Түүхий өндөг
Намын даргын ажлыг үнэлдэг гол шалгуур нь улстөрийн сонгууль.
С.Баяр 2008 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулна гэж МАХН-ын даргаар сонгогдсон. Хүлээх хариуцлагатай минь дүйцэх эрх мэдэл өгөөч гэж байгаад Ерөнхий сайд болсон. Тэр хэлсэндээ хүрсэн. Н.Алтанхуяг сонгуулийн ялагдлын хариуцлагаа хүлээгээд явсан удирдлагаа залгамжилж соногдсон намын дарга. Нэг нь ялагдлын гавьяагаа үнэлүүлж Ерөнхий сайд, нөгөө нь ялагдлын сиймхийгээр Тэргүүн шадар сайд болов. Тэд өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч хоёр намын дарга нар ч, нэг зорилгын төлөө эвсч хамтарсан Засгийн газар хэмээх түүхий өндөгийг тулж байгаа хоёр багана юм. Одоо С.Баяр, Н.Алтанхуяг нар одоо хамтарсан засгийн тогтвортой байдлаа удаан хадгалах, намаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын алиныг нэгдүгээрт эрэмбэлэх вэ гэдэг сонголтын өмнө ирэв. Ялангуяа Н.Алтанхуягийн хувьд бүр хэцүү өдрүүд эхэлж байна.
Түүний удирдсан АН орон нутгийн сонгуульд ялагдсан. Энэ ялагдлаа цайруулах эцсийн найдвар, боломж нь Ерөнхийлөгчийн сонгууль. Хэрэв чадахгүй бол дараалсан хоёр сонгуулийн ялагдлын хариуцлагаа хүлээх хэрэг АН-ын даргад гарна. Н.Алтанхуяг өөрөө хүсэхгүй байлаа ч, тус нам дахь фракцуудаас түүнийг огцруулах санаачилга гарч л таарна. Одоогоор хүлээлтийн горимд байгаа АН-ын дотоод эв нэгдэл дахин хөдөлгөөнд орвол хамтарсан Засгийн газрын хувь заяанд нөлөөлөх ч магадлалтай. Учир нь Н.Алтанхуяг бол АН-ын даргын хувьд Тэргүүн шадар сайдаар томилогдсон. Энэ тухайгаа өөрөө ч хэлсэн. Тэрээр эхлээд сайд болохгүй гэж мэдэгдсэн ч төд удалгүй буцаж “Ерөнхий сайд заавал АН-ын дарга нь Тэргүүн шадар сайд байх хэрэгтэй ” гээд байна гэсэн залруулга хийж томилогдсон билээ. Тэгэхээр хоёр Шадар сайдынхаа нэгийг хас гэсэн Ерөнхийлөгчийн зөвлөмжөөс зөрж бий болгосон Тэргүүн шадар сайд бол АН-ын даргад зориулагдсан квот бололтой. Хэрэв тийм бол М.Энхболд намын дарга, Ерөнхий сайдын албаа хамт алдсан шиг АН-ын даргатай хамт Тэргүүн шадар сайдаас ч огцорч мэдэх эрсдэл Н.Алтанхуягт байна. Энэ утгаар нь харвал удирдсан намаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах, ялуулж байж л хамтарсан Засгийн газрын тогтвортой байдлыг удаан хадгалахаас өөр сонголт Н.Алтанхуягт бараг алга. Дээр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн, сонгуулийн дараахь АН-ын дотоод эв нэгдэл их чухал. Хэрэв АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч, намын дотоод эв нэгдлээ хадгалж чадвал тэр нь Н.Алтанхуягийн хожмоо хүлээж болох хариуцлагаас нимгэлнэ. Харин одооогоор хүлээлтийн горимд байгаа дотоод эв нэгдлийг дахин хөдөлгөөнд оруулж талцуулбал Н.Алтанхуягт нэрмээс л болно. Мэдээж Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн АН-ын дотоод эв нэгдэл ганцхан намын даргаас хамаархгүй. Тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үүрэг ч чухал. Сонгуулиар намын дотоод эв нэгдлийг хангах, бүлэг фракцуудын дунд эвийн цавуу болж чадах нэгнийг нэр дэвшүүлэх нь АН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлэх амжилтын тал хувь юм. Хэрэв тэгж чадахгүй бол АН-д үргэлж ойрхон байдаг хагарал дахин нүүрлэх талтай. Дахин гэдгийн учир нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН М.Энхсайханыг нэр дэвшүүлээд орхисон, ялагдсан. Ялагдлын дараа АН-ын талцал нэг намд битгий хэл, нэг ширээний ард суухад ч хэцүү болтлоо даамжирч хамтарсан Засгийн газар огцорч М.