Хар аяндаа л яваа сэтгүүл зүй
Би хэвлэл мэдээллийн салбарт 27 жил ажиллаж яваа хүний хувиар энэ салбарын талаарх бодлоо хэлье.
хар аяндаа- яваандаа, өөрөө, зөндөө
Монгол хэлний их тайлбар толь.
Би хэвлэл мэдээллийн салбарт 27 жил ажиллаж яваа хүний хувиар энэ салбарын талаарх бодлоо хэлье.
Өөрөө зөндөө бүтчихдэг, хар аяндаа болчихдог зүйл олон байдаг. Зарим зүйл зөнд нь хаячхаар өөрөө замаа олоод явчихдаг тал ч бас бий. Одоо энэ ардчилсан гэх ерөнхий малгайтай, зах- зээлийн гэх тодотголтой нийгэм гэгч үнэн хэрэг дээрээ үл үзэгдэх далд гар гэгчээр зохицуулагдаад л хар аяндаа явчихдаг нийгэм гэж төсөөлсөөр өнөөг хүрчээ бид. Нийгмийн толь бол яах аргагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тарж буй мэдээлэл байдаг. Зөнд нь орхисон нийгэм эхлээд зөнгөөрөө ярих дуртай болдог бөгөөд үүнийг нь ч “ үг хэлэх эрх чөлөө” хэмээх болохоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тунхаглаад хагархай хэнгэрэг шиг 25 жил цуурлаа.
Шар сонины үеэс эхлэн цуурсаар байтал нэг мэдсэн чинь гурван сая хүн амтай оронд (2010 оны нэгдүгээр улирлын байдлаар) улсын хэмжээнд 383 мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, радио, телевиз ажиллаж байна гэсэн тоо гарсан бөгөөд 2012 он гэхэд 126 сонин, 72 радио нэвтрүүлэг, 149 зурагт, 30 веб сайт ажиллах болж улам л хүрээгээ тэлсээр байх ажээ.
Гэтэл хэдхэн жилийн өмнөөс фэйсбүүк , твитер гэх хэрэгсэл гарч бараг хүн бүр “сэтгүүлч” болоод ирэв. Гэртээ суугаад эсвэл автуусанд явахдаа ч гар утсаараа дураараа цуурч болдог болж орхив. “Олдвол өлдөнө” гэдэг ёсоор хаа сайгүй хамаагүй цуурдаг болсноор үгийн ханш урд хожид байгаагүйгээр навс унажээ. Юун долларын ханш. Энэ тухай төрийн шагналт нийтлэлч Л.Түдэв тухайлан нийтлэл бичсэн байдаг.
Хуучин цагт сонин хэвлэлд дурдагдсан бол заавал хууль тогтоомжийн дагуу шалгаж тогтоодог байсан хуулийн заалт үгүй болсноор үгийн ханш хорьдугаар тогтоол гарсан мэт эхлээд унасан. “Дарга ялаа хоёрыг сониноор л алж болно” гэсэн хэлц үг үг өндөр ханштай байх үеийн хэлц юм. Энэ үгээр уриа хийгээд улс төрчид, эсвэл бизнес эрхлэгч хөрөнгөтнүүдийн далд гараар энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болжээ. Зарим нь ард нь далд зарим нь урд нь ил байх ажээ.
Анхны хувийн чөлөөт телевиз 25-ын ард Балдорж (тухай үеийн мэдиа магнат) агсан Багабанди нар, “тв -9”-ын ард Н.Энхбаяр хийгээд МАХН, тв-5 бол анхнаасаа МАН-ынх, Ийгл АН-ынх бөгөөд бас загалмайн шашных, SBN Болдхэтийнх, Монгол тв-Чинбатынх, С-1 Х.Баттулгынх, UBS-хотынх, NTV-Батхүү, Шунхлай, …гэх мэтээр өнөөх зах зээлийн далд гар хэмээх их гаруудын нэрсийг цувуулж болно. Ил байгаа нь энэ ч далд байгаа нь олонхи.
