Манай энэ дугаарын VIPerson зочноор “Монгол тулгатны 100 эрхэм” төслийн санаачлагч, хөтлөгч П.Анужин. Олон нийт түүний зүг яагаад дуугүй байна вэ? гэх асуултыг нисгэсээр чамгүй хугацаа өнгөрлөө. Харин хатагтай Анужин ийнхүү сэтгэлээ дэлгэж байна. Заримдаа мэлмэрүүлж, заримдаа инээлдэж, чин сэтгэлээсээ хөөрөлдсөн бидний яриа нэг мэдэхэд нэлээн хэдэн цаг болсон байв. Ингээд та бүхнийг урьж байна.



-Бидний болзоо явсаар байгаад энэ цаг үед ирчихлээ. Юутай ч миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

-Тийм ээ, болзоо маань явсаар энэ цагт ирлээ. Ганчимэгтэй ярилцана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг, баярлалаа.

-Ану, бид бие биенээ сайн мэднэ. Тэгэхээр би танд эхлээд нэг сайхан гүнзгий амьсгаа аваад чин сэтгэлээсээ хөөрөлдөхийг зөвлөмөөр байна. Эхлэх үү?

-Ээж минь надад гүн амьсгаа аваад аливаа ажил үйлээ эхлүүлж байгаарай гэж үргэлж захидаг. Их дотно санагдаж байна, тэгье ээ.

-Таны санаачилж нийгэмд хүргэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг олон нийтийн дунд том давалгаа үүсгэсэн төсөл. Харин одоо ээлжит, үгүй биш юм аа бараг анхны том цохилтоо амсаад байж байна. Мэдээж энэ бүх хэцүү үеийг туулах амаргүй байгаа байх. Эсвэл зүгээр байна уу?

-Асуултын тань үг бүхэнд гүн утга агуулагдаж байгааг анзаарч байна, ээлжит бас анхны цохилт хоёулаа мөн. Төслийн маань хувьд анхны том цохилт, миний хувьд бол анхных огт биш ээ. Лхагваа ах маань энгэрээс нь сүү асгардгийг нь бодож бүсгүй хүнийг бүү доромжил гээд хүртэл өмөөрөөд бичиж байсан. Нэг хоёр эсвэл нэлээд хүний ярианд тэгж бичихгүй шүү дээ. Төсөл эхэлснээс хойш би тийм амар замыг туулсангүй ээ.

-Хүмүүс өөр өөрийнхөө харахыг хүссэн өнцгөөс л аливааг харах нь элбэг. “Херо интертаймент”-ын хувьд олон төсөл хийдэг. Түүний нэг нь “Монгол тулгатны 100 эрхэм”. Харин одоо энэ групп болон Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хатагтай П.Анужин гэсэн хоёр талыг салгаж харах бололцоогүй болжээ. Энэ ойлголт танд илүүтэй сэтгэлийн шаналгаа авчирсан юм шиг санагддаг. Учир нь хэвлэл мэдээллийнхэн таныг найруулагчтай нь харддаг, холбодог, бараг хамт амьдардаг мэтээр шуугисаар удлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ тийм биш. Та харин дув дуугүй явсаар өнөөдрийг хүрч байна.

-Сайтар бэлтгэгдсэн худал төгс төгөлдөр үнэн болдог гэдэг дээ. Цаг хугацаанд үнэн нь харагдана биз гэж бодоод дуугүй явсан. Нөгөө талдаа хувийн амьдралын таатай, таагүй мэдээнүүд хувь хүний л асуудал. Улс орон болоод олон нийтийн эрх ашигт нөлөөлөөд байхаар хэмжээний зүйл биш учраас тийм зүйлийг яриад, тайлбарлаад явах нь эсрэгээрээ зохимжгүй гэж боддог.

-Тэвчээр бол мэдээж том соёл. Гэхдээ үүнд ч хязгаар гэж байдаг. Юм хийгээд адлуулах, үл ойлгогдох, гүтгэлэг доромжлолын бай болохын зовлонг би гадарлана. Гэхдээ таны хувьд нэр хүндээ хамгаалах цаг болсон байх аа.

-Нэр хүндээ хамгаалах гэхээсээ зарим нэг зүйлийг тодорхой хариулах цаг нь гэж бодож байна. Хувийн амьдралаар минь дайрч доромжилж, элдвийн улстай холбон гүтгэж байхад би нэр төр гэж гүйгээгүй, тэвчээртэй уужуу хандсан. Харин энэ удаа бидний бүтээсэн, ард түмэнд хүрсэн уран бүтээлийг маань тойрсон асуудал үүссэн учир би өөрийн байр суурийг илэрхийлэх ёстой гэж бодсон, энэ ч талаасаа урилгыг тань хүлээн авсан гэдгээ тодотгон хэлэх нь зүйтэй.

-Найруулагчид бол “галзуу” улсууд. Энэ тодорхойлолтоо би хөгжилтэй утгаар хэлж байгаа юм шүү. Тэр танд анх татагдсан юм шиг харагдаж байсан. Би ярилцлагынхаа зочноор урьж ярилцах үед тэр надад “Ганаа би гол дүрийн эмэгтэйдээ бүр дурлаж, шатаж байж хамтарч юм хийдэг. Тэгж байж надаас юм гардаг” гэж хэлж байсан нь маш содон бууж байж билээ.

