Үе үеийн сонгодог найраг, сод туурвил,шилдэг жүжгийг бүтээгчид

 Даниэл С.Бөрт

 
Бүх цагийн үеийн алдар цуутай зохиолчдын уран бүтээлүүдийг эрэмбэлэх гэдэг гар хурууны үзүүрээр хийчих ажил биш аж. Судлаачдын барьж авахаас зүрхшээдэг зүйл рүү зөвхөн тэнэгүүд л зүтгэдэг гэж нэгэн ухаантай хүн надад хэлсэн ч үл тоож, энэхүү номыг бүтээх ажилд ханцуй шамлан орсон минь хэдэн шалтгаантай юм. Анхдугаар шалтгаан нь орчин үед иймэрхүү судалгаа шинжилгээ ховор живэр болсон. Утга зохиолын ийм төрлийн судалгаанууд тусгай салбаруудад хийгдэх тул тоймчилсон судалгаа нэн ховордсон нь энэхүү номыг бичих хоёр дахь шалтаг шалтгаан болов. Ийм төрлийн судалгаа нь утга зохиолыг соёл хийгээд түүхэн хэв шинжээр нь судлахдаа хувь хүний үзэл бодол, зарим тал дээрээ өрөөсгөл байдлаар ханддаг сул талтай хэдий ч утга зохиолыг хамгийн өргөн хүрээнд зориулж бичих нь нийт хүмүүсийг зохиолд дуртай болгож, утга зохиолын талаарх тэдний ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх их ач холбогдолтой билээ. Зохиолчдыг юу аугаа их болгодог вэ? Бид, тэдний аугаа гэдгийг хэрхэн хэмжиж, хэрхэн харьцуулж болох вэ? гэсэн хоёр асуултанд цогцоор хариулахыг хичээв. Дэлхийн уран зохиолын хөгжилд үлэмжийн хувь нэмэр оруулсан хүүрнэл хийгээд жүжгийн зохиолч, яруу найрагчид хэн бэ? Төсөөллийн хил хязгаарыг ямар зохиолч хамгийн их тэлж, ашиг тустайгаар олонд хүргэж чадав? гэдгийг тодорхойлохыг эрмэлзсэн юм.

Миний сонголтод уншигчид шүүмжлэлтэй хандах, эсхүл санал зөрөлдөх байдал үүсвэл илүү сайн зүйл юм. Учир нь зөрчилдөөн бол уран зохиолыг улам дэлгэрэнгүй, нарийн ойлгохын үндэс юм. Миний үзэл бодлоос үүдэж Та бүхнийг өөрийн санал бодлоо илэрхийлэхийг хичээнгүйлэн гуйя. Би эл номд багтсан зохиолчдын бүтээлийг 25 жилийн турш заасан багш хэдий ч соёл иргэншлийн түүх хийгээд дэлхийн утга зохиолд өөрийгөө нэвтэрхий мэдлэгтэй хэмээн хэлж тодорхойлж зүрхлэхгүй. Харин утга зохиолын уламжлал, судлаачдын бичсэн өгүүлэл, нэр хүндтэй хүмүүсийн үнэлэмжийг үндэслэн дундаж уншигчийн үзэл бодлын өнцгөөс хандаж бичсэн юм. Ингэхдээ аль нэг талыг хэт барилгүй хувийн сонголт хийгээд соёлын нарийн шалгуурт нийцсэн сонголтуудыг тунгаан бодож эцэслэн гаргав.

