фромм “зан үйлийн шинжтэй хөөрлийн төлөв”, “олонхийн аялдан дагалдалт”, “бүтээлч үйл ажиллагаа”
гурвыг ганцаардлаас мултрах арга гэж нэрлэсэн боловч, ганцаардлаас мултрах жинхэнэ шийдэл тэнд байхгүй гэж хэлж буй юм.

Тэгвэл хэрхэн яаж хүн ганцаардлын айдсаас мултарч чадах юм бол? Үүнд Фромм дараах хариултыг өгчээ.

- Жинхэнэ хариулт бол хүн хоорондын нэгдэл, бусадтай нийлсэн нягт холбоо, өөрөөр хэлбэл хайранд бий юм. ...Энэ хорвоод хайр байхгүйсэн бол хүн төрөлхитөн ганц өдөр ч атугай амьд явж чадахгүй байхсан биз.

  • Захирагч дагалдагчийн холбоо жинхэнэ хайр мөн үү?

Чухам хайр л хүнийг ганцаардлаас аврах цорын ганц арга гэж онолдсоны дараагаар Фромм “хүмүүс хоорондын нэгдэл холбоог бүгдийг хайр гэж нэрлэх юм бол, тун ярвигтай асуудал үүснэ” гэж бас өгүүлсэн бий. Үнэндээ бол хүмүүсийн хооронд зүсэн зүйлийн хамтын харилцаанууд байдаг.

Жишээлбэл гүйцэт боловсрон төлөвшсөн хайр байхын хажуугаар, “харилцан нөхөлцсөн холбоо” ч гэж нэрлэж болохуйц түүхий хайрын хэлбэрүүд бас байдаг. Ялангуяа өнөөгийн ганцаардал илт анзаарагдах болсон 20-р зуун гарсанаас хойш, иймэрхүү харилцан нөхөлцсөн нэгдлийг жинхэнэ хайр гэж эндүүрэх хүн олширч ирсэнд Фромм ихээр зовнисон байдаг.

Энд хэлэх “харилцан нөхөлцсөн холбоо” гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол, жирэмсэн эх болон хэвлий дэхь ураг хоёрын холбоо юм. Эх ураг хоёр тусдаа боловч нийлмэл нэг биет юм. Тэд харилцан биесээ шаардаж, нэг нь нөгөөгүйгээр амьдрах боломжгүй холбоог үүсгэсэн байдаг. Амьдрахад шаардлагатай бүхий л тэжээлийг эхээсээ авдаг гэдэг утгаараа, ургийн хувьд бол эх нь ертөнц тэр чигээрээ гэхэд болно. Нөгөөтэйгүүр эх нь урагтаа тэжээл өгсний хариуд, өөрийн амьдралаа ирээдүйд төрж гарах хүүхдийн ачаар өргөжүүлэн баяжуулах ч боломжтой.

Жирэмсэн үеийн эх үрийн холбоо гэдэг бол, захирагч (садизм) ба дагалдагч (мазохизм)-ийн холбоотой төстэй холбоо гэж хэлж болно. Садизм, мазохизм гэхээр нэг тийм гаж сексийн төсөөлөл өөрийн эрхгүй бууж болох ч, энд хэлж буй нь махан биеийн бус оюун санааны холбоог хэлж буй юм. Садист нь мазохистийг учир зүггүй өвтгөөд ч юм уу дарлаад байхдаа бус, тэнд нэгэн хачирхалтай “харилцан нөхөлцсөн холбоо” бий болсон байдаг.

Мазохист нь юу юугүй бие сэтгэлээрээ өвдөж тамлуулах дуртайдаа бус, өөрт нь заавар тушаал өгч, өөрийг нь чиглүүлж бас хамгаалах хүний нэг хэсэг болсондоо тав тухыг мэдэрч байдаг. Партнерийнхаа үгээр л яваад байхад ганцаардлаас ч ангижирч, өөрийн зүгээс шийдвэр гаргах ч шаардлагагүй. Юу ч бодох санах юмгүй явах нь түүний хувьд амар байх болно.

