РОБЭРТ ЧАЛДИНИ
Нийтийн сэтгэхүйг жолоодох нь

ЯТГАЖ СУР-НӨЛӨӨНДӨӨ ОРУУЛ-ӨӨРИЙГӨӨ АВЧ ГАР


 

Насан туршдаа бусдын нөлөөнд автаж явснаа эдүгээ би мэдэж авлаа. Би гэдэг хүн гудамжны наймаачин, элдвийн санд мөнгө төвлөрүүлж хандив цуглуулдаг хүмүүс, зүсэн зүйлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нүд унагасан бай нь байжээ. Гэхдээ тэр болгон надад шударга бус хандсан гэвэл үнэнд нийцэхгүй. Жишээ татвал, буяны зарим байгууллагын төлөөлөгчид сайн сайхан зүйлийн төлөө зүтгэдэг. Гэвч ингэлээ гээд бодит байдал өөрчлөгдөхгүй. Өөрт огт хэрэгцээгүй сэтгүүл захиалж, хот тохижуулалтын ажилчдын үдэшлэгийн тасалбар авчих нь энүүхэнд. Ийм ч учраас чухам яагаад бусдын нөлөөнд амархан автдаг болсон тухайгаа судалж шинжилмээр санагдсан гэлтэй. Хүн ямар учраас бусдын санаа бодлыг хүлцэн зөвшөөрнө вэ? Хүмүүс энэ мэтээр бусдад нөлөөлөхдөө ямар арга барил ашигладаг байх нь вэ? Тодорхой хэлбэрээр тавьсан шаардлага эрс эсэргүүцэлтэй тулгарч, арайхан өөр аргаар илэрхийлсэн хүсэлт амжилт олдгийн нууц нь юу вэ?

Нийгмийн сэтгэл судлалаар дадлагажиж буй миний бие ямар учраас бусдад буулт хийх сэтгэлзүйн тухайд судалж эхлэв? Эхэндээ судалгаа маань ихэн голдуу коллежийн оюутнуудыг лабораторидоо цуглуулж туршилт хийх маягтай өрнөсөн юм. Хүсэлт, шаардлага тавихад хүлээж авах нь ямар хүчин зүйлээс хамаарч болох вэ гэдгийг би мэдэх гэж тэмүүлсэн. Сүүлийн үед сэтгэл судлаачид энэ тухай нэлээд судалж, бусдад нөлөөлөх арга барил, тэдгээрийн үйлчлэлийг тодорхойллоо. Би хувьдаа эдгээр арга барилуудыг бусдад нөлөөлөх хөшүүргүүд гэж нэрлэсэн юм. Удаах бүлэгт би энэ дундаа үндсэнд тооцогдох хэд хэдэн арга барилын тухай өгүүлнэ.

Ингээд би хэсэг хугацаа өнгөрөхөд туршилт хийх нь зайлшгүй ч дан ганц туршилт хийж судалгаа явуулах нь учир дутагдалтай болохыг ухаарлаа. Сэтгэлзүйн арга барилуудыг лабораторидоо туршсанаар эдгээр нь гадаад орчинд хэрхэн боджин биелэх тухай үнэлж дүгнэх хараахан боломжгүй. Бусдад нөлөөлөх тухай судалж гэмээнэ нэлээн цараатай ажиллах шаардлагатай нь тодроод ирэв. Намайг аливаа хэрэгт ятгаж дөнгөсөн, энэ талаар мэргэшсэн гэж болохоор хүмүүсийн байр байдлыг анхааралтай ажих хэрэг гарлаа. Тэд хүнийг яаж ятгавал арганд нь орох вэ, яавал зөрөх вэ гэдгийг андахгүй. Өрсөлдөгч олон дундаас шалгараад үлдсэн нь үүнийг бэлхнээ гэрчилнэ. Ийм хүмүүсийн амжилт бүтээл бусдыг ятгаж сэнхрүүлэх чадвараас бүрэн хамаарах учир арга ч үгүй биз ээ. Өрөөл бусдыг өөрийн талд элсүүлж чадаагүй хүмүүс ялагдах нь элбэг, чадсан нь ялагч болох нь олонтаа.