Нөлөөлөл гэдэг адармаатай ойлголт тул зохиолчийн үзүүлсэн нөлөөллөөр үнэлэх нь учир дутагдалтай, мөн нэр алдраар нь дүгнэхэд хангалтгүй юм. Утга зохиолын түүхэнд уран бүтээлээ ид туурвиж асан хугацаандаа олны танил болоогүй ч хойч үеийнхэн зохиол бүтээлийг нь шимтэн шилж уншдаг, эс бөгөөс тухайн цаг үедээ алдар хүнд олсон ч хожмоо мартагдсан зохиолчдын жишээ олон буй. Нөлөөллийн тухайд зохиолыг тухайн цаг үеийн эсвэл орчин үеийн хүрээнд авч үзэх үү, барууны соёлын хүрээнд орчуулсан зохиолуудыг тухайн орны соёлд, эсвэл дэлхийн утга зохиолын түвшинд авч үзэх үү зэрэг хэцүү асуултууд урган гардаг. Энэ номд түүхийн янз бүрийн үе шат, цаг үед шигшигдэн шилэгдсэн хүүрнэл хийгээд жүжгийн зохиолчид, мөн яруу найрагчдыг сонгон түүвэрлэж оруулахдаа дээрх асуултуудыг харгалзаж өөр соёл, өөр цаг үе гэж ялгалгүй хандсан ч надаас өөр нэг хүн энэхүү жагсаалтыг өөрөөр эрэмбэлэх байсныг эс үгүйсгэмүй.

Энэ номыг бичихийн тулд би бээр хамтрагчид болон оюутнуудаас шилдэг 125 зохиолчийг шигшиж шалгаруулахыг хүссэн билээ. Мэдээж тэдний жагсаалтын зарим нь хоорондоо харилцан адилгүй, мөн зарим нь ижил төстэй байсан. Зарим судлаачид өөрийн мэргэшсэн чиглэлийг голлосон ахул, харин оюутан залуус нийтлэг үзэл бодолд баригдалгүй хувийн сонирхлын дагуу сонголт хийжээ. Хамгийн сайн зөвлөлгөөг Вэслианы Их сургуулийн Хүмүүнлэгийн салбарын ахисан түвшний сургалтын нэгэн оюутан өгсөн юм. Түүнийхээр бол бүх цаг үеийг эзэлсэн шилдэг зохиол бол Библи, Исландын домогт туульс болох Биовүлф, Мянга нэгэн шөнийн үлгэр, мөн Хайкегийн үлгэр зэрэг зохиолыг бичсэн нэр нь үл мэдэгдэх хүмүүс юм. Үүнтэй би санал нэгдсэн боловч эл номдоо яав ч оруулж чадсангүй. Эцсийн сонголт хийхдээ судлаачид, оюутнуудын гаргасан жагсаалтыг өөрийнхөө гаргасан жагсаалттай харьцуулан хамгийн олон нэрлэгдсэн зохиолчийг сонгох замаар уг номд орууллаа.

Мэдээж хэрэг боломжтойсон бол жагсаалтыг хамаагүй цомхон, эсвэл багтаахыг хүссэн бүх зохиолчдыг нь хамруулж дэлгэрэнгүй хийх байлаа. Эцэст нь ямар зохиолч ертөнцийг үзэх шинэ чиг хандлагыг бий болгов, хэн уран зохиолын шинэ урсгал чиглэлийг үүсгэн хөгжүүлэх үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулснаар нь сонгон шалгаруулсан юм. Утга зохиолын шүүмжлэгч Барбара Хардигийн хэлснээр: “Сайн зохиолчид сонгосон төрлөөрөө бичдэг, харин аугаа их зохиолчид бол түүнийг өөрчлөн бичдэг” гэсэн үг байдгийг санаж байв. Уран зохиолын хөгжлийг шинэчлэлээр хангаж, түүнийхээ түүхийг бичдэг учраас энэ номд хуучинсаг үзэл санааг эвдэж, ертөнцийг үзэх үзлийг үндсээр нь өөрчилсөн, хойч үеийн зохиолч, уншигчдад шинэ хэм хэмжээг бүтээлээрээ тогтоосон зохиолчдыг би бээр онцгойлон үзсэн юм.

