2000 онд МАН 72 санал авсаныг хараад уйлах шахаж билээ. 6 –р ангийн хүү өдөр тутмын сонин уншаад улс төрийн тухай анхны ойлголт авсан нь “Одоо Монголд эрх чөлөө гэж байхгүй”. Тухайн үед яг хип хоп дууны эрин эхэлж байсан. Люмино, Дайн ба энх, Монтареп гээд л. Хип хоп дуу л тэр чигээрээ эрх чөлөө юм шиг, урьд сонсдогоос огт өөр утга “амьдралын үнэн” –ийг хүүрнэж буй ч юм шиг. Томчуудын сонсдог дуунууд хоцрогдсон эд. Тэгээд эрх чөлөө алга болчихно гэхээр хамгийн түрүүнд хип хопыг л хорих нь дээ гэж айв. Бас “Эргээд хагассайн өдөр хичээл ордог болох юм биш биздээ”, “Өнөө муухай социализм шиг хүний үг бүрийг дээрээс заадаг болохгүй байгаа...” энэ тэр маягийн юм бодоод амждаг бацаан. Басах хэрэггүй, үнэхээр тухайн үед тэгж л бодсон юм. Сонин их уншсаных л байх. Эрх чөлөө яасан эсэхийг мэдэхгүй, лав Эрх чөлөө хамтлагийг хориогүй араас нь Айс топ, Дижитал, Татар... гарч ирээд хип хопын хөгжил оргилдоо хүрч билээ.

2004 онд “Ардчилсан нам, хөгжил дэвшилд хөтлөөд явна” гэсэн уриатай плокатыг санаж байна. “Манай өвөө, манай аав МАН –г дэмждэг би ч МАН –д саналаа өгнө” гэж мөчөөрхөх найзтайгаа АН –г өмөөрч зодолдох шахна, ядаж миний сонгуулийн нас нэгээр дутчих нь хяслантай. Тэр сонгуулийн шөнө МАН –н Идэвхитэн дарга ТВ –ээр “Манай намын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй тийм дүн гарлаа...” гэхийг хараад жаахан баярлах ч шиг. Харин миний дэмжсэн АН –ын “Эх орон” эвсэл нь задарч, ардчиллын хэд нь “бүдүүн бүлэг” гэдэг МАН –н бүлэгт орчихож билээ. МАШСН гэдэг намын хөгийн гарууд л МАН –н захиалгаар эвслээ задалж АН –г өөр аргагүй боллоо гэж сониноос уншсандаа итгэсэн юмдаг.

2008 оны УИХ сонгуулийн шөнө хөлбөмбөгийн европын аваргын финал таарсан юм. Найзуудтайгаа Испани Германы шигшээ тоглолтыг үзэж суулаа, шөнийн 4 цагт. Тоглолтын завсарлагааны 15 минутанд С1 ТВ –ээр “Архангайд 3-0, Хөвсгөлд 4-0, Өвөрхангайд 3-1 ээр АН ялж явна...” гэдэг мэдээ сонссон залуус гоол орсоноос илүүтэй хөөрөн баярлаж байлаа. Нээрээ шүү, үнэхээр л бүгдээрээ баярласан, танихгүй залуус хоорондоо тэврэлдсэн. Магад 2008 онд АН –ын нэр хүнд залуусын дунд түүхэндээ байгаагүй хамгийн өндөр байсан. Тэгсэн өглөөний мэдээгээр АН ялж явсан сайхан дүн нь алга болоод, Элбэгээ дарга “Эд луйвардчихлаа... ингэж мэс засал хийдэг байхгүй юу...” гэж зарлаад... 7 сарын 1 бол 1990 оноос хойш тохиосон хамгийн том жагсаал. Өнөөгийн захиалгат, мөнгөний жагсаалтай харьцуулашгүй жинхнээсээ олон хүн очсон нь харин үнэн юм шүү (даанч хэтрүүлээд сэвчихсэн). Онц байдал зарлаж ганцхан ТВ –ээр солонгос кино гарахыг хараад үнэхээр хөгийн санагдаж билээ. Их сургуулиа төгсөөд элдэв шалдав юм боддог, ид нийгмийг шүүмжилж шинэлэг юманд дурладаг нас. Байраа шатаалгасан МАН хэдийгээр 45 суудалтай ч АН –тай хамтарч ЗГ байгуулсан. “МАН –ын балиар юмнууд булхай хийсэндээ бантаж АН –д буулт хийлээ..” гэж л бодсонсон. Нээрээ тухайн үед МАН биш АН 45 суудалтай байсан бол яах бол?