-Найруулагч Балжинням гуайтай ярилцаж байхдаа, найруулагчид гол дүрийнхээ эмэгтэйд дурлах нь олонтаа, та Сувд гуайд дурлаж байсан уу гэж асуусан нь хайр дурлал гэхээсээ илүү бие биесээ хөглөх онгод нь болж байдаг уу гэдгийг асуух гэсэн юм аа. Нэгэн хүн Лхагваа ах, найруулагч бид гурвыг та гурав энэ нэвтрүүлгийн тулгын гурван чулуу, амь нь юм шүү дээ гэж хэлж байсан. Бид бие биенээ хөгшин залуу, эр эм гэхгүй хөглөж ирсээн, хөгтэй байж л хөг уртай уран бүтээл гарна. Юу хэлэх гээд байгааг минь урлагийн, бүтээгч хүмүүс илүү мэдэрч ойлгох байх аа. Нөгөө талдаа тархи хүйтэн, зүрх дулаан сэтгэдэг. Зүрхээр бүтсэн бүтээлийг тархиар шүүгээд байгаад ойлголцлын зөрүү гараад байна. Зүрхээрээ сэтгэсэн бүхэн хайр сэтгэл, янаг амрагтай хутгалдаад байгааг бид салгаж ойлгох цаг нь нэгэнт ирсэн. Олон зүйлийн суурь ойлголт энэ оюун мандлын эринд хурдтайгаар хувьсаж байна шүү дээ.

-Нөгөө талаар эрэгтэй хамтраг­чидтай ажиллах маш хэцүү. Зохион байгуулалт тааруу, ноёрхох гэдэг, бас их хардамтгай. Хэдий ажил хэргийн орчин ч гэлээ энэ бужигнаан дунд маш их дасдаг. Угаасаа нэг хүн болж нэгдэхийг зорилго нь цаанаасаа шаарддаг. Сүүлдээ утга учиргүй дайн дэгдэх нь ч бий. Би ийм л нөхцөл байдалд орсон болов уу гэж хараад байх юм.

-Бүгдийг өөрийнх байлгах гэсэн эр хүний төрөлх зөн нь ажил амьдрал бүхий л зүйл дээрээ ижил тусч байдаг шиг. Аливааг авч чадаагүйдээ хорсох, уурлах, хүүхэд шиг ч гэмээр зан эр эм хүмүүст ижил байдаг юм шиг байна билээ. Шекспир хайрын тухай маш өрөөсгөл ойлголтыг бидэнд тулгаад өгчихсөн. Дийлэнх хүмүүс агуу хайрыг түүний бичсэнээр хүлээн зөвшөөрдөг ч юм уу гэж надад санагддаг. Хайр, хорсол хоёр нэг юмны хоёр тал мэт тэрээр бичсэн. Хайрын тухай миний ойлголт өөр. Хайрлах тусмаа л эрх чөлөөг нь өгч хүссэнээр нь амьдруулах. Нөгөө талдаа хүн гэдэг хэзээ ч хэн нэгний өмч биш, хайр хариуцлагаар хязгаарлагдахыг энэ нийгэм, хууль шаарддаг ч сэтгэлийн асуудлаа хүн төрөлхтөн хуулиар хараахан төгс шийдээгүй байна.

-Хатагтай Амбасэлмаа болон миний бие “Херо интертаймент”-тай бас нэгэн төсөл хийгээд явж байгаа. Найруулагч Баатар бол хамтран ажиллахад эрч хүчтэй, яг ажлын талбарт ажил явагдаж байхад гэгээн, сэтгэл татагдам агаарт умбуулж байж хүмүүсээ хөглөдөг өвөрмөц найруулагч санагдсан. Танд энэ олон янзын Л.Баатаруудаас яг аль нь илүү таалагддаг вэ?

-Огт улс төржөөгүй, чаддаг юмаа хийдэг гэгээн, авьяаслаг найруулагчийн дүр нь илүү таалагддаг.

-Яагаад энэ төрлийн асуултууд тавиад байна гэхээр цаанаа учиртай юм. Хэд хоногийн өмнө Л.Баатарын нэг ярилцлагыг харсан. “Монгол тулгатны 100 эрхэм” төслөөс одоо би хөндийрөхийг хүсч байна гэж хэлсэн байна. Угаасаа тэр ярилцлагад өөр мессеж байхгүй. Яагаад ингэж байгаа юм бол. Энэ бол уран бүтээл. Монголчуудын хайртай уран бүтээл. Иймхэн цохилтоос болж зогсох гэж үү. Та бол гол хүний нэг. Тийм учраас таны байр суурийг сонсмоор байна.

-Түүний мэдэгдлийг би телевизээр сонссон. Хувь хүний бодол байр суурь байх. Миний хувьд, ямар ч байсан энэ асуудлын үнэн мөн олдтол нэвтрүүлэг тодорхой хэмжээнд зогсох нь ойлгомжтой гэж бодож байна.



-Би нэг юм анзаарсан. Сүүлийн дугаарууд дээр таны санаачлагч гэсэн хаяг өөрчлөгдсөн байх шиг харагдсан. Бас нэг залуу энэ төслийн эцэг болох гэж оролдсон явдал ч гарч байсан. Бүр анхны санаа оноо яаж гарсан талаар дурсаач?