Эсрэгээрээ садист нь өөрийг нь хүлцэнгүй сонсох нэгнийг өөртөө дагуулснаар ганцаардлаас мултрах төдийгүй, дагалдагчаа гар хөлөө болгон ашиглаж өөрийгөө улам баяжуулан томруулах ч боломжтой. Нэг ёсондоо мазохист нь садистаасаа хамаарч, садист нь мазохистаасаа хамаарах нэгэн төрлийн харилцан нөхөлцсөн холбоо тэнд оршиж байдаг. Өнгөц харахад хоёр тал харилцан өөр тийшээ чиглэх векторууд мэт боловч, аль аль нь ганцаардлаас мултран гарах партнерыг шаардаж буй гэх талаараа ижилхэн гэж үзэж болно.

Гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөх хэрнээ ямар ч арга хэмжээ авалгүй хүлцэнгүй суух зарим хүмүүс байдаг. Тэдний зарим нь үр хүүхдийнхээ төлөө гээд тэвчиж явдаг бол, зарим нь “надгүйгээр энэ хүн арчаагаа алдана” хэмээн хөөрхийлж суудаг. Партнертайгаа нэгэн цул болох гэдэг утгаар нь, энэ мэт захирагч дагалдагчийн холбоог “хайр” гэж эндүүрэх нь олонтаа харагддаг.

Гэвч, бүхнийг бусдад даатгаж, эсвэл эсрэгээр нь бусдын бүхнийг захирах холбоо нь хэрхэвч эрүүл нэгдэл гэж хэлэх аргагүй. Энэ мэт захирагч дагалдагчийн холбоон дахь аюулыг Фромм өмнө танилцуулсан “Эрх чөлөөнөөс дайжихуй” номдоо хэдийнэ өгүүлсэн байдаг.

Тэр цаг үеийн Герман нь чухам л том хүчинд дагалдах тал хийгээд, ард түмнийг захирах тал гэсэн бүтэц тийш хэлбийн байжээ. Орчин үежилтийн нөлөөгөөр хувь хүн бүр салангид болж, ганцаардлын айдсыг мэдрэх болсноор, ард түмэн эрх чөлөөгөө орхиж хэн нэгнийг даган түрсэн нь илүү амар юм хэмээн бодох болцгоов. Түүнтэй нь зэрэгцээд бусдыг захирах дундаас амьдралын таашаалыг мэдрэх төрлийн хүмүүс ч гарч ирсэн байлаа.

Фромм “Эрх чөлөөнөөс дайжихуй” номын “Нацизмын сэтгэл зүй” бүлэгтээ, Гитлерийн хувь шинжийг Authoritarian personality (эзэрхэг зан)-гийн нэгэн туйлын хэлбэр гэж хэлээд, энэхүү эзэрхэг зангийн мөн чанар нь садист өдөөлт болон мазохист өдөөлтийг хамтад нь агуулах оршихуй хэмээн тодорхойлсон байдаг. Тэгээд өөртэй нь ижил зан чанарын найрлагыг их багаар агуулах олон түмэнд тэрээр дэмжигдсэн учиртай юм гэнэ.

Энэ мэт харилцан нөхөлцсөн холбоотой чанх эсрэгээр, боловсрон төлөвшсөн жинхэнэ хайр гэдэг бол өөрийн бие даасан шинж болон хувь шинжийг хадгалсан чигээрээ нэгдэх холбоо юм, хэмээн Фромм өгүүлжээ. Хайрын ачаар хүмүүс ганцаардлын мэдрэмжээ анагааж чадах боловч, урьдын адил өөрөөрөө байх болно. Хайраар хосууд нэг хүн болж, зэрэгцээд бас хоёр тусдаа байх болно оо.

  • Бүтээмжит бус хандлага болон бүтээмжит хандлага

Фромм “Эрх чөлөөнөөс дайжихуй” дотроо хүмүүсийн өөрөөсөө болон өөрийн эрх чөлөөнөөсөө дайжиж буй явдлыг шинжлэн дүгнэж үзүүлсэн бол, түүний үргэлжлэл бүтээл болох “Өөрийнхөө төлөө хүн: Этикийн сэтгэлзүйгээс авах лавлагаа” дотроо хэрхэн яаж өөрийгөө болон өөрийн эрх чөлөөгөө олж авдагийг эргэцүүлэн цэгнэсэн бий. Бага зэрэг хүндэвтэр яриа боловч, өнөөгийн нийгэм дэхь жинхэнэ хайрын хэлбэр гэж юу болохыг ойлгоход мэдвэл зохих зүйл гэж санагдах тул, энд хялбаршуулан тайлбарлаад орхиё.

