Т.Ганболд: ПАЦААНУУД гэж биднийг дарж ирсэн ах нар хүүхдүүдээ улс төрд оруулж, Харин бид ПАЦААН нэртэйгээ өтөлж явна
Шинэхэн дугаар маань уншигч таны гар дээр шинэхэн зочныхоо чин сэтгэлийн яриатай хамт очиж байна. Манай VIPerson булангийн энэ удаагийн зочноор Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.ГАНБОЛД уригдсан юм.
Шинэхэн дугаар маань уншигч таны гар дээр шинэхэн зочныхоо чин сэтгэлийн яриатай хамт очиж байна. Манай VIPerson булангийн энэ удаагийн зочноор Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.ГАНБОЛД уригдсан юм.
-Тантай олон жилийн дараа уулзаж байна. Өөрийн тань хамгийн сүүлд буюу оны өмнө гаргасан шийдвэр нэлээн дуулиан дэгдээлээ. Сонгуулийн өмнө МАН-ын нэр төртэй дараагийн үе болсон залуу гишүүдийн нэг гэнэтхэн ХҮН/Хөдөлмөрийн Үндэсний Нам/ намд орох шийдвэр яагаад гаргав аа. Мэдээж танд тайлбар, учир шалтгаан байгаа байх. Энэ асуултнаас хоёулаа яриагаа эхэлье.
-Намайг сонгож зочноороо урьсанд баярлалаа. Тиймээ, миний хувьд 2008 оноос энэ намд албан ёсны гишүүн нь болон элсэж, тэр үеэс бага хурлын гишүүн нь болж үе тэнгийн олон найзуудтайгаа мөр зэрэгцэн ажиллаж өнөөдрийг хүрсэн маань үнэн. Монголд гарцаа байхгүй түүхэн том намууд бол МАН, Ардчилсан нам хоёр мөн үү гэвэл мөн. Гэхдээ дотор нь ороод ажиллахад учир дутагдалтай, шүүмжлэлтэй харагддаг маш олон зүйл байдаг нь бас үнэн. Энэ талаар цөөхөн хүмүүс хоорондоо яриад байгаа юм шиг гадагшаа харагддаг боловч үнэн хэрэгтээ тийм биш. Гишүүд нь хүлцэнгүй болчихсон, хувь заяатайгаа эвлэрчихсэн, намаа өөрчилж шинэчлэх хүсэл эрмэлзэл нь унтарсан юм шиг тийм шинж тэмдэг тод мэдрэгддэг. Энэ бол маш гунигтай үйл явц юм л даа. Хэдий бид ийм жижиг эдийн засагтай, жижиг улс ч гэсэн бидэнд хөгжих асар их том боломж, бололцоо байна. Газар нутгийн маань хэмжээ, газрын баялгийн нөөц, малын тоо гэх мэтчилэн маш олон зүйлийн давуу тал бидэнд бас заяасан байна. Гэсэн атлаа ийм цөөхөн хүн амтай, ийм нөөц бололцоотой улс үсрэнгүй хөгжье гэхээр яагаад ч болохгүй байна. Тийм биз дээ. Бидэнд өөрийн эрхгүй бодогдож, зүрх сэтгэл шаналж байгаа биз дээ. Магадгүй дөчин насны босгыг давчихаад хүн бас иймэрхүү сэдвээр бодож эхэлдэг юм болов уу. Энэ бүхний шалтгаан хаана, юунд байна вэ. Ингээд ер нь удаан тогтчихсон, удаан ноёрхчихсон ийм хүнд том систем өөрөө тийм амархан хөнгөн, шуурхай, уян хатан хувьсаж, ертөнц даяар цохилж байгаа цаг үетэйгээ нийцэж явж чаддаггүй юм байна гэж би хувь хүнийхээ хувьд дотроо дүгнэлт хийсэн л дээ.
-Ажиглагчид намаас гарч явсан хүмүүст тийм ч их таатай хандахгүй байх шиг. Хэдийгээр таны эрх ч гэлээ худрагагүй юм хийж байна. Гудамжинд байх үед нь орхиод явлаа. Дотор нь байгаа хүнд сэтгэл байвал ажиллах, шинэчлэх зөндөө боломж байгаа гэх.
-Ер нь 2012 онд МАН ялагдахад тухайн үед би хаяж гараагүй шүү дээ. Хамт л байсан. Элссэн цагаасаа хойш надад санал тавьсан, хүсэлт гаргаж байсан бүхий л арга хэмжээнүүдэд нь оролцож, өөрийнхөө хувь нэмрийг оруулж, бас л чадах ядахаараа ажиллаж ирсэн. Өнөөдөр бол өнөөдөр. Нийгэмд үүсчихсэн нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. 2016 онд МАН-ыг ялна гэсэн хүлээлттэй ч өндөр хувь байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн 25 жилд хоёр нам л ээлжилж ялдаг ийм тогтолцоо явлаа ш дээ. Тэрнийх нь дийлэнх хувьд нь МАН ялж явсан байх. Өнөөдөр ялалт нь тодорхой болчихсон, албан тушаалууд нь гадуур аман хэлбэрээр хуваагдаад яригдаж байгаа ийм үед би гарч байгаа болохоос биш ялагдчихсан, ядарчихсан, эрх мэдэлгүй болчихсон үед нь гараагүй л дээ. Гарлаа гээд би өөрийнх нь саналыг хуваасан тэр МАХН-д нь юм уу, эсвэл өөрийнх нь сөрөг хүчин болж байгаа АН руу ороогүй. ХҮН нам /Хөдөлмөрийн Үндэсний Нам/ гэж хамгийн залуу, хамгийн жижиг ийм намыг л сонгож орж байгаа юм.
