“Миний мэдэх “ЖЕНКО” БАТТУЛГА” номын үргэлжлэл


АРВАН ЗУРГАА ДУГААР БҮЛЭГ

2016 оны 2 сарын 8-ны даваа гараг
           


Тэднийд гурван номоо барьсаар хүрч очвол
Х.Баттулга өнөөх “женко даавуу” гэх нэртэй болсон хар цоохор даавуу дээлээ өмсчихсөн гэрийнхээ гадаа бараг унадаггүй «RR” машинаа сойчихсон цагаан сарын өнгө орчихсон хүн хүлээж байлаа.

Тэрээр удахгүй яармаг явж ээж дээрээ очиж битүүлэх гэнээ.
-За явсан нохой яс зуунаа гэж ганзага хоосонгүй л ирээ биз дээ… Шамбалыг хоёулаа сонгууль өнгөрөөд гаргая даа. Энэ их хийрхэл дунд ойлгох ч үгүй биз, бас энэ одоо ерөнхийлөгчийг муулж байгаа болгоныг намайг зохион байгуулаад байна гэж бодоод байх шиг байна…хэмээн  миний түүнд зориулж явахдаа авсан номнуудыг авч эргүүлж харах зуураа санаа алдан хэллээ.
-Хойд Солонгос их хачин орон билээ. Гэхдээ тавин жил дэлхийгээс тусгаар хавчилганд байгаа мөртлөө энэ зэрэгтэй өөрийгөө аваад явна гэдэг л бас их арга ухаан шүү?
-Харин тийм 24 сая хүнийг цэрэг шиг хувцаслаад хооллоод байдаг… гэхдээ өлсгөлөн тийм болохоор би үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа тэдний мал аж ахуйг өөд татаж өгъе хариуд нь далайн боомтыг ашиглая гэсэн гэрээ хийсэн юм. Орос Хятад хоёрын хил дээр Чонжин гэж боомт байгаа. Манай төмөр замтай их ойрхон…Уг нь их сүрхий гэрээ байсан.
-Тэгээд яагаад больчихсон юм бэ?
-Яахав би сайдаа болиод л тэрийг ойлгох хүнгүй…
   
Тэдний гэрийн хананд маш том, чамин хийцтэй 13 р зууны үеийн  Их Монгол улсын газрын зураг өлгөөтэй байлаа. Би өнөөх газрын зургийг харж хэсэг болоод энэ номын турш ярьсан Масон буюу дэлхийн нууц засгийн газар 18 р зуунд үүссэн байдаг. Гэтэл Хубилай хаан Хятадыг бүрэн эрхшээж бүр Индонези хүртэл нөлөө хүрээгээ тэлж байжээ гэж …
-Гайхалтай шүү!  Батын Алтан Ордны улс улам өргөжин Европыг чичрүүлж, Хүлэгүгийн Ил хаант улс Ойрхи дорнодыг бүхлээр нь хянаж, Цагаадайн улс түүний угсаа орыг залгамжилсан Их Могол улс Энэтхэгийг эрхэндээ  оруулсан Eвро-Азийн агуу их эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан байлаа.

Магадгүй бид японыг эзэлсэн бол бас тэгээд колончлох бодлого явуулсан бол өдийд дэлхийн хэл англи биш Монгол хэл байх байсандаа гэж хаяа боддог юм…гэж хэлээд газрын зургаа ширтэв.



-Хубилай тэхэд 140000 цэрэг эрс бүхий 4400 усан онгоцтой флоттой байсан байдаг. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том усан флот манай мэдэлд байж. Манай хуурай газар нутаг ийм том тэгээд бас далайн эзэмшлүүдтэй байж шүү дээ. Нөлөөнийх нь хүрээ бол одоо ч давтагдаагүй байна гээд би зургийг заалаа.
-Тэгээд  далайн хүчирхэг флот байгуулдаг чинь яг өнөөх Масоны тэмүүлээд байсан  колончлолын тухай түрүүлж сэтгэсэн хэрэг шүү дээ. Ер нь бид их ухаалаг улс байсан. Бүр Хүннүгийн үед коксжих нүүрсээр  төмрийн хүдэр хайлуулаад метал хийж байсан байдаг. Хүннүгийн тууриудаас үүнийг нотлох олдворууд олддог. Төмөр хаслах буюу зэврүүлэхгүйн тулд тусгай аргаар харлуулдаг аргыг ч мэддэг хэрэглэдэг байж. Цонжин болдогийн доод мүзейд зөндөө байгаа…Энэ чинь одоогийн хэлээр технологи биз дээ. За хүрлээр бол ёстой тоглож байсан нь өчнөөн төчнөөн хүрэл олдворуудаас харагддаг. Харин  арван тавдугаар зууны үеэс европ ган хийж эхлээд хүчирхэг далайн флотууд байгуулаад, шинэ газар орныг нээх зорилготой хол замын усан аялалуудыг санхүүжүүлэн олон газар орны баялагыг өөрийн болгож улмаар огцом хөгжлийн замд орж дийлдэхээ байсан. Энэ нь үнэндээ Юань гүрний мэдлэг ухаан тэнд хүрч очсоноос л үүдэлтэй гэж хэлж болно. Марко Поло л нүүрс гэдэг юм байдаг гэж европчуудад анх хэлж өгөө биз дээ.  Харин тэр үеэс манайд  хаан ширээ, эрх мэдлийн төлөөх зөрчил  тэмцэл цадигаа алдаад улсынхаа хүч чадлыг доройтуулж эхэлсэн.  Ашидхэв хаан 1328 онд наймхан настайдаа хаан суугаад  тэр жилдээ хорлогдсон бол түүний дараа 1329 онд хаан ор суусан Хүслэн хаан гэхэд л 20 хоног л хаан ширээнд суугаад алуулж байсан муухай цаг үе юм. 1320-1332 он хүртэлх 12-хон жилийн дотор 7 хаан солигдож байсан түүх байна.
-Яг энэ хооронд европ босоод ирсэн байдаг...
- Хэрвээ бид тэхэд дотоодын зөрчил тэмцэлдээ идэгдэлгүй алсыг харж улсынхаа хүчирхэг байдлыг хангаж чадсан бол бүх дэлхий манайх л байх байлаа.
   