-Их гярхай харжээ, ийм зүйл асууна гэж төсөөлсөнгүй. Би ч өөрөө хариултыг нь аваагүй байгаа. Өдий төдий нэвтрүүлэг дээр түүх нь бичигдээд үлдсэн болохоор тэр яахав дээ, тэгэх шалтгаан байсан юм байлгүй. Анхны санаа оноо хэрхэн гарч байсан талаар би өмнө нь тодорхой ярьж байсан. Аливаа төсөл эхлэхэд хамгийн чухал бодит хүчин зүйл бол мэдээж санхүүгийн асуудал. Том хэмжээний телевизийн энэхүү төслийг эхлэхэд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтыг гэр бүлийн маань хүний эрхэлдэг “Мизу” гэдэг компани гарган эхлүүлж байсан. Монгол төдийгүй дэлхийгээр тархсан монголчууд, монгол цустай хүмүүсийн шимтэн үздэг энэ нэвтрүүлгийг дэмжин эхлүүлж, бодит ажил болгож чадсан “Мизу” компанийн хамт олонд би одоо хэр нь нийт үзэгчдийнхээ өмнөөс талархаж явдгаа ахин хэлмээр байна. Аливаа зүйл бодитой биетэй, нэр хүндтэй болсны дараа тэтгэж ивээх, нэрээ наах хүн бишгүй гарч ирдэг. Амжилттай амжилтгүй болох эрсдлийг үүрэн хөрөнгө оруулна гэдэг бол нэг талдаа зориг, нөгөө талдаа соён гэгээрлийг дэмжсэн том сэтгэл юм шүү дээ.

-Тэгэлгүй яахав. Ядарч явахад анхаарал ч тавиагүй атлаа одоо сониноо зарчих, хувиа зарчих гэсэн санал хааяа ирэхэд огцом эгдүү хүрдэг юм. Би ойлгож байна. Хүмүүс надаас хамгийн гайхалтай зочин тань хэн байсан бэ гэж их асуудаг. Танай төсөл бол шигшиж явсан. Гэхдээ хамгийн онцгой нь, хамгийн их хөлс хүч шаардсан нь гэх мэтээр сонирхуулбал манай уншигчдад их сонирхолтой байх болов уу?

-Хэзээ ч давтагдахгүй, гайхалтай түүхүүд. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн нэвтрүүлэг эхлэхдээ, өрнөхдөө, хоёр жилийн өмнө гарч дуусчихаад, мөн одоо ч тэсвэр тэвчээр, эр зориг шаардсан нэвтрүүлэг боллоо. Нэвтрүүлэг хийж эхлэх үед би МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн байсан. Монголын ард түмнээс сонгогдсон үе үеийн бүх ерөнхийлөгч нар манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл тодорхойлсон. Би аль нэг намын болон өөрийн хувийн байр сууринаас энэ төсөлд хандаж байгаагүй. Улс төрийн амбиц байсан бол би энэ дугаараас яаж ийгээд тойрч болох л байсан.

-Цаад зочин өөрөө ховор, хүчтэй зочин. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд араас нь элддэг. Энэ бол мэргэжлийн үүднээс түүнийг сонгох шалтгаан. Хүлээж авч байгаа улс төрийн хэсэг маш эмзэг, маш аюултай байдлаар хүлээж авсанд л учир нь байгаа юм. Харин танай нэвтрүүлгийг, тэр дундаа таныг ороож дайрах нь дэмийрэл юм.

-Ганаа чи хөгжилтэй хүн шүү. Би бол дэмийрэл гэж чам шиг ингээд шууд хэлж байгаагүй. Ойлгоно биз гэж хүлээж, ойлгож байгаа хэсэг нь илүү олон гэдэгт л итгэж байсан. Ер нь энэ дугаар хоёр жилийн өмнө гарч дуусаад л зэмлэл, буруушаалт, шүүмж, доромжлол бүгдийг дагуулсан шүү дээ. Нэг үгээр хэлбэл энэ дугаарыг хийснийхээ төлөөх ял зэмийг би хоёр дахь удаагаа эдэлж байна. Энэ бүхнээс залхаж ч байна.

-Энэ нэвтрүүлэг таны нэрийн хуудас мөн үү. П.Анужинг энэ нэвтрүүлэг л гаргаж ирсэн. Тэр олонд танигдсан нэр алдраа ашиглан улс төрд орж байна гэж таныг бас бичдэг.

-Намайг олны танил болгосон нэвтрүүлэг бол яах аргагүй Монгол Тулгатан. Харин энэ нэвтрүүлгээр хүмүүс намайг таньсан уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Таних гэдгийг би хувь хүн талаасаа хэлж байна л даа. Монгол Тулгатанаар Анужин гарах, танигдах боломжгүй л дээ. Тэгээд ч гол дүр нь хөтлөгчид биш. Зочноосоо асуулт асууж, нээж, ярилцаж байгаа тэр Анужин төдийгөөр түмэнд танигдаад, улс төрд орно гэвэл миний хувьд дэндүү жижиг санагдаж байна. Би Монгол төрийн босгыг энгүй өндөр гэж бодож явдаг юм шүү. Төр улсын жолоог атгалцахад хүний хийгээд номын эрдмээс гадна удам угсаа, төр түмнээ гэсэн хоёргүй сэтгэл гэх мэт олон нарийн шалгуур хэрэгтэй.

