2007 онд манай Ерөнхийлөгч Францад айлчилваа. Засгийн газрынхаа наймын найман сайдыг дагуулаад явдаг юм байна. Парламентийн засаглалтай оронд энэ ч арай биш л дээ. Гэхдээ францчууд эмзэглэсэнгүй, өөрсдийнх нь хэрэг биз. Харин айлчлалаас хожим дипломат ёст суралцаж буй оюутан залууст зориулсан кино хичээлийг Монголын төлөөлөгчдөөр төлөөлүүлэн үйлдэв. Үүнийгээ зурагтын нэг сувгаар ч гаргаж, одоо ч сургуульд сурах бичиг маягаар үзүүлдэг юм байна.

Тэр үед Францын Сангийн сайд байгаад хожим нь Олон улсын валютийн сангийн захирал болсон Кристин Лагард Монголын Ерөнхийлөгчийг хүлээн авч оройн зоогт урьсан юмсанж. Ёслолын албанынхан хэрхэн ажиллаж байгаа, ёслолын албаны дарга тогооч зөөгч нарт зөвлөж тушааж байгаа нь кинонд гарна. Төрийн хүндэтгэл учир торгон цэрэг гозойтол зогсчихсон ч байх шиг. Хатагтай Лагард ширээний ард суужээ. Ханын цаг харуулна. Монголын төлөөлөгчид байдаггүй ээ. Тэдний буусан зочид буудлын гадаа хаалгыг байн байн харуулна. Ёслолын хүндэт харуул, хамгаалагчид, машинтай жолооч нар бүгд л цагаа байн байн харан хүлээнэ. Хатагтай зоогийн ширээний араас босон их л бухимдаж буй бололтой танхимаар алхана. Ёслолын дарга бачимдан хүн хүнтэй уулзана, гараа сэгсрэнэ. Цаг явсаар. Ийнхүү бүхнийг бухимдуулсны эцэст 47 минут хожимдсоор манай төлөөлөгчид танхимд арай гэж орж ирлээ. Бодвол тэр том орны Сангийн сайдаас юм л гуйх гэж байгаа шүү дээ.

Бүдүүлэг л юм даа. Далаад оны үед Угандын Ерөнхийлөгч асан Иди Амин гээд хүний мах иддэг аймаар дарангуйлагч байлаа. Тэрээр НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг 30 минут, Ромын Папыг 45 минут хүлээлгэснээр рекорд тогтоож 300 мянган хүн алснаасаа ч илүү шуугиан үүсгэж байсан юм. Манайхан энэ “амжилтыг” эвдсэн бөлгөө.
   
Монголын Ерөнхий сайд Японд айлчилваа. Мэдээж Засгийн газрын гишүүн биш мөртөө баахан УИХ-ын гишүүд “хүчээр” дагалдан очив. Хоёр орны хооронд тодорхой асуудлаар хэлэлцээ хийхээр тохирсон байлаа. Японы Ерөнхий сайдыг дагалдаад хэлэлцээ хийх асуудлыг хариуцсан найман япон ажилтан оролцов. Харин Монголын талаас найман УИХ-ын гишүүн “хүч түрэн” орсон тул асуудал хэлэлцэх ёстой Монголын найман ажилтан хаалганы гадна үлдэх нь тэр. Яг хүнийхээ тоонд тааруулсан сандал ширээтэй тул Монголын талын хэлмэрчид зай олдсонгүй, тээр буланд суужээ. Япончууд бэлдсэн материалаа урдаа тавиад үзэг цаасаа зэхэв. Манай гарууд нэрлэхсэн бололтой бүгд л энгэрийн хармайнаасаа нэг нэг “Монблан” хэмээх учиргүй үнэтэй алтан үзэг гаргалаа. Гэвч тэдний хэнд нь ч цаас байсангүй. Хэлмэрчийг цаасаа аль хэмээн нэхэж автал цаадах нь бүгдийг нь тарааж өгөөд өөртөө юу ч үгүй хоцрох нь тэр. Хэлэлцэх асуудлын талаар Монголын талаас мэдэх хүн танхимд нэг ч байгаагүй учир тун ч эвгүй юм болсон доо. Хэлэлцээ өндөрлөсний дараа хэлмэрч цаасгүй учир протокол хөтөлж чадсангүй. Харин УИХ-ын найман гишүүн маань гарахдаа ширээн дээр мөнөөх цааснуудаа үлдээжээ. Дээр нь юу тэмдэглэснийг сонирхвол нохой, хүн зурсан, нэрээ дарамлаар бичсэн, тэнд байгаа хүмүүсийн нэрсийг сараачсан хэрэггүй хог!
   
