Австралийн Nick Cave & Bad seeds хамтлагийн дуучин Ник Кейвийн тухай баримтат кино ийм нэртэй. 1983 онд Nick Cave and the Bad Seeds, хамтлаг байгуулагдсан бөгөөд хамтлагийн гоцлол дуучин, яруу найрагч, зохиолч  Ник Кейв 1957 оны 9 сарын 22-нд төржээ. Өөрөөр хэлбэл тэрээр энэ киног хийх үед  хорвоод ирээд 20 000 хоноод байгаа тул хөрөг киногоо ингэж нэрлээд Иан Форсиз, Жэйн Поллард хоёртой хамтран бичжээ.

Ник Кейвийг барууны хөгжмийн ертөнцөд тийм ч их олон нийт шүтдэггүй ч урлагийн хүрээнийхэн, уншдаг, боддог сэхээтэн давхаргынхан ихэд сонсдог билээ. Түүний цомог бүр ямар нэгэн том санаа ил далд  агуулсан байдаг.

Ер нь рок урлаг ч тэр, кино урлаг ч тэр олон нийтэд буюу массад таалагдах хэлбэртэй, зорилготой нь орлогоороо гайхуулж , үзэгчээрээ тэргүүлдэг ч цөөнхөд зориулсан артхаус, андеграунд , авторский..  гэх мэтээр ерөнхийд нь нэрлэдэг дээд цөөнхийн урлаг эртнээс нааш оршсоор л ирсэн .
Ийм хэсгийн нэг том төлөөлөгч гэж түүнийг үздэг төдийгүй зарим судлаачид “Амьд байгаа Жон Леннон” ч гэж жишиж бичсэн үзэгддэг…

…Би ч ялгаагүй өнөөдөр мөн л  хорвоод ирээд хорин мянга гаруйхан л хонож байгаа нэгэн ажээ. Энэ хорин мянган хоногоос  хүүхэд насаа, аз жаргалгүй өнгөрөөсөн хоногоо, хий хоосон нөхцөөсөн дэмий сул өдрүүдээ,  хасаад бодохоор хэд хоног би “хүн шиг”  амьдарсан болж нь таарах вэ?

 Эс бөгөөс бурхан багшийн айлдсанаар
 “Өнгөрсөн гэгч байхгүй яагаад гэвэл өнгөрсөн учраас, Ирээдүй гэдэг ч хоосон чанартай яагаад гэвэл болоогүй учраас. Бид зөвхөн өнөөдөрт л амьдардаг ” хэмээсэн болохоор бид бүгд тэр ганц өнөөдөртөө сэтгэл хангалуун байна уу гэж асуувал ихэнх хүн үгүй гэж хариулахаар харагдах юм. Ялангуяа яг одоо нийгэм тэр аяараа хуучин социализмаа санаж, өнгөрсөн бүхнээ сайхан байсан мэтээр бодож нэг үгээр өнгөрсөнийхөө дурсамжаар хоосорсон сэтгэлээ цатгаж байнаа гэсэн үг. Тэд өнгөрсөнд амьдраад байна гэсэн үг.  За яахав өнгөрсөн гэж байхгүй яагаад гэвэл өнгөрсөн учраас  гээд хорвоод өнгөрүүлсэн хорин мянган хоногоо мартаад маргаашийг бодоод нэг үзэе!
 
…Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог байна. ҮСХ-ноос хамгийн сүүлд буюу 2013 онд гаргасан тооцооллоор манай улсын хүн амын дундаж наслалт 69.1, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрчүүдийн  дундаж наслалт 65.4 байна.

Манай улс анх 1992 оноос эхлэн хүн амын дундаж наслалтыг тооцож гаргасан байдаг. Тус онд манай улсын хүн амын дундаж наслалт 62.8 байсан бөгөөд 2013 он хүртэлх 21 жилийн хугацаанд дундаж наслалт 6.3 жилээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм…гэжээ. Тэхээр дундаж наслалт 69 гэж үзвэл 25185 хоног бөгөөд бидний үеийнхэнд бол дундаж насаар тооцвол тоос хөдөлгөх хоногийн тоо маань таван мянга орчим хоног л ажээ. Яагаад бидний үе гэж хамаатуулсан бэ гэвэл УИХ-ын гишүүдийн дундаж нас 49 байгаа юм.

Өдөр бүр улс төрийн хүрээнд  болж байгаа өс хонзон, атаа хорсол, шунал  өвөрлөсөн  “улс төржсөн” шуурга  ердөө л 5000 хоногийн настай хүмүүсийн хооронд болоод байгаа нь бүр ч сюрреал …

Гэтэл хүмүүн бид 70 насалнаа гэхэд л ердөө 25550 хоног.

Харин танд хэд хоног үлдсэн бол?

2015-12-15