-Бүх юм таны үндсэн эрх шүү дээ. Сонголт хийх эрх чөлөөгөө олон нийтийн хандлага, зарим хэвлэлийнхний явуулж буй бодлогоос болж өөрчлөхгүй биз дээ. Яагаад ч юм таныг халирч, бүх зүйлээс зугтахыг хүсч байгаа юм биш байгаа гэж бодогдоод л…

-Хүн л юм чинь халирах, сэтгэл өвдөх зүйл байна. Гэлээ гээд дайрч давшилж байгаад тааруулах гэж, олон нийтэд таалагдах гэж би өөрийгөө өөрчлөхгүй. Хэн нэгэнд таалагдан таалуулахын тулд биш хүний мөн чанар, хат ухааны илүү сайн өөрчлөлтийг эрж хайж, өөрчлөгдөж чаддаг байх ёстой. Монгол иргэн хүнийхээ хувьд би улс орны нийтлэг эрх ашгийг зөрчсөн, эх орноо худалдсан, хэн нэгнийг хуурсан зүйл хийж байгаагүй, хийх ч үгүй. Хийсэн бүтээл бүхэндээ эв нэгдэл, үнэн шударгыг барьж ажиллахыг хувь хүнийхээ хувьд байнга баримталж ирсэн.

-Одоо хоёулаа саяын болоод өнгөрсөн үйл явдал руу оръё. Нэлээн л дуулиан шуугиан болж байна. Гэхдээ энд өртсөн хүмүүсээс хэн яг “бай” нь юм бэ? Сүүлдээ та болж байх шиг?

-Нээрээ “бай” нь хэн байсан бэ? Энэ тухай би одоо ч бодож байна. Эхэндээ том улсуудын тэмцэл юм байна гэж бодсон, сүүлдээ таны хэлдгээр хэвлэл мэдээллийн хандлага над руу илүү чиглээд ирэхийг хараад гайхаж л байна. Над руу чиглэсэн гээд харвал өөрийгөө дэндүү том үнэлчих гээд байгаа болохоор хэлж мэдэх юм одоогоор алга даа.

-Та энэ болсон явдлын дараа Н.Энхбаяр болон түүний гэргий, хатагтай О.Цолмонтой холбогдсон уу?

-Өөртөө зовохоосоо О.Цолмон гэдэг хүнд илүү зовсон. Илүү шаналсан. Намайг хамгийн их өвтгөсөн зүйл бол тэргүүн хатагтайн бичлэг байсан. Тэр бичлэгийг би хэзээ ч харж сонсч байгаагүй, анх удаа л интернэтээс харсан. Шаналсан учраас би түүнтэй холбогдсон.

-Зорилго ерөөсөө тэднийг л чиглэсэн юм биш үү. Танд тэгж бодогддог уу?

-Зорилго, “бай”-г би хэлж мэдэхгүй байна аа, үнэндээ.

-Найруулагч Л.Баатар яагаад, юу мэдэж “Энэ бол маш том зохион байгуулалттай үйлдэгдсэн хэрэг” гэж яриад байгаа юм бэ? Хэрэв тийм бол тэдний архивт ийм хальс байгааг өөрсдөөс нь өөр хэн мэдэж байсан юм гэх мэт асуултууд гарч ирнээ дээ.

-Өөрт нь тийм сурвалж байсан юм байлгүй дээ. Би нарийн учрыг огт мэдэхгүй байна. Бичлэг алдагдсан тал дээр миний мэдээлэл олон нийтийнхтэй ижил төвшинд байгаа. Учир нь би Хэро-гийн ажилтан биш, байнга тэнд байрлаад байдаггүй, тэгээд ч сүүлийн жил илүү хугацаанд би уран бүтээлээс хол байгаа.



-“Херо интертаймант”-ын гол ивээн тэтгэгч гэгддэг Женко Баттулгыг хардсан таамаглалууд бас явж байна. Хэрэв тэр өшөө авахыг хүссэн бол тэнд шинэ юм юу яригдсан юм. Эх нэвтрүүлгээс илүү сүртэй шинэ баримт байхгүй шүү дээ.

-Аливааг хэрхэн гарчиглаж, ямар нэр хаяг зүүлгэх вэ гэдэг ямар чухал болохыг саяын үйл явц тод харууллаа. Анужингийн үнэн төрх илчлэгдлээ гээд л тараагаад байсан, гэтэл түүний оронд Анужин үнэнийг ярилаа гэсэн бол нийгмийн сэтгэл зүй түүгээр л хүлээж авах байсан шүү дээ. Гэхдээ гарчиг мэтийн хэлбэрт үл хууртагдан агуулгыг тунгаачих эрүүл, боловсролтой хүмүүс дэндүү их байдгийг би бас олж мэдсэн. Ер нь л би олон зүйлийн мөн чанарыг олж харлаа.