За энэ бүхэн ч яахав дээ, бүдүүлэг тэнэгээ л гайхуулаа биз, соёлт ертөнцийн хүмүүс ойлгоно, тэртэй тэргүй. Урьд бол энэнээс ч аймаар юм хийдэг л байсан. Далаад оны үед Улаанбаатарт Франц улс өөрийн элчин сайдын яамаа нээсэн юм. Гэтэл элчин сайд рүү өнгөний өвчтэй хүүхэн оруулчихаад дараа нь дуудаж авчран “чи өвчин авсан энийг чинь зарлана, эсвэл манай тагнуулын байгууллагатай хамтарч ажилла” гэж тулгаж байлаа. Элчин сайд хүзүүгээрээ заагаад “Миний энэнээс дээшхи нь Францын Ерөнхийлөгчид хамаардаг, доошхи нь надад хамаардаг” гэж хариулсан ба тэр даруй Монгол дахь элчин сайдын яамаа татан буулгаж, Монголыг хар дансанд хөтөлсөн юм. Хожим Ерөнхий сайд Бямбасүрэн Францад айлчлахдаа энэ тэнэг явдлыг коммунизм руу чихэн байж цайруулсан билээ. Английн элчин сайдын яамны ажилтан залуу руу НАХЯ-ы төлөөлөгч хүүхэн оруулчихаад түүнийгээ жирэмсэн болсон тул Монголын тагнуулын албанд ажиллахыг шахаж байсан ичгэвэртэй явдал ч бий.
   
Энэ бүхнийг хаа хаанаа ойлгож болно л доо. Үзэл суртлын хүйтэн дайн болж байх үед монголчууд нэлээд бүдүүлэгдүү боловч цаад зөвлөлтүүдийнхээ даалгаварыг биелүүлэх гэж хөглөө л биз. Одоо үед бол дипломат ёс мэдэхгүй, цаг хугацааны баримжаа байхгүй, хэлэлцээ гэрээний тухай ойлголт тааруутай нүүдэлчид л байгаа биз. Үүнээс ч дор загнадаг хоцрогдсон орны төлөөлөгчдийн марзан аашийг тэд зөндөөнийг үзээ биз. Тэр байтугайг ч өршөөж үздэг юм. Ерээд оны төгсгөлөөр манай УИХ-ын төлөөлөгчид Баваарт албан ёсоор айлчилсан юм. Төв мүзэйг нь үзэж дууссаны дараа хүндэтгэлийн дэвтэрт зочидоор үг бичүүлэх болжээ. Яг урд талд нь Хятадын дарга бичээд гарын үсгээ зурчихсан байв гэж бодохоор их л нандин эд байж. Манайхан үг биччихээд доор нь алгын чинээ том хас тэмдэг зурж хаячихаад үүнийгээ “Эдний Гитлер ч, манай Чингис ч дэлхийг эзэлж явлаа” гэж тайлбарласан. Дараа нь Мюнхэн хотын мүзэй үзжээ. Тэнд Гитлерийн үг хэлж байсан индэр ба нацистуудын хуралддаг байсан пивоны мухлагийг түүхийн үзмэр болгон тавьсан байж. Манай хэд үсээ буруу самнаж хамар дороо үзгээр сахал болгон будаад мөнөөх индэр дээр гараа нацист маягаар сунган ёсолж байгаад ээлж дараалан биенийхээ фото зургийг татсан байдаг юм. Үүнийг германчууд эхэндээ их л хүндээр тусган авч доромжлол хэмээн үзэн эсэргүүцлийн ноот өгсөн боловч хөөрхий дөө, байгаа нь л энэ юм гэсэн бололтой тэгэс хийгээд “мартаж” л байсан.
   