Ёстой дэлхий монгол хэлээр ярьж байх байсан байх.  Олон газар орон жүнгли  л байсан шүү дээ. Аборигени гэж дохиогоор ярьдаг хэл байхгүй зэрлэгүүдийн улсууд Австрали тив болон далайн арлуудад тэр аяараа л байлаа
-Бүр 1920 онд тэднийг хүний тоонд оруулсан гэж байна шүү дээ.
-Уур ч хүрмээр, инээд ч хүрмээр…Бид эдүгээ дэлхийд ноёрхлоо тогтоохыг оролдоод байгаа Масоноос том анхны тив дамнасан их эзэнт гүрэн  байгуулж, тэр гүрний хууль ёс, дэг жаягийг тогтоосон атлаа хоорондын зөрчлөөсөө болоод л жижигрэн бутарч бусдад хамаг боломжийг өгсөн.  Масон гэгч асар их мөнгө хөрөнгө, эрх мэдэл хуримтлуулсан нууц бүлэглэл бий болоод дэлхийг эзэгнэн захирах их хүсэл өвөрлөж шинэ улс орнуудыг байгуулж бас нурааж өдгөө хүрч байгааг бид одоо анхааран харах цаг болж. Тэдний ард байгаа эзэд нь гэгддэг Рокфеллер, Ротшильд, Морган гэх мэт хэт баячууд өөрийн өв залгамжлалыг Чингис хааны алтан ургийн хүүгээс хүүд гэсэн зарчим дээр суурилсан гэж  судлаачид хэлсэн байдаг.
 
Тэд Английг сулруулах гэж АНУ гэж улсыг бий болгоод америк болон европыг дамнасан эзэгнэлээ бий болгосон. Одоо тэд дэлхийг хянахыг хичээж байна. Холбооны нөөцийн банк бол тэдний бүрэн мэдэлд байдаг өөрсдийнх үүсгэн бий болгосон банк. Дэлхийн банк, Олон улсын валютын сан бүгд тэдний гарт. Дэлхийн санхүү мөнгөний эргэлт тэдний гарт, хараа хяналтанд нь байдаг гэж хэлж болно. ХХ зуунд болж өнгөрсөн 2 том дайн,  Орос оронд гарсан 1917 оны хувьсгал, НҮБ, хүйтэн дайн, социализмын задрал, европын холбоо, өнөөгийн улс төрийн амьдрал, хямрал тэмцэл бүгд тэдний зохиосон сценариар  явагдсаан гэдгийг одоо олон орны судлаачид хэлж бичиж байна.
-Бүр Германаас Ленинг санхүүжүүлсэн юм билээ шүү дээ. Яагаад гэвэл хаант Орос маш хүчтэй авторитар дэглэмтэй орон байсан болохоор дотроос нь хувьсгал гаргасан. Одоо орсууд маш их бичиж байна. Сталин ч бас Масоны тэмдэг буюу энгэртээ гараа хагас хийдэг, Маркс ч бас тэгдэг яагаад гэвэл бас л Масонуудаас мөнгө авчихсан байсан…гээд бичих гэхээр хязгааргүй урт юм болчих гээд байдаг. Энэ ном бүүр 300 хуудас аль хэдийн давчихлаа…
-  Сандра Баллокын тоглосон “ Бидний бренд бол хямрал” гэдэг кинонд  2002 онд Боливийн улс төрч Педро Кастиллогын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ тусалж байгаа тухай гардаг.  Кастило ялсан ч тэр улсад “Олон улсын валютын сан” орж ирснийг мэдээд бослого гарч байгааг үзүүлж байна. Хямралын хэрхэн тарьдаг тухай... Гэтэл манайд 1990 онд зүгээр л орж ирээд  өнөөг хүртэл бид тэр сангаас хамааралтай хэвээрээ л байгаа...
 -Технологи гэснээс Хубилай анх цаасан мөнгө гаргаа биз дээ бас?
-Тэр бас их сонин түүхтэй юм билээ. Цаасан мөнгөгүй байхад хүн их баялагтай байж л дээ. Алт эрдэнэсээ халааслаад явдаг сүүлдээ багтахаа байхаар нь агуйд ч юм уу нуудаг. Тэрийг нь олоод булаасан нь хаан болдог. Ийм байдлыг мэдрээд хэр хөрөнгөтэй вэ гэдгийг баримтжуулсан цаасан мөнгө бодож олсон байгаа юм. Хубилайн Юан улсын үед цаасан мөнгө, банк, татвар хураалтын систем маш боловсронгуй болон хөгжиж тэрийг нь ази европын улсууд уламжлан авч хэрэглээд өнөөгийн байдалд хүрсэн.
    
Японы нэрт түүхч Окада Хирохито, 1206 онд Чингис хаан нэгдсэн Монгол улсыг байгуулсан нь дэлхийн түүх мэндэлсэн хэрэг байлаа гэж бичсэн нь үүнтэй холбоотой гэж боддог.   Ер нь чи боддоо халуун зэвсэг гарахаас өмнө манайх төмрийн хүдрээ коксжих нүүрсэнд хайлаад төмөр хийж байхдаа ялж байж. Энэ мэдлэгийг европ уламжилж аваад  арван зургадугаар зуунаас тэд ган хийдэг болоод уурын хөдөлгүүр бүтээгээд, санхүү мөнгөний нэгдсэн системийг нэвтрүүлээд,  хөгжиж хүчирхэгжсэн байгаа биз. Дээр нь газар зүйн их нээлт байна. Үнэндээ бол америкийг нээсэн Христофор Колумб чинь Марко Пологийн мөрөөр л явж Энэтхэг,  цаашлаад Монголд л очих зорилготой аялалд гарсан шүү. Нөгөө луужингаа сайн мэдэхгүйгээсээ болоод төөрч яваад америк тивд хүрсэн.
    