-Гэхдээ тэр Н.Энхбаяр гэдэг чулуугаар өөр хүнийг ахин нүүлгэж байж бас болох. Мэдээж энэ бүхэн таамаглалууд гэдгийг та ойлгож байгаа. Таныг ч гэсэн ингэж эрэлд хатсан болов уу гэж би бодож байна.

-Мэдэхгүй юм даа.

-Гэтэл яагаад энд илүүтэй хохирсон нь та болчихов. Таныг намаас тань хөөх тухай хүртэл жиг жуг сонсогдлоо. Энэ чинь инээдтэй явдал шүү дээ. Таны асуулт болон ярианууд таны үнэн бодол санаа гэж хэн хэлээд байгаа юм. Мэргэжлийн үүднээс бол хүн яриулах, хүний сэтгэлд ойртох, хөглөх олон даваа гүвээнүүд бий. Талд нь орох, байр сууриар нэгдэх, дуртай сэдвийг нь барьж авах энэ бүгд тактикийн асуудал шүү дээ. Яагаад таныг чичлээд байгааг би ойлгохгүй байна.

-Та мэргэжлийн сэтгүүлч хүн учраас сурвалжлагч, ярилцагч хүний тактикийг мэргэжлийн үүднээс гарцаагүй тайлж асуулаа. Тийм ээ, хүнээ нээж, үзэгчдийн болоод он цагийн хүсч буй хариултыг авч үлдэхийн тулд ёстой ясны хөлс дусах үе бишгүй байдаг. Үүнийг та ойлгоно. Найруулагч маань Лхагваа ах бид хоёрыг хамгаалах гэж бүх үгийг найруулагч хэлүүлдэг гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдэж байна лээ. Багаа хамт олноо хамгаалах гэсэн сайхан сэтгэлд нь маш их талархаж байна гэдгээ энэ дашрамд хэлье. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гэдэг хүн хэнээр юу хэлүүлэхээ заалгаад байхгүйг ард түмэн минь мэднэ шүү дээ. Миний хувьд ч хэнээс юу асууж, хэрхэн ярилцахаа хэн нэгнээр заалгахгүй ээ. Бидний авсан яриаг хэрхэн яаж тасалж, найруулж, аль хэсгийг нь авч, зочноо ямар өнцгөөс нь хэрхэн харуулах вэ гэдэг цэвэр найруулагчийн ажил. Ажил үүргээ барилгатай зүйрлүүлж хэлбэл, Лхагваа ах бид хоёр барилгын хамгийн үндэс болсон цемэнтийг нь өөр өөрсдийн ур чадвараар чанартай бэлдээд өгдөг. Түүгээр ямар хэлбэр, хийцтэй барилга барих вэ гэдэг цэвэр найруулагчийн ажил байдаг. Саяын үйл явдалд намайг буруутгаад байгаа шалтгаан нь ярианы агуулгандаа бус ярьж байгаа байдал хэлбэртээ байсан юм болов уу гэж бодсон. Өмнө нь үзэж харж байгаагүй сэтгэл хөдлөл, хөдөлгөөн зарим үзэгчдэд таагүй байсан юм болов уу даа. Хэрэв тийм бол би нэвтрүүлгийнхээ үзэгчдээс хүлцэл өчье.

-Яагаад бүх юмны “бай”, хохирогч нь эмэгтэйчүүд болдог юм бол. Энэ хэрэг явдлын хувьд хатагтай О.Цолмон болон та болчихлоо. Гэхдээ ярилцлагын ард, дуу хураагуур унтарч, камер зогссоны дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл, итгэлцэл үлддэг. Тэнд хүмүүс сууцгаагаад ярих, дарс тулгацгаах, сайдаж муудах олон агаар сүлэлдэнэ. Гагцхүү тэр үед камер яагаад ажиллаж байсан нь сонин. Энэ бол этикгүй явдал. Тэрийгээ мэдэж байгаа болоод ч найруулагч Л.Баатар уучлал гуйгаад байгаа байх. Та камер ажиллаж байсныг мэдсэн үү.

-Найруулагч хоёр л команд хэлдэг. Тэр бол мотор эхлэх бас бичлэг дуусах дохио. Мотор явлаа… гээд л би ажилдаа хоёргүй сэтгэл, оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ордог. Хэзээ унтрааж асаагаад байна, тиймэрхүү зүйлд хэзээ ч оролцож байгаагүйгээ хэлмээр байна. Миний хувьд ажил үүргийн хуваариа маш сайн зааглаж мэддэг, тийм ч учраас бусдын ажилд хошуу дүрээд байдаггүй. Би камерийн өмнө дүр бүтээж байгаагүй, өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Зочиндоо нэвтрэх гэж ажилласан, дараа нь монтажаар таслагдахыг хэн хэн нь ойлгож байсан бичлэгүүд шигшигдэн тараагдсанд би гайхаж л байна. Найруулагч камерийг хэзээ асааж унтрааж байгааг ч үл ажран ажиллана гэдэг бол маш том итгэл шүү дээ. Сая болсон үйл явдлын дараа хүмүүс намайг бодолтой байхгүй, ямар их итгэл вэ гэж их шүүмжилсэн. Аливаа ажил үйлийг хийхэд хариуцлага гэж чухал зүйлээс гадна итгэлцэл гэж айхтар зүйл байдаг. Хэзээ яах бол, дараа нь яаж ашиглах бол гэж бодож хүнтэй ярилцана ч гэж юу байхав, тэгж хүмүүстэй ажиллана гэж бүүр юу байхав дээ.