Бүх цаг үеийг төлөөлсөн 125 шилдэг зохиолчийг сонгосны дараа тэдний үйл гавьяа, үлгэр нөлөөллийн хэм хэмжээг эрэмбэлсэн бөгөөд энэ нь зөвхөн миний сонголт тул алив хариуцлагыг хүлээхэд бэлэн болно. Өөр нэг бахархууштай зүйл бол зохиолчдыг цагаан толгойн дарааллаар бус, санамсаргүй тохиолдлоор сонгосон бөгөөд Шоугийн дэргэд Харди, Вүүлфийн дэргэд Бэкэт, Фийлдингийн дэргэд По байх жишээтэй.

Намтар бүрт зохиолчийн бүтээл, хувийн зан чанарыг тодруулж, эдгээр нь тэдний цаашдын нэр алдар, хувийн амьдралд нь хэрхэн нөлөө үзүүлснийг хам цогцоор гаргахыг зорьсон. Зохиолч нэг бүрийг аль болох өвөрмөц, шинэлэг байдлаар нь тодорхойлохыг хичээсэн миний хичээл зүтгэл хийгээд уншигчдаа зоригжуулж, Мэтю Арнолдын нэгэнтээ хэлсэн: “энэ ертөнцийн сайн сайхан бүхнийг сурч, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй” гэх үгийг цаг үргэлж санаж, утга зохиолын гайхамшгийг үнэлэх өөрийн үнэлэмжийг тань сэргээх болтугай гэж ерөөе.

 
 

1 ВИЛЛИАМ ШЭКСПИР

1564-1616


Шэкспирийн сод ухаан, дэлхий ертөнцөд оршин агч хүмүүн заяатын оюун санааг хэрхэн мэдэрч, харилцан ойлголцож буйгаар нь илэрдэг. Түүний сэтгэлгээ хийгээд мэдрэхүйн ертөнц нь тодорхойлоод хэлчих нийтлэг хэв шинж үгүй хэдий ч, тэр бүхнийг нэгэн зэргээр шингээж чаддагт оршино. Тэр, бусдын адил эгэл нэгэн хүн хэдий ч бусдаас илүү эгэл хүн гэдгээрээ ялгарч чаджээ. Шэкспир хэчнээн удаа ч өөрийгөө магтан мандуулж, өргөмжлүүлэх боломж байсан ч тэр хэзээ ч ингэсэнгүй. Тэрээр өөрийгөө дорд мууд үзэж ахуйд бусад нь түүнийг бүгдийг агуулагч аугаа ертөнц хэмээн үздэг байв.

- Виллиам Хазлитт, Шэкспир ба Милтоны тухай


Бүх цаг үеийн утга зохиолын салбарын хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдээс эрхэм Виллиам Шэкспир ямагт тэргүүн эгнээнд жагсаж буйд гайхаад байх зүйлгүй юм. Утга зохиолын хэл, хэлбэр, дүрслэлийн түвшний хувьд Шэкспирийн суу билэг, хүч чадал, чанар чансаа нь эгнэшгүй. Зохиол бүтээл туурвигчийн аугаа их суу билэг, сүр жавхлангийн бэлгэдэл нь жинхэнэ бодит зүйл мэт дүр дүрслэлүүдээс бүрдэх асар том төсөөллийн ертөнц буюу хүн төрөлхтний үзэж өнгөрүүлсэн бүхий л амьдралын тусгалаар илэрхийлэгддэг гэж үзэх юм бол Виллиам Шэкспирийн нээлт, амжилтын цар хүрээ ямар ч цаг үед дахин давтагдашгүй юм. Английн суут зохиолч Шэкспирийн алдар суу уншигчдын дунд ихэд түгсэн төдийгүй түүнийг бүх дэлхийн соёлыг нэгтгэхэд нэн чухаг үүрэг гүйцэтгэсэн аугаа их суу билэгтэн хэмээн тодорхойлдог...

НЭПКО хэвлэлийн газар