Энэ газарзүйн нээлт, европын дахин сэргэлт, аж үйлдвэрийн хувьсгал, колончлол гээд хожим дэлхийн түүхийг үндсээр нь өөрчилсөн сайн, муу бүх л үйл явц Монголчууд, тэдний байгуулсан Их гүрэнтэй шууд холбоотой. Испани, Португаль, Англи газрын зураг дээр өчүүхэн орон мөртлөө ямар агуу колончлогч орнууд боллоо доо. Технологи…


  
-Харин ингээд бодохлоор л чиний яриад байгаа Сайншандын гангийн үйлдвэр тийшээ чиглэсэн төмөр зам бүгд бизнес гэхээсээ хөгжил харагдаад байгаа юм даа. Энийг би ном бичих явцдаа л сайтар ойлголоо.  Уг нь сайхан амар сайхандаа жаргав гэж төгсөх гэхээр л нэг юм болчихоод байх юм даа…
- Харин энийг чинь бизнес гэж хараад улсын мөнгөөр баяжих гээд байна гэж хардаад, хавчаад эхэлсэн хэрэг шүү дээ.
-Бид их юм мэдэхгүй байнаа. Өөрсдийнхөө түүхийг сайн мэддэггүй дэлхийн  түүхийн өрнөл, хандлагыг мэддэггүй. За энэ Масоны тухай яриаг магадгүй  их олон хүн анх л сонсож байгаа байх.
-Газар зүйн бодлого, баялаг хуримтлуулах, түүнийг олох, хадгалах, баялагтай газар эрх мэдлээ тогтоох тэмцэл л явж явж бүх дэлхийн хамаг юмны үндэс байгаад байгаа биз дээ. Бид яахав дэлхийг өнгөц мэдэж болноо. Гэхдээ ядаж хөрш Орос, Хятад хоёрыг маш сайн мэдэж байх хэрэгтэй болоод л чи бичээд, би яриад байгаа хэрэг шүү дээ. Хубилай хаан хуурай газрын л хаан байсан. Харин эрх мэдэл, нөлөөгөө тэлэхийн тулд далайд ноёрхох хэрэгтэй гэдгийг мэдрээд Япон руу довтолсон. Өнөө үед Номхон далайд, Атлантын далайд, Энэтхэгийн далайд хэний хөлөг онгоц илүү явж байна гэдгээр хүч чадлын хэмжүүр хийж байна шүү дээ. Одоо яагаад дэлхийн засгийн газрыг байгуулахыг мөрөөдөгчид буюу Бильдербергийн бүлэг, Гурван этгээдийн комисс гэх мэт хаалттай байгууллагууд Португал, Испани, Грекийг дампууруулаад байгаа юм бэ гэвэл, эдийн засгийг нь хямруулаад Арабыг, Африкыг контрольдох л гэж тэр шүү дээ.

Газрын зураг харахаар хаашаа ч холбогдож болох яг түшиц газар болоод тэр. Одоо баруун европ руу цагаачдыг оруулаад айдас бий болгоод европын холбоог цагаачдын эсрэг тэмцэх газар болгож байна. Яагаад гэвэл Дэлхийн засгийн газар байгуулах бодлогыг АНУ л хэрэгжүүлж байна. АНУ бол хэт их гүрэн, гэхдээ Их Монголын эзэнт гүрэн шиг нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эзэнт гүрэн импери биш. Харин тийм болохын төлөө тэмцэж байна. Нийтийн айдас бий болгож байгаа хэрэг. Сири Ливан гэх мэт улсад дайн гаргаад баахан дүрвэгсэдийг европруу оруулаад нийтийн дайсан гэсэн нэгдсэн айдас үүсгээд европын холбооны парламент дээр асуудал гаргах санаатай юм шиг байгаа юм. Энэ бүгдийн ард баялгын төлөөх санаархал, түүнийг ямарч үнээр хамаагүй олж авах түрэмгий бодлого, үр дүнд нь дэлхийг хуваарьгүй эзэгнэн захирах хүсэл эрмэлзэл бүхий хэдхэн баячууд л байна. Тусгаар улс орнуудын эрх ашиг гэж энд огт падгүй. Бид энэ тэнхлэгт баялагтай улсын хувьд өөрийн эрхгүй татагдан орчихоод байнаа.



 Масон алсдаа тусгаар тогтносон өөр өөрийн эрх ашигтай олон улс орныг захирах гэж зоволгүй бүс нутгийн нэгдэл хэлбэртэй байгуулагдсан таван улстай л харьцдаг болно гэж мөрөөдөж байна. Зарим ном бүтээлд Азид японоор толгойлуулсан, Европт Англиар толгойлуулсан тэгээд АНУ гэсэн 3 бүс нутгийн нэгдэл бий болгож түүнийг Дэлхийн засгийн газар гэдэг байгууллага удирдана гэж бичиж байна. Ази, Африк, Хойд Америк, Европ…Азийн холбоо удахгүй бий болно бусад нь бараг л болоод байгаа. Чи энэ тухай өмнө зөндөө бичсэн дээ энэ номондоо.
-Азийн холбоог бодвол Хятад л толгойлно доо?
- Хятад гол орон байх ч толгойлогч болгох сонирхол тэдэнд байхгүй. Харин Хятад орон өөрийн эргэн тойрныг нэгтгэсэн, далайд хүчирхэгжсэн, цэргийн хүч чадал бүхий шинэ Хятад улсыг бий болгоно гэсэн төсөөлөлтэй байгаа юм шиг байгаа юм. Энэ гортигт нь бид орчихоод байгаа нь бидний хувьд гол толгойн өвчин гэж би бодоод байдаг юмаа. Монголын эрх ашиг гэж байхгүй болно шүү дээ.   АНУ, Клинтоны үед хятадыг дэлхийн худалдааны нийгэмлэгт оруулаад баахан Хятад бараа таваар Америк руу гаргаж эдийн засгийг нь хөөргөөд одоо болохоор хөөснөөс нь салгаж буулгаад улмаар дотоод хямрал үүсгэнэ.
    