-Найруулагч Л.Баатарын ямар арга барил танд таалагддаггүй вэ. Надад зочдын ярианы логикуудыг хайчлаад хайчлаад тараачихдаг нь огт таалагддаггүй. Ялангуяа асуудал хөндсөн нэвтрүүлгүүд дээр. Хөрөг нэвтрүүлэг бол өөр л дөө.

-Өөрийнхөө байр суурийг маш хатуу хамгаалдаг найруулагч. Заавал оруулаасай гэж хүссэн асуултууд хасагдаж, хэрэггүй дээ гэж бодсон зүйлс орсон байх нь олонтаа. Тийм ч учраас би “Миний мэдэх 100 эрхэм” хэмээх ном бичиж гаргана гэж боддог. Хэдийгээр найруулагч давуу эрхтэйгээр яриа дүрсийг сонгодог ч редактор хүний хувьд бас өөрийн бодлыг хамгаалах гэж дайсан мэт тэмцэж тулах үе бишгүй л байдаг.

-Таныг намаас зайлуулах гэсэн хүүхнүүдийн дайрлага эхэлсэн харагдана лээ. Үүнд та эмзэглээгүй биз дээ. Та бол олон хүнээр хайрлуулж, хүндэтгүүлдэг. Бас атаа хорсол, үзэн ядалтын дунд явдаг олны танил хүн. Бас гоо сайхан бүсгүй. Тэгэхээр энэ илүүгээ дагаж ирж байгаа ачааг даагаад гарчихна биз дээ?

-Хувь тавилан хүнд даах ачааг нь үүрүүлдэг юм гэнэ лээ. Болж байгаа үйл явдал бүхэн түр зуурын шинжтэй. Түрхэн зуурын үйл явдалд хэт автаж, эргэн тойрон, ижий ааваа багахан зовоох юмсан гэж боддог. Тулаад ирсэн зүйлийг туулаад л гарна шүү дээ. Саяын дуулиан шуугианаар намайг С.Баяр даргын өрөөнд нууц камер тавьж, хөөгдсөн гэж намын нэр бүхий эмэгтэй бичиж түүнийг нь сонин хэвлэлүүд өлгөн авч, нэр хүндэд маань ноцтой халдсан. Үүнд би тийм үйл явдал болоогүй гэж хариулж байна. МАН нэг нэвтрүүлэг тойрсон энэ мэт аар саар зүйлийг асуудал болгож авч хэлэлцэж байгаагүй. Намын явцуу эрх ашгийн үүднээс гишүүддээ хандаж ирээгүйг ч би өөрийн үзэж туулснаар гэрчилнэ. Ард түмний нийтлэг эрх ашгийн төлөөх ажил үйлийг маань удирдлагын төвшинд шүүн хэлэлцэж байгаагүй, хэрэв тийм дарамт шахалт байсан бол би аль хэдийн энэ тогооноос хөөгдөхөөр болсон. МАН бол өнө эртний түүхтэй, улс эх орон, ард түмнээ гэсэн алсын хараатай, тулхтай улс төрийн хүчин гэдэгт би итгэдэг.

-Ээж аав тань энэ бүхнийг яаж хүлээж авч байна вэ?

-Бичлэг тарсан шөнө юу болоод байгаа нь мэдэгдэхгүй доромжлол л дараад байсан. Тэр өдөр би аав ээжтэйгээ хоносон. Ээжийнхээ энгэрт тас тэврүүлээд, аав ээж, амин чухал хүмүүсийнхээ хайр сэтгэлийн дулаанд бүлээцэж байсан. Аавын минь надад хэлсэн тулхтай үг намайг босгосон. Дайрч дэвсэх нэгэн байхад өмөөрч хамгаалах олон байсанд сэтгэл дэвтсэн. Энгийн эгэл түмнээс эхлээд нийгэмд нэр нөлөө бүхий сэтгүүлчид ч хамгаалан, дэмнэж байсанд би туйлаас талархаж байгаагаа ахин дахин хэлмээр байна. Хувь хүн намайг өмөөрч хамгаалсан гэхээсээ хийсэн бүтээснийг минь хүндэтгэн, ойлгосон сэтгэл гэж хүлээж авч баярласан.

-Та Японд төгссөн гэдэг. Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, бага насны амьдрал гээд олон зүйлийн мэдээллийг фенүүд тань сонирхдог. Энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь.

