Өрнө-Дорныг холбох Монголын геополитикийн орон зай
Европчуудыг Азид, азийнхныг Европт хамгийн анх, үнэн мөнөөр нь, хамгийн өргөн хүрээнд танилцуулсан улс үндэстэн бол монголчууд билээ. Ази гэдгээр энд Төв ба Зүүн Азийг хэлсэн хэрэг. Монголчууд XIII-XIV зуунд Евразийн өргөн уудам нутагт байлдан дагуулалт хийхдээ, соёл, хүмүүнлэг, иргэншил, мэдээллийн асар том түүчээгийн үүрэг давхар гүйцэтгэсэн юм.
Европчуудыг Азид, азийнхныг Европт хамгийн анх, үнэн мөнөөр нь, хамгийн өргөн хүрээнд танилцуулсан улс үндэстэн бол монголчууд билээ. Ази гэдгээр энд Төв ба Зүүн Азийг хэлсэн хэрэг. Монголчууд XIII-XIV зуунд Евразийн өргөн уудам нутагт байлдан дагуулалт хийхдээ, соёл, хүмүүнлэг, иргэншил, мэдээллийн асар том түүчээгийн үүрэг давхар гүйцэтгэсэн юм.
Хятадын “торгоны зам” жинхэнэ утгаараа Монголын их эзэнт гүрний үед цэцэглэж байжээ. Тэр замын дагуухи аюулгүй байдал, дэг журам, худалдаа арилжааны соёлыг монголчууд сахиулж байлаа. Ираны персийн соёл шашны мөхөөгдөх аюулаас чухам монголын Ил хаад л авралын гараа сунгасан тухай ираны түүхэнд өгүүлдэг. Өнөөгийн Орос бол европын гэхээсээ евразийн өвөрмөц соёлтой, тэр соёлынх нь өвд Оросын нутагт ноёлж байсан Монголын Алтан ордны улсын ул мөр, нөлөө багагүй үүрэг гүйцэтгэсэн. Үнэндээ Оросыг монголчууд л нэгтгэж, нэг төрт-улс болох эхийг нь тавьсан юм. Хятадын түүхнээ Хятадын олон хаант улсуудыг монголчууд л нэг тугийн дор нэгтгэж, нийслэл Бээжинг нь Монголын Юань гүрэн хойшдын Мин, Чин, ДИУ, БНХАУ-ын нийслэл болгох үндсийг тавьсан юм. Энэ мэт ярьвал Евразийг дамнасан улс үндэстэн, овог аймгуудын их нүүдлийг монголчууд, тэдний өвөг болох хүннү нар өдөөсөн билээ.
Энэ тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ярилцлагадаа ингэж өгүүлсэн байдаг юм.
- Английн Магна Карта батлагдахаас ч өмнө буюу 1206 онд үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан бичмэл хууль цаазыг тэрээр (Чингис хаан) баталж, энэхүү баримт бичгийн дагуу хаан төрийн ажлаа явуулж байсан юм.
- 800 жилийн тэртээ дэлхийн шинэ дэг журмын суурийг Чингис хаан тавьсан. Энэхүү хууль цаазын дагуу төрийг барьж, хэд хэдэн улсад түүнийг нэвтрүүлсэн түүх бий. Хэрэв тэдгээр улсын ард иргэд энэхүү хуулийг мөрдөхөөс зайлсхийх аваас Чингис Хаан тэднийг хатуу шийтгэж байв.
- XI-XIII зууны үед Перст Ассасин буюу Алуурчдын нууц бүлгэм энгийн ард иргэдийг айлган дарамталж байжээ. Хоёр жилийн дотор монгол цэргүүд хууль ёс, дэг журам тогтоож чадаж байв. Ийнхүү монголчууд Перст дахин хоёр зууны турш суурьшин амьдарч байжээ.