Харин сүүлийн үед хөрш болон найрамдалт орнуудыг илт доромжилсон, зориудаар өдөөн хатгасан, яавч цайруулж үзэх аргагүй элдэв аашийг манай төрийн удирдлагаас гаргах боллоо. 2010 онд Солонгос улсын зүгээс Монголд 35 жилийн хугацаатай, жилийн 0,15 хувийн хүүтэй нэн хөнгөлттэй зээл олгохоор хоёр тал тохиролцон гар хөлийн үсгээ зурсан юм. Гэтэл Портуун хэмээх Монголын санхүүг тэр чигээр нь мэддэг бөө гарч ирээд “танай энэ зээлийг чинь бид авахгүй, Чингис хааны нэрээр бид хамаагүй том зээл босгож байгаа” гээд зээлийг тэр чигээр нь царцаажээ. Зээл авах хүчинтэй хугацаа нь сая дууслаа. Асуудал үүгээр зогсоогүй. Мань бөө Улаанбаатарт суугаа Солонгосын элчин сайдыг дуудаж авчраад “Танайхан манай хүүхнүүдийг их оролдож байна. Иймээс манай орон танайтай дипломат харилцаагаа таслахаар шийдсэн” гэж дөвчигнөсөн байдаг юм. Шилжилтийн эхэн үед бидэнд хамгийн их тусалсан газар бол Япон, Солонгос хоёр юм. Манай олон мянган хүн тэнд хууль бусаар ажиллаж гэр рүүгээ валют илгээдэг байсан нь тухайн үедээ улсын валютийн нөөцийн үлэмж хэсгийг бүрдүүлдэг байлаа. Манайхан тэнд олон ч хүчин, аллага, хүнд гэмт хэрэг тарьсан даа. Энэ болгоныг солонгосчууд нүдээ аниад л өнгөрөөж байсан.
   
Тогтсон дипломат ёсоор бол хоёр орны төр засгийн тэргүүн нар уулзахад суугаа элчин сайд нар нь заавал өөд өөдөөсөө харгалзан суудаг. Дээдсийн ярилцаж тохирсныг хэрэгжүүлэх, цааш дамжуулж ажил хэрэг болгон хариуцах хүмүүс нь элчин сайд нар шүү дээ. Монголын Ерөнхийлөгч Москвад Путинтэй уулзахад манай Гадаад харилцааны сайд Москва дахь элчин сайдаа хөөгөөд ойртуулаагүй. Ийм явдал дараа нь Германд ч тохиолдсон. Саявтар Японы болон Солонгосын Ерөнхий сайд айлчлан ирэхэд мөн л тухайн газарт суугаа Монголын элчин сайд нарыг дагалдан ирэхийг тас хориглож байв: Энэ нь ерөөсөө л өндөр хэмжэний зочныг үл тоомсорлосон, айлчлалын ач холбогдлыг үгүйсгэж буй хэрэг гэж олон тайлбаргүйгээр шууд ойлгогддог.
   
