“З.Энхболдын” улс төр М.Энхсайхантай нэгдэж төгсөх үү, төгөлдөрших үү
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяад холбогдох шүүх хурал хоёр өдөр дараалан хойшиллоо. Шүүгч нь ирэхгүй байгаа юм байх.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяад холбогдох шүүх хурал хоёр өдөр дараалан хойшиллоо. Шүүгч нь ирэхгүй байгаа юм байх. Энэ хэргийг авлига, албан тушаалын хэрэг болж хувиран, хавтаст хэрэг бүрдүүлэлт “амжилттай” яваа талаар АТГ-ын олон нийтийн зөвлөлийн нэгэн хурал дээр “рапорт” сонсгосон гэнэ. Гэхдээ түүнд холбогдох авлига, албан тушаалын хэрэг гэдэгт нь Х.Баттулга гишүүн, А.Гансүх зөвлөхийн асуудал ч хамт яваа бололтой. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хувьд 2016 оны нэгдүгээр сарын 5-нд “Миний гадаадад явах эрхийг хориглоогүй. Маргааш УИХ-ын даргын захирамжийн дагуу АНУ-д албан томилолтоор ажиллах болно” гэж билээ.
Гэвч “Өдрийн сонин”-ы энэ оны нэгдүгээр сарын 5-ны дугаарт “Прокурорын байгууллага Авлигатай тэмцэх газрынхны үндэслэлийг хүлээн авч УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгах зөвшөөрөл олгосон байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг сэжигтнээр байцааж эхэлсэн гэнэ. Мөн тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авч гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан байна” гэсэн мэдээлэл болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарын аль нь үнэнийг хэлсэн нь тодорхой бус. Эх сурвалжийн мэдээлснээр ямартай ч УИХ-ын даргын ахлах зөвлөх А.Гансүх одоогоор гэртээ байгаа гэдгийг хэлж буй. Зөвлөхийн гэртээ, эсвэл гадаадад байгаа нь чухал биш боловч улс төрд өрнөж буй үйл явц ямар нэг сэжмээр энэ хэрэгтэй холбоотой болоод байгаа юм.
Улс төрийн хүрээн дэх зарим эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал хэлэлцэх үеэр энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайдтай тохироо хийх гэж оролдсон аж. Ерөнхий сайд “Хэрэгт холбогдсон бол хуулийн дагуу, нотлох баримт хэрхэн бүрдсэнтэй холбоотойгоор асуудал шийдэгдэх биз. Намайг авч үлдэх эсэх асуудал чухал биш. Үлдсэн хугацаанд үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай явж ч болно шүү дээ” гэсэн утгатай байр суурь илэрхийлжээ. Түүний энэхүү “егзөр” хариулт улс төрийн хүрээний дараагийн үйл явцуудыг түргэвчлэхэд хүргэсэн биз ээ.
Тухайлбал, Х.Баттулга гишүүнтэй таагүй харилцаатай болчихоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр руу довтолгоо чиглэсэн. АТГ-т шалгагдаж буй Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба МАХН-ын дарга Н.Энхбаярыг илчилсэн ил захидал бичлээ. Энэ бол Н.Энхбаярт яагаад Шадар сайдын суудлыг өгөхгүй вэ гэдэг асуултын хариулт болох биз ээ. Товчхондоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэн хэнд нь таатай захиа байлаа. Учир нь их улс төр рүү Н.Энхбаярыг өнгийлгөхийн аюулыг хаана, хаанаа мэдэж байв.
Гэтэл сурсан, дассанаараа Н.Энхбаяр дарга “Ийгл” телевизээр уг захианы талаар яаралтай тайлбар хийж, нүд цавчилгүйгээр Г.Шийлэгдамбыг өрөвдөсхийгээд “тамд нь унагаасан”. Х.Баттулга гишүүнтэй Н.Энхбаяр таагүй харилцаатай гэж яагаад дээр дурьдав гэвэл “Ийгл” телевизээр ярьсны ердөө маргааш нь Г.Шийлэгдамба ил захидлаасаа ч хүчтэй цохилт хийсэн явдал. Тэр тусмаа “Х.Баттулгын телевиз”-ээр шүү. Шүүхээр хэрэг нь шийдэгдээгүй байхад тэгж ярьж болдог эсэх талаар олон нийт маргаж л байна. Гэхдээ л түүний яриа өөрийгөө авраад зогсохгүй өнөөх “цаад эзэн” гэгч хэн болох, ер нь намуудын санхүүжилт гишүүдээ юунд чирээд байгааг харууллаа.
Г.Шийлэгдамбын яриаг нэг талаас түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа, шүүх гэж байгаа хууль, хүчнийхэн, нөгөө талаас өмнөх өдөр нь “хайртай дүү нарын минь л нэг...” гэж байгаад ярьсан Намын дарга нь анхааралтай үзсэн биз ээ.
Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг авлига аваагүй юмаа гэхэд дамжуулсан Эрүүл мэндийн сайдтай байсан нь тодорхой болж, авлига авсан байж болзошгүй Шадар сайдыг томилохгүй гэж гэдийх шалтгаантай, УИХ-ын дарга, Намын дарга тэргүүтэй нам доторх хүчинтэйгээ тулаанд орох нь тодорхой болчихлоо. Энд намын санхүүжилтийн зорилгоор иргэн О.Даваасүрэнгээс авсан мөнгийг авлига гэж үзэх эсэх нь эргэлзээтэй ч АТГ шалгаж байгаа болохоор албан тушаалтай холбоотой л хэрэг юм даа.
Гэтэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын зөвлөхөөрөө ажиллуулж буй А.Гансүхэд холбогдох хэргийн бас нэг хэрэг нь 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарсан Зам, тээврийн яам, Төрийн өмчийн хорооны хамтарсан 91 дүгээр тогтоолтой холбоотой болчихоод байдаг.
Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй гол үндэслэл болох энэ тогтоолын талаар гэрээ байгуулсан гол хүмүүсээс мэдүүлэг авахад ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар “Миний гарын үсэг мөн юм шиг байна. Гэхдээ олон бичиг дундуур “хавчуулж” гарын үсэг зуруулсан ч юм уу, ямар ч байсан энэ тогтоол дээр гарын үсэг зурснаа санахгүй байна” гэх сонирхолтой хариултыг хэлсэн байх юм. Тэр ч байтугай холбогдох байгууллагад гомдол гаргна гэсэн юм байх. Энэ тохиолдолд ЗТЯ-ны албан тоот, ТӨХ-нд тухайн тогтоолын хуулбар байхгүй, хамтарсан ажлын хэсэг гэсэн хэсэгт ТӨХ-ны төлөөлөл байхгүй гэхчлэн үндэслэл тоочоод “гарын үсэг хуурамчаар зуруулчихав уу, яав” гэдэг асуудал яригдвал бүр төвөгтэй болоод явчихна.
Энэ мэтчлэн АН-ын даргад дургүй хүмүүсийн тоо улам нэмэгдсээр байгаа нь ҮЗХ хуралдахад ч, сонгуулийн ялалтад итгэх итгэл талаасаа ч нэлээд эрсдэл дагуулаад байгаа аж. Иймээс хүч нэмэхийн тулд МҮАН, ИЗНН-д АН-тай хамтрах уу гэсэн хүсэлт тавьж “шуурхайлав”. Магадгүй МАХН-ын даргын шившиг дэлгэгдсэний маргааш МҮАН дуун дээр зөвшөөрнө гэж тооцоолсон байж ч болох юм. Тиймээс олон хүн МҮАН-ын М.Энхсайханыг түүнд ихээхэн хань, түшиг, бодлогын зөвлөх болно гэж үзэж буй бололтой. Гэвч З.Энхболд гэдэг хувь улстөрчийн зам нь М.Энхсайханыхтай нийлснээр төгсөх үү, төгөлдөрших үү гэдгийг хэлэхэд эрт байна.
ИЗНН тэгтлээ сонин биш боловч тэр намд Х.Баттулга гишүүний анхны эхнэр Энхттуяа байгаа төдийгүй сэжигтэй данс гэдэг зүйл дотор ч нэр нь цохиж яваа билээ. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулийн байгууллага яаж ч шийдсэн түүгээр болог гэж гэдийж байгаа, үүнийхээ бооцоонд Ерөнхий сайдын суудлыг алдахаас огт эмээхгүй байгааг харж болж байна. Нөгөөтэйгүүр АН-ын дарга гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хүлээж чадна гэдэгтээ итгэлтэй бус байгаа төдийгүй түүнд шинэ хүч хэрэгтэй байгаа болов уу. Олон нийт, сонгогчдын зүгээс гэвэл УИХ-ын дарга дэндүү олон асуудлыг шийдэж, “хаанчлах” гээд байгаа нь хэн нэгэн дарангуйлагчийг тод санагдуулах болсон. Мөн УИХ түүхэнд хэзээ ч байгаагүйгээр Үндсэн хуулийн Цэцтэй “дайсагнаж” хууль сахигч иргэддээ хууль тогтоох байгууллага, Үндсэн хуулийн шүүх хоорондын тулааны үзүүлбэрийг сонирхуулах болсонд нь иргэд тийм ч дуртай биш байгаа. Энэ бүх байдлаас харваас З.Энхболд гэдэг улстөрч бусдыг хагалан бутаргаж өөртөө нэгтгэн нийлүүлэх зарчмаар өөрийн хүчийг бүрдүүлэх, хууль хүчний байгууллагыг тэр хүчиндээ үйлчлүүлэх сонирхолтой байгааг харж болж байна. Цаашид түүний хүчинд хэн итгэж, хэн нэгдэж, ялалт, ялагдлын алинаар төгсөхийг нь харахыг л үлдлээ. Мэдээж эхлээд ҮЗХ-ны хуралд, дараа нь УИХ-сонгуульд...