-Би МУИС-ийн дэргэдэх ОУХДС-ийг гадаад албаны ажилтан мэргэжлээр төгсч, дараа нь Япон улсад олон улсын хуулийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, тус улсад төгссөн мэргэжлээрээ нэлээд олон жил ажилласан. Япон улстай холбогдсон түүх маань миний хувьд өнө эртнийх. Гучаад жилийн өмнө социалист нийгмийн хүүхдийн төлөөлөл олон улсын хүүхдийн чуулганд оролцох гэж капиталист орныг зорьж байсан юм. Түүний бүрэлдэхүүнд шалгарч эх орноо төлөөлөн, овоо ачаа үүрэн явцгааж байсан. Тэр цагаас хойш энэ оронтой би амьдрал, үйлсээрээ холбоотой болсон. Бага нас маань зохиолч, сэтгэгч, зураачдын урланд өнгөрсөн. Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг ах, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах гээд олон сайхан хүмүүсийн уран бүтээлийг сонсч, мэдэрч өссөн. Нагац маань Монгол Улсын шинэ сүлд, төрийн тамганы эх загварыг бүтээсэн түүхч, зураач Ц.Ойдов гэж хүн бий. Монгол Улсын төрийн тамга, сүлд манай голомтонд төрсөнд би хязгааргүй их баярлаж бас бэлгэшээж явдаг. Энэ ч талаасаа Монгол төрийг үргэлжид дээдлэн, хүндэтгэх ухаан хар багаас минь яс цусанд минь суусан. Япон улстай олон жил холбоотой явсан минь, бүтээгч, сэтгэгчдийн дунд өссөн минь миний үзэл санаа, ёс зүйн төлөвшилд том нөлөө үзүүлсэн гэж би боддог.

-Ахиад танаас тулгаж асуумаар байна. Та ч гэсэн “Монгол тулгатан 100 эрхэм” төслөө орхихыг хүсч байна уу. Арай үгүй биз дээ?

-Их зориг, их тэмүүллээр юунд хүрэх, хаа хүрэхээ эс мэдэн энэ төслийн төлөө зүтгэсээн. Ямар ч байсан гэгээн зорилго байсан юм. Хэсэгхэн болов ч түүх бичье гэж хүссэн, бичсэн. Хийж бүтээхийн их хүслэнд автан хурдалж байсан бидэнд зогсолт хэрэгтэй болсон юм болов уу даа. Зогсолт бол ухралт биш. Зөв газраа зогсч чадвал зөв урагшлахын эх болдог гэж би боддог. Юутай ч зогсоё, бодъё. Энэ миний л бодол шүү, уран бүтээл бол багийн ажил.

-Таныг бүжиглэдэг, урлагт дуртай, бас юм бичдэг охин байсан гэж нэг найзаас тань сонсож байсан. Сэтгүүл зүйд хожим ингэж их татагдах байсан бол анхнаасаа сэтгүүлч мэргэжлийг сонгодог байж дээ гэж та боддог уу?

-Анх долоон настайдаа шүлэг бичиж эхэлсэн. Нагацын маань найз нар намайг онгироож Г.Мэнд-Ооёо ахад шавь оруулж байсан. Багш бид хоёр хоосонгүй ээ, Болгарт болсон хүүхдийн олон улсын шүлгийн наадмаас мөнгөн медаль авчихаж билээ. Би маш их бичдэг, зохион бичлэг, монгол хэлний чиглэлд улс хотдоо түрүүлчихдэг хүүхэд байсан. Сэтгүүлч л болно гэдэг байсан, тэгснээ гэнэт л тухайн үеийн хүүхэд бүхэн орохын мөрөөс болж байсан МУИС-ийн дэргэдэх ОУХДС-руу орохоор болчихсон. Би эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Ер нь сурч байсан сургууль бүртээ эзэмшсэн мэргэжлээрээ онц төгсч байсан. Хар багын мөрөөдөл минь Монгол Тулгатан гэж энэ сайхан нэвтрүүлэгт амилсан. Нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлаж явдгаа ч мөн энэ дашрамд хэлмээр байна. Манай хамт олон цастай, бороотой, шуургатай, нартай, солонготой өдрүүдэд үргэлж бие биеэ түшиж байсан, эрүүл сэтгэлгээтэй чадалтай баг хамт олон.



-Таны ганц нэг хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж байсан. Танаас сэтгүүлчдэд гомдоллож байгаа өнгө аясыг би тэндээс мэдэрсэн. Гэхдээ энэ чинь зах зээл. Түүнийгээ хамгаалсан зөн голдуу давамгайлж байна гэж ерөөсөө хараагүй юу. Би хувьдаа таныг эсэргүүцэж байгааг тэр өнцгөөс нь илүү харж байсан.

-Би тэр талаас нь харж байгаагүй. Бид сэтгүүл зүйн зах зээлд өрсөлдөх зорилгоор бус Монголын ард түмэн болоод дэлхийн монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн, бахархал дагуулсан, сайхан бүтээл хийхийг хүсч байсан.

-Та үнэтэй хөтлөгчдийн нэг боллоо. Амьдралдаа хангалттай мөнгийг энэ ажлаас олдог уу?

-Үгүй, энэ ажлаас би ашиг олж байгаагүй. Хангалттай мөнгө байтугай хэрэглээнийхээ мөнгийг ч би энэ ажлаас олж байгаагүй. Харин сайн үйл бүтээж байгаадаа сэтгэл минь үргэлжид дүүрэн, баян байсан.

-Жишээлбэл, “Монгол тулгатан 100 эрхэм”-ийг хөтлөх бол өндөр цалинтай ажил биз дээ?

-Огт үгүй.

-Яагаад эдийн засаг сонирхоод унав гэж та битгий эмзэглээрэй. Таныг үнэтэй материалууд, үнэтэй хувцаслалт, үнэтэй бүтсэн загварууд тойрч байдаг.