Дараа нь Гадаад харилцааны сайд “үндэстэн дамнасан” хов хутгадаг боллоо. Монгол-Оросын тал тавь тавин хувиар хувьцаа эзэмшдэг Улаанбаатар төмөр замын даргыг мань эр оросуудад очиж худал матаас хүргэн ховолжээ. Монголын талын дарга хувьцааг хятадуудад дамлан худалдах гээд нууц гэрээ хийсэн байна гэж авдаг юм. Тийм мангар юм гэж угаасаа хаана байх билээ дээ. Тэрний ч мэдлийн юм биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Дээгүүр нь явдаг ложистик үйлчилгээнд улам идэвхитэй орооч л гэсэн бололтой. Хятадууд хүйтэн дайны үед ч богооноо Монгол Оросын төмөр замаар явуулж төлбөрөө төлдөг байсан. Энэ төмөр замыг аль болох их ачаалалтай ашиглаж байвал сайн л биз дээ. Хойтонгийн сонгуульд хүч үзэхээр шийдсэн мань сайд ард түмэндээ шудрагаа нэг сайн харуулаадахъя гэж бодсон бололтой өнөө гүжир матаасаа мэдээллийн хэрэгслэлээр нэг цацаж, танхимынхаа Ерөнхий сайдад ил захидал бичиж баатарлав. Матаасны гол санаа: Өмнөд хөрш бол манай гол дайсан, гэтэл тэдний тавиул тагнуул тэдэнд улс орноо худалдах гэж байгааг нь шудрага эх оронч миний бие илрүүлж буйгаа Монголын нийт ард түмэндээ зарлан тунхаглъя!  
   
Тэрээр өмнөх сайдаа худал үнэн матаж, АТГ-ээр гүйсээр байгаад огцруулан оронд нь хэдхэн сарын сайдын сэнтийг эзэгнэнхэн төрсөн нэгэн. Ажилд орсон өдрөө яамны 30-40 ажилтныг нэгэн зэрэг халж төрийн аппаратыг самарсан. Монголоос гадаадад суугаа элчин сайд нарыг хугацаа нь болоогүй байхад зэрэг зэрэг татаад зарим суудал нь жил болох гэж байхад хоосон онгойгоод л байж байна. Элчингүй байх нь төвийг байнга сахих бодлого юм болов уу? Өдгөө татагдаагүй элчин сайд нарыг АТГ-д матан шалгуулах их ажлаа өрнүүлж байгаа. Хийсэн хэргийг нь Засгийн газар зэмлээд цалингийн гучин хувиар торгож гэнээ. Чингис бондоос олон сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэг байгуулна гээд хусчихсан хүнд ч тэр торгууль юу ч биш байх. Манай орны хувьд гадаад харилцаа гэдэг байгаль орчны сэдвээс ч чухал, эмзэг, хариуцлагатай асуудал юм. Сэвтсэн байтугай гүн шарх олсон гадаад харилцаагаа аврахын тулд хамаг бурууг маанаг гайхалд чихээд бушуухан огцруулж нэр нүүрээ авардаг юм, эрүүл газар бол.
  
Японы Ерөнхий сайд айлчлахад манайхан болсон хойно Дорнод руу төмөр зам тавиад өгөөч, Таван толгойд хөрөнгө оруулаач гэж баахан шалж дээ. Япончууд “судалъя” л гэсэн байна. Ойлгомжтой шүү дээ. Гэтэл манай гайхлууд нийтийн мэдээллийн хэрэгслэлээр “Япон төмөр зам барьж, уурхайд хөрөнгө оруулахаар шийдлээ” хэмээн сүр бараатай зарлан, үүнийг бүтээсэн хүн нь би шүү гэдгээ мэдэгдэхээр уралдах нь тэр. Улаанбаатарт суугаа Японы элчин сайд зориуд нэр заан “Гадаад харилцааны сайд, болон УИХ-ын эмэгтэй гишүүн нар буруу мэдээлэлтэй байна” гэж хэлжээ. Үүнд хорссон сайд маань нууц нэрээр Японы элчин сайдыг гүтгэн харааж зүхсэн бүтээл тууриваад төвийн хэвлэлүүдэд гаргав. Түүгээр барахгүй элчин сайдад пэрсон нон грат өгч хөөж гаргана хэмээн сүгсэлзэж тал тал тийш матаас илгээсээр.

Хүний муу үзэх гэсэн юм биш шүү, Монголынхоо мууг л засах арга байдаг болов уу гэсэн хэрэг. Мунхаг өөдгүй нэгэн байх л даа, харин хор хохирлыг нь нийтээрээ л амсана шүү дээ.
   
2015.12.25