-Бизнесийн нэг хүн надад хэлж байсан юм л даа. “Хүний өөрийн хувь дээр тулаад ирсэн гомдол, тэсрэлт, баяр хөөр гээд сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлсөн шарх ч юм уу ийм зүйлүүд шийдвэр гаргахад их нөлөөлдөг юм аа. Т.Ганболд бол МАН-ын том хөрөнгө оруулагчдын нэг байсан. Олон жил ажилласан. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг удирдаж байлаа. Хэд хэдэн удаа хэлмэгдүүлэх гэж оролдсон. Энэ бүхнээсээ болоод ийм цочмог шийдвэр гаргасан байлгүй дээ гэж. Би бол таны хэмжээний хүн иймэрхүү зүйлээс болж шийдвэр гаргана гэдэгт эргэлзээд байгаа юм л даа. Яг ийм асуудал танд байсан уу?
-Ний нуугүй тодорхой хэлэхэд аливаа том намуудын амьдралыг ил, далд фракцийн хэлбэрүүд нь тодорхойлж байдаг. Үүнийг хүн болгон л мэдэж байгаа байх. Тэгэхээр энэ хоёр том намд идэвхтэй гишүүн нь байна гэвэл өөрөө аливаа нэг фракцид хамрагдаж байж, фракцын тоглолтын хүрээнд явж байж дуу хоолой нь хүрдэг. Тодорхой хэмжээнд өөрийнхөө бодлого, зорилгодоо ахиц гаргадаг шүү дээ. Үүнийг та ч мэдэж байгаа. Би ч мэднэ.
НАМ ГЭДЭГ ҮНДСЭН ТОМ БОДЛОГООРОО, ТОМ ЗОРИЛГООРОО ЯВДАГ БОЛОХООС ФРАКЦУУДЫН ХООРОНДОХ ХУВААЛТ, БАЛАНСЖУУЛАЛТ БИШ
-Аль ч фракцид орж чадаагүй гэсэн үг үү?
-Би бол аль ч фракцид хамаарагддаггүй байсан. Намын доторх энэ амьдрал нь надад таалагддаггүй. Би үүнийг буруу жишиг гэж үздэг. Би бол энэ нам гэдгийг үндсэн том зорилгоороо, том бодлогоороо явдаг болохоос биш фракцуудын хоорондох хуваалт, балансжуулалт гэж ерөөсөө ч хардаггүй. Фракц хоорондын балансжуулалтын дунд ингэж явахыг магадгүй би улстөрч хүн биш болохоороо, хүлээн зөвшөөрч чадахгүй, үгүйсгэж байж мэдэх юм. Хоёрдугаарт, өнөөдөр би 45 нас хүрч байна. Өнөөдрийг хүртэл миний үеийнхэн пацаанууд гэж хэлэгдсээр л явж байна. Пацаанууд, пацаанууд гэж хойш нь суулгаад л байдаг. Гэтэл өнөөдөр ард нь нөгөө пацаанууд гэж биднийг хэлээд байгаа ах нарын маань хүүхдүүд нь томорч, бойжиж, улс төр лүү орж ирж байна л даа. Тэр бол шинэ үе. Бид нар бол Баабар гуайн дээр үед бичиж байсан шиг “Завсрын үе” байхгүй юу. Хэнд ч хэрэггүй завсрын үе болоод хаягдчихсан. Энэ утга бол яг амьдрал дээр мэдрэгддэг, биелэгддэг. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйл нөхцөл байдал дээр хоёулаа өөр өөрийн сул талтай байгаа байхгүй юу. Нэгдүгээрт, би фракцгүй. Хоёрдугаарт би завсрын үе. Гэтэл энэ тавиланг маань ашиглаад нөгөө бидний толгой дээр гишгэж байгаа ах нар маань өөрсдийн үр хүүхдүүдээ бэлтгээд гаргаад ирсэн.Тэд нь бүгд өсч том болоод том том дарга, сайд нар болоод хойноос түрээд гараад ирж байна ш дээ. Бид нар дунд нь пацаан нэртэйгээ л яваад байдаг. Дарга нартай жаахан муудалцаж, сайдалцаж өдөр шөнөгүй явсан нь мөнчгөрөөрөө бас Улсын Их Хурлын гишүүн энэ тэр болчихоод явж байна. Гэхдээ тэд маань маш цөөхөн. Ер нь хэцүү дээ. Ирээдүй их л хол. Одоо жаахан байж байтал ах нарын хүүхдүүд, бяр суучихсан нөгөө дүү нар чинь “Өө энэ хөгшчүүл” гээд ахиад л шахаад унах нь ээ дээ. Энэ бол бодит амьдрал.
-Ерөнхийдөө хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн орчин, эдийн засгийн бодлогын сууриудаа сүйтгээд дууслаа. Үүнээс болж л хувийн хэвшилд амжилттай ажиллаж байсан хүмүүс өөрсдөө орж ирж энэ тогтолцоо, энэ механизмыг өөрчилье. Өөрсдөө эрэг шураг нь болъё. Тэгэхгүй бол дараагийн үедээ хөгжсөн Монгол орныг хүлээлгэж өгч чадахгүй нь гэдэг шаналал дээр суурилж л бизнесийн хүмүүс улс төр лүү орж байна гэж боддог. Түүнээс биш төсвийн жаахан түрийвч рүү гараа хийх гэж улс төр рүү ороогүй байлгүй дээ.