Ардаа бэл бэнчинтэй нууц ноёнгүй, бор зүрхээрээ явсан нь аажимдаа хүчин мөхөстөж устах буюу хэний ч хамаагүй төлбөрт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж хувирна. Хэн мөнгө өгнө түүний дууг дуулахаас гадна өрсөлдөгчийг нь муулна. Өнөөх зах зээлийн далд гар гэж мөнгөтэй “гар”-ыг л хэлжээ. Телевизийн сэтгүүлч, уран бүтээлчидийн тухайд бол анх бүгд Монгол телевизээс салж гарсан мэргэжлийн хүмүүс энэ олон телевизэд таран байршсан. Би ч мөн адил тэдний л нэг. Тэр цагт Монгол телевиз маш том академи байсан бөгөөд харин ардчилалаас хойшхи Монгол телевизийн хувь тавилан яг л В.Шекспирийн "Лир ван" шиг өсгөж өндийлгөсөн хүүхдүүд нь өөрийг нь орхиж одсон хувь заяа болон хувирсан. Одооноос шинэ даргатай болоод бүтцээ, бодлогоо өөрчилж байгаа ч тэгтлээ гайхал төрүүлэх нэвтрүүлэг хийж байгаа нь харагдахгүй л юм.
Эртнээс эхлээд одоо ч инерцээрээ яваад байгаа олон хачин нэвтрүүлэг бий. Манайх шиг нэг хэлтэй нэг үндэстэнд олон ястны хэлээр мэдээ уншаад байдгийг би л лав ойлгодоггүй. Тэр хүмүүс монгол хэл мэдэхгүй улс биш биз дээ? Үндэсний телевиз гэдэг ойлголт бол нэг үндэстэн гэсэн том нэгдсэн ойлголт болохоос үндэстэн ястан болгоны аялгаар мэдээ уншдаг байх ямар ч шаардлагагүй юм.Бодлогын хувьд ч энэ бас л жалга довын үзэл гэлтэй. Хэрэгтэй бол тухайн орон нутгийн телевизийн л хийх ажил юм шүү дээ.
Бас нэг гайхал төрмөөр нэвтрүүлэг байдаг нь хоёр монгол хүн хоорондоо англи хэлээр яриад байдаг нэвтрүүлэг юм. “Де- Факто” гийн Жаргалсайхан шиг монгол хүнтэйгээ монголоороо, гаднын хүнтэй тэр хэлээр нь яриад байгааг бол бид бүгдээрээ бахархан хардаг. Харин хоёр монгол хоорондоо гадаад хэлээр яриад байгаад ухаан үл хүрнэ. Тэгээд бас доор нь хадмал орчуулгатай байх нь монгол хүнд зориулсан болтой нь бүүр ч хачирхалтай.
Ийм нэвтрүүлэг хэд хэдэн телевизэд байдаг.
Маш олон телевизтэй болсон болохоор тэр олон дундаас сайн нэвтрүүлэг олж харах өвсөн дундаас зүү олохоос ч хэцүү болжээ.
За гарцаагүй хүн бүрийн шимтэн үздэг “Монгол тулгатны 100 эрхэм” гэх нэвтрүүлэг ( мэдиа мэга төсөл ) бий болсон бөгөөд харин одоо 50 дугаар хийгээд завсарлах тухай ярьж байна. Бас л санхүүжилтын асуудалтай тулгарчээ.
Херо энтертайнмэнт студийн найруулагч Б.Баатар анх энэ нэвтрүүлгийг бор зүрхээрээ буюу реклам сурталчилгаа хийгээд олсон орлогоороо бүтээлч сэтгэлээр эхэлсэн байдаг.
Тэгээд хэд хэдэн дугаар хийгээд чадал мөхөсдөж бусдаас дэмжлэг хүссэн бөгөөд нэгэн эх оронч хувь хүн дэмжээд өдий хүрчээ.
Уг нь бол ийм Монголын түүхэн хүмүүсийг олонд сурталчлаад зогсохгүй архивлан хадгалдаг, эх оронч төслийг эх орон нь, төр нь санхүүжүүлэн хийлгэх ёстой бүр үүрэгтэй баймаар. Бидний сайн мэдэх Оросын телевизүүд, студиүд ийм төслийг төрийн оролцоо, хувь компанийн дэмжлэгтэйгээр хийсээр ирснийг бид бүгд мэднэ. Ийм төслүүдийг санхүүжүүлдэг В.Гусинский зэрэг олон олигархууд, мэдиа магнатууд байсан. Одоо ч төр хувийнхан нийлээд ийм том төслүүдийг ил тод санхүүжүүлдэг хэвээр юм.