Хэдийгээр АНУ БНХАУ хоёр сайн харилцаатай мэт харагдаж байгаа боловч цаагуураа асар том зөрчил сөргөөлдөөний гал дотор байна. АНУ хэзээч хятадыг нөхрөө гэж харахгүй, өрсөлдөгчөө гэж харна, дайснаа гэж харна, сулруулахыг хүснэ. Сулруулах ганц гол арга бол дотоодод нь хямралт байдал бий болгох л шүү дээ. Дотооддоо хямарсан ямарч том улс нуран унадагыг Монголын маань жишээ бэлхэнээ харуулсан. Дотоод хямралдаа идэгдээгүй бол Монголчууд харин шамбалыг бий болгож чадах байсан байх.
       
РАХ МONGOLICA гэдэг хэллэг чинь үнэндээ агуу их амар амгалангийн орон шамбалын орон л гэсэн үг шүү дээ. Бид тийм төр ёс, дэглэм журмыг бий болгож чадсан дэлхийн цорын ганц ард түмэн. Гэтэл одоо жижгирч, чадал хүчин доройтсон хэрнээ л дотоодын ужиг зөрчилдөө идэгдээ л өчүүхэн хувийн эрх ашгаа улс орныхоо эрх ашигтай хольж хутгаад л байна. Ийм байгаад байх юм бол бидний сайн сайхан мөрөөдөл, нөгөө их уламжлалт соёл, түүх, зан заншил тэр байтугай Монгол гэдэг нэр  үлгэр домог л болж үлдэнэ. Юун шамбалыг мөрөөдөх.
 
Гэтэл их гүрнүүд хүчирхэг хятадыг бий болгохгүйн тулд  тэдний дотоодод  хямрал үүсгэх  боломжит газрыг умардын гурвал гэдэг юм байна.
   
Өвөр Монгол, Манжуур, Үрэмчи. Энэ   гурван цэгт зэрэг хямралт байдал үүсвэл Хятад яалтчгүй хямрана.  Жишээ нь Бээжинг яагаад Шанхайруу ч юм уу хөгжилтэй дулаан газар руугаа нүүлгэдэггүй өнөөх хамаг гангийн үйлдвэр байдаг утаатай Хэбэй мужынхаа хажууд байлгаад  байдаг вэ гэвэл энэ гурвыг хянахад л  ойр байгаа  нутагт нийслэлээд байгаа хэрэг шүү дээ. Яахав эртний уламжлалаа бодож байгаа байж болно л доо.



Түүх харвал хятадын үндсэн нийслэл нь өмнөд Сүн улсдаа л байсан. Одоогийн Ханжоу. Харин  Бээжин бол Монголчуудын бий болгосон хот. Монголчуудын нийслэлэж байсан газар. Манж нар өвлөж аваад  тэднээс өнөөгийн үе үеийн хятадын төрүүд өвлөөд л явж байгаа. Тэхдээ хятадын хувьд стратегийн амин зүрх газар нь. Хубилай бол энийг маш сайн мэдэж байж л дээ.
-Манайд харин тотворгүй байдал үндэстний мөргөлдөөн гарах нь харьцангуй тайван байх тиймээ?
-Харин ч үгүй шүү. Их Монгол улс бутарсны дараа халх ойрадын хоорондох хаан ширээний төлөө тэмцлийг яс хаясаар байгаад үл эвлэрэх зөрчил болгон хувиргаад эцэст нь манж нар манийгаа эзлээд авсан шүү дээ. Дээр бүлэгт түүхч Д.Өлзийбаатар та хоёр ярьсан байсан. Жижиг эрх ашгийн төлөөх тэмцэл яваандаа том эрх ашгаа татаад унагдагын жишээ энэ.
 
-Гэхдээ бас нэг зүйл байх юм. Хятад үргэлж дайсан дунд байгаа юм шиг мэдрэмжтэй байсаар ирсэн байдаг.  Одоо бас эргэн тойронд нь АНУ ын цэргийн баазууд  байдаг шүү дээ?
-Тийм л дээ. Монгол гэж хүчирхэг нүүдэлчин хөрш байсан учраас хятад гэж улс түмэн гэж бий болсоон гэж түүхчид бичсэн байдаг. Хэн хэнийгээ хурцалж,  бие биеэсээ хараат бус оршин тогтнохын төлөө тэмцэлдсэн хэдэн мянган жилийнхээ явцад бид бие биеэ бий болгож. Одоо бол нөхцөл байдал өөр болж л дээ. Тэд оршин тогтнохын төлөө Америк гэдэг хүчирхэг улстай өрсөлдөж байна. Америк ч хятадаас айж байна. Гэхдээ хил залгаа биш учраас түүний эргэн тойронд нөлөөний бүсээ бий болгохыг зорьж байна. Яг энэ хоёр эрх ашгийн дуран хараанд бид өртчихсөн хэн хэнд нь дурандуулаад л сууж байна. Тийм учраас л би Монгол үндэстний эрх ашиг буюу хараат бус хөгжлийн замаа олж тогтоох ёстой гэж хэлээд, хэрэгжүүлэх  гэж оролдоод мод хад мөргөөд яваад байна л даа.
- Ойлгож байгаа хүмүүс зөндөө л байгаа. Эхний номын борлуулалтыг харахгүй юу. Хүмүүс Баттулга гэж хэн бэ гэдгийг л мэдэх гэж хүсэж байгаагийн илрэл биш гэх үү?
- Байгаа байгаа. Би өөрөө ч мэдэрдэг. Гэхдээ намайг бизнесмен байсан болохоор тэр нүдээрээ харах нь олон болтой. Гэхдээ чи номоо их өвөрмөц бичсэн болохоор хүмүүс сонирхож байна гэж бодоод байгаа шүү. Би Монгол эх орондоо байж л хүн гэдгээ мэдэрдэг, аж жаргал гэдгийг мэдэрдэг. Гэхдээ баян орны баян иргэн байхыг хүсэж байна, монгол хүн бүр тийм байхыг хүсэж байна. Энэ бие, эд хөрөнгө мөнх юм биш шүү дээ. Эрхэм нэр ,бүтээсэн үйл харин мөнх оршдогийг бид түүхээсээ харж байна. Би энийг сайтар ойлгосон. Тийм ч учраас Монголчуудыгаа бурханы шашинт хүн төрлөхтний мөрөөдөл шамбалын орон шиг тайван жаргалтай, тэгш амгалангийн оронд амьдран аж төрж суугаасай гэж хүсдэг … ийм яриа болоод шинэ он гарч энэ номыг сонгууль өнгөрөөд хэвлүүлье дээ гэж тохироод гарсан билээ…