-Гурав дахь шалтгаан бол яг таны хэлдэг саяны асуудал. Өнөөдөр эдийн засаг, Монгол Улсын хөгжил гэж том утгаар нь ярих юм бол бүх юм нь тодорхойгүй, сульдсан байдалтай байна. Хөгжилд хүрэх, хэцүү асуудлуудаа шийдэх олон боломжит арга замуудыг олж хараад, дэлхийн бусад улс орнуудын туршлага янз янзын юмыг судлаад, гарах гарц санаа оноогоо санал болгоод ямар ч нэмэр алга. Бидний санаачилга, дуу хоолой харамсалтай нь хий хоосон цуурай болж өнгөрөөд байна. Дөт замаар, хурдан замаар амжилтад хүрэх аргачлалуудыг нэвтрүүлэх хүсэл зорилго залуус бидэнд байна. Тэгээд л өөрийнхөө дуу хоолойг сонсох, тэрийг маань цааш нь хүргэж чадах хүмүүстэйгээ нийлж байгаа юм л даа, нэг ёсондоо. Үнэндээ нэг юман дотор ороод яваад байдаг, яваад байдаг, итгэл найдвараа өгөөд, зүтгэлээ өгөөд, тийм үү. Гэвч нөгөө нөхрийн бүх бодлого, хүсэл зориг нь жижигхэн цуурай болоод алга болоод байх дэндүү харамсалтай. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ ийм өвчинд автчихсан байна шүү дээ. Юу вэ гэхээр залуу үе дотор маань баялаг бүтээдэг хүн байхгүй болчихсон. Өнөөдөр нийгмээрээ, бараг тэр аяараа эсвэл урлаг уран сайхан, эсвэл баялгийг яаж хуваарилах уу гэсэн хуваарилахын төлөө зүтгэгчдийн эгнээ болоод гараад ирчихсэн. Тэгээд хар залуугаараа дандаа төр, яам, улс төр лүү орчихдог. Энэ хүмүүсийн амьдралын төлөвшил, ойлголт, утга нь амьдрал ахуйгаа тэтгэх тав гурван цаасаа яаж олох вэ гэдэг арга нь ойлгомжтой. Ингээд шууд буруу зам руу будаа тээгчид болоод эхэлдэг. Энэ байдлаас нь болоод хүмүүсийн дунд яригддаг цүнх баригч, “бөгс хонго” долоогч гэх хүний ёсгүй хачих муухай томьёонууд гарч эхэлсэн. Нөгөө л ах нарын маань залуу үеийнхнийгээ гоё эвдэж эхэлсэн баримт нь шүү дээ. Ингээд эвдээд янзалчихсан залуучуудаа нөгөө доороос нь эхлээд ганзага үүрээд, өнөөдрийг хүртэл энэ амьдралын төлөө удаан замаар, зовлонтой замаар, хүнд замаар мөлхөөд ирж байгаа бид нарын дээр шууд крандаж аваачдаг. Өнөөдөр худлаа биш. Төрийн том том албан тушаалууд дээр, хууль хяналтын байгууллагын том том албан тушаалууд дээр дандаа жаахан жаахан хүүхдүүд байж байгаа биз дээ. Энэ жаахан хүүхдүүдийг залуу гэж байгаа юм биш. Энэ жаахан хүүхдүүдийн цаана туршлага гэж юу байна. Эд нарын цаана дандаа хэн нэгэн Их Хурлын гишүүний туслах байсан, хамаатан байсан, хэн нэгэн дарга нарын ах дүүгийн статус л байгаа. Төрийн ажлыг очоод баллаж байгаа эгнээ дандаа ийм хэлбэрээр гарч ирсэн хүүхдүүдээр дүүрчихсэн байгаа. Тэгэхээр энэ нийгэм чинь тэр чигээрээ системээрээ буруу яваад байгаа байхгүй юу. Энэ чинь бид нарын хөгжлийн чөдөр, уналтын суурь нь болж эхэлж байна. Яаж зүгээр хараад, амиа хичээгээд явах юм. Яаж тэсэх юм.
-Улс төр рүү орж ирж байгаа бизнесмэнүүдийн ихэнхийнх нь амжилтыг улс төр булаагаад авчих юм л даа. Хамгийн том жишээ бол “Эрэл” компанийн Б.Эрдэнэбат. Арван тав, зургаан жилийн өмнө уулзаж байхад ямар бизнесмэн байлаа даа гэж гайхдаг байхгүй юу. Олон бизнесмэнүүдэд ийм уналт тохиосон.
-Энэ их хэцүү сэдэв. Би таны юу хэлж байгааг сайн мэдэрч байна.
-Таны хувьд бизнес маань одоо надтай надгүй явчихна гэсэн баттай суурь ойлголт юу байна вэ. Бас л төвхнөж эхэлж л байгаа болов уу гэж бодох юм. Та улсын үйлдвэрт ажиллаж байсан. Дараагийн төсөл тань “Алтандорнод”. Нэлээн хэцүү, өөрөөр хэлбэл сайнгүй нэр хүндтэй компанийг худалдаж авсан. Энэ явдал магадгүй таны амьдралдаа гаргаж байсан хүчтэй шийдвэрүүдийн нэг болж үлдэх байх. “Алтандорнод” гэдэг энэ нүүрийг эхлээд сайн угаахгүй яасан юм бэ гэж танаас асуумаар байдаг ?
-“Алтандорнод” компанийн хувьд яг таны асуусан асуултан дотор байгаа бүхэн байсан. Татварын өр, аж ахуйн нэгжүүдийн өр гээд үнэхээр нэлээн асуудалтай, дээр нь асар их нөхөн сэргээгдээгүй талбай байсан. Ийм нөхцөл байдалтай л авсан. Аваад үндсэндээ дөрвөн жил болж байна. Энэ цаг хугацаанд тэдгээр бүх том асуудлуудыг үндсэнд нь шийдэж дуусгалаа. Татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, цалингийн өрүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байсан гээд бүгдийг нь. Нийтдээ 58 гүйцэтгэх хуудас хүлээж авч байсан. Монгол Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр өр төлбөрийн гүйцэтгэх хуудасны тоогоороо давамгайлж байсан компани л даа. Нэгэнт л би шийдвэрээ гаргаад хүлээж авсан үүрэг, хэлэлцэж тохирсон хэлэлцээрийнхээ дагуу энэ компанийн бүх муу, сайн юмыг нь үүрээд, энэ компанийн дотно гаднах цэвэрлэгээ, таны хэлсэн нүүрийг нь угаах ажлыг ерөнхийдөө дуусгасан. Компанийн тухай сэдвээр би энэ удаа нэг их юм яримааргүй байна.
