Монгол Улс 331 бие даасан ханлиг улстай боллоо
Саяхан нэг муугийн муу мэдээлэл цацагдлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгосон ч орон нутгийн зүгээс 90 хувь нь татгалзсан хариу өглөө гэсэн.
Саяхан нэг муугийн муу мэдээлэл цацагдлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим дугаарын дагуу өргөдлөөр олгосон ч орон нутгийн зүгээс 90 хувь нь татгалзсан хариу өглөө гэсэн. Сумын дарга нарын эрх мэдэл Засгийн газраас хол давсан юм байна. Ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй юм байна. Уул уурхай, эрдэс баялгийн салбарт л гадны хөрөнгө оруулалт бодитой орж байж ам.доллар сулрахаас биш бусад шалтгаан нь худлаа шүү дээ. Долларын ханш сулрах, чангарахыг Монголын 331 сумын малчин иргэд, тэднээс сонгогдсон Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, дээр нь сумын Засаг дарга нөхөр, ийм л хүмүүс мэддэг цаг үе иржээ.
Энэ өдрүүдэд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж байна. Үүнд ирэх оны төсөвт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тэдэн тэрбумыг олно хэмээн ярьцгааж байна. Гэтэл хаа байна тэр хайгуулын тусгай зөвшөөрлөөс орох орлого чинь. 331 сумыг даргалж байгаа нөхдийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн чинь 90 хувийг будаа болгосон байна. Засгийн газраасаа хол давсан сумын засаг захиргааны бүтэц хуулиар бий болсныг одоо л хүмүүс анзаарч байх шиг. “Яаж байгаа юм чи” гээд аль нэг сумын Засаг даргыг зандрах захирах чадал, хуулиар олгогдсон эрх Ерөнхий сайдад байна уу. Сайндаа гуйж гувших байх даа. Хариуд нь өнөө сумын дарга ямар ч айдасгүйгээр “Манай суманд захиргааны ордон барьж өг” гэж тулган шаардана. Нэг их наядаар төсөв нь тасарчихсан төсвийн ерөнхийлөн захирагч бээр уул уурхайн компанийн захирлыг дуудаад цаад сумандаа хоёр давхар байшин бариад өгчихөө гэж гуйна. Эсвэл унааг нь шинэчлээд өгчих, хүүхдийнх нь сургалтын төлбөрийг даачих гэнэ дээ. Ингэхгүй л бол Иргэдийн нийтийн хурлаас гарсан шийдвэрээ гээд гэдийгээд суучихна шүү дээ. Монголын төр өдөр ирэх тусам ямар аймшигтайгаар суларч, жижгэрч, хүчгүйдэж байна вэ.
Өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёс гэж дээр доргүй хичнээн чалчлаа. Ингэж их бурсны үр дүнд орон нутагт бүх эрх мэдлийг шилжүүлэхийг хуульчилсан. Төсвийн захиран зарцуулалтыг Засаг дарга нь мэдэхээр болсон. Ашигт малтмалын бүх зөвшөөрлийг сумын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ санал авч байж шийднэ гэсэн солиотой хуулийн заалт бий болсон. Ингээд иргэдээсээ асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ гэсэн “сайхан” үг бий боллоо. Энэ үгийг хэзээ ч, хаана ч, хэнд ч түгдрэлгүй хэлдэг болсон нь өөрөө асуудал. Хэдийд нь иргэдээсээ асуусан байхав! Ашигт малтмалын гайгүйхэн ордтой сумдын Засаг дарга нар ланд 200, 570-ыг хөлөглөдөг болсон. Томхон хэмжээний сум 500 өрхтэй, 2000 орчим иргэнтэй. Тэдний дийлэнх нь сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгчдийн хамаатан садан байдаг. Суманд бол төрд алба хашиж байгаа нь отог омог дотроо нөлөөтэй нь байдаг. Энэ нөлөөгөө орон нутагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанийг шантаажлахад ашигладаг болсон нь сумын удирдлагуудын дийлэнхийн байр байдлаас харагдах боллоо. Ийм нэг жалгын удирдагч, сум хэмээх ханлигийн эзэн болох эрх зүйг нь УИХ хуулиар баталгаажуулж өгчээ. Ийм дархлаатай болсон 331 сумын дарга нарт халдах гэвэл нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын тухай хуулийг нэгд нэгэнгүй өөдөөс ярина. Ингэхээр тусгаар тогтносон Монгол Улсын нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт 331 ширхэг бие даасан ханлиг улс нэгэнт бий болжээ. Тэдний амнаас гарах болсон “Ард нийтийнхээ саналыг асуусан чинь зөвшөөрсөнгүй ээ” гэдэг үг бол төрийнхөө өмнөөс “хуц” гэж хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэлж байгаа ханлигийн эзний үг гэж ойлгох хэрэгтэй. Дорноговь аймгийн Айраг сумын нэгэн дарга саяхан ярилцлагадаа “Орон нутагт ийм сайхан эрх мэдлийг хуулиар олгосон өнөөдрийн төр засгийн удирдлагууддаа баярлалаа” гэж цоглог хэлж байна лээ. Ханлигийн эзэд айдасгүй, амташсан байдалтай хэдүйн болчихсон байна лээ дээ.
