Шүүхийн шийдвэрийг шүүх эрх АН-д байхгүй
АН-ын зарим үйлдлээс хэтэрхий үнэмшилгүй, хууль шүүхээс давсан эрх мэдэл эдлэх сонирхол цухалзаж эхэллээ.
АН-ын зарим үйлдлээс хэтэрхий үнэмшилгүй, хууль шүүхээс давсан эрх мэдэл эдлэх сонирхол цухалзаж эхэллээ. Тус нам өчигдөржин хуралдсаны эцэст хоёр шийдвэр гаргажээ. Хоёулаа С.Эрдэнэд шүүхээс оноосон хорих ялтай холбоотой байв. Мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл гаргаад зогсохгүй С.Эрдэнэд шүүхээс ял оноохдоо улстөрийн нөлөө орсон эсэхийг судлах, улстөрийн дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулав. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан найман хүнтэй ийм ажлын хэсэг байгуулснаа намын дарга Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээллээ.
Хожимдсон ч гэсэн, нийслэлийн АН-ын даргаа хоригдсоны дараа гэнэт хөсөр хаягдсан шударга ёс, хүний эрхийн төлөө АН дахин дуугарч эхэлсэнд олон хүн талархаж байна. Гэхдээ дөчин хувийн засгийн эрх мэдэлтэй, парламентад 25 суудалтай намаас шүүхийн шийдвэрийг судлах, улстөрийн дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулж болох уу. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх АН-д байтугай ард түмний төлөөлөл бүхий “бага ард түмэн” гэгддэг УИХ-д ч байхгүй. Шүүгчдийг томилж, чөлөөлдөг Ерөнхийлөгчид ч үгүй. Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй Үндсэн хуулийн Цэцэд ийм хэмжээгүй эрх мэдэл байхгүй. Хэрэв намд байдаг юм бол С.Отгонбаярыгаа өмөөрч Эх орон нам, П.Дашийнхаа төлөө МАХН, Н.Даваагийн араас ИХН мэдэгдэл гаргаж, шүүхийн шийдвэрийг судалж улстөрийн дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулах болж таарч байна уу. АН засгийн эрх барилцаж байгаа, парламентын гуравны нэгд төлөөлөлтэй гэдгээрээ л эдгээр намаас ялгарна. Харин эдлэх илүү эрх мэдэл үгүй. Монголд хууль ёс ноёлох учиртай болохоос АН-ын дөчин хувийн засгийн эрх мэдэл, парламентын 25 суудал ноёлох учиргүй билээ. С.Эрдэнийг шүүх хуралд АН-аас УИХ-д сонгогдсон зарим гишүүн биечлэн суусан. Үүнийг иргэнийхээ хувьд журмын нөхөртөө үзүүлж байгаа сэтгэлийн дэм гэж ойлгож болно. Харин дээр өгүүлсэн үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Шүүхийн хараат бус, бие даасан байдалд улстөрийн нам халдах гэсэн оролдлого биш гэж үү. З.Алтай гишүүний хэллэгээр энэ бол буруу жишгийн эхлэл, найзууд аа. Хууль, шүүхийн бие даасан байдлыг хадгалах талаар хамгийн их ярьж явсан, хуулийн сургуулийн багш асан Х.Тэмүүжин энэ ажлын хэсэгт орсонд олон гайхаж харамсч байна.
Монголд бий болсон, оршин тогтносон сайн бүхний эхлэлийг тавьж, манлайлж явсан урьдын түүх АН-д олон бий. Харин өнөөдрийнх шиг шүүхийн бие даасан байдалд халдах гэсэн оролдлого бүхий стандарт бус жишиг энэ намд сүүлийн үед олширч байна. Тус намынхны үзэж буйгаар С.Эрдэнийг үнэхээр улстөрийн зорилгоор ялласан, хорьсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол үүнийг нь батлах нотлох нь С.Эрдэнийн өмгөөлөгчийн үүрэг. Хүний эрхийн байгууллагынхны хийх ажил. Улстөрийн нам дотоод бүтцээрээ хүний эрхийг хамгаалан оролцох нь ч зөв. Харин УИХ-ын сүр хүчийг шүүхийн байгууллагад үзүүлж болохгүй санагдана. УИХ дахь намын бүлэг бол парламентын бүтцийн байгууллага. Олон нийт ажлын хэсгийн ахлагч Ч.Сайханбилэгийг УИХ-ын гишүүн, парламент дахь намын бүлгийн дарга гэдгээр нь харж, үгийг нь сонсдог билээ.