“Өөрийнхөө төлөө хүн: Этикийн сэтгэлзүйгээс авах лавлагаа” номонд Фромм, хүний зан чанарыг хандлагаар нь хоёр төрөлд хуваасан байдаг. Нэг дэхь нь “Бүтээмжит хандлага” (хайрын мөн чанартай холбогдох төрх), нөгөөх нь “Бүтээмжит бус хандлага” (эндүү хайртай холбогдох төрх). Цааш нь бүтээмжит бус хандлагын тухайд “бэлэнчлэх хандлага”, “мөлжих хандлага”, “хураах хандлага”, “наймаалцах хандлага” гэсэн 4 төрөлд хуваагдана.

“Бэлэнчлэх хандлага” гэдэг нь нэг ёсны мазохистыг хэлж буй бөгөөд, идэвхигүй аялдан дагалдах аястай зан чанар юм. “Мөлжих хандлага” гэдэг нь өөрөө юу ч бүтээлгүй, арга заль хүч чадлаа ашиглан бусдаас ашиг унагах гэдэг зан чанарыг илэрхийлнэ. “Хураах хандлага” гэдэг нь зөвхөн хурааж эзэмших явдлаас амьдралын баяр баясгаланг мэдэрч, хүн ёсны аж төрөл болон хүний харилцаанаас илүүтэй дэг журам аюулгүй байдлыг эрхэмлэх биеэ оторлогч зан чанар. “Наймаалцах хандлага” гэдэг нь капиталист эдийн засгийн зарчимд тулгуурлан амьдрах хүмүүсийн тухай бөгөөд, цаг ямагт “солилцооны” зарчмаар хөдөлдөг зан чанарыг зааж буй.

Яагаад Фромм хэрэг болгож ингэж нарийвчлан ангилах болсон юм бол? Тэр бол дүрвэн очсон Америкийн нийгмийг ажиглах дундаа, эндүү хайрын олон хэлбэрүүдийг олж анзаарсантай нь холбоотой. Тэгэхээр “Эрх чөлөөнөөс дайжихуй” бол фашизм тийш зүглэх Германы нөхцөл байдалд өгсөн дүн шинжилгээ байсан бол, “Өөрийнхөө төлөө хүн: Этикийн сэтгэлзүйгээс авах лавлагаа” нь хоёрдугаар дайны дараах Америкийн капиталист нийгмийн төрх байдлыг ажигласны үндсэн дээрх дүн шинжилгээний үр дүн байжээ гэж ойлгоход болох болов уу.

Фромм уг номдоо эдгээрийг эндүү хайрын хэлбэрүүдтэй холбогдох “бүтээмжит бус хандлага” хэмээсэн учиртай боловч, дээрх 4 хандлагад нийтлэг шинж бий. Тэр бол “Өөрөө юу ч бүтээлгүй, бусдад юу ч өгөлгүй, зөвхөн бусдаас авахыг урьтал болгож буй” явдал юм.

Фромм “Бүтээмжит бус хандлага”-тай эсрэгцүүлэн “бүтээмжит хандлага”-ыг гаргаж ирнэ. Бүтээмжит хандлага гэдэг нь, бүхий л хүмүүс бүтээмжит чадварыг агуулж байдаг гэх суурь нөхцөл дээр тогтох бөгөөд, өөрөөсөө ямар нэгэн юмыг бүтээн гаргаж, уриалан дуудаж, дуу хоолой болж, сайныг дамжуулан түгээж, тэр нь улам бүр үнэ цэнэ бүхий болж ирэх, тийм амьдрахуйн тухай юм. Бүтээмжит, бүтээмжит бус гээд ярихаар материаллаг үйлдвэрлэл маягийн төсөөлөл бууж магадгүй ч, Фромм үүнийг оюун санааны тухайд өгүүлжээ. Байгаа байдалдаа сэтгэл ханаж зүгээр л дээгүүр хараад амьдрах бус, илүү сайхан амьдрахын тулд, аз жаргалтай болохын тулд яавал зохилтой болохыг байнга тунгааж, өөрөө зорьж очин дараагийн өндөрлөг тийш мацах амьдрахуй бол “бүтээмжит хандлага” юм. Харин энэ мэт амьдрахуйг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай суурь нөхцөл нь “хайр юм” хэмээн Фромм тэмдэглэсэн байдаг.