Хайгуулын тусгай зөвшөөрөл дээр ханлигийн эзэд хатуу чанга, арга чарга ихтэй байгааг баримтаар дурдъя л даа. Аймгуудын уул уурхайн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтнууд иймэрхүү мэдээлэл өгч байна. Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Бумбаяр: “Манай аймагт Ашигт малтмалын газраас 38 хайгуулын тусгай зөвшөөрөл ирсэн. Гэтэл орон нутаг нэгэнд нь ч зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Сумдын Иргэдийн нийтийн хурал ард иргэдээсээ авсан саналын үр дүн ийм байдалтай байна. Иргэд зөвшөөрсөнгүй. Түүнээс гадна сумдын Иргэдийн нийтийн хурал багагүй талбайг тусгай хамгаалалтад авчихаад байна. Үнэндээ бодит амьдрал дээр сум, орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу иргэдээсээ асуусан эсэх нь ч тодорхойгүй болчихоод байна. Бас нэг асуудал нь сумдын Иргэдийн нийтийн хурлууд хоорондоо холбогдоод, танай сум хайгуулын тусгай зөвшөөрлийг хэрхэн олгож байна вэ, манайх ийм шалтгаанаар зөвшөөрөөгүй гэхчилэн ярьж, тохирох асуудлууд гарч байна. Үр дүнд нь сумдаас нэг хэвэнд цутгасан юм шиг шийдвэрүүд гарч байна. Мөн санаатай гэж хардахаар Дашинчилэн, Рашаант сумдад тусгай хамгаалалтад авсан газрууд нэмэгдчихлээ” гэсэн юм. Тэгвэл Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг: “Хайгуулын 84 лиценз хүссэн өргөдөл манай аймагт ирсэн. Дийлэнхэд нь орон нутгаас татгалзсан хариу ирсэн. Дийлэнх аж ахуйн нэгж талбайгаа авч чадахгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирч, шүүх цагдаа дээрээ тулж байна” гэлээ. Харин Төв аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Баттогтох “Манай аймаг хайгуулын 179 тусгай зөвшөөрлийн өргөдлийг ажлын хоёр өдрийн хугацаанд хүлээж авсан. Холбогдох материалуудыг сумдын Иргэдийн нийтийн хурал руу явуулсан. Сумдын Иргэдийн нийтийн хурал 30 хоногийн дотор орон нутгийн иргэдээсээ санал авна. Дараа нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орно. Энэ нь тэгээд хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй” гэсэн хариу өглөө. Бүх л хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг өнөөх л иргэдээсээ асууна гэсэн үгээр Засаг дарга нар нь буцаажээ. Ямар ч арга байхгүй, ийм л хуультай. Гэхдээ ханлигийн эзэд иргэдээс асууж ч болно, асуухгүй байсан ч болно. Асуусан чинь ийм хариу өглөө гэж өөрийнхөөрөө хэлнэ, асуугаагүй байсан ч ийм хариу өглөө гэж өмнөөс нь протокол үзүүлж болно. Ерөөсөө ханлигийн эзний мэдэх асуудал.