    
2016 оны 3 сарын 18. Баасан гараг

Цэргийн баярын энэ өдөр УИХын гишүүн Х.Баттулгын нарийн бичиг Г.Түвшинжаргал гэгч эмэгтэйг баривчлав. Тэрээр хөхүүл хүүхэдтэй нэгэн бөгөөд тэр өдөржин түүнийг цааш үргэлжлүүлэн хорих эсэх тухай шүүх хурал болж цахим ертөнцөөр нэг шуугиж өнгөрлөө. Энэ бүгдийг яг базаад хэлсэн нэг мэдээ Ийгл телевизээр цацагдсаныг доор сийрүүлье.

Ийгл телевизийн Хөтлөгч:

-Эрүүгийн цагдаагийн газрын  эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Ухаа худаг, Гашуун Сухайт чиглэлийн 225 км төмөр замын төслөөс 134 сая долларыг Баттулга, Гансүх нарын нэр бүхий таван хүн шамшигдуулсан тухай хэрэг үүсгэж Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Батзаяаг шалган байцаахаар  2015 оны 10-р сарын 31-нд цагдан хорьсноор эхэлсэн  шуугиант хэрэг 138 дахь өдрөө үргэлжилж байна.

Б.Лхагвасүрэн (Төрийн шагналт ардын уран зохиолч):

-Баттулгын хэрэгтэй холбоотой гэж хоёр хөхүүл эмэгтэй хүнийг баривчилсан тухай мэдээг телевиз, радиогоор сонслоо. Би бодлоо. Үрийнхээ дэргэдээс оргоод одсон эх хүн гэж хүн төрөлхтний түүхэнд сонсоогүй байх юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Түвшинжаргал гээд яаман дээр миний туслах байсан эмэгтэйг баривчилсан. Шүүх хурал нь одоо болж байна. Цааш нь сунгаж саатуулна л гээд байна. Сая бас дахиад “Түмэн хишигтэн” компанийн захирал Эрдэнэтуяа гээд эмэгтэйг баривчилчихлаа. Надтай бас арван хэдэн жил ажилласан бас л хөхүүл хүүхэдтэй.

Н.Мөнхбаатар (Г.Түвшинжаргалын нөхөр):

-Хүүхэд маань маш хэцүү байдалд байна. Ханиадтай хатгалгаатай. Одоо бүр яахаа мэдэхээ байчихаад л байж байна.

Сэтгүүлчийн асуулт:

-Гэрээс чинь юу юу авч явсан бэ?

Н.Мөнхбаатар (Г.Түвшинжаргалын нөхөр):

-Хоёр  айпад л аваад явсан. Та нар бичиг баримт байвал гаргаж өг гэсэн. Бид нарт ямар юмны бичиг баримт байх вэ дээ. Юу ч байхгүй. Тийм л асуудал болчхоод байна. Одоо хүүхэд бол маш хэцүү байна.

Закадр:

Хагас жил орчим энэ хэрэгт Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж УИХ-ийн гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг 3-р сарын 16-нд гэрээс нь байцаахаар авч яваад улмаар саатуулан хорьж хоёр өдрийн дараагаар Баянзүрх  дүүргийн анхан шатны шүүхээр 14 хоног хорих шийдвэр гаргуулан хорих 461-р ангид хорьжээ. Ийнхүү саатуулан хорихдоо ой гурван сартай хөхүүл хүүхдийг нь гурван настай хэмээн холбогдох албан тушаалтан нь төөрөгдүүлсэн мэдээ тараасан байж магадгүй байна.

Н.Мөнхбаатар (Г.Түвшинжаргалын нөхөр):

-Эх үх хоёрыг ингэж хагацааж болох уу? бид нар шалгуулахгүй гэж хэлээгүй байцааж болно. Заавал ингэж салгаж байж шалгадаг ямар харгислал вэ? гэж  гэж би бодож байна. Үнэндээ хэцүү байна. Өнөөдрийн энэ асуудал хэнд ч тохиолдож  магадгүй юм байна шүү.Би  янз бүрийн асуудлыг зурагтаар л хөндлөнгөөс  хараад л явж байсан. Өнөөдөр яг надад ийм асуудал тулгарахад маш хүнд байдаг юм байна. Хүн үнэхээр ойлголоо/ хоолой нь зангирав/. Хүний  эрхийн байгууллагууд үүн дээр дуугараач ээ гэж гуйж байна. Хүүхдийн эрхийг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан байгууллагууд дуу хоолойгоо хүргэмээр л байна. Үнэхээр ийм хүчирхийлэлтэй харгис нийгэм болчихсон юм уу. Миний хувьд нийгэмдээ маш их гомдож байна. Ерөнхийлөгчид ч гэсэн би хандаж хэлмээр байна. Та надтай адилхан эцэг хүн. Өнөөдөр над шиг ийм байдалд  байвал танд ямар сэтгэгдэл  төрөх вэ гэдгийн бас ойлгох хэрэгтэй. Эхнэрийг нь аваачиж хорьчихоод , хүүхдийг нь уйлуулаад байж байхад тэр хүнд ямар сэтгэгдэл төрөх вэ гэдгийг ойлгож бидэнд хүн гэдэг талаас нь эцэг хүн гэдэг талаас нь хандаач ээ. Маш хүнд байна аа.

Сэтгүүлчийн асуулт:

-Эхнэртэйгээ утсаар ярих ч юм уу, ямар нэг байдлаар холбоо барьсан уу?