Өмнөх бүлэгт, капиталист нийгэмд амьдрах бид бүхэн аль болох ашигтай наймаа хийхийг хүсдэг, үгүйдээ л алдагдалгүй солилцоог зорьдог тухай бичсэн. Капитализм бол “солилцоо” дээр тогтож байдаг. Энэхүү солилцооны бэлгэ тэмдэг бол “мөнгө” юм. Ажиллаад цалин авах буюу, ажил хөдөлмөрөө мөнгөөр солино. Тэр мөнгөө идэх юмаар солих ч юм уу, эсвэл байрны мөнгөө төлнө. Капиталист нийгэм бүхэлдээ яг л энэ солилцоон дээр оршин тогтнож байдаг.

Хүн төрөлхитөний үүсэл гарлаас нь өнгийн харсан ч, чухам солилцооны ачаар л хүн төрөлхитөн өнөөгийн хүн болж чадсан гэх тайлбар ч бий. Тэгвэл ерөөс солилцоо анх яаж бий болсон юм бол? Ууланд амьдрах хүн уулын хишиг барьж ирээд, далайн хөвөөнд амьдрах хүн далайн хишиг барьж ирээд, тэдний хооронд анхны эн тэнцүү солилцоо хийгдсэнээр солилцооны эдийн засаг үүссэн юм болов уу? Үнэнийг өчвөл, “солилцоо” анх бусдад ямар нэгэн зүйл “бэлэглэх” явдлаас эхэлсэн юм. “Булаах”-аас солилцоо эхэлнэ гэж үгүй. Хүний юмыг булааж авчихаад, дараа нь талархал болгож хариу барина гэж хэзээ ч байж таарахгүй. Солилцоо бол “өгөх” явдлаас эхэлсэн. Бусдаас юм авсан хүн хариуг нь өгнө. Ингэж анх солилцоо үүссэн. Хайрын хувьд ч бас “өгөх”-өөс эхлэхгүй бол, “хайр” гэх тэр эерэг утгад дүйцэх солилцоо эхлэх учиргүй билээ.

  • Хайрын мөн чанарыг анзаарахын тулд

“Бүтээмжит бус хандлага”-ыг “өгөх бус авахаа л бодсон төрх” гэж тодорхойлох юм бол, чухам өнөөгийн Монголын нийгэм тэр чигээрээ бүтээмжит бус хүмүүсээр бялхаж байна гэж хэлж болохыг үгүйсгэмгүй. Өөрөө бусдыг “хайрлах” бус, хэн нэгэнд “хайрлагдах”-ыг л хүсч нэхэх хүмүүс олширсоор байна.

Тэгэх мөртөө бусдын сэтгэлийн гүн рүү өнгийе ч гэхгүй, бусдыг ч өөрийнхөө сэтгэл рүү өнгийлгөхгүй гэнэ. Гар утаснаасаа салахгүй зүүгдэх нь “бусадтай холбогдмоор байна” гэсэн төрхийг илэрхийлэх авч, нөгөө талаараа “бусадтай нүүр тулан уулзахаас аль болох зайлсхийх” бодлыг нь илчилнэ.

Эд хогшил, мэдээ мэдээлэл нийгэмд бялхахын хэрээр, хүн тус бүртээ өөрийн дур сонирхол, амьдралын хэмнэлийг бүрдүүлэх болж, түүнээ дагаад бусдад хүлэгдэж, бусдад нийцүүлэхээс зайлсхийх сэтгэлзүй түрж ирэв. Нэг ёсондоо, хувь хүмүүсийн эрин үе, би л хамгийн эрхэм гэх цаг үе айлчилан ирж, хүний зан араншин өрчлөгдөж ирсэн мэт санагддаг.