-Дахиад шинэ намд та өөрийнхөө хөрөнгө, хүч, нэр төрөөр хандив өгч ажиллах нь. Жишээлбэл, таныг “Иргэний зориг” нам руу ороход бол огт гайхахгүй байх байсан. ХҮН /Хөдөлмөрийн Үндэсний Нам/ таны сонголт болсон гол шалтгаан ер нь юу юм бэ. Импортын нам л гэх. Ард нь өөр эзэд байгаа л гэх?
-Би том намаас гарч жижиг намд орсноо нэг гавьяа гэдэг утгаар ярих гээгүй юм шүү. Энэ нам маань хэдий жижиг ч гэсэн дандаа бие биенээ таньдаг, амьдрал дээр тодорхой хэмжээний мэдлэг боловсрол, ажлын туршлага хуримтлуулчихсан, салбар салбарын шилэгдмэл багаас бүрдсэн залуучууд энэ намын тулгын чулууг тавилцаж, суурийг нь хийж байгуулалцсан юм. Тэр утгаараа мэддэг гэдэг үүднээсээ тэд надад шинэ хүмүүс биш. Ард нь ямар нэг хүн нуугддаг энэ тэр гэдэг асуудал дээр би огт өөр ойлголттой. Ард нь нуугдсан хүн буюу гадаадын улс орон байхгүй. Тэр тусмаа Монголын хэдэн элэгдсэн улстөрчдийн халаасны нам бол бүр биш.
-Ихэвчлэн гадаадад мэргэжил эзэмшсэн залуучууд явж байгаа болохоор тэгж харддаг юм болов уу?
-Магадгүй. Ихэвчлэн гадаадад том том их, дээд сургуулиудыг мундаг амжилттай төгссөн, гадаадын олон улсын байгууллагад амжилттай ажиллаж байсан, мэдлэг боловсролоороо тэргүүлэх жинхэнэ сорууд нь энд цугларсан байдаг. Тэд нарын хажууд би бол бараг л бичиг үсэггүй шахуу хүн юм байна лээ. (инээв) Үнэндээ энэ намыг анх С.Ганбаатар гишүүнтэй холбож ойлгож байсан хэсэг байдаг юм билээ. Би ч бас тийм мэдээлэл авч байсан. С.Ганбаатар гишүүн тэрийг нотолж байгаа юм шиг намын гишүүн болж элссэн төдийгүй, намын дарга боллоо. Гэхдээ С.Ганбаатар гишүүн өөрөө нэг эрх мэдлийн төвлөрөл дээр байсан, төсвийн зарцуулалт дээр байсан, том эрх мэдлийн эзэн явсан том фигур биш шүү дээ. Энэ чинь өөрөө бие даасан хувь хүн шүү дээ. Энэ бол олон жилийн турш түүнийг хэн явсныг тодорхойлох гол факт. Тиймээс С.Ганбаатар гишүүнийг буруу утгаар нь хардах огт хэрэггүй. С.Ганбаатар гишүүн бол ёстой Монгол Улсын сайн сайхны төлөө, гаднынханд монжуулчихгүй юмсан гэж зүтгэсэн л хүн. Түүнийг популист гэж нэр хоч зүүдэг тухайд би огт өөр байр суурьтай байдаг. Юуны төлөө явсан, яасан гэж энэ хүмүүс өнөөдөр ийм нэр зүүж байгаа юм бэ. Жинхэнэ популистууд маань энэ эрх барьж байсан том намууд маань ш дээ. Энэ эрх барьж байсан том намууд л нэг нэгнээсээ өрсөх гэж утгагүй, утгагүй амлалтуудыг сонгогчдод өгсөн. Сэтгүүлч та нар мэдэж байгаа шүү дээ. Сая, сая таван зуугаас гадна яаж тарааж цацлаа. Малчин хүнийг зүгээр байлгахгүй өөрсдөө очиж турхираад л учир утгагүй популизмыг хийлгүүлдэг. Уул уурхайн асуудлууд яаж энэ их гацаанд оров. Ямар их олон Төрийн бус байгууллагууд байгуулагдав. Гэтэл одоо Г.Уянга, С.Ганбаатар гэдэг хоёр хүн дээр популист гэдэг юмыг бүх балагтай нь наах гэж үзэж байна л даа. Энэ хоёр хүн өнөөдөр албан тушаалд хүн томилдог юм уу, нэг сая төгрөгөн дээр гарын үсэг зурдаг эрх байхгүй хоёр шүү дээ. Улс төрд орж ирээд дөрөв дэх жилдээ л болж байна. Энэ их харамсалтай гажуудал шүү дээ. Нэг нэгийгээ хилсээр гүтгэж гүжирддэг, харлуулдаг. Ийм бохир аргачлалуудаасаа салах цаг болоогүй юм уу.
-Танай намын даргаар саяхан сонгогдсон С.Ганбаатартай холбоотой ээлжит дуулиан дэгдээд байна. Хуурамч дипломын сэдэв үргэлжилсээр одоо ХҮН нам шинэхэн даргадаа итгэл алдарч, дотооддоо тэмцэлдэж байна хэмээн үргэлжилж байна. Яг юу болоод байгааг та манай уншигчдад ярьж өгөөч?
-С.Ганбаатар гишүүн улсын төсвийн тэтгэлэггүй, зөвхөн өөрийн боломжийг шавхаж хар ажил хийж Англид суралцах гээд дийлж төгсөөгүй юм байна лээ. Тэгээд нөгөө хэдийн доор орохгүй санаатай бас дээр нь нэрэлхээд төгссөн гээд ярьсан тал байх шиг байгаа юм. Манай нам дотор болж байгаа зүйлүүд бол маш эрүүл үзэгдлүүд юм. Зарим нь хувийн компани мэт андуурч байх шиг л байна. Баяжих хэрэгсэл гэж бас андуурч л байна. Гэхдээ энэ нь дийлэнх олонхийн шийдвэрээр явж байгаа зөв процесс юм.
ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛД Ч ГЭСЭН ХЭРЭГЦЭЭ БАЙВАЛ
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗААВАЛ ОРЖ ИРДЭГ
-Уул уурхайн том төслүүд дээр оруулаагүй учраас… гэх нэг шалтгааныг тухайлбал Х.Баттулга дээр хөнддөг. Үнэхээр ч гадна үлдээсэн. “Энержи ресурс” гэх бүтэц чинь хэдхэн тэрбумтны л нэгдэл шүү дээ. Тэр дунд та нар байж болох л байсан. Өөрт чинь энэ хуваарилалттай холбоотой эсэргүүцэл үнэхээр байхгүй юу? ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗААВАЛ ОРЖ ИРДЭГ
-Тийм шалтгаан миний хувьд бол огт байхгүй. Яагаад байхгүйг та ч гэсэн өөрөө мэдэж байгаа. Монгол Улсын төрийн мэдэлд огт байгаагүй, Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэх бүх лицензүүдийг би зохион байгуулалтад оруулж, ард иргэдийг зөв уриалж, жагсаал цуглаан зохион байгуулж, хэдэн сараар тэмцэл хийж байж шийдүүлсэн шүү дээ. Монгол Улсын бүх шүүхээр явж байж Монгол Улсад хамааралгүй байсан энэ ордуудыг төрийн хамгаалалтад авчирсан. Миний олон жилийн хөдөлмөр ийм үйлсэд зориулагдсан. Хэрэв надад ямар нэгэн байдлаар энэ юманд оролцох хүсэл сонирхол анхнаасаа байсан бол надад бүрэн боломж нь байсан. Хувь хүн Т.Ганболд гэж ярих юм бол би үндсэндээ 20 гаруй жил төрийн хийгээд хувийн бизнесийн салбарт ажиллаж иржээ. Өнөөдөр би ямар ч байсан хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэх төвшинд амьдарч байна. Нүдний болон мөнгөний цочроо бол гарсан байлгүй. Гар дээрээ барьж үзээгүй ч гэсэн хийж байсан, ярьж байсан, хөөцөлдөж байсан, тооны машин дээр бодож байсан ажлууд маань хэдэн тэрбум доллараар бодогдож ирсэн. Би том том төслүүдийг, бүтээн байгуулалтуудыг, бэрхшээлийг шийдвэрлэх гарцуудыг мөрөөдөж үзсэн. Хийж, шийдвэрлэж үзсэн.Тодорхой том том мөнгөний эргэлтүүдийг удирдаж, гарын үсэг зураад явж байна. Энэ утгаараа бол би ахуй амьдралаа юм уу, хувийнхаа бизнесийг өргөжүүлэх бодлогоор төр лүү орох төвшний хүн биш.
-Ирэх сонгуульд нэр дэвших үү?
-ХҮН /Хөдөлмөрийн Үндэсний Нам/-ын удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу л шийдэгдэх байх. Ер нь бол сонирхол байгаа.
-Таныг хоёр ч удаа баривчилж байсан. Тэр явдал ер нь юу байсан бэ. Айлгах гэсэн технологи явчихсан уу. Хэрвээ тэгсэн бол та хаана, хэний дургүйг хүргэчихсэн бэ?
-Энэ бол нэг талаасаа нийгэмд бий болчихсон нөхцөл байдал шүү дээ. Ганцхан надад ч тохиолдсон зүйл биш. Тодорхой ажил хийж байсан, бизнес хийж байсан, хийж байгаа бүхий л хүн дээр тодорхой хэмжээгээр алдаа дутагдал гардаг. Амьдрал юм чинь бүх юм л байна шүү дээ. Энэ нь манайд харин үзэгдлийнхээ хувьд харамсалтай нь улс төрийн зэвсэг болон ашиглагдаж байсанд л учир нь байгаа юм. Саяхныг хүртэл. Энэ утгаараа өнөөдөр Монгол Улсад бүгд дээр дооргүй ойлгож, Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэсэн хөшүүргүүдийг хийж, засч залруулж эхэлж байна. Аливаа сайн өөрчлөлтүүдийг хийхэд урт зам туулдаг юм байна. Тэр урт зам мэдээж золиосуудыг ихээр хийж явдаг. Ердөө тэр шүү дээ. Маш товчхон хэлэхэд шалгах эрх нь төрд байдаг, шалгуулах үүрэг нь иргэнд байдаг. Энэ утгаараа процесс явагдаад өнгөрсөн. Шалгуулахын хувьд бол шалгуулаагүй газар гэж надад байхгүй шүү дээ. Тэглээ гээд гомдоод байх юм алга. Улс орон маань энэ хэцүү асуудлуудаа хурдан цэгцлээд явах л чухал байна.
-Үнэхээр олон жил шалгасан байх шүү ?
-Татвар, АТГ, цагдаа, тагнуул бүх газраар шалгуулсан. Бүх газраар нь шалгуулаад ямар ч байсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, элдэв гэмт хэрэгт холбогдолгүй гэдэг нь хуулиараа албан ёсоор тогтоогдсон. Шалгаж байх явцад процедурын алдаа завхрал, хуулийг гуйвуулж хэрэглэх зэрэг олон зүй бус юмнууд зөндөө л болж байсан.
-Өнгөрсөн жил таны хийсэн нэг сонин мэдэгдэл анхаарал татаж байсан. Шангрила зочид буудалтай холбоотой. Та бол зочид буудлын зах зээлд олон жил ажилласан туршлагатай хүн. Өөрийн тань хэлсэн “Шангрила орж ирснээр Монголын үндэсний хэдэн зочид буудлуудад үхлийн цохилт өгч байна” гэсэн үг үнэхээр хачин санагдаж байсан. Манайд дэлхийн том том брэндүүд орж ирээд ажиллаж байна. Сүлжээнүүд орж ирж байна. KFC ороод ирчихсэн байна. Удахгүй McDonalds орж ирэх байх. Шангрила ороод ирлээ. Монгол хүмүүс яагаад зэрэгцэн оршиж чаддаггүй юм бэ? Яагаад ийм залуу, орчин цагийн соёлыг тээгч ийм мундаг бизнесмэн ийм эсэргүүцэл үзүүлж байгаа юм бол?