2012 он. Арай 2008 он шиг биш ч залуус АН –ыг илүү дэмжсэн юм. Сайхан байнаа, сайхан бонд гаргаж байна, сайхан замууд тавьж байна, ДЦС –үүдийг өргөтгөж байна, байрны зээл олгож байна.. дэлхий даяараа л хямарч байгаа учир хямрал АН -аас болоогүй. Эх оронд ийм сайхан бүтээн байгуулалт хийгээд байхад л би болон миний эргэн тойрны нөхөд маань цэцэглэдэггүй ээ, бидний л муугийнх юм байлгүй дээ.. Гэтэл ганц манай найзууд биш юм байна. Айл бүхэнд ажилгүй хоёр хүн хэвтэж байгаа бололтой юм, дэгс хэлэхэд хэдэн тэтгэвэрийн хөгшидийн нуруун дээр л сүүлийн гурван жил энэ улс тэсч буй бололтой. 10 хүнтэй товхийсэн компанитай байсан нэг танил маань солонгосын визэнд орж гэнэ, дүүрэн очер. Солонгосчууд ч бөхөлзөх тусам гэдийдэг зантай хойно “Таван толгойн ажилчид”, “Банкны зээлтэй хүн” –д виз олгохгүй гээд самбар хадчихсан байна л гэнэ, 21-р зуун гэхэд мөн муухай доромжлол юмаа. Эртээд нэг такси барьлаа, жолооч нь “манайхан ч бүгдээрээ халтуурандаа явж байгаа даа, орой доо бөөндөө уулздаг юм” гэв. “Танайх такси компани уу?” гэхэд “Үгүй ээ манайх барилгын компани”. Нам засаг цэмэнтийн үйлдвэр босгож байхад тэр муу барилгын компани хэнд хамаатай юм бэ тийм ээ? Эргэн тойрон бүгд л хямраад байдаг, гэтэл цагийн хүрдээр улс эх орон хөгжин цэцэглэж буй тухай яриад л. Хамаа алга, бид л арчаагүй дээ ингэж явна – манай АН ирээдүйгээ харж Хөшигийн хөндийд онгоцны буудал барьж байхад бидний хямрал юу юм бэ?
 
“Шүдээ зуу, хямрал бол боломж” гээд л найзуудаа сэнхрүүлдэгсэн. Саяхан нэг найзтайгаа шил юм мултлав. Компани нь цалингаа өгөхгүй 3 сар болж гэнэ, хүүхэд нь хатгаа аваад эмнэлэгт хэвтүүлэх гэсэн нуль очер. Найз үнэхээр бухимджээ,

-Одоо би гараад л алалцмаар байна

-Юуны эсрэг?

-Мэдэхгүй ээ, ямартай ч ийм байж болохгүй. Үнэхээр тэсэхээ байлаа

-Хаха тэгээд хувьсгал хийх юм уу?

-Тэгсэн ч яадаг юм.

-Сири, украйн шиг болох гээд байгаа юм уу?

-Хамаа алга. Тоглоом ч үгүй яасан ч яадаг юм одоо ер нь.

-Чи тэмцлээ гээд тэр олигархууд чинь гадагшаа зугтаад л явчихна, жирийн хүмүүс л хохирно.

-Жирийн хүмүүс надад ямар хамаатай юм бэ. Анхаа хөгшөөн тэгээд чамд өөр яг ямар арга байгаа юм бэ? Ингээд л яваад байх юм уу? Би лав одоогийнх шигээ баймааргүй байна. Зүгээр л алалцмаар байна...

Олноороо гадагшаа явж буй залуусын тухай сонсож залхаад нэг их тоохоо болиод байсан юм. Харин хувьсгал хийхэд бэлэн энэ найзынхаа үгэнд үнэхээр цочирдов, өмнө нь ийм хүн байгаагүй шд. Яахав жаал бухимдал, 100 татсаны дараах хөөрөл байсан байх. Гэхдээ л угсармал байранд амьдардаг эдийн засгийн магистр зэрэгтэй, дундаж айлын хүүхэд ингэж ярьж байхад бүр хэцүү амьдралтай хүмүүс нь ямархуу бодол дотроо тээж яваа бол? ТВ дүүрэн хувьсгал ярьсан солиотой хүмүүсийн үгс ийм ойрхон хүрээд ирсэн гэж үү?