- Бид яагаад түүхээрээ ийнхүү бахархдаг вэ? Монголчуудын ач буянаар өнөөдрийн Орос, Хятад хоёулаа нэгдмэл улс болж төлөвшсөн гэж оросын судлаачид үздэг. Иранд айлчлахдаа би Аятолла Хаменейтэй уулзсан. Тэрээр “Бид Монголчуудыг өндрөөр үнэлж, их дотно ханддаг шүү” гэж хэлж байсан юм. “Яагаад” гэж би асуухад “Танай хаад бидэнд маш сайн зүйлсийг хийж үлдээсэн. Шиитийн шашныг Персийн гол шашин болгож, анхны одон орон судлалын төв, анхны их сургууль, анхны эмнэлэг, анхны номын сан зэргийг байгуулсан” гэж хариулсан юм.
Эртний мэт боловч энэ түүх юу өгүүлнэ вэ? Монголчууд дэлхийн түүхнээ бүтээсэн үйлстэй, бас гавьяатайг илтгэх баримтууд юм.
Монгол Улс өнөөгийн хил хязгаар, байгаа байршлаа XX зуунд эцэслэн тогтоосон. Эзэнт гүрний бүрэлдэхүүд багтаж байсан газар зүйн хэсгүүд нь эдүгээ хоёр хөрш улс, цаашлаад Төв ба Баруун өмнөд Ази, Баруун Азийн олон тооны улсад буй. Монгол туургатан, монгол цустай улс үндэстэн гэж ярих аваас 10 сая хол давсан тоо байдаг юм. Тэдний үлэмж хэсэг нь хоёр хөрш улсад хамаарна.
Монгол Улсын газар зүйн байршлыг газрын зурагнаас харвал баруунаас зүүн тийш сунаж тогтсон, өвөрмөц байршилтай улс харагдах вий. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 20 байр дотор орно. Харин хүн амын тоогоор дэлхийд сүүл барихгүй ч цөөн хүн амтай гэдэгт тооцогдоно.
Газар зүйн сунаж тогтсон тэрхүү хэвтээ байршлыг ажваас Монгол нь Төв Ази ба Зүүн хойд Азийг холбосон эх газрын нэгэн гүүр юм. Умаршаа ба өмнөшөө байршил нь яалт ч үгүй Орос-Хятадын завсарт орших геостратегийн онцгой байршил гэж үзэхээр юм. Түүхэндээ Монголыг ХХ зууны эхний хагаст Зөвлөлт-Японы, хоёр дахь хагаст Зөвлөлт-Хятадын завсарт орших буфер бүс, жийргэвч үздэг байсан үе бий. Тэр утгаар ХХ зууны Монголын гадаад орчин бүрдэж, Монголд тохиосон хувьсгал, тэмцэл, хэлмэгдэл, Халхын голын дайн, Монголын статус-квог хүлээн зөвшөөрсөн, социалист бүтээн байгуулалт, Зөвлөлт-Хятадын зөрчил, “Хүйтэн дайн”-д Монгол нь СССР тэргүүтэй коммунист эвслийн дорнод жигүүр болж явсан гэхчлэн их түүх өрнөж байв.
Өрнө-Дорныг холбогч эртний Монголын залгамжлагч монголчууд бид XX зуунд сэргэсэн, боссон, хөгжсөн, дэвжсэн, дэлхийд эргэж танигдсан бол тэр бүхний гавьяа Монголын геополитикийн өвөрмөц байршил, түүнийг дэлхийн бодлогыг тодорхойлж ирсэн том тоглогч болох СССР хүлээн зөвшөөрсний үр дүн гэж үзүүштэй.
1990-ээд онд “Хүйтэн дайн” төгсөж, СССР гүрэн тарж, коммунизм байгуулах зорилт нурсны дараа Монгол Улс цоо шинэ гадаад орчинд биеэ даасан, ардчилсан, зах зээлийг баримжаалсан дотоод бодлогоо хэрэгжүүлэх гадаад шинэ орчныг эрэлхийлсэн, түүндээ ч хүрсэн, тийм гадаад таатай нөхцлийг бүрдүүлж чадсан.