-Нэгдүгээрт, ер нь бол том утгаараа дэлхийн мундаг хөгжсөн, бид нарын жишиг авах дуртай БНСУ, Сингапур эд нар бүгд л тодорхой хөгжлийнхөө шатанд дотоодынхоо бизнесийг хөлд оруулж, гаднынхантай өрсөлдөх чадвартай болох хүртэл нь дотоодынхоо бизнесийг дэмжиж бойжуулдаг юм аа. Гаднын брэндүүд орж ирж шууд ашиг олох тэр үсрэлтийг нь ингэж өөрсдөө бодлогоор хязгаарлаж өгдөг юм. Өнөөдөр зах зээлийн чөлөөт эдийн засгийн онолыг түгээдэг, сурталчилдаг дэлхийн хамгийн ардчилсан гэж байгаа том АНУ, Япон, Баруун Европын орнуудад очоод бизнес хийх гээд оролдоод үзээрэй. Ямар мундаг хяналт, шалгалт, цензур, босго байдгийг хар. Монголд тийм босго нь үнэндээ байхгүй. Өнөөдөр бүх хүн ярьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг бид нар хөөж, шахаж, хавчиж гаргасан гэж. Үнэндээ тэд нар чинь бид нарын харилцаанаас болоод ч юм уу, энэ нэг хэдэн хас тэмдэг зүүсэн нөхдүүдээс болоод хөөгдөөд гарчихсан зүйл огт байхгүй ш дээ. Энэ дэлхийн зах зээл дээрх өөрчлөлтүүдээс болоод, түүхий эдийн зах зээлийн үнийн хямдрал, эрэлт хэрэгцээний уналтаас үүдээд бизнес байхгүй болохоороо л гаднын хөрөнгө оруулагч нарын урсгал татраад явчихаж байгаа болохоос биш монголчууд хөөж туугаад сүйтгэчихсэн юм огт байхгүй. Харин манайх шиг бүх юмаа задгай тавьж өгөөд тонгочуулдаг, тоглуулдаг улс орон байхгүй шүү.
-Таныг гэрийн буурь шиг жаахан зах зээлээ хамгаалсан, нөгөө л жижиг Монгол харагдаж байна гэвэл уурлахгүй биз дээ?
-Үгүй. Үнэн хэрэгтээ жижиг, дорой буурай зах зээлд ч үнэхээр хэрэгцээтэй бизнес байгаа бол хөрөнгө оруулагчид орж ирж л байдаг. Тэр Сиара лион(Sierra Leone), тэр Конго, тэр Ливи, Сири, Иракт бизнес, ашиг байгаа л бол тэнд бөмбөг тэсэрч байсан ч хамаагүй хөрөнгө оруулагч нар ордог байхгүй юу. Бизнес явдаг л байхгүй юу. Энэ явц уур амьсгалтай хамаагүй. Энэ явц хүмүүсийнх нь хандлагатай хамаагүй. Тэр хүмүүс нь бүр хэл усыг нь ч мэдэхгүй, шашин шүтлэгийн мундаг хурц үзэл баримтлалтай ийм улсад хүртэл бизнес нь яваад л байдаг байхгүй юу. Яагаад гэвэл ашиг тэнд байна. Өнөөдөр манайд байгаа түүхий эдийн үндсэн гол бүтээгдэхүүн болж байгаа нүүрс, төмрийн хүдрийн маань эрэлт уначихаар ийшээ хөрөнгө оруулсан хэдэн хөрөнгө оруулагч нар дайжчихаж байгаа болохоос биш тэд хэн нэгэн Монголын үндсэрхэг үзэлтэй нөхдүүдээс болоод дайжаад байгаа гэдэг бол буруу ойлголт, их ташаа ойлголт. Шангрила дээр жишиж хэлэхэд жишээ нь,Louis Vuitton өөрийнхөө бараа бүтээгдэхүүнээ дэлхийн бусад бүх улсад очоод татварыг нь төлөөд нэмүү өртгийг нь үүсгээд зарж байгаа. Тухайн улсынхаа татварыг төлөөд үүнийг тухайн улсынх нь аль нэг Монгол хүн юм уу, компани төлөөлж оруулж ирж, Монголд ажлын байруудыг бий болгодог. KFC, Burger King ч гэдэг юм уу. Франчайзууд “Макс”оруулж ирдэг юм уу, “Таван богд” оруулж ирдэг юм уу. Ашиг нь “Таван богд” юм уу, “Макс” дээр бууж байгаа. Шангрила гэдэг бол өөрөө бие дааж орж ирж байгаа айл юм. Хэн нэгэнтэй хамтраагүйгээр. Тэгэхээр өнөөдөр бест бестер нь Кемпински, Рамада, Холлидай Инн гэдэг юм уу эд нар чинь Туушингийн Зоригт гэдэг юм уу, Таван богдын Баатарсайхан гэдэг юм уу, Максын Ганбаатар гэдэг хүмүүсийн оруулж ирж байгаа гаднын брэндүүд. Монголын дотоодын хөрөнгө оруулагч нарын хөрөнгөн дээр тэр гаднынхан брэндээ тавиад, өөрийнхөө менежмент загвараа нэвтрүүлээд дотоодын компани, дотоодын хөрөнгө оруулагч нар ашгаа хамт хүртэж байгаа хэлбэрүүд. Тэд нар брэндээ ашиглуулсны тодорхой бага хувь авдаг юм. Шангрила бол өөрөө бие дааж дангаараа орж ирж байгаагаараа онцлог байна. Ингэж дангаараа бие дааж орж ирж байгаа цорын ганц компани бол Шангрила. Тийм болохоор зүгээр би Шангрилаг муу гэж байгаадаа биш, Шангрила дэндүү сайн, дэндүү мундаг. Өнөөдрийн бид нарын хөгжил маань хорьхон настай зах зээлийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Жаахан хүүхэд шиг манай бизнесмэнүүд 200, 300 жилийн түүхтэй санхүүгийн асар том дэлхийн системд нэвтэрчихсэн, боловсрол, чадал, туршлагатай