Өнөөдрийн сумын төвд захиргаа, сургууль, эмнэлэг, Хаан банк ийм дөрвөн л газар байгаа. Ийм газарт Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч буй. Иргэд нь лааны гэрэлд амьдарч, сардаа нэг усанд ордог сумд олон бий. Эдийн засгийн утгаараа бол өдөрт 500 ширхэг талх зарагддаггүй сумын төв дээр томоохон үйлдвэр байгуулаад бүгдийг ажлын байртай болгоно гэж байхгүй. Гэхдээ ийм хэсэг бүлэг хүмүүсийг хөдөөд сум нэрийн дор байлгах сонирхол УИХ-ын гишүүдэд байдаг. Ийм нэг нэг бие даасан сумдыг устгах гэвэл өнөө УИХ-ын гишүүд чинь хамаг саналаа алдана гэсэн үг. Хэн эдгээр 331 тусгаар тогтносон улсыг татан буулгаж хамаг саналаа алдахыг хүсэхэв. Сумын төвд амьдрах 50 гаруй өрх нь бүгд төрийн албан хаагчийн гэр бүл. Бүгдээрээ сумынхаа иргэдийг гартаа атгасан. Сумын даргатай, эмчтэй, нийгмийн даатгалын байцаагчтай, банкны эрхлэгчтэй, цагдаатай... бүгдтэй нь тэрхүү сумын 1000 иргэн ойр байж, үг сургаалыг нь дагаж мөрдөж байхгүй л бол баларна. Өвдвөл яана, зээл хэрэгтэй болбол яана, малаа хулгайд алдвал яана, тэтгэврээ авч чадахгүй бол яана... энэ бүхэн тэднийг харцаараа хөдөлгөж байх нээнтэг болдог. Ийм орчин нөхцөлийг сумын удирдлагууд бүрэн ашигладаг. Сум хэмээх бие даасан ханлиг улсын эздэд “Уул уурхай, ашигт малтмал” гэдэг үгс бөөн мөнгө гэж сонсогддог. Тийм болохоор бие даасан ханлиг байх, жалгандаа “улс орон” болж тоглохоо өдрөөс өдөрт ойлгож амташсан нөхдүүд. Тэдний энэ байдал газар авсаар өнөөдөр улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, бул хар чулуу болох хэмжээнд очсоныг хайгуулын тусгай зөвшөөрлийн 90 хувийг буцааснаас харж болно.
Хууль эрхзүйн хүрээнд 331 хэсэг улс болон хуваагдсан Монголын эдийн засаг (өнөөдөр Засгийн газар огцрох эсэх нь иргэн Доржид ямар ч хамаагүй, түүний хувьд ажилладаг байгууллага нь л ашиг орлоготой, тогтвортой үйл ажиллагаатай байх нь чухал) цаашид яах вэ. Ирээдүйд энэ улсын эдийн засгийн гол сэргэлт болох Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн сумын нутаг дахь Өвөржаргалантын хөндийд буй дэлхийн хамгийн чанартай занарыг ашиглах эсэхийг эдгээр сумын Иргэдийн нийтийн хурал гээчээс нь асууж шийдэх үү. Дэлхийд занарын хувьсал ид явагдаж байна, Монголын энэхүү хүхэргүй, хорт хийгүй, органикийн өндөр агуулгатай занарын ордыг дэлхий дуу алдан харж байна шүү дээ.
Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн топ арвын нэгд аль хэдийнэ орчихлоо. Ураны нөөц ингэж огцом өссөн гол шалтгаан нь Францын "Арева"-гийн Монголд арваад жил хийсэн хайгуулын үр дүн. Дорноговийн нутаг дахь Дулаан-Уул, Зөөвч-Овоогийн нөөц дэлхийн ураны 20 жилийн хэрэгцээг хангахаар байна. Гэтэл "Арева"-гийн охин компани "Кожи говь" хайгуулын өрөмдлөгөө сая зогсоочихлоо. Өнөөх л сумын Иргэдийн нийтийн хурлын шийдвэр, Иргэний хөдөлгөөнүүдийн дарамт шахалтаас болоод тэр. Монгол Улсын 331 сум тус бүрдээ ийнхүү бие даасан ханлиг улс болон шийдвэр гаргаж, эдийн засгаа хорлоод эхлэхээр монголчуудыг ирээдүйд ямар хувь заяа хүлээнэ вэ. Монгол орны хөгжил дэвшлийн тухай яриад ч хэрэггүй боллоо. Тэмүжин гуай тэртээх зуунд 81 ханлиг аймгийг нэгтгэх гэж ухамсарт амьдралынхаа 20 жилийг зориулж хүчирхэгжсэн байдаг. Өнөөдрийн удирдагчид 331 ханлигийг хэрхэн нэгтгэж улс орноо хөгжүүлэх юм бол доо.