Олон улсын харилцааг их гүрнүүдийн улс төрийн бодлогын тэнцвэр хангаж ирсэн тэр байдал аажмаар өөрчлөгдөж, дэлхий хавтгай болж, дэлхий дахинаараа мэдээлэлжин, даяаршил хурдтай өрнөж байгаа өнөө цагт Монгол Улсын ба Монголын газар зүй-геополитикийн байршлын ач холбогдол улам өсч байна. Ази-Европ, Европ-Номхон далайн дунд орших агаарын тээврийн хамгийн “алтан байрлал” бүхий улс бол Монгол л юм. Тэр утгаар Монголын “цэлмэг хөх тэнгэр”-ийн ач холбогдол өссөөр байх биз ээ.
Монголчууд бид гурван том иргэншлийн зааг дээр оршин байна. Үүнд манайтай илүү ойр дөт европын ба оросын иргэншил, соёлынх нь нөлөө хүчтэй хэвээр байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын үзүүлэлтээр жин дарж байгаа боловч Хятадын, күнзийн соёлын нөлөө тэгтлээ хүчээ авч чадахгүй байна. Монголын хүн амын 6 хувь болох мусульманчуудын оршдог Монголын баруун хилийн чинагш лалын их соёл, шашны орон зай байна. Тэндээс монголын мусульманчуудад нөлөөлөх байдал өссөөр ирсэн. Ингэхлээр манай улс нь оросын үнэн алдартны – хятадын күнзийн – исламын гэсэн ийм гурван том иргэншлийн зааг дээр орших дэлхийн цорын ганц улс болно. Газар зүй талаасаа Монголыг чухам хаана байр эзлүүлэх вэ гэдэг дээр одоо ч хүртэл нэгдсэн ойлголт бүрэлдээгүй. Өвөр Азийн Монгол, Зүүн хойд Азийн Монгол, Төв Азийн Монгол, Умард Азийн Монгол гэсэн 4 ч тодорхойлолтыг эрдэмтэд судлаачид хэлдэг юм. Ямар ч атугай Азийн цээжин дээр өндөрлөг газарт, далайгаас тусгаарлагдан оршиж байгаа нь чухам үнэн юм.
Монгол Улс 1990-ээд оноос хойш эдүгээ хүртэл олон улсын тавцанд, бүс нутгийн хэмжээнд жиндээ тохирсон нэн идэвхтэй гадаад бодлого явуулж, гадаад харилцаагаа тасралтгүй өсгөн бэхжүүлж иржээ. Энэ нь газар зүйн байршлын хүчин зүйл гэхээсээ Монголын дотоодод өрнөсөн нийгэм-улс төр, эдийн засгийн өргөн хүрээтэй шинэчлэлийн үр дүн юм.
1990 он гэхэд дэлхийн хамгийн хаалттай коммунист орны нэг байсан бол өнөөдөр бид бүс нутагтаа төдийгүй дэлхийд хамгийн нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орон болж чадлаа. Ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын үйл ажиллагаа нь дэлхийн олон нийтэд сайшаагдаж, хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа ардчиллыг эрхэмлэсэн шинэ тулгар хөгжиж буй улс орнуудтай хуваалцах нь Монголын төрийн гадаад бодлогын торгон агшин, нэг шинэ чиглэл нь болж чаджээ.
Энэ үнэлгээг бид өөрсдөө бус, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон, тогтоосон хэрнээ эргэж буцсан бүх улс орнууд ерөнхийдөө тэгж үнэлдэг болсон хэрэг. Ардчиллын замд “Хүйтэн дайн” дууссанаас хойш 70-80 улс шилжсэний 30-40 нь эргэж ухарсан буюу баларсан, “Арабын хавар” тохиосон арабын бүх орон ардчилалгүйгээр эргэж ухарсан, улс гэр нь бутарсан, сөнөсөн байдалтай харьцуулж Монголыг үнэлсэн хэрэг.