Н.Мөнхбаатар (Г.Түвшинжаргалын нөхөр):



-Нэг ч удаа уулзуулаагүй. Өмгөөлөгчтэй нь хоёр удаа ирлээ. Уулзуулахгүй юмаа. Гурав дөрвөн цагаар хүлээх юм. Байж байж байгаад л хүүхэдтэйгээ цөхрөөд буцах юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга: /ЦЕГ-ийн дарга, хурандаа Р.Чингис даргатай утсаар холбогдов/

-Сайн байна уу? Чингис даргаа УИХ-ын Уянга байна.  Би мөрдөн байцаах газар дээр ирээд хэргийг нь мөрдөн байцааж байгаа Пүрэвдорж гээд хошуучтай сая уулзлаа. Би хэлсэн. Тэр хэрэг төвөг нь надад холбогдолгүй, хамаагүй ээ. Хүүхдийг нь хооллох асуудлыг яримаар байна аа гээд. Өмгөөлөгч нь бичгээ өгчихсөн байгаа юм. Та үүнийг нь шийд гэж хэлсэн. Би дээрээ даргатай хүн. Дээд газартаа мэдэгдэж байж асуудлыг ярина гээд байгаа байхгүй юу.

ЦЕГ-ын дарга, хурандаа Р.Чингис:

-Ямар дээд газартаа мэдэгдэх гээд байгаа юм бол доо?

УИХ-ын гишүүн Г.Уянга:

- Мэдэхгүй.

ЦЕГ-ын дарга, хурандаа Р.Чингис:

- Гарцынхаа дарга нараа л хэлж байгаа байх.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

- Надад бол  Ганц худгийнхны хэлснээр мөрдөн байцаагч нь зөвшөөрөл өгвөл хүүхдийг нь оруулдаг юм аа гэсэн. Мөрдөн байцаагч дээр нь очсон тэгээд энэ.

ЦЕГ-ын дарга, хурандаа Р.Чингис:

- Ойлголоо гишүүнээ. Ийм байна. Би ямар ч байсан дарга,цэрэг нарт нь үүрэг чиглэл өгчихлөө. Энэ хүмүүс үнэхээр хөхүүл ийм бол, надад хүмүүс чинь ой долоон сартай бор хоолонд орчихсон гээд байгаа юм. Тэгэхээр нь би бишээ тийм байж болохгүй, хүний ёсоор харьцах ёстой. Хөхүүлдэг бол хүүхдийг нь оруул,ямар ч  тохиолдолд хөхүүл хүүхэдтэй бол энэ хүмүүсийг дариу  гарга гэсэн үүрэг өгчихсөн байгаа шүү.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Тэгэхгүй бол үнэхээр болохгүй байна. Та бүр анхааралдаа авах хэрэгтэй байна.

ЦЕГ-ын дарга, хурандаа Р.Чингис:

- Би өөрийн зүгээс танд албан ёсоор хэлэхэд   заавал 14 хонуулахгүй болж өгвөл энэ долоо хоногт хурдан гаргаа гэсэн чиглэл өгсөн байгаа шүү.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

- Хэзээ асуудал шийдэгдэхээс үл хамаараад хүүхдийг хооллоо. Чингис дарга аа. Арай дэндүү байна.

ЦЕГ-ын дарга, хурандаа Р.Чингис:

- За тэгий тэгэе.

Асашёорюү Д.Дагвадорж:

-Энэ нөгөө энэрэнгүй нийгэм үү. Нөгөө ардчилсан систем нь хаана байгаа юм бэ? Хүн болгон ээжтэй, Хүн болгон эхнэр гэр бүл, үр хүүхэдтэй. Ингэж болж байгаа юм уу? Увиагүй үйлдлийнхээ төлөө ингэж хийж болдог юм уу?

Д.Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

- Ер нь байдал их сонин болоод байна. Монгол эхийн цагаан сүү шоронгийн шалан дээр дусах цаг ирсэн байна. Бид янз бүрийн зовлонг тэвчинэ л дээ. Гэхдээ ийм юмыг бол арай тэвчихгүй ээ Монголчууд.

Б.Лхагвасүрэн (Төрийн шагналт ардын уран зохиолч):

- Хөхүүл эмэгтэй хүн гэдэг чинь хэцүү шүү дээ. Дээл хувцсаа нэвтэртэл сүүгээ асгаад л, үр хүүхэд нь ангаж цангаад л. Нялх амьтад, үрд амьтан хэцүү байгаа байх гэж ......

Д.Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

- Монгол эхийн цагаан сүү шоронгийн шалан дээр дусаахгүй ээ.

Б.Лхагвасүрэн (Төрийн шагналт ардын уран зохиолч):

- Монгол гөрөөчин хүн бол хөхүүл шаргачинг хүртэл бууддаггүй юм шүү дээ. Үр амьтныг хагацаахгүй гэж. Эх хүн бол оргож зайлаад хаачих вэ дээ. Хуульд чинь бас гэрийн хорионд хийх, батлан даалтад гаргаж тухайн үед нь байцааж, шалгах олон л аргачлалууд байдаг шиг санах юм. Тэгээд  юунд ингээд барьж хорьж байгаа юм бол доо гэж их шархирч бодлоо.

Д.Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

- Тэр эх хүнийг хүүхэдтэй уулзуул, хамт гэрт нь гарга. Тэр хорих цагдах төрийн хуулиа ярьдаг юм бол хаалган дээр нь очоод манаад зогсооч дээ. Тэр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй  дээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга /Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай утсаар ярив/:

-Р.Чингис дарга тэгж хэлж байгаа байхгүй юу өөдөөс.

Д.Дорлигжав (Хууль зүйн сайд):

-Р.Чингис дарга надад хэлэхдээ наад чинь худлаа хэлж байгаа юм аа наад чинь гурван настай   хүүхэдтэй гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

- Хууль зүйн сайдад хүртэл худлаа мэдээлэл өгсөн байна шүү дээ тэгвэл.

Д.Дорлигжав (Хууль зүйн сайд):

-Тийм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Яаралтай арга хэмжээ ав. Та нарын бичиг цаас хамаагүй хүүхэд хоолло гэж хэллээ. Арга хэмжээ авъя гэж байна. Тэрэн дээр нь хэдүүлээ анхаарал тавихаас.