“Монгол тулгатны 100 эрхэм” бол аргагүй их цаг хүч хөрөнгөөр бүтэж буй цуврал баримтат кино төсөл билээ. Ж.Гүррагчаа баатрын тухай дугаарыг хийхээр тэд Москва явж зураг авах зэрэг нь энгийн үзэгдэл болсон. Үүнд мэдээж хөрөнгө мөнгө, санхүүжүүлэлт хэрэгтэй.
Гэтэл төрөөс дэмжих нь байтугай төмөр замын тухай нэвтрүүлэгт орж ярьсан хүн болгоныг тагнуулаас асууж байцааж “дэмжсэн” билээ.
Саяхан бид НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арван нэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарласныг мөнөөх л хэдэн сэтгүүлчид бид хоорондоо даруухан яриад л өнгөрөөлөө.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр
…Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 700 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан түгшүүртэй нөхцөл байдал дээрх өдрийг бий болгоход хүргэсэн шалтгааны нэгд зүй ёсоор тооцогдож байна.
2006-2013 онд 593 сэтгүүлч бусдын гарт амь насаа алдсан тухай ЮНЕСКО мэдэгдэл гаргаж, дээрх хэргийн зургаан хувьд л шүүхийн ялын тогтоол уншиж, гэм буруутныг шийтгэсэн гэжээ.
Мөн 2012 онд хэвлэл мэдээллийн салбарын 123 хүн амь насаа алдсан бол өнгөрсөн онд энэ тоо 91 болж буурсан ч хамгийн олон сэтгүүлч амиа алдсан хоёр дахь жил болж бичигджээ.
Тэгвэл “Сэтгүүлчдийн хамгаалах хороо”-ны гаргасан илтгэлд өнгөрсөн арван жилд сэтгүүлчдийн бусдын гарт хорлогдож амь насаа алдсан нийт хэргийн 90 хувьд нь гэм буруутнууд хуулийн хариуцлага хүлээлгүй, одоог хүртэл эрх чөлөөтэй явж байгаа тухай онцолжээ.
…УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал Б.Ганзориг сэтгүүлч, зураглаачдаа зодож танхайрсан хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдох Б.Ганзориг, Д.Уламбаяр, Б.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, Б.Ганзоригт 3.5 жилийн хорих ял, Д.Уламбаярт Эрүүгийн хуулийн 153.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3.1 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, шийтгэх тогтоолыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
Гэвч үүнээс өмнө ийм төрлийн хэргийг мөрдөн шалгасан тохиолдол байгаагүй гэдгийг “Глоб интернэшнл төв”-ийн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч буйтай тэмцэхийн төлөө хууль дээдлэх ёсыг хүндэтгэх нь” илтгэлд дурджээ.
Түүнчлэн илтгэлд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчид Монголд ял шийтгэлгүй үлддэг, тоо, баримт нарийвчилсан судалгаа байхгүй, сонгуулийн жил энэ тоо нэмэгддэг зэргийг онцолсон байна…гэх мэтээр бичээд өнгөрав.
Манайд “Монголын сэтгүүлчдийн эвлэл” гэж байгууллага байдаг ч мөн л санхүүгийн талаар ямар ч дэмжлэггүй, гишүүдийнхээ татвараар амиа зогоодог төрийн бус байгууллага. Хэвлэлийн хурал хийж хэдэн сэтгүүлчээ өмөөрөх , алтан үзэг шагналаар урамшуулах төдийхнийг хийхээс өөр бэл бэнчингүй байгууллага.
Хуучин цагт сэтгүүлчдийн эвлэл “Олон улсын сэтгүүлчдийн хонжворт сугалаа” гэх мэтийг гаргаж төрөөс дэмждэг байсан зүйлс одоо домог болон мартагджээ.
Дээр анхлан өгүүлсэн 149 телевиз, өч төчнөөн сонин хэвлэл, интенет сайт бараг бүгд өөрийн санхүүжилтээр явж байгаа бөгөөд өнөөх л далд “гарууд” тэднийг тэжээж байгаа гэхэд хилсдэхгүй.