барууны бизнесмэн хоёр өрсөлдөх гээд байна. Нэгдүгээр ангийн хүүхэд, аравдугаар ангийн хүүхэдтэй нэг дүрмээр стадион дээр уралдаж болдоггүй байхгүй юу. Үүнд л аюул нь байгаа юм. Тийм болохоор аливаа улс орон бол өөрийнхөө бизнесмэнүүдийнхээ нөхцөл байдлыг илүү их хамгаалж, илүү их бодлогоор тусалж, түшиж, тулж өгдөг. Гаднынхныг бол жаахан хязгаарлаж, татвар бусад зүйлээрээ бодлого хийж байж зах зээлдээ нэвтрүүлдэг. Гэтэл дэлхийн худалдааны байгууллагад, дэлхийн олон улсын олон конвенц бичиг баримтад нэгдэн орсон гэдэг үндэслэлээрээ, мөрдөж буй хуулиараа өнөөдөр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын Дорж хоёр яг адилхан нэг эрх мэдэлтэй. Энэ нь бол түрүүний хэлдэг эрх тэгш бус нөхцөл байдал. Энэ нь цаад утгаараа алсдаа бид нар дандаа хар бор ажил хийх хоньчид л болж үлдэнэ гэсэн үг. Нөгөө цагаан арьстнууд маань бид нарын эзэд болж хувирч үлдэнэ. Энэ алсдаа их хортой. Тийм болохоор бид нар өөрсдөдөө жаахан боломж олгож, дотоодынхоо бизнесмэн, дотоодынхоо бизнесийн орчноо сайжруулж өгөх чухал байна. Хамгийн нэгдүгээрт анхаарах ёстой зүйл нь бид энэ эрх зүйн орчноо зөв болгох ёстой. Эрх зүйн орчин зөв болж байж амьдрал, хөгжил гэдэг юм чинь дээд зэргээр явдгийг өнөөдөр бид нар орчин үеийн олон орны жишээн дээр харж болно. Англи-Саксоны хуулийг хүлээж аваад зөв нэвтрүүлж чадсан улс орон нь өнөөдөр яаж амьдарч байна вэ. Хамгийн сайн жишээ нь бол Шинэ Зеланд, Австрали, Сингапур гэх жишээнүүд байна шүү дээ.
-Манай хувийн хэвшлийнхний зүрхэнд тодорхой гомдол байдаг. Та үүнийг л хөндөж байна. Сүүлдээ тогтолцооны гажуудал л болоод явчихлаа. Эхнээс нь засч л байна.
-Бид өөрсдөдөө итгэдэггүй. Төр нь иргэддээ итгэдэггүй, өөрсдийнхөө бизнесийнхэнд итгэдэггүй, дэмждэггүй. Гаднынхан гэхээр л хамаг хаалга үүдээ дэлгээд л гүйлдчихдэг. Өнөөдөр өөрсдийнхөө дотоодын хөрөнгө оруулагчдаа луйварчин тонуулчнаар нь дууддаг. Бяд суугаагүй, балчир гэж дүгнэдэг. Өөрсдөө нөмөр нөөлөг болдоггүй. Татвараа л авдаг. Та бод л доо. Бизнест ч чи пацаан гэж хэлүүлсээр явж байна. Улс төрд мөн адил. Тэгэхээр амьдралын бүх юмыг үзээд хараад, хуруугаа дүрээд, түлэгдээд, шархдаад, алуулаад, хэлүүлээд, доромжлуулаад л, шоронд ороод, бүх юмыг нь туулаад үзчихсэн туршлага байхад чинь тэр гоё цагаан гартай, цагаан захтай ах нарын маань гоё хүүхдүүдээс дор үзэгдэж байна. Би тэднийг буруутгаж байгаа юм биш. Ерөөсөө систем маань өөрөө ийм байдал руу түлхжээ гэдгийг л хэлээд байгаа юм. Өнөөдөр дэлхийн амьдралыг тодорхойлдог улс орнуудын түүхэнд 20-25 жил нь бол дандаа үсрэнгүй хөгжлийг улс орондоо хийж чадсан цаг хугацаа байдаг юм байна лээ. Тэр үсрэнгүйг хийхэд 20-25 жил хангалттай байдаг юм байна. Дэлхийн 2-р дайны дараа Герман улс хоёр хуваагдчихсан АНУ, ЗХУ хоёр хоёр тасдаад авчихсан. Ийм дорой буурай болсон байсан улс ердөө 25 жилийн дараа Европын тэргүүлэх эдийн засагтай улс болтлоо бие дааж хөгжиж чадсан байна. Бид нар бол тийм цэг дээрээс яваагүй байхгүй юу. Бид нар бол дайнгүй, дажингүй, бөмбөгдүүлчихээгүй, аж үйлдвэрийн суурьтай, мал аж ахуйн суурьтай, хөдөө аж ахуйн суурьтай, боловсон хүчний суурьтай, боловсролын суурьтай ийм гараан дээрээс эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ 25 жилийн хугацаанд чинь эрх барьсан том намууд чинь юу хийж байсан юм бэ. Ямар бодлого нэвтрүүлсэн юм бэ. Хэрэв тэд нарын зөв байсан бол өнөөдөр бид нар ямар болчихсон байх ёстой юм бэ. Б.Ганчимэг сэтгүүлч ямар амьдралтай болчихсон байх ёстой юм бэ. Эргэн тойронд байгаа хүмүүс ямар амьдралтай болчихсон байх ёстой юм бэ. Хөдөлмөрлөж чадсан, хожиж чадсан, аз нь тохиосон цөөхөн хэдэн хүмүүс л аятайхан амьдарч байна шүү дээ. Дийлэнх массаараа, 90 гаруй хувиараа тэр доор л амьдарч байна шүү дээ. Энэ чинь бид нарын зүтгэсэн хөгжил биш шүү дээ. Тэгэхээр энэ намуудыг чинь зөв явсан гэж хэлж болох уу. Зөв хөгжүүлжээ гэж хэлж болох уу. Ийм хариулт яаж ч хичээгээд гаргаж ирж болохгүй болчихоод байгаа биз.