АН-ын мэдэгдэлд “…сонгуулийн дараа үзэл бодлоо илэрхийлсэн олон зуун иргэнийг хомроголон шүүх, хууль хяналтын байгууллагууд зохион байгуулалттайгаар яллаж шүүн тасалж байгаа нь Монгол Улсад шударга ёс алдагдаж шүүх, прокурорын байгууллага нэг хүний, нэг намын улстөрийн хараат байдалд орсныг гэрчилж байна” гэжээ. Энэ өгүүлбэрт шууд илэрхийлсэн их олон санаа байна. АН анх удаа долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдож хоригдох ял авсан иргэдээ хамгаалж дуугарч эхэллээ. Үнэндээ энэ өдрийн хэрэг бол сонгуульд МАХН ялсныг эсэргүүцэж, АН ялагдсанд гайхсан хүмүүсийн л бухимдал байсан юм. Гэтэл АН өөрийнх нь төлөө дуугараад ял авсан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж хагас жилийн дараа анх удаа цаасан дээр дуугарлаа. Уг хэрэгт холбогдсон иргэдийн түрүүч өнөөдөр анхан, давж заалдах шатны шүүхээс авсан ялаа Дээд шүүхээр хянуулаад явж байна. Энэ урт хугацаанд АН хаана байв аа. Өчигдрийн мэдэгдэлд тодорхойлсноор бол үзэл бодлоо илэрхийлсэн иргэд нь шүүхээс хоригдох ял авч байх үед АН-ынхан МАХН-тай сайдын суудал хуваалцаад л сууж байсан шүү дээ. Харин өнөөдөр тэднийг гэнэт санасан нь С.Эрдэнийг долдугаар сарын 1-ний хэрэгт оролцогчдоор өнгөлөн далдалж өмгөөлөх гэсэн мэт үнэмшилгүй, хүчгүй сонсдож байна. Тийм биш л юм бол энэ мэдэгдлээ нэг сар, нэг өдрийн өмнө гаргаж байхгүй, яасан юм бэ. Дээрх өгүүлбэрийг цааш харвал долдугаар сарын 1-ний хэрэгт оролцогчдыг зохион байгуулалттайгаар яллаж байгаа юм байна. Угаасаа олон нийтийн дунд байгаа ийм хардлагыг УИХ, Засгийн газарт төлөөлөлтэй АН баталж өглөө. Мөн энд “шүүх, прокурорын байгууллага нэг хүний, нэг намын улстөрийн хараат байдалд орсныг гэрчилж байна” гэжээ. Өгүүлбэр нь бөөрөнхий ч санаа нь тодорхой юм. Мэдээж шүүх, прокурорыг хараат байлгаж байгаа нэг нам гээч нь АН өөрөө л биш бол МАХН байх нь гарцаагүй. Парламентад нэг суудалтай С.Оюуны ИЗН, суудалгүй М.Энхсайханы ҮШН биш нь л тодорхой. Шүүх, прокурорыг засагт хамтарч байгаа МАХН нь хараат байдалдаа оруулсныг АН мэдэгдлээ. Эхлээд МАХН захиалгаар С.Эрдэнийг яллаж түгжилдэв үү, АН хоосон улстөржилтөөр хаяагаа хадарч эхлэв үү. Ямар ч гэсэн нэг малгайд хоёр толгой багтахгүйтэй адил нэг толгойд үл зэрэгцэх хоёр байр суурийн зөрөө хамтарч засаг барьж байгаа намуудаас гарч эхэллээ. Харин шүүх, прокурорыг улстөрийн хараандаа байлгаж байгаа “нэг хүн” нь хэн юм бол. Олон нийт дор бүрнээ хэмжээгүй эрх мэдэлтэй тэр хүний талаар сэжиг таамаг үерлүүлж байгаа. Сэтгүүлзүйд хардах эрх гэж бий. Би энэ эрхээрээ таамаг дэвшүүлбэл тэрхүү “нэг хүн” нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр л юм болов уу даа. Яагаад гэвэл тэрээр Ерөнхийлөгчийн хувьд бүх шатны шүүгч нарыг томилж чөлөөлдөг. Бас прокурорын байгууллагын удирдлагуудыг ч томилдог. Шүүх, прокурорынхон намын гиишүүнчлэлгүй. Хуульзүй, дотоод хэргийн сайдад ажил үүргийн хуваариар нэг их харъяалагддаггүй. Тийм учраас намын дарга нар болох С.Баяр, Н.Алтанхуяг бас Ц.Нямдорж сайдын хараанд орохгүй байх. Магадгүй мөн байлаа гэхэд АН-ынхан хамтарсан танхимын тэргүүнээ, бас намын даргынхаа эсрэг мэдэгдэл гаргаж, Засгийн газрын танхимын зарчмаа алдахгүй байлгүй дээ.
Мэдэгдэлд, бусдыг хууль бусаар яллах замаар Н.Баяртсайханыг УИХ оруулж ирэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэж тулгахыг АН хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Энэ нь тус намын цаашид баримтлах улстөрийн байр суурь ажээ. Урьдын уламжлалаар наймаа тохиролцоо л хийчихгүй бол энэ нь улстөрд байж болох, хэрэгжүүлэхэд хуультай үл зөрчилдөх улстөрийн шийдвэр юм. Гэхдээ баянгол дүүргийнхэн л хэн сонгогдсоныг шийднэ. АН Н.баяртсайханыг хүлээн зөвшөөрөхгүй гээд түүнийг юм уу, МАХн-ыг чадаж байгаа хэрэг биш. Ард түмнийхээ нэг хэсэг болох баянгол дүүргийн сонгогчдыг л хохироож байгаа гэдгээ улстөрийн ухаанаар ойлгох биз ээ.
Улстөрд хамт явж, сонгуульд зэрэгцэж өрсөлдсөн нэгнээ шоронд хийлцээд өөрөө УИХ-ын гишүүн болно гэдэг хүний ёс, улстөрийн соёлд ч муухай. Хэрэв АН дээрх байр суурьтаа үнэнч байж, Н.Баяртсайхан өөрийгөө луйвардуулсан гэдэгтээ итгэлтэй байгаа бол 76 дахь мандат дээр нөхөн сонгууль зарлах нь шударга ёсонд нийцнэ. Яллаа гэхэд МАХН, Н.Баяртсайханы нэрэнд ч цэвэр.
Хэр удаан үргэлжилж алсдаа ямар үр дүнд хүрэхийг мэдэхгүй, ямар ч гэсэн АН энэ мэтээр хөдөлж бужигнаж эхэллээ. Энэ нь тус нам доторхи л “иргэний дайн” болоод өнгөрөх үү, эсвэл намаас гадагшилж нийгэмд нөлөөгөө үзүүлж, хамтарсан засгийн хувь заяа, Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтад нь яаж нөлөөлөхийг таашгүй.