Д.Дорлигжав (Хууль зүйн сайд):

-Тийм-ээ. Тэгээд наадахыг чинь баталж байдаг прокурор, шүүхийнхэн бүгд л нэг төвшинд байна. Наад шаардлагыг чинь хаана тавих ёстой юм дээ байз. Цагдааг нь яахав Чингис гээд явчихдаг юм байгаа биз

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Шүүх рүү хандах уу?

Д.Дорлигжав (Хууль зүйн сайд):

- Гол нь энийг хориулъя гээд мөрдөн байцаагчийн саналыг прокурор шүүх дээр аваад орно шүү дээ. Түүнийг аваад орж байгаа прокурор бол прокурор л байгаа байхгүй юу. Түүнийг нь баталж байгаа шүүгч нь ч гэж шүүгч. Тэгэхээр одоо яамаар юм бэ дээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Системээрээ гажуудчихсан байна шүү дээ. Ямар ч байсан хүүхдийг хөхүүлэх асуудлыг өдөр бүр цаг алгасалгүй шийдэх хэрэгтэй байна. Ядаж байхад хүүхэд нь ханиадтай байгаа юм байна. Ээжийнхээ мээмийг хөхөхгүй бол болохгүй.

Д.Дорлигжав (Хууль зүйн сайд):

- Ханиад кор гээд хэцүү шүү дээ. Энэ ёстой нэг байгаагүй юм явж байгаа байхгүй юу сонин юм аа.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Би Чингис даргатай ярьсан та бас яриад сануулаадхаарай. Эхний ээлжид хүүхдийг хооллох асуудлыг шийдэх хээртэй байна. Ер нь энэ дүрэм журмын асуудал, хариуцлагын асуудлыг заавал ярих ёстой.

Закадр:

 Баттулга гишүүний хувийн дансаар 5 сая долларын гүйлгээ хийгдсэн тухай “Өдрийн сонин” мэдээлэлж байсантай холбогдуулан тус сониныг хүний нэр төрд халдаж гүтгэсэн гэсэн үндэслэлээр шүүхэд Баттулга гишүүн зарга үүсгэжээ.Ардчилсан намын гишүүн Баттулгыг тойрсон асуудлаар намын дарга нь ямар байр суурьтай байгааг сонсоцгооё.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш бол би харзнасан байдалтай байгаа. Үнэхээр нөгөө Батзаяа нь мөнгө төгрөг идсэн ч юм уу би мэдэхгүй шүү дээ. Тэрийг нь шүүх олоогүй. Тэгэхээр энэ юм бол ингээд дуусахгүй үргэлжлээд улс төрийн сонгуульд нөлөөлөх  байдалд хүргэж байгаа бол Ардчилсан намын дарга үг хэлнээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж болно, ял өгч болно гэхдээ шүүх, мүүх хамаг юмаараа орох ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг юм бол одоо хуучирсан байна. Хуулийн байгууллагын хувийнхаа ашиг сонирхлоор хамгаалдаг ийм улсууд байна. Ийм үл бүтэх улсуудыг хуулийн байгууллага хөөж явуулахгүй бол,  арга хэмжээ авахгүй бол энэ юм чинь үргэлжлээд л байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ? Ерөнхий сайд, Прокурорын хэн томилдог вэ? Ерөнхийлөгч, Шүүгчийг хэн томилдог вэ? ерөнхийлөгч. Би хэнийг томилдог вэ? хэнийг ч томилдоггүй. Тэгэхээр энэ бүх салбар чинь УИХ-аас хол байгаад байгаа юм аа. Би энэ хуулийн байгууллагад ажиллаж байгаа үл бүтэх компанийн гар хөл болсон улсуудыг зайлуул гэж энэ улсуудад бол хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би одоо тэгээд яах вэ тэгээд

Асашёорюү Д.Дагвадорж:


- Монгол улс байна шүү дээ зөвхөн энэ нэг хэсэгхэн олигархжсан бүлгийн хүмүүст үйлчлээд байгаа юм шиг санагдаад байна надад. Энэ буруу тэнэг хүн ч хараад ойлгож байна. Би ерөнхийлөгчийг одоо нэг үгээ хэлээсэй гэж бодож байна.

Д.Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

Энэ Монгол төрийг гаднаас нь залж байгаа баячуудыг нарийн ширээн дээр нь Монголынхоо төлөө дуугардаг нэг хүний толгой хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгээд Баттулгын толгойг онилоод ярьж байна л  даа. Монголчууд өгөхгүй ээ. Монголчууд өгөхгүй.

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Та бүхэн мэдэж байгаа. Таван толгойг 60-н жилээр цаашдаа 100 жилээр гаднын компанид өгөх гэсэн энэ оролдлогыг элчихсэнийхээ төлөө ийм эрүү шүүлтэд орж байна гэж би удаа дараа хэлдэг. Энэ удаа бүх юм нь илэрч байх шиг байна.



Сэтгүүлчийн асуулт:

-Таныг бас шалгаж байгаа гэсэн АТГ-аас

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

-Шалгаж байгаа, шалгаж байгаа. Би өөрөө очиж шалгуулсан юм. За шалгуулъя гэж. Яагаад гэвэл намайг тойрсон хүмүүсийг тамлаад айгаа бол би тэр асуугаад байгаа бүх материалыг нь Гансүх бид хоёр А Б-гүй өгчихсөн. Энэ шалгалт чинь бүх юм нь тодорхой байгаа. Ингээд юм гарахгүй болохоор нь одоо өөр юм руу орж байна шүү дээ.  Энэ бол төмөр замтай холбоотой биш. Төмөр замаас юм   гараагүй. Таван сар шалгалаа.

Б.Лхагвасүрэн (Төрийн шагналт ардын уран зохиолч):

- Буруу гажууд хэргийг шалгах нь зөв л байдаг байх. Төрт ёсонд тийм юм бий. Гэхдээ үнэн гэдэг юмны өмнө хүн хүчгүй л байдаг л даа. Үнэнийг л олох ёстой. Гэтэл энэ олон баривчлаад байгаа, шалгаад байгаа улсуудын үр дүнг нь ард түмэн ерөөсөө сонсохгүй юм. Үнэхээр ингээд идчихсэн байна, ийм хэрэг хийчихсэн байна, ингэхээс аргагүй гэсэн тийм юманд ерөөсөө хүрч  чадахгүй юм. Зөвхөн завсар хооронд нь сэжиглэгдсэн хүмүүс л тарчлан зовж л тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд л илрээд дугуй болчихдог ийм тарчлаасны он цаг ирчихсэн юм уу?