Энэ бол зөвхөн өнөөгийн залуучуудаар хязгаарлагдах яриа бус, өмнөх үеийнхэнд ч хамаатай. Ардчилал ямар ч цензургүйгээр цутгаж, мөнгө бүхнээс дээгүүр заларч, тансаг ресторан үнэтэй бэлгийн хариуд хээв нэг секс захиалах сэтгэхүй хэвийн норм болсон. Үүнийг яаж ч бодоод “хайр”-ыг “материал”-тай хольж хутгаад байна гэхээс өөрөөр ойлгох аргагүй. Капиталист эдийн засагт өвч бүрхүүлсэн өнөөгийн Монголын нийгэмд “хайрын мөн чанар” улам бүр бүдгэрэн буй нь бодит үнэн биз ээ.

Сүүлийн үед эсрэг хөдөлгөөн ажиглагдаж “Материаллаг баялаг бол хүний аз жаргал биш. Социализмын хуучин цагт тарчиг ядуу ч гэлээ, тэнд жинхэнэ хайр байсан юм шүү” гэлцэн ихэд үнэмшилтэйгээр хүүрнэн ярих хүн мэр сэр анзаарагдах болсон ч, хэзээ ч үзэж хараагүй шинэ үеийнхэнд тийм юм ярьлаа гээд чихэнд нь үлдэх учир үгүй нь тодорхой. Энэ бол ердөө л хөгшдийн хуучнаа санагалзсан хоосон зөнөглөлөөс цаашгүй.

Шилжилтийн нийгмийн алдагдсан үеийнхэнд “Баян боллоо гээд гарцаагүй жаргахгүй шүү дээ” гэж хэлээд тусыг олох уу гэвэл үгүй. Өчигдрөөс илүү өнөөдөр, өнөөдрөөс илүү маргааш хэмээн өөдрөгөөр тэмүүлэн байсан тэр зурвас үе нэгэнт алдарч, ялангуяа сүүлийн 10 гаруй жилд бараан гутранги цаг үргэлжилсээр байна. Ийм цаг үед хүн болон ухаан орсон залуус “Хуучны сайхан цагийг буцаан авчиръя” гэсэн яриаг хөгшчүүлээс сонсоод утгыг нь ч ойлгохгүй, ойлгосон ч мэдэрч чадахгүй биз.

Гээд, үүнийг тонгоруулан авч, сайны зөгнөл гэж харж болохыг үгүйсгэх үндэсгүй мэт. Цөхөрсөн цаг үеийн бүтээгдэхүүн учраас, чухам тэд л шинэ үнэлэмжийн хэмжүүрийг хэнээс ч илүүтэй хүсэмжилж байх учиртай. Бодит байдал дээр өрөөндөө бүгэн компьютер тоглож, гар утсаараа тоо төдий найзууд цуглуулж, гадагшаа бус дотогшоо чиглэсэн векторууд мэт харагдах хэдий ч, ажиглах өнцөгөө 180 хэм эргүүлж харвал, бусад шиг манарталаа тархиа угаалгаагүй тэд залуус хэнээс ч илүү цэвэр нийгмийг хүсч, жинхэнэ хайр тийш чиглэх бүрэн боломж бий гэж санагдана.

Тэгээд чухам түүний төлөө шинэ үеийн залуус жинхэнэ хайр гэж юу болохыг одооноос хичээнгүйлэн суралцаж авах шаардлагатай юм. Хайрын мөн чанарыг анзаарахын тулд, эндүү хайрын хэлбэрүүдийг юун түрүүн мэдэж авахгүй бол болохгүй. Фромм хайрын тухай онолоо тайлбарлахдаа эхлээд эндүү хайр, өөрөөр хэлбэл “бүтээмжит бус хандлага”-д анхаарлаа хандуулсаны учир ч бас үүнд байсан билээ.

Үргэлжлэл бий.