Реклам сурталчилгаагаар ийм олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй атлаа ийм цөөхөн хүн амтай газар бие даан амьдрах арга бараг байхгүй болохоор сонгуулиар л мөнгө олох гэж ийм олон хэрэгсэл бий болсон нь гарцаагүй үнэн бөгөөд дөрвөн жилдээ нэг болдог сонгуулиар олсон мөнгөөрөө үлдсэн гурван жилийг авдаг нь ерөөсөө нууц биш юм.
Тэгээд ч нийгэм тэр аяаараа улс төрждөг болсон нь үүнийг бас давхар батлана. Яагаад гэвэл бүх хэвлэл мэдээллээр хамгийн түрүүн улс төржилт л явж байдаг.
Мэдээж энэ олон хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр яаж ч санхүүжүүлэх юм билээ хэрхэн дэмжих билээ гэж дээр дооргүй бодож байгаа.
Миний энэ нийтлэлийг бичсэний гол утга бол “Монгол тулгатны 100 эрхэм” мэт том төслүүдийг төр, хувийн хэвшил хамтраад ил санхүүжүүлээд, дэмжээд, мөн энэ мэт сэдэв заасан нэвтрүүлгийн, төслийн уралдаан зарлаж уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийг яагаад өдий болтол энэ олон нам хүчин, төр засаг хэн нь ч хийхгүй байгаа тухай л санаа авахуулах гэсэн хэрэг.
Нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үгүй ядаж л үзэгч ард олныг зөвөөр цэнгээн баясгах нь маш том бодлого бөгөөд ингэж хар аянд нь хаях гэдэг нийгмийн сэтгэл зүйг буруу зүгт хандуулахаас өөр ямар ч нэмэр үгүй.
Өглөө босоод л муу муухай мэдээллийг үй олон сувгаар авсаар байгаад нийгэм тэр аяараа ирээдүйдээ итгэх итгэлгүй, төрд бол бүүр ч итгэлгүй юм л болбол барьдаг хорьдог л мангас гэх ойлголт нийгмийг бүрхжээ.
Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлдэг номтой.
Хар аяндаа өөрөө явдаг зүйл ч бий. Бас туслаад дэмжээд явах ёстой ч салбар ч бий.
Нийгмийн сэтгэл зүйг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд л чиглүүлдэг нь жам юм даа.
Дэмжлэг байх юм бол олон сайхан төслүүд хийгдэж бид үзэх юмтай болж болно.
Гагц телевизийн салбар ч бус унших ном, сонин, сэтгүүлээр ч дээр дурдсан төсөл хэрэгжиж болно.
Өлөн зэлмүүн амьдардагч гэсэн олон ч сайн сэтгүүлчид манайд бий. Энэ миний нийтлэлээ тавьдаг “Монголын шилдэг нийтлэлчдийн клуб” ч уг чанартаа сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маягтай интернэт клуб бөлгөө. Энд ямар ч цензур байдаггүй. Би энэ нийтлэлээ цахим шуудангаар шидээд арван минутын дараа л нийтлэгддэг билээ.
Далд эзэн, далд гар гэсээр байгаад бид нийтээрээ хардах ард нь хэн байна вэ гэх нийгмийн өвчин тусаад тэр нь одоо бүр үгдэрч архаг өвчин болоод уджээ.
Долларын ханш унахад интервенци хийдэг атлаа үгийн ханш, үнэний ханш унасаар байхад хэн ч тоохгүй нь гачлантай.
Шууд үнэнийг хэлэхэд энэ цагт гагц “Непко” тэргүүтэй хувийн компаниуд л ном хэвлэж- үгийн ханш өсгөж, телевизийн салбарт “Херо” тэргүүтэй хувийн студи, телевизүүд нэвтрүүлгийн ханшийг барих гэж оролдох ёстой баймааргүй.
Хар аянд нь хаячихсан нийгэмд хагарах бутрах замдаа л ордог. Өнөөдөр хэрхэн хагарч бутарсаар байгааг хаа сайгүй харсаар л сууна. Үгийн ханшийг өсгөх төрийн бодлого огт алга даа.
Тэр тусмаа Монгол улс сэтгүүлч мэргэжилтэй ерөнхийлөгчтэй орон атал…
2015 -11-3 нд тэрлэв.