Лоохууз:

-Их л эвгүй  байдалд оруулж байна шүү дээ. Нийгмийн том асуудал, ард түмний нийгэмдээ итгэх итгэлийг алдагдуулж байна.

Б.Лхагвасүрэн (Төрийн шагналт ардын уран зохиолч):

-Үгэнд хэлмэгдэх, үйл явдалд хэлмэгдэх тэр байтугай тамлан байцаагдах, хоригдох эн нар чинь их захгүй болчихсон юм шиг. Учир шалтгаан нь тодорхойгүй болохоор ард түмэнд гайхшрал төрүүлж байна. Их гайхсан ард түмэн эцсийн эцэст юунд хүртэг юм бэ гэвэл ухрахгүй тэмцэл аливаа нэгэн эсэргүүцэлд нэгдэх тийм хэмжээнд тулдаг л даа. Тийм айхавтар мөчид монголчуудыг хүргэх хэрэг байгаа юм уу, үгүй юм уу гэж бодох юм.

Д.Бямбасүрэн (Монгол Улсын Ерөнхий сайд асан):

-Хэрэв ард түмнийхээ дуу хоолойг, хүнлэг ёсыг гажуудуулаад байх юм бол бид бас хэлэх үгээ хэлье. Тэгэхдээ 90 онд бид нар талбай дээр уулзаж байсан. Би чинь 90 оны 3-р сарын 8-нд үндэсний эв нэгдэл зөвшилцлийн хүчээр нийгмээ өөрчилье гэж Монголчууддаа уриалж явсан хүн л дээ. Талбай дээрээ дахиад уулзъя. Энэ бол тэр жагсаал  тэр хууль дүрэмд нь хамаардаг асуудал биш.  Зүгээр энэ нийгмийн төлөө явсан өвөгчүүл, үр хүүхдүүд нь  залуучууд уулзъя л даа тэнд.

Асашёорюү Д.Дагвадорж:

-Ерөнхийлөгч нь ч юм уу Баттулга гишүүн ч юм уу гээд уул өвөө шиг юм хөвөрч байна шүү дээ. Энэ хоёр чинь цагтаа сонгуульд хамт ялаад явж байсан салдаггүй хоёр анд шүү дээ. Хүн эрх мэдэлтэй байж болно оо. Хүний амьдрал богинохон. Эвтэй л байх хэрэгтэй байна.

Хэмээн “Ийгл” телевиз нэвтрүүлж байлаа. Ингээд өмнөх номын адилаар бараг дуусч явсан номонд маань энэ мэт ээдрээ өөрөө гараад ирлээ.

Уг нь миний бичээд дуусах дөхсөн ном маань  судалгаанд суурилсан, нэлээд өргөн өнцгөөр бодот байдлыг дүгнээд  бараг дуусч явсан юмсан…

 
2014-06-26-ны өдөр

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга-гийг урьж орж ирэхэд нь бараг төвийн бүх сонин телевизынхныг цуглуулж байгаад уулзсаныг олон телевиз давталттайгаар харуулсан болохоор уншигч абугай та ч  санаж байгаа байх.
   
Тухайн үед би ч ихэд гайхаад өнгөрсөн бөгөөд Хятад улсын өмнө тавьж байгаа амин найз нарын жүжиг юм байх гэж бодож байлаа.
   
Үзэгч ард олон ганцаархнаа дан дээлтэй болчхоод байгаа энэ нөхрөө ингэж байгаа юм чинь …гэсэн битүү бодол төрж тэр цагаас ерөнхийлөгчийн нэр хүнд маш хурдтай унасан гэж би боддог. Манайхан ойлгоогүй царайлж байгаад бүх зүйлийн цаад учрыг хайдаг бэрх зантай хүмүүс билээ.



Уг уулзалтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга  “100 чухал сэдэв”-нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн байдал нь улс төрийн хүрээнд ярьж боломгүй асуудлыг хөндөн гаргасан, нам эвслийн бодлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн, эв эе эвдсэн зүйл боллоо хэмээн загнахаар эхэлж байхад мэл гайхсан Х.Баттулга түүний нүд рүү эгцлэн харжээ.
         
Ерөнхийлөгчийн нүд нилээд улайчихсан бөгөөд нойргүй хоносон ч юм уу нэг л тавгүй байхын дээр түүний гартаа барьсан цаас чичирч байхыг хараад ихэд гайхав.
    
“Энэ хүн надаас айж чичирнэ гэж хэзээ ч байхгүй…Хэнээс ингэтлээ айгаад байна..? Яагаад энэ хүн Монгол улсын ерөнхийлөгч атлаа Монголынхоо баялгийг Хятадын хэлсэн үнээр Хятадын хүссэн нөхцөлөөр үнэгүй өгөх гээд байгаа энэ тэмцлийн тухай нэвтрүүлэг  хийлээ гэж  наанаа хятад гэж хэлүүлсэн С.Баярцогт тэргүүтнийг өмөөрөөд байгаа мэт өнгөтэй ч хэний бодлого, хэний санааг өмөөрөөд байнаа…Таван толгойгоо Хятад үнэгүй өгөх гээд байгааг энэ хүн мэдэж байгаа шүү дээ?
   
Монгол хүнээ, журмын нөхрөө  “амин” найзаа…үгүй ядаж Ардчилсан намаа, өөрийнхөө толгойлж байсан МоАХолбооны ган хайлуулах үйлдвэр, баялагаа өөрсдөө боловсруулж үндэстэнээрээ чинээлэг амьдрах аж үйлдвэрийн парк байгуулах  байр суурийг өмгөөлхийн оронд, 1072 хувьцаатай ард иргэдээ өмөөрөхийн оронд… энэ хэнийг өмөөрөөд бас хэнээс айгаад байгаа хэрэг вэ?
гэсэн хүйтэн бодол нөмрөн авчээ….