Хятадад ургац муу жил л бослого үймээн гардаг байжээ. Манжийн хаад юу юуны түрүүнд тэнгэр бурхандаа ургац сайн байгаасай гэж залбирдаг байв. Амьдрал нь хэвийн явж буй ард түмэн улс төр сонирхдоггүй. Харин сүүлийн 4 жил бид улс төрөөс өөр юм сонирхсонгүй, үзэх хэрүүл ч уйдаахгүй их. Товчхондоо бид “ургацаа” алджээ. Ийм үед АН тасралтгүй 4 жил хоорондоо хэрэлдэв, бүр сонгууль эхлэхэд 2 сар дутуу байхад ч шинэ сэдэв гаргаж ирэн зодолдов. 1996-2000 онд Энхбаяр самраад л 4 засаг солигдож гэдэгсэн, гэтэл 2012-2016 онд Энхбаяр туслаад байхад л 2 засаг солигдож гэнэ. Хаа сайгүй ажилгүй, завтай, ууртай хүмүүс. Ядаж гадагшаа явсан хэд нь бас тэндээ зүгээр суучихгүй сошиал мэдиагаар тэмцэлд турхираад л (та нар анзаарсан "босооч Монголчуудаа", "Гараад алалцаач" гэж уриалагсад ихэнхидээ гадаадаас тэгж бичдэг). Юуны ч төлөө яахад ч бэлэн масс бүрэлдэж, Хятадад уул уурхайн өр худалдаж авдаг компани байгуулагдаад л, манай улсын өр тартагтаа тулаад л, намуудын рэйтинг улам унаад л. Сири Украйн шиг болно гэхээсээ өмнө нь эрхбиш айдаг байсан бол одоо айхгүй ууртай хүмүүс гараад ирж.

Дубай шиг болох мөрөөдөл ойрын 10 жилдээ худлаа болсонтой эвлэрэе. Одоо бол 4 жил засаг нь тогтвортой ажиллачих, хэдэн том төслөө хэрүүл уруулгүй урагшлуулчих, эдийн засгаа аятайхан авч яваад өрөө дарчих институци л хэрэгтэй. Хоёр намын муу муухайг бүгдээрээ л мэднэ, “нам гэж байхгүй болсон, нам дамжсан бүлэглэл л бий.. бүгд дампуу” олон яриа нь дүүрчээ. Хоёр нам ялгаагүй болсон гэдэг ч яг ажиглабал хэдэн ялгаа бас байнаа. Жишээ нь сошиал орчинд МАН –ын залуус намаа муулдаггүй бол АН –ын залуус дарга нь л биш бол нам хамаагүй хэнийг ч муулна. МАН –ын дарга нь эрхбиш намаа гэж боддог бол АН –ын дарга фракцаа л боддог. Хамгийн гол нь МАН ялсан ч ялагдсан ч байгаагаараа л байдаг. АН харин сонгуульд ялагдахаараа газрын гаваар орж, ялчихаараа тэнгэрт хөвөөд гарчихдаг. Муу муухай ихтэй ч МАН нь нам гэдэг утганд арай ойртсон институци ч юмуу даа. АН бол баян том "Төрийн бус байгууллага" шиг л, бусад жижиг намууд АН-ын жижигрүүлсэн хувилбар. “100 авлигачийг талбайд цаазлая”, “цуст хувьсгал хийе”, “мафи байхгүй болохоор төр нь давраад байна уу”, "Улаанчулуутын иргэдээ Зайсан уруу дайрая", "Сонгууль бүү өг" гэх мэт элдэв дургүй хүрмээр үг чулуудах оркуудын арми сэргэж, улс даяараа өрөндөө баригдчихсан үед яах ёстой юм бол? Хятадын комунист нам ч дотроо улаан хэрүүл, Си Жин Пин нь намын хурал дээрээ илтгэл тавих гэж гар нь чичирдэг гэнэ билээ. Дотроо зөрчилгүй нам гэж дэлхийд байхгүй, гол нь тогоон доторхи хэрүүлээсээ болж улсаа самрахгүй л байх хэрэгтэй биздээ. "Өөдрөг хүн олон муу юмнаас арай гайгүй мууг нь сонгож чаддаг, гутранги хүн алийг нь ч сонгож чадахгүй бүгдтэй нь үлддэг" гэж үг байдагсан даа...