-Би голдуу өөрийн загваруудыг өмсдөг. Өмсч эдэлдэг зүйлс маань миний олон жилийн цуглуулга. Хувцас, хэрэглэлийн тал дээр би хуучинсаг талдаа хүн. Нэг зүйлээ их удаан уйдахгүй хэрэглэдэг.

-Таны хийсэн нэг гоё ажил байна. Өмнө нь нийтийн дуучид монгол дээлэнд жаахан хувьсгал хийх гэж оролдож байсан. Ялангуяа дуучин Т.Баясгалан. Та харин үсрэлт хийчих шиг. Энэ таны эртний мөрөөдөл байв уу.

-Баярлалаа. Хувцас хийж бүтээх, уран дарх хийх бол надад байгалиас өгөгдсөн авъяас гэж би боддог. Мэдрэмжээ амилуулна гэдэг маш том таашаал. Өөрийн ур ухаанаар бүтээсэн хувцсаа өмсч, өөрийгөө бүтээнэ гэдэг үнэхээр тансаг мэдрэмж.

-Олон хүүхнүүд тантай ижилхэн дээл өмсөөд явж байх тийм ч гоё таашаал биш гэж би бодож байна. Ахиад л тэднээс зугтаах хүсэл төрмөөр?

-Миний цусанд өөрөө өөрийнхөө өнгө гэрлийг бүтээх агуу өгөгдөл байдгийг би мэдэрдэг. Түүнээс хуурамч ондоошлыг бүтээх тухайд бодож байсангүй ээ.

-Та өөрөө хэр оёдог вэ?

-Нямбай оёно.

-Ямар нэгэн хүнд хэцүү үед хамгийн амархан тайвширлыг олдог зүйл тань юу юм бэ?

-Хүүхдүүдийнхээ инээж, баясч байгааг харах, тэдний хиргүй тунгалаг ертөнцөд орох.

-Таныг бөөгийн шашинтай холбох гээд байх шиг харагддаг. Яагаад тэгдэг вэ?

-Мөнх тэнгэр гэж бөө, тэнгэр үзлийн тухай нэвтрүүлэг хийсэн. Тэр үеэр авахуулсан зураг мөн алдагдаж олон нийтийн хэрэгслээр цацагдаж байснаас тийм яриа үүссэн болов уу.

-Хэрэв таны дотор шашин, эсвэл түүнээс ч өөр хүч байдаг бол тэр хүч танд одоо юу зөвлөж байгаа бол.

-Маш сонин асуулт байна. Намайг инээмсэглэ гэж зөвлөж байна. Миний хувьд би ямарваа нэгэн шашин, измээс ангид оршиж, чөлөөтэй сэтгэдэг.

-Би бол таныг аяллаар явахыг, зугтахыг, гомдохын алийг нь ч битгий сонгоосой гэж хүсч байна. Зүгээр л ажилдаа ор. Ахиад нэвтрүүлгээ хий, үзэгчид сайхан юманд баясаж бүхнийг мартдаг гэж хэлмээр. Харин та юу хэлэхийг хүсч байна.

-Надад хандан хэлсэн дулаан зөвлөгөөнд тань маш их талархаж байна. Юу ч гэсэн инээмсэглээтхэе. (ингэж хэлэхэд нь бид хоёр хоёулаа асгаруулчихсан) Инээмсэглэлийг сайн сайхан дагана гэж ээж минь хэлдэг. Сэтгэл зүрхнээсээ бүтээсэн бидний бүтээлийг үзэж, сэтгэлийн таашаал, амар амгалан, ухаарал, гэгээрэл, бахархалыг мэдэрч, бүтээлийг минь хүндэтгэл хайраараа өлгийдөн авсан ард түмэндээ гүн талархлаа илэрхийлье.

-Тантай ярилцах сайхан байлаа. Амжилт, эрч хүч, сайн сайхныг хүсч байна.

-Баярлалаа, танд ч гэсэн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсье.

Анужин ээлжит дайралтын үед нүдэндээ нулимстай инээмсэглээд зогсож байна. Мэдээж тэр гэнэт учир нь олдохгүй сонин үймээн босч ирсэнд цочирдсон. Гайхширсан, гомдсон… Түүний сэтгэл өвдсөн. Хүмүүс олны танил эмэгтэйчүүдэд нэг хачин үүрэг тулгачихдаг юм шиг надад санагддаг. Тэр нь бид яаж ч чулуугаар шидсэн, яаж ч балбасан чи тэвчээртэй, дув дуугүй зогсож байх ёстой гэсэн харгис тулгалт. Сөрвөлзвөл дарж унагаахаар уулгалан дайрах. Дуугүй, нулимсаа залгиад зогсвол улам ноолох. Яагаад бид бие биедээ ийм бүдүүлэг, байж боломгүй бохир хандлага илгээнэ вэ… Энэ асуулт өдөржин миний толгойд эргэлдэж, сэтгэлд гунигтай аялгуу сааралтан эгшиглэж байлаа. Гадаа хүйтэн байж болно. Энэ бол орчлонгийн өнгө. Харин хүмүүн бид сэтгэлдээ хүйтэн шургалуулсаар, бие биенээ булгалан унагахаар шуурсаар л байх уу?