-Хэрвээ Т.Ганболдод гомдол байна. Тэрнээсээ болж шийдвэр гаргасан гэж харж байгаа бол ийм л зүйл байна гэсэн үг байх, тийм үү?
-Энэ л байна. Миний, бидний үеийнхний, дараагийн үеийнхний гомдол энэ л байна. Өөр аахар шаахар зүйл биш.
ACEM БОЛОХ НЬ УЛААНБААТАР ОЛИМПИЙН ЭРХ АВЧ БАЙГААТАЙ АДИЛХАН
-АСЕМ-ийг Монголд зохион байгуулж байгааг та яаж харж байгаа вэ. Зочид буудлуудад өгнө гэсэн зээл олгогдоогүй байгаа гэсэн. Өөрсдийн хүчээр л бэлдэж байна уу?
-АСЕМ-ийг зохион байгуулахтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай удирдаад зочид буудлуудтай хэд хэдэн удаа уулзаж, нөхцөл байдлуудтай нь газар дээр нь танилцаж болох болохгүй бүх юмнуудтай нь танилцсаны үндсэн дээр санхүүжилт хийхээр яригдсан. Санхүүжилт бол хандив биш шүү дээ. Арай нэг боломжийн хөнгөлттэй, багавтар хүүтэй, арай жаахан уртавтар хугацаатай бодлогын зээл олгоё, энэ бодлогын зээлээрээ барилга байшингийнхаа инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, агааржуулалт юмаа янзалъя гэж яригдсан. Харамсалтай нь одоо хүртэл энэ төсөв мөнгө хийгдээгүй, чадаагүй. АСЕМ маань хаяанд тулчихсан байгаа. АСЕМ маань өөрөө та надаар хэлүүлэлтгүй ямар том арга хэмжээ болохыг мэднэ. Энгийнээр хэлбэл манай Улаанбаатар хот Олимпийн эрх авч байгаатай л адилхан ийм зүйл. Нэг талаас нь харах юм бол энэ асар их зардал юм шиг харагдана. Ядуу юм байж яасан их зардал гаргадаг юм, яасан их тансагладаг юм бэ гэж харагдах байх. Би бол нөгөө талаас нь харж байгаа. Ямар талаас нь вэ гэхээр энэ АСЕМ-аар дамжиж асар их хэмжээний хүний урсгал бий болно. Асар их хэмжээний хүний урсгал бий болж дэлхийн анхааралд орно гэдэг бол манайх шиг улсад өөр хүчин зүйлээр үнэлэгдэх үйл явдал юм.
-Бүх дуран Улаанбаатар луу чиглэнэ.
-Тийм. Манайх шиг дэлхийн улс орнуудад танигдаагүй оронд энэ маш чухал. Бид нар л өөрсдийгөө сайн мэдэх болохоос биш тэр том АНУ, Баруун Европ, Зүүн өмнөд Ази чинь Монгол гэдэг улсыг бас мэддэг улсууд нь цөөхөн. Тэгэхээр тэр зах зээл дээр бид нар бас өөрсдийгөө таниулж, сурталчлах асар том нэг боломж юм. Нөгөө талаасаа хүний асар том хүний урсгалыг чинь дагаж асар их эдийн засаг, бизнесийн үр өгөөж буй болдог. Энэ акц өөрөө тэр чинээгээрээ гаргаж байгаа зардлаа олдог. Мэдээж ийм том арга хэмжээнд бэлдэж чадсан чадаагүй бас нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд зүтгэнэ гэдэг чинь тодорхой хэмжээнд энэ Улаанбаатар хотын өнгө зүс, хэдэн зочид буудлуудын менежмент, энэ хэдэн хүмүүсийн боловсон хүчнүүдийнх нь ажилдаа хандах хандлага энэ бүх юман дээр нэг шат ахиж чадна. Ямарваа нэгэн хөдөлгөх хүчгүйгээр аливаа зүйл урагш явах хэцүү байдаг. Тийм болохоор энэ АСЕМ гэдэг нэртэй том мотор, том өндөр хүчдэлээр цохиулж бид нар урагшилж авах хэрэгтэй. Ингэж ойлгох хэрэгтэй. Одоо хараагаад яах юм бэ. Тийм биз дээ. Бүгдээрээ ажиллах хэрэгтэй байна. Би бас сая өөрийнхөө цэвэр сонирхол шохоорхлоосоо үүдээд бараг л анхны дээд зэрэглэлийн шахуу том концертын заал босгож дуусгалаа. Хүн бол өөрийнхөө сонирхож байгаа зүйлээ сайн хийвэл сайн үр дүн болгож чаддаг. Чадахгүй мэдэхгүй юмныхаа бол дайсан нь л болдог шүү дээ.
-Концертын зааландаа тоглуулсан эхний тоглолтууд тань ямар болов. Үзэгчдийн сэтгэл ханамж ямар байна вэ?
-Японы төгөлдөр хуурын Kawai гэдэг том брэндийн шугамаар ОХУ-ын алдартай мэргэжлийн төгөлдөр хуурч, бас хийлийн дөрвөл ирж тоглолт хийсэн. Дараа нь Монгол HD TV- тэй хамтарч “Авьяаслаг Монголчууд” гэж та бүхэн бүгд үзсэн байх тэр шоуг хийж амжилттай дуусгалаа. Хүмүүс бүгд л харсан байх. Тайз, дуу, гэрлийн эффектүүд ямар хэмжээнд хийгдсэн байна гэдгийг бол. Энэ ажлууд бол Монгол Улсад анхдагч нь л болсон байх.
-Үнэхээр сайхан байсан. Танд баяр хүргэе. Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Дараа ахин уулзаж ярилцах байх аа.
-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн амжилт хүсье.