Гэхдээ бусдыг ятгаж сурсан гэж болохоор улс л эдгээр арга барилыг ашигладаг гэвэл үнэнд нийцэхгүй. Бид хэн хүнгүй ийм арга хэрэглэж, хөрш айл, найз нөхөд, амраг садан, үр хүүхдийнхээ ийм үйлдэлд тодорхой хэмжээгээр өртөх нь бий. Гэвч санасан хэргээ гүйцэлдүүлэхэд бусдыг ятгаж сурсан хүмүүс энэ арга барилуудыг бидний адил там тум биш, гаргуун сайн эзэмшжээ. Тэднийг ажиглавал бусдыг өөртөө татах талаар тун чамбай мэдээлэл хуримтлуулах боломжтой. Гурван жилийн турш би туршилтын ажлаа энэ талаар мэргэшсэн хүмүүс болох худалдааны төлөөлөгч, хандив цуглуулагч, сайн дурын ажилд хамруулагч, зар сурталчилгааны ажилтнуудыг ажиглах сонирхол татам судалгаатай хослуулсан билээ...

 
УЛС ТӨР

Харилцан солилцооны зарчим улс төрийн бүхий л түвшинд өргөн дэлгэр хэрэгждэг.

Төрийн удирдлагын суварган тогтолцооны өндөрлөгт гарсан улстөрчид хэн хэндээ тус хүргэж, санал өгч, тусламж хүсдэг сүлжээнд татагдан орж, улс төрийн тогоо гээчийг бүрдүүлнэ. Ямар нэгэн албан тушаалтан аливаа хуулийн төслийг дэмжиж батлуулах нь тухайн хуулийн төсөл барьсан хүнээс авсан тусламж туслалцаандаа хариу барьж буйн илрэл. Линдон Жонсон ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан хэсэгтээ л дийлэнх хөтөлбөрөө конгрессоор дамжуулж хэрэгжүүлж байсанд улс төрийн тоймчид ихэд гайхширсан юм. Ингэхдээ тухайн хөтөлбөрийг анхандаа эсэргүүцэж байсан конгрессын гишүүд дэмжих болсонд бүр ч их гайхширцгаав. Гэвч ухаад үзвэл Жонсоны улс төрийн зөн совингоос гадна тэрбээр хууль төсөвлөгчдөд хууль тогтоох байгууллага болоод сенатад олон жил ажиллахад тус хүргэж болох юм гэсэн нь ихээхэн чухал нөлөө үзүүлснийг улс төр судлаачид ойлгожээ. Жонсон ерөнхийлөгч байх хугацаандаа маш богино хугацаанд олон хууль санаачилж батлуулаад дараа нь хариу нэхэх боломжтой болов. Жимми Картэрт тулгарсан төвөг бэрхшээлийг мөн энэ маягаар тайлбарлаж болмоор. Хэдийгээр Картэрын нам конгресс, сенатад олонх байсан ч эхэн үедээ түүний дэвшүүлсэн төсөл хөтөлбөрүүд явц муутай байжээ. Угтаа Картэр Капитолын толгод дээрх эрх тушаалтнуудын дотроос сонгогдоогүй. Сонгуулийн кампанит ажлаа өрнүүлэхдээ Вашингтоны хэнбугайд ч өр ширгүй гэж мэдэгдэж явлаа. Тиймээс Вашингтоны хэнбугай ч түүнд өр ширгүй байсан нь ерөнхийлөгч байх хугацаанд нь төвөг учруулаа биз ээ. Билл Клинтон анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдоход үүнээс өөрцгүй, магадгүй бүр ч төвөгтэй нөхцөлтэй тулгарсан.

Дундаж түвшинд бол компани, хувь хүмүүс хууль эрхзүйн байгууллагынханд бэлэг сэлт барьж, үйлчилгээ үзүүлдгийг бид мэднэ шүү дээ. Иймэрхүү бэлэг сэлт, үйлчилгээ тусламж зэргийг хязгаарласан хууль журам ч бий. Нэр бүхий нэр дэвшигчийг дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэх нь ихэн голдуу түүнд хариу барьж буй хэрэг. Үүнийг ойлгохын тулд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хоёр хүний кампанит ажлыг санхүүжүүлж буй компаниудын жагсаалтыг гүйлгэж харахад хангалттай. Өндөр албан тушаалд гарсан хүн түүнд хөрөнгө оруулсан гэж болохоор хүмүүсийг тэгтлээ дэмжих боломжгүй гэж бодсон хүн бизнесмэн Рожэр Тамразын өгүүлснийг дуулбал зохилтой. Америкийн конгресст санхүүгийн шинэчлэл хэлэлцэх үеэр Тамразаас “Нэр дэвшигчдэд 300 000 ам. доллар гаргаж санхүүгийн талаар дэмжсэндээ сэтгэл хангалуун байна уу?” гэж асуухад мань хүн маадгар инээгээд “Дараагийн удаа 600 000 ам. доллар гаргая гэсэн бодолтой байна” гэж хариулсан байдаг.