Энхсайхан нар Үндэсний шинэ намыг байгуулсан билээ. Тэр үед АН-ыг мөн л “Алтан гадас”-ынхан буюу Р.Гончигдорж удирдаж, хамтарсан засгийн түүхий өндгийг Ц.Элбэгдорж атгаж явсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өндөг хагалах санаачилгыг МАХН-аас гаргасан ч, тухайн үед АН-ынхан харахаас өөрийг хийхийг хүсээгүй, чадаагүйн нь тус нам өөрөө өндөгнөөс өмнө дотроо хагарчихсан байсантай холбоотой билээ. Тэгвэл дөрвөн жилийн дараахь Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгөн дээр “Алтан гадас”-ынхан мөн л АН-ыг удирдаж, хамтарсан засгийн түүхийн өндгийг Н.Алтанхуяг атгалцаж явна. Өнөөдрийн өндгийг хагалах санаачилагч нь АН болох үгүй нь тус намаас Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийнхээ ард тус нам бүхлээрээ нэг баг болж чадах эсэх, улмраар Ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлэх амжилтаас шууд хамаарах болоод байна. Тус намынхан энэ удаа дөрвөн жилийн өмнө явж үзсэн замаараа дахин явж түүх давтах үгүйг ирэх баасан гаригт хуралдах Их хурал л харуулна. Жаахан сүржигнэж хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ба хойно нь АН өөрөө бүхлээр түүхийн өндөг боллоо. Энэ өндөг хагарах үгүйг бас л тус намын их хурал, нэр дэвшүүлэлт, нэр дэвшигч, сонгуульд үзүүлэх амжилт харуулна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг хамтарсан засаг болон АН-ын эв нэгдэл гэсэн хоёр түүхийн өндөг атгаж явна.
МАХН бол Ерөнхийлөгчийн сонгуульд гаршиж, 1997 оноос хойш ялагдаагүй яваа. С.Баярын хувьд нөхцөл байдал арай өөр. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч ялах магадлал багатай адил МАХН ялагдах магадлал бага юм. Хоёрдугаарт Н.Алтанхуяг орон нутгийн сонгуулийн ялагдлын хасах нэг /-1/ оноотой бол, С.Баяр УИХ, орон нутгийн сонгуулийн ялалтын нэмэх хоёр /+ 2/ оноотой яваа. Тэгэхээр МАХН ялагдлаа гэхэд С.Баярт ирэх буулт Н.Алтанхуягийнхаас зөөлөн байх талтай.
Гэхдээ л МАХН сүүлийн үед дарга шүтдэг босоо удирдлагын тогтолцооноос эрчимтэй татгалзаж байгаа. Дээр нь АН-ынхан шиг ил гаргадаггүй л болохоос “бялуу”-ны гадна үлдсэндээ гомдсон, ханцуй дотроо хамтарсан засгийн эсэргүүцдэг бүлэглэл, бие даасан гишүүд ч цөөнгүй бий. Тэд зохион байгуулалтад орвол бас л хэцүү. Ялагдлаа гэхэд долдугаар сарын 1-ний хэрэг явдал, намын байраа шатаалгасны буруутан зэргээр С.Баярын бүх гавьяаг баллуурдаж дөнгөх л хүч. Ялагдлын хариуцлагыг үүрч Н.Алтанхуяг АН-ын даргаас огцорвол хамтарсан Засгийн газар дагаж хөдлөх талтай. Харин МАХН ялагдаж намын даргаа өөрчилбөл С.Баяртай хамт хамтарсан засаг шууд огцорно. Иймд энэ сонгуульд ялагдах эрх МАХН-д ч байхгүй.
Аливаа сонгууль нэг л байртай. Ялалт, ялагдал л гэж бий. Мөнгө, хүрэл медаль гэж байхгүй. Сүүлийн үед л парламентын сонгууль маань нэг, хоёр гэсэн хоёр байртай болж , олонхи цөөнх хамтаараа ялагч болчихоод байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ялагч байх ямар ч боломжгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Засгийн газрынх шиг 60:40-өөр хуваах бололцоогүй. УИХ-ын сонгууль шиг хоёр ялагч тодрох боломжгүй, намуудын дарга нар нь атгаж буй түүхий өндөгөө алдаж хагалах сонирхолгүй энэ сонгуулийн ялагч заавал ардчилсан, эсвэл улирсан байх нь тийм чухал биш ээ. Хамгийн гол нь начны найраа адил амласан амлуулсан хоёрын шоугаар бус, тунасан бөхчүүдийнх шиг шударга өрсөлдөөнөөр тодорсон Ерөнхийлөгчийг л ард түмэн хүсч байна.