Эдүгээ Өрнө-Дорныг холбох “Нейтраль Монгол” буюу “төвийг сахисан Монгол”-ын тухай ярих болжээ. Нэг үндэслэл нь Монгол бол газар зүйн байршлын хувьд “нейтраль бүс” гэдэгт байна. Энд улс төр ба геополитикийн өнцгөөс тэгж нэрлэж болно. Зүүн хойд Ази, Зүүн Ази, мөн Төв Азийн голд нь оршиж буй ардчилсан, нээлттэй, тогтвортой улс. Цэрэгжсэн, зэвсэглэсэн, өрнөдтэй сөргөөцөлдөх стратеги бүхий хоёр гүрний завсарт эл мөргөлдөөнд оролцохгүй, нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг байрлуулахгүй, цөмийн зэвсгээс ангид жижиг Монгол нь аргагүй л төвийг сахин оршиж байна.
Интеграцын хувьд Зүүн ба Зүүн хойд Ази руу бид ханддаг. Тиймдээ ч АПЕК гэх форумд нэгдэхийг чухалчилдаг. Эргэн тойрны геополитикийн хувиралт, өөрчлөлтийг гярхай тусган ШХАБ хэмээх бүс нутгийн эвсэлд ажиглагчаар идэвхтэй ажиллаж байна. 2014 оноос эхлэн ШХАБ-ын саммитыг тохиолдуулан Монгол-Орос-Хятадын гурван Ерөнхийлөгч уулздаг механизм тогтоож чадлаа. Оросын хувьд Европоос Ази руу гарах, Хятадын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон бол Монгол юм. Энэ гурван улс газар зүйн хувьд хил залгаа оршдог давуу талаа ашиглан дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, зам тээвэр, ложистикийн хамтын ажиллагаа боломжтой. Тэр утгаар гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцнэ. Гурван улсыг дамнасан “1+1+1” эдийн засгийн коридор байгуулах нь Монголын хувьд нэн чухал зорилт мөн.
Глобал хариуцлагаа ухамсарлан Монгол Улс нь олон улсын болон дэлхийн томхон форум чуулга уулзалтуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулдаг боллоо. 2003 онд анхлан Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурал, 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал, 2015 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейг Улаанбаатарт зохион байгууллаа. Монгол бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) гишүүнчлэл бүхий Азийн (хуучин СССР-ын БНУ-уудыг эс тооцвол) ганц орон юм. Энэ утгаар авч үзвэл Монгол бол Европын Холбоо, ЕАБХАБ-ын хувьд Ази дахь хаалга нь юм. Азийнхны хувьд Европ руу гарах хамгийн дөт зам харилцааны зангилаа нь юм.
Өрнө-Дорныг холбогч шинэ имижэд маань 2016 онд Улаанбаатарт зохион байгуулагдах АСЕМ-ын XI саммит том үйл явдал болж түүхнээ мөнхөрнө. Энэ форумын 20 жилийн ой буюу зайлшгүй тэмдэглэх тэгш тоотой ой тохиож байгаагаараа бүр ч их ач холбогдолтой болно. Анхлан АСЕАН-Европын Холбоо гэсэн форматаар буй болсон АСЕМ-д Монгол элсчихнэ гэх ойлголт, хүлээлт лав арван хэдэн жилийн тэртээ байсангүй. Тэгвэл Евразийг дамнасан дэлхийн цорын ганц энэ форумд Монгол Улс элсээд 8 дахь жил дээрээ форумыг хүлээн авагч-зочин улс болжээ. “20”, “8” гэсэн хоёр ой монголчууд бидэнд тохиох боллоо. Өмнөхөн нь Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг бид зохион байгуулна.
Төвийг сахих статусаа зарласан, гадаад бодлогынхоо залгамж чанарыг тууштай хадгалж ирсэн, олон тулгуурт, энхийг эрхэмлэгч, прагматик гадаад бодлого явуулдаг, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай, дотооддоо уян хатан байдал, эерэг чанар, итгэл найдвар хадгалах чадвар бүхий энэ Монголд Өрнө-Дорнын 50 гаруй улс орны төр-засгийн удирдагчид цугларах боллоо.
Энэ бол том аз, түүхэн ховор тохиолдол билээ.
“Хөөрөх цэг” сэтгүүлийн 2016 оны № 1 дүгээрт хэсэгчлэн хэвлэгдсэн