Ер нь түүн шиг шулуухан хариулдаг хүн ховор л доо. Өгч, авч байгаа аль аль нь ихэнхдээ дуу дуугаа авалцан “Сонгуулийн кампанит ажилд нэмэр болж, ийш тийш үнэгүй аялуулах зэрэг нь төрийн дээд албан тушаалтны “чин шударга” шийдвэрт нөлөөлөх аргагүй” гэдэг. Лобби хийдэг нэгэн байгууллагын тэргүүн дээрх асуудалд санаа зовоод байх зүйлгүй гээд “Энэ хүмүүс чинь (улстөрчид) нас, ухаан жигдэрсэн, соёл боловсролтой, хар цагааныг ялгахтайгаа, юмыг тунгааж, болгоомжтой ханддаг мэргэжилдээ дадсан эрэгтэй, эмэгтэйчүүд” гэжээ. Тэр тусмаа улстөрчид өөрсдөө энэ асуудлаар дуу нэгтэй хариу барьдаг. Тэд боломж л гарвал хэн нэгнээс эдийн засгийн хувьд хараат бусаа мэдэгдэж, мөнгө санхүүгээс үүдэн бусдын хараанд орж, нөлөөнд автахгүй гэдгээ баталж суудаг. Манай мужаас сонгогдсон конгрессын гишүүн “бэлэг өгөх дуртай” хүмүүсийн тухайд “Өглөө гээд юу ч олж долоохгүй шүү дээ” гэж тун чиг гүдэсхэн мэдэгдсэн.

Уншигч авгай намайг өршөөнө биз ээ. Гэхдээ судлаач хүний хувьд иймэрхүү мэдэгдэл хөх инээдийг минь хүргэх юм. Хэн хэнээсээ аваад, өгөөд байх юмгүй эрдэмтэн судлаач болсон бид бодит нөхцөл байдлыг андахгүй шүү дээ. Тэр тусмаа “нас, ухаан жигдэрсэн, соёл боловсролтой, мэргэжилдээ дадсан эрэгтэй, эмэгтэйчүүд” бусдын л адил нийгмийн эмх журамд захирагддаг гэдэгт бат итгэлтэй. Зүрхний өвчинд зориулж гаргасан нэг эмийн эргэн тойронд дэгдсэн шуугиан дуулианыг аваад үзье. Энэ эмийг сөрөг нөлөө ихтэй гэж нэлээд шуугисан юм. Үүнтэй холбогдоод нөхцөл байдлыг сайтар судалсанд тэр эмийг хамгаалж зааварчилгаа бичсэн эрдэмтэд бүгд ямар нэгэн байдлаар (олон улсын томилолт, туршилт судалгаанд хөрөнгө гаргуулах, оруулах, өөрийн хүнээ өөд түлхэх зэргээр) тэр эмийн компаниас “тусламж” авсан байсан нь тогтоогджээ. Харин эмийг эсэргүүцсэн эрдэмтдийн 37% нь л тусламж авсан байв. Иймэрхүү “тусламж” “хар, цагааныг ялгаж, юмыг ултай тунгааж, болгоомжтой ханддаг” эрдэмтэн судлаачдад нөлөөлж байхад улстөрчдийн тухай юу ярих билээ? Ингэж хэллээ гээд ер буруудахгүй. Associated Press-ын сурвалжлагчид 2002 оны кампанит ажлын үеэр Америкийн конгрессын төлөөлөгчид хэд хэдэн тусгай байгууллагаас зургаан төрлийн ажил гүйцэлдүүлэхээр хөрөнгө мөнгө авсныг тогтоосон юм. Эдгээр төлөөлөгч кампанит ажилдаа зарцуулах мөнгө авсан байгууллагынхаа төлөө бусдаасаа долоо дахин их санал өгч байсан нь ажиглагджээ. Үр дүнд нь тэднийг дэмжсэн байгууллагуудын 83% нь төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан юм. Сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд “энгийн иргэд”-д үйлчилдэг ёс журам тэдэнд халдахгүй гэж үздэг. Жишээ нь, машинаа байрлуулах зэрэг дүрэм журам тэдэнд хамаагүй юм байх. Гэвч харилцан солилцооны зарчим хөндөгдөөд ирэхэд ингэж санаж суух нь инээдтэй төдийгүй аминд халтай.


НЭПКО хэвлэлийн газар